| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 1911014131167 |
| Дугаар | 2022/ДШМ/351 |
| Огноо | 2022-03-31 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Баярчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2022/ДШМ/351
2022 03 31 2022/ДШМ/351 № Т M № 546
З.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Баярчимэг,
хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн,
шүүгдэгч З.Б-ийн өмгөөлөгч А.Зүмбэрэл,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/171 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Д.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн З.Б-т холбогдох 1911014131167 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
И овгийн З-ын Б-, Дархан-Уул аймагт 1980 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уламжлалтын бага эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, охины хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн 000 дугаар баг 0 дугаар хорооллын 000000 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: /
З.Б- нь “Хятадаас тавилга захиалгаар хийлгэж, хүргүүлнэ” гэж Д.Э-ыг хуурч, 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 50,000 юань буюу 19,300,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 51,400 юань буюу 21,123,100 төгрөг тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: З.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... З.Б- нь БНХАУ-аас захиалсан барааг тээвэр зуучаар дамжуулан хүргэдэг үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд иргэн Д.Э-ын захиалсан барааг анхнаасаа өөрөө гардаж захиалаагүй, ямар бараа захиалсныг нь мэдээгүй, уг ажлыг өөрийн хамтран ажиллагч БНХАУ-ын иргэн М- гэх хүн болон Э- нарт хариуцуулан өгснөөр М-, Э-, Д.Э-, З.Б- нар групп чат нээж, Д.Э- групп чат руу захиалах тавилгынхаа зургийг явуулж, М- захиалгыг авжээ. Ингээд Д.Э- тавилгын урьдчилгаа шилжүүлснийг Болормаа гэх хүний дансаар дамжуулан З.Б- хүлээн авч М- руу шилжүүлсэн, үлдэгдэл мөнгийг М- руу Д.Э- өөрөө шилжүүлжээ. Үүнээс үзвэл прокурор хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй. З.Б-ийн үйлдлийн сэдэлт зорилго, субьектив санаа, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байна. Мөн энэ хэрэгт хамтран оролцогчид байгаа эсэхийг шалгах шаардлагатай. З.Б-т холбогдох хэргийн хохирлын үнэлгээ бодитой биш, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтэд 11 бараа материалыг үнэлсэн бөгөөд 11 нэр төрлийн барааг 931,000 төгрөг гэж үнэлсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Бараа материалын үнэ, материалыг харьцуулсан мэдээллийг огт хавсаргаагүй. Ямар бараа материалд дүгнэлт хийсэн нь тодорхой бус, үнэлсэн бараа материал доголдолтой, эсвэл дутуу эсэхийг тодруулаагүй. Иймд хохиролтой холбоотой асуудлыг тодруулахаар “Дамно” ХХК-ийн дүгнэлттэй холбогдуулан дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж хохирлыг нэг мөр тогтоох шаардлагатай. Дээрх байдлаар хэргийн талаар үйл баримтын болон эрх зүйн дүгнэлт хийх нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдахгүй байна...” гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаан, шүүгдэгч З.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэг. Шүүгчийн захирамжид “Б- нь БНХАУ-аас захиалсан барааг тээвэр зуучаар дамжуулан хүргэдэг үйл ажиллагаа явуулдаг байсан” гэж бодит байдлыг гажуудуулсан тайлбар, дүгнэлтийг хийсэн. Шүүгдэгч Б- нь анхнаасаа БНХАУ-д хохирогч надтай уулзаж, өөрийгөө танилцуулахдаа “Тээвэр зуучийн буюу каргоны үйл ажиллагаа явуулдаг” гэж миний итгэлийг авсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад БНХАУ-д тээвэр зуучийн болон каргоны үйл ажиллагаа явуулах эрхгүй болох нь тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт Б- нь “Тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй, авахаар хөөцөлдсөн боловч бүтээгүй” гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Энэ нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.
Хоёр. Шүүгчийн захирамжид “Иргэн Д.Э-ын захиалсан барааг анхнаасаа өөрөө гардаж захиалаагүй, ямар бараа захиалсныг нь мэдээгүй” гэж ор үндэслэлгүй тайлбар, дүгнэлт хийсэн. Анхнаасаа шүүгдэгч Б-ийг энэ хүн хийж чадна гэж надад тухайн үед танилцуулсан учир би Б-т бүрэн итгэж, түүнтэй “Тавилгын үйлдвэрт миний захиалгыг өгөх, тавилгын урьдчилгаа төлбөрөө шилжүүлсэн байгаа тул барааг Монгол Улс руу явуулах” талаар тохиролцсон. Шүүгдэгч Б- нь ингээд зогсохгүй над руу бичлэг явуулж “Энэ таны захиалсан бараа чинь байна” гэж итгүүлсэн. Тиймээс би тавилгын үйлдвэрт захиалгаа өгч, урьдчилгааг төлөөд бараа маань үйлдвэрлэгдээд дууссан юм байна, одоо үлдэгдэл мөнгөө төлөөд Б- над руу явуулж өгөх юм байна гэж итгэн мөнгөө шилжүүлсэн.
Хэргийн бодит байдал ийм байхад шүүгч ор үндэслэлгүй “Захиалсан барааг анхнаасаа өөрөө гардаж захиалаагүй, ямар бараа захиалсныг нь мэдээгүй” гэж хэргийн үйл баримтыг ойлгоогүй тайлбар, дүгнэлт хийсэнд маш их гомдолтой байна.
Гурав. Шүүгчийн захирамжид “Уг ажлыг өөрийн хамтран ажиллагч БНХАУ-ын иргэн М- гэх хүн, хамтран ажилладаг Э- нарт хариуцуулан өгснөөр М-, Э-, Д.Э-, Б- нар групп чат нээж Д.Э- групп чат руу захиалах тавилгынхаа зургийг явуулж, М- захиалгыг авжээ. Ингээд Э- тавилгын урьдчилгаа 50,000 юанийг шилжүүлснийг Болормаа гэх хүний дансаар дамжуулан Б- хүлээн авч, М- руу шилжүүлсэн, үлдэгдэл 51,400 юанийг М- руу Э- өөрөө шилжүүлжээ” гэж хэргийн үйл баримтыг гажуудуулж гуйвуулсан тайлбар, дүгнэлт хийсэн байна. Би анхнаасаа Б-т итгэж, түүнтэй тохиролцож уг ажлыг хариуцуулсан. Б- нь өөрөө тээвэр зуучийн үйл ажиллагаа буюу каргоны үйл ажиллагаа явуулдаг гэж өөрийгөө танилцуулан надад итгүүлсэн. Түүнээс биш М- болон Э- нартай ямар ч зүйл тохиролцоогүй. Харин Б- нь холбогдохгүй алга болсон тул мөрдөгч Б.А Б-тэй Wechat-аар холбогдсоны дараа /энэ тухай хавтаст хэрэгт байгаа/ захиалсан барааг явуулж хохиролгүй болгоно гэсний дараа арга буюу М-, Э- нартай холбогдсон болно. Үүнийг шүүгч гуйвуулан тайлбарлаж “Уг ажлыг М-, Э- нарт анхнаасаа хариуцуулсан” мэтээр буруу тайлбарлан бодит хэргийн үйл баримтыг ноцтойгоор шууд гажуудуулсан байна.
Шүүгч “Д.Э- групп чат руу захиалах тавилгынхаа зургийг явуулж” гэж буруу хэлж байна. М-, Э- нарт тавилгын үйлдвэрт захиалгаа өгсөн, урьдчилгаа төлсөн байсан ба уг үйлдвэрээс авах тавилгын зургаа явуулсан болохоос биш тэдэнд шинээр тавилгын захиалга өгсөн зүйл огт байхгүй. Мөн “Э- тавилгын урьдчилгаа 50,000 юанийг шилжүүлснийг Болормаа гэх хүний дансаар дамжуулан Б- хүлээн авч, М- руу шилжүүлсэн” гэсэн тайлбар дүгнэлтийг хийсэн. Гэтэл хэрэгт “50,000 юанийг Б- М- руу шилжүүлсэн” гэх баримт байхгүй байхад хийсвэрээр нотлох баримтгүй дүгнэлт хийж хэргийн үйл баримтыг ноцтой гажуудууллаа.
Мөн “үлдэгдэл 51,400 юанийг М- руу Э- өөрөө шилжүүлжээ” гэж тайлбарлахдаа үүний агуулгыг М-, Э- нарт шинээр тавилгын захиалга өгсөн мэт үндэслэлгүй бөгөөд хэргийн үйл баримтад нийцэхгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Шүүгч нь дээрх байдлаар хэргийн бодит үйл баримтыг хэт гажуудуулсан тайлбар, дүгнэлтийг хийж, түүндээ нийцсэн шийдвэр гаргасан байгаа нь өөрөө шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Дөрөв. Шүүгч “Б-ийн үйлдлийн сэдэл, зорилго, субъектив санаа гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байна” гэх дүгнэлт хийсэн. Хэрэгт цугларсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлэг, Wechat-аар харилцсан яриа болон видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тэр дундаа шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн асуулт, хариултанд хариулсан, мэдүүлсэн хуралдааны тэмдэглэлээр З.Б- нь “БНХАУ-д тавилгын үйлдвэрт тавилгаа захиалж, урьдчилгааг төлсөн болохыг мэдсээр байж, тавилга чинь бэлэн болсон мөнгөө шилжүүлээрэй” гэж видео бичлэг явуулан хуурч итгүүлээд 2 удаагийн үйлдлээр тавилгын үйлдвэрт өгөх мөнгийг шилжүүлэн авсан, ийнхүү тавилгын үйлдвэрт өгсөн мөнгийг өөрт авсан атлаа, уг тавилгын үйлдвэрт захиалсан тавилгыг биш өөр шаардлага хангахгүй, иж бүрдэл нь дутуу, өнгө чанар хийц өөр, дууриамал, тавилга гэж үзэх боломжгүй зүйлүүдийг явуулж, гал тогооны тааз хүртэл байрлуулах ханын стенк, аяга, шанага, халбага, сэрээний тусгаарлагчтай шүүгээнүүд бүхий мебель тавилга, угаалтуур тосгууртай 2 сет, гал тогооны мебельд суурилуулах тус бүрдээ 2 ширхэг шилэн плитка, цахилгаан зуух, уур сорогч бүхий цахилгаан бараатай бор, цагаан өнгөтэй 2 сэт мебель тавилга, хажуудаа жижиг 2 шургуулгатай, босоо өндөр 2 тавиур, тольтой гоо сайхны ширээ сандал бүхий өргөн зузаан пүрш сайтай, торгон бүрээс бүхий матраастай унтлагын өргөн модон ор, модон суурьтай галууны зөөлөн өдөөр дүүргэсэн хөх саарал өнгөтэй цэвэр даавуун эдэлгээ сайтай зузаан давуун бүрээстэй 2 хэсэгтэй, хоорондоо холбоостой салгаж байрлуулж болох хажуу болон урагшаа өргөнтэй 2 диван, ТВ-ийн суурьтай ханын тавилга, шургуулга шүүгээтэй кофений модон ширээ, ханын шилэн хаалгатай мөнгөлсөн хүрээтэй босоо өндөр дотроо шүүгээ тавиуртай 2 шкаф бүхий ханын шүүгээ шургуулагтай шилэн хаалгатай дунд зэргийн өндөртэй модон хүрээтэй 2 шкаф, модон хүрээтэй савхин бүрээстэй 6 сандалтай гал тогооны модон мебель, ширээ бүхий иж бүрэн хослол бүхий тансаг загварын мебельтэй, цахилгаан барааны тоноглолтой тавилгуудыг огт явуулаагүй, хохирогчийн захиалгаа өгсөн тавилгын үйлдвэр дээр очиж уулзаагүй зэрэг үйлдлүүдийг хийсэн бөгөөд хохирогчоос тавилгын мөнгийг нь бүхэлд нь дээрх үйлдлүүдээрээ дамжуулан шилжүүлэн авсан, эдгээр бодит нөхцөл байдлаас Б- нь бодит байдлыг нууж, 2 удаагийн үйлдлээр шунхайн зорилгоор мөнгийг авсан болох нь хангалттай тогтоогдсон болно. Хэрэв Б- нь хохирогч миний захиалгаа өгсөн үйлдвэр дээр очиж уулзсан, миний шилжүүлсэн мөнгийг тус үйлдвэрт өгсөн, захиалгын дагуу тавилгуудыг Монгол руу явуулсан бол уг тавилгын чанар, доголдлын талаар асуудал үүсч, энэ талаар маргаан гарсан, эсхүл Б-ээс тавилгыг тус үйлдвэрээс авч Монгол руу тээвэрлэх явцдаа буруу тээвэрлэлтийн улмаас эвдрэл, гэмтэл, үүсч энэ талаар маргаан гарсан бол энэ нь иргэний маргаан гэж хууль зүйн хүрээнд яригдаж болох юм. Гэтэл ийм биш болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож, шийдвэрлэх боломжтой байхад огт үндэслэлгүй тайлбар, дүгнэлтүүдийг хийсэнд үнэхээр гомдолтой байна.
Тав. Шүүгчийн захирамжид “... хохиролын үнэлгээ бодит биш, ... үнэлсэн нь бодит байдалд нийцэхгүй байна” гэх хэрэгт ач холбогдолгүй тайлбар, дүгнэлтийг хийсэн. Гэтэл тус гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас хохирогч надад учирсан хохирол нь шүүгчийн заагаад байгаа үнэлгээ биш юм. Хохирогч надад учруулсан бодит хохирол бол хохирогч намайг хуурч 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авсан мөнгө. Гэтэл шүүх дээрх байдлаар хэрэгт ач холбогдолгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг тодорхой харуулж байна.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү ...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг тайлбарлана. Хэргийг прокурорт буцаасан үндэслэл бүгд бодит байдалд нийцэхгүй, хэрэгт авагдсан баримтуудын эсрэг дүгнэлт хийсэн. Хэрвээ шүүхийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт байгаа бол тэр баримтуудыг яагаад үнэлэхгүй үгүйсгэж байгаа гэдгийг шүүх өөрөө тайлбарлах ёстой. Үүнийг хуульд заасан.
Нэг. Шүүгчийн захирамжид: “Б- нь БНХАУ-аас захиалсан барааг тээвэр зуучаар дамжуулан хүргэдэг үйл ажиллагаа явуулдаг байсан” гэж бодит байдлыг гажуудуулсан дүгнэлт хийсэн. Гэтэл шүүгдэгч Б- нь анх БНХАУ-д хохирогчтой уулзаж, өөрийгөө танилцуулахдаа “Тээвэр зууч буюу каргоны үйл ажиллагаа явуулдаг” гэж итгэлийг нь олж авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “БНХАУ-д тээвэр зуучийн болон каргоны үйл ажиллагаа явуулах эрхгүй” болох нь тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт Б- нь “Тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй, авахаар хөөцөлдсөн боловч бүтээгүй” гэж өөрөө мэдүүлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдоно. Шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг шүүх үгүйсгээгүй атлаа хэргийг прокурорт буцаах дүгнэлт хийж байгаа нь бодит байдлыг гажуудуулсан гэж үзэж байна.
Хоёр. Шүүгчийн захирамжид “иргэн Д.Э-ын захиалсан барааг анхнаасаа өөрөө гардаж захиалаагүй, ямар бараа захиалсныг нь мэдээгүй” гэж ор үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Энэ нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон. Анхнаасаа шүүгдэгч Б-ийг энэ хүн хийж чадна гэж танилцуулсан учир хохирогч бүрэн итгэж, түүнтэй “Тавилгын үйлдвэрт миний захиалгыг өгөх, тавилгын урьдчилгаа төлбөрөө шилжүүлсэн байгаа тул барааг минь Монгол руу явуулж өгөх” талаар тохиролцсон.
Шүүгдэгч Б- нь ингээд зогсохгүй бичлэг явуулж “Энэ таны захиалсан бараа чинь байна” гэж итгүүлсэн. Тиймээс тавилгын үйлдвэрт захиалгаа өгч, урьдчилгаа төлсөн бараа маань үйлдвэрлэгдээд дууссан юм байна, одоо үлдэгдэл мөнгөө төлөөд Б- над руу явуулах юм байна гэж итгэн мөнгөө шилжүүлсэн.
Хэргийн бодит байдал ийм байхад шүүгч ор үндэслэлгүй буюу “захиалсан барааг анхнаасаа өөрөө гардаж захиалаагүй, ямар бараа захиалсныг нь мэдээгүй” гэх хэргийн үйл баримтыг ойлгоогүй гэж үзэхээр тайлбар, дүгнэлтийг хийсэн байгаад маш их гомдолтой байна.
Гурав. Шүүгчийн захирамжид “уг ажлыг өөрийн хамтран ажиллагч БНХАУ-ын иргэн М- гэх хүн, Э- нарт хариуцуулан өгснөөр М-, Э-, Д.Э-, Б- нар групп чат нээж Д.Э- групп чат руу захиалах тавилгынхаа зургийг явуулж, М- захиалгыг авжээ. Ингээд Э- тавилгын урьдчилгаа 50,000 юанийг шилжүүлсэнийг Болормаа гэх хүний дансаар дамжуулан Б- хүлээн авч, М- руу шилжүүлсэн, үлдэгдэл 51,400 юанийг М- руу Э- өөрөө шилжүүлжээ” гэж мөн л хэргийн үйл баримтыг гажуудуулж гуйвуулсан тайлбар, дүгнэлтийг хийсэн байна.
Анхнаасаа Б-т итгэж, түүнтэй тохиролцож уг ажлыг хариуцуулсан. Б- нь өөрөө тээвэр зуучийн үйл ажиллагаа буюу каргоны үйл ажиллагаа явуулдаг гэж өөрийгөө танилцуулсан нь итгэл төрүүлсэн. Тэрнээс биш М- болон Э- нартай ямар ч зүйл тохиролцоогүй. Харин Б- нь холбогдохгүй алга болсон тул мөрдөгч Б.Алтанцэцэг Б-тэй вичатаар холбогдсоны дараа (энэ тухай хавтаст хэрэгт байгаа) захиалсан барааг явуулж хохиролгүй болгоно гэсний дараа арга буюу М-, Э- нартай холбогдсон байдаг болно. Үүнийг шүүгч гуйвуулан тайлбарлаж “уг ажлыг М-, Э-” нарт анхнаасаа хариуцуулсан мэтээр буруу тайлбарлан бодит хэргийн үйл баримтыг ноцтойгоор гажуудуулсан байна.
Шүүгч нь “Д.Э- групп чат руу захиалах тавилгынхаа зургийг явуулж” гэж буруу хэлж байна. М-, Э- нарт тавилгын үйлдвэрт захиалгаа өгсөн, урьдчилгаа төлсөн байсан ба уг үйлдвэрээс авах тавилгын зургаа явуулсан. Тэрнээс биш шинээр тавилгын захиалга өгсөн зүйл огт байхгүй юм.
Мөн “Э- тавилгын урьдчилгаа 50,000 юанийг шилжүүлснийг Болормаа гэх хүний дансаар дамжуулан Б- хүлээн авч, М- руу шилжүүлсэн” гэсэн тайлбар дүгнэлтийг хийсэн. Хэрэгт “50,000 юанийг Б- М- руу шилжүүлсэн” гэх баримт байхгүй байхад хийсвэрээр нотлох баримтгүй дүгнэлт хийж хэргийн үйл баримтыг ноцтой гажуудуулсан.
Түүнчлэн “үлдэгдэл 51,400 юанийг М- руу Э- өөрөө шилжүүлжээ” гэж тайлбарласан байх ба үүний агуулгыг мөн М-, Э- нарт шинээр тавилгын захиалга өгсөн мэт үндэслэлгүй бөгөөд хэргийн үйл баримтад нийцэхгүйгээр тайлбарласан байгаад гомдолтой байна.
Шүүгч нь дээрх байдлаар хэргийн бодит үйл баримтыг хэт гажуудуулсан тайлбар, дүгнэлтийг хийж, түүндээ нийцсэн шийдвэр гаргасан байгаа нь өөрөө шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Дөрөв. Шүүгч нь “Б-ийн үйлдлийн сэдэл, зорилго, субъектив санаа гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байна” гэх дүгнэлтийг хийсэн. Гэтэл хэрэгт хуульд заасан журмын дагуу явуулж авагдсан нотлох баримтууд буюу яллагдагч, хохирогч нарын мэдүүлэг, вичатаар харилцсан яриа болон видео бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, тэр дундаа шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн асуулт, хариултанд хариулсан, мэдүүлсэн хуралдааны тэмдэглэлээр Б- нь хохирогчоос БНХАУ-д тавилгын үйлдвэрт тавилгаа захиалж, урьдчилгааг төлсөн болохыг мэдсээр байж, тавилга чинь бэлэн болсон мөнгөө шилжүүлээрэй гэж видео бичлэг явуулан хуурч итгүүлэн, 2 удаагийн үйлдлээр тавилгын үйлдвэрт өгөх мөнгийг шилжүүлэн авсан, ийнхүү тавилгын үйлдвэрт өгсөн мөнгийг өөрт авсан атлаа, уг тавилгын үйлдвэрт захиалсан тавилгыг биш өөр шаардлага хангахгүй, иж бүрдэл нь дутуу, өнгө чанар хийц өөр, дууриамал, тавилга гэж үзэх боломжгүй зүйлүүдийг явуулж, гал тогооны тааз хүртэл байрлуулах ханын стенк, аяга шанага халбага сэрээний тусгаарлагчтай шүүгээнүүд бүхий мебель тавилга, угаалтуур тосгууртай сэт 2 ширхэг, гал тогооны мебельд суурилуулах тус бүрдээ 2 ширхэг шилэн плитка, цахилгаан зуух сорогч бүхий цахилгаан бараатай бор, цагаан өнгөтэй 2 сэт мебель тавилга, хажуудаа жижиг 2 тумбочктай, босоо өндөр 2 тавиур, тольтой гоо сайхны ширээ сандал бүхий өргөн зузаан пүрш сайтай, торгон бүрээс бүхий матраастай унтлагын өргөн модон ор, модон суурьтай галууны зөөлөн өдөөр дүүргэсэн хөх саарал өнгөтэй цэвэр даавуун эдэлгээ сайтай зузаан давуун бүрээстэй 2 хэсэгтэй, хоорондоо холбоостой салгаж байрлуулж болох хажуу болон урагшаа өргөнтэй 2 диван, ТВ-ийн суурьтай ханын тавилга, шургуулга шүүгээтэй кофений модон ширээ, ханын шилэн хаалгатай мөнгөлсөн хүрээтэй босоо өндөр дотроо шүүгээ тавиуртай 2 шкаф бүхий ханын шүүгээ шургуулагтай шилэн хаалгатай дунд зэргийн өндөртэй модон хүрээтэй 2 шкаф, модон хүрээтэй савхин бүрээстэй 6 сандалтай гал тогооны модон мебель, ширээ бүхий иж бүрэн хослол бүхий тансаг загварын мебельтэй, цахилгаан барааны тоноглолтой тавилгуудыг огт явуулаагүй. Хохирогчийн захиалгаа өгсөн тавилгын үйлдвэр дээр очиж уулзаагүй бөгөөд хохирогчоос тавилгын мөнгийг нь бүхэлд нь дээрх үйлдлүүдээрээ дамжуулан шилжүүлэн авсан, эдгээр бодит нөхцөл байдлаас Б- нь бодит байдлыг нууж, 2 удаагийн үйлдлээр шунхайн зорилгоор мөнгийг авсан болох нь хангалттай дүгнэгддэг болно. Хэрэв Б- нь хохирогчийн захиалгаа өгсөн үйлдвэр дээр очиж уулзсан, шилжүүлсэн мөнгийг тус үйлдвэрт өгсөн, захиалгын дагуу тавилгуудыг Монгол руу явуулсан, байхад уг тавилгын чанар, доголдлын талаар асуудал үүсч, энэ талаар маргаан гарсан, эсхүл Б-ээс тавилгыг тус үйлдвэрээс авч Монгол руу тээвэрлэх явцдаа буруу тээвэрлэлтийн улмаас эвдрэл, гэмтэл үүсч энэ талаар маргаан гарсан бол энэ нь иргэний маргаан гэж хууль зүйн хүрээнд дүгнэгдэж болох ч ийм биш болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад огт үндэслэлгүй тайлбар, дүгнэлтүүдийг хийсэнд үнэхээр гомдолтой байна.
Тав. Шүүгч нь “... хохирлын үнэлгээ бодит биш, ... үнэлсэн нь бодит байдалд нийцэхгүй байна” гэх хэрэгт ач холбогдолгүй тайлбар, дүгнэлтийг хийсэн. Тус гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас хохирогч надад учирсан хохирол нь шүүгчийн заагаад байгаа “үнэлгээ” биш юм. Хохирогч надад учруулсан бодит хохирол бол хохирогч намайг хуурч 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авсан мөнгөн дүн юм. Гэтэл шүүх дээрх байдлаар хэрэгт ач холбогдолгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг тодорхой харуулж байна. Улмаар шүүгчээс энэхүү тайлбартайгаа холбоотойгоор хийсэн дүгнэлтүүд нь бүхэлдээ үндэслэлгүй байна.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хувийн эрх зүйн маргаан байгаа. Бараа бүтээгдэхүүнийг Б-ээр дамжуулж захиалуулсан. Захиалсан бараагаа авсан. Авсаны дараа доголдолтой байна гэж ярьдаг. Доголдолтой бол доголдол арилгуулахтай холбоотой шаардлага гаргах эрх нь нээлттэй. Захиалсан бараа нь биш байх юм бол буцаах буюу гэрээнээс татгалзах зохицуулалт байдаг. Гэтэл энэ асуудлыг шууд гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан байдаг. З.Б-ийн хувьд улс хооронд бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, зуучлах үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Тусгай зөвшөөрөлтэй болохоор л зуучлах эрхтэй, тусгай зөвшөөрөлгүй бол энэ төрлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй залилах үйлдэл хийдэг гэж ойлгож болохгүй. З.Б-ийн зүгээс энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байснаа батлах баримтыг гаргаж өгсөн. Мөн нэмэлтээр баримтууд өгөх байсан боловч тэр баримт нь арай ирж амжаагүй. Ингээд анхан шатны шүүх хуралдаан болсон. Гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт зорилго байсан эсэх талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй. Шууд эрүүгийн эрх зүйн харилцаа гэж үзэх нь учир дутагдалтай. Хохирлын хэмжээ тогтоогдоогүй байдаг. 4,000,000 төгрөгийн каргоны тээврийн зардал төлж, 11 нэр төрлийн бараа материалын мөнгийг төлж авсан байдаг. Энэ эд зүйлийг үнэлэх шаардлагатай. Үнэлгээгээр гарсан мөнгөнийг хохирлоос хасаж тооцох асуудал яригдах ёстой атал шаардлага хангахгүй моднуудыг хаясан гэдэг байдлаар хандсан. Бодит байдалтай нийцэхгүй асуудлыг ярьж байна. Үүнтэй холбоотой “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гарсан. Харьцуулах аргаар шинжилгээ хийсэн гэдэг боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Юутай харьцуулсан бэ, танай мэдээллийн санд энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэдэн төгрөгөөр тооцсон бэ” гэхээр “Захилагчийн өөрийн хүсэлтээр хийдэг цор ганц байдаг бүтээгдэхүүн учраас харьцуулалт байхгүй. Иймд бид 0 төгрөгөөр үнэлсэн” гэсэн. Хавтас хэрэгт авагдсан зургаас харахад бүгд өөр өөрсдийн шинжээр тодорхойлогдохоор сандал, буйдан, ширээний тавиур гэх мэт зүйл байдаг. Юу нь яаж холбогдохгүй байсан, угсарч болохгүй байсан юм уу гэдгийг тогтоох гэхээр “... хаясан. Энэ талаар ажиллагаа хийх шаардлагагүй. Зах зээлийн үнэлгээгүй бараа байсан” гэж тайлбарладаг. Хохиролтой холбоотой, мөн гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоох шаардлагатай гэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. М- гэх хүн Э-аас мөнгө авсан болохоо чатад тодорхой бичсэн байдаг. Э- ч үлдэгдэл мөнгөө М- гэх хүнд шилжүүлсэн. Б-ээс “М- буюу өөр хүн алдаа дутагдал гаргасан байна. Би хариуцсан бол шууд үйлдвэртэй нь холбогдоод бараа бүтээгдэхүүний доголдолыг арилгах байсан” гэдэг. Гэтэл М- гэх хүн Э-аас мөнгө авсан гээд чатад тодорхой бичсэн нөхцөл байдал байдаг. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Б.Баярчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор Б.Баярчимэг би хяналтын прокурор Анармөнхийн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн З.Б-т холбогдох хэрэгт томилолтоор оролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй байсан учраас захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичээгүй, хэргийг хүлээж авсан байгаа. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар З.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ хохирогчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянан үзэхэд анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт нэг талыг барьсан дүгнэлт хийсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.
Прокуророос, шүүгдэгч З.Б- нь “Хятадад захиалсан тавилгыг нь хийлгэж, хүргүүлнэ” гэж Д.Э-ыг хуурч, 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 50,000 юань буюу 19,300,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 51,400 юань буюу 21,123,100 төгрөг тус тус шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ.
Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд “...З.Б- нь БНХАУ-аас захиалсан барааг тээвэр зуучаар дамжуулан хүргэдэг үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд иргэн Д.Э-ын захиалсан барааг анхнаасаа өөрөө гардаж захиалаагүй, ямар бараа захиалсныг нь мэдээгүй, уг ажлыг өөрийн хамтран ажиллагч БНХАУ-ын иргэн М- гэх хүн, хамтран ажилладаг Э- нарт хариуцуулан ... Д.Э- групп чат руу захиалах тавилгынхаа зургийг явуулж, М- захиалгыг авжээ. Ингээд Д.Э- тавилгын урьдчилгаа шилжүүлснийг Болормаа гэх хүний дансаар дамжуулан З.Б- хүлээн авч М- руу шилжүүлсэн, үлдэгдэл мөнгийг М- руу Д.Э- өөрөө шилжүүлжээ...” гэх зэргээр гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн нь гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, хэргийн бодит байдал, хамтран оролцогчийн талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээ үгүйсгэж байна.
Шүүхээс хэргийг прокурорт буцаах шалтгаан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил, эсхүл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байдаг бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт тодорхой, ойлгомжтой тусгах шаардлагатай. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Б- хохирогчийн захиалгыг өөрөө гардаж аваагүй, ямар бараа захиалсныг мэдээгүй, уг ажлыг хамтрагч нартаа хариуцуулсан, мөнгийг тэд хүлээж авсан гэх зэргээр илтэд нэг талыг баримталсан, гэм буруугийн асуудлаар урьдчилан дүгнэлт хийж нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын дагуу шүүгчийн захирамжид хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.
Мөн хохирогч Д.Э-ын тавилгын үнэд шилжүүлсэн мөнгийг З.Б- залилсан гэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдсэн байхад тавилгын үнэлгээ бодитой биш гэж шүүх үзсэн нь ойлгомжгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч З.Б- залилах гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар шүүхээс дүгнэлт хийхэд хангалттай нотлох баримтыг цуглуулсан байх тул шүүх хуралдаанд яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний мэтгэлцээн, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэлт өгөх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд давж заалдах шатны шүүхээс хохирогчийн гомдлыг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, З.Б-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/171 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч З.Б-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Шүүгдэгч З.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН