Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/09

 

Г.*******д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.******* нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

Прокурор Б.

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.*******ийн даргалж шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Г.*******д  холбогдох 2124000710073  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.*******ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймаг Тосонцэнгэл сумын Баян-Улаан багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, Хар гэр овогт *******ийн *******.

Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан баг “” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1,005 метр куб хэрэглээний нойтон мод бэлтгэж ойн санд 668,308 төгрөгийн хохирол учруулсан, уг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “” гэх газарт байх ойгоос Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэр онгоц буудал хүртэл ******* улсын дугаартай “Kia bongo frontier” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч Хар гэр овогт *******ийн *******г зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын дотор төлөхөөр тогтоож,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

5. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гаас ойн санд учруулсан хохиролд 2,004,924 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргад олгож,

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia bongo frontier” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Г.*******т буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50,000 /тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн шар цагаан алаг өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 14 ширхэг буюу 1,005 метр куб модыг улсын орлого болгож,

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,

10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Г.******* нарын давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга:

Эрүүгийн 2124000710073 дугаар хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолыг гардан аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн дүгнээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, гэрч, шинжээч нар илтэд зөрүүтэй мэдүүлэг өгч байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Г.******* нь 2021 оны 8-р сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг "" гэх газраас ойгоос зохих зөвшөөрөлгүй 1.005 метр куб хэрэглээний нойтон мод бэлтгэж ойн санд 666 308 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт ял шийтгэгдсэн байна. Г.******* нь нойтон мод бэлтгэсэн гэхэд дараах нөхцөл байдлаар эргэлзээ төрж байна. Тухайн хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тухайн бэлтгэсэн моднууд нь хуурай мод байсан талаар тэмдэглэж оролцогчид бүгд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Гэрч Ш.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй "Тухайн моднууд нь талаас дээш хэсгээрээ тоншуул цохисон, доош хэсгээрээ газрын чийгтэй гол нь улайчихсан, гадна талаас үзэхэд ямар ч шилмүүсгүй хатчихсан мод байсан. Нойтон мод гэж навч, шилмүүстэй модыг хэлнэ" гэх мэдүүлэг, Гэрч С.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй "Тухайн моднууд нь талаас дээш хэсгээрээ тоншуул цохисон, доош хэсгээрээ газрын чийгтэй холтос нь цагаан долтой мод байсан, гадна талаас үзэхэд ямар ч шилмүүсгүй хатчихсан мод байсан" гэх мэдүүлэг, Шинжээч Б.*******гийн шуух хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгтэй "Нойтон мод гэж навч, шилмүүстэй модыг хэлнэ. Манай тусгаарлалт хийгээгүй газарт байгаль хамгаалагч мод бэлтгэх зөвшөөрөл өгөхгүй. Тухайн газарт зөвшөөрөл өгөх ёсгүй байсан. Энэ хүүхэд зохих журмын дагуу зөвшөөрлөө аваад явсан байна. Энэ хүүхдэд буруу байхгүй. Шинжээчийн дүгнэлт гаргах үед надад тэр зөвшөөрөл авсан талаарх баримтыг явуулаагүй. Иргэдэд хэрэглээний модыг огтлолтын зөвшөөрөл олгож болно" гэх мэдүүлэг, мөн тухайн хэрэгт авагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ойн ангийн шинжээч Б.*******гийн 3 удаа гаргасан дүгнэлтүүд бүгд зөрүүтэй байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэж шүүх үзсэн байна. Г.******* нь ахуйн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрлийг сумын Засаг даргад хүсэлт гаргаж зөвшөөрөл авч, үүнийг үндэслэн байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичгийг зохих журмын дaгyy aвч мод бэлтгэсэн байна. Ойд мод бэлтгэх ажиллагаа нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар "Арчилгааны. Цэвэрлэгээний, Ашиглалтын" гэсэн 3 төрөлтэй байхаар заасан байдаг. Шүүх дүгнэхдээ Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар "Иргэн зөвхөн ойн тухай хуулийн 3.1.5 заасан цэвэрлэгээг хийж замаар мод бэлтгэнэ болно" гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Г.******* нь Ойн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.

Прокурор Б. дүгнэлтдээ:

Яллагдагч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан баг гэх газраас хэргийн газрын үзлэг болон нийт хурааж авсан тэмдэглэлээр 26 мод бэлтгэсэн бөгөөд бүгд нойтон мод байсан. Тэмдэглэл дээр яагаад хуурай мод бэлтгэсэн бэ? гэдэг талаараа хэргийн газрын шинжээч сүүлд нь учраа тайлбарлаж бичсэн байдаг. Тухайн бэлтгэсэн нойтон моднуудыг нэг бүрчлэн үзээд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг 2 удаа хийсэн байгаа. Бүгд нойтон мод байсан уу? унанги мод байна уу? гэдгийг шалгаж үзэхэд нийт 26 модноос 12 мод нь унангиас бэлтгэсэн нойтон мод, бусад 14 мод нь босоо нойтон мод байна гэж шинжээч хэмжиж дүгнэлтээ гаргаж өгсөн. Ингээд аваад үзэхэд яллагдагч Г.*******гийн хувьд ойн цэвэрлэгээний ажлаар буюу гэмтсэн, унасан мод бэлтгэх ёстой байсан боловч босоо нойтон мод буюу хэрэглээний нойтон мод бэлтгэсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, тухайн моднуудыг хэмжсэн хэмжилтийн дүн, дээрх мод нь нойтон модонд хамаарах эсэх талаар шинжээчийн дүгнэлтийг нэмэлт байдлаар 3 удаа гаргуулсан зэргээр хангалттай нотлогдсон байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна.

Прокурорын зүгээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр дүгнэлт гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нь  Г.******* нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Баян -Улаан баг ” ” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1,005 метр куб хэрэглээний нойтон мод бэлтгэж ойн санд  668.308 төгрөгийн хохирол учруулсан, уг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэр онгоц буудал хүртэл ******* улсын дугаартай  “Kia bongo frontier” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх үйлдлийг  прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг зөв зүйлчилж шийдвэрлэсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримтууд байна.

Хэрэгт авагдсан “ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн “...Г.*******гийн ойгоос бэлтгэсэн мод шинэс /хар мод/ байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний нойтон мод байна...гэсэн дүгнэлт,

Шинжээч Б.*******гийн “...бүх мод нойтон байсан учраас “нойтон мод” гэж дүгнэлтээ гаргасан...цэвэрлэгээний ажил хийх эрхийн бичгээр босоо мод бэлтгэх боломжгүй...гэсэн мэдүүлэг, Гэрч Ш.*******ын ”...би хэргийн газрын үзлэгээр цагдаагийн дэслэгч С.,  байгаль хамгаалагч С.******* нартай очиход мод үндсээрээ булгарсан нойтон шилмүүстэй, ногоон моднууд тайрч авсан байсан...Нэг хэсэг нь бол угаасаа нойтон мод байсан. Тухайн босоо 3 ширхэг мод нь байгалийн жамаар салхи, шуурганд унасан мод байсан. Унанги мод нойтон мод байсан. Тухайн 3 ширхэг босоо модны хөрөөдөж унагаасан хэсгийг харахад цагаан дол тойрог хэлбэрээр хүрээлсэн шинжээрээ тухайн мод нь нойтон гэсэн үг юм. Г.*******гийн ачиж ирсэн мод нь нойтон байсан. Босоо модны хожуулын гол нь нойтон байсан... гэсэн мэдүүлэг, болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар Г.******* нь “ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр  мод бэлтгэж, тээвэрлэсэн “ үйл баримт тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн дүгнээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, нөхөн төлбөрийг байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх асуудлыг зохицуулсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.******* нь Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ..ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож нөхөн төлбөр 2.004.924 төгрөгийн хохирол учруулсан гэж Г.*******гаас гаргуулж шийдвэрлэсэн  нь хуульд нийцжээ.

Мөн шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шар цагаан алаг өнгийн цахилгаан хөрөө,  гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 14 ширхэг  модыг тус тус улсын орлого болгохоор,  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧБ.АРИУНБАЯР

ШҮҮГЧИДЧ.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ