Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2173

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Мөнхбаясгалангийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/02104 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Мөнхбаясгалангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Баярмаад холбогдох  

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр,

Хариуцагч Б.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч П.Баттулга,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Г.Мөнхбаясгалан, Б.Баярмаа нар нь зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлж авсан, үндсэн зээлийг хугацаа дуусахад төлөхөөр тохирсон. Зээлдүүлэгч нь зээлийн 14 000 000 төгрөгийг дансаар, 1 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Хариуцагч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Иймд үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүү 3 600 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, нийт 26 100 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин бэлэн өгсөн 1 000 000 төгрөгийн баримтгүй тул үндсэн зээлийг 14 000 000 төгрөгөөр тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Дансаар 14 000 000 төгрөгийг авсан, харин 1 000 000 төгрөгийг бэлнээр аваагүй, зээлийн үйл ажиллагааны зардал гэж нэхэмжлэгч өөрөө суутгаж авсан. Би зээл болон хүүгээс төлөлт хийгээгүй нь үнэн. Төлөөгүй шалтгаан нь надтай хамтран амьдрагч Б.Өнөрбаярыг хөлсөөр ажиллуулсны хөлсөнд суутгахаар тохирсон, түүндээ тооцож байгаа гэж би бодсон. Гэтэл суутгаагүй, бас хөлс төлөөгүй байсан юм билээ.

Анх бид тохиролцохдоо би өөрийн өмчлөлийн газрыг барьцаалан банкнаас зээл авахыг Г.Мөнхбаясгаланд зөвшөөрсөн бөгөөд авсан зээлээс нь 14 000 000 төгрөгийг зээлж авсан. Энэ зээлээ төлөөд газраа буцаан авна. Энэ талаар бид тусдаа гэрээ хийсэн байдаг юм. Иймд би үндсэн зээл 14 000 000 төгрөг болон түүний хүүг төлнө, харин алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Баярмаагаас 24 360 000 төгрөгийг гаргуулж Г.Мөнхбаясгаланд олгож, Г.Мөнхбаясгалангийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 740 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 279 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Баттулга давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Гэрч оролцуулах тухай хүсэлтийг хангаагүй. Мөн шүүхээс нотлох бүрдүүлэх тухай хүсэлтийг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч Т.Мөнхбаясгалан нь газар худалдах, худалдан авах гэрээг халхавчлан зээлийн гэрээ байгуулж зээлээ авсны дараагаар би өөрийн нэр дээр шилжүүлсэн чиний эзэмшлийн газар болон үл хөдлөх хөрөнгийг Б.Баярмаагийн нэр дээр шилжүүлнэ гэж худал хэлсэн бөгөөд одоо болохоор өөрийн нэр дээр авсан зээлийг хааж чи өөрийнхөө бичиг баримтыг ав гэж 6х12 хэмжээтэй орон сууц, 0.7 га газрыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур 10 000 000 төгрөгт үнэлж авахаар Б.Баярмааг илтэд хохироосон хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байхад шүүх дахин хохироосон шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. ...Иймд шүүхийн шийдвэрт зээлийн хүү, алдангийг хасч өөрчлөлт оруулж өгнө” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Мөнхбаясгалан нь хариуцагч Б.Баярмаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 26 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч үндэсэн зээл 14 000 000 төгрөг, зээлийн хүү 3 360 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин алданги төлөхгүй гэж маргажээ.

 

Зохигчид хоорондоо 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 15 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохирч, хариуцагч нь зээлийн төлбөр төлөөгүй талаар зохигчид маргаангүй байна. /хх 5/

           

            Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Г.Мөнхбаясгалан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.

           

            Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хариуцагчид 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүх хариуцагч Б.Баярмаагаас үндсэн зээл 14 000 000 төгрөг, зээлийн хүү 3 360 000 төгрөг, гэрээгээр харилцан тохиролцсон алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх ёстой үүрэг болох 14 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 7 000 000 төгрөг, нийт 24 360 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Б.Баярмаагаас газар эзэмших, өмчлөх эрхээ Б.Мөнхбаясгаланд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг анхан шатны шүүх энэ зээлийн гэрээний харилцаанд хамааралтай эсэх нь тодорхойгүй, энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Мөн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах агуулга бүхий хүсэлтүүд гаргасныг шүүх шинжээч томилуулах тухай хүсэлт нь энэ зээлийн гэрээний маргаанд хамааралгүй, шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаарх хүсэлт нь нэхэмжлэгч талд хамааралтай гэж үзэж эдгээр хүсэлтүүдийг хангахаас татгалзсан 181/ШЗ2019/10837 дугаартай шүүгчийн захирамж гаргасан нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан  давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/02104 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Баярмаагаас төлсөн 183 546 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

                                           ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН