Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж Улсын яллагч: Б.Батсайхан Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхжаргал, В.Удвал Хохирогчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ Шүүгдэгч: Б.Гончигдорж, Б.Хүрэлтогоо Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бямбасүрэнгийн Гончигдорж, Боржигон овогт Баатарын Хүрэлтогоо нарт холбогдох 201603000185 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 03 дугаар багийн Урантолгой хороололд оршин, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Бямбасүрэнгийн Гончигдорж /РД:АИ98072315/ Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Эрдэнэбулган сумын Хүмүүн 3 дугаар сургуулийн 12д ангийн сурагч, Архангай аймгийн Эрдэнэбулган сум 01 дүгээр баг 40-р байр 15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баатарын Хүрэлтогоо /РД:АИ99020752/ Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Б.Гончигдорж, Б.Хүрэлтогоо нар нь бүлэглэн 2015 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын 20-ны хооронд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Уран толгой хорооллын 01-07 тоотод оршин суух С.Мэндсайханы гражид хууль бусаар нэвтэрч удаа дараагийн үйлдлүүдээр 800 кг самар шунахайн сэдэлтээр хулгайлж, С.Мэндсайханд 6.240.000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч Б.Гончигдорж нь ганцаараа давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн нутаг дэвсгэр Хөх Сүмийн гол Бугатын өвөр гэх газраас А.Адъяагийн эзэмшлийн дунд гарын шүрэн толгойтой гартам хөөрөг хулгайлж А.Адъяад 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 04 дүгээр сарын 12-14-ны хооронд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Уран толгой хорооллын 01-07 тоотод оршин суух С.Мэндсайханы гражаас 14 кг ноолуур хулгайлж С.Мэндсайханд 952.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 04 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр Урантолгой хорооллын 01-01 тоотод оршин суух иргэн Д.Энхтайваны байшинд хууль бусаар нэвтэрч 42.4 кг ноолуур хулгайлж, 2.883.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гончигдорж мэдүүлэхдээ: 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс 7 хоног болгон шуудай самар хулгайлж байсан. Б.Хүрэлтогоог хулгай хийе гэж хэлээгүй. Өөрийнхөө хулгайлсан самрыг Б.Хүрэлтогоог хамт зараад өг гэж хэлсэн. Өөр хэлэх зүйл байхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хүрэлтогоо мэдүүлэхдээ: Б.Гончигдоржийг самар хулгай хийж байна гэж мэдээгүй. Урьд өмнө нь би Б.Гончигдоржид унаж байсан мотоциклио зарсан бөгөөд тэр мөнгөнөөс 200.000 төгрөгийг аваагүй байсан. Б.Гончигдорж манайд ирээд нөгөө үлдсэн мөнгөө авах уу гэхээр нь авъя гэсэн. Б.Гончигдорж 3 шуудай самраа зараад 500.000-600.000 төгрөг болсон бөгөөд тэрнээсээ надад 200.000 төгрөгийг өгсөн. Тэгээд бид хоёр салцгаасан гэв. Мөрдөн байцаалтын шатанд 201603000185 дугаартай эрүүгийн хэргээс: Хохирогч Д.Энхтайваны мэдүүлсэн: ...Би Төвшрүүлэх сумандаа 20 гаруй жил түүхий эд авч байна. Энэ жилийн хувьд 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн авч эхэлсэн. Би ноолуур авахдаа хөдөөгүүр явж авдаг, хааяа гэрээрээ ноолуураа авдаг. Авсан ноолуураа гэртээ хурааж байгаад бөөн болгож байгаад нэг тушаачихдаг юм. Би 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнөх өдрүүдэд авсан ноолуураа 04 дүгээр сарын 17-ны өдөр Цэнхэр сумын төв рүү оруулж шахааны ченж нарт өгсөн. Үүнээс хойшхи өдрүүдэд авсан ноолуураа Төвшрүүлэх сумын 4-р багийн Уран толгой хорооллын 1-01 тоотод байх өөрийн байшиндаа хадгалж байгаад 04 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн үед гэрийнхээ залгаа хажуугийн байшин руу оруулж нэг өрөөнд нь хийсэн. Тэгээд байшингийн хаалгыг цоожилсон түлхүүрүүдийг өөртөө аваад гэртээ унтаж амарсан. Би 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 08 цаг 10 минутын үед босоод гэртээ байж байсан. Манай эхнэр Эрдэнэтогос цэцэрлэгийн хүүхэд хүргэж өгөхөөр цэцэрлэг рүү явсан. Манай хүү Эрдэнэтулга гал тогооныхоо өрөөнд унтаж байсан. Тэгээд би гэрээсээ гарч байшингаа тойрч харахад хажуугийн байшингийн хаалганы цоож зүгээр байсан. Байшингийнхаа ар руу тойрч харахад арын жижиг салхивчны дотор талын хэсэг нь дотогшоо онгойсон байсан. Гадна талын хэсэг нь хаалттай байсан. Тэгэхээр нь би энэ салхивчны дотор тал яагаад онгойчихдог юм бол гэж бодоод байшингаа онгойлгож дотогшоо ороход ноолуур хийсэн өрөөний хаалга хаалттай байсан, ноолуур нурсан байдалтай байсан бөгөөд шуудайтай байсан ноолуурнаас нь дутаж алга болсон байсан. Тэгээд би гэр рүүгээ орж хүүхдээ сэрээгээд ноолуур алга болсон байна гэдгийг мэдсэн. Тэгээд би эхнэрээ ирэхийг хүлээсэн. Эхнэрээ ирэнгүүт эхнэртээ хулгай орж гэж хэлээд онгойсон байсан салхивчаа харуулсан. Би эхнэрийгээ ноолуур байсан өрөө рүү оруулж харуулахад эхнэр маань сайн чихэж хийсэн шуудайтай ноолуурууд нь алга болсон байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр сумын цагдаагийн хамт үлдсэн ноолуураа ноолуур байсан өрөөнөөс гаргаж ирээд том өрөө рүү оруулж байгаад клограммлаж үзэхэд бохир жингээрээ нийт 39.3 кг болж байсан. Тэгээд би сүүлд нь онгорхой байсан салхивчаа хааж түгжсэн. Тус бүр 6.2 кг, 9кг, 4.4кг 7.4кг, 4.3кг, 5.4кг, 5.3кг, жинтэй нийт 41.2 кг буюу 7 ширхэг 25 кг-ын жижиг шуудайтай ноолуур алдагдсан байсан, зарим нь дундхан шуудайтай ноолуур дээр жижиг гялгар ууттай 0.4 кг-аар өгсөн ноолуурыг хийсэн байсан байх. Тэгээд нийт 41.6 кг ноолуур алдагдсан гэж гарч байна. Би хүнээс худалдаж авсан ноолууруудаа дэвтэр дээрээ жингээр нь тэмдэглэж мөнгөн дүнг нь ард нь бичсэн байгаа бөгөөд шуудайных нь нэг тал дээрээ Улаанбаатар гурил гэсэн бичигтэй улаан өнгийн, цэнхэр өнгийн шуудайнууд байсан. Зарим шуудайнуудыг нь сайн мэдэхгүй байна. Цаанаас айлаас өгсөн шуудайнуудтайгаа байсан. Би 79.9 кг ноолуур авсан байна лээ. Дэвтэр дээр нэг бүрчлэн бичсэн байгаа. Одоо манай байшинд бохир жингээрээ 39.3 кг шуудай болон гялгар уутыг нь хасахаар цэвэр жингээрээ 38.3 кг ноолуур үлдсэн байна лээ. Тийм болохоор 41.6 кг ноолуур алдагдсан байна. Гадна хаалгаа том монгол цоожоор, дотор давхар хаалгыг мөн жижиг монгол цоожоор цоожилсон байсан. Цоож тус бүр нэг нэг түлхүүртэй, түлхүүр нь надад өөрт байдаг, гараар онгойх боломжгүй, түлхүүрээ би өөрийнхөө унтаж байсан орны дээд шүүгээнд хийсэн байсан. Өглөө босоход түлхүүр тэр шүүгээндээ байж байсан. Ул мөр анзаарагдаж харагдаагүй, байшингийн цоож болон салхивчийг хөшиж эвдсэн зүйл байгаагүй, байшингийн арын салхивчны доор байшингийн ханан дээр хар зурагдсан мөр гарсан байсан, юуных гэдэг нь тодорхойгүй байсан. Салхивчны харалдаа доор газар нь хатуу хөрстэй болохоор гутлын мөр гэх зүйл мэдэгдэхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуу/ Хохирогч Д.Энхтайваны дахин мэдүүлсэн: ...Би тус бүрдээ 6.2 кг, 9 кг, 4.4 кг, 7.4 кг, 4.3 кг, 5.4 кг, 5.3 кг жинтэй, нийт 42.4 кг, 8 ширхэг 25 кг-ын жижиг шуудайтай ноолуураа хулгайд алдсан. Би ноолуур авч байх үедээ худалдан авсан ноолуурынхаа кг, мөнгөн дүнг бичиж тэмдэглэгээ хийж, дэвтэр дээр тэмдэглэгээ хөтөлдөг байсан. Би 25 кг-ын нийт 8 шуудай ноолуур хулгайд алдсан. Би тэр үед үлдсэн ноолуураа дахин жинлэж үзээд өөрийн хөтөлдөг дэвтэртэйгээ тулгалт хийж үзэхэд 6.2 кг, 9 кг, 4.4 кг, 7.4 кг, 4.3 кг, 5.4 кг, 5.3 кг, 0.4 кг жинтэй шуудайтай ноолуурууд байхгүй болсон байсан бөгөөд би тухайн үед мэдүүлэг өгөхдөө дээрх клограммуудыг буруу бодоод өгөх үедээ дээрх клограммуудыг буруу бодоод 41.6 кг гэж мэдүүлсэн байна, одоо тооны машинд хийгээд бодоод үзэхэд 42.4 кг болж байна, би буруу бодож андуурч мэдүүлсэн байна. Би дээр дурдсан кг бүхий 8 шуудай ноолуур хулгайд алдсан. Би өөрийнхөө хөтөлдөг байсан дэвтэр нооргыг урьд өмнө өгч хэрэгт хавсаргуулсан байгаа. Би хохирлоо олж авахыг хүсч байна. Хулгайд алдсан эд зүйлс болох ноолуурынхаа мөнгийг нэхэмжилнэ. Би Гончигдоржийн хулгайн гэмт хэрэг үйлдэж олж авсан мөнгөөрөө авсан Мустанг-5 маркийн хар өнгийн шинэ мотоциклийг тухайн үед хэрэг шалгаж байсан мөрдөн байцаагч Г.Дагийранжил гэх хүний зөвшөөрлөөр авсан. Би уг мотоциклийг 1.400.000 төгрөгөнд тооцоолж авсан. Би одоо үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулах юм бол гомдол санал гэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 148 хуу/ Хохирогч Д.Энхтайваны дахин мэдүүлсэн: ...Би 41 хүнээс нийт 79.9 кг ноолуур авсан. Авахдаа 0.6 кг, 2 кг, 3.7 кг, 0.8 кг, 6.1 кг, 0.1 кг, 0.6 кг, 0.2 кг, 1.2 кг, 1 кг, 1 кг, 0.2 кг, 1.8 кг, 6.2 кг, 9 кг, 1.5 кг, 4.4 кг, 0.3 кг, 0.15 кг, 0.5 кг, 0.2 кг, 2.4 кг, 1.6кг, 1.8 кг, 0.15 кг, 2.8 кг, 1.8 кг, 7.4 кг, 4.3 кг, 0.5 кг, 5.4 кг, 1.1 кг, 0.5 кг, 0.2 кг, 0.3 кг, 0.3 кг, 0.4 кг, 5.3 кг, 1 кг, 0.7 кг, 0.4 кг тус бүр авсан. Хамгийн их жинтэй 9 кг ноолуурыг сумын төвд байдаг Я.Амарсайхан гэдэг залуу эхнэрийнхээ хамт ирж өгсөн гэдгийг л би өөрөө мэдэж байна. Ер нь л бүгдийг нь манай сумын зүс таньдаг иргэд л өгсөн. Ноолуураа авахдаа би нэрээр нь бичээгүй болохоор хэн нь хэдэн кг ноолуур өгсөн гэдгийг хэлж мэдэхгүй байна. Би 2016 оны 04 сарын 02-ны өдөр Төрийн банкнаас 7.5 сая төгрөгийн зээлийг өөрийнхөө хоршооны нэр дээр авсан. Мөн аймгийн төвийн ченж Монхор гэх залуугаас 13.765.000 төгрөг авч ноолуур авч байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/ Хохирогч Б.Адъяагийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвд цэцэрлэгийн хүүхдүүдтэй хамт байдаг юм. Тэгээд 2016 оны 04 дүгээр сард би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1-р баг Бухт гэх газар байх дүү Ишдоржийн гэрт очсон юм. Тухайн үед мал төллөөд туслахаар очсон юм. Би 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр очсон юм. Намайг очсоны маргааш буюу 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Гончигдорж адуундаа явж байгаа гээд ирсэн. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө манай дүү Энхтуяа нохойдоо хоол өгөх гэж байгаад миний хөөрөгний дайланг аваад ирсэн. Тэгээд таны хөөрөг байна уу гэхээр нь би хөөргөө үзтэл миний унтдаг ор буюу гэрийн баруун талын орны гудсан доор байсан хөөрөг маань алга болсон байсан. Тухайн үед манай дүү Ишдоржийнд байдаг 2 настай хүү тоглож явж байгаад хаячихлаа гээд гэрийн дотор болон гадна эрж хайсан боловч олдоогүй. Тэр үед Гончигдорж надтай хамт миний хөөргийг хайлцаж байсан. Тэгээд би хөөргөө тэр жаахан хүүхдийг алга болгочихлоо гэж бодож байтал Ишдорж миний хөөргийг Гончигдорж хулгай хийгээд ломбарданд тавьсан байна гээд авчирч өгсөн. Би очихдоо хөөргөө авч очоод өөрийн унтаж байсан орон доороо хийсэн байсан. Тэгээд манай дүү Энхтуяа миний хөөрөгний дайланг гаднаас олоод ирэхээр нь хөөргөө алга болсныг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ий 55-56 хуу/ Хохирогч С.Мэндсайханы мэдүүлсэн: ...Би 2015 оны намар 08 сараас эхлэн 2015 оны 10 сар хүртэл самар худалдан авсан. Энэ хугацаанд Гончигдорж манайд самар ачилцаж өгдөг байсан. Би тухайн үед 2015 оны 09 сарын 20-ны үед худалдаж авсан самраа Улаанбаатар хот руу ачуулаад самраа шахаад, тооцоогоо гаргатал 800 кг самар дутсан. Тухайн үедээ яагаад дутсан, хулгайд алдсан болохыг мэдээгүй. Тэгтэл манай хажуу талын Ганбаатарын хашаан дотор байсан өвсөн доороос 5-6 ширхэг шуудай самар гарч ирсэн гэсэн. Тэр самрыг Гончигдорж миний самар гээд авсан байсан. Намайг самар худалдан авч байх үед Гончигдорж бараг өдөр болгон надад самар зардаг байсан. Тэгээд бид нар яасан ажилсаг хүүхэд вэ, хичээлийн завсраараа самар түүдэг юм байх гэж ярилцдаг байсан. Миний бодож байгаагаар Гончигдорж манай гражийг сайн мэддэг болохоор шөнөд нь хулгай хийгээд өдөр нь надад зардаг байсан юм шиг байна лээ. Би тухайн үед Батмөнх, Баясаа, Баянаа нарын хамт самар авсан. Эдгээр хүмүүс Эмээлт гэдэг газар ченж хийдэг юм. Би хэзээнээс эхлэн самар дутсанаа мэдэхгүй байна, 2015 оны 09 дүгээр сарын 20-ны үед ачихдаа л самар дутсан талаар мэдсэн. Би тухайн үед хэн, хэн гэдэг хүнээс самар авсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед бараг хүн болгон л их бага хэмжээгээр өгдөг байсан. Тухайн үед худалдан авахдаа бүртгэл хөтөлж байгаад, дараа нь энэ бичгээ устгасан байхаа. Тухайн үед Хотонт сумаас хүртэл самар авч байсан. Гражийн хаалга ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байдаг байсан болохоор хулгайд алдсанаа мэдээгүй. 2015 оны 09 сарын 20-ны үед 30-40 тонн самар ачуулсан байхаа, би сайн мэдэхгүй байна. Тухайн үед 1 клограмм самар 7000-7500 төгрөгийн үнэтэй байсан, би нэг кг самраа 7000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд 800 кг самар 5.600.000 төгрөг болж байна. Би эхлээд алдсанаа мэдээгүй дутсан гэж бодож байсан. Гончигдорж өөрөө хулгай хийсэн гэж хэлээд байгаа. Тухайн үед самар дутахад би Батмөнх, Баясаа хоёрыг хардаад, тэр 2 намайг хардаад тэгээд л өнгөрсөн. Гончигдорж 800 кг самар хулгайлсан үгүйг би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 хуу/ Хохирогч С.Мэндсайханы дахин мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 2016 оны 04 дүгээр сарын 05-наас хойш ноолуур худалдан авч байсан. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өглөө худалдан авсан ноолуураа Хаш-Эрдэнэ, Чээмээ, Айраа, Пүрэвдорж, бид нар 50 кг-ийн гурилын шуудайнуудад шуудайлсан. Тухайн үед миний гражид байсан ноолуур 15 ширхэг шуудай болсон. Нэг шуудай нь 14-15 кг болж байсан. Тэгээд би 15 ширхэг шуудайгаа тоолж граждаа үлдээгээд, гражаа цоожлоод хөдөө дахиад ноолуур авахаар явсан бөгөөд хөдөөний айлуудаар Хаш-эрдэнэ бид 2 явж ноолуур авч байгаад, нар жаргахаас арай өмнөхөн ирсэн. Тэгээд Хаш-Эрдэнэ гражийн жижиг хаалгыг онгойлгоод орохгүй зогсоод байхаар нь би очтол гражийн том хаалгыг дарсан аккумлъятор байрнаасаа хөдөлсөн байсан. Шуудайтай ноолуурыг хартал байгаа харагдсан. Тэгээд хөдөөнөөс авчирсан ноолуураа граждаа задгайгаар нь буулгачихаад Хаш-Эрдэнийг хүргэж өгөөд гэртээ ирээд унтсан. Тэгээд маргааш өглөө нь яагаад аккумлъятор хөдөлсөн юм бол гэж бодоод шуудайтай ноолуураа бүртгэхэд 14 ширхэг шуудай болсон байсан. Би хамт ноолуур шуудайлсан хүмүүс рүүгээ залгаад хэдэн шуудай байлаа гээд асуухад 15 ширхэг шуудай байсан гэж хэлсэн. Тэгээд шуудайтай ноолууруудаа Хаш-Эрдэнэ бид 2 жинлэж тулгаж үзэхэд, 14 кг ноолууртай нэг ширхэг шуудайтай ноолуур дутсан байсан. Би тухайн үедээ Гончигдорж гэдэг хүүхдийг сэжиглэж байсан. Би яагаад сэжиглэсэн юм гэвэл Гончигдорж манайхаас бас самар хулгай хийсэн юм. ...Манай гражийн хаалга, цоожинд эвдрэл гэмтэл байгаагүй. Манай гражийн хаалга бага зэрэг зайтай байдаг юм, тэр зайг нь аккумлъятороор дарсан байсан юм, тэр зайгаар нь гараа оруулаад дотор талд байх урт замган түгжээг мултлаад орсон байсан. Гражны том хаалга нь гадна талдаа цоожгүй, жижиг хаалга гадна талдаа цоожтой байдаг. Гражийн том хаалга нь дотор талд байх урт замган түгжээгээрээ онгойдог юм. Тухайн хэрэг гарсан өдөр хот руу камер захиж авсан бөгөөд тэр камер нь оройдоо хүрээд ирсэн. Тэр камераараа эзнийг нь олно гэж бодсон бөгөөд цагдаад хэлэхээр дахиад хулгай хийхгүй байх, чимээгүй байвал дахиад хулгай хийх байх гэж бодсон. Манай гражийг сайн мэддэг хүн хулгай хийсэн байсан. Гончигдорж манай гражийг мэднэ. 2015 оны намар намайг самар авахад манайд самар ачилцаж өгдөг байсан. Манай гражийг сайн мэднэ. Манай гражаас 2015 оны 09 дүгээр сарын 20-ны үед худалдан авч байсан самраас нийт 800.000 кг самар дутсан бөгөөд үүнийг бас Гончигдорж хулгайлсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 108-110 хуу/ Гэрч Б.Отгонбаатарын мэдүүлсэн: ...2016 оны 04 сарын 10-ны үед Гончигдорж манайд ирэхдээ нэг хөөрөг бариад орж ирсэн. Би тухайн үед энэ хөөргийг мана хөөрөг гэж бодсон. Би ямар чулуугаар хөөрөг хийдэг гэдгийг мэдэхгүй. Тэр хөөргөө Гончигдорж надад үзүүлээд энэ хөөргийг олсон юм, энэ хөөрөг ямар байна гэж үзүүлж байсан. Би тэгэхээр нь мана хөөрөг юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй манайхаас гараад явсан. Гончигдорж манайхаар байнга л орж гардаг юм. Тэгээд энэ өдрийн маргааш нь үдээс хойш Гончигдорж ахин манайд орж ирээд энэ хөөрөгний эзэн нь цагдаа дээр ирчихсэн байна гэнэ аваачиж өгөхөөс гээд гараад явсан. Би хүний хөөрөг юм бол аваачиж өг гэж хэлээд гаргасан. Тэгээд энэ өдрийн орой намайг хадам аавындаа байж байтал 19 цагийн үед Гончигдорж залгаад намайг хашаандаа хүрээд ирээч би танайд байна гэж хэлсэн. Би тэгээд гэртээ яваад очтол надад энэ шуудайтай ноолуурыг зараад өгөөч гэж хэлсэн. Би хэний ноолуур юм бэ гэхэд манай ангийн хүүхдийн ноолуур та зараад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би зараад өгье гэж хэлээд таксинд явдаг Зоригоо гэдэг залууг Цэнхэр сум руу орж ноолуур зараад Архангай аймгийн төв рүү хүргүүлнэ гэхэд 50.000 төгрөг гэж хэлсэн. Би Гончигдоржид такси 50.000 төгрөгөөр явна гэнээ гэхэд Гончигдорж зөвшөөрсөн. Тэгээд Зоригоогийн хамт Гончигдорж бид хоёр харанхуй болж байхад Цэнхэр сумын төвд ирээд Ганпүрэв гэдэг хүний дэлгүүрт шуудайтай ноолуурыг зарсан. Тэр ноолуур 11 кг болж байсан бөгөөд нэг клограммыг нь 61.000 төгрөгөөр зарж, нийт 694.000 төгрөг болсон санагдаж байна. Би одоо сайн санахгүй байна. Тэгээд ноолуураа зараад Зоригоогоор Архангай аймгийн төвд хүргүүлж ирсэн. Зоригоод таксины 50.000 төгрөгийг өгөөд явуулсан. Гончигдорж бид хоёр Архангай аймгийн төвд ирээд манай Мөнхзоригийнд очиж хоносон. Маргааш өглөө нь Гончигдорж надад 50.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөө өөрөө аваад хувцас, утас авна гээд явсан. Би энэ өдөр Гончигдоржтой ахиж уулзаагүй. Би энэ өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төв ортол Ишдорж гэдэг залуу Гончигдоржийн надад үзүүлсэн хөөрөгний талаар асуусан. Би Ишдоржид Гончигдоржийн хөөрөгний талаар хэлсэн байсан. Тэгээд тэр орой эргээд Архангай аймгийн төв рүү орж Ишдоржийн хамт Гончигдоржийг хайсан. Тэгээд Гончигдоржтой уулзах гээд олоогүй. Утсаар ярихаар байгаа газраа худлаа хэлээд байсан. Энэ өдрөө Гончигдоржийг олоогүй бөгөөд Мөнхзоригтой уулзахад12 дугаар дэлгүүрийн урд талын ломбарданд надаар тэр хөөргийг барьцаанд тавиулсан гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь Мөнхзориг, Ишдорж, бид гурав хамт 12 дугаар дэлгүүрийн урд талын байранд байх ломбарднаас Ишдорж ахын хөөргийг 155.000 төгрөгөөр авсан. 150.000 төгрөгөөр тавьсан байсан бөгөөд хүү нь 5.000 төгрөг болж байсан. Хөөргийг аваад Гончигдоржтой уулзаж чадаагүй, Төвшрүүлэх сум руу буцсан. Гончигдорж тэр хөөргөө надад олсон гэж хэлсэн бөгөөд хулгайлсан тухайгаа хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 хуу/ Гэрч Ж.Бямбацогтын мэдүүлсэн: ...Гончигдоржийг манайх 2007 оны хавар Тунгалаг гэдэг хүнээс өргөж авч байсан. Тунгалаг гэдэг хүн одоо нас барсан. Гончигдорж 1998 онд төрсөн. Би өөрөө 5 хүүхэдтэй байсан. Гончигдоржийг өргөж аваад өөрийн хүүхдээс ялгаагүй, дутаахгүй, хайрлаж халамжилж өсгөсөн. Гончигдорж багадаа л хүүхдүүдтэй маргалдаад зодоон хийгээд байдаг байсан. Энэ нь хүүхдийн зан байх. Одоогоос 2 жилийн өмнө Архангай аймгийн Цэнхэр сумын гүүрний хойд талд мотоциклтой явж байгаад осолд орж байсан юм. Тэрнээс хойш л сэтгэл санааны байдал нь өөр болчихсон. Заримдаа би тархи толгой нь зүгээр байгаа гэж боддог. Хавар болохоор л гэрээсээ хэлэхгүй яваад алга болчихдог болсон. Эхлээд 2-3 хоног, тэгээд 7 хоног, сүүлдээ үүнээс олон хоногоор алга болдог болсон. Энэ хавар бүр гэртээ ирэхээ больсон. Би Гончигдоржийг одоо хаана байж болох талаар нь мэдэхгүй. 2016 оны 04 дүгээр сарын эхээр нэг өдөр хичээлдээ яваад өдөр гэртээ орж ирээд гараад явсан. Тэрнээс хойш гэртээ ирээгүй. Ангийнхаа хүүхдүүдтэй нөхөрлөдөг байх. Гончигдорж нэг удаа алга болоход Энхтайван гэдэг хүний хүүхдийн хамт явсан байсан. Өөр Гончигдоржийг дагуулаад тэнээд явдаг хүн байхгүй. Гончигдоржийг буруу юм хийхэд нь аашилж загнах тохиолдол байдаг. Түүнээс биш зодож, цохиод гэр орноосоо хөөгөөд байдаг зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 91-93 хуу/ Гэрч П.Энхтуяагийн мэдүүлсэн: ...Манайх 6 хүүхэдтэй. Нөхөр бид хоёр 3 хүүхэд төрүүлсэн. Манай 3 хүүхэд өргөмөл юм. Гончигдоржийг манайх хамгийн сүүлд өргөж авсан. 2007 оны үед Архангай аймгийн Цэнхэр сумаас авч байсан юм. Тунгалаг гэдэг эмэгтэй 2015 онд нас барсан. Гончигдорж үг дуу, цөөтэй, хичээл номондоо муу, одоо бараг сайн уншиж чаддаггүй байх. Гэрээсээ гараад тэнэж алга болдог болчихоод байгаа. Сүүлийн үед их эвдрээд байгаа хүүхэд. Сүүлийн нэг жилийн дотор их өөр болоод тэнээд алга болдог болсон. Би шилжилтийн насан дээрээ байгаа гэж боддог байсан. Гончигдорж хэнтэй найзалж нөхөрлөдөг талаар би сайн мэдэхгүй байна. Манайхны хамаатан найз, нөхдөөр очихгүй байгаа, хаагуур яваад байгаа талаар нь мэдэхгүй байна. Архангай аймгийн төв рүү их очоод байдаггүй газар сайн мэддэгүй хүүхэд байгаа юм. Гончигдорж өмнө нь ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Гончигдорж 2015 оны намар самар хулгай хийгээд тэгээд тэрнээс хойш хулгай хийж болдог юм байна гэж ойлгоод хулгай хийсэн гэж бодож байна. Би 2015 оны намар чөлөө аваад Улаанбаатар хот руу явсан байх хойгуур л хэрэгт холбогдсон байна лээ. Гончигдоржийг цохиж зоддог, хэл амаар доромжилж байсан удаа байхгүй. Жаахан байхдаа намайг ээжээ гээд л миний хөхийг хөхөж өссөн. Би бараг төрүүлсэн хүүхдээсээ илүү хайрладаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 хуу/ Гэрч П.Энхтуяагийн дахин мэдүүлсэн: ...Гончигдорж хар бор ажилд сайн аав, ээжийнхээ үгнээс гардаггүй, манай хүү жаахан түргэн ууртай, цагаахан сэтгэлтэй хүнд тусархуу хүүхэд байдаг юм. Манай хүү Гончигдорж нэг их буруу хүмүүжил байхгүй л хүүхэд байгаа юм. Манай хүү 11-р ангиасаа сургуулиас гарсан юм. Гончигдоржийг 6 настай байх үед нь манайх өргөж авч байсан. 2016 оны 05 дугаар сарын үед гэрээсээ гараад сураггүй байж байгаад сая цагдаад баригдаж ирсэн. Дээрх хугацаанд Төв аймагт айлд мал маллаж байгаад ирсэн гэж ярьж байсан. Манай хүү толгой тархи муутай бас бичиг үсэг мэдэхгүй хүүхэд байсан. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүүхэд байгаа юм. Би ямар учраас энэ гэмт хэрэгт холбогдож байгаа талаар сайн мэдэхгүй л байна, уг нь гэртээ юмаар дутаад байдаггүй л байсан юм. Манайх Гончигдоржийг өөрийн төрснөөс ялгаагүй л хайрлаж халамжилж өсгөсөн. Манайх өөр, өөр айлын 3 хүүхэд өргөж авч байсан. Гончигдорж архи согтууруулах ундааны зүйл болон тамхи хэрэглэдэггүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 160-161 хуу/ Гэрч Б.Цэрэндуламын мэдүүлсэн: ...Би Гончигдоржтой нэг их ойр дотно байгаад байдаггүй би ихэвчлэн Улаанбаатар хотод байдаг юм. Манай дүү Гончигдорж хүнд тусархуу хүний үгнээс гардаггүй элдэв буруу ааш зан байхгүй, төлөв томоотой хүүхэд байгаа юм. Сургууль анги хамт олондоо нэр хүндтэй, нөхөрсөг, урьд өмнө гэрээсээ ингэж олон сар жилээр явж байгаагүй. Гончигдорж эрүүл мэндийн хувьд хэвийн ямар нэг ёс суртахууны муу хүмүүжилгүй хүүхэд гэж боддог. Гончигдорж ах, эгч, дүү нартайгаа их дотно, төрсөн шигээ л байдаг. Гончигдорж тамхи татдаггүй, архи ууддаггүй. Би Гончигдоржийг архи ууж, тамхи татаж байхыг нь бол мэдэхгүй, огт харж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 162-163 хуу/ Гэрч Э.Цэрэнпилийн мэдүүлсэн: ...Гончигдоржийг манай том хүү бага байхад нь өргөж авч байсан. Бямбацогтын хамгийн бага хүү байгаа юм. Гончигдорж ааш зангийн хувьд гайгүй, хөнгөн зантай хүний үгээр оромтгой, хийсвэр зантай, Гончигдорж нь сургуульд сурч байгаад 11-р ангиасаа сургуулиа хаяад алга болчихсон байж байгаад саяхан баригдаж ирсэн. Гончигдорж архи, тамхи хэрэглэдэггүй. Миний мэдэхээр тамхи татаж, архи ууж байсныг би хараагүй. Гончигдоржид ар гэр бүлийн зүгээс тавих хараа хяналт сайн байдаг байсан. ...Гончигдорж анх удаагаа л урт удаан хугацаагаар алга болчихсон байж байгаад сая цагдаад баригдаж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 168-169 хуу/ Гэрч М.Одгэрэлийн мэдүүлсэн: ...Би Гончигдоржийн холбогдсон хэргийн талаар мэдэхгүй, энэ талаар ямар нэгэн ойлголт алга. 2016 оны 05 дугаар сарын үед санагдаж байна, манай хуучин хэсгийн төлөөлөгч Санчир нь Гончигдоржийг хулгайн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж л надад хэлж байсан, яг ямар хэрэгт шалгагдаж байгаа талаар одоохондоо хэлэх боломжгүй гэж ярьж байсан. Гончигдорж нь бага насандаа Бямбацогт гэх айлд өргүүлж ирсэн хүүхэд байгаа юм. Урьд өмнө Гончигдорж өөрийнхөө ээж, эгч хоёрын хамтаар амьдардаг байж байгаад айлд өргүүлсэн байдаг. Төрсөн ээж нь 2015 онд нас барсан гэж дуулсан, эгч нь хаана байдаг талаар мэдэхгүй. Гончигдорж сурлагадаа дундаж, ажилч, хөдөлмөрч, олон нийтийг хамарсан ажилд идэвхитэй, их ажилсаг хүүхэд байсан. 11 дүгээр ангид байхдаа буюу 2015 оны намраас хойш үе, үе хичээл таслаад явчихдаг байсан бөгөөд тэр үед нь ангийн багш нь Гончигдоржийн эцэг, эхтэй уулздаг байсан, тэр үед эцэг, эх нь ирж уулздаг байсан бөгөөд гэр бүлийн зүгээс ширүүлж хатуурхаад байгаа юм байхгүй. Гончигдорж юугаар ч дутаагүй л өсч байгаа гэж ярьдаг байсан. Мөн Гончигдоржийг гэртээ тогтохгүй тэнээд байгаа юм, бид нар хайгаад олдоггүй гэж ярьдаг байсан. 2016 оны 05 дугаар сараас хойш Гончигдорж сургуульдаа ирэлгүй нэг л өдөр алга болчихсон үүнээс хойш ямар ч сураг гараагүй ээж, аав нь хаашаа явсан талаар нь мэдэхгүй байдаг байсан. Түүнээс хойш 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймагт семенарт сууж байгаад Гончигдоржийг Төв аймгаас цагдаад баригдаж ирээд, одоо цагдаа дээр шалгагдаж байгаа талаар мэдсэн юм. Гончигдорж нь гайгүй томоотой, үг дуу цөөтэй хүүхэд байгаа юм. Гончигдорж нь ангийнхаа Хүрэлтогоо гэх хүүхэдтэй их дотно нийлж нөхөрлөдөг байсан, гэр нь ойролцоо байдаг байсан юм. Хүрэлтогоо нь одоо Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р сургуульд шилжих суралцаж байгаа, энэ жил төгсөх ангийн хүүхэд байгаа юм. Б.Гончигдоржийн ар гэр бүл төрөл садангийн ямар нэгэн дарамт, шахалт байдаггүй гэж би ойлгодог, Б.Гончигдоржийн өргөмөл аав, ээж хоёр нь түүндээ их сайн ханддаг шиг харагдаж анзаарагддаг, ээж, аав хоёр нь түүндээ их сайн ханддаг байсан. Хулгайн гэмт хэрэг үйлдүүлэх талаар бол ятгаж зааж зааварладаг хүн байдаг байсан эсэх талаар би мэдэхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 171-172 хуу/ Гэрч М.Ганбаатарын мэдүүлсэн: ...2015 оны 09 дүгээр сарын намар өдрийг нь би сайн санахгүй байна, би сумын төвд байдаг хашаандаа ирээд хашаандаа буулгасан байсан өвсөө дээш нь овоолж хашаа барьж янзалж байх үед өвсөн доороос 6 шуудай цайруулсан самар гарч ирсэн, тэр үед надтай хамт Гончигдорж хашаа янзалж өгөөд яваад л байсан бөгөөд би тэр үед юун самар вэ гэхэд Гончигдорж та аавд битгий хэлээрэй, би ааваас нууцаар самарт найзуудтайгаа явж самар түүж ирээд сайруулж янзалж, танай хашаанд өвсөн доогуур чинь хийгээд нуучихсан юм, Мэндсайхан ахад зарах гэсэн чинь Мэндсайхан ах байхгүй байна, Энхтайван ахад аваачиж зарах гэсэн юм, та надад яваад өгөөч, би таньд түлшний мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би, чи Мэндсайханы гражаас хулгайлчихсан юм биш биз дээ гэхэд үгүй ахаа би найз нартайгаа хамт түүж ирж янзалсан юм, харин Мэндсайхан ахад зарах гэсэн Мэндсайхан ах байхгүй байгаад байна гээд байхаар нь би за за гэж итгээд тэр 6 шуудай самрыг нь машин дээрээ ачуулаад Гончигдоржийн хамтаар Энхтайваны гэрт ирсэн. Тэгээд Гончигдорж өөрөө Энхтайвантай уулзаад 4 шуудай самраа зарж борлуулсан, 2 шуудай самрыг нь Энхтайван хогтой байна гээд авалгүй буцааж өгсөн тэгээд би тэр 2 шуудай самрыг Гончигдоржийн хамтаар өөрийнх нь гэрийн хашааны үүдэнд буулгаж өгөөд явсан. Тэр үед Гончигдорж надад түлшний мөнгө гээд 20.000 төгрөг өгч байсан бөгөөд би тэгээд л яваад өгсөн. Би тухайн үед хулгайн самар болох талаар мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 155-156 хуу/ Гэрч Б.Эрдэнэтогосын мэдүүлсэн: ...2016 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө би босоод зээ охиноо цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд гэртээ эргээд иртэл манай нөхөр Энхтайван нь миний урдаас гарч ирээд хачин царайлаад баларсан хө, энэ талын байшинг ухчихаж арын жижиг цонхоор орчихож гэж хэлсэн. Тэгээд би нөхрийгөө дагаад байшингийнхаа арын жижиг салхивчийг харахад дотор талынх нь жижиг цонх онгорхой байсан. Салхивчны доор ханан дээр хар өнгийн зураас гарсан байсан. Тэгээд нөхрийгөө дагаад дотогшоо ороод ноолуур хийсэн өрөөндөө орж харахад шуудайтай ноолуурнаас дутсан байсан. Би арын жижиг салхивчаар хулгай орж гэж бодоод хэсгийн төлөөлөгчид мэдэгдэх гээд залгатал миний утас нэгжгүй байсан. Тэгээд би биеэрээ цагдаагийн хэсэг дээр ирж мэдэгдсэн. Хэсгийн төлөөлөгч байхгүй, цагдаа нь байсан. Утсандаа нэгж авч хийгээд сумныхаа хэсгийн төлөөлөгч рүү ярьсан. Намайг гэртээ харихад цагдаа мотоциклоор яваад очсон байсан. Нөхөр маань үлдсэн ноолуураа цагдаагийн хамт клограммлаж үзсэн. Үлдсэн ноолуур нь бохир жингээрээ 39.3 болж байна гэсэн. Нөхөр бид 2 нийт 85 орчим кг ноолуур авсан байсан юм. Үүнээс 45 кг ноолуур алга болсон байна гэж тооцсон. 04 дүгээр сарын 21-ний өдөр манай хүү Эрдэнэтулга хотоос ирсэн байсан. Гэрт байхаар хүүхдээ ноолуураас авчихаж магадгүй, мөн орж гарсан хүмүүсээс сэрэмжилж хажуу байшингийнхаа гал тогооны харанхуй өрөөнд хийсэн юм. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нөхөр бид 2 хөдөөгүүр яваад ноолуур авч ирсэн. Тэгээд иртэл манай хүү Эрдэнэтулга хотоос ирчихсэн гэрийнхээ үүдэнд сууж байсан. Түүнээс яах гэж ирсэн юм бэ гэхэд гэрээ санаад ирлээ, аймагт ирээд Дээгий эгчийнд хоночихоод такси Ганаа ахтай ирлээ мөнгийг нь өгье гэхээр нь 1500 төгрөг өгөөд явуулсан. Эрдэнэтулга таксиныхаа хөлсийг өгчихлөө гээд буцаж орж ирэхдээ шийдэн дээр манай ангийн хүүхдүүд байна би тоглолоо гэж хэлэхээр нь тэг, тэг гэж хэлсэн. Ингээд гараад явсан хойгуур нь манай нөхөр хүүгээ байхгүй хойгуур нь ноолуураа хажуу байшин руу оруулаад хийчихье гээд оруулж хийсэн юм. Аминдаа хүүдээ мэдэгдэхгүй оруулж хийсэн юм. Салхивчны гаднах нь цоожгүй, доторх нь байна цоожтой байдаг. Нөхөр бид 2 байнга харж шалгалдаг байсан. Доторх цонх нь дотроосоо жижиг эргүүлдэг замган түгжээгээр цоожилдог. Энэ цоож нь гаднаасаа онгойх боложгүй. Яаж онгойлгосон гэдгийг гайхаад байна. Хаалганы цоожнууд эвдэрч хөшигдсөн зүйлгүй, байшингийн урагшаа харсан 2 цонх нь байсан хэвээрээ зүгээр байна лээ. Би хэдэн шуудай ноолуур оруулж өгсөнөө тоолоогүй. Шуудайнаас гадна гялгар уутанд хийсэн ноолуур байсан. Зарим жижиг ууттай ноолуураа дундхан шуудайн дээрээ нэмж хийж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/ Гэрч Б.Эрдэнэтогосын дахин мэдүүлсэн: ...Миний урьд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед нөхөр бид 2 алдсан ноолуурынхаа тоо ширхэг клограммыг тооцож бодож байх үедээ тоо клограммыг нь буруу нэмж, алдагдсан ноолуурын хэмжээг андуурч мэдүүлсэн зүйл байна. Манайх нийт 25 клограммын шуудайтай 8 ширхэг шуудай, нийт 42.4 кг ноолуур хулгайд алдсан. Урьд өмнө 41.6 гэж клограммыг буруу бодсон байна. Манай нөхөр ноолуур авах үедээ худалдан авсан ноолуурынхаа клограмм болон мөнгөн дүнг дэвтэр дээр бичиж тэмдэглэдэг байсан. Тэр үед үлдсэн ноолуураа дахин жинлэж үзээд дутаж байсан 8 шуудай ноолуураа алдсан гэж тооцоолж клограммыг нь бодож үзсэн. Тэр үедээ буруу тооцсон байна...гэх мэдүүлэг /хх-ийн 149-150 хуу/ Гэрч Э.Эрдэнэтулгын мэдүүлсэн: ...Би 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос 19 цагийн шууданд сууж шөнө 02 цаг өнгөрч байхад Архангай аймгийн төвд ирсэн. Аймгийн төвд ирээд би аавын хамаатан Дээгий эгчийнд хоночихоод маргааш өдөр нь аймгаас Төвшрүүлэх сум руу явдаг таксин дээр очоод Ганаа гэдэг таксинд явдаг ахын машинд сууж Төвшрүүлэх сумын төвд 18 цагийн үед ирсэн. Тэгээд шууд гэртээ иртэл хүн байгаагүй, манайх цоожтой байсан. Тэгээд гэрийнхээ үүдэнд хүлээгээд байж байтал аав, ээж 2 дүүг цэцэрлэгээс нь аваад гэртээ ирсэн. Тэгээд би гэртээ орж унд уучихаад ээжээс мөнгө аваад аймгаас ирсэн таксиныхаа мөнгийг Ганаа ахад аваачиж өгсөн. Тэгээд би ангийнхаа Хүчитбаатарын 88580703 дугаар руу залгаж хаана байна, би сумандаа ирчихсэн байна гэж хэлтэл шийдэн дээр байна, тоглож байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ орж аав, ээждээ хэлчихээд шийд рүү очсон. Шийдэн дээр манай ангийн Хүчитбаатар, Цэлмэгбаатар, Амгаланбаатар, манай сургуулийн Ууганбаяр, Ганзориг нар сагс тоглоод байж байсан. Тэд нараас сагс тоглож байгаад харанхуй болонгуут 22 цагийн үед гэртээ орсон. Намайг гэртээ ороход ээж дүүтэй хамт орондоо орчихсон байж байсан. Аав том өрөөнд зурагт үзэж байсан. Тэгээд би гал тогооныхоо өрөөнд ороо засаад хэвтсэн. Би орондоо ороод гар утсаараа фэйсбүүк орж байгаад 23 цаг өнгөрөөж унтсан. Тэгээд шөнө шээс хүрээд байхаар нь гарч шээсэн. Намайг гарч шээж байх үед 01 цаг болж байсан бөгөөд шээчихээд буцаж ороод шууд унтсан. Өглөө унтаж байтал гаднаас аав орж ирээд энэ талаас ноолуур алга болчихож гээд царай нь сонин болчихсон, уйлан дугараад орж ирсэн. Ээж дүүг цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ирсэн. Аав хажуу талын байшингаас ноолуур алга болсон байна гээд цагдаад мэдэгдсэн. Аав, ээж 2 хажуу байшингийн гал тогооны өрөөнд ноолуураа оруулсан гэж хэлж байсан. 40 гаруй кг ноолуур алга болсон байна гэж ярьж байсан. Намайг аав, ээж хоёр тэр байшин руу мөр гаргачихна гээд оруулаагүй. Цагдаа ирсний дараа үлдсэн ноолуураа жинлэж үзэхээр тэр байшин руу ороход үлдсэн ноолуур нь том өрөөнд байж байсан. Байшингийн хойд талын порчикоор орсон байна гэж аав хэлж байсан. Сумын цагдаа ирэхэд аав өөрөө онгорхой байсан цонхоо буцаагаад хаасан гэж байсан. Порчикны доор ханан дээр хар өнгийн зураас гарсан байсан. Өөр ул мөр мэдэгдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/ Гэрч Ш.Ганбаатарын мэдүүлсэн: ...2016 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө би 09 цаг өнгөрсөн байхад Энхтайван ахын хашаа руу ороод төмрийн хогноос нь төмөр үзэх гэхэд Энхтайван ах эхнэрийнхээ хамт хашаандаа байж байсан. Тэгээд намайг дуудаад Ганбаа энийг хардаа порчик онгорхой байна, хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Би хартал байшингийнх нь арын жижиг порчик нь онгорхой харагдсан. Ханан дээр нь хар өнгийн мөр зурагдаж гарсан байсан. Тэгээд Энхтайван ах Эрдэнэтогос эгч бид 3 байшин руу нь орж порчикных нь түгжээг үзэхэд эргүүлж цоожилдог түгжээ нь зүгээр байж байсан. Тэр цонхных нь шил болон рам мод эвдэрч хэмхэрсэн зүйл байгаагүй. Тэгээд би өөрт хэрэгтэй төмрөө төмрийн хогон дээрээс нь аваад гэртээ орсон. Орой намайг гэртээ байж байтал 19 цаг өнгөрч байхад Энхтайван ах намайг ноолуур чихээд өгөөч гэж гуйсан. Тэгээд би Энхтайван ахын хажуу байшинд орж ноолуур чихэж өгсөн. Тэгэхэд Энхтайван ах урд шөнө энэ байшингаас ноолуур алга болсон байна гэж байсан. Би Энхтайван ахын хамт үлдсэн ноолуурыг нь шуудайлж чихэж өгөөд жинлэхэд цэвэр жин нь 38.3 кг болж байна лээ. Д.Энхтайван байшингаасаа ноолуур алдсан л гэж хэлсэн, Энхтайван ах надад жин болон шуудайных нь талаар яриагүй, үлдсэн ноолуурыг нь аймаг руу аваачиж тушаая гээд надаар шуудайнд чихүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/ Гэрч Я.Амарсайханы мэдүүлсэн: ...Би энэ жил 04 дүгээр сарын 10-д гаргаж ямаагаа 3 удаа самнаад 10кг, 9кг, 11кг-аар Төвшрүүлэх сумын төвд байдаг Д.Энхтайван гэх ченжид ноолуураа тушаасан. Эхний 2 ноолуураа гэрээрээ дуудаж өгсөн. Хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сарын 22-ны орой Энхтайваны гэрт ирж 11кг ноолуураа тушаасан. Манайх банкны зээлтэй учраас эр ямаануудаа эхэлж самнаад, дараа эм ямаа, борлонгоо бүгдийг нь самнаад ноолуураа зарчихсан юм. Би 9кг ноолуураа 2016 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд сургуулийн хүүхдүүдээ амрангуут 2 өдөр ямаагаа самнаж байгаад 18-ны өдөр нь санагдаж байна. Хамгийн эхний ноолуураа нилээн дээр өгсөн болохоор санахгүй байна. Өчигдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай сумын төвд хүмүүс Энхтайван гэрээсээ ноолуураа алдсан гэж яригдаж, сонсогдож байсан. Яг хэдэн кг ноолуур ямар байдлаар алдсаныг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 хуу/ Гэрч Э.Ишдорж мэдүүлсэн: ...Манай ах Адъяа Төвшрүүлэх сумын төвд цэцэрлэгийн хүүхдүүд хардаг юм. 2016 оны 04 дүгээр сарын үед мал төллөж байх үед манайд ирсэн байсан. 2016 оны 04 дүгээр сарын 07-ны үед байсан байхаа яг хэдний өдөр байсныг нь мэдэхгүй байна. Манай ээж Энхтуяа гэрийн гадаа Адъяа ахын хөөрөгний даалин байна гээд Адъяа ах хөөргөө манай гэрийн баруун талын орон дээр байсан хөөрөг алга болсон байна гэсэн, тухайн үедээ манай дүү Батдоржийн 2 настай хүү Мягмарыг гадаа гаргаад хаясан байж магадгүй гээд гадуур хайгаад олоогүй. Тэгээд Отгонбаатартай таараад Гончигдоржийн талаар болон Адъяа ахын хөөргийг асуухад Гончигдорж авсан гэсэн. Тухайн үед би Гончигдоржийг сэжиглэж байсан. Учир нь тухайн үед манайд Гончигдорж адуундаа явж байгаа гээд манайд 2 хоноод явсан юм. Тэгээд Отгонбаатар, Гончигдорж нарын хамт Архангай аймгийн төвд явж байна гэсэн. Гончигдоржийг манайд ирээд нэг хоноод маргааш нь хөөрөг алга байсан. Гончигдорж Адъяа ахын хөөргийг Отгонбаатарын хамт Отгонбаатарын найзаар 12-р дэлгүүрийн урд талд байрлах ломбарданд 150.000 төгрөгөөр тавиулсан байсан. Тэгээд тэр ломбарднаас Адъяа ахын хөөргийг авч өгсөн. Гончигдоржийн аав Цогоогийн адуу манайд байдаг юм. Би яг хэзээ нь хөөрөг хулгай хийснийг би мэдэхгүй. Бид нар гэртээ орж гараад л явж байсан. Хэзээ нь алга болсныг би мэдэхгүй. Манай гэрээс өөр эд зүйл алга болоогүй. Энэ 150.000 төгрөгийг Гончигдоржийн аав Цогоо надад өгсөн. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 60-63 хуу/ Гэрч Б.Энхтуяагийн мэдүүлсэн: ...Би Гончигдоржийг танина. Нэг нутгийн хүүхэд гэдгээр нь танина. Отгонбаатар гэдэг хүнийг танихгүй. Би Архангай аймгийн Төвшрүүлэх суманд явж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 08-нд хөдөө гэртээ ирсэн юм. Тэгэхэд манайд Гончигдорж ирсэн байсан бөгөөд адуунд яваад өгсөн байсан. Гончигдорж орой 20 цагийн үед Гончигдорж адуунд яваад ирсэн. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө би нохойдоо хоол өгөх гээд явж байтал Адъяа ахын хөөрөгний даалин нь гэрийн урд талын малын өтгөн дунд байсан. Манай ах Адъяагийн ягаан цоохор өнгийн хөөрөгний даалин нь эвхээстэйгээ газар байхаар нь автал хөөрөг нь байхгүй байсан. Би эргэж гэртээ орж ирээд Адъяа ахын хөөрөгний даалин гадаа байна, хөөрөг нь байхгүй байна гэхэд Адъяа ах хөөргөө өөрийнхөө унтаж байсан манай гэрийн баруун талын орны гудсан доор үзээд алга байна гэсэн. Тэр шөнө Гончигдорж манайд хоносон. Маргааш нь бас манайд хоносон. Тэгээд бид нар гэр дотроо болон гэрийн гадуур хайгаад олоогүй. Хөөрөг хайхад Гончигдорж хамт хайлцсан. Тэгэхэд Адъяа ахын хөөрөг алга болсон, хулгайд алдсан нь мэдэгдэхгүй алга болсон. Тэгээд дараа нь манай хүү Ишдорж нь Адъяа ахын хөөргийг Гончигдорж хулгай хийгээд ломбарданд тавьсан байхаар нь аваад Адъяа ахад өгсөн гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 хуу/ Гэрч М.Мөнхзоригийн мэдүүлсэн: ...2016 оны 04 дүгээр сарын 10-ны үед санагдаж байна намайг гэртээ байх үед Отгонбаатар, Гончигдорж нар такситай манай гэрийн ойролцоо ирээд над руу залгаж намайг дуудсан, тэгээд би гараад очтол хамт пиво уух уу гэж хэлсэн. Тэгээд би хамт пиво уусан. Тэгээд бид нар хамт төв рүү орохоор болоод төвд ирээд бааранд орж архи, пиво ууж сууцгаасан. Тухайн үед Отгонбаатар мөнгөтэй явж байсан. Отгонбаатар хэлэхдээ ноолуураа тушаачихаад явж байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө бид нар архи, пиво ууж өнжсөн, би нилээн орой гэртээ харьж хоносон. Маргааш нь бид 3 уулзсан, тэгээд хамт хоолонд орсон. Тэр үед Гончигдорж халааснаасаа нэг хөөрөг гаргаж ирээд энэ миний хөөрөг байгаа юм зармаар байна, зараад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би наа хөөргийг чинь авах хүн байгаа юм болов уу даа гэж хэлсэн чинь Гончигдорж, Отгонбаатар 2 ярьж байгаад ломбарданд тавчихъя гэсэн тухайн үед бичиг баримт иргэний үэмлэхтэй хүн байхгүй байсан учир миний цахим үнэмлэхийг ашиглаж тэр 2 тэр хөөргөө ломбарданд тавихаар болоод тэгээд хамт очоод 12-р дэлгүүрийн хажуу талын байранд байдаг ломбарданд ороод хөөргөө 150.000 төгрөгөнд тавьсан, би тэгээд тэндээс гэр рүүгээ явсан. Тэр 2 хөдөө гэр рүүгээ явсан байх. Би тухайн үед хулгайн эд зүйл болох талаар мэдээгүй. Миний хөөрөг байгаа юм, зарах гэсэн юм зараад өг л гэж байсан. ...Гончигдорж хамт хоолонд орж байгаад халааснаасаа хөөрөг гаргаж ирээд, миний хөөрөг зараад өг гэж хэлж байсан. ...Надад ямар нэгэн юм хэлээгүй, Отгонбаатар, Гончигдорж хоёр хоорондоо ярьж байгаад л ламбарданд тавьчихъя гээд миний цахим үнэмлэхийг ашилаж ломбарданд тэр хөөргөө тавьсан...гэх мэдүүлэг/хх-ийн 172-173 хуу/ Гэрч Д.Энхтайваний мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвд түүхий эд авдаг ченж хийдэг юм. 2015 оны намар 10 сар гарсан байсан санагдаж байна, би яг хэдэн сарын хэдний өдөр байсныг нь санахгүй байна. Гончигдорж, Ганбаатар гэдэг хүний хамт цагаан өнгийн Портер маркийн машинтай над дээр ирээд 6 ширхэг шуудай самар зарсан. Би самрыг шалгаж үзэхэд 2 ширхэг шуудай самар нь хог ихтэй байхаар нь авахгүй буцаасан бөгөөд надад зарсан самар нь 180 кг самар болж байсан. Би нэг кг самрыг 7000 төгрөгөөр бодож аваад Гончигдоржид 1.260.000 төгрөг өгч байсан. Тэгээд надаас мөнгөө бэлнээр нь аваад явсан. Гончигдорж над дээр Ганбаатар гэдэг хүний хамт ирээд самар авах уу гээд л Ганбаатарын машин дээр ачиж ирсэн самраа зарсан. Тэр үед хүн болгон л самар түүж зарж байсан. Би хаанаас түүсэн ямар учиртай самар болох талаар асуугаагүй. ...Дандаа 50 кг-ийн том шуудайнд хийсэн байсан. Цагаандуу өнгийн, улаан өнгийн бичигтэй байсан санагдаж байна. Зарим нь дүүрэн, зарим нь дундхан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 88-90 хуу/ Гэрч А.Баясгалангийн мэдүүлсэн: ...2015 оны намар Архангай аймгийн Төвшрүүлэх суманд Мэндсайхантай хамтарч самар авч байсан. Тухайн үед самраа Улаанбаатар хот руу тээвэрлээд бодож байсан хэмжээс арай их хэмжээтэй самар дутаад байсан, хулгайд алдсан эсэх талаар мэдээгүй, хорогдсон нь жингийн хатсанаас болж багассан хорогдол гэж бодоод өнгөрсөн. Тэгтэл самар алдсан талаар Мэндсайханаас нилээн сүүлд нь мэдсэн байсан. Миний самар байгаагүй, Мэндсайханд л хохирол учирсан. Надад ямар нэгэн хохирол учраагүй, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэ г/хх-ийн 164-165 хуу/ Гэрч Д.Батмөнхийн мэдүүлсэн: ...2015 оны намар найз Мэндсайханы хамт Төвшрүүлэх суманд самар авч байгаад Улаанбаатар хот руу 09-р сарын сүүлээр ачсан. Самар тээвэрлэх үед авсан самраас, ачсан самар нилээн дутсан. 800-аад кг самар дутсан санагдаж байна. Чийгтэй самар хөнгөрсөн байна гэж бодоод л явсан. Хулгайд алдсан талаар огт мэдээгүй. Сүүлд нь Мэндсайханаас сонссон. Яг хэдэн кг самар алга болсон гэдгийг мэдэхгүй. Миний самар алга болоогүй. Надад хохирол учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 166-167 хуу/ Гэрч А.Рагчаасүрэнгийн мэдүүлсэн: ...2016 оны 04 дүгээр сарын эхээр байсан санагдаж байна. Яг хэдэн сарын хэдний өдөр байсныг нь би мэдэхгүй байна.Мэндсайхан ах залгаад намайг хамт ноолуур шуудайлаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би Мэндсайхан ахын хамт очоод Чээмээ, Пүрэвдорж, Хаш-Эрдэнэ, Мэндсайхан ах нарын хамт грашанд нь байсан ноолуурын 50кг хэмжээтэй шуудайнд шуудайлж өгсөн. Тэгэхэд 15 ширхэг шуудай ноолуур болж байсан. Тэгээд би шуудайлж өгчихөөд харьсан. Тэгсэн маргааш нь над руу залгаад хэдэн ширхэг ноолуур байсан бэ гэхээр 15 ширхэг шуудай болсон гэхэд 1 ширхэг шуудай ноолуур дутсан байна гэж хэлж байсан. Тухайн үед нийт 15 ширхэг шуудай болж байсан. Нэг шуудайндаа 13-15 кг орчим орж байсан. Нийт хэдэн кг болж байсныг би санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 111-112 хуу/ Гэрч Д.Эрдэнэчимэгийн мэдүүлсэн: ...2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Отгонбаатар нь манайд ганцаараа ирээд надад 11.4 кг ноолуур зарсан. Би тухайн үед Отгонбаатарт танайх чинь өчигдөрхөн ноолуур өгсөн биз дээ. Би ахиад ямаагаа самнасан юм уу гэхэд би аав ээж 2-оос жаахан ноолуур самнаад ирлээ гэж байсан. Тухайн үед ноолуур 61.000 төгрөгний үнэтэй байсан. 11.4 кг ноолуур нь 695.400 төгрөг болж байсан. Тэгээд надаас ноолуур зарсан мөнгөө бэлнээр нь аваад явж байсан. Би Отгонбаатарт дахиад ямаагаа самнасан юм уу гэхэд аав, ээж дээрээ очоод ямаа самнасан юм гэж хэлж байсан. Гончигдорж манайд ганцаараа орж ирээд ноолуур зарсан. Хамт өөр хүн яваагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 115-116 хуу/ Гэрч И.Хаш-Эрдэнийн мэдүүлсэн: ...Миний санаж байгаагаар 2016 оны 04 дүгээр сард санагдаж байна, би Мэндсайхантай хамт ноолуур авах ажлаар нь Хөх сүм гэх газраар яваад, ноолуур худалдаж авч Төвшрүүлэх суманд ирсэн юм. Тэгээд худалдаж авч ирсэн ноолуурыг шуудайлж янзлаад Мэндсайханы гражид хийж үлдээгээд аккумлъятороор хаалгыг нь таглаж тавиад дээгүүр нь түгжээгээр нь түгжчихээд Мэндсайхан бид 2 буцаад Хөх сүм рүү явсан юм. Тэгээд Хөх сүм ороод орой бүрэнхий тасрах үед ирэхэд гражийн хаалганы үүдэнд тавьсан аккумлъятор хөдөлсөн байсан, тэгээд граж руу орж үзээд шуудайтай ноолуураа тоолж үзсэн чинь нэг шуудай ноолуур байхгүй байсан. Тухайн үед Мэндсайхан, Чээмээ,Пүрэвдорж, бид 4 шуудайлсан бөгөөд 15 шуудай ноолуур шуудайлж гражид хийж үлдээсэн байсан. Тухайн үед гражийн хаалгыг дотор талаас нь доод талд нь аккумлъятороор дараад, дээд талыг нь түгжээгээр нь түгжээд, гаднаас нь цоожлоод явсан байсан чинь буцаад ирэх үед гражийн хаалганы доод хэсгийг ангайлгасан байдалтай аккумлъятор хөдөлсөн, хүн орсон байдалтай байсан юм. Миний санаж байгаагаар 2016 оны 04 дүгээр сард л ноолуур шуудайлсан санагдаж байна, тухайн үед ноолуур гараад нилээн олон хоносон байсан, би өдрийг нь тодорхой санахгүй байна. Тэр үед нийт 14-15 шуудай ноолуур шуудайлсан санагдаж байна. Бид нар 50 клограммын шуудайнд ноолуур шуудайлсан санагдаж байна. Би уг ноолуурыг хэн хулгайлсан талаар мэдэхгүй бөгөөд сүүлд нь сонсоход Б.Гончигдорж гэх хүүхэд хулгайлсан байна гэж сонсож мэдсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 151-152 хуу/ Гэрч Э.Ганзоригийн мэдүүлсэн: ...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр намайг гэртээ байх үед Гончигдорж манай гэрт орж ирээд надад хандаж та надад аймаг яваад өгөөч гэж хэлэхээр нь ах нь амжихгүй хүүхэд хараад байж байна, ах нь амжихгүй гэж хэлсэн тэгсэн сүүлд нь Отгонбаатар Гончигдоржийн хамтаар манайд дахиж ирээд аймаг руу таксидаад өгөөч гээд гуйгаад байхаар нь би за за явъя гээд бид 3 хамт явж байтал Цэнхэр сум руу орж ирээд дэлгүүр ороодохъё гэж хэлээд нэг дэлгүүр дээр очиж намайг зогсоолгоод Отгонбаатар багаажнаас шуудайтай юм бариад Гончигдоржийг дагуулж хамт шуудайтай зүйлээ дамнаад дэлгүүр рүү орчихоод хэсэг хугацааны дараа шуудайтай зүйлгүй, тэр 2 гарч ирээд за одоо аймгийн төв явнаа гэхээр нь аймгийн төв рүү би тэр хоёрыг хүргэж өгсөн. Тэгээд л би буцаад сумандаа гэртээ ирсэн. ...Отгонбаатар, Гончигдорж нар ойролцоогоор 50 кг шуудайтай амыг нь баглачихсан нэг шуудай ноолуур Цэнхэр сумын төвд ертөнцийн зүгээр хойшоо харсан дэлгүүр дээр буугаад, тэнд зараад буцаж гарч ирсэн бөгөөд би дэлгүүрийнх нь нэрийг анзаарч хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. ...Би уг ноолуурыг хулгайн ноолуур байсан талаар мэдээгүй...гэх мэдүүлэг /153-154 хуу/ Гэрч Э.Пүрэвдоржийн мэдүүлсэн: ...Би 2016 оны 04 дүгээр сард өдрийг нь санахгүй байна, Мэндсайхан ах намайг ноолуур савлаад өг гээд дуудахаар нь би Мэндсайхан ахын гэрт очсон, тэгээд тэнд очоод Чээмээ ах, Хаш-Эрдэнэ ах, Мэндсайхан ах нарын хамтаар Мэндсайхан ахын худалдаж авсан задгай байсан ноолуурыг 50 кг-ын гурилын шуудайнд савлаж хийлцэж өгсөн. Тухайн үед тэр ноолуурууд нийт 15 шуудай болж байсан. Тэгээд тэр савласан шуудайтай ноолуурыг нь гражид нь зөөж оруулж өгөөд явцгаасан. Үүний маргааш өглөө Мэндсайхан ахын гражнаас нэг шуудай ноолуур дутсан байна гэж ярьж байсан. Тэр үед очиж үзэхэд гражийн хаалганы доод талыг нь сөхөөд хүн орсон байдалтай харагдаж байсан. Би тухайн үед хэн хулгайлсан талаар мэдээгүй. Би Мэндсайхан, Чээмээ, Хаш-Эрдэнэ ах нарын хамтаар ноолуур шуудайлсан. ...Хулгайд алдагдсан ноолуур нь 14 кг байсан гэж Мэндсайхан ах ярьж байсан. Сүүлд нь сонсоход Б.Гончигдорж уг нэг шуудай ноолуурыг хулгайлсан гэж дуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 158-159 хуу/ Сэжигтэн Б.Гончигдоржийн дахин мэдүүлсэн: ...Би 2015 оны 09-р сарын үед хамгийн анх ганцаараа манай гэрийн ойролцоо байдаг С.Мэндсайхан гэх ахын гражаас орой 22-23 цагийн орчимд 50 кг шуудайтай 1 шуудай самар хулгайлж, хажуу айлын эзгүй хашаа руу нь давуулж тэнд нь нууж орхиод, маргааш өдөр нь ганцаараа ирээд нуусан самраа аваад тэвэрч очоод Мэндсайхан ахад өөрт нь 1кг самраа 4500 төгрөгөөр бодуулж ойролцоогоор 35-36 кг самар болж байсан санагдаж байна. Тэгээд уг самраа өөрт нь зарсан. Үүнээс хойш 3 удаа ганцаараа 6-7 хоногийн зайтайгаар Мэндсайхан ахын гражаас Мэндсайхан ахыг унтаж байх хойгуур нь нийт 3 шуудай 50 кг шуудайтай самар хулгайлж, хажуу талын эзгүй айлын хашаанд оруулж нуугаад, тэгээд тэр хашаанаасаа хулгайлсан шуудай самраа гаргаж аваад Мэндсайхан ахад өөрт нь зардаг байсан. Би өдөрт 1 шуудай самар хулгайлаад тэрийгээ дараа өдрөөс нь зардаг байсан юм. Үүнээс хойш өдрийг нь санахгүй байна, шөнө 00 цагаас хойш Мэндсайхан ахын граж онгорхой байхаар нь ороод ганцаараа нийт 6 шуудай 50 кг шуудайтай самар хулгайлж, хажуу талын эзгүй хашаанд нь оруулж өвсөн доогуур нуугаад явсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа тэр эзгүй хашааны эзэн Ганбаа гэх хүн өвсөө ачиж байгаад миний хулгайлсан самрыг мэдчихсэн бөгөөд тэгэхээр нь би очиж уулзаад, манай ангийнхан самарт яваад түүж бэлтгэсэн юм гэж худлаа хэлээд Ганбаа ахын машин дээр ачуулж Энхтайван гэх самар авч байсан хүнд өгч заруулсан. Тухайн үед Ганбаа ах хулгайн самар байсан талаар мэдээгүй. Дараа нь би ангийнхаа Хүрэлтогоо гэх хүүхдийг самар хулгайлах уу гэхэд тэгье гээд бид 2 хамт нэг өдөр Мэндсайхан ахын гражийг шөнийн цагаар 2 шуудай самар хамт хулгайлаад хажуу айлынх нь эзгүй хашаанд нууж орхиод маргааш өглөө нь Мэндсайхан ахад өөрт нь зарчихсан юм. Хүрэлтогоо гэх манай ангийн хүүхэд миний хулгайлсан 10 шуудай самрыг надтай хамт заралцаж, мөнгийг нь хамт үрэлцдэг байсан. Намайг самар хулгайлж байгааг мэддэг байсан. Хамгийн сүүлийн 2 шуудай самарыг хулгайлахад Хүрэлтогоо хамт хулгай хийсэн юм. 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би өөрийн адуу байдаг Э.Ишдорж гэх айлд амралтаараа Хөх сүм гэх газар очсон юм. Тэр үед түлээн дээр нэг жижиг хөөрөг байхаар нь би авчихсан юм.Тэгээд байж байсан чинь маргааш нь Адъяа гэх хамт байдаг айлын ах хөөргөө алдчихсан, алга болгочихсон байна, даалин нь түлээ нохой хоёрын хажууд байна, хөөрөг алга болчихлоо гээд байх үед нь би нэг гаргаад өгчихдөг юм бил үү гэж бодож байгаад хөөргийг нь гаргаад өгчихвөл намайг хулгайлсан гэж бодох юм байна гэж бодоод хөөргийг нь гаргаж өгөөгүй. Тэгээд тэр хөөргийг нь аймгийн төвд авч ирээд, ломбарданд 150.000 төгрөгөөр тавьчихсан. Сүүлд нь Ишдорж ах тавьсан ломбарднаас мөнгөөр нь буцааж авсан. Тэгээд хөөргийг Адъяа гэх хүнд нь буцааж өгсөн. 2016 оны 04 дүгээр сарын 10-ны үед би өдрийн цагаар С.Мэндсайхан ахынд хүн байхгүй байх хойгуур нь ганцаараа орж ирээд 1 шуудай ноолуур хулгайлж авсан. Тухайн үед граж нь дотроосоо цоожтой байсныг гараа хийж байгаад онгойлгож орсон юм. Тэгээд хулгайлсан ноолуураа Отгонбаатар гэх хамаатны ахындаа авч ирээд би ноолуур хулгай хийгээд аваад ирлээ, та зараад өг гэсэн чинь за гээд Зоригоо гэдэг таксинд явдаг найзыгаа дуудаад тэр хүний машинтай бид 3 Цэнхэр сум руу орж ирээд сумын төвд байх 1 дэлгүүрийн гадаа очоод зарсан бөгөөд ойролцоогоор 690.000 төгрөг болсон. Би уг мөнгөнөөс 100.000 төгрөг авсан үлдсэн мөнгийг нь Отгонбаатар ах аваад үрээд дуусгасан. Таксинд явсан Зоригоо гэх ах хулгайн ноолуур болох талаар мэдээгүй. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө би аймгийн төвөөс Цэнхэр суманд очиж, өөрийн найз Пүүжээ гэх найзынхаа мотоциклийг сумын төв рүү Төвшрүүлэх яваад ирье гэж гуйгаад авч яваад шөнө 01 цагийн үед ирсэн. Тэгээд шууд Энхтайван гэх айлын хашааны хойно ирээд Энхтайван гэх айлаас жаахан зайдуу мотоциклио үлдээгээд, Энхтайван ахын хажуу талын агуулах гэмээр байшингийн цонхоор орж, нийт 5 шуудай ноолуур авч хулгайлж гарч ирээд мотоцикль дээрээ 2 тийш нь хөндлөнгөөр нь тавиад сумын наадмын талбай ороод 2 шуудай ноолуураа нууж орхиод, 3 шуудай ноолуурыг нь авч Цэнхэр суманд очоод Пүүжээ гэх найзынхаа хашаанд нууж орхиод тэндээ хоносон. Тэр үед би авч ирсэн ноолуураа хулгайн ноолуур болох талаар Пүүжээ гэх найздаа хэлээд, суманд 2 шуудай ноолуур үлдсэн байгааг хэлээд маргааш нь орой Пүүжээ бид 2 мотоциклиор нь хамт Төвшрүүлэх суманд очиж наадмын талбай дээр нууж орхисон 2 шуудай ноолуурыг Цэнхэр суманд авч ирээд 5 шуудай ноолуураа Пүүжээ бид 2 хамт нэг Портертой ахад зарсан. Нийт 2 сая 54 мянган төгрөг болсон. Тэгээд Пүүжээ бид 2 аймгийн төвд орж ирээд би шинэ мотоцикль худалдаж авсан. Уг мөнгөнөөс би Пүүжээд 100.000 төгрөг өгсөн юм. Үлдсэн мөнгийг нь би үрээд дуусгасан. Түүнээс хойш 2016 оны 05 дугаар сард би цагдаад баригдаж мотоциклоо цагдаад хураалгасан. Сүүлд нь миний худалдаж авсан мотоциклийг Энхтайван ах авчихсан байсан. Би мөнгөтэй байхыг хүсээд л хулгайн гэмт хэрэг үйлддэг байсан. Би хамгийн сүүлд 2016 онд Энхтайван гэж айлаас ноолуур хулгайлах үедээ найз Пүүжээгийн мотоциклийг ашиглаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн юм…гэх мэдүүлэг /хх-ийн 217-221 хуу/ Б.Гончигдоржийн яллагдагчаар мэдүүлсэн: ...Би урьд өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ өөрийн үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа учраас одоо энэ удаа нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулна. Би Энхтайван гэх хүнд шинээр авсан мотоциклио өгсөн. Адъяагийн хөөргийг буцааж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 222-224 хуу/ Сэжигтэн Б.Хүрэлтогоогийн мэдүүлсэн: ...2015 оны 09 дүгээр сард би өдрийг нь сайн санахгүй байна, Гончигдорж надад хэлэхдээ би ахтайгаа хамт самарт явсан юм, самар түүж ирсэн чи цуг заралцаад өг гэж хэлсэн, тэгэхээр нь би Гончигдоржийн хамтаар С.Мэндсайхан гэх айлын хажуу талд байх эзгүй хашаанд нэг шуудай цайруулсан самар байсныг бид 2 хамт явган очиж аваад С.Мэндсайхан ахад зарж борлуулчихаад дэлгүүр орж ундаа авч уугаад тэгээд гэр гэртээ харьсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа Гончигдорж дахиад самар заръя гэж хэлсэн, тэгэхээр нь за за гэж хэлээд бид 2 хамт явж байтал надад ажил гараад би буцаад явсан бөгөөд Гончигдорж ганцаараа яваад өгсөн. Тэгээд орой нь бид 2 таарсан чинь Гончигдорж самраа зарчихсан гэж хэлж байсан. Түүнээс хойш нилээд хэд хоногийн дараа би гэртээ байж байсан чинь Гончигдорж орж ирээд надтай хамт хэсэг байж байгаад унтах ч цаг болсон юм. Урьд өмнө Гончигдорж надаас мотоцикль худалдаж аваад 1.000.000 төгрөгийг нь өгөөд, үлдэгдэл 200.000 төгрөгийг нь өгөөгүй байсан юм. Тэгээд Гончигдорж чи нөгөө мөнгөө авах уу гэж хэлэхээр нь би бэлэн байгаа юм уу гэж асуухад би самарт явсан юм, самраа зараад өгнө гэсэн. Тэгээд би 22-23 цагийн орчимд гэрээсээ Гончигдоржийг гаргаж өгөх гээд хамт гараад Гончигдоржийн гудамж руу орсон чинь чи надаас мотоциклийнхоо үлдэгдэл мөнгийг авах уу гэж хэлэхээр нь би чамд бэлэн байгаа юм уу гэж асуухад самарт яваад ирсэн гэж хэлж байсан. Тэгээд Гончигдорж надтай хамт яваад Мэндсайхан гэх айлын хашааны ард ирж зогсоод чи наанаа зогсож бай гэж хэлээд хойд талын хашаагаар нь ганцаараа давж ороод хэсэг байж байгаад, эхлээд 50-60 кг шуудайтай самрыг миний зогсож байсан газраар давуулж гаргаж ирсэн бөгөөд би тэр үед нь доороос нь тэр самрыг нь тосч аваад хашааных нь ёроолд тавьсан. Тэгээд байж байх үед Гончигдорж дахиад өмнө гаргаж ирсэн самрын хэмжээтэй адил шуудайтай самар гаргаж ирсэн, тэр самрыг нь би доороос нь тосч аваад нөгөө самрынхаа хажууд тавьсан, дараа нь дахиад бас адилхан хэмжээтэй нэг самар гаргаж ирсэн, би мөн адил доороос нь тосч авсан. Тэгээд байж байх үед Гончигдорж өөрөө хашаа даваад гарч ирсэн. Тэгээд бид 2 самраа аваад явах гэтэл даахгүй байсан болохоор өглөө ирж авъя гэж ярилцаад Мэндсайхан ахын дээд талын эзгүй хашаанд оруулж малын байран дээр гаргаж тавиад дээрээс нь өвс хучиж тавиад орхисон. Маргааш өглөө нь нэг машинтай, нэрийг нь мэдэхгүй ахыг гуйгаад дагуулж очоод нөгөө самраа машинд нь ачиж Гончигдорж бид 2 тэр ахтай хамт Цэнхэр сум руу яваад Цэнхэр сумын дээд талд нилээн захдуу нэг эрэгтэй хүн хувиараа самар авч байгааг мэдээд тэр хүн дээр очиж 3 шуудай самраа зарж борлуулсан. Тухайн үед тэр 3 самар ойролцоогоор 500.000-600.000 төгрөг болж байсан. Тэгээд буцаад бид 2 сумандаа очоод би гэрийнхээ дээд талд буугаад нөгөө мотоциклийнхоо үлдэгдэл 200.000 төгрөгийг аваад гэртээ орсон. Түүнээс хойш Гончигдорж сургуульдаа ч ирэхээ больсон бөгөөд дахиж уулзаагүй. Гончигдорж тэр үед надад чи мөнгөө авах уу гэхээр нь би чамд бэлэн байгаа юм уу гэхэд би самарт явсан, тэр самраа зараад чиний мөнгийг өгнө гэж хэлсэн. ...Тэр үед Гончигдорж чи наанаа байж бай гэж хэлээд намайг Мэндсайхан гэх айлын хашааны ар талд үлдээгээд өөрөө хашаа даваад орсон, тэгээд 3 шуудайтай самар гаргаж ирсэн. Урьд өмнө нь надтай нэг удаа самар зарж борлуулаад түүний дараа хэд хоногийн дараа миний урьд өмнө зарж борлуулж байсан самар хулгайн самар байсан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 226-228 хуу/ Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-06 хуу/ Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-08 хуу/ Хохиролтой холбоотой баримт /хх-ийн 15 хуу/ Эд зүйлийн үнэлгээ танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 36 хуу/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52-53 хуу/ 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 85 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 175 хуу/ 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 84 дугаартай хохиролын үнэлгээний тайлан /хх-ийн 179 хуу/ 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 83 дугаартай хохиролын үнэлгээний тайлан /хх-ийн 183 хуу/ 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 108 дугаартай хохиролын үнэлгээний тайлан /хх-ийн 189 хуу/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72, 250 хуу/ Сэжигтнээр тооцох тогтоол /хх-ийн 215 хуу/ Б.Гончигдоржийн зан байдлын тодорхойлолт /хх-ийн 242-243 хуу/ Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2хх-ийн 06-07 хуу/ Анги удирдсан багшийн тодорхойлолт /хх-ийн 242 хуу/ Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Монгол Улсын Боловсролын их сургуулийн Урлаг, Биеийн тамир их сургуулийн тодорхойлолт 2 хуудас Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт 1 хуудас Төрсний гэрчилгээний хуулбар 1 хуудас Иргэний үнэмлэхний хуулбар болох 1 хуудас зэрэг болно. 2015 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын 20-ны хооронд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Уран толгой хорооллын 01-07 тоотод оршин суух С.Мэндсайханы 800 кг самар хулгайлагдаж С.Мэндсайханд 6.240.000 төгрөгийн хохирол учирсан, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн нутаг дэвсгэр Хөх Сүмийн гол Бугатын өвөр гэх газраас А.Адъяагийн эзэмшлийн дунд гарын шүрэн толгойтой гартам хөөрөг хулгайлагдаж А.Адъяад 7.500.000 төгрөгийн хохирол учирсан, 2016 оны 04 дүгээр сарын 12-14-ны хооронд Архангай аймгийн төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Уран толгой хорооллын 01-07 тоотод оршин суух С.Мэндсайханы гражаас 14 кг ноолуур хулгайлагдаж С.Мэндсайханд 952.000 төгрөгийн хохирол учирсан, 2016 оны 04 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр Урантолгой хорооллын 01-01 тоотод оршин суух иргэн Д.Энхтайваны байшингаас 42.4 кг ноолуур хулгайлагдаж Д.Энхтайванд 2.883.200 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдлууд нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Гончигдорж нь 2015 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын 20-ны хооронд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Уран толгой хорооллын 01-07 тоотод оршин суух С.Мэндсайханы гражид хууль бусаар нэвтэрч удаа дараагийн үйлдлүүдээр 800 кг самар шунахайн сэдэлтээр хулгайлж С.Мэндсайханд 6.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: би тухайн үед 2015 оны 09 сарын 20-ны үед худалдаж авсан самраа Улаанбаатар хот руу ачуулаад самраа шахаад, тооцоогоо гаргатал 800 кг самар дутсан. Тэгтэл манай хажуу талын Ганбаатарын хашаан дотор байсан өвсөн доороос 5-6 ширхэг шуудай самар гарч ирсэн гэсэн. Тэр самрыг Гончигдорж миний самар гээд авсан байсан. Намайг самар худалдан авч байх үед Гончигдорж бараг өдөр болгон надад самар зардаг байсан. Миний бодож байгаагаар Гончигдорж манай гражийг сайн мэддэг болохоор шөнөд нь хулгай хийгээд, өдөр нь надад зардаг байсан юм шиг байна лээ. Гончигдорж өөрөө хулгай хийсэн гэж хэлээд байгаа гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Мэндсайханы мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 86-87/, Гончигдорж, Ганбаатар гэдэг хүний хамт цагаан өнгийн Портер маркийн машинтай над дээр ирээд 6 ширхэг шуудай самар зарсан. Би самрыг шалгаж үзэхэд 2 ширхэг шуудай самар нь хог ихтэй байхаар нь авахгүй буцаасан. Тэгээд надад зарсан самар нь180 кг самар болж байсан. Би нэг кг самрыг 7000 төгрөгөөр бодож аваад, Гончигдоржид 1.260.000 төгрөг өгч байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Энхтайваны мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 88-90/, манай хашааны өвсөн доороос 6 шуудай самар гарч ирэхэд Гончигдорж миний самар, та аавд битгий хэлээрэй гэж гуйгаад байсан бөгөөд Энхтайван ахад аваачиж зарах гэсэн юм, та надад яваад өгөөч, би таньд түлшний мөнгийг нь өгье гэж гуйгаад байхаар нь би явж өгсөн гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Ганбаатарын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 155-156/, тэгтэл самар алдсан талаар Мэндсайхан нилээн сүүлд нь мэдсэн байсан. Миний самар байгаагүй, Мэндсайханд л хохирол учирсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Баясгалангийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 164-165/, самар тээвэрлэх үед авсан самраас, ачсан самар нилээд дутсан. 800-аад кг самар дутсан санагдаж байна гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Батмөнхийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 166-167/, 2015 оны 09 дүгээр сард би өдрийг нь сайн санахгүй байна, Гончигдорж надад хэлэхдээ би ахтайгаа хамт самарт явсан юм, самар түүж ирсэн чи цуг заралцаад өг гэж хэлсэн, тэгэхээр нь би Гончигдоржийн хамтаар С.Мэндсайхан гэх айлын хажуу талд байх эзгүй хашаанд нэг шуудай цайруулсан самар байсныг бид 2 хамт явган очиж аваад С.Мэндсайхан ахад зарж борлуулчихаад дэлгүүр орж ундаа авч уугаад гэр гэртээ харьсан. Тэгээд Гончигдорж надтай хамт яваад Мэндсайхан гэх айлын хашааны ард ирж зогсоод, чи наанаа зогсож бай гэж хэлээд хойд талын хашаагаар нь ганцаараа давж ороод хэсэг байж байгаад, эхлээд 50-60 кг шуудайтай самрыг миний зогсож байсан газраар давуулж гаргаж ирсэн бөгөөд би тэр үед нь доороос нь тэр самрыг нь тосч аваад хашааных нь ёроолд тавьсан. Тэгээд байж байх үед Гончигдорж дахиад нэг өмнө гаргаж ирсэн самрын хэмжээтэй адил шуудайтай самар гаргаж ирсэн, тэр самрыг нь би доороос нь тосч аваад нөгөө самрынхаа хажууд тавьсан, дараа нь дахиад бас адилхан хэмжээтэй нэг самар гаргаж ирсэн, би мөн адил доороос нь тосч авсан. Тэгээд байж байх үед Гончигдорж өөрөө хашаа даваад гарч ирсэн. Тэгээд бид 2 самраа аваад явах гэтэл даахгүй байсан болохоор өглөө ирж авъя гэж ярилцаад Мэндсайхан ахын дээд талын эзгүй хашаанд оруулж малын байран дээр гаргаж тавиад дээрээс нь өвс хучиж тавиад орхисон. Маргааш өглөө нь нэг машинтай, нэрийг нь мэдэхгүй ахыг гуйгаад дагуулж очоод нөгөө самраа машинд нь ачиж Гончигдорж бид 2 тэр ахтай хамт Цэнхэр сум руу яваад Цэнхэр сумын дээд талд нилээн захдуу нэг эрэгтэй хүн хувиараа самар авч байгааг мэдээд тэр хүн дээр очиж 3 шуудай самараа зарж борлуулсан гэж мөрдөн байцаалтын шатанд Б.Хүрэлтогоогийн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 226-228/, би 2015 оны 09-р сарын үед хамгийн анх ганцаараа манай гэрийн ойролцоо байдаг С.Мэндсайхан гэх ахын гражаас орой 22-23 цагийн орчимд 50 кг шуудайтай 1 шуудай самар хулгайлж, хажуу айлын эзгүй хашаа руу нь давуулж тэнд нь нууж орхиод маргааш өдөр нь ганцаараа ирээд нуусан самраа аваад тэвэрч очоод Мэндсайхан ахад өөрт нь 1кг самраа 4500 төгрөгөөр бодуулж ойролцоогоор 35-36кг самар болж байсан санагдаж байна. Тэгээд уг самраа өөрт нь зарсан. Үүнээс хойш 3 удаа ганцаараа 6-7 хоногийн зайтайгаар Мэндсайхан ахын гражаас Мэндсайхан ахыг унтаж байх хойгуур нь нийт 3 шуудай 50 кг шуудайтай самар хулгайлж, хажуу талын эзгүй айлын хашаанд оруулж нуугаад тэгээд тэр хашаанаасаа хулгайлсан шуудай самраа гаргаж аваад Мэндсайхан ахад өөрт нь зардаг байсан. Би өдөрт 1 шуудай самар хулгайлаад тэрийгээ дараа өдрөөс нь зардаг байсан юм. Үүнээс хойш өдрийг нь санахгүй байна, шөнө 00 цагаас хойш Мэндсайхан ахын граж онгорхой байхаар нь ороод ганцаараа нийт 6 шуудай 50 кг шуудайтай самар хулгайлж хажуу талын эзгүй хашаанд нь оруулж өвсөн доогуур нуугаад явсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа тэр эзгүй хашааны эзэн Ганбаа гэх хүн өвсөө ачиж байгаад миний хулгайлсан самрыг мэдчихсэн бөгөөд тэгэхээр нь би очиж уулзаад, манай ангийнхан самарт яваад түүж бэлтгэсэн юм гэж худлаа хэлээд Ганбаа ахын машин дээр ачуулж Энхтайван гэх самар авч байсан хүнд өгч заруулсан гэж шүүгдэгч Б.Гончигдоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг тогтоосон 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 83 дугаартай хохиролын үнэлгээний тайлан /хх-ийн 183/ зэрэг нотлох баримтуудаар, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн нутаг дэвсгэр Хөх Сүмийн гол Бугатын өвөр гэх газраас А.Адъяагийн эзэмшлийн дунд гарын шүрэн толгойтой гартам хөөрөг хулгайлж А.Адъяад 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө манай дүү Энхтуяа нохойдоо хоол өгөх гэж байгаад миний хөөрөгний дайланг аваад ирсэн. Тэгээд таны хөөрөг байна уу гэхээр нь би хөөргөө үзтэл миний унтдаг ор буюу гэрийн баруун талын орны гудсан доор байсан хөөрөг маань алга болсон байсан. Тэгээд би хөөргөө тэр жаахан хүүхдийг алга болгочихлоо гэж бодож байтал Ишдорж миний хөөргийг Гончигдорж хулгай хийгээд ломбарданд тавьсан байна гээд авчирч өгсөн гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/, 2016 оны 04 сарын 10-ны үед Гончигдорж манайд ирэхдээ нэг хөөрөг бариад орж ирсэн. Тэр хөөргөө Гончигдорж надад үзүүлээд энэ хөөргийг олсон юм, энэ хөөрөг ямар байна гэж үзүүлж байсан. Тэгээд энэ өдрийн маргааш нь үдээс хойш Гончигдорж дахин манайд орж ирээд энэ хөөрөгний эзэн нь цагдаа дээр ирчихсэн байна гэнэ аваачиж өгөхөөс гээд гараад явсан. Энэ өдрөө Гончигдоржийг олоогүй бөгөөд Мөнхзоригтой уулзахад 12 дугаар дэлгүүрийн урд талын ломбарданд надаар тэр хөөргийг барьцаанд тавиулсан гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь Мөнхзориг, Ишдорж, бид гурав хамт 12 дугаар дэлгүүрийн урд талын байранд байх ломбарднаас Ишдорж ахын хөөргийг 155.000 төгрөгөөр авсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Отгонбаатарын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57-59/, тэгээд Отгонбаатартай таараад Гончигдоржийн талаар болон Адъяа ахын хөөргийг асуухад Гончигдорж авсан гэсэн. Гончигдоржийг манайд ирээд нэг хоноод маргааш нь хөөрөг алга байсан. Гончигдорж Адъяа ахын хөөргийг Отгонбаатарын хамт Отгонбаатарын найзаар 12-р дэлгүүрийн урд талд байрлах ломбарданд 150.000 төгрөгөөр тавьсан байсан. Тэгээд тэр ломбарднаас Адъяа ахын хөөргийг авч өгсөн гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 60-63/, манай ах Адъяагийн ягаан цоохор өнгийн хөөрөгний даалин нь эвхээстэйгээ газар байхаар нь автал хөөрөг нь байхгүй байсан. Би эргэж гэртээ орж ирээд Адъяа ахын хөөрөгний даалин гадаа байна. Тэгээд дараа нь манай хүү Ишдорж Адъяа ахын хөөргийг Гончигдорж хулгай хийгээд ломбарданд тавьсан байхаар нь аваад Адъяа ахад өгсөн гэж хэлж байсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Энхтуяагийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 64-66/, тэр үед Гончигдорж халааснаасаа нэг хөөрөг гаргаж ирээд энэ миний хөөрөг байгаа юм зармаар байна зараад өг гэж хэлсэн. Гончигдорж, Отгонбаатар 2 ярьж байгаад ломбарданд тавчихъя гээд тухайн үед бичиг баримт иргэний үэмлэхтэй хүн байхгүй байсан учир миний цахим үнэмлэхийг ашиглаж тэр 2 тэр хөөргөө ломбарданд тавихаар болоод тэгээд хамт очоод 12-р дэлгүүрийн хажуу талын байранд байдаг ломбарданд ороод хөөргөө 150.000 төгрөгөнд тавьсан би тэгээд тэндээс гэр рүүгээ явсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Мөнхзоригийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 172-173/, тэр үед түлээн дээр нэг жижиг хөөрөг байхаар нь би авчихсан юм.Тэгээд байж байсан чинь маргааш нь Адъяа гэх хамт байдаг айлын ах хөөргөө алдчихсан, алга болгочихсон байна, даалин нь түлээ нохой хоёрын хажууд байна, хөөрөг алга болчихлоо гээд байх үед нь би нэг гаргаад өгчихдөг юм бил үү гэж бодож байгаад хөөргийг нь гаргаад өгчихвөл намайг хулгайлсан гэж бодох юм байна гэж бодоод хөөргийг нь гаргаж өгөөгүй. Тэгээд тэр хөөргийг нь аймгийн төвд авч ирээд ломбарданд 150.000 төгрөгөөр тавьчихсан гэж шүүгдэгч Б.Гончигдоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг тогтоосон 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 85 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 175/ зэрэг нотлох баримтуудаар, 2016 оны 04 дүгээр сарын 12-14-ны хооронд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Уран толгой хорооллын 01-07 тоотод оршин суух С.Мэндсайханы гражаас 14 кг ноолуур хулгайлж С.Мэндсайханд 952.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: би 15 ширхэг шуудайгаа тоолж граждаа үлдээгээд гражаа цоожлоод хөдөө дахиад ноолуур авахаар явсан. Хаш-Эрдэнэ гражийн жижиг хаалгыг онгойлгоод орохгүй зогсоод байхаар нь би очтол гражийн том хаалгыг дарсан аккумлъятор байрнаасаа хөдөлсөн байсан. Тэгээд маргааш өглөө нь яагаад аккумлътор хөдөлсөн юм бол гэж бодоод шуудайтай ноолуураа бүртгэхэд 14 ширхэг шуудай болсон байсан. Би тухайн үедээ Гончигдорж гэдэг хүүхдийг сэжиглэж байсан. Би яагаад сэжиглэсэн юм гэвэл Гончигдорж манайхаас бас самар хулгай хийсэн юм гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Мэндсайханы мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 108-110/, маргааш нь над руу залгаад хэдэн ширхэг ноолуур байсан юм гэхээр 15 ширхэг шуудай болсон гэхэд 1 ширхэг шуудай ноолуур дутсан байна гэж хэлж байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Рагчаасүрэнгийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 111-112/, Гончигдорж манайд ганцаараа орж ирээд ноолуур зарсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эрдэнэчимэгийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 115-116/, тэгээд Хөх сүм ороод орой бүрэнхий тасрах үед ирэхэд гражийн хаалганы үүдэнд тавьсан аккумлъятор хөдөлсөн байсан, тэгээд граж руу ороод үзээд шуудайтай ноолуураа тоолж үзсэн чинь нэг шуудай ноолуур байхгүй байсан. Би уг ноолуурыг хэн хулгайлсан талаар мэдэхгүй бөгөөд сүүлд нь сонсоход Б.Гончигдорж гэх хүүхэд хулгайлсан байна гэж сонсож мэдсэн гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Хаш-Эрдэнийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 151-152/, Отгонбаатар, Гончигдорж нар ойролцоогоор 50 кг шуудайтай амыг нь баглачихсан нэг шуудай ноолуур Цэнхэр сумын төвд ертөнцийн зүгээр хойшоо харсан дэлгүүр дээр буугаад тэнд зараад буцаж гараад ирсэн гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Ганзоригийн мэдүүлсэн мэдүүлэг /153-154/, тухайн үед тэр ноолуурууд нийт 15 шуудай болж байсан. Тэгээд тэр савласан шуудайтай ноолуурыг нь гражид нь зөөж оруулж өгөөд явцгаасан. Үүний маргааш өглөө Мэндсайхан ахын гражнаас нэг шуудай ноолуур дутсан байна гэж ярьж байсан. Сүүлд нь сонсоход Б.Гончигдорж уг нэг шуудай ноолуурыг хулгайлсан гэж дуулсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Пүрэвдоржийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 158-159/, 2016 оны 04 дүгээр сарын 10-ны үед би өдрийн цагаар С.Мэндсайхан ахынд хүн байхгүй байх хойгуур нь ганцаараа орж ирээд 1 шуудай ноолуур хулгайлж авсан. Тухайн үед граж нь дотроосоо цоожтой байсныг гараа хийж байгаад онгойлгож орсон юм. Тэгээд хулгайлсан ноолуураа Отгонбаатар гэх хамаатны ахындаа авч ирээд би ноолуур хулгай хийгээд аваад ирлээ, та зараад өг гэсэн чинь за гээд Зоригоо гэдэг таксинд явдаг найзыгаа дуудаад тэр хүний машинтай бид 3 Цэнхэр сум руу орж ирээд сумын төвд байх 1 дэлгүүрийн гадаа очоод зарсан бөгөөд ойролцоогоор 690.000 төгрөг болсон гэж шүүгдэгч Б.Гончигдоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 84 дугаартай хохиролын үнэлгээний тайлан /хх-ийн 179/ зэрэг нотлох баримтуудаар, 2016 оны 04 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр Урантолгой хорооллын 01-01 тоотод оршин суух иргэн Д.Энхтайваны байшинд хууль бусаар нэвтэрч 42.4 кг ноолуур хулгайлж, 2.883.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: би энэ салхивчны дотор тал яагаад онгойчихдог юм бол гэж бодоод байшингаа онгойлгож дотогшоо ороход ноолуур хийсэн өрөөний хаалга хаалттай байсан бөгөөд ноолуур нурсан байдалтай байсан. Шуудайтай байсан ноолуурнаас нь дутаж алга болсон байсан. Тэгээд би гэр рүүгээ орж хүүхдээ сэрээгээд ноолуур алга болсон байна гэдгийг мэдсэн. Эхнэрээ ирэнгүүт эхнэртээ хулгай орж гэж хэлээд онгойсон байсан салхивчаа харуулсан гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Энхтайваны мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10/, би Гончигдоржийн хулгайн гэмт хэрэг үйлдэж олж авсан мөнгөөрөө авсан Мустанг-5 маркийн хар өнгийн шинэ мотоциклийг тухайн үед хэрэг шалгаж байсан мөрдөн байцаагч Г.Дагийранжил гэх хүний зөвшөөрлөөр авсан гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Энхтайваны дахин мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 148/, тэгээд нөхрийгөө дагаад дотогшоо ороод ноолуур хийсэн өрөөндөө орж харахад шуудайтай ноолуурнаас дутсан байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эрдэнэтогосын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16-18/, манайх нийт 25 клограммын шуудайтай 8 ширхэг шуудай, нийт 42.4 кг ноолуур хулгайд алдсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эрдэнэтогосын дахин мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 149-150/, аав хажуу талын байшингаас ноолуур алга болсон байна гээд цагдаад мэдэгдсэн. Аав ээж 2 хажуу байшингийн гал тогооны өрөөнд ноолуураа оруулсан гэж хэлж байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Эрдэнэтулгын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, тэгээд намайг дуудаад Ганбаа үүнийг хардаа порчик онгорхой байна, хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Би хартал байшингийнх нь арын жижиг порчик нь онгорхой харагдсан. Энхтайван ах урд шөнө энэ байшингаас ноолуур алга болсон байна гэж байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Ганбаатарын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/, өчигдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай сумын төвд хүмүүс Энхтайван гэрээсээ ноолуураа алдсан гэж яригдаж сонсогдож байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.Амарсайханы мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/, тэгээд шууд Энхтайван гэх айлын хашааны хойно ирээд Энхтайван гэх айлаас жаахан зайдуу мотоциклио үлдээгээд, Энхтайван ахын хажуу талын агуулах гэмээр байшингийн цонхоор орж, нийт 5 шуудай ноолуур авч хулгайлж гарч ирээд мотоцикль дээрээ 2 тийш нь хөндлөнгөөр нь тавиад сумын наадмын талбай ороод 2 шуудай ноолуураа нууж орхиод 3 шуудай ноолуурыг нь авч Цэнхэр суманд очоод Пүүжээ гэх найзынхаа хашаанд нууж орхиод тэндээ хоносон. Тэр үед би авч ирсэн ноолуураа хулгайн ноолуур болох талаар Пүүжээ гэх найздаа хэлээд, суманд 2 шуудай ноолуур үлдсэн байгааг хэлээд маргааш нь орой Пүүжээ бид 2 мотоциклиор нь хамт Төвшрүүлэх суманд очиж наадмын талбай дээр нууж орхисон 2 шуудайг Цэнхэр суманд авч ирээд 5 шуудай ноолуураа Пүүжээ бид 2 хамт нэг Портертой ахад зарсан. Нийт 2 сая 54 мянган төгрөг болсон. Тэгээд Пүүжээ бид 2 аймгийн төвд орж ирээд би шинэ мотоцикль худалдаж авсан гэж шүүгдэгч Б.Хүрэлтогоогийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, хулгайд алдагдсан эд зүйлийг үнэлгээг тогтоосон 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 108 дугаартай хохиролын үнэлгээний тайлан /хх-ийн 189/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна гэж үзэв. Иймд шүүгдэгч Боржигон овогт Бямбасүрэнгийн Гончигдоржийг давтан үйлдлээр бусдын агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Харин Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Хүрэлтогоог Б.Гончигдоржтой бүлэглэн 2015 оны 08 сараас 09 дүгээр сарын 20-ны хооронд Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн Уран толгой хорооллын 01-07 тоотод оршин суух С.Мэндсайханы гражид хууль бусаар нэвтэрч 800 кг самар хулгайлж 6.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч С.Мэндсайхан /хх-ийн 88-90/, гэрч М.Ганбаатар /хх-ийн 155-157/, гэрч А.Баясгалан /хх-ийн 164-165/, гэрч Б.Батмөнх /хх-ийн 116-167/ нарын мэдүүлэг, хохирлын үнэлгээний дүгнэлт /хх-ийн 183/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн байх боловч Б.Хүрэлтогоогийн дээрх үйлдэл холбогдол нь шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар бүрэн нотлогдохгүй байна гэж үзлээ. Учир нь хохирогч С.Мэндсайхан, А.Баясгалан, Б.Батмөнх нар нь шүүгдэгч Б.Хүрэлтогоог самар хулгайлж байсныг харсан, үзсэн, сонссон талаар огт мэдүүлээгүй, гэрч М.Ганбаатар нь “өвс янзалж байх үед өвсөн доороос 6 шуудай цайруулсан самар гарч ирсэн, тэр үед Гончигдорж аавд битгий хэлээрэй, би найз нартайгаа нууцаар самарт явж янзалсан юм гээд миний машинд ачиж Д.Энхтайванд 4 шуудай самрыг борлуулж, 2 шуудай самрыг хогтой байна гээд аваагүй тул Гончигдоржийг өөрийнх нь хашааны үүдэнд буулгаж өгөөд явсан, сүүлд нь Гончигдоржийг Мэндсайханы гражаас самар хулгайлсан байна гэж мэдсэн” гэж мэдүүлсэн бөгөөд мөн Хүрэлтогоог хамт хулгай хийсэн талаар мэдүүлээгүй, мөн шүүгдэгч Б.Хүрэлтогоогийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “би Гончигдоржид мотоциклио 1.200.000 төгрөгөөр зараад 200.000 төгрөгөө авч чадаагүй байсан, тэгээд нэг орой 22 цагийн орчим Гончигдорж би самар зараад үлдсэн мөнгийг чинь өгье, хамт яваад самар заралцаад өг гэхээр нь 3 шуудай самрыг заралцаж өгөөд 200.000 төгрөгөө авсан, би хамт хулгай хийгээгүй” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Гончигдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс 7 хоног болгон Мэндсайхан ахын хашаанаас 1 шуудай самар авч зардаг байсан. Би Хүрэлтогоог хамт хулгай хийе гэж хэлээгүй, намайг хулгай хийж байгааг мэдээгүй, би самарт яваад ирсэн, 3 шуудай самар байгаа заралцаад өг гэж хэлж хамт зараад өмнө нь худалдаж авсан мотоциклийнхоо үнэнд дутуу өгсөн 200.000 төгрөгийг өөрт нь өгсөн. Би мөрдөн байцаалтын шатанд хохирлоо төлүүлэх гэж Хүрэлтогоотой хулгай хийсэн мэтээр худал мэдүүлэг өгсөн юм гэх мэдүүлэг зэргээр дээрх нөхцөл байдал үгүйсгэгдэж няцаагдаж байна. Иймд Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Хүрэлтогоод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Хүрэлтогоог цагаатгах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Гончигдорж нь бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Хүрэлтогоо нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Гончигдорж нь энэ хэрэгт 113 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гончигдоржид түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулж, Б.Гончигдорж нь хүндэвтэр хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан зэргийг харгалзаж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Хүрэлтогоод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Хүрэлтогоог цагаатгасугай. 2. Шүүгдэгч Боржигон овгийн Бямбасүрэнгийн Гончигдоржийг давтан үйлдлээр бусдын агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Б.Гончигдоржийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 4. 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Гончигдоржийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Гончигдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 6. Шүүгдэгч Б.Хүрэлтогоо нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Гончигдорж нь 113 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр 2 дахь хэсэгт 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Хүрэлтогоод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гончигдоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй. 9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар, хохирогчийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ