Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/327

 

 

 

 

 

 

 2022              03            24                                        2022/ДШМ/327                                                                                          

           

Д.Б-од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баясгалан,

шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18ы өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох ........................  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Д-гийн Б-, Булган аймагт 1987 оны 01 дүгээр сарын 29ий өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Төв аймгийн ........ н ......... дүгээр баг, ............. дугаар гудамжны ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

Д.Б- нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн .............. дүгээр хороо, ............. тоот Ч.Д-ын гэрт согтууруулах ундаа хэрэглэж байхдаа 710,720 төгрөгийн үнэтэй Samsung A-30s загварын гар утсыг нь нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг баримтлан тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдолдоо: “...Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гарган, ял тохирсон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч шүүх хуралдааны шатанд миний өмгөөлөгч Өршөөлийн тухай хуульд хамруулах санал гаргасныг шүүх хүлээн аваагүйд гомдолтой байна. Иймд надад Өршөөлийн хуулийг хэрэглэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2 дахь заалтад зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг хэрэглэж өгнө үү гэсэн гомдол гаргасан байгаа. Энэхүү заалтын хүрээнд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дээрдэх боломжтой байна. Мөн хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс дээрх хуулийг хэрэглээгүй нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарах тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Д.Б-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Өршөөлийн тухай хууль хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна” гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Батогтоход холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргээс үзэхэд, хохирогч Ч.Д-н гэмт хэрэг гарсан байдал, цаг хугацаа, хэн үйлдсэн болон алдагдсан гар утасны талаар өгсөн мэдүүлэг /хх 17/, гэрт нь хонохоор ирсэн Д.Б- шөнө гараад явсныг мэдээд гар утсаа хайгаад олоогүй талаар гэрч Ш.Э-ын өгсөн мэдүүлэг /хх 19/, гар утасны зах зээлийн үнэлгээ /хх 27-28/, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчийн мэдүүлэг /хх 39-40/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б- нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Ч.Д-ын хонохоор ирэхдээ 710,720 төгрөгийн үнэтэй Samsung A-30s загварын гар утсыг нь авч явсан хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б-ын дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэргийн шинжийг хангасан талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б-од хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.  

Шүүгдэгчийн давж заалдах гомдлын дагуу түүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх эсэх асуудлыг хянаж үзлээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх журмыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна” гэж, 12.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж тус тус хуульчилснаас үзэхэд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хүлээсэн ялтанд тус өршөөлийг үзүүлэхээр байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх хэмжээ хязгаар, журмыг /2021 оны 07 дугаар сарын 02-ны/ хуульд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа болон Коронавирусын халдвар тахлаас урьдчилан сэргийлэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зэрэг зорилгуудаар өөр өөр байдлаар хэрэглэхээр зохицуулсан.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулсан тохиолдолд хуулийн 7.1-д зааснаар эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солихоор, харин өөр төрлийн ялаар шийтгүүлсэн тохиолдолд өршөөлд хамруулахгүйгээр хуульчилсан бөгөөд энэхүү явцуу хүрээнд өршөөлд хамруулахаар заасан /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх/ гэмт хэрэг үйлдэж 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор тэнсэгдсэн этгээдэд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2-т заасныг хэрэглэхээр тус тус хуульчилсан болно.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэн хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн шүүгдэгч Д.Б-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ         

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН