Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2022/0045

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, У.А*******гийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох “Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/688 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч У.А******* миний бие 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу. У.А******* би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах, түүний үр дагаврын талаар ойлгож, мэдэж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

У.А*******гийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******д нэхэмжлэгч У.А*******гаас 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр олгосон итгэмжлэлд “...төлөөлүүлэгч нь энэхүү итгэмжлэлийн дагуу ... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, татгалзах ...бүрэн эрхийг олгож байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах эрхийг олгосон байгааг дурдах нь зүйтэй

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласныг ойлгож энэ тухай баримтад гарыг үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан У.А*******гийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох “Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/688 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Н.ДУЛАМСҮРЭН