Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 293

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Л-ийн Ц-т холбогдох эрүүгийн 1710 0000 00029 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Оюунгэрэл /томилолтоор/, шүүгдэгч Л.Ц-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ***** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, ***** тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Л-ийн Ц,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Л.Ц- нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** тоот дахь иргэн Б.М-ын эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж, “Фунай” загварын 32 инчийн LCD зурагт, DVD тоглуулагч зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Шүүгдэгч Л.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би хохирогч Б.М-ын хойд талын байшинд нь байдаг найз О-ынх руу орох гэж байсан. Б.М-ын байшингийн цонхыг хашаанд байсан тоосгоор хагалж ороод хулгайн эд зүйлсээ цонхоор зөөсөн. Тэгээд зөөж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Тухайн үед би нилээн согтуу байсан. Цаашид дахин ийм асуудал гаргахгүй, маш их гэмшиж байна. Би ээж, эгчийн хамт амьдардаг. Манай ээж 63 настай тэтгэвэрт, эгч нялх хүүхэдтэй. Надад энэ хулгайн үйлдлээс өөр хулгайн үйлдэл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710000000029 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ***** тоотод ээж, аав, эгч, 3 дүүгийн хамт амьдарч байгаад 2017 оны 05 сард ХУД-н 7-р хороо ***** тоот хашаа байшинг эхнэр Ц.М-ы хамт түрээслэн амьдарч эхэлсэн. Тэгээд 2017 оны 08 сарын 08-ны өдөр манай эхнэр 08:00 цагийн үед ажилдаа явсан бөгөөд би гэртээ байж байгаад 14:00 цагийн үед ажилдаа явсан. Манай гэрт хэн ч үлдээгүй. Орой 19:00 цагийн үед манай байшингийн ард байдаг гэрийн зүс таних эгч над руу залгаад “танай гэрт хулгай орсон байна, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очоорой” гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад, шууд цагдаагийн газар ирсэн ба зурагт, DVD тоглуулагч хоёр алдагдсан гэж хэлсэн. 2017 оны 07 сарын 12-нд хувь хүнээс өмнө хэрэглэж байсан 32 инчийн LED  зурагтыг 380.000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин DVD тоглуулагчийг 2017 оны 07 сарын 05-нд хадам аав Ц-с үнэгүй авсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,

 

2. Хэргийн газарт /Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо ***** тоот/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-6х/,

 

3. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн а/д Т.Шинэбаяр, нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер цагдаагийн д/ч Г.Батманлай нарын илтгэх хуудас /хэргийн 7-8х/,

 

4. Эд зүйлийн үнэлгээний баримт /хэргийн 46х/,

 

5. Шүүгдэгч Л.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...Би 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед найз М болон түүний эхнэр Э нартай Яармагт явж байгаад гудамжинд таараад ойрд уулзаагүй болохоор ойр зуурын юм ярьж суугаад ганц шил архи хувааж ууя гээд ярилцаад дэлгүүрээс Их Монгол нэртэй 0,75 литрийн архи 2 шил, мөн 2,5 литрийн Боргио нэртэй пиво аваад голын эрэг дээр очоод ууцгаасан. Архиа ууж дуусгаад М гэртээ харьлаа гэхээр нь автобусанд суулгаж өгчихөөд буцаад явж байхдаа замдаа О- гэдэг найзынхаа гэрээр оръё гэж бодоод очтол хүнгүй байсан.

Тэгэхээр нь дахиж архи уумаар санагдаад байсан болохоор цонхыг нь чулуугаар хагалж ороод дотроос нь одоо инч болон маркийг нь санахгүй байна, 32 инчийн зурагт,  DVD тоглуулагчийн хамт аваад хашааны гадаа гараад иртэл цагдаа нар ирж байгаа харагдсан. Би цагдаад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй шууд үнэнээ хэлээд машинд нь суусан.

Би уг нь О-ын гэр байна гэж бодоод орсон боловч хашаанд нь байсан өөр байшин руу орчихсон юм шиг байна. Дотор нь ороход О-ынх биш байх шиг байсан. Би нилээд согтуу байсан болохоор зарим зүйлийг бүдэг л санаж байна. Би хулгай хийхдээ ганцаараа байсан. Намайг хулгай хийж байсныг харсан хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн хашаанаас зурагт тэврээд гудамжинд гараад ирсэн чинь цагдаагийн машин ирж байсан. Намайг зурагт аваад гарч байсныг цагдаа нар л харсан байх...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-36х/ зэрэг хэрэгт цугларсан нотлдох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, Л.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:  

 

Шүүгдэгч Л.Ц- нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** тоот дахь хохирогч Б.М-ын өвлийн байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж, “Фунай” загварын 32 инчийн LCD зурагт, DVD тоглуулагч зэрэг 300.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо ***** тоот дахь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-6х/, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн а/д Т.Шинэбаяр, нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер цагдаагийн д/ч Г.Батманлай нарын илтгэх хуудас /хэргийн 7-8х/, эд зүйлийн үнэ тогтоосон үнэлгээний баримт /хэргийн 46х/, шүүгдэгч Л.Ц-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хулгайлах гэмт хэрэг гэх бөгөөд хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэх нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох юм.  

 

Л.Ц-ын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** тоот дахь иргэн Б.М-ын өвлийн байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж “Фунай” загварын 32 инчийн LCD зурагт, DVD тоглуулагчийг тус тус хулгайлан авсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл,  хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Л.Ц-ын тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.    

 

Шүүгдэгч Л.Ц-ын хохирогч Б.М-ын гэрээс хулгайлсан гэх 32 инчийн LCD зурагтыг 250.000 төгрөгөөр, DVD тоглуулагчийг 50.000 төгрөгөөр, бүгд 300.000 төгрөг гэж үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэргийн 46 дугаар талд авагдсан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээний хохиролд хамаарах бөгөөд  шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.М-т эд зүйлсийг нь биет байдлаар нь буцаан өгсөн, хохирогч нь “санал хүсэлтгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” тухайгаа хэргийн материал танилцуулсан /хэргийн /48х/ баримтад тэмдэглэн бичсэн байна.  

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагаас: “...миний үйлчлүүлэгч хулгайлах гэмт хэргийг туйлд нь хүргээгүй, үйлдэл дээрээ баригдсан тул хулгайлах гэмт хэргийг завдсан гэж үзэхээр байна. Иймд гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлан ял шийтгэл оногдуулах боломжтой” хэмээн санал гаргаж мэтгэлцсэнийн шүүх хүлээн авах боломжгүй юм.

 

Учир нь: Хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг  /хэргийн 14-15х,34-36х/, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн а/д Т.Шинэбаяр, нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер цагдаагийн д/ч Г.Батманлай нарын илтгэх хуудас /хэргийн 7-8х/ баримтаар Л.Ц- нь  Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** тоот дахь иргэн Б.М-ын өвлийн байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж, гэрээс нь “Фунай” загварын 32 инчийн LCD зурагт, DVD тоглуулагчийг тус тус аваад тухайн хохирогчийн хашаанаас гарч явахдаа хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтантай таарч баригдсан үйл баримт нэгэнт тогтоогдсон бөгөөд бусдын эд хөрөнгийг хулгайлж, өөрийн эзэмшилд авснаар хулгайлах гэмт хэрэг төгсөнө.

 

Шүүх, шүүгдэгч Л.Ц-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бус аргаар авч бага хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Ц- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул /хэргийн 39х/ түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүх, шүүгдэгч Л.Ц- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Л.Ц- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нь нөхөн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв. 

Энэ хэрэгт Л.Ц- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол тооцон төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                             ТОГТООХ нь:

 

1. Ө овогт Л-ийн Л.Ц-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бус аргаар авч бага хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Л.Ц-ыг 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.Ц-т оногдуулсан 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Л.Ц- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохиролд тооцож төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Л.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД