Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/10

 

                                                                                                          

О.Мөнх-Амьдралд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

Прокурор П.Шижиртуяа

Шүүгдэгч О.Мөнх-Амьдрал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал

Нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн давж заалдсан гомдлоор шүүгдэгч О.Мөнх-Амьдралд холбогдох 2115000000262 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Монгол Улсын иргэн, Халиун овогт Осоржамын Мөнх-Амьдрал, 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Булган аймгийн Орхон сумын * дүгээр багийн Мааньт гэх газарт оршин суух бүртгэлтэй, эрэгтэй, урьд

-Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан

О.Мөнх-Амьдрал нь Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг Мааньтын ар булаг гэх газарт оршин суух иргэн Л.Чандманы эзэмшлийн 85 тооны ямаа, иргэн М.Батдоржийн 1 тооны адууг 2021 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө хулгайлж нийт 12.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Булган аймгийн прокурорын газраас О.Мөнх-Амьдралын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Халиун овогт Осоржамын Мөнх-Амьдралыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Мөнх-Амьдралыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мөнх-Амьдралд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мөнх-Амьдралд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 21 /хорин нэг/ хоногийн хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар 21 /хорин нэг/ хоногоор тогтоож.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мөнх-Амьдралын цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Энэ хэрэгт шүүгдэгч О.Мөнх-Амьдрал нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Чандмань, Х.Батдорж нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаанд хадгалж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мөнх-Амьдралд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Мөнх-Амьдрал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хэргээ хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Иймд миний эрхзүйн байдлыг дордуулалгүй 6.7-г ашиглаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Шижиртуяа дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Мөнх-Амьдралд холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч О.Мөнх-Амьдрал нь 2021 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг Мааньтын ар булаг гэх газарт оршин суух Л.Чандманы эзэмшлийн 85 тооны ямаа, М.Батдоржийн 1 тооны адууг хулгайлж нийт 12.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Мөнх-Амьдралд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 21 /хорин нэг/ хоногийн хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар 21 /хорин нэг/ хоногоор тогтоож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 133  дугаар захирамжаар шүүгдэгчийн зорчих эрхийн эдлээгүй үлдсэн 1 /нэг/ 3 /гурав/ сар 18 /арван найм/ хоногийн хорих ялын нэг хоногоор тооцож, 1 /нэг/ 3 /гурав/ сар 18 /арван найм/ хорих ялаар сольж, шүүгдэгчийг албадан ирүүлж Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэрлэсэн байхад шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан санаатай гэмт хэргийн үйлдэж, гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн” гэж хуульчилсан байна.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Мөнх-Амьдралын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялыг шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн шийдвэрлэх ёстой атал шүүгдэгч О.Мөнх-Амьдралын эдлээгүй үлдсэн ялыг 1 /нэг/ жил 21 /хорин нэг/ хоног гэж тогтоож, шүүгдэгч О.Мөнх-Амьдралд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

         Тодруулбал: Шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэж, шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэхдээ зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг хэрхэн тооцож нэмж нэгтгэсэн  болох нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн хорих ялыг хэрхэн тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хугацааг тогтоосон талаараа хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд шүүгдэгч О.Мөнх-Амьдралын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч О.Мөнх-Амьдралын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

                                       ШҮҮГЧ                                        С.ЦЭЦЭГМАА

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН