Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/350

 

 

 

 

 

  2022             03            31                                        2022/ДШМ/350                                                                                                                                                                                     Т  M 546                    

Н.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтмагнай,

шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08ы өдрийн 2022/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Цогтмагнайн бичсэн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Н.Д-д холбогдох ............................. дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н- Д-, Улаанбаатар хотод 2002 оны 10 дугаар сарын 24ий өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн ...... дүгээр хороо, .......................... тоотод оршин суух бүртгэлтэй, .................. дүүргийн ......... дугаар хороолол ............. байрны ........... тоотод оршин суух, /регистрийн дугаар: .................../,

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жил хорих ял шийтгүүлж, ялыг 2 дахин багасгаж, 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2020 онд ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Н.Д- нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн ............... дүгээр хорооны нутаг дэвсгэр, “............” тавилгын үйлдвэрийн ойролцоо Э.П-ыг араас нь дэгээдэж унаган толгойн тус газар нь 5 удаа дэвсэж дагз ясны хугарал, дагз, бага тархины хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулан ухаан алдуулж “KIA-5”, “Toyota feilder загварын автомашинуудын түлхүүр, бүргэд хаалганы түлхүүр, орцны хаалганы чип зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авсан гэмт хэргүүдэд холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Н.Д-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 7 жил хорих ялаар тогтоон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий “CD”-г хэрэгт хавсаргаж, цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-аас 1,710,345 төгрөгийг гаргуулан хохирогч Э.П-д олгож, хохирогч нь цаашид эмчилгээний зардлаа иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цогтмагнай бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх болсон үндэслэлдээ “...шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан ... өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугийн хэлбэрийг ойлгомжгүй дүгнэсэн. Энэ дүгнэлтээс үзвэл гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн мэт ойлгогдохоор байна.

“Онц харгис хэрцгий арга” гэдэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон байхыг шаарддаг. Шүүгдэгч Н.Д- нь хохирогчийн толгойн тус газарт 5 удаа дэвсэхдээ толгойг газраас хөндийрүүлж байгаад ухаан алдтал нь зодсон үйлдэл нь хүний ёсноос гажууд, харгис хэрцгий үйлдлийн шинжийг бүрэн хангаж байна. Энэ нөхцөл байдал нь хэргийн газраас бэхжүүлсэн камерын бичлэгээр бүрэн тогтоогдсон. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд “... хохирогчид халдаж, түүнийг унагаан толгой руу нь 5 удаа дэвсэж байгаа нь түүний харгис хэрцгийг илтгэж байгаа... “ гэж дүгнэсэн байгааг дурьдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд хохирогч Э.П оролцсон байхад хохирогчийн нэрийг шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан удиртгал хэсэгт тусгах зүйлийг орхигдуулсан байна.

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хянан хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.Д- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Шүүгдэгч Н.Д- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдлийг илчилж, үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Түүнд хохирогчийг тарчлаах, зовоох хүсэл зориг байгаагүй. Хүнд гэмтлийг онц харгис хэрцгий аргаар учруулахыг ухамсарлаагүй буюу агуулаагүй. Үйлдлийнхээ харгис хэрцгий шинжийг ухамсарлаагүй гэж үзэж байна. Прокуророос гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн мэт ойлгогдохоор байна гэж үзэж байгаа бол өөрийнхөө ялласан зүйл, хэсгийг үгүйсгэж байна. Мөн хохирогч П нь анхан шатны шүүх хуралдаанд оролцсон байхад хохирогчийн нэрийг шийтгэх тогтоолд дурдаагүй гэсэн. Улсын дээд шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолд тогтоолын төсөл боловсруулах талаар зөвлөмжийг гаргасан. Уг зөвлөмжид хохирогчийн нэрийг тусгахгүй байхаар дурдсан байдаг. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн эх П хохирогчид хохирлыг төлж байгаа гэж мэдэгдсэн. Энэ талаар баримт гаргаж өгөх байсан боловч миний хурал давхацсаны улмаас очиж амжсангүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргээс үзэхэд, шүүгдэгч Н.Д- нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “.....” тавилгын үйлдвэрийн ойролцоо Э.П.....ыг дэгээдэж унаган толгой руу нь 5 удаа дэвсэж дагз ясны хугарал, дагз, бага тархины хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, ухаан алдуулсны дараа биед нь байсан “KIA-5”, “Toyota feilder загварын автомашинуудын түлхүүр, бүргэд хаалганы түлхүүр, орцны хаалганы чип зэрэг эд зүйлсийг авсан болох нь:

хохирогч Э.П......ын “... 23 цагийн үед эхнэрийн найзыг таксинд суулгаж өгчихөөд “..............” дэлгүүрийн баруун талд гудамжаар алхаж явтал араас үл таних хүн намайг дэгээдэж унагаад толгой руу цохиж ухаан алдуулсан...” /хх 18-19/,

шүүгдэгч Н.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...100 айлын ойролцоо эрэгтэй, эмэгтэй хоёр хүн такси барихаар зогсож байсан. Гал асуухад байхгүй гэхээр нь цаашаа явсан. Эрэгтэй нь эмэгтэйгээ таксинд суулгачихаад зам гараад гудамж руу орсон. Би хойноос нь очоод тэвэрч аваад дэгээдэж унаган толгой руу нь 4-5 удаа дэвссэн. Халааснаас нь 2 автомашины түлхүүр унахаар нь аваад автомашиныг нь хайсан боловч олоогүй ...” /хх 6-7/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Э.П- дагз ясны хугарал, дагз, бага тархины хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд зэргийг гэмтэл, баруун зулайн хуйханд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийг гэмтэл тус тус учирсан болохыг тогтоосон шинжээчийн 11450 тоот дүгнэлт /хх 37-38/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 54, 59-60/, хохирогчийн араас хөл тавьж унаган, толгой руу нь 5 удаа дэвсэж, халаасыг нь тэмтэрч, эд зүйлийг нь авч байгаа байдлыг харуулсан бичлэг бүхий “CD”, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 79-80/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Н.Д- нь хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор довтлон толгой руу олон удаа дэвссэн ба уг үйлдлийн улмаас хохирогчид амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийлмэл гэмт хэргийн шинжид бүрэн нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэсэн нь хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр болжээ.  

Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилснийг эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцэлд дараах дүгнэлтийг хийлээ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдэх гэдэг нь хохирогчид олон тооны гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон зэрэг гэмт үйлдлийн арга, түүний үр дагавар болон гэм буруутай этгээдийн харгис хэрцгий хувийн зан чанартай нягт холбоотойгоор тайлбарлагдана.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Н.Д- нь онц харгис хэрцгийгээр гэмт хэрэг үйлдсэн гэхээс илүүтэй хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор довтлон толгой руу нь олон удаа дэвсэж гэмтэл учруулсан гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Шүүх хуралдааны оролцогчийн нэрийг шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт бичээгүй нь шүүхийн шийдвэрт тавигдах хуулийн шаардлагад нийцэхгүй боловч шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08ы өдрийн 2022/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Цогтмагнайн бичсэн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д- нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31ий өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ        

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН