Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж Улсын яллагч: Н.Цогтбаяр Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Намжилмаа Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр Шүүгдэгч: С.Юндэн Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Соронзонболдын Юндэнд холбогдох 201603000327 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт баг 18 айлын 05-05 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Соронзонболдын Юндэн /РД:ГО93110113/ Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч С.Юндэн нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт байх Өгийнуурын эрэгт Баярсайханыг машины цонх хагаллаа гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Юндэнгийн мэдүүлсэн: ...2016 оны 07 сарын 18-ны өдрөөс 2016 оны 07 сарын 19-ний өдөр найзуудтайгаа Архангай аймгийн Өгийнуур суманд амрах гээд ирсэн. Намайг найзуудтайгаа гол дээр амарч байхад бид нарын хажууд 3 залуу байсан. Тэр залуучуудыг манай найз дуудаад бид нар танилцсан. Тухайн үед гол дээр усанд орчихоод завинд сууж байгаад хорхог хийж ирээд орой 18 цагийн үед Өгийнуур сумын эргээс сүлжээ барьдаг газарт очиж утсаар яриад эргээд иртэл миний унаж явсан машины цонхийг хагалсан байсан. Би ч машины цонх хагалсан хүн олдохоосоо өнгөрлөө гэж бодоод унтах гээд майхан руугаа орчихсон сууж байсан чинь өдөр танилцсан 3 залуугийн нэг залуу нь машины чинь цонхыг чинь хагалсан хүнийг олчихлоо гээд майхны гадаа нэг залууг дагуулаад ирсэн. Би хохирогч Ж.Баярсайханыг 2 алагдаж 1 удаа өшиглөсөн. Хохирогчийн унаж явсан мотоциклийн унаад майхныхаа гадаа авчирсан гэв. Мөрдөн байцаалтын шатанд 201603000327 дугаартай эрүүгийн хэргээс: Хохирогч Ж.Баярсайханы мэдүүлсэн: ...2016 оны 07 дугаар сарын 18-ны шөнө 00 цагийн орчимд би Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуурын хог талд Мэргэн шанаа гэх газар өөрийн гэртээ унтаж байхад манай найз Бат-Орших манай гэрт ирээд намайг бос, хоёулаа Цоомоо дээр очиж ганц юм надад байна явж ууя гээд би Бат-Оршихын мотоциклийн ард суугаад явсан. Цоомоогийн гэр нь манай баруун талд байдаг тэднийд очоод Цоомоог аваад гурвуулаа Бат-Оршихын мотоцикль дээр сундлаад явсан. Бид 3 Өгийнуурын эрэг доогуур ороод “Сархад” нэртэй 0.75 граммын архи хувааж уугаад дараа нь 1 том “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво уусан. Тэгээд дараа нь манай гэрт очиж, би өөрийнхөө мотоциклийг аваад 04 цагийн орчимд Өгийнуурын зүүн тал руу Бат-Оршихынх руу морь авах гээд явсан. Тэгээд явж байтал нэг тод гэрэлтэй машин гарч ирж намайг хажуу хэсэг рүү мөргөсөн. Манай 2 найз Бат-Оршихын мотоцикльтой хамт явж байсан. Тэгээд машинтай залуучууд авч яваад тэр машины шил хагалсан гээд байгаа залуучуудад аваачиж өгсөн гэсэн. Хэн энэ талаар хэлснийг би сайн мэдэхгүй байна. Тэр үед би ухаан алдчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд намайг дээлийн бүсээр баглаад, хүлчихсэн байсан. Тэгээд би бөөлжөөд байсан, намайг нэг саарал өнгийн цамцтай, саарал өмдтэй залуу намайг хоргоогоод чамайг явуулахгүй, чи цонх хагалсан гэж хэлээд байсан. Тэгээд тэр залуучуудын унтах хооронд Эрдэнээ гэх айлд би очсон. Эрдэнээгийнх хэрэг болсон гэх газраас 500м зайтай байсан. Эрдэнээ манайх руу очиж хэл хүргэсэн, гэрт очиж намайг энд байгаа болохыг хэлсэн байх. Тэгээд гэрээс манай төрсөн ах Баярмагнай, эгч Мөнхзул нар Эрдэнээгийнд хэвтэж байхад ирсэн. Тэгээд Өгийнуур сумын түргэний эмч ирсэн намайг Өгийнуур сум руу аваад явсан. Тэгээд намайг сумын төвийн эмнэлгээс Архангай аймаг орж эмчлүүл гэсэн. Би ахынхаа ягаан өнгийн жижиг тэрэгтэй сувилагч Анхаа болон өөрийн ах Баярмагнай бид Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасагт шууд хагалгаанд орсон. Миний элэг задарч урагдсан, хэвлийн дотуур цус алдсан, цөсний хүүдийгээ авахуулах хагалгаанд хийлгэсэн гуурс тавиулсан байсан. Би эмнэлэгт хэвтээд хэдэн төгрөгийн зардал гарсан болохоо баримтаар цуглуулсан байгаа түүнийгээ өгнөө. Би Бат-Орших болон Цоомоо гэж 2 найзтайгаа нийлж, 0.75 грамм “Сархад” нэртэй архи болон 2.5 литр “Нийслэл” нэртэй пиво хувааж уусан. Би дунд зэргийн согтолттой байсан. Намайг аль хэсэгт хэдэн удаа цохьсоныг би сайн мэдэхгүй байна, намайг цохиж зодож байсан болохыг би санахгүй байна, ухаан алдчихсан байсан байх. Би гол руу живж үхнэ гэж хэлсэн үгүйгээ санахгүй байна. Би тэр майхан дээр очоогүй, танхайрсан асуудал байхгүй. Би гомдолтой байна, учирсан хохирлоо нэхэмжилнэ, цаашид эмчилгээ хийлгэх шаардлага гарвал эмчилгээний зардлаа нөхөн төлүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/ ...Би бичиг үсэг мэдэхгүй бөгөөд өмнө нь өгч байсан мэдүүлгээ одоо сайн санахгүй байна, яасан ч намайг согтуу явж байхад хурц, гэрэлтэй машин араас мөргөөд би мотоцикльтойгоо явж байгаад унаж ухаан алдсан, тэгээд гараа хүлүүлсэн байдалтай майхны хажууд сэрсэн. Хэн нь намайг хаана, яаж цохиж зодсоныг мэдэхгүй байгаа. Би машинд хөөгдөж байгаад мотоциклиос унасан, тэгээд ухаан алдаад сэртэл гараа хүлүүлсэн байдалтай байсан. Намайг хэн, хаана цохиж зодсоныг мэдэхгүй байна. Би өмнө нь өгсөн мэдүүлгээ одоо санахгүй байна, миний ухаан санаа юмыг их мартаж санадаг юм. Юндэн гэдэг залуу надаас уучлалт гуйж 2.000.000 /хоёр сая/ төгрөг өгсөн. Одоо 10 хоногийн дотор надад 30 хургатай хонь өгнө гэсэн, надад одоо гомдол санал байхгүй болсон. Намайг Юндэн гэдэг залуу цохиж зодсон байсан бөгөөд тухайн үед хамт байсан гэрчүүд өгсөн мэдүүлэгтэй хэлсэн байсан. Тийм болохоор би Юндэнгээс хохирол төлбөрөө авч гомдолгүй болж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 243-245 хуу/ Д.Отгонбулганы тайлбар: ...Би 2016 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө найз Золоо болон түүний хүүхэдтэй гурвуулаа Архангай аймгийн Өгийнуур суманд Өгийнуурын зүүн захын эрэг дээр машинд унтаж байсан. Би уржигдар Золоо, Чойжоо, Юндэн, Маагаа, Бямбаа, Бямбаагийн хүүхэдтэй долуулаа амрах гэж ирсэн. Би мотоцикль сигналдаж, хаазалсныг сонсоогүй, унтаж байсан чинь Золоо гэх манай найз намайг сэрээсэн, сэрсэн чинь хажууд амарч байсан Lexus 470-тай хүмүүс зүүн урд зүгт машиныхаа гэрлийг асаачихсан нэг согтуу хүнтэй юм яриад зогсож байсан. БИ буцаад Золоотой хамт ирээд Золоо нөхөртэйгээ хамт Приус машинд унтсан, би нөхөртэйгээ Verna машинд орж унтсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу/ Гэрч Ц.Отгонцоожийн мэдүүлсэн: ...Тэгээд үүрээр намайг Юндэн дуудаад сая Лексус 470 машинтай 3 залуу миний машины цонхыг хагалсан хүнийг бариад гадаа аваад ирсэн байна, энэ хүн нуурт орж үхнэ гэж орилоод байна, чи харж бай, би нилээн удаан унтчихсан биз дээ гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/ Гэрч Б.Бөхмөнхийн мэдүүлсэн: ...Юндэн гэх залуу ирэнгүүтээ үгийн зөрөөгүй нөгөө залууг бакалан гутлаараа гэдэс, толгой руу нь олон удаа өшиглөж зодсон. Нөгөө зодуулж байгаа залуу газар унаад, нүүрээ дараад хамгаалж байсан ба би зодоод болихгүй болохоор нь Юндэн гэх залууг боль, хүн аллаа гээд түлхэж холдуулсан чинь Юндэн гэх залуу өөдөөс түлхэж хажуу тийшээ болгоод дахин нөгөө залууг өшиглөж зодсон. Нөгөө залуу газар унаад хэвтсэн. ...Майхан дээрээ ирсэн хойноо Юндэн дахин нөгөө залууг зодоод байсан ба Бямбаа гэх найз нь боль, чи хүн аллаа гээд Юндэнгээ нэг цохиод салгасан. ...Юндэн тухайн залууг анх очоод хөлөөрөө, цээж, хэвлий, толгой, ташаа хэсэг рүү нилээн олон удаа бакалаараа өшиглөж зодсон. Нөгөө зодуулсан хүн эсэргүүцэл үзүүлээгүй, өөрийгөө хамгаалж байгаа харагдсан. Дараа нь майхан дээрээ авчирсан хойноо 1-2 удаа хэвтсэн байхад нь дээрээс нь цээж, хэвлий орчим нь дэвсээд өшиглөөд байсан. Найз Бямбаа нь уурлаад цохиж салгасан. Мод төмрөөр цохиогүй, хөлөөрөө л өшиглөж зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/ Гэрч П.Доржхандын мэдүүлсэн: ...Юндэн гэх залуу ирэнгүүтээ үгийн зөрөөгүй нөгөө залууг бакалаар гэдэс, толгой руу нь өшиглөж зодсон. Нөгөө зодуулж байгаа залуу газар унаад гараараа нүүрээ дараад хамгаалж байгаа харагдсан. ...Майхан дээрээ авчирсан хойноо Юндэн нөгөө залууг зодоод найз Бямбаа гэх залуу боль, чи хүн аллаа гээд Юндэнгээ нэг цохиод салгасан. ...Юндэн тухайн залууг анх очоод цээж, хэвлий, ташаа хэсэг рүү нилээн олон удаа бакалаараа өшиглөж зодсон...гэх мэдүүлэг хх-ийн 36-38 хуу/ Гэрч Б.Жигмиддоржийн мэдүүлсэн: ...Юндэн гэх залуу нөгөө залуугийн дээр гарсан хэвлий хэсэг рүү өшиглөөд дэвсээд байгаа харагдсан, би бага зэрэг зайтай байсан, машины гэрэлд харсан. ...Ирснийхээ дараа Юндэн дахин нөгөө залууг зодоод хэвлий хэсэг рүү 2 удаа цохиж байсан. ...Юндэн тухайн залууг анх очоод цээж, хэвлий, толгой, ташаа хэсэг рүү нилээд олон удаа бакалаараа өшиглөж зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/ Гэрч Б.Бямбадоржийн мэдүүлсэн: ...Би буцаж машин руугаа ороод тамхи аваад эргээд иртэл Юндэн тэр залуугийн хөл рүү нэг удаа өшиглөж гараараа нүүрэн хэсэгт нь 2 удаа алгадсан. ...Миний харснаар Юндэн нь зүүн гараараа нүүрэн хэсэгт нь 2 удаа алгадсан. Юндэн баруун хөлөөрөө тэр залуугийн зүүн хөлийнх нь гуя орчим руу нэг удаа өшиглөсөн. Өөрөөр цохиж зодохыг би хараагүй. Тэгээд Юндэнг алгадаж аваад бол гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 45-48 хуу/ Гэрч Д.Отгонбулганы мэдүүлсэн: ...Юндэн тэр залууг нэг удаа цохьсон гэж хэлээрэй гэж 964304444 гэх дугаараас залгаж намайг тэр залууг нэг цохьсон гэж хэлээрэй гэж хэлсэн. Би тэгээд хариуд нь за за гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/ Гэрч Ө.Цолмонбаатарын мэдүүлсэн: ...Би болон манай найз Баярсайхан, Бат-Орших нар 2016 оны 07 дугаар сарын 18-ны шөнө хэдэн цаг болж байсныг нь сайн санахгүй байна, намайг гэртээ байхад гэрт ирж гарч ганц архи /Сархад 0.75 грамм/ ууя гэж хэлээд аваад гарсан. Манайд ирэхэд Бат-Орших нилээн халамцуу, Баярсайхан нар ирсэн. Тэгээд бид гурав нуурын /Өгий гэх/ эрэг доор 0.75 граммын Сархад нэртэй архи болон 2.5 литрийн “Боргио” нэртэй пивийг уусан. Тэгээд тэр архи пивийг уугаад дараа нь Бат-Оршихынд очих гээд би Бат-Оршихын мотоциклийн ард суугаад хөдөлсөн юм. Баярсайхан өөрөө мотоциклио унаад хөдөлсөн. Тэгээд Өгийнуурын эрэг дээр нэг майхан байсан. Түүнд хажуугаар 200 м орчим зайтай зөрөхөд гэнэтхэн машин асч, тод гэрэл асаад, бид гурвыг чиглээд ирж байсан. Тэгээд ард явж байсан мотоцикльтой Баярсайханыг хөөгөөд явчихсан. Тэгээд бид гурав мотоциклийнхоо хурдыг багасгаад бараг зогсож байгаад хартал машины Баярсайхан мотоцикльтойгоо унаж машин нь тулж ирээд зогссон. Тэгээд машинаас 3 залуу бууж ирээд Баярсайханыг машиндаа суулгасан. Газар хэвтэж байхад нь сугадаад суулгасан. Тэгээд тэр майхан дээр аваачиж машин нь бид хоёрыг хөөж давхисан. Тэгэхээр нь бид хоёр дэвсэг оруулаад мотоциклио хаясан. Тэр машин гэрэлтүүлж байснаа яваад өгсөн. Тухайн үед 03 цаг болж байсан байх. Миний харснаар Баярсайханыг тэр машин хөөхөд нь эргэж харсан. 100 /метр/ зайнаас харсан. Тэгэхэд машины урд урд Баярсайхан унасан. Тэгээд машин бараг тулаад зогсох шиг болсон. Машин мотоциклийг мөргөсөн гэмээр дуу чимээ гараагүй. Хүн зодож цохиж байгаа гэмээр дуу чимээ гараагүй. Цонх яасан бэ гэмээр дуу чимээ /ярих/ бүдэгхэн сонсогдсон. Тэгээд бид хоёр машинаас зугтаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 101-105 хуу/ Шинжээч Б.Отгонжаргалын мэдүүлсэн: ...2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 307 дугаартай шинжээчийн дүгнэлт үнэн. Би өөрийн биеэр эмнэлэгт хэвтэж байхад нь очиж үзсэн мөн өвчтөний түүх 3179 тоот түүхийг хуулбарлан үзэж үндэслэн дүгнэлтээ гаргасан. Хохирогчийн зүүн ташааны доод хэсэг, зүүн гуяны гадна хажуу дээд хэсэг, зүүн шууны гадна дээд хэсэгт бүдэг цус хуралт, зүүн хөмсөгний гадна хажуу зүүн шанаа хацрыг хамарсан зулгаралт, зүүн өвдөгний гадна хажууд нидрэгдсэн мэт арьсны өнгөц давхраа хууларсан жижиг зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон гэмтэл нь нийтдээ хөнгөн зэрэгт хамаарах ба мотоциклиос унах үед үүсэх боломжтой гэмтлүүд юм. Учир нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байсан ба өнгөц зулгаралт бүдэг цус хуралт гэмтлүүд биеийн зүүн талдаа байсан. Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл нь элэг байгаа газарт өшиглүүлэх тухайн орчинд дэвсүүлэх зэрэг хүчтэй үйлдэл хийснээс болж үүсэх боломжтой. Мөн өндрөөс унах тохиолдолд хавсарсан гэмтэл буюу яс хугарах тархины гэмтэл гэх зэргээр хавсарч үүсэх боломжтой байдаг. Эсхүл явган явж байгаа тохиолдолд баруун хавирганы түвшинд машины аль нэг хэсэгт хүчтэй мөргөгдөх үед үүснэ гэхдээ хохирогчийн биед үүссэн гэмтлээс үзэхэд автомашин мөргүүлсэн гэх шинж тэмдэг, гадна биеийн үзлэгт байгаагүй. Баруун талын гэмтэл, хүнд гэмтэл нь нэг цаг хугацаанд олон удаагийн цохих, цохигдох дэвсэх нидрэгдэх зэрэг үйлчлэлээр үүссэн байх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 хуу/ Гэрч Б.Баярмагнайгийн дахин мэдүүлсэн: ...2016 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө майхандаа Юндэн, Отгонбулган, Отгонцоож, бид дөрөв унтаж байтал Лексустай залуучуудын нэг орж ирээд танай машины цонхыг хагалсан хүнийг олоод ирлээ, гараад ир гэсэн. Тэгээд Юндэн эхэлж гараад, араас нь Отгонбулган гарсан. Тэгээд майхны гадаа Юндэн болон бусад хүмүүс хэрүүл хийгээд байсан. Би хувцсаа өмсөөд гараад иртэл Юндэн, Бямбадорж хоёр майхны ойролцоох чулуу руу алхаж байсан ба би Отгонбулган дээр очоод чи хол бай, жирэмсэн байж гэж хэлсэн. Гэтэл нэг хүн Юндэнгийн Приусны орчим ёо ёо гээд байсан. Түүнийг Отгонцоож харж хоносон. Би Отгонцоожийг майхнаас дуудаж гаргаж ирсэн. Баярсайхан нуур руу орж үхнэ гээд байхаар нь Отгонцоожоор харуулсан. Ийм зорилгоор Отгонцоожийг дуудсан юм. Баярсайханыг мотоциклиос унасан байх бид нар угаасаа очоогүй, харин майхны гадаа ирцгээсэн байхад нь Юндэн, Отгонбулган бид нар гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 222-223 хуу/ Гэрч С.Золжаргалын дахин мэдүүлсэн: ...Би угаасаа цохиж зодож байхыг бол хараагүй. Харин Юндэнд Баярсайхан нь алгадуулж, хөл рүүгээ өшиглүүлсэн гэсэн. Үүнийг би Бямбадоржоос сонссон. ...Ямар ч байсан л манай майхан дээр авч ирсэн. Би тухайн үед бол гадна гарч харсан. Тухайн гурван залуугийн авч ирсэн залуугийн нүүр, ам нь ус болчихсон ёо ёо л гээд байсан. Би тухайн хүмүүс дээр очоогүй. Харин Бямбадорж очсон байсан. Бямбадорж надтай хамт унтаж байгаад Отгонбулганыг дуудахаар нь гараад явсан. Би удалгүй араас нь гарахад дээрх дүр зураг харагдсан. Тэгээд би буцаад автомашиндаа орчихсон. Мөн хэрэг болсны маргааш Lexus машинтай залуучуудын нэг залуугийн утсан дээр нь урьд шөнийнх нь бичлэг байсан ба бичлэг дээр Баярсайхан нүүр ам цус нөж болчихсон, нэг залуу цаанаас нь чи өөрөө мотоциклио унаа биз дээ, өөрөө унасан гэж хэлээч гээд байсан бөгөөд Баярсайхан ёо ёо гээд байсан. Юндэн, Бямбадорж болон бусад хүмүүс Баярсайханыг барьж авсан байх үед буюу мотоциклиос унасан байх үед очоогүй, харин майхан дээр авч ирсэн байх үед нь бол Бямбадорж, Юндэн нар очсон. Юндэн сүүлд нь Баярсайханы мотоциклийг авч ирсэн гэсэн. Би бага насны хүүхэдтэй байцаалт өгсөн учраас байцаалт дундуур олон удаа гарч орсон, тэгээд сүүлд нь уншаад хэлсэн, би ингэж хэлээгүй гэсэн юм. Амгаланбаатар засаагүй, буруу ойлгоод бичсэн байх...гэх мэдүүлэг /хх-ийн 224-225 хуу/ Гэрч Б.Бямбадоржийн дахин мэдүүлсэн: ...2016 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Юндэнгийн Приус 20 маркийн автомашинд би эхнэр Золжаргал, 3 сартай нялх хүү Соёмбо нарын хамт унтаж байсан. Гэтэл Отгонбулган ирээд Золжаргал бид хоёрыг сэрээгээд Lexus 470 машинтай 3 залуу Юндэнгийн машины цонхыг хагалсан хүнийг майхан дээр аваад ирлээ хэмээн нэг залууг аваад ирлээ гэж хэлсэн. Юндэн майхнаасаа гарчихлаа, чи босоорой гэсэн. Үүний дагуу босоод очтол нэг залуу зогсож байсан ба ёо ёо үхлээ гээд байсан ба Юндэн түүнийг 2 удаа хацар руу нь алгадаад хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би Юндэнг хөөе боль гээд нуруу руу нь алгадаад наадах хүн чинь хүн гай болох хүн байна, царай зүс бие хааг нь хар хэмээн хэлсэн. Тухайн залуугийн нүүр ам нь нил цус болчихсон байсан. Тэгээд Юндэн бид хоёр тухайн хүмүүсээс хэсэг холдоод майхны хажууд байсан том чулуун дээр сууж тамхилж юм ярьсан. Юндэн мөн надад Баярсайханыг энэ залуу бид нартайгаа таарсан ядарсан амьтан байна, мотоцикль нь хаана байгаа юм бол, хөдөө гадаа бензин тос байхгүй, бензин нь асгарчих байх, мотоциклийг энд авчирч тавъя хэмээн хэлээд ганцаараа явсан. Би буцаад автомашин руугаа ороод хэвтсэн. Юндэн мотоциклийг унаад ирсэн. Харин Lexus машинтай залуус майхан руугаа явсан байсан. Харин Баярсайханыг Отгонцоож харж хоносон гэсэн. Би сайн мэдэхгүй, би унтсан байсан. Баярсайханыг хамгийн эхлээд хаанаас авч ирсэн гэдгийг нь мэдээгүй. Гэхдээ Юндэнг Баярсайханы мотоциклийг авахаар явах үед бөгсний улаан гэрэл майхны зүүн тал руу 100-200 метр орчим зайд харагдаж байсан. Өглөө нь тухайн автомашин байсан газар очиход автомашины тормосны мөр байсан ба мотоциклийн унасан газрын хөрс нь том жижгээр онги татагдсан байсан. Мөн 2016 оны 07 дугаар сарын 19-нйи өглөө Lexus 470 машиныг харахад автомашины гуперны баруун урд хэсэгт хэсэг газар будаг нь шинэ халцархайтай, баруун урд дохионы шил нь хагарсан байсан. Лексустай хүмүүс Баярсайханыг барьж авч байхад буюу Баярсайханыг мотоцикиос унах үед би угаасаа очоогүй, Юндэн ч очоогүй, Юндэн тухайн үед майхан дотор Отгонбулган, Баярмагнай, Отгонцоож нарын хамтаар унтаж байсан. Харин Лексустай залуус Баярсайханыг майхан дээр барьж авч ирээд Юндэнг дуудсан гэсэн. Тэгээд Отгонбулган Юндэнг гараад хүнтэй хэрүүл маргаан үүсгэчих байх гэж бодоод намайг дуудсан гэсэн. Би болон Юндэн очоогүй, тухайн гурван залуу худал мэдүүлэг өгч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 226-227 хуу/ Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 32 тоот химийн шинжилгээний дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ж.Баярсайханы гэх цусанд 0.8 промиль спиртийн алкоголь илрэв. 2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 3. Ж.Баярсайхан нь 2 дугаар бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /хх-ийн 56 хуу/ Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 307 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Баярсайханы биед хэвлийн хөндийн битүү хүн гэмтэл, элэгний 2,3-р сегмент орчим болон ар гадаргууд элэг задарч, урагдсан, хэвлийн хөндийд дотуур цус алдалт, хэвлийн баруун хажуу доод хэсэг, баруун ташаа, гуяны дээд хэсэг, баруун бугалганы гадна хажуу доод хэсэгт тод цус хуралт, баруун чихний дэлбээний ард цус хуралт, жижиг зулгаралт, баруун чамархайн ард хуйханд зулгаралт, баруун өвдөгний урд жижиг зулгаралт бүхий биеийн баруун талын гэмтлүүд, зүүн ташааны доод хэсэг хэсэг, зүүн гуяны гадна хажуу дээд хэсэг, зүүн шууны гадна дээд хэсэгт бүдэг цус хуралт, зүүн хөмсөгний гадна хажуу, зүүн шанаа хацрыг хамарсан зулгаралт, зүүн өвдөгний гадна хажууд нидрэгдсэн мэт арьсны өнгөц давхраа хууларсан жижиг зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох болон хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар хэвлийн хөндийн битүү гэмтлүүд нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Биеийн гадаргуугийн цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд нь нийтдээ 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлийн улмаас элэг задарч урагдан, хэвлийн хөндийн дотуур цус алдсан тул яаралтай хагалгаа хийж гэмтсэн элгийг оёж хэвлийн хөндий дэх сул шингэнийг соруулан авч, цөсний хүүдийг авах, гуурс тавих хагалгаа хийгдсэн...гэх дүгнэлт /хх-ийн 58-60 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн гаргасан 307 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Ж.Баярсайханы биеийн хэвлийн хөндийн битүү хүнд гэмтэл: элэгний 2,3-р сегмент орчим болон ар гадаргууд элэг задарч урагдсан, хэвлийн хөндийд дотуур цус алдалт, хэвлийн баруун хажуу доод хэсэг, баруун ташаа, гуяны дээд хэсэг, баруун бугалганы гадна хажуу доод хэсэгт тод цус хуралт, баруун чихний дэлбээний ард цус хуралт, жижиг зулгаралт, баруун чамархайн ард хуйханд зулгаралт, баруун өвдөгний урд жижиг зулгаралт бүхий биеийн баруун талын гэмтлүүд, зүүн ташааны доод хэсэг, зүүн гуяны гадна хажуу дээд хэсэг, зүүн шууны гадна дээд хэсэгт бүдэг цус хуралт, зүүн хөмсөгний гадан хажуу зүүн шанаа хацрыг хамарсан зулгаралт, зүүн өвдөгний гадна хажууд нидрэгдсэн мэт арьсны өнгөц давхраа хууларсан жижиг, зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар хэвлийн хөндийн битүү гэмтлүүд нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэг хамаарна. Биеийн гадаргуугийн цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадварын хувиар алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох болон хэсэг газрын шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 6. Дээрх гэмтлүүд нь тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, мотоциклиос унах, цохих, өшиглөх аль ч үед үүсэх боломжтой, нарийн ялгах боломжгүй гэмтлүүд байна...гэх дүгнэлт /хх-ийн 133-134 хуу/ Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05 хуу/ Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07, 91хуу/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08, 90 хуу/ Архангай аймгийн Прокурорын газарт гаргасан гомдол /хх-ийн 206-208 хуу/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 75-76 хуу/ зэрэг болно. Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт байх Өгийнуурын эрэгт Баярсайханыг машины цонх хагаллаа гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. Шүүгдэгч С.Юндэн нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт байх Өгийнуурын эрэгт Баярсайханыг машины цонх хагаллаа гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Нэг тод гэрэлтэй машин гарч ирж намайг хажуу хэсэг рүү мөргөсөн, тэгээд машинтай залуучууд авч яваад тэр машины шил хагалсан гээд байгаа залуучуудад аваачиж өгсөн гэсэн, нэг мэдэхэд намайг дээлийн бүсээр баглаад, хүлчихсэн байсан, би бөөлжөөд байсан, намайг нэг саарал өнгийн цамцтай, саарал өмдтэй залуу намайг хоргоогоод чамайг явуулахгүй, чи цонх хагалсан гэж хэлээд байсан, тэгээд тэндээ хоноод, Өгийнуур сумын түргэний эмчид үзүүлж, Өгийнуур сум руу авч яваад сумаас Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасагт шууд хагалгаанд орсон. Миний элэг задарч урагдсан, хэвлийн дотуур цус алдсан, цөсний хүүдийгээ авахуулах хагалгаанд хийлгэсэн гуурс тавиулсан байсан...гэх хохирогч Ж.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-29/, намайг үүрээр Юндэн дуудаад сая Лексус 470 машинтай 3 залуу миний машины цонхыг хагалсан хүнийг бариад гадаа аваад ирсэн байна, энэ хүн нуурт орж үхнэ гэж орилоод байна, чи харж бай, би нилээн удаан унтчихсан биз дээ гэж хэлсэн гэж мэдүүлсэн гэрч Ц.Отгонцоожийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-32/, Юндэн гэх залуу ирэнгүүтээ үгийн зөрөөгүй нөгөө залууг бакалан гутлаараа гэдэс, толгой руу нь олон удаа өшиглөж зодсон. Нөгөө зодуулж байгаа залуу газар унаад, нүүрээ дараад хамгаалж байсан ба би зодоод болихгүй болохоор нь Юндэн гэх залууг боль, хүн аллаа гээд түлхэж холдуулсан чинь Юндэн гэх залуу өөдөөс түлхэж хажуу тийшээ болгоод дахин нөгөө залууг өшиглөж зодсон. Нөгөө залуу газар унаад хэвтсэн. Майхан дээрээ ирсэн хойноо Юндэн дахин нөгөө залууг зодоод байсан ба Бямбаа гэх найз нь боль, чи хүн аллаа гээд Юндэнгээ нэг цохиод салгасан. Юндэн тухайн залууг анх очоод хөлөөрөө, цээж, хэвлий, толгой, ташаа хэсэг рүү нилээн олон удаа бакалаараа өшиглөж зодсон. Дараа нь майхан дээрээ авчирсан хойноо 1-2 удаа хэвтсэн байхад нь дээрээс нь цээж, хэвлий орчим нь дэвсээд өшиглөөд байсан...гэж мэдүүлсэн гэрч Б.Бөхмөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-35/, Юндэн гэх залуу ирэнгүүтээ үгийн зөрөөгүй нөгөө залууг бакалаар гэдэс, толгой руу нь өшиглөж зодсон. Нөгөө зодуулж байгаа залуу газар унаад гараараа нүүрээ дараад хамгаалж байгаа харагдсан. Майхан дээрээ авчирсан хойноо Юндэн нөгөө залууг зодоод найз Бямбаа гэх залуу боль, чи хүн аллаа гээд Юндэнгээ нэг цохиод салгасан. Юндэн тухайн залууг анх очоод цээж, хэвлий, ташаа хэсэг рүү нилээн олон удаа бакалаараа өшиглөж зодсон гэж мэдүүлсэн гэрч П.Доржхандын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36-38/, Юндэн гэх залуу нөгөө залуугийн дээр гарсан хэвлий хэсэг рүү өшиглөөд дэвсээд байгаа харагдсан, би бага зэрэг зайтай байсан, машины гэрэлд харсан, ирснийхээ дараа Юндэн дахин нөгөө залууг зодоод хэвлий хэсэг рүү 2 удаа цохиж байсан. Юндэн тухайн залууг анх очоод цээж, хэвлий, толгой, ташаа хэсэг рүү нилээд олон удаа бакалаараа өшиглөж зодсон гэж мэдүүлсэн гэрч Б.Жигмиддоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-41/, би буцаж машин руугаа ороод тамхи аваад эргээд иртэл Юндэн тэр залуугийн хөл рүү нэг удаа өшиглөж гараараа нүүрэн хэсэгт нь 2 удаа алгадсан. Миний харснаар Юндэн нь зүүн гараараа нүүрэн хэсэгт нь 2 удаа алгадсан. Юндэн баруун хөлөөрөө тэр залуугийн зүүн хөлийнх нь гуя орчим руу нэг удаа өшиглөсөн гэж мэдүүлсэн гэрч Б.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45-48/, Өгийнуурын эрэг дээр нэг майхан байсан бөгөөд түүний хажуугаар 200м орчим зайтай зөрөхөд гэнэтхэн машин асч, тод гэрэл асаад, бид гурвыг чиглээд ирж байсан. Тэгээд ард явж байсан мотоцикльтой Баярсайханыг хөөгөөд явчихсан. Тэгээд бид гурав мотоциклийнхоо хурдыг багасгаад бараг зогсож байгаад хартал машины Баярсайхан мотоцикльтойгоо унаж машин нь тулж ирээд зогссон. Тэгээд машинаас 3 залуу бууж ирээд Баярсайханыг машиндаа суулгасан. Газар хэвтэж байхад нь сугадаад суулгасан талаар мэдүүлсэн гэрч Ө.Цолмонбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 101-105/, хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл нь элэг байгаа газарт өшиглүүлэх тухайн орчинд дэвсүүлэх зэрэг хүчтэй үйлдэл хийснээс болж үүсэх боломжтой. Мөн өндрөөс унах тохиолдолд хавсарсан гэмтэл буюу яс хугарах тархины гэмтэл гэх зэргээр хавсарч үүсэх боломжтой байдаг. Эсхүл явган явж байгаа тохиолдолд баруун хавирганы түвшинд машины аль нэг хэсэгт хүчтэй мөргөгдөх үед үүснэ гэхдээ хохирогчийн биед үүссэн гэмтлээс үзэхэд автомашин мөргүүлсэн гэх шинж тэмдэг, гадна биеийн үзлэгт байгаагүй. Баруун талын гэмтэл, хүнд гэмтэл нь нэг цаг хугацаанд олон удаагийн цохих, цохигдох дэвсэх нидрэгдэх зэрэг үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэж мэдүүлсэн шинжээч Б.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг: /хх-ийн 92-93/, Харин Юндэнд Баярсайхан нь алгадуулж, хөл рүүгээ өшиглүүлсэн гэсэн. Үүнийг би Бямбадоржоос сонссон гэж мэдүүлсэн гэрч С.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 224-225/, гэтэл Отгонбулган ирээд Золжаргал бид хоёрыг сэрээгээд Lexus 470 машинтай 3 залуу Юндэнгийн машины цонхыг хагалсан хүнийг майхан дээр аваад ирлээ хэмээн нэг залууг аваад ирлээ гэж хэлсэн. Юндэн майхнаасаа гарчихлаа, чи босоорой гэсэн. Үүний дагуу босоод очтол нэг залуу зогсож байсан ба ёо ёо үхлээ гээд байсан ба Юндэн түүнийг 2 удаа хацар руу нь алгадаад хөл рүү нь нэг удаа өшиглөсөн гэж мэдүүлсэн гэрч Б.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 226-227/, хохирогч Ж.Баярсайханы гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 307 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-60/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 133-134/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07, 91/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08, 90/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Юндэнг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч С.Юндэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна. Шүүгдэгч С.Юндэн нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Боржигон овогт Соронзонболдын Юндэнг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Юндэнг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Юндэнд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 10 сарын 01-ний дотор 4.000.000 төгрөг, 2019 оны 10 сарын 01-ний дотор 4.000.000 төгрөг, 2020 оны 05 сарын 01-ний дотор 2.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Юндэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хос бакалан гутлыг шүүгдэгч С.Юндэнд буцаан олгож, шүүгдэгч С.Юндэн нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Юндэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ