| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/02011/И |
| Дугаар | 101/ШШ2024/02440 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2024/02440
2024 05 06 101/ШШ2024/02440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Х-т холбогдох,
Орон сууц өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн, орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Ч
Хариуцагч Н.Х,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Н
Гэрч Д.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч: Д.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ү.Чгийн хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна Үүнд :
Д.А нь өөрийн төрсөн эгчийн хүүхэд болох Н.Хээс 5555555555 тоот хаягт бүртгэлтэй 49 мкв хоёр өрөө орон сууцыг худалдаж авахаар 2014 онд тохиролцсон.
Н.Х нь Хил хамгаалах газарт ажилладаг байсан бөгөөд байгууллагаас ажилчдын амьдрах орчныг сайжруулах үүднээс маргаан бүхий орон сууцыг хөнгөлөлттэй нөхцлөөр худалдаж авах боломжийг олгосон. Тэрээр тухайн үедээ өөрөө авах боломжгүй байсан учраас намайг уг орон сууцыг худалдан авах санал тавьсан.
Ингээд өөрийн төрсөн ах Д.Маар дамжуулан урьдчилгаа төлбөр болох 22,500,000 төгрөгийг Н.Хт шилжүүлж, түүний нэрээр Төрийн банкнаас 50,000,000 төгрөгийг, 8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан, уг зээлийг төлж дуусахаар Д.А миний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.
Н.Хийг Солонгос улсад зорчсон хугацаанд түүний Төрийн банк дахь зээлийн данснаас орон сууны зээлийн төлбөрийг татдаг байсан, бусдын дансаар дамжуулан таталт хийхэд төвөгтэй байсан тул Төрийн банкинд хандан эгч Д.Сийн дансаар солиулж, зээлийн төлбөрийг тухайн дансаар дамжуулан төлж маргаан бүхий орон сууцыг Д.А нь өөрийн эзэмшил, ашиглалтад захиран зарцуулсаар өдийг хүрсэн.
Үүнээс хойш миний бие Н.Хт 2016 оны 08 сард 20,000,000 төгрөг, 2018 оны 01 сард 10,000,000 төгрөг, зээлийн төлбөрт 2014.12.25-ны өдрөөс 2021.07.26-ны өдөр хүртэл сар бүр 418,000 төгрөг, 2023 оны 01, 02, 03 саруудад 418,000 төгрөгийг тус тус төлөөд, урьдчилгаа төлбөрөөс хойш Н.Х болон Төрийн банкны зээлийн дансанд нийт 57,547,893 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний үүрэгт сүүлийн 1 жилээс өмнөх хугацааны төлбөрийг нэхэмжлэгч Д.А төлсөн.
Энэ байдлаар анхны байрны үнэнд 72,500,000 төгрөг төлөх байснаас 79,700,000 төгрөгийг төлчихсөн байна.
Гэтэл Н.Х тохиролцсоны дагуу орон сууцны төлбөрийг төлж дууссан байтал тэрээр байрыг шилжүүлж өгөхгүй гэдгээ илэрхийлсэн. Төрийн банкнаас ирсэн баримтаар зээлийн үлдэгдэл төлбөр 32,306,911 төгрөг гэсэн байна, энэ зээлийн үлдэгдлийг эгч Д.Сийн Хаан банкинд байршуулсан Л.Аын мөнгөөр төлөх юм, тэрээр энэ талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний үнийн дүн 72,500,000 төгрөг, банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг төлж дуусгаснаар байрыг Д.Аын өмчлөлд шилжүүлнэ гэж тохирсон. Д.Аын өмнөөс үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс бол Д.М, Д.С, Д.Ц нар юм.
Энэ талаар бичгээр хийсэн хэлцэл байхгүй, талууд хоорондоо амаар тохиролцсон бөгөөд байрыг Д.А нь 2020 оноос хойш түрээслүүлсэн, одоо бол түрээслэгч нар 12 сараас хойш амьдарч байна
Иймд Д.Аыг 5555555555 тоот хаягт бүртгэлтэй 49 мкв хоёр өрөө орон сууцыг Д.А намайг дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагч Н.Х нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон өмгөөлөгч Б.Нгийн хамт татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
Нэхэмжлэгч Д.Аын 44444444444444444 тоот хаягт бүртгэлтэй, 49 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
Миний бие уг байрыг Хил хамгаалах байгууллагад ажиллаж байхдаа /ажилчдын нэгдсэн байр өгөх захиалгын дагуу/ 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр "Харуул-Алтай" хотхоны орон сууц захиалан бариулах гэрээ-г борлуулалтын албатай нь 72,900,000 төгрөгийн үнэтэй байхаар тохиролцож байгуулсан бөгөөд гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 22,170,000 төгрөгийг төлж, үлдэгдэл болох 50,000,000 төгрөгийг Төрийн банкнаас орон сууцны зээлийн гэрээ байгуулан төлсөн.
Төрийн банктай 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 964 дугаартай орон сууцны зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000 дугаартай гэрчилгээг Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Н.Х миний нэр дээр /нэг иргэний өмч/ олгосон.
Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 2020 оны 06 сар хүртэлх хугацаанд сар бүр 418,000 төгрөгийн зээлийн төлбөрийг Төрийн банкинд эргэн төлөх хуваарийн дагуу төлж байсан.
Нэхэмжлэгчийн дурьдаад байгаа байрны урьдчилгаа 22,170,000 төгрөгийг би өөрөө төлсөн болохоос биш Д.А надад төлөөгүй юм.
-2018 оны 6 дугаар сард эмээ Т.Маас миний бие 20,000,000 төгрөгийг бэлнээр банкнаас хамт очиж зээлж авсан. Зээлсэн мөнгөө би Солонгост ажиллаж байх хугацаандаа эмээ Т.Мад төлж дуусгасан.
Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр БНСУ руу яваад 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эх орондоо ирсэн.
2018 оны 1 дүгээр сард ээжийн төрсөн хамгийн бага дүү Д.А нь "танай байрыг Солонгос явахаар чинь бусдад түрээслүүлж байя гээд 10,000,000 төгрөгийг миний Төрийн банкны зээлийн дансанд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн.
Тэрээр энэ хугацааны туршид иргэн Одгэрэлд 2018 оны 06-р сараас 2021 оны 10-р сарыг хүртэл 1 сард /350.000-450.000 төгрөгөөр/, одоогийн түрээсэлж буй хүнд 2022 оны 02-р сараас 2023-06-р сарыг хүртэлх хугацаанд /1 сард 800.000 төгрөгөөр/ миний өмчлөлийн байрыг түрээслүүлж, уг түрээсийн төлбөрийг Д.А өөртөө авч, орлого олсоор байна Дээрх хугацаанд иргэн н.Одгэрэлээс 9,400,000 төгрөг, одоо сууж байгаа түрээслэгчээс 12,800,000 төгрөг, нийт 22,220,000 төгрөгийн түрээсийн орлого олчихоод байна.
Төрийн банкны орон сууцны зээлэнд Д.А нь 2020 оны 07-р сараас 2023 оны 03-р сарыг хуртэлх хугацаанд нийт 5,776,000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл төлбөрийг надад зээлдүүлсэн байсан 10,000,000 төгрөгийн төлбөртөө тооцож авсан, одоо бидний хоорондын төлбөр тооцоо дууссан гэж үзэж байна. Харин би түрээсийн орлогоос зөрүү 6,444,000 төгрөгийг Д.Ааас нэхэмжлэхээр байгаа болно.
Төрийн банк нь Ковидын үед 2021.08.25-ны өдрөөс 2022.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлөлтийг зогсоосон байсан.
Д.А нь миний ээжийн төрсөн хамгийн бага дүү болохоор энэ орон сууцыг анх хэрхэн яаж авсныг, намайг БНСУ руу явах болсныг, мөн байраа бусдад түрээслүүлэн сар бүрийн зээлийн төлбөрөө төлдөг болохыг бүгдийг нь мэдэж байсан.
Би Д.Ат итгэж, байрны эзэмших, ашиглах эрхийг үлдээж, сар бүрийн зээлийн төлөлтийг төлж байхаар тохиролцсон. Гэтэл миний итгэлийг ийнхүү ашиглаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Орон сууцыг зээлийн төлбөрийг төлж дууссаны эцэст Д.Аын өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон зүйл байхгүй.
Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 57,547,893 төгрөг төлсөн гэсэн мөртлөө өнөөдөр шүүх хуралдаанд болохоор 75 сая гаруй төгрөгийг төлсөн гэж зөрүүтэй тайлбарлаад байна.
Иймд миний өмчлөх эрхэд ноцтойгоор халдаж байгаа тул Д.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч Н.Х нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өмөөлөгч Б.Нгийн хамт шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
Иргэн Н.Х миний бие 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн банктай орон сууц худалдан авах зээлийн гэрээ байгуулан 44444444444 тоотод байрлах 49 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000 дугаартай гэрчилгээг Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2014.11.25- ны өдөр /нэг иргэний өмч/ олгосон.
Миний хувьд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаад ирсэн бөгөөд тухайн цаг хугацаанд миний өмчлөлийн орон сууцанд Д.А нь амьдарч, зарим тохиолдолд бусдад түрээслүүлж байсан.
Учир нь Д.А миний ээжийн төрсөн дүү, нагац ах бөгөөд намайг Солонгос явахад байранд чинь амьдарч байя, хашаа байшинд хүүхэдтэй хэцүү байна гэхэд нь 2018 оны 06 сард түрээсэлж байгаа хүмүүс нь гарахаар нь байранд амьдарч байгаарай гэж үлдээсэн. Гэтэл одоо өөрийн өмчлөлийн орон сууцандаа амьдрах гэтэл Д.А нь маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж, чөлөөлж өгөхгүй хүндрэл учруулж байна.
Бидний хооронд байрыг худалдах, худалдан авахаар тохиролцсон зүйл байхгүй бөгөөд хэрэв тийм тохиролцоо хийгдсэн гэж үзэж байгаа бол хөрөнгийн эрх шилжүүлэх хүсэлтийг аль ч тал гаргаж болох байсан. Гэтэл ийм хүсэлтийг хэн ч гаргаагүй, бодит байдал дээр ийм зүйл болоогүй.
Миний бие 2022 оны 12 сарын 30-нд Молонгосоос ирсэн бөгөөд ийнхүү ирснээс хойш 2 сарын дараа Д.А надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байсан гэдгийг хэлмээр байна.
Иймд 44444444444 тоотод байрлах 49 м.кв 2 өрөө орон сууцанд амьдарч, хууль бусаар эзэмшиж байгаа Д.Аыг орон сууцыг чөлөөлөн нэхэмжлэгч надад хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч Д.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон өмгөөлөгч Ү.Чгийн хамт татгалзлын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Н.Х нь Хил хамгаалах газарт ажилладаг байхдаа ажилчдын нийгмийн баталгааг хангах үүднээс хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд оруулах болж 44444444444 тоот хаягт бүртгэлтэй 49 м.кв хоёр өрөө орон сууцыг авах эрхтэй болсон.
Хариуцагч Н.Х тухайн орон сууцыг авах санхүүгийн боломжгүй байсан тул өөрийн эрхээ нагац ах Д.Ат шилжүүлэх тохиролцоо хийсэн.Тиймээс Д.А нь орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр болон сар бүр төлөх Төрийн банкны зээлийн төлбөрийг төлсөөр өнөөдрийг хүрсэн.
Н.Хийн хувьд тухайн орон сууцтай холбоотой ямар төлбөрийн үүргийг гүйцэтгэж байгаагүй мөртлөө нэхэмжлэгчийг тухайн орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан гэж үзсэн тул урьдчилгаа төлбөр, зээлийн төлбөр, үндсэн зээлийн төлөлтөөс хасуулах зэрэг төлбөрийг цаг тухай бүрт нь Н.Хт өгч байсан боловч тэрээр үндсэн зээлийн төлбөрөөс хасуулаагүй, зарим үед Төрийн банкны сар бүр төлөлтийн төлбөрийг данснаас авч хувьдаа ашигладаг зэрэг нөхцөл байдал үүссэн. Энэ байдал нь түүнийг тухайн байрыг өмчлөх эрхтэй этгээд мөн эсэх гэдэгт эргэлзээтэй байдал үүсгэж байна.
Түүнээс гадна Солонгосоос ирсэн юм бол орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг гаргахгүй өдий хүрсэн зэрэг нь түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна гэж үзэж байна.
Иймд орон сууцыг чөлөөлүүлэх тухай Н.Хийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
5.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ДАтарбаяраас 2023.03.13-ны өдөр Ө.Зд олгосон итгэмжлэл, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар, Д.С, Д.А нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Эрхийн улсын бүртгэлийн 55555555555 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн 8888888, Х/13280/ 44444444444 тоот хаягт байршилтай, 49 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Мын Хаан банкны депозит дансны хуулга, Төрийн банкны мемориалын баримт, орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтууд, Д.Ц Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, өмгөөлөгч Ү.Чг оролцуулах хүсэлт, Д.Сийн дансны талаарх Хаан банк ХК-ийн тодорхойлолт /хх 1-17, 80, 85, 108, 210/,
5.2. Хариуцагчаас ирүүлсэн: хариу тайлбар, 8888888, Х/13280/ 44444444444 тоот хаягт байршилтай, 49 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төрийн банк ХК болон Н.Х нарын хооронд 2014.11.27-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, орон сууцны зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны харилцагчийн хуулга, харилцах дансны харилцагчийн хуулга, Б.Оийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт, өмгөөлөгч Б.Нг оролцуулах хүсэлт, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн дансны харилцагчийн хуулга, Н.Мын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, орлогын мэдүүлэг, зээлийн дансны харилцагчийн хуулга, Н.С, Д.С нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /хх 24-78, 110, 127-134, 211, 213-224/,
5.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Д.Маас гэрчээр асуусан зүйлийн тэмдэглэл, түүний Хаан банк ХК-ийн депозит дансны хуулга, Д.С, Н.С, Д.Н, Д.Ц нараас гэрчээс асуусан зүйлийн тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн баримтуудын хуулбар, 8888888, Х/13280/ 44444444444 тоот хаягт байршилтай, 49 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төрийн банк ХК-иас ирүүлсэн Х.Хийн зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, харилцах дансны харилцагчийн хуулга /хх 95-98,146-171, 178-207/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
I.Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Н.Хт холбогдуулан, орон сууц өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.
II. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
III. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
1. Нэхэмжлэгч нь талуудын хооронд дээрх орон сууцыг 72,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар амаар хэлэлцэн тохирч, урьдчилгаа төлбөр болон зээлийн төлбөрт 57,547,893 төгрөгийг бусдаар дамжуулан төлсөн, Төрийн банк ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлж дууссаны эцэст орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон, гэрээний үүргийг Д.Аын өмнөөс Д.М, Д.С, Д.Ц нар гүйцэтгэсэн, зээлийн үлдэгдэл төлбөрийг банкинд байршуулсан байгаа тул шаардах эрхтэй гэж тайлбарласан.
2. Хариуцагч нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, байрны урьдчилгаа төлбөр болон зээлийн төлбөрийг өөрөө төлсөн, өөрийн эзгүйд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзэмшил, ашиглалтад орон сууцыг үлдээсэн, тэрээр өөрийн эзэмшил, ашиглалтад байлгах хугацаанд зээлийн төлбөрийг банкинд төлж байхаар тохиролцсоны дагуу 2020 оны 07 сараас 2023 оны 03 сар хүртэлх хугацаанд 5,776,000 төгрөгийг банкинд төлсөн, орон сууцны өмчлөх эрхийг түүнд шилжүүлэхээр тохиролцоогүй гэж маргасан.
3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлдүүлэгч Төрийн банк ХК болон зээлдэгч Н.Х, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.С нарын хооронд №964 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр 50,000,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сар буюу 2034 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай, өөрөө болон гэр бүлээрээ амьдрах зорилгоор орон сууц худалдан авах зориулалттай байхаар тохиролцсон байна.
3б.Энэхүү зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №964 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ээр Н.Хийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 55555555555 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн 8888888, Х /13280/ 444444444 тоот хаягт байршилтай, 49 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ. /хх 26-31/
3в. Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, дээрх орон сууцыг Эрхийн улсын бүртгэлийн 55555555555 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн 8888888, Х/13280/ 44444444444 тоот хаягт байршилтай, 49 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Хийг бүртгэж, түүнд 000368487 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. /хх 25/
3г. Дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Н.Хт олгосон байгаагаас үзэхэд түүнийг энэхүү хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх ба Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.
4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаж буй орон сууц нь Төрийн банк ХК болон Н.Х, Н.С нарын хооронд 240 сарын буюу 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2034 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай байгуулагдсан, 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, 32,306,911.77 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь тогтоогдож байна. хх 25-31,184/
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
5а. Худалдах, худалдан авах гэрээний онцлог нь нэг этгээдээс нөгөө этгээдэд өмчлөх эрх шилжих учиртай бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээхээр байна.
6. Нэхэмжлэгч нь орон сууцыг 72,500,000 төгрөгөөр худалдан авахаар хэлэлцэн тохирсон үнийг Н.Хт төлсөн, уг төлбөрийг хариуцагч Н.Х хүлээн авсан, ингэснээр орон сууцны өмчлөх эрхийг шаардах эрхтэй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлоогүй болно.
6а. Тэрээр Төрийн банк ХК-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүргийг төлж дуусгасны эцэст өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар түүнтэй тохиролцсон болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно гэж тайлбарласан боловч гэрч Д.Мын мэдүүлэг, түүний Төрийн банк ХК-ийн 8888888888 тоот дансны дезозит дансны хуулга, гэрч Д.Сийн мэдүүлэг, түүний Төрийн банк ХК-ийн 22222222222 тоот дансны хуулга зэргээс үзэхэд Д.М нь 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 22,500,000 төгрөгийг хариуцагч Н.Хт шилжүүлсэн, Д.С нь дээр дурдсан орон сууцны зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлж байсан болох нь тогтоогдсон. /хх 99, 186-190/
7. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй,
110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно,
182 дугаар зүйлийн 182.1-т Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж тус тус заасан.
Үүнээс үзэхэд хэрэв талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тохиолдолд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн байхыг шаардахаар байна.
8. Дээр дурдсан тогтоогдож буй үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжсэн гэж үзэх гэж үзэх, тодруулбал нэхэмжлэгч Д.А нь орон сууцыг хариуцагч Н.Хээс 72,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон, ийнхүү хэлэлцэн тохирсон үнийг түүнд төлснөөр өмчлөлдөө шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй.
9. Иймд хариуцагч Н.Хт холбогдох, Эрхийн улсын бүртгэлийн 55555555555 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн 8888888, Х /13280/ Хилчиний гудамж, 100б байр, 64 тоот хаягт байршилтай, 49 мкв талбайтай, хоёр өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай, нэхэмжлэгч Д.Аын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
IV.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
1. Н.Х нь Эрхийн улсын бүртгэлийн 55555555555 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн 8888888, Х/13280/ 44444444444 тоот хаягт байршилтай, 49 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохын хувьд Д.Аын хууль бус эзэмшлээс шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.
2. Хариуцагч нь Төрийн банк ХК-тай байгуулсан орон сууцны зээлийн төлбөрийг төлж дуусгаснаар өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон, хууль бусаар эзэмшилдээ аваагүй, орон сууцыг бусдад түрээслүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.
4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаж буй орон сууцыг Н.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Д.Аын бусдад түрээслүүлэх хүсэлтийн дагуу түүнээс 10,000,000 төгрөгийг хүлээн авсны үндсэн дээр түүний эзэмшилд шилжүүлэн өгсөн, ийнхүү шилжүүлэн өгсний дагуу Д.А нь бусадтай байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээслэгч нарын эзэмшилд орон сууц байгаа үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тогтоогдож буй үйл баримтаар маргаж буй орон сууцыг Д.А хууль бус эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй.
5. Иймд Д.Ат холбогдох, Эрхийн улсын бүртгэлийн 55555555555 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн 8888888, Х /13280/ 444444444 тоот хаягт байршилтай, 49 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Н.Хийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
V. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно гэж заасан.
Хариуцагч Н.Хээс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлд н.Н /РД:999999999/-ийн улсын тэмдэгийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримтыг хавсарган ирүүлснийг түүнийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй тул түүнээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 540,450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Хт холбогдох, Эрхийн улсын бүртгэлийн 55555555555 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн 8888888, Х /13280/ 444444444 тоот хаягт байршилтай, 49 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай, нэхэмжлэгч Д.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Д.Ат холбогдох, Эрхийн улсын бүртгэлийн 55555555555 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн 8888888, Х /13280/ 444444444 тоот хаягт байршилтай, 49 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай, хариуцагч Н.Хийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Хээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Д.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 540,450 төгрөгийг, хариуцагч Н.Хийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж,
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр н.Н /РД: 999999999/-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг буцаан гаргуулж түүнд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ