Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/08

 

 

 

 

 

 2022         04            06                                         2022/ДШМ/08

 

   Т.Эт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: М.Берикбол,

Шүүгдэгч: Т.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Бүрэнчимэг,

Хохирогч: Б.Б(цахимаар),

Хохирогч: Д.Ц,

Хохирогчийн өмгөөлөгч: Ч.Отгонжаргал,

Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Бат-Эрдэнэ, хохирогч Д.Гантуяа болон түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал, хохирогч Д.Ц болон түүний өмгөөлөгч Ч.О нарын гаргасан давж заалдах гомдлоор Т.Эт холбогдох 2038001340278 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, “Шарнууд” овогт Түмэнбаярын Э, ..... оны 5 дугаар сарын ....-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн ..............сумын ...... дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....... оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдаж байсан /регистрийн дугаар ......................../.

Шүүгдэгч Т.Э нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Батхуягийн Бат-Эрдэний баруун нүдний тус газар 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэл нуурын хөндий гэх газарт 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн үед улсын дугааргүй Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.9-д заасныг тус тус зөрчсөний улмаас 36-43 УНЛ улсын дугаартай “Subaru outbackubaru outback” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж Н.Б, Б.Ннарын эрүүл мэндэд хөнгөн, Н.Уын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Б, Д.Ц, Г.Г, О.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Түмэнбаярын Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолоор  аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Түмэнбаярын Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “их хэмжээний хохирол учруулж “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт зүйлчилж ирүүлсэн зүйчлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Шарнууд овогг Түмэнбаярын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Түмэнбаярын Эийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн нийт 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт оногдуулсан 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийн цагдан хоригдсон 159 (нэг зуун тавин ес) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Эаас 8.500.000 (найман сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж бага насны хохирогч Н.У, Н.Б нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Н(ГР91022214)-д, 2.663.480 (хоёр сая зургаан зуун жаран гурван мянга дөрвөн зуун ная) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б (УУ90090500)-д, хохирогч Б.Бнь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Эаас нэхэмжлэх эрхтэй болохыг, хохирогч Д.Ц нь 22.975.782 (хорин хоёр сая есөн зуун далан таван мянга долоон зуун наян хоёр) төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал, бага насны хохирогч Г.Ггийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа 90.000.000 (ерэн сая) төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч Б.Б 82.336.520 (наян хоёр сая гурван зуун гучин зургаан мянга таван зуун хорь) төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч Б.Н10.000.000 (арван сая) төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч О.Б нь 8.000.000 (найман сая) төгрөгийн хохирлоо шүүгдэгч Т.Эаас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Бдавж заалдах гомдолдоо: ...Миний бие шүүгдэгч Т.Эт 2 жилийн хорих ял оногдуулсныг хөнгөдсөн хэмээн түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэгт ял нь тохироогүй, оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул гомдол гаргаж байна. Үүнд:  

1. Намайг биеэ хамгаалах чадваргүй байхад /унтаж байхад/ санаатайгаар гэмтэл учруулж миний амин чухал эд эрхтэн болох нүдний алимыг гэмтээж, үүрдийн тахир дутуу, хөдөлмөрлөх чадваргүй болгосон байхад хуулийн доод хэмжээний ял оногдуулсан байна. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нь түүний хууль, эрх зүйн мэдлэг дутуу, өөрийн үйлдлээ ухамсарлах чадваргүй, өмнө нь ял шийтгэл эдлэхдээ үйлдлээ ухамсарлаагүй зэрэг нь нөлөөлсөн байна.Согтуурсан үедээ удаа дараа гэмт хэрэг үйлдэх дадал зуршилтай байгаа нь ялаас чөлөөлөх болон хөнгөлөх үндэслэл болохгүй юм.

2. Миний биед учруулсан хүнд гэмтэл нь хэдийгээр хавтаст хэрэгт авагдсан 5.6 сая төгрөгийн баримтаар хэмжигдэхгүй бөгөөд “хойшид гарах хор уршиг арилсан” хэмээн дүгнэснийг зөвшөөрөхгүй юм. ...Хэргийг түргэн шуурхай шийдэхгүй хэт хугацаа алдсан. Энэ хугацаанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож олон хүний амь нас, эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулаад байхад өөхшүүлсэн ял оноосон нь шүүхийн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

3. Шүүгдэгч Т.Э нь миний биед хүнд гэмтэл учруулах үйлдлийг намайг унтаж байхад буюу намайг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хийсэн тул хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эцэс нь хэлэхэд Т.Э үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зүйл огт байхгүй, харин ч дахин гэмт хэрэг үйлдэж байгаа нь түүнийг ямар хор хөнөөлтэй хүн болохыг харуулж байна.

Иймд түүнд тохирсон ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Хохирогч Д.Гантуяа болон түүний өмгөөлөгч Ч.О нар давж заалдах гомдолдоо:

...Ч.О миний бие Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны эрх ашгийг сэргээж өгнө үү хэмээн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг: Эрүүгийн хариуцлагын талаар:

...Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3,   2.4-т заасан гэмт хэргийн ямар ч хохирогч нарт хохирол төлбөрийг барагдуулаагүй, цаашид хэрхэн барагдуулах талаар шүүхэд бодитойгоор илэрхийлээгүй байхад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүхэд мэдүүлсэн өмгөөллийн дүгнэлтийг харгалзан үзэж бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрийг төлсөн гэх зэргээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нэр заан заалт тус бүрээр дурдсан байхад шүүхийн “шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлснийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- т “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан нь зөвхөн шүүгдэгчид ашигтай байдлыг тайлбарлаж хохирогчийн эрх ашгийг хөндөж бусад хохирогчид хохирол төлбөр төлөөгүй нөхцөл байдлыг харгалзалгүй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

... Мөн Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т заасан “их хэмжээний хохирол учруулж Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1- т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш байхаар заасан. Гэтэл зөвхөн хохирогч бага насны хохирогч Г.Гд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол нь 90,000,000 төгрөг болж байна. Тухайн авто тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирол нь (шийтгэх тогтоолын тогтоох хэсгээр) “хохирогч Н.У, Н.Б нарын хууль ёсны төлөөлөгч хохирогч Б.Нармандахад 8,500,000 төгрөг, хохирогч Б.Бд 2,663,480 төгрөгийг шүүгдэгч Т.Эаас гаргуулж, ...хохирогч Д.Ц нь 22,975,782 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал, бага насны хохирогч Г.Ггийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа 90,000,000 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч Б.Б 82,336,520 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч Б.Н10,000,000 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч О.Б нь 8,000,000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч Т.Эаас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэжээ.

Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч тус бүрийн нэхэмжилж буй хохирлын мөнгөн дүнг дурьдсан бөгөөд тухайн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510.1 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т заасан “их хэмжээний хохирол учруулж Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёр: Бага насны хохирогч Г.Ггийн хохирол төлбөрийн талаар:

...Бага насны хохирогч Г.Ггийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8393 дугаар дүгнэлтээр “амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах” гэмтэл учирсан болохыг тодорхойлсон /2-р хх-ийн 82-84 тал/. Цаашид нь мөн сэргээн засах эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай байгаа, маш их гомдолтой, хохирол төлбөрийг гаргуулж авах хүсэлтэй байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байдаг.

...шүүх бага насны хохирогч Г.Г нь тухайн гэмт хэргийн улмаас “гэмтлийн хүнд зэрэгт хамаарах амь насанд аюултай олон гэмтэл авсан, гэмтлийн улмаас өөрт учирсан бодит хохирлын баримтыг хэргийн материалд хавсаргасан нь хохирлоо нөхөн төлүүлэх, гэмт хэргийн хор уршгийг арилгуулах гэсэн үйлдэл бөгөөд хохирогчид хуулиар олгосон эрхийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа юм.

Шүүх хохирогчид учирсан бодит хохирлыг үнэлэхдээ “хэрэгт хуулбар хувь хавсаргасан ба цалингийн тодорхойлолт нь байхгүй байгаагаас хохирлыг үнэлэх боломжгүй” гэж дүгнэсэн нь хохирогчийн эрх ашгийг хөндөж байна. Мөн шүүх тухайн гэмт хэргийн улмаас учирсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-т “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасны дагуу хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлж өгөөгүй нь бага насны хохирогч Г.Ггийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөхөд хүрч байна. Хохирлын баримт нь хуулбар хувь байгаа нь хохирогчид учирсан бодит хохирлыг үгүйсгэх боломжгүй түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт дээрх хэмжээний хохирол учирсан болохыг мэдүүлдэг бөгөөд Г.Гд учирсан хохирлын талаарх баримт нь түүний мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна. Мөн хохирлын баримтыг заавал нотариатаар баталгаажуулах болон эх хувь баримт хавсаргасан байхыг шаардсан хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд бичгийн нотлох баримт нь бусад баримтаар буюу мэдүүлгээр давхар нотлогдсон байхыг шаарддаг. Бага насны хохирогч Г.Гд учирсан нотлох баримтын эх сурвалж нь тодорхой байх ба Шүүхийн шинжилгээний албаны 2020.07.27-ны өдрийн 8393 дугаар шинжээчийн дүгнэлтээр хүнд гэмтэл учирсан, уг гэмтлийг эмчлэх зорилгоор зардал гаргасан, цаашид ч мөн тогтмол эмчилгээ хийлгэх шаардлагатай болохыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан баримтуудаар тодорхойлогдож байгаа билээ.

Иймд Давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд хохирогчийн тухайн гэмт хэргийн улмаас хохирогч бага насны хохирогч Г.Гд учирсан хохирол, хор уршгийг хэмжээг тодорхойлж нөхөн төлбөр авах эрхийг сэргээж ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хохирогч Д.Ц болон түүний өмгөөлөгч Ч.О нар давж заалдах гомдолдоо: ...Хохирогч Д.Ц болон өмгөөлөгч Ч.О миний бие Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны эрх ашгийг сэргээж өгнө үү хэмээн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг: Эрүүгийн хариуцлагын талаар:

...шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4-т заасан гэмт хэргийн ямар ч хохирогч нарт хохирол төлбөрийг барагдуулаагүй, цаашид хэрхэн барагдуулах талаар шүүхэд бодитойгоор илэрхийлээгүй байхад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүхэд мэдүүлсэн өмгөөллийн дүгнэлтийг харгалзан үзэж бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрийг төлсөн гэх зэргээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нэр заан заалт тус бүрээр дурдсан байхад шүүхийн “шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлснийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

...Дээрхээс үзвэл Шүүх шүүгдэгчид хэт ашигтай байдлыг бий болгож хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хавтас хэргээс үзвэл шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, олон хүнд хүнд гэмтэл учруулсан, тухайн гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан байгаа нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлаар тооцохоор хуульчилсан нь шүүгдэгчийн тухайн гэмт хэргийг үйлдэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөөгүй зэрэг нь эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байна.

Мөн Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т заасан “их хэмжээний хохирол учруулж Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус гэж үзэж байна.

...Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч тус бүрийн нэхэмжилж буй хохирлын мөнгөн дүнг дурдсан бөгөөд тухайн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510.1 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т заасан “их хэмжээний хохирол учруулж Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёр: хохирогч Д.Цын хохирол төлбөрийн талаар:

...Хохирогч Д.Цын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8394 дугаар дүгнэлтээр “амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах” гэмтэл учирсан болохыг тодорхойлсон /2-р хх-ийн 94-96 тал/. Цаашид нь мөн сэргээн засах эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай байгаа, маш их гомдолтой, хохирол төлбөрийг гаргуулж авах хүсэлтэй байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байдаг.

...шүүх хохирогч Д.Ц нь тухайн гэмт хэргийн улмаас “гэмтлийн хүнд зэрэгт хамаарах амь насанд аюултай олон гэмтэл авсан, гэмтлийн улмаас өөрт учирсан бодит хохирлын баримтыг хэргийн материалд хавсаргасан нь хохирлоо нөхөн төлүүлэх, гэмт хэргийн хор уршгийг арилгуулах гэсэн үйлдэл бөгөөд хохирогчид хуулиар олгосон эрхийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа юм.

Шүүх хохирогч Д.Цын хохирлын баримтыг үнэлэхдээ хэрэгт хуулбар хувь хавсаргасан ба цалингийн тодорхойлолт нь байхгүй байгаагаас хохирлыг үнэлэх боломжгүй гэж үзсэн нь хохирогчийн эрх ашгийг хөндөж байна. Мөн шүүх тухайн гэмт хэргийн улмаас учирсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-т “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулхад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасны дагуу хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлж өгөөгүй нь хохирогч Д.Цын хууль ёсны эрх ашиг хөндөгдөхөд хүрч байна.

Иймд Давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд хохирогчийн тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Цод учирсан хохирол, хор уршгийг хэмжээг тодорхойлж нөхөн төлбөр авах эрхийг сэргээж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгөх үүрэг нь хохирогчид байдаг учраас анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би өөрийн буруугаас ийм олон хүнд хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Хохирлыг боломжоороо төлнө гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирлыг тооцох боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Энэ нь хохирогч нарын ашиг сонирхол хөндөгдсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Эийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч: Б.Бшүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Анхан шатны шүүхээс Эт хөнгөн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Би насан туршдаа тахир дутуу болсон ба хавтаст хэрэгт гаргаж өгсөн хохирлоо авсан. Намайг биеэ хамгаалах чадваргүй унтаж байхад гэмтээсэн” гэв.

Хохирогч Д.Ц, Д.Гантуяа болон насанд хүрээгүй хохирогч Г.Ггийн өмгөөлөгч Ч.О нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Шүүх хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй, цаашид хэрхэн барагдуулах талаар шүүхэд бодитойгоор илэрхийлээгүй байхад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүхэд мэдүүлсэн өмгөөллийн дүгнэлтийг харгалзан үзэж бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрийг төлсөн гэх зэргээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч Д.Ц нь гэмт хэргийн улмаас хохиролд 22,975,792 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтыг гаргаж өгсөн боловч хохирлын тооцоог шүүх тооцох боломжгүй байдлаар дүгнэсэн. Хохирол төлбөрөө баримтад тулгуурлаж гаргасан. Тэрний дагуу нэхэмжилсэн хохирол төлбөрийг шийдэж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Бат-Эрдэнэ,  хохирогч Д.Гантуяа, Д.Ц болон түүний өмгөөлөгч Ч.О нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 305 дугаартай яллах дүгнэлтээр Т.Эийг Б.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Б, Б.Ннарын эрүүл мэндэд хөнгөн, Н.Уын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Б, Д.Ц, Г.Гэгээ-Үжин, О.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Түмэнбаярын Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “их хэмжээний хохирол учруулж “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт зүйлчилж ирүүлсэн зүйчлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Эаас 8,500,000 (найман сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж бага насны хохирогч Н.У, Н.Б нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Н(ГР91022214)-д, 2,663,480 (хоёр сая зургаан зуун жаран гурван мянга дөрвөн зуун ная) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б (УУ90090500)-д олгож шийдвэрлэжээ.

Мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирохгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь: 1/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Эийн “2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бат-Эрдэнийн баруун нүдний тус газар 2 удаа цохиж “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх үйлдлийг шалгаж тогтоохдоо Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохиох хуулийг хэрэглээгүй байна.

Өөрөөр хэлбэл Б.Бат-Эрдэнийг унтаж байхад нь түүний биед гэмтэл учруулсан талаар гэрч болон хохирогч нар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд гэмт этгээдэд идэвхтэй үйлдэл, эсэргүүцэл үзүүлж чадах байсан эсэх, согтуурсны улмаас өөрийгөө хамгаалах, хянах чадвартай байсан эсэхийг мөрдөгч шалгаж тогтоогоогүй байна.  

Иймд дээрх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосны эцэст Б.Бат-Эрдэнийн биед гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуульд заасан тохирох зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх шаардлагатай.

2/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 8390 дугаартай “ ...Н.Уын биед баруун талын хацар ясны нум, баруун нүдний ухархайн доод ханын далд хугарал, тархи доргилт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /2-р хастас хэргийн 61-62-р тал/ авагдсан байхад Эрүүгийн хуулийн тохирох зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй, прокурор яллах дүгнэлтэд хохирогч Н.Уд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд тохирох Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг тусгаагүй шүүхэд шилжүүлсэн, мөн энэ талаар огт дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасныг зөрчсөн үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.Э өөрийн үйлдлээр Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсгээр хамгаалагдах эрх, ашиг сонирхолд халдаж, хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байх тул дээрх үйлдэл тус бүрд Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсэг, заалтыг орхигдуулахгүйгээр оновчтой хэрэглэж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Харин хэргийг прокурорт буцааж байгаатай холбогдуулан хохирогч болон түүний өмгөөлөгч нарын “...хохирогч нарт хохирол төлбөрийг барагдуулаагүй, ... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь үндэслэлгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд дүгнэлт хийлгүй орхиж, хохирогч Б.Бат-Эрдэнийн “...Шүүгдэгч Т.Э нь миний биед хүнд гэмтэл учруулах үйлдлийг намайг унтаж байхад буюу намайг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хийсэн тул хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогч Б.Бат-Эрдэнийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.СОСОРБАРАМ

                          ШҮҮГЧИД                               Н.БАЯРХҮҮ

                                                                                    Л.ЭРДЭНЭБАТ