| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/05981/И |
| Дугаар | 102/ШШ2024/01826 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/01826
2024 оны 04 сарын 09 өдөр Дугаар 102/ШШ2024/01826 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, шүүгч А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Д-д холбогдох,
Гэм хорын хохиролд 5,275,838 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр унадаг дугуйтай гэсэр сүмийн уулзвар нэвтрэх үед ... ДОА улсын дугаартай автомашины жолооч М.Д урсгал сөрж ирээд мөргөсөн. Ослын газрын акт үйлдсэний дараа гэмтлийн эмнэлэгт толгойдоо оёдол тавиулж, хөлдөө рентген зураг авхуулсан. Хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж, М.Д нь замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дахь хэсгийг зөрчсөн гэж тогтоосон. Эрүүл мэндийн хохирол 277,000 төгрөг, дугуйны хохирол 1,445,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,750,000 төгрөг, урагдсан хувцасны төлбөр 160,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2,744,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 99,338 төгрөг, нийт 6,475,838 төгрөгөөс 1,200,000 төлсөн тул үлдэгдэл 5,275,838 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлээс 277,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Унадаг дугуйны төлбөрийг төлсөн. гэв.
3. Нэхэмжлэгчээс эмнэлгийн магадлагаа /хх 20/, шри чинмойн төвийн тодорхойлолт /хх 21/ шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 48-51/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 52-53/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 54-58/, эмчилгээний баримт /хх 59/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 7728 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 60-61/, БанХас ХХК-ийн үнэлгээ /хх 62-65/, 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 795 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх 66-67/, Тээврийн прокурорын газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 714 дүгээр прокурорын тогтоолыг /хх 68-69/ Тээврийн прокурорын газраас гаргуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь гэм хор учирснаас олох ёстой байсан цалингийн орлого 1,750,000 төгрөг, эмчилгээний зардал 277,000 төгрөг, унадаг дугуй болон цамцны үнэ 1,605,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2,744,500 төгрөг, нийт 6,376,500 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1,200,000 төгрөгийг хасаад үлдэх 5,176,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, эмчилгээний зардлаас бусад хохирол үндэслэлгүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч М.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дахь хэсэгт эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс дээш эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно заасныг зөрчсөний улмаас П.Ц-ны эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулжээ.
Нэхэмжлэгчийн цахилгаан дугуйнд 1,445,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Б ХХК-ийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон бөгөөд хариуцагч 1,200,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй болно.
7. Иргэний хуульд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож болохыг хуульчилсан байх ба зөрчлөөс үүдэн хохирол бий болох явдлыг гэм хор учруулсан гэж үзнэ. Энэхүү хуульд заасан нөхцөл бүрдсэнээр үүсэх үүргийг шаардахад хууль бус үйлдлийн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд хохирол учирсан байхыг шаардана.
Хариуцагч М.Д нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч П.Ц-ны эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, хохирол учруулсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, эрүүл мэндэд, эд хөрөнгөд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй зааснаар зохигчийн хооронд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсжээ.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч П.Ц-ыг гэмтэл учирсны улмаас 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 1,750,000 төгрөгийн цалинтай ажил хийгээгүйгээс орлого олоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, шри чинмойн төвийн тодорхойлолтоор нэхэмжлэгчийг ажил хийдэг болон цалингийн хэмжээг тогтооход хангалтгүй юм.
Нэхэмжлэгч гэм хорыг нөхөн арилгах үүргийг нөхцөлдүүлж байгаа тэр үйл явдал болоогүй бол уг ашиг орлого өөрт нь шилжин очих байсныг болон тогтмол ажиллаж байсан боловч гэм хор учирсны улмаас ажиллах боломжгүй болсныг баримтаар нотолж чадсангүй.
Түүнчлэн нэхэмжлэгч 160,000 төгрөгийн цамц урагдсан, сэтгэл санааны хохиролд 2,744,500 төгрөг зарцуулсан гэдгээ нотолж чадсангүй. Хуульд тусгайлан заасан тохиолдлын улмаас эдийн бус гэм хорыг арилгахад 2,744,000 төгрөг шаардагдана гэдгийг нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байна.
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход баримтлах жишиг аргачлалыг баталжээ. Энэхүү аргачлалыг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн үйл явдалд буцаан хэрэглэх үндэслэлгүй байхаас гадна сэтгэцийн эмгэгийн зэргийг шинжилгээний байгууллага тогтоох тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй болжээ.
9. Харин шүүхээс П.Ц-ыг хөнгөн гэмтэл учирсны улмаас 1 сарын хугацаанд орлого олоогүй гэж үзсэн тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй. зааснаар хариуцагч М.Д-с хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 550,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Б ХХК-ийн үнэлгээгээр нэхэмжлэгчид 1,445,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 1,200,000 төгрөгийг хариуцагч төлж, үлдэгдэл 245,000 төгрөгийг төлөөгүй байх тул 245,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Үүнээс гадна нэхэмжлэгчийн эмчилгээний зардал 277,000 төгрөг шаардсантай холбоотой хариуцагч маргаагүй, төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул нэмж 277,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгоно.
10. Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 1,072,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
11. Шүүхээс Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/69 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан иргэдийн төлөөлөгч Н.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдэж, эрх, үүргийг тайлбарласан боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй болно.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,338 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,564 төгрөгийг төрийн сангийн данснаас, 30.278 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч М.Д-с 1,072,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ц-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 4,104,500 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Ц-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,338 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,564 төгрөгийг төрийн сангийн данснаас, 30,278 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧ А.САРАНТУЯА