Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2018/0035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: У ХХК

Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрх бүхий этгээд болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч М.Т*****-ын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №17*****86 тоот шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүйд тооцуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч У ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Г*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш*******, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

У ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Г***** нь шүүхэд гаргасан гомдолдоо:

Хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт зохих этгээдийн зөвшөөрөлгүй иргэн н.М********-ын эзэмшил газрыг ашигласан гэх ташаа мэдээллээр хянагдсан зөрчлийг хянан шийдвэрлэхдээ манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дахь хэсэгт заасан шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж үзээд 5000 нэгжээр торгох шийтгэлийг оногдуулсан.

Тухайн газар нь манай компани болон Засгийн газар хооронд 2014 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр байгуулагдсан Концессын гэрээ-г хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан Техник, эдийн засгийн үндэслэлийн Ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн дагуу улсын чанартай дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжих нутаг дэвсгэрт хамаарагдаж байгаа.

Манай компани нь энэхүү төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт хамаарах газрыг Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэл болон 16.1.13-д заасан Усан цэнэгт цахилгаан станц барих зориулалтаар ашигласан.

Манай компани нь энэхүү төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт хамаарах газрыг Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу 2008 онд Нийслэлийн газрын албаны төсөл сонгон шалгаруулах дуудлага худалдаанаас 1,500,000,000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгөөр Усан цэнэгт цахилгаан станц барих зориулалтаар худалдан авсан.

Улсын тусгай хэрэгцээний газрын хил заагийг Газрын тухай хуулийн 17.1.3 ба 18.1.2-т заасны дагуу зөвхөн Улсын Их Хурал болон Засгийн газар хэрэгжүүлэх эрхтэй.

Усан цэнэгт цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх зориулалттай газрын хил заагийг тухайн орон нутгийн газар ашиглах асуудал Зохицуулах байгууллага, Концессын эрх бүхий этгээд болон Концесс эзэмшигч талуудад мэдэгдэлгүй бусад аж ахуйн нэгжүүдэд Кадастрын зураг дээр олгосон. /Хашаа барьсан нэг ч айл байхгүй/

Энэ нөхцөл байдлын улмаас манай компанийн тус төслийг хөгжүүлэх ТЭЗҮ, холбогдох судалгааны ажлууд болон барилгын ажлын талбарын дэд бүтцэд 2008 оноос эхлэн оруулсан шууд хөрөнгө оруулалтын 11,200,000,000 /арван нэгэн тэрбум хоёр зуун саятөгрөгийн хөрөнгө үнэгүйдэж байна.

Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч М.Т*****-ын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №17*******86 тоот шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Т***** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Иргэн Б.М*******-аас 2017 оны 10 дугаар сарын 16-ны гаргасан газар чөлөөлүүлэх тухай зөрчлийн талаарх гомдлыг шалгаад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд У ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрт олгогдсон газарт биш бусдын эзэмшилд олгогдсон газарт далан барьж, түр барилга байгууламж байршуулсан нь Газрын албанаас авсан нэгж талбаруудын хувийн хэрэг, кадастрын зургуудаар тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 27.1 Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. хэсгийг тус тус зөрчиж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 Эрх бүхий бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан хэсэгт зааснаар хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5000000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулах үндэслэл болж байна.

У ХХК болон Эдийн засгийн хөгжлийн яам хооронд 2014 онд байгуулсан Туул Сонгино усны нөөцийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ-ний 2 дугаар хуудсанд Гэрээний зорилго хэсэгт төсөл хэрэгжүүлэх газар нь Нийслэлийн Газрын албанаас зохион байгуулсан төсөл сонгон шалгаруулах дуудлага худалдаанаас худалдан авсан 170000 м.кв газарт концессоор барих өмчлөх ашиглах төрлөөр хэрэгжүүлэхэд эрх бүхий этгээд, зохицуулах байгууллага болон концесс эзэмшигчийн хооронд үүсэх бүх төрлийн харилцааг зохицуулахад оршино гэж заасан байдаг. Уг концессийн гэрээний заалтууд нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудтай зөрчилдвөл хууль тогтоомжийг баримтална гэж мөн заасан байна.

Концесс хэрэгжүүлэгчид дуудлага худалдаагаар 170000 м.кв газрыг хоёр байршилд олгосон бөгөөд Ф групп ХК-д 50000 м.кв, Ф групп ХК-д 120000 м.кв газрыг тус тус усан цэнэгт цахилгаан станц зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 15 жилийн хугацаатай олгосон.

Гомдол гаргасан иргэн Б.М*******-д олгогдсон буюу У ХХК эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж далан барьж, түр барилга, байгууламж байршуулсан газар болон дээрх дуудлага худалдаагаар олгосон газрууд нь хоорондоо багадаа 250 метр, ихдээ 1575 метр зайтай байрладаг. Зохин байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрт олгогдсон газарт биш бусдын эзэмшилд олгогдсон газарт үйл ажиллагаа явуулж байгаа нь Нийслэлийн Газрын албанаас ирүүлсэн кадастрын зураг болон газрын мэдээллийн сангийн зургаар тогтоогдсон.

Мөн түүнчлэн Улаанбаатар усан цэнэгт цахилгаан станцын үйл ажиллагаа явуулах Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны тухайн байршлийг Газрын тухай хууль 18 дугаар зүйлийн 18.1.2 зүйлд заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрын зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх талаар одоог хүртэл ямар нэгэн шийдвэр тогтоол гараагүй болно.

У ХХК нь бусдын эзэмшилд олгогдсон газарт үйл ажиллагаа явуулж түр барилга, байгууламж болон шороон далан босгосон нь Газрын тухай хуулийн 27.1 Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно хэсгийг тус тус зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 5000000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулсныг хуулиар заасан хугацаанд одоог хүртэл барагдуулаагүй байна.

Иймд Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ч.Т*****аас У ХХК-д 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ногдуулсан №17*******6 дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч М.Т***** нь Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны иргэн Б.М*******-аас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан газар чөлөөлүүлэх тухай гомдлын дагуу[1] 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зөрчлийн хэрэг нээж[2] зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан У ХХК-ийг ...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан... зөрчил гаргасан гэж үзэн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17*******86 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу 5.000.000 төгрөгөөр торгууль шийтгэл оногдуулжээ[3].

У ХХК-иас уг шийтгэлийг эс зөвшөөрч ...манай компани болон Засгийн газар хооронд 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан Концессын гэрээ-г хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан нутаг дэвгэрт хамаарагдаж байгаа газарт Концессын эрх бүхий этгээд болон концесс эзэмшигч талуудад мэдэгдэлгүй, үйлдвэрийн барилга холбох турба хоолой дээгүүр бусад аж ахуй нэгж, иргэдэд газар олгосон. Бид өөрсдийн газар дээр үйл ажиллагаа явуулж байсан... гэж маргаж байна.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.9-д шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй гэж заасны дагуу зөвхөн хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 403 дугаар тогтоолоор Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор төслийн хүрээнд концессийн гэрээг М********* ХХК-иас тусгаарлан байгуулагдсан төслийн нэгж У ХХК-тай[4] байгуулахыг, Эдийн засгийн хөгжлийн яамны сайдад зөвшөөрөл олгосны[5] дагуу 2014 онд У ХХК болон Туул сонгино усны нөөцийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ /барих-өмчлөх-ашиглах/ -г байгуулсан байна.

Энэхүү гэрээний зорилгод ...Улаанбаатар хотын төв цэгээс 25 км зайд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт, Залаа толгойн зүүн тал, Сонгины дээд амралтын хойно концессын төсөл хэрэгжүүлэх зорилготой Концесс эзэмшигчийн Нийслэлийн газрын албанаас худалдан авсан 170000 м.кв барилгажих талбайд Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал усыг цэвэрлэж дахин ашиглах үйлдвэр болон Төвийн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний үйлдвэлэл-хэрэглээний хоногийн ачааллын горимд тохируулга хийх 100 МВт хүчин чадалтай Улаанбаатар-Усан цэнэгт цахилгаан станц төсөл-ийг концессыг барих-өмчлөх- ашиглах төрлөөр хэрэгжүүлэхэд эрх бүхий этгээд, зохицуулах байгууллага болон концесс эзэмшигчийн хооронд үүссэн бүх төрлийн харилцааг зохицуулахад оршино... гэж тодорхойлсноос үзвэл Концессын гэрээ-г хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан нутаг дэвсгэр нь гомдол гаргагчийн эзэмшлийн 170000 м.кв талбай бүхий газар болох нь тодорхой байна.

Харин гомдол гаргагч Б.Мөнхжаргал нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 377 дугаар захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 8*******6 нэгж талбар бүхий 20000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар гэрчилгээг олгосон байна[6].

Маргааны үйл баримт болж буй У ХХК-ийн хайрга олборлож карьер болгон ашиглаж байсан газрыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тус компанид олгосон талаар баримт байхгүй байх тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 35 дугаар зүйлийн 35.3.5-д Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж заасныг У ХХК зөрчсөн байна.

Нөгөөтээгүүр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 377 дугаар захирамжийн дагуу 18************48 нэгж талбарын дугаар бүхий 20000 м.кв газрыг иргэн Б.М*******-д эзэмшүүлсэн захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр байгаа бөгөөд нэхэмжлэгч У ХХК-иас уг захирамжид гомдол гаргаагүй атлаа гомдол гаргагч иргэний эзэмшлийн газар нь төсөл хэрэгжүүлэгчид олгосон тусгай хэрэгцээний газар гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч У ХХК-ийн захирал Г.Г*****аас ...манай төсөл хэрэгжүүлж байгаа талбайг улсын тусгай хэрэгцээнд авах гэж байгаа...[7] гэж тайлбарлан кадастрын зураг ирүүлсэн зэргээс үзвэл уг маргаантай холбогдуулан нэхэмжлэгч төслийн хэрэгжилттэй холбоотой талбайг тусгай хэрэгцээнд авахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандсан болох тогтоогдож байна.

Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзвэл хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч М.Т*****-ын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №17*******86 дугаар шийтгэлийн хуудас үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгч У ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дахь хэсгийг тус тус баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17*******86 дугаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий У ХХК-ийн гомдлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Зөрчлийн хэрэг материалын 2 хуудас,

[2] Зөрчлийн хэрэг материалын 11-12 хуудас,

[3] Зөрчлийн хэрэг материалын 100 хуудас,

[4] Зөрчлийн хэрэг материалын 78 хуудас

[5] Зөрчлийн хэрэг материалын 79-80 хуудас

[6] Зөрчлийн хэрэг материалын 5 хуудас

[7] Хавтас хэргийн 51 хуудас,