Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/368

 

 

 

 

    2022            4               7                                         2022/ДШМ/368

 

Г.Х, Т.А, Б.Бнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат,

шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн,

шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, Д.Батдорж, Д.Цэнгэлмаа,

шүүгдэгч Б.Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б.Б, шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн, шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, Д.Батдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Х, Т.А, Б.Бнарт холбогдох 2006000002592 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Х, Т.А, Б.Бнар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын 2 дугаар гудамжны 36б тоотод /нийтийн байрны 16 тоотод/ иргэн Д.Мыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж нүүр, хэвлий хэсэг рүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож санаатай алсан гэмт хэрэгт,

Г.Х нь 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын 2 дугаар гудамжны 36б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн эх Д.Гд байнга агсам согтуу тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу ахмад настай хүний эсрэг үйлдсэн  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар,

Т.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар,

Б.Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Хийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Б, Г.Х, Т.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Х, Б.Бнарыг тус бүр 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Аг 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, Б.Бнарт оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Ад оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Бтус бүрийн цагдан хоригдсон 471 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, хохирогч Д.У нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Бнараас хувь тэнцүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Фүз тий ундааны сав 1 ширхэг, Гоё ундааны сав 1 ширхэг, Айс тий ундааны сав 1 ширхэг, Монгол Стандарт архины шил 1 ширхэг, Өргөө гэх нэртэй архины хуванцар сав 1 ширхэг, цэнхэр өнгийн саравчтай малгай 1 ширхэг, улаан өнгийн судалтай ногоон футболк 1 ширхэг, ягаан өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, шоотой өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн малгайтай гурвалжин товчтой цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Бнарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс надад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэн хүн амины хэрэгт намайг холбогдуулан ялласанд гомдолтой байна.

Би 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр өөрийн ээж Д.Ггийнд очсон ч би талийгаач Д.Мыг цохиж зодоогүй. Гэрч болох миний ээж Д.Ггийн мэдүүлгүүд илт зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн байхад хүн амины хэрэг тулгаж ял оноосонд, мөн гэрчээр оролцсон Ж.М нь өөрийгөө уг гэмт хэрэгт хамааралгүй мэт худал мэдүүлэг өгч, намайг талийгаачийг зодсон гэж илт худал мэдүүлэг өгч хэргийг Т.А, Б.Ббид гурав руу гүтгэн хүн амины хэрэгт холбогдуулсанд, 14 жилийн хугацаагаар хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Ж.Мын гарын хээ талийгаачийн нүүрэн хэсгээс илэрсэн, мөн Ж.М нь талийгаачийн дээрээс хөлөөрөө цээжин хэсэгт нь дэвсэж байхыг гурвын гурван хүн харснаа мөрдөн байцаах явцад хэлсээр байтал үүнийг авч хэлэлцээгүй, жинхэнэ гэмт хэрэгтнийг гэрч болгож, намайг гэмт хэрэгтэн болгосонд гомдолтой байна. Ж.Мын гутлын улны хээг аваагүй. Ж.М нь цагдан хоригдох үедээ тэр үед өмсөж байсан /цөлийн шар гэдэг/ гутлаа яаралтай гаргамаар байна гэсээр байгаад пүүзээр сольж, өмссөн гутлаа устгасан зэрэг нь өөрийнхөө ул мөрийг арилгах гэсэн сэжигтэй үйлдэл гэж үзэж байна.

            Хавтас хэргээс Ж.Мтой холбоотой согтолтын зэрэг тогтоосон тухай, гарын хээ, хурууны хээ, алганы хээ нь шүүх шинжилгээгээр гарсаар байтал энэ тухай огт яригддаггүй, хурал хэлэлцдэггүй. Зөвхөн Т.А, Б.Ббид гурвыг л хилсээр гэмт хэрэгтэн болгож байгаад гомдолтой байна.

            Жинхэнэ хүний амь бүрэлгэсэн Ж.Мыг энэ хэрэгт татах үнэн зөв нотлох баримтууд байсаар байтал хэрэгт холбогдуулахгүй байна.

            Миний хурууны хээ, гутлын мөрний хээ талийгаачийн бие дээр гараагүй байхад намайг талийгаачийг зодож цохисон гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Иймд жинхэнэ гэмт хэрэгтэн Ж.Мыг хэрэгт татаж шалгаж, дахин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж хэргийн бодит үнэнийг тогтоож өгнө үү гэж хүсэж байна.

            Яагаад Ж.М өөрийн хийсэн хэргээ хүлээхгүй Т.А, Б.Ббид гуравт тохож, гүтгэж байгаа юм бэ.

            Хэргийн үнэн зөвийг тогтоохын тулд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Хийн өмгөөлөгч Б.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

            1. Өмнөх давж заалдах 2 хуралд болон гаргасан хүсэлтээ дахин бичсэнгүй. Анхаарч цаашид судална уу.

            2. Ж.М нь цахимаар хуралд оролцохдоо 2 удаа “...Би Д.Г эгчтэй хамт гарсан. ...” гэж тогтвортой мэдүүлдэг.

            3. Ж.М нь Д.Гтай хамт гарсан бол Г.Х нарын үйлдлийг гэрчилж чадахгүй юм. Иймд гэрчийн бүх мэдүүлэг худлаа болно.

            4. Талийгаач орон дээр байсныг Д.Г мэднэ. Орноос хэн буулгасныг Д.Г мэдэхгүй. Үүнтэй адил Ж.М мэдэхгүй болно.

            5. Орон дээр байсан, орноос буулгасан 2 өөр байршлыг шүүх нэг үйлдэл гэж зүйлчлээд шийдвэр гаргаж байна.

            6. Дөрвүүлээ хамт гарсан болохоо Ж.М нуугаад байна. Нөгөө гурав нь “Ж.М орноос татан буулгаад цохиж, дэвссэн” гэж тогтвортой мэдүүлээд байхад шүүх илт нэг талыг барин шийдвэрлэж байгаа юм.

            7. Ж.Мыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү.

            8. Г.Хийн охины материал хавтаст хэргээс алга болсноор түүнийг хэний асрамжинд өгөх асуудлыг шийдвэрлээгүйд гомдолтой байна.

            Иймээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, Д.Батдорж нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Л.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч, шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Гомдлын үндэслэл нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл. Хэргийн бодит байдлыг тогтоох:

            1. “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Энэхүү хэргийг мөрдсөн мөрдөгч, хянасан прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

            2. “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн заалтыг зөрчлөө.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйл. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх:

            1. Монгол улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр хуулийн этгээд, иргэн бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх мөн хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлсэнгүй.

1. Т.Агийн гэм буруутай үйлдлээс хохирогчийн амь нас хохирсон эсэх:

Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр байцаагдсан гэрч Д.Г нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “намайг гарахад талийгаач Д.М орон дээрээ хэвтэж байсан. Харин цагдаатай хамт гэртээ ороход Д.М ухаангүй байдалтай газар дээшээ хараад хэвтэж байсан” гэж тогтвортой мэдүүлсэн. Тэгэхээр энэхүү гэрчийн мэдүүлэг орон дээрээс унахаас өмнөх үйл баримтыг л гэрчилдэг. “Д.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирэхээр нь би түүнийг орон дээрээ хэвтүүлээд дээгүүр нь хөнжил нөмрүүлсэн. Ил харагдах шарх, сорви байгаагүй” гэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг, хэргийн газар авсан фото зураг зэргээс үзэхэд хохирогч Д.М гаднаас согтуу орж ирээд хувцастайгаа орондоо орсон нь тогтоогдсон. Ил харагдах ямар нэгэн шарх байгаагүй гэж тухайн хэрэг учрал болоход байсан бүх хүмүүс гэрчилсэн нь ил харагдах нүүр гарыг ямар нэг шарх сорвигүй байсныг гэрчилсэн билээ.

Үүнийг хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн хохирогчийн газар хэвтэж буй фото зураг, мөн шүүх эмнэлгийн цогцосны байдлыг харуулсан фото зургаар хохирогч Д.Мын биеийн цээжинд, хэвлий, хөл, гар ил харагдах ямар ч гэмтэл байхгүй, харин нүүрний хэсэгт гэмтэл авсан нь мөн шүүх эмнэлгийн гадна үзлэгээр зөвхөн нүүрний хэсэгт учирсан гэмтэл дурдагдсан бөгөөд шинжээч Ч.Эрдэмболор шүүх хуралдаанд мэдүүлэхдээ эдгээр гэмтэл гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ба эдгээр гэмтэл үхэлд хүргээгүй, хэвлийн хөндийн битүү гэмтэл нь зүүн талаас цохиход үүссэн гэмтэл болно. Ийм гэмтэл авсан хүн тодорхой орон зай, цаг хугацаанд явж чадна гэж мэдүүлсэн. Гэтэл хохирогч  Д.М нь зүүн талаараа ханан талд хэвтэж байсан тул шүүгдэгч нар ханан талаас цохих боломжгүй тул шүүгдэгч нарын цохилтоос үхэлд хүрэх гэмтэл авсан гэх үндэслэлгүй болно.

Ж.М хамтран гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар:

Ж.Мын мэдүүлэг тогтворгүй бөгөөд анхнаасаа Г.Х, Б.Б, Т.А нар Д.Мыг Ж.М зодсон талаар мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт ч энэ талаар мэдүүлсэн. Гэтэл хэргийн газар хамт согтуу байгаад бүгд зодсон гэж мэдүүлсээр атал 4 оролцогчийн 1 нь гэрч болоод гурвыгаа ялласан. Ж.Мын мэдүүлэг туйлын үнэн, харин бусад 3 туйлын худал мэдүүлэг, зөвхөн Д.Г өөрийн гарч явахаас өмнөх үйлдэлд Ж.М хохирогчид гар хүрээгүй гэсэн мэдүүлгээр Ж.Мын талаар мэдүүлсэн мэдүүлэг үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь шүүхийн тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Харин Т.А, Б.Б, Г.Х нарын мэдүүлгээр Ж.М орноос татаж унагаад, өшиглөсөн гэж мэдүүлсэн ба хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл нь биеийн хэвлийн ар хэсэгт байрлах хэвлийн хөндийн битүү гэмтлээс нас барсан байдаг.

Ж.М гэгч нь хэн бэ гэдэг хувийн байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар өмнө нь ял шийтгэл эдэлж байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан нь тогтоогдсон. Хэрэг шалгаж байх үед хулгайн гэмт хэрэг үйлдээд хорих 461 дүгээр ангид хоригдож байсан. Үүнийг хэрэг шалгаж байсан мөрдөгч мэдэж байсан, хориход Т.А, Г.Х, Б.Бнарыг байцаах гээд уулзахад Ж.Мтой тааралдсан байдаг. Ж.М нь уг хулгайн хэрэгтээ шүүхээс ял авч одоо хорих 409 дүгээр ангид хоригдож байгаа болно.

Д.М биеэ хамгаалах чадваргүй байсныг мэдсээр байж гэж зүйлчилсэн зүйлчлэлийн тухайд:

      Хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.М нь хөнгөн зэргийн согтолттой гэж тогтоогдсон байх ба Д.М гэртээ өөрөө ирээд орондоо орсон нь биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх үндэсгүй болно. Харин гаднаас гэмтэл авч ирээд гэмтлийн улмаас босож чадахгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч Д.Мын үхэлд хүргэсэн гэмтэл нь орноос татаж унахдаа авсан гэмтэл үү, гаднаас дээрх гэмтлийг авсан байсан уу гэдэг нь эргэлзээтэй,, гэрт аваад гэмтсэн гэж үзвэл үхлийн цаг таарахгүй байгаа болно. Д.Мын тэр өдөр өглөө 7 цагт гараад орой 19 цаг хүртэл хаана, хэн хэнтэй архи уусан маршрутыг шалгах шаардлагатай байсныг шалгаагүй.

Шинжээч Ч.Эрдэмболор шүүх хуралдаанд Д.Мын үхэлд хүргэсэн гэмтэлтэй тодорхой орон зай цаг хугацаанд явах боломжтой гэж мэдүүлсэн нь мөн хавтас хэрэгт авагдсан гэмтлийн зураг зэргээс бидэнд Д.М гаднаас гэмтэл авч ирсэн байх боломжтой гэсэн эргэлзээг нотолсон.

Шүүх хуралдаанд гэрч Д.Г Ж.Мын тухайд цагдаа дуудахаар гарахаас өмнөх үйл баримтыг гэрчилсэн, харин гараад явсны дараа юу болсныг мэдэхгүй, газар унасан байсан гэж мэдүүлсэн нь Ж.Мын хийсэн үйлдлийг гэрчлэх боломжгүй юм.

Хавтас хэргээс нотлох баримт алга болсон тухайд:

Хавтас хэрэгт авагдсан үйл явдал болоход хамт байсан бусад 4 хүн өөрөөр хэлбэл Ж.М, Г.Х, Б.Б, Т.А нар тухайн хэрэг болоход хамт архи уугаад бүгд согтуу байсан гэсэн нь гэрч Э.Уын мэдүүлэг болон тухайн өдөр согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл, мөн ял шийтгэлтэй эсэх зөрчлийн талаар мэдээлэл зэргийг шалгасан нь хавтас хэрэгт авагдсан. Гэтэл бүгд согтуу хэргийн газраас баригдаж бүгдээс нь согтолтын зэрэг тогтоосон атал Ж.Мын согтолтын зэрэг тогтоосон нотлох баримт хэргээс алга болсон ба Ж.Мын шийтгэлтэй эсэх, зөрчил гаргаж байсан эсэх нотлох баримтууд хэрэгт байгаа болно.

Т.А нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан тухайд:

Т.А нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан нь түүний анхны мэдүүлэгтээ болсон явдлыг санахгүй байна, юу ч мэдэхгүй талаар мэдүүлж байснаар нотлогдоно. 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд ч мөн энэ талаараа мэдүүлсэн.

Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.

Т.Агийн анхны мэдүүлэгт Г.Х, түүний нөхөр, талийгаач, Ж.М нар байсан. Тэр хооронд юу болсныг санахгүй байсан гэж мэдүүлсэн нь үнэн юм. Энэ нь дараахь байдлаар нотлогдож байна.  

1. Ж.М: Талийгаач Г.Х, Т.А хоёрыг “Улиастайн янхан” гэж хэлээд маргаж эхэлсэн,

2. Б.Б.Б: “Д.М согтуу орж ирээд орон дээрээ хэвтсэн байдалтай эхнэр Г.Хийг хөөж туугаад Т.А тэр хоёрыг янхан, гичий гээд байсан”,

3. Г.Х: “Зарим зүйлийг санахгүй байна”,

4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/995 дугаартай шийтгэх тогтоолын 17 дугаар нүүрт “...шүүгдэгч Т.А нь шүүгдэгч Г.Хийн амь хохирогчид дургүйцлаа илэрхийлж хашхираад хөөрч дэмжсэн. ...” гэх дүгнэлт,

Т.А нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан болох нь дээрх 3 хүний гэрчлэл, шүүхийн дүгнэлт, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын Дээд шүүхийн тайлбараар тус тус давхар нотлогдож байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх бүрэн үндэслэлтэй байх ба эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг үндэслэн шийтгэх тогтоолын Т.Ад холбогдох хэсэгт зүйлчлэлийг өөрчлөн ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Т.Ад холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.    

            Шүүгдэгч Б.Бдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгүүлсэн.

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар тухайн өдөр болсон үйл явдлыг үнэнээр нь мэдүүлсэн. Үүний талаар анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч гэм буруутайд тооцсон. Иймд зөвхөн үнэнийг олж өгөөч хэмээн ийнхүү гомдол гаргаж байна.

Уг хэргийн талаар эргэлзээтэй, баримт нотолгоогүй, тогтворгүй ганц хүний мэдүүлэг нэг газар хамт архи уусан хүмүүс дунд нэг байсан нь гэрчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахгүй, цохиж зодсон гэрч гэх Ж.Мын зөрүүтэй мэдүүлэг, худал гүтгэлэг нь өөрийгөө хэргээс мултруулж өнгөрөөх гарц болсон нь ил тод байхад яагаад оролцоогүй гээд байгааг ойлгохгүй байна.

Мөн гэрч Д.Г нь хамт архи уусан боловч согтолтын зэргийг нь тогтоогоогүй байдаг. Гэрч гэж оролцоогүй, хөндлөнгийн хүнийг хэлдэг гэж би ойлгодог.

Хавтас хэргээс Ж.Мтой холбоотой согтолтын зэрэг тогтоосон тухай, Ж.Мын гарын хээ, хурууны хээ, алганы хээ нь шинжээчийн дүгнэлтээр гарсаар байтал энэ тухай огт ярьдаггүй. Бүхнийг санаж дүгнэх чадвартай байхад зөвхөн нэг өнцгөөс харсанд гомдолтой байна. Хуулийн дагуу оролцоо, гэм буруу шийтгэлийг тохируулан оногдуулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч Д.Батдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Л.Мөнхтөр, Б.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг дэмжин оролцож байна. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Т.Агийн хэргийн зүйлчлэл буруу, сэтгэл санаа хэвийн бус үедээ үйлдсэн байж болохоор гэж үзэж байна. Мөн энэ хэрэгт хохирогчийн зүй бус үйлдэл байгааг шалгаж тогтоогоогүй. Хохирогч Д.М гэх хүн Г.Х, Т.А нарыг “Улиастайн янхан” гэж доромжилсноор энэ хэрэг үүссэн талаар гэрч Ж.М, шүүгдэгч Б.Б.Б, Г.Х нар бүгд мэдүүлдэг. Мөн анхан шатны шүүх “Т.А Г.Хийг хэрүүл үүсгэхэд хөөрч дэмжсэн биш, сэтгэл санаа нь хэвийн бус байжээ” гэж дүгнэснээс энэ хэрэгт хохирогчийн зүй бус үйлдэл байсан нь хангалттай тогтоогдож байна. Тийм учраас Т.Ад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх ёстой гэж өмнөх шүүх хуралдаануудад оролцсон. Шүүх мэтгэлцэх зарчмыг хангаагүй зөрчсөн. Улсын яллагч, өмгөөлөгч нар мэтгэлцэж өмгөөлөгч асуулт асуухад улсын яллагчаас зүйлчлэл өөрчлөх боломжгүй гэснээс биш яагаад боломжгүй, ямар үндэслэл байгаа талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй. Мөн анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааныг явуулсан. Учир нь, Хатанцэцэг, Алтанцэцэг гэх хоёр шүүгчээс татгалзсан татгалзлыг шийдвэрлэсэн тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоос үзэхэд зөвлөгөөнд уг хоёр шүүгч саналаа өгч оролцсон байсан. Амь хохирогч өглөө 07 цагт гэрээсээ гарч яваад орой ирсэн байхад түүний зам мөрийг шалгаагүй буюу энэ хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй. Тиймээс амь хохирогчийн ул мөрийг шалгахгүйгээр энэ хэргийг шийдвэрлэх ямар ч боломжгүй. Мөн Ж.Мын согтолтын зэргийг тогтоосон баримт хэрэгт авагдсан байсан нь алга болсон. Д.Г гарч явснаас хойш гэрт юу болсон талаар мэдэхгүй. Эдгээрээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй байж шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэх үндэслэлгүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч Д.Цэнгэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хуульд заасан гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял шийтгэл оногдуулахад нөлөөлөхүйц нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Энэ хэргийн хувьд онцлогтой, ахуйн хүрээнд гарсан гэмт хэрэг бөгөөд миний үйлчлүүлэгч Т.Аг буруутгасан дүгнэлт эргэлзээтэй байдаг. Шийтгэх тогтоолын үндэслэл болгосон гэрч Д.Г, Ж.М нарын мэдүүлгээр Т.Аг амь хохирогч Д.Мын гэдсэн тус газар 1-2 удаа цохисон гэж мэдүүлдэг. Эрүүгийн эрх зүйн зарчмын хүрээнд шүүгдэгчийн үйлдэл оролцоо, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулах ёстой. Гэтэл 26 настай, эмэгтэй, өөрийгөө доромжлуулсны улмаас сэтгэл санаа нь цочрон давчдаж тухайн хүнийг цохин анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. 2 удаа цохисон болохыг хоёр гэрч л мэдүүлдэг болохоос яг түүний үйлдлээс болж нас барсан гэх нотлох баримт байхгүй, 4 хүний хэн нь үхэлд хүргэх хохирол учруулсан болохыг тогтоогоогүй байж шүүх хэр хэмжээнээс давсан ял шийтгэл оногдуулсан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 6 настай хүүхэдтэй, эхийн хамт амьдардаг. Ар гэрийн хувьд маш хүнд байгаа нөхцөлд шүүгдэгчийн гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоо, хувийн байдалд нь тохирсон ял шийтгэл оногдуулах ёстой. Гэтэл ийм хууль бус, үндэслэлгүй дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулсан нь буруу байна. Мөн шүүх шийтгэх тогтоол гаргахдаа анхаарах асуудлуудыг баримталж шийдвэрлэсэн байх ёстой байтал “тухайн амь хохирогчид учирсан гэмтлийг Б.Б.Б, Г.Х, Т.А нарын хэний үйлдлийн улмаас учирсныг ялган тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн. Шүүх нотлох баримтын хэмжээнд тухайн шүүгдэгчийн үйлдэл оролцоог үнэлж, ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах ёстой байсан ч ийм дүгнэлт хийгээгүй. Мөн шүүхийн дүгнэлтэд мөрдөн байцаалтын ажиллагааны талаар дурдаагүй, амь хохирогч орой 7 цагт орж ирснийг гэрч Д.Г хөнжилд нь оруулж хэвтүүлсэн. Гэтэл түүний маршрутыг тогтоох ажиллагаа хийгээгүй байхад шүүх “талийгаачийн гэртээ ирэхээс өмнөх зам мөрийг шалгах шаардлагагүй гэж үзлээ” гэсэн нь үндэслэлгүй. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх ёстой болохоос мөрдөн байцаалтаар хэрэгт тогтоогдвол зохих зүйлийн талаар дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Т.Ад ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон хүнд олон жилийн хорих ял оногдуулсан нь хууль дээдлэх зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимтай огт нийцэхгүй. Үүнээс гадна энэ хэргийн цаг хугацаа, орон зайг нарийн тогтоож чадаагүй. Хэрэгт холбоотой Ж.М, Т.А, Г.Х, Б.Бнарын 4 хүний оролцоог ялгамжтай тогтоож чадаагүй. Хэний үйлдлээс амь хохирогчид ямар гэмтэл үүссэнийг мөрдөгч, прокурор ялгаж чадаагүй тул өнөөдрийн байдлаар энэ хэрэг нь шүүхээр 2, 3 удаа хэлэлцэгдэх нөхцөл байдлыг үүсгэж байна. Шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог дүгнэж, тэдгээрт тохирсон ял шийтгэлийг оногдуулах ёстой. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээ өөрчилсөн тохиолдолд шүүх энэ талаар нарийвчлан тодруулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулж дүгнээд тогтоолдоо тусгах ёстой. Мөн гэмт хэргийг хэд хэдэн шүүгдэгч үйлдсэн тохиолдолд тухайн шүүгдэгч тус бүрээр Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсгээр шүүгдэх болсон талаар тодорхой заах үүрэгтэй. Гэтэл хавтгайруулж бүгдийг нь ялласанд гомдолтой байна. Шүүгдэгч тус бүрийн үйлдлээр амь хохирогчид гэмтэл учирсан гэж үзвэл үнэлгээний шалгуур гэж байх ёстой. Хохирогчид учирсан шинж тэмдгээр нь хэний үйлдлээс болсныг тогтоож дүгнэх ёстой байтал дурдаагүй. Т.Агийн хувьд хийсэн үйлдлийн хэр хэмжээ нотлох баримттай гэж үзэхэд үндэслэл муутай байна. Тухайн үед хамт байсан Ж.Мыг гэрчээр оролцуулсан хэрнээ ямар үндэслэлээр бусдыг нь шүүгдэгч болгож байгаагаа тайлбарлаагүй. Ж.М амь хохирогчийг өшиглөсөн талаар мэдүүлдэг учир түүний үйлдлийг шалгаж байж 4 хүний оролцоог тогтооно. Иймд Ж.Мын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхэд урьдаас үнэн зөв гэж тодорхойлсон баримтууд байхгүй.  Шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар оролцогчдоос үндэслэл бүхий тайлбар гаргасан байхад шүүх анхаарч үзээгүй. Нэгэнт гэм буруугийн асуудлыг тогтоож чадаагүй 2-3 жил болж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Т.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч Ж.М энэ хэрэгт зайлшгүй оролцоотой тул түүнийг яллагдагчаар татуулах, мөн гэрч Д.Ггийн сэтгэцийг шалгуулах хүсэлтэй байна. Иймд шүүх бүрэлдэхүүн хэргийн үнэн зөвийг тогтоохын тулд мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б.Бын өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Өмгөөлөгч нартай санал нэг байна. Өмгөөлөгч нарын дурдсан үндэслэлүүдээр хэргийг мөрдөн байцаалтад зайлшгүй буцааж, Ж.Мыг дахин байцаах ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн бол ялыг ялгамжтай оногдуулна. Хэрэв шүүгдэгч нар гэм буруутай бол хэн, ямар оролцоотой болохыг тогтоох ёстой. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэрч Ж.М, Д.Г нарын мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй, эдгээр гэрчүүд нь харилцан хамаарал байхгүй, хөндлөнгийн хүмүүс тул тэдний мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангана. Гэрч Д.Г нь шүүгдэгч Г.Хийн төрсөн эх бөгөөд мөрдөгчийн зүгээс хуульд заасан эрх үүргийг нь сануулж, тайлбарлаж мэдүүлэг авсан тул мөрдөгчөөс түүнд нөлөөлсөн ямар нэг нөлөөлөл байхгүй. Өмгөөлөгч нараас тухайн хэрэг учрал болох үед Д.Г, Ж.М нар зэрэг гарч явсан тул үйл явдал, баримтыг мэдэхгүй гэж байна. Гэтэл хэрэг учрал болох үед гэрч Д.Г гэрээс гарах хүртэлх бүх зодооны процессыг харсан. Айсны улмаас нийтийн байрны гадна талд байсан жорлонгийн хажуу талд оймстойгоо зогсож байсныг дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч нарын илтгэх хуудас нотолдог. Улмаар 3 шүүгдэгч, нэг гэрч болох Ж.М нар тухайн нийтийн байрны гудамжны үзүүрт зогсож байсныг биечилсэн сурвалжилга хийсэн эргүүлийн офицерийн илтгэх хуудас нотолдог. Тэгэхээр шүүгдэгч нар хамтдаа гарсан болох нь тогтоогддог. Амь хохирогчийн биед учирсан гэмтлийг гэрч Д.Г гадна талаас нь хараад мэдэх боломжгүй гэж өмгөөлөгч нар ярьж байна. Үүний учрыг амь хохирогчийн хаагуур явсан зам мөрийг тодруулах, шүүгдэгч нарын үйлдлээс биш өөр гадны хүчин зүйлийн улмаас гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэртээ ирж шүүгдэгч нартай маргалдах эцсийн мөчид нас барсан, шүүгдэгч нар гэм буруугүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа ч тийм зүйл болоогүй. Учир нь, амь хохирогч зодуулж байх үедээ эсэргүүцэл үзүүлээгүй болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Мөн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн шокны улмаас нас барсан гэдэг. Энэ асуудалтай холбоотойгоор шийтгэх тогтоолын 19 дэх хуудсанд шинжээчийн дүгнэлтийн 7 дахь хэсэг буюу “1-2 цагийн өмнө нас барсан байна” гэх асуудлыг шүүх үнэлээгүй талаараа хууль зүйн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолд дурдсан байсан. Тэр  асуудлаар нас барсан гэх цаг хугацаа зөрүүтэй гэж ярьж байгаа ч энэ нь няцаагдана. Мөн хөнгөн болон хүнд зэргийн согтолттой талаар өмгөөлөгч нар ярьж байна. Амь хохирогч хөнгөн зэргийн согтолттой байх нь биеэ хамгаалж чадна, хүнд согтолттой бол биеэ хамгаалж чадахгүй гэсэн ойлголт байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр хэдийгээр амь хохирогчийг хөнгөн согтолттой гэж тогтоосон боловч энэ нь тухайн хүний бие организм, биеийн онцлогоос хамаарна. Үүнийг бид тийм байсан гэж урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй. Түүнчлэн Ж.Мын согтолтын зэрэг тогтоосон баримт хэргээс алга болсон гэж яриад байгаа ч хэрэгт тийм нотлох баримт хэрэгт байсныг өмгөөлөгч нар харсан уу. Байсан зүйл байхгүй болсон тохиолдолд алга болох гэж дүгнэж болно. Гэтэл эрүүлжүүлэх байранд согтолтын зэрэг тогтоолгосон гэх гэрч Ж.Мын мэдүүлгээр ийм нотлох баримт байсан, алга болсон гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх тухайн мөрдөгчийн буруутай үйлдэл, үйл ажиллагаа байвал түүнийг тусад нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж шалгуулах боломжтой гэж дурдсан. Согтолтын зэрэг тогтоосон Ж.Мын асуудал энэ хэргийн зүйлчлэл, үйл баримтад нөлөөлөхгүй гэж үзэж байна. Энэ талаар мөн шийтгэх тогтоолд дурдсан байдаг. Т.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх ёстой байсан гэж байна. Гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгт “шүүгдэгч Г.Х, Т.А нарыг Улиастайн янхан, гичийнүүд гэж хэлсний улмаас тухайн үйл явдлыг мэдээгүй гэж тайлбарладаг. Гэтэл хоёр шүүгдэгч нэгэн зэрэг сэтгэл санаа нь цочрон давчидна гэсэн ойлголт байхгүй. Үүнийг яаж цочрон давчидсан гэж үзэж дүгнэснийг ойлгохгүй байна. Хэрэв нэгэн зэрэг цочрон давчидсан гэж байгаа бол үндэслэл бүхий байх ёстой тул өмгөөлөгч нарын энэ тайлбар үндэслэлгүй. Мөн шүүгдэгч Т.Агийн 7 настай охины асран хамгаалах асуудлыг тогтоогоогүй гэж байна. Гэтэл энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байхад өмгөөлөгч нараас үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах, түүний ард үлдэх үр хүүхдийнх нь асуудлын талаарх хувийн байдлын баримтуудыг гаргаж өгөөгүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд шүүгчээс “яагаад 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байхад энэ асуудлаа шат шатанд нь гаргаж болоогүй юм бэ” гэж асуусан. Өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлын талаарх баримтыг гаргаж өгөхийг хуулиар хориглоогүй. Түүнчлэн шүүх хуралдаанд улсын яллагчаас асуулт асуухад “боломжгүй” гэж хариулсан нь үндэслэлгүй гэж ярьж байгаа боловч шүүх хуралдаан 13 цаг 30 минутад эхэлж 21 цагт дууссан. Энэ хугацаанд улсын яллагчаас хангалттай тодорхой хариулт хэлж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Мөн шүүх бүрэлдэхүүн томилохдоо холбогдох заавар, журмыг зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнтэйгээр бусдын хувь заяаг шийдвэрлэсэн гэж байгаа ч шүүгч нар тангараг өргөж холбогдох заавар, журмын дагуу үүргээ гүйцэтгэж байгаа болон хэрэгт авагдсан шүүх бүрэлдэхүүн томилсон шийдвэрээр хууль бус бүрэлдэхүүн томилсон гэж үзэх үндэслэл байхгүй. Тиймээс өмгөөлөгч нар хэрэгт авагдсан баримтын хүрээнд ярих нь зүйтэй. Мөрдөгч, прокурор, шүүгч нарын ямар нэг хууль бус үйлдэл, авлига авсан гэх асуудал байгаа бол холбогдох газарт нь хандаж шалгуулах эрхтэй. Тэгэхгүй хэрэгт хамааралгүй асуудлыг шүүх хуралдаанд удаа дараа ярьж байгаа нь ямар санаа зорилго агуулж байгааг ойлгохгүй байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.Б, шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн, шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, Д.Батдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар,

Т.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар,

Б.Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Хийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар буюу “...хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж...” гэж хүндрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Хохирогчийн “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэдгийг бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг илэрхий мэдэж ухамсарласан байдал гэж ойлгодог билээ.

Химийн шинжилгээгээр амь хохирогчийн цусанд 0,9 промилли, шээсэнд 1,4 промилли, ходоодны шингэнд 1,6 промилли спирт илэрсэн ба талийгаач нь хөнгөн зэргийн согтолттой байсан болох нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2103 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 187-201/-ээр тогтоогдсон.

Түүнчлэн, гэрч Д.Ггийн “...манай нөхөр Д.М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирэхээр нь би түүнийг орон дээр хэвтүүлээд дээгүүр нь хөнжил нөмрүүлсэн. ...” /1хх 59-63/ гэх мэдүүлгээс харахад амь хохирогч нь өөрийн үйлдлээ удирдан жолоодох, биеэ хамгаалах чадвартай байсан болох нь тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Х, Т.А, Б.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчилснийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Г.Х, Т.А, Б.Бнар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын 2 дугаар гудамжны 36б тоотод /нийтийн байрны 16 тоотод/ иргэн Д.Мын нүүр, хэвлий хэсэг рүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-16/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 17-21/, Г.Хийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 22-24/, Т.Агийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 25-30/, Г.Х, Т.А, Б.Бнарын согтолтын зэргийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 34-39/ зэрэг нотлох баримтууд болон,

            “...шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн цамцанд гогодолт, урагдалт, хар өмдөнд ханзралт, хөврөлт, хар оруулгатай саарал дотоожинд цооролтууд гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. Улаан өнгийн цамцанд гарсан гогодолт хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчээр, урагдалтууд татаж чангаах хүчний үйлчлэлээр, хар өмдөнд ханзралт, хөврөлт татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан байна. Хар өнгийн оруулгатай саарал дотоожинд цооролтууд хуучин эдэлгээний явцад гарсан байна. ...” гэсэн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4032 дугаартай /1хх 131-138/,

            “...зүүн энгэр хэсэг хүрэн өнгийн толботой, зүүн дал хэсэгт мөн адил хүрэн өнгийн 2 ширхэг толботой ягаан өнгийн цамц, “Pancoad” гэсэн бичигтэй “S” өмсгөлтэй, юүдэнтэй улаан өнгийн цамц зэрэгт цус илэрч байна. ДНХ-ийн шинжилгээний тоног төхөөрөмжид үүссэн гэмтлийн улмаас одоогоор ДНХ-ийн тогтоцыг тогтоох боломжгүй байна. ...” гэсэн 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5513 дугаартай /1хх 139-141/,

            “...шинжилгээнд ирүүлсэн хүрэмний баруун суганы оёдлоор 45мм, зүүн суганы оёдлоор 40мм, өмдний ар талын хэсэгт 7мм, 26мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд ямар нэгэн урагдалт, гэмтэл үүсээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хүрмэнд үүссэн 45мм, 40мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр үүссэн ханзралтууд, өмдөнд үүссэн 7мм, 26мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалтууд байна. Хувцаснуудад үүссэн дээрх ханзралт, урагдалтууд нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн эсэхийг криминалистикийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. ...” гэсэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4033 дугаартай /1хх 142-148/,

            “...цэнхэр өнгийн жинсэн өмд, цамц болон хар хөх өнгийн куртка зэрэгт цус илрээгүй. ДНХ-ийн шинжилгээний тоног төхөөрөмжид үүссэн гэмтлийн улмаас одоогоор ДНХ-ийн тогтоцыг тогтоох боломжгүй байна. ...” гэсэн 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5509 дугаартай /1хх 149-151/,

“...талийгаач Д.Мын цогцост хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, няцрал, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, нойр булчирхайн няцрал, ходоодны ар хана, өрц, баруун бөөрний өөхөн эд, зүүн бөөрний хальс, баруун 5, зүүн 8, 9-р хавирга, хавирганы нум орчмын зөөлөн эд, толгойн хуйхан доорх дагзны баруун дээд хэсэг, зүүн чамархайн урд хэсгийн цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт, цус хуралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх шинэ гэмтэл байна. Үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаачид дээрхээс өөр эсэргүүцэн тэмцэлдсэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Химийн шинжилгээгээр амь хохирогчийн цусанд 0,9 промилли, шээсэнд 1,4 промилли, ходоодны шингэнд 1,6 промилли спирт илэрсэн ба талийгаач нь хөнгөн зэргийн согтолттой байжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис шээсэнд илрээгүй. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, няцрал, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, нойр булчирхайн няцрал гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 04 цагт цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 1-2 цаг орчим болсон байжээ. ...” гэсэн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2103 дугаартай /1хх 187-201/ гэх тус тус шинжээчийн дүгнэлтүүд, 

            “...Т.А нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй, хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт үгүй, одоо хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1149 дугаартай /1хх 178-180/,

            “...Г.Х нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй, хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт үгүй, одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1148 дугаартай /1хх 181-183/,

            “...Б.Бнь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримтгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, одоо хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1147 дугаартай /1хх 184-186/ шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Угийн “...Ах Д.М нь миний санаж байгаагаар 1997-1998 оноос хойш одоог хүртэл Д.Г гэх эмэгтэйтэй хамт амьдарч байгаа. Өмнө нь эхнэр хүүхэдтэй байгаагүй. ...Д.М нь 5-6 жилийн өмнө толгойндоо хагалгаа хийлгэж байсан. ...Д.Мын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Би түүнийг ямар хүмүүстэй нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдгийг мэдэхгүй. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдах болон зүй бус ааш авир гаргадаггүй. Эхнэртэйгээ хамт нийтийн байранд амьдардаг байсан. ...Маш их гомдолтой байна. Ажил явдлын зардлын мөнгийг гаргуулмаар байна. Нас барсан шалтгааныг тогтоож өгөхийг хүсч байна. ...” /1хх 48-53/,

            гэрч Д.Ггийн “...Д.М бид хоёр 1993 онд анх танилцаж одоог хүртэл хамт амьдарч байсан ба албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч миний нөхөр байсан. Г.Х нь миний төрсөн охин юм. Б.Бын хувьд Г.Хтэй 2020 оны 7 дугаар сараас эхлэн хамт амьдарч байгаа. Харин Соёмбо, Т.А нарыг би 2020 оны 10 дугаар сарын 4-ний өдөр манай гэрт ирж Г.Х, Б.Бнартай хамт архи уусан тул харсан юм. Мөн Соёмбоогийн нэрийг нь Ж.М гэдэг юм байна лээ. ...Би 2020 оны 8 дугаар сараас эхлэн талийгаач нөхөр Д.Мын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2-36б тоотод байрлах нийтийн байрны 16 тоотыг түрээслэн оршин сууж амьдарч байгаа юм. ...Г.Х, Б.Б, Ж.М, Т.А нар манай гэрт 0,5 литрийн хэмжээтэй Монгол стандарт нэртэй 1 шил архи хувааж уугаад, 18 цагийн орчимд Т.А нь хүүхдээ гэртээ хүргэж өгөх гээд Ж.Мын хамт гарч яваад 19 цагийн орчимд буцаж манай гэрт орж ирсэн. Тэр хоёрыг орж ирээд удаагүй байхад манай нөхөр Д.М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирэхээр нь би түүнийг орон дээр хэвтүүлээд дээгүүр нь хөнжил нөмрүүлсэн. Тэгтэл Г.Х нь “танай Д.Мыг ална. Энэ яахаараа согтуу ирж таныг дарладаг юм бэ” гэж хэлээд хашхираад байхад Б.БГ.Хийг газар дараад байсан. Тэгтэл Т.А нь Г.Хийн орилж байгааг хараад “би бас энийг ална” гэж хэлээд Д.Мын хөнжлийг татаад цээж болон хэвлий хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохьсон тул би түүнийг болиулсан. Гэтэл Г.Х газар хэвтэж байснаа босч ирээд “та нөхрийгөө өмөөрч байвал би ална” гэж хэлээд Д.Мын толгой, цээж, хэвлий хэсэг рүү цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан. Энэ үед Б.Бмөн босож ирээд Д.Мын толгой, цээж гээд бүх л бие рүү нь гараараа цохиж зодоод байсан. Би Г.Х, Б.Бнарыг болиулах гэхэд чадахгүй болохоор нь “цагдаа дуудлаа шүү” гэж хэлсэн. Ингээд би 102 дугаарт залгаж цагдаад дуудлага өгчихөөд цагдааг ирэхийг хүлээж байгаад цагдаатай хамт гэртээ ороход Д.М ухаангүй байдалтай газар дээшээ хараад хэвтчихсэн, Г.Х, Б.Б, Ж.М, Т.А нар гараад зугтаасан байсан. ...Д.М гэртээ ирэх үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс биш биеийн байдал нь хэвийн, биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ...Т.А нь Д.Мын цээж, гэдэсний хэсэг рүү гараараа хоёр удаа цохьсон. Г.Х нь Д.Мын толгой болон хэвлий хэсэг рүү гараараа болон цүнхээрээ цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Харин Б.Бнь гараараа цохиж байгаа харагдсан ба Г.Х, Б.Бнар маш олон удаа Д.Мыг цохисон тул түүнийг нь тоолох боломжгүй байсан. Ер нь Г.Х, Б.Бхоёр Д.Мыг “алчихъя” гээд л цохиод байсан ба Ж.Мын хувьд Д.Мыг огт цохиж, зодоогүй. Г.Хийн хувьд намайг түүний аав Ган-Очироос салаад Д.Мтай амьдрах болсонд дургүйцэж архи уухаараа Д.Мад агсам тавьж дургүйцлээ илэрхийлдэг. ...Талийгаачийг ямар хүмүүстэй уулзаад архи уугаад ирснийг нь би мэдэхгүй байна. Талийгаач өглөө 7 цаг өнгөрч байхад гарч яваад орой 20 цаг болж байх орчим ирэхдээ нэлээн согтуу ирсэн. Гэхдээ ямар нэгэн гэмтэл байгаагүй, зүгээр байсан. ...Намайг зугтаагаад гэрээс гарахад талийгаач анх хэвтсэн орон дээрээ хэвтсэн байдалтай байсан. Нүдэнд харагдах шарх, сорви байгаагүй. Харин сүүлд цагдаа ирээд цугтаа ороход өрөөний гэрэл унтарчихсан байхаар нь унтраалга дарж гэрлээ асаахад талийгаач газар орноосоо бага зэрэг зайтай үүд рүү толгой хэсэг нь чигэлсэн, дээшээ харсан байдалтай, зүүн шанаа хэсгээс нь цус гарчихсан, үл мэдэгдэх амьсгаатай хэвтэж байсан. Намайг цагдаа ойртуулаагүй. ...” /1хх 59-60, 64-66/,

            гэрч Ж.Мын “...Д.Г эгчийн гэрт очоод Г.Х, Б.Б, Т.А бид дөрөв “Монгол стандарт” нэртэй 0,5 литрийн хэмжээтэй нэг шил архи уусан. Архи дууссаны дараа 18 цагийн орчимд Т.А бид хоёр Д.Г эгчийнхээс гараад Т.Агийн хүүхдийг гэрт нь хүргэж өгчихөөд 19 цагийн орчим буцаж очсон. Т.А бид хоёр Д.Г эгчид хандаж “танайд хоночихъё” гэж хэлэхэд Д.Г эгч “тэг тэг” гэж хэлээд газар гудас дэвсэж өгсөн тул би хэвтсэн. Тэгтэл гаднаас Д.Г эгчийн нөхөр болох Д.М гээд ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд бид нарыг харчихаад “энэ архины газар юм уу, явцгаа та нар” гэж хэлэхэд Д.Г эгч нөхрийгөө “унт унт” гээд орон дээр хэвтүүлээд хөнжил нөмрүүлсэн. Энэ үед Г.Х нь Д.М ах руу хандаж “чи миний ээжийг дээрлэхдэг хэн бэ, чамайг алнаа” гээд орилж хашхирч байгаад нэг удаа алгадсан ба Т.А мөн Д.М ах руу хандаж “ чи миний эмээг дээрлэхээд юу хуцаад байгаа юм бэ” гэж хэлээд Д.М ахын хэвлий хэсэг рүү нэг удаа цохьсон. Мөн Г.Х нь Д.М ах руу дайраад толгой, хэвлий, цээж хэсэг рүү гараараа цохих болон хөлөөрөө өшиглөөд байхаар нь Б.Бочоод Г.Хийг татаж унагаж салгачихаад өөрөө Д.М ахын хэвлий хэсэг рүү хоёр удаа, толгой руу нь нэг удаа гараараа цохьсон. Тэгтэл Д.Г эгч “цагдаа дуудлаа” гэж хэлээд гар утсаа авахад Б.Бнь түүний гар утсыг булааж авах гээд хоёр гарыг нь барьчихаад байсан. Тэгэхээр нь би Б.Бт хандаж “наад хөгшин хүн чинь даралт нь ихсээд уналаа шүү дээ. Одоо болиоч” гэж хэлэхэд Б.Бгарыг нь тавьсан. Тэгээд би Д.Г эгчийг гэрийн хаалгаар гаргаж өгсөн ба тэрээр их айсан байсан тул гутлаа өмсөлгүй оймстойгоо гарсан. Ингээд би буцаад орсон чинь Г.Х, Б.Б, Т.А нар “удахгүй цагдаа ирэх байх, бүгдээрээ явъя” гэж хэлээд гэрээс гарсан ба Б.Бнь гарахдаа Д.М ахын цамцнаас татаж түүнийг орон дээрээс унагаасан. Ингээд Г.Х, Б.Б, Т.А бид дөрөв Д.Г эгчийн гэрээс гараад гудамжинд нэг шил архи уух гээд ярилцаад зогсож байхад цагдаа нар ирсэн. ...Д.М ах гэртээ ирэх үед биеийн байдал нь хэвийн, биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Харин архи уучихсан согтуу байсан. ...Миний хувьд тухайн үед хэн нэгнийг огт цохиж зодоогүй бөгөөд Б.Б, Г.Х, Т.А гурав Д.М ахыг зодсон. Миний харснаар Г.Х нь Д.М ахын толгой, хэвлий хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж, хөлөөрөө 5-6 удаа өшиглөсөн. Б.Бнь нүүрэн тус газар нь гараараа нэг удаа, хэвлий хэсэг рүү нь 2-3 удаа цохьсон. Харин Т.А нь нэг удаа алгадаж, гараараа цээж, хэвлий хэсэг рүү нь 2-3 удаа цохьсон. Мөн үүнээс гадна би тухайн үед хүмүүсийг салгах гээд, маргааныг зохицуулах гээд явж байсан тул намайг хараагүй байхад Б.Б, Г.Х, Т.А нар дээрхээс илүү цохиж зодсон байхыг үгүйсгэхгүй. ...Тухайн үед Г.Х нь Д.М ах руу орилж чарлаад “ална” гээд байсан ба Т.А, Б.Бхоёр мөн Г.Хийн талд орж түүнийг зодсон. ...” /1хх 67-72, 73-75/,

            гэрч Э.Уын “...Миний бие эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Шийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн Улиастай-116 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 20 цаг 41 минутад “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2-36б тоотод байрлах нийтийн байранд зодоон болоод байна” гэсэн дуудлага ирсний дагуу уг тоотод шуурхай хүрэлцэн очсон. Дуудлага өгөгч Д.Г нь уг нийтийн байрны гадна байрлах жорлонгийн ард нуугдсан байдалтай, хөл нүцгэн, гуталгүй, оймстойгоо зогсож байсан. Уулзаж тодруулж асуухад ихэд сандарсан байдалтай, гар хөл нь салгалж, чичрээд байсан. Тэрээр хэлэхдээ “энэ нийтийн байрны 2 дугаар давхарын булангийн хаалга манайх, манай охин Г.Х нь найзуудтайгаа архидан согтуурч манай хамтран амьдрагч бид хоёрыг зодсон. Би зугтаж гарч ирсэн. Хамтран амьдрагч маань дотор байгаа, эд нар нийлж аймаар зодсон, бараг үхчихсэн байхаа” гэж хэлсэн. Ингээд гэр рүү нь орж шалгахад гэрт иргэн Д.Ггийн хамтран амьдрагч гэх 50-55 орчим насны эрэгтэй хүн шалан дээр дээш харж хэвтсэн байдалтай, орчиндоо ямар нэгэн харьцаа байхгүй, хөдөлгөөнгүй байдалтай, хамраас нь бага зэргийн цус гарсан, мөн зүүн шанаа шалбарч цус гарсан байдалтай хэвтэж байсан. Түүнийг зодсон гэх хүмүүс байхгүй байсан. Ингээд Д.Ггаас ямар хүмүүс байсан талаар тодруулахад “манай охин Г.Х, түүний найз залуу, мөн дахиад нэг эрэгтэй,  нэг эмэгтэй хүмүүс байсан. Зугтчихсан байна” гэж хэлсэн. Ингээд уг хүмүүсийг ойр орчмоор эрэн сурвалжилахад нийтийн байрны зүүн талд буюу засмал замын зүүн талд явж байсан нэг иргэн хэлэхдээ наанаас чинь 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн гараад арын гудамж руу ороод гүйсэн гэж хэлсэн. Үүний дагуу тэр гудамж руу орж араас нь хайж байгаад нөгөө 4 хүнийг олж авсан. Тэдгээр хүмүүс бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Ингээд уг хүмүүсийг машиндаа суулгаад 103 дуудсан. Хэргийн газрыг хамгаалалт авч, жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. 103 хэсэг хугацааны дараа ирж үзээд нөгөө эрэгтэйг “нас барсан байна” гэсэн. ...” /1хх 76-78/,

            гэрч Б.Шийн “...Миний бие эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Уын хамт 2020 оны 10 дугаар сарын 5-ны 20 цагаас машинт эргүүлийн Улиастай-116 чиглэлд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Тухайн өдрийн 20 цаг 41 минутад “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2-36б тоотод байрлах нийтийн байранд зодоон болоод байна” гэсэн дуудлаганд шуурхай хүрэлцэн очиж шалгахад нийтийн байрны гадна дуудлага өгсөн Д.Г гэх эмэгтэй хөл нүцгэн жорлонгийн ард зогсож байсан. Юу болсон талаар асуухад “манай охин Г.Х нь найзуудтайгаа хамт орж ирээд манай нөхрийг зодоод, мөн намайг зодохоор нь би гарч зугтаад цагдаад дуудлага өгсөн” гэж хэлсэн. “Нөгөө хүмүүс чинь хаана байна” гэхэд “сая дөрвүүлээ гараад зугтчихлаа” гэсэн. Тэгээд 2 давхар нийтийн байрны 2 давхарын 16 тоотод орж шалгахад 50 орчим насны эрэгтэй газарт дээшээ хараад хэвтэж байсан. Гэр доторх эд хогшил ундуй сундуй болсон байдалтай байсан. Тэр эрэгтэй хөдөлгөөнгүй байдалтай, хоёр нүд нь аниастай, хамраас нь бага зэрэг цус гарсан байсан. Ингээд зугтсан гэх хүмүүсийг ойр орчмоор нь хайхад замын цаад талд үл таних нэг эрэгтэй хүн байсан ба “сая наанаас чинь 4 хүн ийшээ гараад зугтсан” гэж хэлсэн. Тэр эрэгтэйн нэр, хаяг, утасны дугаар, холбогдох мэдээллийг асууж тодруулж, тэмдэглэж аваагүй, заасан зүг рүү нь гүйсэн. Тэгээд уг нийтийн байрны ертөнцийн зүгээр хойд талын гудамжнаас нөгөө хүмүүс болох 2 эрэгтэй, 2 эмэгтэйг барьж авсан. Тэдгээр хүмүүс бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нилээн согтуу байсан, аваад явах гэтэл шаардлага эсэргүүцээд явахгүй гээд байсан. Тэгээд буцаад нийтийн байранд ирсэн. Нөгөөн хүмүүсийг албаны машиндаа суулгаж байгаад түргэн тусламж дуудсан. Түргэн туламж дуудлагатай гээд хэсэг хугацааны дараа ирсэн. Ирж үзээд нөгөө зодуулсан гэх эрэгтэйг өнгөрчихсөн байна гэсэн. Ингээд жижүүрийн бүрэлдэхүүнд хэргийн газрыг болон нөгөө 4 хүнийг хүлээлгэн өгсөн. ...” /1хх 79-81/,

            шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Дээрх гэмтлүүд нь ойролцоо цаг хугацаанд үүссэн учраас үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Уг гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүссэн. Уг гэмтлүүд нь гар болон хөлөөр цохих үед үүсэх боломжтой. ...” /1хх 202-203/,

            яллагдагч Б.Б.Бын “...Хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.М л талийгаачийг дээрээс 3 удаа хамар хэсэг рүү нь цохиж байхыг би харсан. ...Би бүлэглээгүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” /2хх 26-27, 28-29, 136/,

            яллагдагч Г.Хийн “...Би гэрчийн мэдүүлгээр өгсөн байгаа. ...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Би талийгаачид ойртоогүй, гар хүрээгүй учраас энэ хэрэгт хамааралгүй. ...” /2хх 40-41, 42-43, 140/,

            яллагдагч Т.Агийн “...хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэмт хэрэг үйлдээгүй, хүн алаагүй. 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Ж.М нь талийгаачийн толгой хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд талийгаач ухаангүй болсон. Ямар учир шалтгааны улмаас өшиглөсөн талаар сайн мэдэхгүй байна. Юутай ч өшиглөж байхыг нь би харсан. Тухайн үед талийгаач газарт хэвтэж байсан. Үүний дараа цагдаагаас хүмүүс ирж авч явсан. ...Би талийгаачтай огт хэрэлдэж, маргалдаж, зодолдож, өшиглөөгүй. ...Гурвуулаа бүлэглэж, хохирогчийг согтуу, биеэ хамгаалах чадваргүй байсан гэж ойлголоо. Зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” /2хх 54-55, 56-57, 132-133/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно. ...” гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй. ...” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “...Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй. ...” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Бнарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Бнарын талийгаач Д.М руу чиглэсэн, хүч хэрэглэсэн, идэвхитэй, санаатай үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... Гэмт хэргийг үйлдэх талаар .... урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. ...” гэснээс дүгнэвэл анхан шатны шүүхээс тэдгээрийн үйлдлийг “бүлэглэж” гэж хүндрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Г.Хээс “...хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэнгээс “...хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...”, шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, Д.Батдорж нарын хамтран гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү. ...”, шүүгдэгч Б.Б.Баас “...хуулийн дагуу оролцоо, гэм буруу, шийтгэлийг тохируулан оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар Г.Х, Б.Бнарыг тус бүр 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Аг 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилго болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн, шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, Д.Батдорж нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Бнарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүхээс “...Г.Х, Т.А нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Г.Х, Т.А, Б.Бнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. ...” гэж дүгнэсэн атлаа тэдгээр оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, Б.Бнарт оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Ад оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална. ...” гэж заажээ.

Г.Х нь 16 настай хүүхэдтэй болох нь хавтас хэрэгт авагдсан “...Г.Хийн Саранцэцэг, 2006 оны 3 дугаар сарыг 9-ний өдөр төрсөн. ...” гэх төрсний гэрчилгээ /2хх 72/-ээр нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүх Г.Хэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний хүүхэд болох Х.Саранцэцэгийн “харгалзан дэмжих, асран хамгаалах” асуудлыг харьяа дүүргийнхээ Засаг даргаар шийдвэрлүүлэх, хяналт тавихыг шийдвэрлээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүгдэгч Г.Хийн хүүхдийг асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Налайх дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй.

2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ЕШЗ/60 дугаартай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар Г.Х, Т.А, Б.Бнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар Г.Хатанцэцэг, шүүх бүрэлдэхүүнд М.Түмэннаст, С.Өсөхбаяр нарыг томилжээ /4хх 40/.

2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас “...шүүгч Хатанцэцэг нь өмнөх шүүх бүрэлдэхүүнд томилогдон оролцсон шүүгч байх тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд эргэлзээтэй байх тул татгалзаж байна. ...” гэх агуулга бүхий татгалзлыг тус шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан байна /4хх 69/.

Тус татгалзлыг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчийн зөвлөгөөнөөр шийдвэрлэж, 100 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Даваасүрэн, Ц.Мандал, Л.Мөнхтөр, Д.Батдорж нарын гаргасан шүүгч Г.Хатанцэцэгийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж /4хх 70-73/, шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Бнарт холбогдох эрүүгийн хэрэгт томилогдсон шүүх бүрэлдэхүүний шүүгч М.Түмэннастыг Баянзүрх дүүргийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ЕШЗ/107 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар өөрчлилж, тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар Г.Хатанцэцэгийг, шүүх бүрэлдэхүүнд Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарыг томилжээ /4хх 76/.  Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...  Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ. ...” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Бнар нь 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б.Б, Г.Х, Т.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар болгон өөрчилсүгэй.

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/144 шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...Ханхөхий овогт Буянжаргалын Б.Б, Боржигин овогт Ган-Очирын Г.Х, Даваа овогт Төрмөнхийн Т.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэснийг “...Ханхөхий овогт Буянжаргалын Б.Б, Боржигин овогт Ган-Очирын Г.Х, Даваа овогт Төрмөнхийн Т.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Х, Б.Бнарыг тус бүр 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Аг 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Х, Б.Бнарыг тус бүр 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Аг 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, Б.Бнарт оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Ад оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, Б.Бнарт тус бүрт оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Ад оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

3.  Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүгдэгч Г.Хийн хүүхэд болох 16 настай Х.Саранцэцэгийн асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг шийдвэрлэхийг Налайх дүүргийн Засаг даргад даалгасугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн, шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, Д.Батдорж нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Бнарын гаргасан давж заалдах гомдлуудыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Бнарын 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл нийт 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНХӨӨ

 

                                  ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ