Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 56

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Э.******* Шүүгдэгч Т.Б Хохирогч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох 1723000150018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймгийн ******* сумд 1986 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай ******* овогт Т-ийн Б 

Шүүгдэгч Т.Б нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт Т-ийн Б нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутагт Х-ын хүүхдийн үсний найранд сууж байгаад иргэн Н.Г-той маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус газар өшиглөсөн хэргийн үйл баримт нь хохирогчийн энэ талаар мэдүүлсэн “....2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би *******гийн хүүхдийн үсний найран дээр... гаднаас Б орж ирээд хүмүүст энэ их том хулгайч байгаа юм. Иргэдээс өндөр үнээр мод худалдаж авдаг гэсэн гээд юм яриад байхаар нь ах нь чамаас том байлгүй яахав дээ гэж хэлтэл над руу дайраад байхаар нь би айлд байна хэрүүл уруул хийгээд яахав гэтэл намайг бариад авахаар нь бид хоёр гэрээс гарсан. Тэгээд гадаа суух гэтэл миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би босож ирээд бид хоёр барьцалдаад бие биенээ хэд хэд цохиход тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлгээр гэрч Д.*******гийн “...Г нь Б-г гараараа цохиж харагдсан. Тэгсэн Б-ийн амнаас цус гарчихсан байсан. Тэгээд дахиад Г цохиод авсан чинь Б босч ирээд хоорондоо барьцалдаад авсан чинь хүмүүс салгасан гэсэн мэдүүлгээр болон шүүгдэгч Т.Б-ийн өөрийн үйлдсэн хэргийг хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Б-ийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн болно Т.Б-ийн хохирогч Н.Г-ийн биед хөнгөн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 02- ны өдрийн 201720141 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...Иргэн Н.Г-ийн биед: Тархи доргилт баруун нүдэнд цус хуралт, хараа бууралт, баруун шанаанд хавдар, баруун чихний омогт зулгаралт гэмтэл тогтоогдлоо... дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн хэсгээр тогтоогджээ. Т.Б-ийн хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүх Т.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.Г-д цаашид гарах эмчилгээний зардалд 1000000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан үзлээ. Шүүгдэгчид ял оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Т-ийн Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Т.Б-д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчийн “DAYUN” маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5/18 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны покурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ