Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 292

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Б-ын Э-д холбогдох эрүүгийн 1710 0034 90109 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Оюунгэрэл, шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ***** тоотод түр оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо ***** тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Я овогт Б-ын Э,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Э- нь иргэн П.Н-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны ***** дугаар тоот 2 өрөө орон сууцыг “өөрийн өмчлөлийн байр гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж итгүүлэн нэг жилийн хугацаатай 10.0 сая төгрөг зээлж байрандаа суулгана” гэж иргэн Ц.Э-аас 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах нотариат дээр зээлийн гэрээ байгуулан 10.0 сая төгрөгийг шилжүүлэн авч залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э- нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар түүний “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

1. Шүүгдэгч Б.Э-оос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны ***** дугаар тоот 2 өрөө орон сууц нь П.Н-ын байр юм. Би 2016 оны 04 дүгээр сард уг байрыг 1 жилийн хугацаатай гэрээ хийж түрээслэсэн. Уг гэрээн дээр бусдад дамжуулан түрээсэлж болохгүй гэсэн заалт орсон байсан. 2016 оны 08 дугаар сараас “Улаанбаатар барилга” ХХК-ийн барьж байсан барилга дээр бригад үүсгэн барилгын засал чимэглэлийн ажил хийсэн бөгөөд  тус компани нь ажлын хөлс, мөнгөө өгөхгүй байсан.

Хамт ажиллаж байсан ажилчдын хоол хүнс, ажлын хөлсөнд төлөх мөнгө хэрэгтэй болсон учир хохирогч Ц.Э-аас 10.000.000 төгрөг авч ажилчдын цалинд өгсөн. Тухайн үед мөнгө авахдаа Алтай хотхонд түрээслэн амьдарч байсан байранд Ц.Э-аас түрээсийн төлбөр авахүй, 10.0 сая төгрөг төгрөгийн зээлүүлсний хүүнд тус байранд амьдруулахаар тохирч, зээлийн гэрээ байгуулсан.  Манай эхнэр унаж татдаг өвчтэй, группэд байдаг, мөн эхнэрийн эмчилгээнд зарим мөнгийг зарцуулсан. Тухайн үед надад мөнгө олдохгүй байсан. Тэгээд Зар мэдээ сонинд “мөнгө зээлж, байрандаа сууна” гэсэн  зарын дагуу Ц.Э- эгчтэй холбогдож, өөрөө ирж байрыг ирж үзсэн. Хохирогч Ц.Э-д “манай дүүгийн байр, манай дүү одоогоор байхгүй, хөдөө байгаа, гэрчилгээ нь байхгүй байна” гэж хэлсэн. Хохирогчид 10.000.000 төгрөгийг нь төлсөн. Дахин нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Байрны эзэн П.Н-ын сүүлийн сарын түрээсийн төлбөрийг ч мөн бүрэн төлж барагдуулсан байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Надад өөр бусад хүнийг мэхэлж, хуурч, төөрөгдөлд оруулсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710003490109 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоол /хэргийн 01х/,

 

2. Хохирогч Ц.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 09 сарын 21-нд Зар сонинд “10.0 сая төгрөг зээлдүүлж хүүнд нь байранд суух” зар өгсөн байсан. Зарын дагуу Б.Э- утсаар холбогдож “Алтай хотхонд 2 өрөө байртай, мөнгөө зээлмээр байна” гэсэн. Хүү Х байрыг үзээд, бид нар орохоор болсон. Тэгээд 2016 оны 09 сарын 21-нд Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхоны ***** тоотод нүүж очиход Б.Э-, эхнэр, хүүхдийн хамт амьдарч байсан ба манайхтай зөрөөд нүүсэн. Тэгээд байрандаа нүүж ороод Б.Э-н хамт Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн урд байх нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулсан. Сар бүрийн байрны цахилгааны мөнгийг би төлөхөөр 1 жилийн хугацаатай түүний байранд амьдрахаар гэрээ байгуулсан.

Тухайн үед түүнээс байрны өмчлөлийн гэрчилгээ асуухад манай компаний нэр дээр байгаа, гэрчилгээ нь гараагүй байгаа гэж хэлсэн. Бид хоёр нотариатчины дэргэд 10.0 сая төгрөгөө өгч авалцсан. Энэ үед манай найз Ц байсан. Түүний байранд амьдарч байтал 2017 оны наадмын өмнө сонгуулийн өдөр сонгуулиа өгөөд байж байтал гэрийн хаалга хүн тогшиж 40 гарын насны эмэгтэй орж ирэн “байрны эзэн байна, та Б.Э-н эхнэр үү” гэхэд ”үгүй” гэж хэлсэн.

Тэр эмэгтэй “өөрөө Б.Э-д энэ байрыг түрээслүүлсэн, ямар сонин юм бэ” гэхээр нь “Б.Э- гэдэг хүн энэ байрыг өөрийнх нь байр, байрны гэрчилгээ гараагүй байгаа гэж хэлсэн, надаас 10.0 сая төгрөг зээлж, би түүний байранд зээлсэн мөнгөний хүүнд нь амьдарч байна” гэдгээ хэлсэн. Тэр эмэгтэй Б.Э- руу залгаж, “та гэртээ байна уу, би гэрээрээ нэг ороод гаръя” гэхэд “ах нь ажилтай байна” гэж хэлсэн. Тэр байрны эзэнг П.Н- гэдэг юм билээ. П.Н- тэр даруй миний дэргэд “Б.Э- ахаа, та яагаад худлаа яриад байгаа юм бэ, та миний байрыг өөр хүнд түрээслүүлсэн байна, та хүрээд ир” гэсэн. Б.Э- ирээд “уучлаарай, хүү маань хар тамхины хэрэгт холбогдоод ахад нь мөнгөний хэрэг гарсан юм, энэ байдлаа та нарт хэлээгүй, мөнгийг чинь олоод өгье” гэсэн. Тэр хоёрын хоорондох байр түрээслэх гэрээ 07 сарын 25-нд дуусах учир бид гурав Хан-Уул дүүргийн хажуух нотариат дээр очиж тэр хоёр гэрээ байгуулсан.

Миний 10.0 сая төгрөгийг 07 сарын 26-нд өгөхөөр тохироод салсан. 7 сарын 26-нд залгахад “санхүүжилт орж ирээгүй байна, мөнгө орж ирвэл би танд шууд өгнө” гэсэн. Б.Э- руу залгахад “мөнгийг өгнө” гэсээр өдийг хүрсэн. 2017 оны 08 сарын 06-нд 13:00 цагийн үед Б.Э- руу залгахад “18:00 цагийн үед мөнгө найдвартай шилжүүлнэ” гээд утсаа салгаад алга болсон. Иймд Б.Э- нь “П.Н-ын байрыг өөрийн байр гэж итгүүлэн надаас 10.0 сая төгрөг залилан авсан байх тул гомдолтой байна, түүнээс мөнгөө авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х/,

 

2. Шүүгдэгч Б.Э- болон П.Н- нарын хооронд 2017 оны 06 сарын 28-ны өдөр байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний хуулбар /хэргийн 6х/,

 

3. Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхон Энгельс гудамж ***** тоот хаягийн 44.0 м.кв хоёр өрөө орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай гэрчилгээний хуулбар /хэргийн 7х/,

 

4. 2016 оны 04 сарын 06-ны өдөр иргэн П.Н-, шүүгдэгч Б.Э- нарын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний хуулбар /хэргийн 8х/,

 

5. 2016 оны 09 сарын 21-ний өдрийн Ц.Э- болон Б.Э- нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хуулбар /хэргийн 9х/,

 

6. Шүүгдэгч Б.Э-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 09 сарын 20-нд “Зар мэдээ” сонингоос 10.0 сая төгрөг зээлж байранд сууна гэсэн зарын дагуу Ц.Э- гэх хүнтэй холбогдсон. Ц.Э- бид хоёр уулзаад би хөлсөлж байсан байраа үзүүлсэн. Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Алтай хотхоны ***** тоот П.Н-ын байрыг би эхнэр хүүхдийн хамт 2016 оны 04 сараас хөлслөн амьдарч байсан. Уг байрыг Ц.Э-д “манай дүүгийн байр, гэхдээ үл хөдлөхийн гэрчилгээ нь гараагүй байгаа” гэж хэлсэн. Тэрээр “дүүтэй чинь уулзъя” гэхээр нь “дүү хөдөө явсан байгаа” гэж хэлсэн. Ц.Э- нэг жилийн хугацаатай байранд суухаар болсон. Тэгээд бид хамтдаа Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн урд байрлах нотариат дээр 2016 оны 09 сарын 21-ний өдөр очиж барьцаагүй зээлийн гэрээ байгуулсан. Ц.Э- байранд сууж, сарын байрны хэрэглээний зардлыг өөрөө төлөхөөр болсон. Уг байр П.Н- гэх хүний байр ба 2016 оны 4 сарын 06-нд Орон сууц хөлслөх гэрээ байгуулж сарын 460.000 төгрөгөөр, сарын хэрэглээний мөнгийг би төлөхөөр гэрээ байгуулсан байсан.

2017 оны 07 сарын сүүлээр байх П.Н- “намайг байрандаа хүрээд ирээч” гэж дуудсан. Очиход Ц.Э-, П.Н- нар байсан. Ц.Э- эгч “яагаад худлаа хэлж мөнгө авч байгаа юм бэ, энэ таны байр биш байна шүү дээ” гэхээр нь би үнэнээ хэлсэн. Түүний мөнгийг 2017 оны 08 сарын 15-ны дотор өгөхөөр тохирсон боловч мөнгө олдоогүй. Тэр үед 94****** дугаарын утастай байсан ба утасны төлбөр гараад эрх нь хаагдсан. Түүнээс хойш Ц.Э-, П.Н- нартай холбогдоогүй. Мөнгө олдохгүй байсан учир Ц.Э-, П.Н- нартай холбогдохгүй явсан. ... П.Н-ын байрыг өөрийн байр гэж итгүүлэн Ц.Э-аас 10.0 сая төгрөг залилан авсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-51х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож  чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг асууж мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Э- нь иргэн П.Н-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны ***** дугаар тоот 2 өрөө орон Орон сууц хөлслөх гэрээний дагуу түрээслэн амьдарч байсан атлаа хохирогч Ц.Э-д “уг орон сууцыг өөрийн өмчлөлийн байр” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, байрандаа үнэгүй суулгах нэрийдлээр зээлийн гэрээгээр халхавчлан  2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ц.Э-аас 10.0 сая төгрөг шилжүүлэн авсан болох нь хохирогч Ц.Э-н мэдүүлэг /хэргийн 12-13х/, 2017 оны 06 сарын 28-ны өдөр иргэн П.Н-, шүүгдэгч Б.Э- нарын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ /хэргийн 6х/,  Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхон Энгельс гудамж ****** тоот хаягийн 44.0 м.кв хоёр өрөө орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай гэрчилгээ баримт /хэргийн 7х/, 2016 оны 04 сарын 06-ны өдөр иргэн П.Н-, шүүгдэгч Б.Э- нарын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний хуулбар /хэргийн 8х/, 2016 оны 09 сарын 21-ний өдөр хохирогч Ц.Э-, шүүгдэгч Б.Э- нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хуулбар /хэргийн 9х/ баримтууд болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгч Б.Э- нь хэргийн үйл баримтад маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. 

 

Шүүгдэгч Б.Э-н дээрх үйлдэл нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулан залилах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан  байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-н гэмт үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул  шүүгдэгчийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э-д учирсан 10.0 сая төгрөгийн хохирлыг шүүгдэгч нөхөн төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтээ хэрэгт бичгээр гаргасан байна. /хэргийн 61х/

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Б.Э- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүх, шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ялын төрлийг сонгон хэрэглэсэн болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э- цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөр байхгүй, хохирогч Ц.Э- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                       

 

 ТОГТООХ нь:

 

1. Я овогт Б-ын  Э-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-г 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Б.Э- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч Ц.Э- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД