Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж Улсын яллагч: Б.Мээпам Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхжаргал Шүүгдэгч: У.Батцогт, Ш.Батчулуун Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даш овогт Уртнасангийн Батцогт, Шиваа ширээт овогт Шагдарсүмбэрэлийн Батчулуун нарт холбогдох 201703000254 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Чулуут сумын 3 дугаар баг Ногоон дов хорооллын 12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Даш овогт Уртнасангийн Батцогт /РД:АП66111571/ Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус баг Соёмбо хорооллын 04-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Шиваа ширээт овогт Шагдарсүмбэрэлийн Батчулуун /РД:АП94061417/ Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч У.Батцогт, Ш.Батчулуун нар нь 2017 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн Соёмбо хорооллын 04-03 тоот хашааны гадна талд байсан иргэн Буянбаатарын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Мөрдөн байцаалтын шатанд 201703000254 дугаартай эрүүгийн хэргээс: Хохирогч Г.Буянбаатарын мэдүүлсэн: ...2017 оны 06 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед өөрийн эзэмшлийн улаан өнгөтэй Мустанг-5 нэртэй Хятад улсад үйлдвэрлэсэн, улсын дугааргүй мотоциклио унаж яваад Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг Соёмбо хороололд байх Батчулууны хашаан дотор орж Чимэдээ, Ганбат нартай хамт Ерөөл нэртэй архи уусан юм. Тухайн үед Батчулуун бид нарыг хашаанд архи ууж байхыг харчихаад хашаанаасаа гаргасан бөгөөд Батчулууны хашааны гадна талд байхад миний мотоциклийн бензин дуусчихсан болохоор би мотоциклийнхоо хажууд үлдээд, Чимэдээ, Ганбат хоёрыг мориор бензинд явуулсан. Тэгээд хэсэг суугаад Чимэдээ, Ганбат хоёр ирэхгүй болохоор нь би мотоциклио Батчулууны хашааны ар талд үлдээчихээд гэр рүүгээ явчихсан. Тэгээд маргааш өглөө гь буюу 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн үед гэртээ байж байтал Чимэдээ манай гэрт ирээд миний мотоциклийг алга болчихсон байна гэж хэлсэн. Би мотоциклио хашааны гадна үлдээсэн болохоор цагдаа нар журамласан юм болов уу гэж асуутал цагдаа дээр байхгүй байсан учир хулгайд алдсан гэдгээ мэдсэн. Тэгээд 06 дугаар сарын 11-ний өдөр Чимэдээ миний мотоциклийг хайж яваад Батцогтын гражид миний мотоциклийг задалсан байхыг харсан байсан. Тэгээд миний хүү Баттогтох, хүргэн Цогоо, Чимэдээ нар дахин очиж үзээд миний алдсан мотоцикль мөн байна гэдгийг таньсан байсан. Батцогт гражаа онгойлгож өгөхгүй байсан гэсэн бөгөөд манай хүүхэд Батцогт таныг байхгүй байхад чинь ороод мотоциклио харчихсан, онгойлгож өг гэж хэлтэл онгойлгож өгсөн байсан. Миний мотоциклийг нэг бүрчлэн задалсан байсан гэсэн. Тэгээд Батцогт, Батчулуун хоёр миний мотоциклийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч намайг гомдол, саналгүй болгоно гээд байсан. Би одоогоор мөнгө аваагүй байгаа. Тиймээс гомдолтой байна, хэрэв 800.000 төгрөгийг авчихвал гомдолгүй. Улаан өнгөтэй, Мустанг-5 нэртэй Хятад улсад үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй, раам дээрээ улаан өнгийн даавуутай мотоцикль байсан. Миний мотоцикль нилээн хэдэн жил унагдаж байгаа бөгөөд бага зэрэг муудсан байсан, би аймгийн төв рүү явуулж засвар хийлгүүлж сайхан болгосон байсан юм. Мотоциклийн бичиг баримт нь байхгүй бөгөөд арал, моторын дугаарыг би мэддэггүй юм. Миний мотоциклийг харахад үзэмж сайтай, унаж явахад явдал хэвийн, хүчтэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/ ...Би Батчулуун, Батцогт нараас 800.000 төгрөг бэлнээр авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуу/ Гэрч Б.Баттогтохын мэдүүлсэн: ...2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр буюу Зуунмод багийн Тусгалт Хайрхан нэртэй уулын овоо тахилгын наадамд аав Буянбаатар өөрийн улаан өнгийн Мустанг-5 нэртэй мотоциклио унаад явсан. Тэгээд орой 17 цагийн үед наадмаас буцаж гэртээ ирээд хэсэг байж байгаад буцаад мотоциклио унаж сумын төвөөр явж байгаад шөнө 23 цагийн үед мотоциклийнх нь бензин дуусчихаар нь Батчулуун гэдэг айлын гадаа үлдээчихсэн гээд гэртээ орж ирсэн. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед Чимэдээ ах манайд ирээд таны мотоцикль Батчулууны гэрийн гадна талд байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд мотоциклио хайж цагдаа нарыг журамласан юм болов уу гэж асуутал журамлаагүй байхаар нь хулгайд алдсан гэдгээ мэдсэн. Тухайн үед Батчулууныг сэжиглэж байсан бөгөөд Чимэдээ ах манай мотоциклийг хайж байгаад Батцогтын гражид мотоцикль задалсан байна, танай мотоцикль мөн байх гэж хэлэхээр нь Чимэдээ ах, хүргэн ах Цогтбадрах нарын хамт очтол Батцогтын граж дотор манай мотоциклийг бүрэн задалсан байсан. Тэгээд Батцогт, Батчулуун 2 манай мотоциклийг хулгайлж задалсан гэдгээ хэлсэн. Хулгайд алдсан мотоцикль манай Буянбаатарын мотоцикль байсан. Улаан өнгөтэй, Мустанг 5 нэртэй, улсын дугааргүй, хятад мотоцикль байсан бөгөөд банкан дээрээ халцархайтай цөмөрсөн, улаан алаг суудлын бүрээстэй, нилээн хэдэн жил унаж хэрэглэсэн байсан бөгөөд яг хэдэн жил унаж байгаагаа мэдэхгүй байгаа, энэ жил засвар хийж шинэ мэт болгосон байсан. Уг мотоциклийг аав зарж мөнгө болгоод миний хуриманд хэрэглэх гэж байсан. Би мотоциклио банк, суудлын бүрээс болон рааман дээр байсан улаан өнгийн даавуугаар нь таньсан. Би улаан өнгийн даавууг аккумляторыг унагахгүй гэж уяж байсан бөгөөд тэр даавуу нь рааман дээр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/ Гэрч М.Цогтбадрахын мэдүүлсэн: ...2017 оны 06 сарын 09-ний өдөр миний хадам аав Буянбаатар нь өөрийн мотоциклио Батчулууны гэрийн гадна талд үлдээж яваад алдчихсан гэсэн яриа гарсан байсан. Тэгтэл Чимэдээ ах маргааш өдөр нь ирээд Батцогтын граж дотор мотоцикль задалсан байна очоод үзээдэх гэхээр нь би Баттогтох, Чимэдээ ах нарын хамт очиж граж дотор нь орж үзэх гэтэл Батцогт гражаа онгойлгож өгөхгүй байсан. Тэгээд сүүлдээ граж дотор чинь ороод үзсэн онгойлго, гээд онгойлгуулаад ортол аавын мотоциклийг задлаад банк, суудал, раам гээд бүхий л зүйлийг нь задалж тавьсан байсан. Батцогт нь сүүлдээ Батчулуунтай хамт хулгай хийж мотоциклийг задалж, мотоцикльд сэлбэж тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Улаан өнгөтэй, Мустанг 5 нэртэй, улсын дугааргүй, Хятад мотоцикль байсан бөгөөд банк дээрээ халцархайтай цөмөрсөн, улаан алаг суудлын бүрээстэй байсан санагдаж байна, өөр зүйлийг нь сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/ Гэрч Ж.Бөхбатын мэдүүлсэн: ...2017 оны 06 сарын 10-ны үед санагдаж байна, яг өдрийг нь санахгүй байна, манай хүргэн ах Батчулуун надад та мотоциклийн гар авах уу гэхээр нь би авъя гэж хэлсэн юм. Миний мотоциклийн гар муудаж тахийсан байсныг хүргэн Батчулуун мэддэг байсан бөгөөд надад мотоциклийн гар өгнө гэсэн юм. Тэгэхээр нь би Батчулууны хамт Батцогтын гражид дагаж очоод нэг мотоциклиос гарыг нь тайлж аваад өөрийн Мустанг-5 маркийн мотоцикльд хийчихсэн юм. Батчулуун тэр гарыг надад өгөхдөө нэг мотоцикль задалсан юм, та авчих, ямар нэгэн асуудалгүй гээд байсан. Хүргэн Батчулуун Батцогттой хамт Батцогтын граж дотор нэг улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль задлаад надад гарыг нь өгсөн. Би өөр зүйл аваагүй. Би хулгайн мотоцикль гэж мэдээгүй. Би хэний, ямар мотоцикль яагаад задалж байгаа талаар асуугаагүй. Би хулгайн мотоцикль гэдгийг гар авч байхдаа мэдээгүй, дараа нь хулгайн мотоцикль гэдгийг мэдсэн. Би Батчулуунаас авсан мотоциклийн гарыг хулгайнх гэдгийг мэдээд буцааж өгсөн. Тэр гар одоо Батчулуунд байгаа байх. Би хулгайн юм гэдгийг мэдсэн бол авахгүй байх байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/ Гэрч Т.Чимэдравдангийн мэдүүлсэн: ...2017 оны 06 сарын 09-ний өдөр би Буянбаатар ахтай хамт Чулуут сумын Тусгалт хайрханы овооны наадамд яваад орой 19 цагийн үед сумын төвд ирсэн юм. Тэгээд Буянбаатар ах бид 2 сумын төвөөр явахаар болж гадуур явж байгаад Батчулууны хашаан дотор орж архи уусан юм. Тэр үед Ганбат морьтой явж байгаад тааралдсан бөгөөд бид 3 нийлээд “Ерөөл” нэртэй 0.5 граммын архийг Батчулууны хашаан дотор уугаад дуусч байхад Батчулуун хашаандаа ирээд хашаанаас гар гээд байсан. Тэгээд Буянбаатар ах мотоциклио асаагаад явах гэтэл бензин нь дуусчихсан асахгүй байхаар нь Гантулга бид 2 мориор бензинд явтал сумын шатахуун түгээх газар хаалттай, түгээгч нь олдохгүй байсан. Тэгээд хэсэг явж байгаад Буянбаатар ахын үлдсэн газар буюу Батчулууны хашааны хажууд иртэл Буянбаатар ах явчихсан, мотоцикль нь үлдчихсэн байсан. Тэгээд Гантулга бид хоёр гэр рүүгээ салсан. Маргааш өглөө нь 8.9 цагийн үед Буянбаатар ахын мотоциклийг авах гээд очтол мотоцикль байхгүй байхаар нь Буянбаатар ахад очоод та мотоциклио авсан юм уу гэж асуутал үгүй гээд байсан. Тэгээд цагдаа нараас асуутал мотоциклийг нь хураагаагүй гэхээр нь хулгайд алдсан юм байна гэдгийг нь мэдсэн. Тэгээд Батчулууныг хулгайлсан байж магадгүй гэж бодоод Батчулуун, Батцогт нарын хашаа, гражид харж явтал Батцогтын граж дотор нэг мотоцикль задлаад тавьчихсан байсан. Тэгээд Буянбаатар ахад Батцогтын хашаан дотор мотоцикль задалсан байна, танай мотоцикль мөн байж магадгүй гэж хэлээд Буянбаатар ахын хүү Баттогтох, хүргэн ах Цогт нарын хамт Батцогтын гражид очиж Батцогтоор гражийг онгойлгуулан орж хулгайд алдсан мотоциклийг задалсан байхыг харсан. Баттогтох, Цог нар мотоциклийн хараад шууд таньж байсан. Батцогтыг мотоциклийн ойр зуурын сэлбэг хүн зараад байна гэсэн сураг гараад байсан болохоор би очир граж дотор нь хартал нэг мотоцикль задлаад тавьчихсан байхаар нь сэжиг төрөөд Буянбаатар ахад хэлсэн юм. Батцогтын граж дотор Буянбаатар ахын мотоциклийн раам, суудлын бүрээс, банк зэрэг зүйлс нь байсан. Бусад зүйлийг нь хүмүүст өгсөн бололтой, байхгүй байсан. Буянбаатарын мотоциклийг улаан өнгөтэй, Мустанг-5 маркийн мотоцикльтой гэдгийг мэддэг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/ Гэрч Д.Адарсүрэнгийн мэдүүлсэн: ...2017 оны 06 сарын 07-ны өдөр Буянбаатар ахаар юм гагнуулах гээд гэрт нь очсон юм. Би хүүдээ хэр таарсан үнээр нь Хятад мотоцикль авч өгөх бодолтой явсан бөгөөд Буянбаатар ах мотоцикль зарна шүү гэж улаан өнгийн Мустанг-5 маркийн Хятад мотоциклийг надад үзүүлсэн. Буянбаатар ах надад мотоциклио 800.000 төгрөгөөр яриад өгнө гэж байсан бөгөөд би Буянбаатар ахад мотоцикль авах гэж байгаа гэхдээ ярилцаж байж болно гээд явсан юм. Яг мотоциклийг худалдаж авна гэж баттай тохиролцоогүй байсан. Тэгтэл уг мотоциклио Буянбаатар ах алдчинсан сураг гараад байсан бөгөөд өөр надад нэмж ярих зүйл байхгүй. Би өөрөө мотоцикль унадаггүй болохоор мотоциклийн шинж чанарыг сайн мэддэггүй юм. Улаан өнгөтэй, Мустанг-5 маркийн өнгө үзэмж сайтай мотоцикль л харагдаж байсан. Өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/ Гэрч У.Бадамын мэдүүлсэн: ...Миний төрсөн дүү Батцогт 1669 оны 11 сарын 15-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд 6 хүүхэдтэй айлын 4 дэх хүүхэд болж төрсөн. Миний дүү багаасаа мал маллаж хөдөө өссөн бөгөөд эхнэр, 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, үг дуу цөөнтэй хүн бөгөөд амьдарлын түвшин доогуур ядуу өрхийн гишүүн юм. Би болсон хэргийн талаар мэдэхгүй. Батцогт хулгай хийсэн л гэсэн. Би Батцогтын хохирлыг төлөх гэж байгаа, Батцогт уг нь элдэв буруу зангүй л хүн юмсан. Яагаад ийм асуудалд орох болсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/ Гэрч Д.Нямжавын мэдүүлсэн: ...Миний хүү Батчулуун нь 1994 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Чулуут суманд миний 2 дахь хүүхэд болж төрсөн бөгөөд дээрээ нэг эгчтэй, доороо 3 дүүтэй, Батчулуун Чулуут сумандаа 5-р анги хүртэл сургуульд суралцаад гарчихсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, суманд тааралдсан ажлаа хийж амьдардаг. Тэрээр зан байдлын хувьд үг дуу цөөнтэй, даруухан, архи, тамхи хэрэглээд байдаггүй, Батчулуун нь эхнэр, нэг хүүхдийн хамт Чулуут сумандаа амьдардаг, одоо хүүхэд нь 3 нас хүрч байгаа. Би Батчулууныг Батцогттой хамт хулгай хийсэн гэдгийг сонссон. Өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/ У.Батцогтын яллагдагчаар мэдүүлсэн: ...2017 оны 06 дугаар сарын 10-ны өглөө намайг ганцаараа гэртээ унтаж байхад Батчулуун нь ирээд манай гэрийн гадна эзэнгүй нэг мотоцикль хоносон байна, хоёулаа хулгай хийх үү гэж хэлэхээр нь ярилцаж байгаад хулгай хийхээр болоод Батчулууны хашааны хойд талд байсан улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг түрээд Батчулууны хашаанд оруулсан. Тэр үед өглөө эрт байсан болохоор гадуур хүмүүс явахгүй байсан юм. Тэгээд Батчулууны хашаан дотор мотоциклийг байлгахаар хүмүүс мэдчих байх гэж бодоод Батчулууны хашаанаас гаргаад манай хашаанд аваачсан юм. Манай хашаа Батчулууны хашаанаас нилээн хол 200 орчим метр зайтай байдаг бөгөөд мотоциклийг утсаар холбож асааж унаад хашаандаа аваачиж граж дотроо хийсэн. Тэгээд Батчулуун бид хоёр тэр мотоциклийг задалж өөрсдийн мотоцильдоо сэлбэг болгож хийгээд илүү гарсныг хүмүүст өгнө гэсэн бодолтой байсан. Би тэр мотоциклийн суудлыг аваад өөрийнхөө мотоцикльд тавьсан байсан. Тэгээд маргааш өглөө нь Чимэдээ ирж манай гражийг харчихсан байсан. Тэгээд хулгай хийсэн нь баригдаж Буянбаатар ахаас уучлалт гуйж хохирол төлбөрийг барагдуулсан. Батчулуун намайг гэртээ унтаж байхад манай гэрт ирж хулгай хийх санааг гаргаад тэгээд хулгай хийсэн. Гадаа гэгээтэй болчихсон, нар тусч байсан бөгөөд яг хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна. Хулгайлсан мотоцикль харагдах байдлын хувьд дундаж, улаан өнгөтэй, Мустанг-5 нэртэй улсын дугааргүй хятад мотоцикль байсан. Тэр мотоциклийг Буянбаатар авахгүй гэхээр нь Батчулуун бид 2 зүс таних нутгийн хүнд зарчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/ Ш.Батчулууны яллагдагчааар мэдүүлсэн: ...2017 оны 06 дугаар сарын 09-ний орой нар жаргасан байхад би яг хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна, би өөрийн Чулуут сумын төв Соёмбо хорооллын 04-03 тоотод орших хашаандаа ганцаараа орж иртэл манай сумын Буянбаатар ах, Чимэдээ ах нар архи уугаад сууж байсан. Би хашаанаас гарч архи уугаарай гэж хэлсэн. Тэгтэл тэр 2 ах за гээд хашаанаас гараад явсан. Тэгээд гэртээ хэсэг байж байгаад буцаад гэрээсээ гартал манай хашааны хажуу талд Буянбаатар ахын улаан өнгөтэй, Мустанг-5 нэртэй мотоцикль эзэнгүй байж байсан. Тэгээд хөдөө явж хоночихоод өглөө эрт сумын төвд орж ирээд хашааныхаа гадна очтол Буянбаатар ахын мотоцикль эзэнгүй байж байхаар нь Батцогттой ярьж байгаад тэр мотоциклийг хулгайлахаар болоод Батцогттой хамт тэр мотоциклийг түрээд хашаандаа оруулж тавиад хүн мэдчих байх гэж бодоод Батцогтын гражид аваачиж тавьсан. Тэгээд мотоциклио задлаад хадам аав Бөхбатад өөрийнхөө мотоциклийг задалсан гээд мотоциклийн гар буюу рүүлийг өгсөн. Тэгээд маргааш өдөр нь Чимэдээ ах ирээд мотоцикль алдагдсан гээд Батцогтын гражийг хараад байсан. Тэгээд мотоцикль гражид байна гэдгийг мэдчихсэн байсан. Би Батцогттой хамт Буянбаатар ахаас уучлалт гуйж хохирол төлбөрийг бүрэн барагдуулж гомдол саналгүй болгосон. Би хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Дахиж хулгай хийхгүй гэдгээ баталж байна. Буянбаатар ах мотоциклио хашааны гадна эзэнгүй үлдээгээд явчихсан байхаар нь авчихсан. Би цаг хараагүй, өглөө эрт л байсан, яг хэлэн цаг гэж хэлж мэдэхгүй байна. Уртнасан ах бид хоёр Буянбаатар ахын мотоциклийг задлаад сэлбэгийг нь гадуур тараасан байсан. Тэгээд хэрэг илэрсний дараа буцааж угсраад Буянбаатар ахад өгөх гэтэл мотоцикль авахгүй 800.000 төгрөг авна гээд байхаар нь тэр мотоциклийг нутгийн зүс таних хүн зарчихсан. Тэр хүн хөдөө аваад явсан бөгөөд одоо ханаа байгааг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/ Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56-57 хуу/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 62-65 хуу/ Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 68 хуу/ зэрэг болно. Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн Соёмбо хорооллын 04-03 тоот хашааны гадна талд байсан иргэн Буянбаатарын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлагдсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. Шүүгдэгч У.Батцогт, Ш.Батчулуун нар нь 2017 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн Соёмбо хорооллын 04-03 тоот хашааны гадна талд байсан иргэн Буянбаатарын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн үед өөрийн эзэмшлийн улаан өнгөтэй Мустанг 5 маркийн мотоцикльтой архи ууж яваад, Батчулууны хашааны гадаа мотоциклийн бензин дуусахаар нь Батчулууны хашааны ар талд мотоциклио үлдээчихээд гэр рүүгээ явсан. Тэгээд 06 сарын 11-ний өдөр Чимэдээ миний мотоциклийг хайж яваад, Батцогтын гражид миний мотоциклийг задалсан байхыг хараад, миний хүү Баттогтох, хүргэн Цогоо, Чимэдээ нар дахин очиж үзээд миний алдсан мотоцикль мөн гэдгийг таньсан байсан гэж мэдүүлсэн хохирогч Г.Буянбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/, аав Буянбаатар 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр буюу Зуунмод багийн Тусгалт Хайрхан нэртэй овоо тахилгын наадамд явчихаад, наадмаас ирээд гэртээ хэсэг байж байгаад, буцаж гараад сумын төвөөр мотоциклио унаж явж байгаад шөнийн 23 цагийн үед мотоциклийнх нь бензин дуусахаар нь Батчулуун гэдэг айлын гадаа үлдээсэн гээд орж ирсэн, тухайн үед Батчулууныг сэжиглэж байсан бөгөөд Чимэдээ ах манай мотоциклийг хайж байгаад Батцогтын гражид мотоцикль задалсан байна, танай мотоцикль байж магадгүй гэхээр нь Чимэдээ ах, хүргэн ах Цогбадрах нарын хамт Батцогтын гражид ортол манай мотоцикль мөн байсан бөгөөд бүрэн задалсан байсан гэж мэдүүлсэн гэрч Б.Баттогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, Чимэдээ ах маргааш өдөр нь ирээд Батцогтын граж дотор мотоцикль задалсан байна гэхээр нь Баттогтох, Чимэдээ ах нарын хамт очиход Батцогт гражаа онгойлгож өгөхгүй байж байгаад, сүүлд нь онгойлгуулаад ортол аавын мотоциклийг банк, суудал гээд бүрэн задалсан байсан. Батцогт нь Батчулуунтай хамт хулгай хийж, мотоциклийг задалж, мотоцикльд сэлбэж тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж мэдүүлсэн гэрч М.Цогбадрахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/, хүргэн ах Батчулуун намайг мотоциклийн гар авах уу гэхээр нь авъя гээд Батчулуунтай хамт Батцогтын гражид дагаж очоод, нэг мотоциклиос гарыг нь тайлж аваад, өөрийн мотоцикльд хийчихсэн, хүргэн Батчулуун, Батцогттой хамт Батцогтын граж дотор нэг улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль задлаад надад гарыг нь өгсөн гэж мэдүүлсэн гэрч Ж.Бөхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, Буянбаатар ах ах бид хоёр сумын төвөөр архи ууж байгаад Батчулууны хашаан дотор орж архи уусан бөгөөд Ганбат морьтой явж байгаад бид хоёртой тааралдаад, бид гурав архиа уугаад дуусч байхад Батчулуун хашаандаа ирээд гар гээд байсан, Буянбаатар ах мотоциклио асаагаад явах гэтэл бензин нь дууссан байхаар нь Ганбат бид хоёр бензин хайж байгаад Буянбаатар ахын үлдсэн газар буюу Батчулууны хашааны хажууд иртэл Буянбаатар ах явчихсан, мотоцикль нь үлдсэн байсан бөгөөд маргааш нь олоогүй, тэгээд Батчулууныг авсан байж магадгүй гэж сэжиглээд Батчулуун, Батцогт нарын хашаа, гражид харж явтал Батцогтын гражид нэг мотоцикль задлаад тавьсан байхаар нь Буянбаатар ахад хэлээд Буянбаатар ахын хүү Баттогтох, хүргэн Цогт нарын хамт Батцогтын гражид ороход хулгайд алдсан мотоциклийг задалсан байхыг харсан, Баттогтох, Цог нар мотоциклийг хараад шууд тавьж байсан гэж мэдүүлсэн гэрч Т.Чимэдравдангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/, би Буянбаатараас мотоциклийг нь худалдаж авахаар ярилцаж байсан, тэгтэл Буянбаатар мотоциклио хулгайд алдсан сураг гараад байсан гэж мэдүүлсэн гэрч Д.Адарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/, У.Батцогтын 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр намайг гэртээ унтаж байхад Батчулуун ирээд манай гэрийн гадна эзэнгүй нэг мотоцикль хоносон байна, хоёулаа хулгай хийх үү гэхээр нь Батчулууныг гэрийн хойно байсан улаан өнгийн Мустанг-5 мотоциклийг хулгайлаад, Батчулууны хашаанд байхаар хүмүүс мэдчих байх гэж бодоод хашаандаа аваачиж граж дотроо хийсэн. Тэгээд маргааш өглөө нь Чимэдээ ирж манай гражийг харчихсан байсан бөгөөд тэгээд хулгай хийсэн нь баригдаж Буянбаатар ахаас уучлалт гуйж хохирол төлбөрөө барагдуулсан гэж мэдүүлсэн У.Батцогтын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/, хэсэг байж байгаад гэрээсээ гартал манай хашааны хажуу талд Буянбаатар ахын улаан өнгийн Мустанг нэртэй мотоцикль эзгүй байсан, хөдөө явж хоночихоод өглөө эрт ирэхэд Буянбаатар ахын мотоцикль мөн л эзгүй байхаар нь Батцогттой ярьж байгаад мотоциклийг хулгайлаад, хүн мэдчих байх гээд Батцогтын гражид аваачиж тавьсан, маргааш нь Чимэдээ ирээд Батцогтын гражийг харж байгаад мотоцикль байгаа гэдгийг мэдчихсэн. Би Буянбаатар ахаас уучлалт гуйж, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэж мэдүүлсэн Ш.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна гэж үзэв. Шүүгдэгч Даш овогт Уртнасангийн Батцогт, Шиваа ширээт овогт Шагдарсүмбэрэлийн Батчулуун нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч У.Батцогт, Ш.Батчулуун нар нь бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч У.Батцогт, Ш.Батчулуун нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж шүүгдэгч У.Батцогт, Ш.Батчулуун нарт хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэх боломжтой гэж дүгнэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Даш овогт Уртнасангийн Батцогт, Шиваа ширээт овогт Шагдарсүмбэрэлийн Батчулуун нарыг бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Батцогт, Ш.Батчулуун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.Батцогт, Ш.Батчулуун нарт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Батцогт, Ш.Батчулуун нар нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй. 5. Шүүгдэгч У.Батцогт, Ш.Батчулуун нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай. 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Батцогт, Ш.Батчулуун нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ