Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж Улсын яллагч: Б.Мээпам Хохирогч: Б.Сандагжав, Д.Жаргалсайхан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Пүрэвсүрэн Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр Иргэний нэхэмжлэгч: Д.Төмөрхуягийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ Шүүгдэгч: Б.Баярмаа Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Батдэлгэрийн Баярмаад холбогдох 201703000149 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Галт сумын ахлах сургуульд газарзүйн багш ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн 5-5-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Шарнууд овогт Батдэлгэрийн Баярмаа /РД:РХ85060101/ Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Б.Баярмаа нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дэвсгэр Улаантолгой гэх газарт асфальтан зам дээр 59-75 УНЯ улсын дугаартай Тоёота Ками маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.2-д “Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Ц.Нямдорж, С.Амгалан, Д.Батбаяр нарын амь насыг хохироосон, Н.Анужингийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ: Энэ шүүх хуралдаанд хохирогч Сандагжав, Жаргалсайхан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тариат сумын нутаг дэвсгэрт авто осол гарсны улмаас хохирогч Сандагдоржийн охин болон хүргэн нар нь амь насаа алдсаны улмаас насанд хүрээгүй 3 хүүхэд хэний ч хараа хяналтгүй, цаашид амьдрах ирээдүй нь бүрхэг болж үлдсэн. Шүүх хуралдаанд оролцохоос өмнө хохирогч нарыг санал бодлыг сонссон. Тухайн үед хэлэхдээ шүүх хуралдаанд оролцоход нэг талаараа бидний сэтгэл зүрхэнд хүнд, нөгөө талаараа болсон хэрэг тодорхой, гэм буруугийн асуудлаа Б.Баярмаа гэх хүн хүлээсэн учраас Б.Баярмааг ял эдлүүлээд явуулахдаа биш, талийгаач нарын үлдсэн 3 хүүхдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг тэжээн тэтгэх, бодитой учраад байгаа оршуулгын зардал болон бусад зардал, гарсан хохирлыг нөхөн төлүүлж бидний дуу хоолой болж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу хохирогч нарын эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. Хэргийн материалтай танилцаж байхад цагдаа, прокурорын байгууллага аль алинаас нь өнчирч хоцорсон насанд хүрээгүй 3 хүүхдийн эрх ашгийг хамгаалах ямар ч санаа санаачлага гаргаагүйд маш ихээр харамсаж байна. Яагаад ингэж хэлээд байгаа бэ гэхээр хохирогч Сандагжав анх мэдүүлэг өгөхдөө хохирол төлбөрийн асуудлыг энэ удаа ярих боломжгүй байна, цаашид харин хохирол төлбөрийн асуудлыг илэрхийлнэ гэж хэлсэн байдаг. Гэтэл дахин мэдүүлэг аваагүй, тодруулаагүй байж байгаад хэргийн материалтай танилцуулах гэж дуудсан байдаг. Тухайн үед хэргийн материалтай танилцаад үлдсэн 3 хүүхдэд тэжээн тэтгүүлэх асуудал яригдсан боловч тухайн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон насанд хүрээгүй байна гэдгийг нотлох ямар ч нотлох баримт гаргуулж аваагүй байгаа нь туйлын харамсалтай санагдаж байна. Хохирогч нарын зүгээс үнэхээр их хохирсон. Мөн тэдний насанд хүрээгүй 3 хүүхэд өнчирч хоцорсон байгаа байдал нь маш их хохирол амсуулж байгаа. Бодитой гарсан хохирол төлбөрөөс дурдвал өнчирч хоцорсон 3 хүүхэд болон талийгаач нарын оршуулгын зардал болоод бусад байдлаар маш их хохирол учирсан байгаа. Үүнээс оршуулгын зардалд 11.500.000 төгрөгийг оршуулгын зардалд нэхэмжлээд үүнээс 2.700.000 төгрөгийг шүүгдэгч Б.Баярмаа төлсөн. 8.800.000 төгрөгийг Б.Баярмаагийн зүгээс төлнө гэдэг баталгаагаа гаргаж өгсөн. Өнчирч хоцорсон 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж нь 216.000 төгрөгөөр тогтоогдсон. Талийгаач нарын тухайд барилга, хувийн аж ахуй нэгжид ажилладаг, түүгээр амьдралаа залгуулж явдаг байсан. Сард хэдэн төгрөгийг цалин авдаг байсан бэ гэдэг нь аж ахуй нэгжийн ирүүлсэн тодорхойлолтоор харагдаж байгаа. Тухайн тодорхойлолтуудаас үзэхэд зуны цагт 1.800.000 төгрөгөөс 2.400.000 төгрөг, өвөлдөө 450.000 төгрөгийн цалин авдаг байсан нь нотлогдож байгаа юм. Үүнээс хараад үзэхээр төрөөс тогтоож өгсөн тэжээгчээ алдсаны тэтгэмж 216.000 төгрөгөөр 3 хүүхэд амьдрах уу, үгүй юу гэх асуудал байгаа учраас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нартай ярилцаад сар бүр 250.000 төгрөгөөр хүү Мөнхнасанг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэхээр баталгааг гаргаж өгсөн байгаа учраас шүүхээс шүүгдэгчийн төлнө гээд маргаангүй төлөхөөр хүлээн зөвшөөрөөд байгаа хохиролд 8.800.000 төгрөг, тэжээн тэтгүүлэх эрхийг хангаж 250.000 төгрөгийг шийтгэх тогтоолд тусгаж шүүгдэгч Б.Баярмаагаас гаргуулж өгнө үү. Энэ мөнгийг тал талаас нь харгалзан үзэж Б.Баярмаад аль болох нааштай хандаж, хохирогч нарын зүгээс гаргаж байгаа хамгийн бага мөнгөн дүн юм шүү гэв. Мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч Б.Сандагжавын мэдүүлсэн: ...С.Амгалан нь миний төрсөн охин, Д.Батбаяр нь миний хүргэн хүү байгаа юм. Амгалан, Батбаяр хоёр сумын төвд хийх ажилгүй гэртээ байдаг байсан. Тэгээд Улаанбаатар хот руу орж барилгын ажил хийхээр 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хот руу явсан. Гэтэл миний утас холбогдохгүй байсан гээд 2017 оны 04 дүгээр сарын 06-ны орой Амгалан, Батбаяр нарыг осолд орсон бие нь муу байна гэж хэлсэн. Тэгээд нас барсан талаар нь мэдээгүй байж байтал Батбаяр нас барсан талаар мэдээд Амгалангийн бие муу байна гэж дуулаад гарсан. Тэгээд Архангай аймгийн Тариат сум руу явахын өмнө Амгаланг мөн нас барсан гэж мэдсэн. Ослын талаар мэдэх зүйл байхгүй. ...Амгалан, Батбаяр нар нь гэр бүл болоод удаж байгаа, яг хэдэн онд гэр бүл болсон гэдгийг санахгүй байна, ямар ч байсан хамгийн том хүү нь одоо 9 дүгээр ангид сурдаг, өөрсдөө хийсэн, эрхэлсэн ажил байхгүй, сумын төвд хүүхдүүдээ хараад байж байдаг байсан. Одоо хүүхдүүдийг нь би харж байх, өөр харж хандах хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/ Хохирогч Ц.Төгсбаярын мэдүүлсэн: ...Нямдорж нь миний төрсөн ах байгаа юм, харин Баярмаа нь миний бэр эгч. Нямдорж ах маргааш Улаанбаатар хот руу явна, ахындаа оронд манаачаар сумын захиргаанд гараад өгөөрэй гэж хэлээд надтай 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр уулзаад явсан. Тэгээд маргааш нь буюу 06-ны өдөр Улаанбаатар хот руу өөрийнхөө машинтай, эхнэр Баярмаагийн хамт явсан. Тухайн үед таньд хүн байна уу гэсэн чинь 2-3 хүн байгаа гэж байсан, ямар хүмүүстэй явах гэж байсан талаар мэдээгүй, тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед Улаанбаатар хот явах замдаа Архангай аймгийн Тариат сумын нутагт осол гарч ах Нямдорж нас барсан талаар мэдсэн. Осол гарах үед машинд эхнэр Баярмаа, 1 ой гарантай хүүхэд нь, мөн Мөнхбат ах болон бас нэг эхнэр, нөхөр хоёрын хамт явсан гэдгийг мэдсэн. Ослын улмаас 3 хүн нас барсан байна. Өөр мэдэх зүйл байхгүй. Осол ямар шалтгаанаас болж гарсан гэдгийг мэдэхгүй байна. Ямар хурдтай явсан талаар мэдэхгүй, жолоодож явсан хүн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Ками маркийн 59-75 УНЯ улсын дугаартай машиныг Нямдорж ах өөрөө худалдаж авсан, өөрийнх нь машин байгаа юм. Өөрийнх нь нэр дээр байдаг байх, сайн мэдэхгүй байна, аваад удаагүй байгаа. Ослын улмаас ямар ч байсан 3 хүн нас барсан, тэгээд Нямдорж ахын 1 ой гарантай жаахан хүүхэд гэмтсэн, Мөнхбат ах гэмтсэн, ямар гэмтэл авсан талаар мэдэхгүй, хамт осолд орсон машины талаар мэдсэн зүйл байхгүй байна, хэдүүлээ явсан, хэдэн хүн гэмтсэн, ямар хүн жолоодож явсан талаар мэдэх зүйл байхгүй байна. Мөн ямар машин байсан талаар ч мэдэхгүй байна. Баярмаа эгч хөл өвдөөд байна гэж байсан, нарийн ширийн зүйлийг нь мэдээгүй байна. Өөртэй нь утсаар ярьж чадаагүй явна. Машин цагдаагийн хашаанд байхыг нь харсан, гадна талаасаа их хэмжээний эвдрэлтэй болсон байна, эвдэрсэн эд ангиудыг нэг бүрчлэн мэдэх боломжгүй байна. Тийм учир үнэлэх боломжгүй. Баярмаа эгч үнэмлэхтэй эсэхийг мэдэхгүй байна. Уг нь бол хааяа машинаа барьчихсан явж байдаг, хэзээнээс эхэлж машин барьсан талаар мэдэхгүй байна. Баярмаа эгч Хөвсгөл аймгийн Хатгал сумын гаралтай, манай ахтай гэр бүл болоод удаж байна, хэдэн онд гэр бүл болсон гэдгийг мэдэхгүй байна. Нямдорж ахынх 2 хүүхэдтэй, том хүүхэд нь одоо 3 дугаар ангил сурдаг, бага нь 1 ой гарантай бөгөөд хамт явсан. Нэгэнт осол гарч нас барсан болохоор гомдол санал гэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/ Хохирогч Д.Мөнхбатын мэдүүлсэн: ...2017 оны 04 сарын 06-ны өдрийн 09-10 цагийн хооронд Галт сумаас Улаанбаатар хот руу явна гэсэн узелийн зарын дагуу 59-75 УНЯ улсын дугаартай Ками маркийн машинаар хот руу явсан. Тэгээд тэр машины хойд суудалд Батаа, Амгалан бид гурав суусан. Харин жолоочийн хажууд Баярмаа хүүхдээ тэвэрсэн байдалтай сууж явсан. Баярмаагийн нөхөр Нямдорж жолоогоо барьж явсаар Архангай аймгийн Тариат сум руу 17 цаг болж байхад орсон. Тариат суманд бид нар хоолонд ороод гарч ирээд явах гэтэл Баярмаа нөхөртэйгээ жолоогоо солиод машинаа жолоодоод явсан. Тариат сумын гүүр гараад би хэсэг унтсан байсан чинь хүмүүс орилолдоод явчихаар нь сэрээд хартал суудлын жижиг цагаан өнгийн машиныг манай машин гүйцэд түрүүлэх гээд зүүн талаар нь ортол нөгөө машин хурдаа нэмээд зэрэгцээд явж байгаад манай машины жолооч талын арын суудлын ал руу тэр машин мөргөтөл зам голлоод манай машин хөрвөөсөн. Би тэгээд ухаан алдаад уначихсан. Ухаан ортол зам голлоод цустайгаа холилдоод доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Нэг ухаан ортол 2 жолооч хоорондоо хэрэлдээд чиний буруу гээд бие биенийгээ хэлээд байсан. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Миний хажууд сууж явсан 2 хүн ухаангүй хэвтэж байсан. Машин анх хөрвөөхөд унасан газарт миний хажууд сууж явсан хүүхэн орилоод амь өвөр, өвчин намдаах эм хийгээд өгөөч гээд байсан. Би тухайн үед бараг юу болсныг санахгүй байна. Эмч нар ирээд тариа хийгээд намайг машинд оруулсан. Миний утсыг цагдаа нар аваад ар гэр рүү яриад байсан шиг санагдаж байна. Тариат сумын эмнэлэг надтай орсон миний хажууд сууж явсан эмэгтэй Амгалан нас барсан байсан. Машины жолоог Баярмаа барьж явсан. Харин нөхөр нь хажуу суудал дээр хүүхдээ тэврээд сууж явсан. Жолооч болон бид нар ямар ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би унтаж байсан болохоор жолооч хэр хурдтай явсан талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ гүйцэд түрүүлэхийг бодоход хурдтай л явж байсан байх. Баярмаа гүйцэд түрүүлэх гэхэд нөгөө машин саад хийсэн байх гэж бодож байна. 2 жолооч хоёулаа буруутай л гэж бодож байгаа. Миний зүүн талын хөлийн шилбэ хугарсан, 4 нурууны сэртэнг хугарсан, 2 нуруу дарагдсан, толгойн орой дээр хуйх зүсэгдсэн оёо хийлгүүлсэн. Мөн тохойн үе гэмтэлтэй, бүх үе хөх няцралтай болсон. Амгалан эмнэлэгт өнгөрсөн. Хэрэг болсон газар дээрээ Нямдорж, Батаа хоёр нас барсан. Баярмаагийн хүүхэд гэмтэл авсан. Би нийт 3 сая төгрөгөөр эмчилгээ хийлгэж зардал гаргасан. Би энэ мөнгөө гаргуулж авмаар байна. Эмчилгээ хийлгэсэн баримт бүгдээрээ байхгүй байна, зарим баримт байгаа. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд сууж амжихгүй байх...гэх мэдүүлэг /хх-ийн 242-243 хуу/ Гэрч Д.Доржпүрэвийн мэдүүлсэн: ...Би хохирогч Энх-Амгалангийн ар гэрээс явна. Би хохирогч Энх-Амгалангийн хүргэн дүү нь байгаа юм. Би осол болсон талаар 2017 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 03 цагийн орчим хадам аав Сандагжаваас сонссон. Осол болох үед машиныг хэн жолоодож явсан талаар би сонсоогүй, хүмүүсийн ярианаас эмэгтэй хүн машин жолоодож явсан юм байна гэж ойлгосон. Энх-Амгалан эгч нөхөр Батбаярынхаа хамт Улаанбаатар хот руу ажил хийхээр явж байсан юм. Ер нь тэр хоёр жил бүр Улаанбаатар хотод очиж ажил хийж байгаад ирдэг байсан. ...Би ослыг жолоочийн буруугаас болсон байх гэж бодож байна, нүдээр хараагүй учраас сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуу/ Гэрч Д.Баярсайханы мэдүүлсэн: ...Би осол болсон талаар 2017 оны 04 дүгээр сарын 06-ны орой 21-22 цагийн орчим ахынхаа эхнэрээс утсаар сонссон. ...Би осол болох үед Баярмааг машин жолоодож явсан гэж сонссон, түүнээс биш нүдээр үзэж хараагүй. Би бодохдоо хурд хэтрүүлсэн байх л гэж бодож байна. Би Баярмаагийн зан байдлыг сайн мэдэхгүй байна, зүс танихаас цаашгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45 хуу/ Гэрч Ж.Батхүүгийн мэдүүлсэн: ...Би талийгаач Нямдоржийн дүүтэй нь суусан хүргэн болох хүн байгаа юм, Баярмаа бэр эгч юм. Би 2017 оны 04 сарын 06-ны орой 19 цагийн орчим Архангай аймгийн Жаргалант суманд гэртээ байж байхад хадам баз ах Батсайхан надад утсаар Нямдорж, Баярмаа нарыг зам тээврийн осолд Тариат суманд орсон байна гэж хэлэхээр нь сонсож мэдсэн. Тэгээд Жаргалант сумаас Тариат суманд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны шөнийн 02 цагийн орчимд ирэхэд Тариат сумаас зүүн тийш 20 орчим км газар засмал зам дээр хоёр машин замын урд талд унасан байсан, зам дээр хоёр цогцос харагдсан. Цагдаагийн хамгаалалттай байсан болохоор шөнө бид нар бууж хараагүй, тэгээд сумын төвийн эмнэлэгт ирэхэд Баярмаа, хүүхэдтэйгээ осолд орсон гээд 1 хүн байсан. Бас нэг машины жолооч нь дээд давхарт хэвтэж байгаа гэж байсан. Нямдорж ах, хоёр хүнтэй хамт гурвуулаа нас барсан гэж байсан. Тэгээд өөр мэдэх зүйл байхгүй. Талийгаач ах Нямдорж осолд орохын урд өдөр надтай утсаар яриад Улаанбаатар хот руу гэр бүлээрээ өөрийн 59-75 УНЯ улсын дугаартай жижиг тэргээр явах гэж байгаа гэж ярьж байсан, өөр мэдэх зүйл байхгүй. Осол юунаас болж гарсан талаар сайн мэдэх зүйл байхгүй байна, хоёр машин шүргэлцсэн болов уу гэж бодож байна. Баярмаа эгч Галт сумын сургуулийн багш хийдэг, даруу төлөв зантай хүн байдаг. Жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаар мэдэхгүй, машинаа хааяа барьсан яваа харагддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/ Гэрч Д.Төмөрхуягийн мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цахир сумаас аймгийн төв орж гэртээ харихаар ганцаараа өөрийн худалдаж авсан Королла маркийн 44-51 АРХ улсын дугаартай авто машинаар явж байсан чинь Архангай аймгийн Тариат сумаас ертөнцийн зүгээр зүүн урагшаа чиглээд явж байтал /ямар нэртэй гэдгийг нь мэдэхгүй/ миний хажуугаар нэг цагаан өнгийн суудлын автомашин гүйцэж түрүүлээд зэрэгцээд хажуугаар орж ирээд хэтэрч явалгүй баруун гар тийш дарсан. Тэгэхээр нь тормос гишгээд жолоогоо баруун гар тал руугаа дарсан чинь машин замаас гараад онхолдоод хөрвөөсөн, ямар ч байсан 2 хөрвөөсөн байх гэж бодож байна. Миний хажуугаас дарахад бид хоёрын машин хоорондоо шүргэлцсэн эсэхийг мэдэхгүй ч түс гээд дуугарсан болохоор шүргэсэн гэж бодож байгаа. Тэгээд ухаан алдаад сэргэсэн чинь машин дотор нил утаа болчихсон суудлын бүсэндээ дүүжлэгдсэн байхаар нь суудлынхаа бүсийг тайлаад доош унасан. Тэгээд гарч чадахгүй байхаар нь урд талын салхины шилийг жийж гарсан. Тэгээд машин зам руу явж байгаад хэсэг ухаан алдсан байсан, миний ухаан санаа орж гараад байх шиг байсан. Тэр үед нэг эмэгтэй хүн авраарай, гарч чадахгүй байна, рульд хөл гацчихлаа, туслаарай гээд орилоод байхаар нь нөгөө машин руу очих гэж явтал урдаас эмэгтэй хүн гарч ирээд хүүхэд хаана байна гээд хүүхдээ зам дээрээс аваад тэвэрч аваад орилоод байсан. Тэгээд явж байсан замын унаа зогсоож Тариат сумын эмнэлэг рүү хүү, эмэгтэйг хүүхдийнх нь хамт суулгаад явуулсан. Ослын газар миний машин замын урд талд хажуулдаад унасан, харин нөгөө хүний машин зам дээрээ бас хажуулдаад унасан байсан, зам дээр эмх цэгцгүй хамаг юм тарсан, 2 хүн нас барсан, нэг эмэгтэй хүн туслаарай гээд орилоод байсан. Тэгээд эмнэлэгт хүргэгдээд тэр эмэгтэй нас барсан. Ер нь бол осол гарснаас хойшхи зүйлийг орон гаран санаад байгаа, би ч гэсэн эмнэлэгт хүргэгдээд дахиж ослын газар очоогүй. Миний бодлоор намайг гүйцэж түрүүлсэн жолооч намайг шахаж баруун гар тал руу дарснаас болж осол гарсан гэж үзэж байна, гэхдээ шинжээчийн дүгнэлтээр тогтоох байх гэж бодож байна. Баярмаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Тариат сумаас хоол идээд хөдлөхдөө эхнэр нь жолоогоо барьж явсан гэж осолд орсон ах ярьж байсан. Баярмаа жолоогоо барьж явсан юм байна лээ, би яг хараагүй, гэхдээ орилохдоо рульд хөл гацчихлаа гэж байсан болохоор Баярмаа машинаа барьж явсан гэж бодож байна. Ослын улмаас ямар ч байсан 3 хүн нас барсан, жолоочийн нярай хүүхэд гэмтсэн, нэг хүний хөл хугарсан гэж байсан, Баярмаад ямар гэмтэл учирсан талаар мэдэхгүй, миний хувьд машин их хэмжээгээр эвдэрсэн, эвдэрсэн эд ангиудыг нэг бүрчлэн тоочиж мэдэхгүй, дээр нь миний биед нурууны зөөлөн эдийн шахагдсан гэмтэл, хүзүүнд гэмтэл учирсан, зүүн хөл бадайрч өвдөж байгаа, өөрийн мэдэлгүй шээс гарч байгаа, одоогоор эмчилгээ хийлгэж байна. Би яг осол гарах үед 60-70 км/ цагийн хурдтай явж байсан байх, яг хараагүй, нөгөө жолооч нилээн хурдтай явсан бөгөөд яг хэлэн км/цагийн хурдтай явсан гэдгийг мэдэхгүй байна. Осол гарах үед замын гадарга, байгалийн нөхцөл зүгээр, ямар ч асуудалгүй байсан, үзэгдэх орчин чөлөөтэй байсан, мөн бид хоёроос өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл, мал саад болох зүйл юу ч байхгүй байсан. Би машинаа худалдаж аваад удаагүй байсан, миний нэр дээр шилжээгүй, би мөнгийг нь бүрэн гүйцэд өгөөгүй байсан учир машины хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна. Миний машин өмнөх эзэн Мөнхбатын нэр дээр байгаа, албан ёсоор гэрээ байгуул, шилжүүлэг хийгээгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуу/ Б.Баярмаагийн яллагдагчаар мэдүүлсэн: ...2017 оны 06 дугаар сарын 06-ны өглөө Галт сумаас Улаанбаатар хот явахаар гарч Архангай аймгийн Тариат сумын төвд 17 цагийн ирж хоол идээд тэндээсээ хөдлөхдөө би жолоо бариад явсан. Тариат сумын төвөөс явж байхад миний урд явсан Королла маркийн автомашины ард явсаар сумын төвөөс нилээн хол яваад нэрийг нь мэдэхгүй газар гүйцэж түрүүлэхээр дохио өгөөд зүүн гар талаар нь зэрэгцэж орсон. Би гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байх үед хойд суудлаас хажуугаас машин ороод ирлээ гэж орилохоор нь сандраад дарсан, хааш нь дарсан гэдгээ мэдэхгүй байна, баруун гар тал руугаа замаас гарах гэх үед талийгаач Нямдорж машины жолоо булаацалдаад эсрэг тал руу дарсан, тэгээд тэрнээс хойш мэдэхгүй, нэг мэдэхэд би машин дотор ганцаараа жолооны хүрдэнд гацчихсан байсан. Тэгээд гарч чадахгүй байж байсан чинь нөгөө машины жолооч ирээд амьд хүн байна уу гэхээр нь би байна гээд орилсон чинь ирж харчхаад гаргаад өгөөд гацчихлаа гэсэн чинь би яаж чадах юм бэ гээд эргээд яваад өгсөн, би зүтгэж байгаад гараад ирсэн чинь нөгөө машины жолооч ирээд намайг жолооч барьж чадахгүй байж яах гэж ингэж явдаг юм бэ гээд загнаад байсан. Тэр үед нялх хүүхэд Анужин байхгүй байхаар нь хайтал зам дээр байж байсан, харин Нямдорж машинаас нилээн хол зам дээр шидэгдсэн, машины ойролцоо Батбаяр хөдөлгөөнгүй болсон байсан. Нямдорж мөн хөдөлгөөнгүй болсон байсан. Харин Амгалан нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан, би хүүхдээ аваад замын унаанд суугаад сумын эмнэлэг рүү шууд явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Би ойролцоогоор 80-аад км/цагийн хурдтай явсан байх гэж бодож байна, гэхдээ хурдны заалт хараагүй болохоор яг ямар хурдтай явсан гэдгээ хэлж мэдэхгүй байна. Осол хажуугаас машин орж ирлээ гэж хүн орилоод сандарсандаа жолоогоо дарж осол гарсан байх гэж бодож байна. Осол гарах өөр ямар нэгэн шалтгаан байхгүй байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Төмөрхуяг гэж жолооч тухайн үед хэрэглэсэн байсан байх гэж бодож байна. Тухайн үед унаж явсан машиныг манайх 2017 оны 02 дугаар сард Улаанбаатар хотоос мөнгөөр нь худалдаж авсан, манай машин байгаа юм аа, талийгаач нөхөр Нямдоржийн нэр дээр худалдан авах гэрээ хийгдсэн байгаа, манайх өөрийн нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй байсан. Замын гадарга хуурай тэгш, үзэгдэх орчин чөлөөтэй, гадаа байгаль цаг уур цэлмэг байсан. Манай машин бүрэн бүтэн осол гарахад нөлөөлөх эвдрэл байгаагүй. Манай машинд ямар эвдрэл учирсан талаар мэдэхгүй байна. Зам тээврийн ослын улмаас Амгалан, Батбаяр, Нямдорж нар нас барсан, охин Анужингийн биед хүнд гэмтэл учирсан, Мөнхбатын биед хүндэвтэр гэмтэл учирсан,, 2 машинд эвдрэл учирсан, эвдрэлийн талаар сайн мэдэхгүй байна. Нөгөө жолоочид ямар гэмтэл учирсан талаар мэдэхгүй, босоод л зүгээр яваад байсан чинь Тариат сумын эмнэлэг дээр очоод гэнэт хэвтээд өгсөн байсан. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байсан. Миний биеийн байдал гайгүй, харин охины биеийн байдал хүнд байгаа, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Надад жолооны үнэмлэх байхгүй, жолоонд суугаагүй, машин бариад сурчихсан байсан. Хоол идээд гарч ирээд намайг унах уу гэхээр нь унаад явчихсан, өөр ямар нэгэн асуудал байхгүй. Миний хувьд ослын улмаас нөхөр Нямдорж нас барсан, манай том хүү 9 настай, харин бага охин Анужин 1 нас 5 сартай, ослын улмаас тархиндаа битүү хүнд гэмтэл авсан, биеийн байдал хүнд байнга эмчилгээ хийлгэж, эхийн асаргаанд байх шаардлагатай, 2 хүүхэдтэй өрх толгойлж үлдсэн. Амьдралын нөхцөл хүнд байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 24-26 хуу/ Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Жолооч Б.Баярмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн. 1.2 Жолооч Д.Төмөрхуяг нь Монгол Улсын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. 2. Осол гарахад замын гадарга, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх зүйл илрээгүй. 3. Жолооч Б.Баярмаа нь Монгол Улсын ЗХД-ийн 10.2-д “Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэсэн заалтыг зөрчиж явсан буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан гэж дүгнэв. 4. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүй. 5. Осол болох үеийн автомашинуудын хурдыг тогтоох боломжгүй байна. 6. Жолооч Б.Баярмаа /РХ85060101/ регистрийн дугаараар сангаас лавлагааг авахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байв. /лавлагааг хавсаргав/ 5.Жолооч Д.Төмөрхуяг /ПГ84061919/ регистрийн дугаараар сангаас лавлагааг авахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. /лавлагааг хавсаргав/...гэх дүгнэлт /хх-ийн 59 хуу/ Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 171017 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Шинжлүүлэгч С.Амгалангийн биед задлан шинжилгээгээр цээж хэвлийн хөндийн битүү гэмтэл, баруун бөөрний эдийн няцрал, өгсөн гэдэсний зөөлөн эдийн няцрал, өвчүүний хугарал, цус хуралт, баруун 2-р хавирганы хугарал, баруун нүдний зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаа, зүүн шанаа, духны зүүн дээд хэсэг, цээж, 2 өвдөг, баруун дунд чөмөг, шилбэ, 2 шагай, зүүн сарвууны ар хэсэг, нурууны ар доод хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Баруун 2-р хавирганы хугарал, баруун нүдний зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаа, зүүн шанаа, духны зүүн дээд хэсэг, цээж, 2 өвдөг, баруун дунд чөмөг, шилбэ, 2 шагай, зүүн сарвууны ар хэсэг, нурууны ар доод хэсгийн зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах гэмтлүүд байсан учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь амь насанд аюултай болон үхэлд хүргэсэн учир гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй. Шинжлүүлэгч С.Амгалан нь цээж хэвлийн хөндийн битүү гэмтэл, баруун бөөрний эдийн няцрал, өгсөн гэдэсний зөөлөн эдийн няцрал, өвчүүний хугарал, цус хуралт гэмтлийн улмаас дотуур цус алдаж цус алдалтын болон гэмтлийн шоконд орж нас баржээ. 5. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн эсэх нь тусдаа тусдаа тогтоогдсон болно. 7. Шинжлүүлэгч С.Амгаланд онош зөв тавьж зөв эмчилгээ хийгдсэн байна. Эмнэлгийн анхны тусламж бүрэн гүйцэд үзүүлсэн боловч амь нас аврагдах боломж муу байжээ...гэх дүгнэлт /хх-ийн 89-96 хуу/ Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 171015 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1.Шинжлүүлэгч Ц.Нямдоржийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины няцрал, гавал ясны бяцарч няцарсан хугарал болон суурь яс турк эмээлийг дайрсан хэмжих боломжгүй хугарал, зүүн чамархайн хуйх, баруун хөмсөгний шарх, дух, 2 сарвуу, баруун мөр, зүүн ташаа, 2 өвдөг, зүүн шилбэ, ууцны хөндлөн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Зүүн чамархайн хуйх, баруун хөмсөгний шарх, дух, 2 сарвуу, баруун мөр, зүүн ташаа, 2 өвдөг, зүүн шилбэ, ууцны хөндлөн зулгаралтууд гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлүүд байсан учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь амь насанд болон үхэлд хүргэсэн учир гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй. 4. Шинжлүүлэгч Ц.Нямдорж нь гавал тархины битүү гэмтэл, тархины няцрал, гавал ясны бяцарч, няцарсан хугарал болон суурь яс турк эмээлийг дайрсан хэмжих боломжгүй хугарал гэмтлийн улмаас нас баржээ. 5. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь тусдаа тогтоогдсон болно...гэх дүгнэлт /хх-ийн 102-108 хуу/ Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 171016 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Шинжлүүлэгч Д.Батбаярын биед гавал тархины битүү гэмтэл, тархины няцрал, баруун ухархайн цөмөрсөн хугарал, суурь яс турк эмээлийг дайрсан 9 см хугарал, гол судас, уушгинд нэвтэрсэн шарх, баруун хөмсөг, зүүн чихний дэлбээний шарх, зүүн хацар шанаа, дух, хамрын нуруу, баруун тохой, 2 сарвуу, хэвлийн баруун доод хэсэг, 2 өвдөг, цээжний баруун хойд хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь Зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Баруун хөмсөг, зүүн чихний дэлбээний шарх, зүүн хацар, шанаа, дух, хамрын нуруу, баруун тохой, 2 сарвуу, хэвлийн баруун доод хэсэг, 2 өвдөг, цээжний баруун хойд хэсгийн зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлүүд байсан учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь амь насанд аюултай үхэлд хүргэсэн учир гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй. 4. Шинжлүүлэгч Д.Батбаяр нь гавал тархины битүү гэмтэл, тархины няцрал, баруун ухархайн цөмөрсөн хугарал, суурь яс турк эмээлийг дайрсан 9 см хугарал, гол судас уушгинд нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас нас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. 5. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь тусдаа тогтоогдсон болно...гэх дүгнэлт /хх-ийн 112-119 хуу/ Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 251 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Н.Анужингийн биед, духны зүүн талын тархины эдэд хүнд зэргийн цусархаг няцралт, тархины бүрхүүл доорх цус харвалт, зүүн эгэмний хугарал, зүүн 2-р хавирга суганы арын шугамаар хугарсан, зүүн гарын атгаал ясны хугарал гэмтлүүд учирчээ. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь нэг нөхцөл байдалд үүссэн шинэ гэмтлүүд байна. 4. Духны зүүн талын тархины эдэд хүнд зэргийн цусархаг няцралт, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт, зүүн эгэмний ясны, зүүн гарын атгаал ясны хугарлууд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоо журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн 2-р хавирганы хугарал нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох аргачлал”-ын 3.1.10-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь нэг нөхцөл байдалд үүссэн учир “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох аргачлал”-ын 2.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Ерөнхий хөдөлмөрийн чадварын 35%-иас дээш тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт үр дүнгээс хамааран сэргэх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 196-197 хуу/ Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 340 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Довдонгийн Мөнхбатын биед гэмтэл тогтоогдлоо. 2. Довдонгийн Мөнхбатын биед гурван нугалмын их биеийн шахагдсан хугарал, нурууны дөрвөн нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн шилбэний дад хугарал бүхий гэмтлүүд учирсан ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. 4. Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 246 хуу/ Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-10 хуу/ Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16, 19-20, 24-25 хуу/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18, 21-23 хуу/ Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол /хх-ийн 40 хуу/ Хохирогч Төгсбаярын хүсэлт /хх-41х/ Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 60-61 хуу/ Н.Анужингийн Эмчилгээтэй холбоотой баримтууд, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, эмийн хуудас, өвчний түүх, шинжилгээ өгсөн хуудас, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх-ийн 122-126, 155-159, 188 хуу/ Хохирогчийн хүсэлт /хх-ийн 45 хуу/ Хохирлын үнэлгээний тайлан Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2хх-ийн 39 хуу/ Шинээр гаргаж өгсөн: Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тодорхойлолт 1 хуудас Хөвсгөл аймгийн Галт сумын “Хөх товгор” ХХК-ийн тодорхойлолт 1 хуудас Их харгана-Ундраа ХХК-ийн тодорхойлолт 1 хуудас Шатахууны баримт 3 ширхэг Зарлагын баримт 1 хуудас Төлбөр төлөх тухай Б.Баярмаагийн баталгаа 1 хуудас Тэжээгчээ алдсаны тэтгэмж төлөх тухай баталгаа 1 хуудас Ганцутгамал ХХК-ийн тодорхойлолт 2 хуудас Гэр бүлийн баталгааны хуулбар 1 хуудас 3 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 3 хуудас Батбаяр, Амгалан нарыг нас барсан баталгааны хуулбар 1 хуудас Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хуулбар зэрэг нийт 16 хуудас Шинээр гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тодорхойлолт 2 хуудас 2017 оны 08 сарын 28-ны өдрийн Үрчилсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас,2008 оны 12 сарын 20-ны өдөр төрсөн Н.Чинбатын төрсний гэрчилгээний хуулбар 1 хуудас Д.Төмөрхуягийн хүсэлт Б.Сандагжав, Д.Жаргалсайхан нарыг хүсэлт 1 хуудас Д.Төмөрхуяг болон Б.Баярмаа нарын хооронд байгуулсан хэлцэл 1 хуудас Д.Мөнхбатын хүсэлт 1 хуудас Хөвсгөл аймгийн Галт сумын ерөнхий боловсролын сургуулийн Газар зүйн багш Б.Баярмаагийн ажил байдлын тодорхойлолт 3 хуудас Хөвсгөл аймгийн Галт сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт 1 хуудас 2016 оны 02 сарын 22-ны өдөр төрсөн Н.Анужингийн төрсний гэрчилгээний хуулбар 1 хуудас Эмнэлгийн магадалгаа 1 хуудас, амбулаториор эмчлүүлэгчдийн карт 6 хуудас Орлогын мэдүүлэг 1 хуудас нийт 20 хуудас зэрэг болно. Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Улаантолгой гэх газарт зам тээврийн осол гарч 3 хүний амь нас хохирч, 1 хүний биед хүнд, 1 хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. Тухайн хэрэгт шүүгдэгч Б.Баярмаа нь гэм буруутай, түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч Ц.Нямдорж, С.Амгалан, Д.Батбаяр нар нас барсан, Н.Анужингийн биед хүнд, Д.Мөнхбатын биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь: шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны орой Амгалан, Батбаяр нарыг осолд орж бие нь муу байна гэж утсаар мэдэгдсэний дагуу Архангай аймгийн Тариат сум руу явахдаа тэд нарыг нас барсан болохыг мэдсэн талаар мэдүүлсэн хохирогч Б.Сандагжавын мэдүүлэг /хх-ийн 07-09/, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн орчим Улаанбаатар явах замдаа Тариат сумын нутагт осол гарч ах Нямдоржийгоо нас барсан талаар мэдсэн, осол гарах үед Баярмаа, 1 ой гарантай хүүхэд нь, Мөнхбат нар хамт явсан, ослын улмаас 3 хүн нас барсан байсан талаар мэдүүлсэн хохирогч Ц.Төгсбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41-43/, Тариат сумын төвд хоолонд орчихоод Баярмаа нөхөртэйгээ жолоогоо сольж машиныг барьж яваад, Тариат сумын гүүр гараад суудлын жижиг цагаан өнгийн авто машиныг гүйцэж түрүүлэх үед машин нь унаж хөрвөөсөн, машинаас гарахад 2 хүн ухаангүй байсан, Амгалан нь эмнэлэгт очоод нас барсан талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Д.Мөнхбатын мэдүүлэг /хх-ийн 242-243/, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны орой 19 цагийн орчим Нямдорж, Баярмаа нарыг Тариат суманд осолд орсон гэж сонсоод Жаргалант сумаас Тариат суманд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө очиход Тариат сумаас зүүн тийш 20 орчим км газарт засмал зам дээр 2 машин замын урд унасан, 2 цогцос харагдсан талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ж.Батхүүгийн мэдүүлэг /хх-ийн 46-47/, гэрч, иргэний нэхэмжлэгч Д.Төмөрхуягийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цахир сумаас аймгийн төв орж гэртээ харихаар ганцаараа өөрийн худалдаж авсан Кролла маркийн 44-51 АРХ улсын дугаартай авто машинаар явж байсан чинь Архангай аймгийн Тариат сумаас ертөнцийн зүгээр зүүн урагшаа чиглээд явж байтал /ямар нэртэй гэдгийг нь мэдэхгүй/ миний хажуугаар нэг цагаан өнгийн суудлын автомашин гүйцэж түрүүлээд зэрэгцээд хажуугаар орж ирээд хэтэрч явалгүй баруун гар тийш дарсан. Тэгэхээр нь тормос гишгээд жолоогоо баруун гар тал руугаа дарсан чинь машин замаас гараад онхолдоод хөрвөөсөн, ямар ч байсан 2 хөрвөөсөн байх гэж бодож байна. Миний хажуугаас дарахад бид хоёрын машин хоорондоо шүргэлцсэн эсэхийг мэдэхгүй ч түс гээд дуугарсан болохоор шүргэсэн гэж бодож байгаа. Тэгээд ухаан алдаад сэргэсэн чинь машин дотор нил утаа болчихсон суудлын бүсэндээ дүүжлэгдсэн байхаар нь суудлынхаа бүсийг тайлаад доош унасан. Тэгээд гарч чадахгүй байхаар нь урд талын салхины шилийг жийж гарсан. Тэгээд машин зам руу явж байгаад хэсэг ухаан алдсан байсан, миний ухаан санаа орж гараад байх шиг байсан. Тэр үед нэг эмэгтэй хүн авраарай, гарч чадахгүй байна, рульд хөл гацчихлаа, туслаарай гээд орилоод байхаар нь нөгөө машин руу очих гэж явтал урдаас эмэгтэй хүн гарч ирээд хүүхэд хаана байна гээд хүүхдээ зам дээрээс аваад тэвэрч аваад орилоод байсан. Тэгээд явж байсан замын унаа зогсоож Тариат сумын эмнэлэг рүү хүү, эмэгтэйг хүүхдийнх нь хамт суулгаад явуулсан. Ослын газар миний машин замын урд талд хажуулдаад унасан, харин нөгөө хүний машин зам дээрээ бас хажуулдаад унасан байсан, зам дээр эмх цэгцгүй хамаг юм тарсан, 2 хүн нас барсан, нэг эмэгтэй хүн туслаарай гээд орилоод байсан. Тэгээд эмнэлэгт хүргэгдээд тэр эмэгтэй нас барсан. Тариат сумаас хоол идээд хөдлөхдөө эхнэр нь жолоогоо барьж явсан гэж осолд орсон ах ярьж байсан. Баярмаа жолоогоо барьж явсан юм байна лээ, би яг хараагүй, гэхдээ орилохдоо рульд хөл гацчихлаа гэж байсан болохоор Баярмаа машинаа барьж явсан гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өглөө Галт сумаас Улаанбаатар хот явахаар гарч Архангай аймгийн Тариат сумын төвөөс орой 17 цагийн орчим өөрөө автомашинаа жолоодож явсан, урд явсан Кролла маркийн автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед хойд суудлаас, хажуугаас машин ороод ирлээ гэж орилохоор нь сандраад хаашаа дарснаа ч мэдэхгүй дарсан, түүнээс хойш хэсэг ухаан алдаад нэг мэдэхэд жолооны хүрдэнд гацчихсан байсан, машинаас гарахад нялх хүүхэд Анужин зам дээр, нөхөр Нямдорж машинаас нилээн хол, Батбаяр машины ойролцоо тус тус хөдөлгөөнгүй болсон байсан. Зам тээврийн ослын улмаас Амгалан, Батбаяр, Нямдорж нар нас барж, зорчигч Мөнхбат, Анужин нарын биед гэмтэл учирсан нь үнэн болох талаар өөрийн гэм буруугаа хүлээж шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч Б.Баярмаагийн мэдүүлэг, жолооч Б.Баярмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 10.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан болохыг нотолсон Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 29 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59/, хохирогч С.Амгалангийн үхлийн шалтгааныг тогтоосон Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 171017 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 196-197/, хохирогч Ц.Нямдоржийн үхлийн шалтгааныг тогтоосон Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 171015 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102-108/, хохирогч Д.Батбаярын үхлийн шалтгааныг тогтоосон Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 171016 тоот дүгнэлт /хх-ийн 112-119/, ослын улмаас Н.Анужингийн биед духны зүүн талын тархины эдэд хүнд зэргийн цусархаг няцрал, тархины бүрхүүл доорх цус харвалт, зүүн гарын атгасан ясны хугарал зэрэг гэмтэл ослын улмаас учирсан болохыг нотолсон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 251 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 196-197/, хохирогч Д.Мөнхбатын биед 3 нугалмын их биеийн шахагдсан хугарал, нурууны дөрвөн нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн шилбэний хугарал гэмтэл учирсан болохыг нотолсон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 340 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 246/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-10/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16, 19-20, 24-25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Баярмааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс 3 хүний амь нас хохирч, бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Баярмаагийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байх тул Архангай аймгийн Прокурорын газраас Б.Баярмаад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Баярмаа нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэй эмэгтэй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.8, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. Хохирогч Б.Сандагжав, Д.Жаргалсайхан нарын шүүхэд ирүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын “Хөх товгор” ХХКомпаний 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоот тодрхойлолт, “Их харгана Ундраа” ХХКомпаний 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06 тоот тодорхойлолт, Улаанбаатар хотын “Ган цутгамал” ХХКомпаний 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 08/01, 08/02 тоот тодорхойлолтууд, Батбаярын Мөнхнасан, Батбаярын Батбуян, Батбаярын Насанбуян нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, 16 тоот гэрлэлтийн баталгаа зэргийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1.4 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сандагжав, Д.Жаргалсайхан шүүгдэгч Б.Баярмаа нарын тохиролцсон хэмжээгээр буюу сар бүр 250.000 төгрөгөөр тооцож, 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Батбаярын Мөнхнасанг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл шүүгдэгч Б.Баярмаагаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байх ба 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хөвсгөл аймгийн Галт сумын шатахуун түгээс станцын 158.000 төгрөгийн шатахууны падаан 2 ширхэг, 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Их харгана Ундраа” ХХКомпаний 2.440.000 төгрөгийн зарлагын баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Баярмаа нь 2.700.000 төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлсөн байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч Б.Баярмаа нь 1 нас 8 сар 8 хоногтой охин Нямдоржийн Анужин, 8 нас 8 сар, 10 хоногтой хүү Нямдоржийн Чинбат нарын хамт амьдардаг, ганц бие эх болох нь Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, 151/004230 тоот үрчилсний бүртгэлийн лавлагаа, Н.Анужингийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Б.Баярмаад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5, 1.7, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Баярмаад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй. 2. Шүүгдэгч Шарнууд овогт Батдэлгэрийн Баярмааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс 3 хүний амь нас хохирч, бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярмааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил, 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 4. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярмаагийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.4.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн Батбаярын Мөнхнасанг 16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл Б.Баярмаагаар сар бүр 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй. 6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэх хугацааг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, түүнд энэ хугацаанд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 7. Шүүгдэгч Б.Баярмаа нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй ба Б.Баярмаа нь хохирогч Б.Сандагжав, Д.Жаргалсайхан нарт 8.800.000 /найман сая найман зуун мянга/ төгрөгийн хохирлыг төлөхөөр баталгаа гаргасан, хохирогч нар нь бусад учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 8. Шүүгдэгч Б.Баярмаад оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баярмаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ