Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/01752

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 04 өдөр   Дугаар 102/ШШ2024/01752 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Б-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 25,950,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.М, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Бтой 2010 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаанд миний бие гэр бүлийн амьдралдаа нэг сэтгэлээр хандаж, өөрсдийн амьдардаг орон гэртээ засвар хийх, өөрийн зүгээс юу л шаардлагатай бүх зүйлээ зориулж ирсэн. Энэ хүнтэй цаашид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх ямар ч хүсэлгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хамтран амьдрах хугацаанд зарцуулсан дундын эд хөрөнгөд 25,950,120 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан боловч шүүх хуралдааны явцад шаардлагаа багасгаж, барилгын материал дээр хийсэн хариуцагчийн тооцоолол 8,232,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 23,920,315 төгрөгөөс цахилгаан хэрэгслүүдийг биетээр нь авахаар тохиролцсон тул түүний үнэ 2,132,000 төгрөг хасаад 21,788,315 төгрөг гаргуулна. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: 2 жилийн СӨХ-ийн мөнгө хүчингүй болгуулж байсан. Бадралд машин гэж ярьж байна. Тэндээс энэ хүн 5 сая байтугай мөнгө зээлээд машин авахад нь өгсөн. Аялалд бол 17,000,000 төгрөг гаргаад талыг нь нэхэмжилж байгааг ор тас эсэргүүцэж байна. Би энэ үед тэтгэврийн зээл авсан. Өөрийнх нь хүргэн 500 евро өгсөн. Наашаа ирэхдээ мөнгө зарж юм аваагүй. Тэгээд хоёр тийшээ болсон. гэв.

 

3. Нэхэмжлэгчээс гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 5/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 6/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар тэмдэглэл /хх 8/, зарлагын баримт /хх 11-18/, Д.Бгийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 28-42, 2хх 14-35/, Д.Бгийн төрийн банкны дансны хуулга /хх 49-80, 240-241, 245-2хх13/, Д.Бгийн голомт банкны дансны хуулга /хх 82-84/, Д.Бгийн гадаад паспортын хуулга /хх 101/, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ /хх 242-243, 2хх 57-60/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх 55-56/, хариуцагчаас Ж.Бын хаан банкны дансны хуулга /хх 113-216/, Ж.Бын төрийн банкны дансны хуулга /хх 217-234/ тус тус шүүхэд гарган өгчээ.

Нэхэмжлэгчийн гарган өгсөн 19-25, 85-100 дугаар хуудас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна.

  ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Д.Б болон Ж.Б нар 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгожээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд хандахдаа бид зан харьцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

5. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.

 

Гэрлэгчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тэднийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаартай гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамжаар эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч зохигчид эвлэрээгүй байна.

 

6. Нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх боломжгүй нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч 25,950,120 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан боловч шүүх хуралдааны явцад 23,920,315 төгрөг болгон багасгаж, цахилгаан хэрэгслүүдийг биетээр нь авахаар тохиролцсон тул түүний үнэ 2,132,000 төгрөг хасаад 21,788,315 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хангах үндэслэлтэй болжээ.

 

Шүүх гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохдоо байгаа хөрөнгийн хэмжээг үндэслэл болгоно. Мөн гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд СӨХ-ийн төлбөр, нөхрийн хүүхдэд машин авахад нь шилжүүлсэн болон аялалд явахад гарсан зардлын төлбөр нэхэмжлэл гаргах үед бодитой байгаагүйгээс гадна хариуцагч нь хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болжээ.

8. Харин хариуцагчийн хуваарьт хөрөнгө болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 27 дугаар байрны 5 тоот орон сууцанд 8,232,200 төгрөгийн засал, чимэглэлийн ажил хийгдсэн талаар хариуцагч тооцоо гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн.

 

Хариуцагч засварын ажилд гарсан зардал 8,232,000 төгрөг болон гэр бүл болсноос хойш бий болсон матрас гудас, угаалгын машин, LG компанийн хөргөгч, Самсунг 55 инчийн зурагтыг өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн тул түүнээс гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250,977 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б, Ж.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-оос 8,232,200 төгрөг болон матрас гудас, угаалгын машин, LG компанийн хөргөгч, Самсунг 55 инчийн зурагтыг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, үлдэх шаардлагыг хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250,977 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ЗҮМБЭРЭЛ