Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж Улсын яллагч: Н.Цогтбаяр Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал Хохирогчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг Шүүгдэгч: Б.Чулуунбаатар Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Базаррагчаагийн Чулуунбаатарт холбогдох 201703000155 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын 5 дугаар баг Баян-Улааны 14-07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнадгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Базаррагчаагийн Чулуунбаатар /РД:АЧ93122931/ Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Б.Чулуунбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын нутаг дэвсгэр “Цагаан сүмийн гүүр” гэх газар төв зам дээр Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд 07-94 УБТ улсын дугаартай Приус маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Ү.Лувсандоржийн амь насыг хохироосон, Ө.Жавзанпагма, Б.Пүрэвжаргал нарын биед хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Чулуунбаатарын мэдүүлсэн: 2017 оны 04 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос иргэн Ү.Лувсандорж, Б.Ламзав, Ө.Жавзанпагма, Б.Пүрэвжаргал нарын хамт Архангай аймгийн төв рүү гарсан. Явах замдаа зогсоогүй явсаар байгаад Сансар дээр ирж 30 минут зогссон. Тэгээд Хотонт сумын гүүр гараад явж байтал энэ хэрэг болсон. Миний машины рул гацсан юм уу, мэдэхгүй рул жолоодлогогүй болоод осол гаргасан гэв. Мөрдөн байцаалтын үед: Хохирогч Л.Ганзоригийн мэдүүлсэн: ...Би Улаанбаатар хотод байхад 2017 оны 04 сарын 09-ний өдөр ээж Цэвэлмаа над руу утсаар яриад аав /Лувсандорж/ чинь Архангай явах замдаа осолд орсон байна гэж хэлээд бид нар Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хотонт суманд ирсэн бөгөөд ирэхэд аав маань нас барсан байсан. ...Миний зүгээс гомдол санал байхгүй. Манай аав жолооч Чулуунбаатарын аав болох Базаррагчаагийн төрсөн ах нь байгаа юм. Аав маань Улаанбаатар хотоос өөрийн төрсөн нутаг болох Ихтамир сум руу оччихоод ирнэ гэж хэлээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/ Хохирогч Ө.Жавзанпагмын мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд явах гээд 11 цаг өнгөрөөд гэртээ байхдаа фэйсбүүкээр зар үзээд сууж байтал Архангай явна гэсэн зар байсан. Тэгээд би тээврийн товчоон /Драгон/ дээр очиход нэг цагаан өнгийн 07-94 УБТ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл Архангай аймаг явлаа гэхэд нь би хойд талын суудал дээр суусан. Товчоон дээрээс хөдлөөд Толгойт гэх газарт очиж 2 өвөөг суулгаж авсан. Нэг нь урд талын суудал дээр суусан, нөгөө нь түүний ард, Пүрэвжаргал гэх эмэгтэй жолоочийн ар талд, би гол хэсэгт нь хойд талын суудал дээр суусан байсан. Тэгээд бид нар 13 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд хөдөлсөн. Тэгээд замдаа нэг ч удаа зогсоогүй. Би жолоочийг хэдэн км/цагийн хурдтай явж байна вэ гээд харахад 80-90 км/цагийн хурдтай явж байсан. Сансар дээр нэг удаа зогсож би Пүрэвжаргалтай аяга цай уугаад гарч ирсэн. Тэгээд гарч ирээд Архангай аймаг руу чиглэлтэй хөдөлсөн. Архангай аймгийн Хотонт сум дөхөөд явж байгаад нэг ЗИЛ 153 маркийн хэмхэрхий сэг байсан чинь урд сууж байсан өвөө энэ бид 2 хийдгээ хийж насаа элээждээ гэх мэтийн зүйлийг ярьж байсан. Тэгээд Хотонт сумын гүүрэн дээр хэдэн км/цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна, гүүр дөнгөж өнгөрөөгөөд тойрог дээр дараад хажуугийнхаа шороонд нэг талын 2 дугуй нь гарсан байх шорр гээд дуугарсан тэгтэл гэнэт жолооч Чулуунбаатар хажуу тийш нь дарсан. Урд сууж байсан өвөө гэнэт хөөе гэж дуугарсан. Би ч мөн хөөе гэсэн тэгтэл замын хажуу руу онхолдсон. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байна. Хэдэн удаа машин яаж эргэснийг санахгүй байна. Намайг миний хажууд сууж байсан өвөө хоёулаа ийшээ гаръя гэсэн, тэгээд бид 2 урд талын цонхоор гарсан. Би тэр Пүрэвжаргалын яаж гарсан талаар санахгүй байна. Тэгээд гартал машин нь хажуу тийш харсан, урд талд суусан өвөөгийн толгой нь дарагдсан байсан. Тэгээд бид нарыг дөнгөж гараад байж байхад цагдаа ирсэн. Жолооч Чулуунбаатар авраад өгөөч гээд өөрөө машинаа нэг өргөх гэж үзээд л уйлаад байсан. Тэгээд цаашаагаа юу болсон талаар санахгүй байна. Би машины хажууд ёолж суусан. Миний биеийн хүзүү хугарсан, түүнийг солиулж өөр яс орлуулж хийсэн. Хүзүүний залгаа 2 сээр хугарсан гэмтэл, миний биед хүнд зэргийн гэмтэл учирсан. Би 2017 оны 04 сарын 10-ны өдрөө гэмтлийн эмнэлэгт хэвтэж хагалгаанд орон эмчилгээ хийлгэсэн. Гэмтлийн эмнэлэгт 14 хоног хэвтээд гарч гэртээ 2 хоног хэвтээд “Гранд мэйд” эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Миний машины рул гацсан үгүйг би мэдээгүй, гацахаараа яаж гацдаг юм мэдэхгүй байна. Уг машин хотоос гараад зүгээр явж байсан, рулийн аппарат гацсан гэмээр янз бүрийн зүйл мэдэгдээгүй, дугуй нь хагараагүй. ...Чулуунбаатар осол болоход утсаар яриагүй, анхаарал сарнихаар ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй, харин том хар нүдний шил зүүчихсэн байсан, би үүрэглэсэн байж магадгүй гэж бодож байгаа. Тойрог дээр хурдтай явж байгаад тойрогтоо багтааж чадаагүй гэж бодож байна. Гүүрний цаана явахдаа 80-90 км цагийн хурдтай явсан юм. Би заримдаа нэг нүдээрээ анхаараад харж байсан. Аль эсхүл үүрэглэсэн байж байгаад онхолдсон байж магадгүй, техникийн эвдрэлээс болсон асуудлыг би мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Учир нь би өдөр бүр л эм авч байгаа. Гэмтлийн эмнэлгийн болон “Гранд мэйд” эмнэлгийн зардлыг төлсөн. Манай нөхөр Эрдэнэс таван толгойд ажилладаг хүн, сарын 2.000.000 төгрөгийн цалин авдаг бөгөөд намайг нэг сар сахьсан. Би одоо Солонгос улсад эмчилгээ хийлгэж, бүрэн шинжилгээнд хамрагдана. Ойролцоогоор 20 сая төгрөг нэхэмжилж байна. Би зүгээр байж байгаад мөнгө нэхэж байгаа биш уг ослын улмаас миний бие гэмтэл авсан. Солонгос улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай...гэх мэдүүлэг /хх-ийн 24-27 хуу/ Хохирогч Б.Пүрэвжаргалын мэдүүлсэн: ...Миний биед хүнд зэргийн гэмтэл учирсан. Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтээд гарч дараа нь “Оточ манал” эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Түүнээс хойш гадуур эмчилгээтэй байгаа. Баримтыг хэргийн материалд хавсаргуулна. Тээврийн хэрэгслийн рулийн аппаратын талаар мэдэхгүй байна, гацсан гэж юм яриагүй ш дээ, юм мэдэгдээгүй. Жолооч Чулуунбаатар архи уугаагүй байсан. Жолооч Чулуунбаатар осол болох үед хурдан, удаан явсан болохыг анзаараагүй, дотор сууж явахад мэдэгдээгүй. Приус 20 машин дуу чимээтэй, хурд нь бараг мэдэгдэхгүй машин байгаа юм. ...Замын хажуугийн шороо руу гарсан. Би гомдолтой байна. Би Архангай аймгийн Багшийн сургуульд 4 дүгээр курст бага ангийн багшийн ангид суралцдаг бөгөөд энэ зун 3 сар ажил хийж байсан. Төлбөрийн мөнгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/ Гэрч Б.Пүрэвжаргалын мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрээсээ гараад Архангай аймаг орох гээд тээврийн товчоон дээр очтол цагаан өнгийн машинтай нэг залуу Архангай явна, 20.000 төгрөгөөр явна, чи явах уу гэхээр нь би явъя гээд уг машинд суусан. Ямар дугаартай тээврийн хэрэгсэл байсан болохыг санахгүй байна. Намайг суулгаад нэг хар куртиктай эгчийг суулгаад Толгойтын тэндээс 2 настай хүнийг очиж аваад Архангай аймаг руу хөдөлсөн. Уг машины урд талд нэг настай өвөө суусан. Жолооч нь /Чулуунбаатар/ машинаа жолоодож би жолоочийн ард талд сууж, миний хажууд хойд суудалд хар куртиктэй эгч суусан. Түүний зүүн талд дээлтэй өвөө суусан. Архангай аймгийн Хотонт сумын тойрог өнгөрөөд онхолдсон. Миний санаж байгаагаар замын голын цагаан шугамыг даваад гэнэт огцом дараад онхолдох шиг болсон. Би ухаан алдсан байсан болохоор сайн санахгүй байна. Би тоолуурыг нь хараагүй, машин хурдтай яваагүй. Харин юу болсон юм бүү мэд гэнэт замын хажуу руу унасан, хэд өнхөрсөн болохыг нь бас мэдэхгүй байна. Жолооч архи уугаагүй байсан. Замдаа ямар нэгэн эм бэлдмэл хэрэглээгүй. Миний биеийн 4 ширхэг хавирга хугарч, толгой эргээд бөөлжис хүрээд байгаа. Мөн сүүж хугарсан. Нарийн зүйлүүдийг би сайн мэдэхгүй байна. Эмнэлгийн магадлагаа бусад бичиг баримтууд байгаа. Түүнийг би хэргийн материалд хавсаргая. Би гэмтлийн эмнэлэгт үзүүлж зурагнууд авахуулсан. Хэвтэрийн дэглэм барьж байгаа. Би гомдолтой байна, өөрийн биед учирсан гэмтэл шархыг эдгээмээр байна. Эмчилгээний зардлыг гаргуулмаар байна. Би хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэсэн талаар мэдэхгүй байна, би бүх баримтаа авч эмчилгээ дууссаны дараа хавсаргуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 хуу/ Гэрч Г.Ариунболорын мэдүүлсэн: ...Манай нөхөр Чулуунбатын дүү Чулуунбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр машин авах гээд Чулуунбаатар өөрөө мөнгөө төлөөд би Архангай аймгийн харъяат иргэн болохоор АРА улсын дугаар авах гээд байна, би байнга Улаанбаатар хотод машинаа унах юм чинь та Улаанбаатарын регистрийн дугаартай юм чинь өөрийн нэр дээр миний машиныг аваад өг гэсэн. Тэгээд 07-94 УБТ улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг би өөрийн нэр дээр авч байсан. Уг тээврийн хэрэгсэл миний өмчийнх биш, Б.Чулуунбаатарын өмчийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний нэр дээр байдаг. Манай нөхрийн дүү Б.Чулуунбаатар элдэв муу зуршил байхгүй, даруу төлөв зантай. Миний өмчийн тээврийн хэрэгсэл биш учир эвдрэлийн үнэлгээг гаргуулах шалтгаан байхгүй. Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/ Гэрч Б.Ламзавын мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын гүүрнээс нааш 800 м орчим зайд 18 цагийн үед төв замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж байсан. Тэгээд би колонк руу очиж бензин хийх гээд уруудтал нэг цагаан өнгийн машин унасан байсан. Тэгэхээр нь шууд яваад очтол Улаанбаатар хотоос Архангай аймаг руу чиглэлтэй цагаан өнгийн Приус 20 маркийн 07-94 улсын дугаартай тээврийн хэрэгсэл хажуу талаараа /жолоочийн эсрэг талаар/ унасан байдалтай, урд талын нэг дугуй нь эргэж байсан. Нэг хүн дарагдсан байсан. Тээврийн хэрэгсэл дотор хүн байгаагүй. Машины хажууд нэг залуухан гэмээр эмэгтэй хэвтэж байсан. Жавзанпагма гэх эмэгтэй нь суучихсан ёолоод байсан бөгөөд толгой хүзүүгээ бариад байсан. Нэг настай гэмээр улаан дээлтэй ах тэрүүгээр алхаад байсан. Тэгээд би дарагдсан хүнийг амьд байж магадгүй гэж бодоод түргэн тусламж үзүүлэх гээд тээврийн хэрэгслийг 4 дугуйн дээр нь жолооч залуу, улаан дээлтэй ах, тэрүүгээр зорчиж байсан замын нэг, машинаас 3 залуу гарч ирсэн, тэгээд бид нар хамтарч хүчээ нийлүүлж байгаад Приус 20 машиныг түлхэж босгосон бөгөөд босгоход нэг настайвтар эрэгтэй хүний толгой нь бяцарсан гэмээр тархи нь гоожиж нас барсан байсан. Би болон цагаан өнгийн Приус машины жолоочийг машин түлхэж босгох гэж байхад үл таних 3 залуу замын далан руу бууж ирсэн, тэгээд онхолдсон байсан Приус 20 машиныг түлхэж босгоод яваад өгсөн. Би ямар өнгийн тээврийн хэрэгсэлтэй хэн гэдэг хүмүүс байсан болохыг мэдээгүй. Би тэрүүгээр гэмтсэн хүмүүст түргэн тусламж үзүүлэх гэж байсан. Тэгээд тэр далан байсан учраас машины марк нь харагдаагүй. ...Би засмал зам руу харсан бөгөөд тэрүүгээр ямар нэгэн ул мөр байгаагүй. Би осол юунаас болсон талаар мэдээгүй. Хотонт сумын Цагаан сүмийн гүүрний тойрог дөнгөж өнгөрөх гэж байгаад унасан байсан. Тийм зүйл байгаагүй. Би анх тэр хэсгээр осол болсон шалтгааныг мэдэх гээд харсан. Тэрүүгээр байдаг зарим нэг шон далий байдаг. Шонг мөргөөгүй байсан, урсгал сөрж онхолдоогүй байсан. Би шаардлагатай ул мөр эд зүйлийг хамгаалахаар хэргийн газрын хамгаалалтыг хийсэн. Тухайн урсгалын замыг хаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/ Гэрч Ү.Жавзандуламын мэдүүлсэн: ...Миний хүү Б.Чулуунбаатар нь 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Базаррагчаагийн 2 дахь хүү болон мэндэлсэн. Бага насандаа Архангай аймгийн Ихтамир сумын цэцэрлэг, сургуульд суралцаж, сурлага хүмүүжил сайтай хүүхэд байсан. 10 жилийн дунд сургуулиа “А” дүнтэй төгсөж, Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөөд, авто механик инженерийн мэргэжил эзэмшсэн. Одоо Өмнөговь аймгийн Оюу толгойд барилгын компанид ажиллаж байгаа. Миний хүү төлөв, даруу зантай, элдэв муу зуршил байхгүй, архи уудаггүй, тамхи татдаггүй, өмнө нь хэрэг хийж байгаагүй. Миний хүү нэг их нойрмог биш. Манай хүү Чулуунбаатарын өөрийнх нь мөнгөөр авч байсан, авто машин байгаа юм. Харин Улаанбаатарын дугаар авах гээд өөрийн бэр Ариунболорын нэр дээр авч байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/ Шинжээч Х.Наранбаатарын мэдүүлсэн: ...Жолооч зорчиж яваа замын хөдөлгөөний дагуу үзэгдэлт, тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон цаг агаарын нөхцөлд тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээврийн хэрэгслийн хурдыг замын хөдөлгөөний дүрэмд заасан дээд хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэ нь жолооч тухайн зам огцом эргэлттэй, гүүртэй хэсэгт тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах ёстой. Хурд хэтрүүлсэн гэдэг нь зөвхөн 80 км цагаас дээш хурдтай явахыг ойлгож болохгүй. Тухайн замын онцлог байдлыг үнэлж хурдаа тохируулж, аюулгүй байдлыг хангаж явах ёстой. Хурдыг тогтоох боломжгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 хуу/ Б.Чулуунбаатарын сэжигтнээр мэдүүлсэн: ...Би 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Ихтамир сум руу өдрийн 11 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 07-94 УБТ улсын улсын дугаартай Приус 20 маркын тээврийн хэрэгслийг жолоодож Ү.Лувсандорж, Ү.Наваантуяа, Жавзанпагма, Пүрэвжаргалын хамт гарсан. Тэгээд Архангай аймаг руу шууд хөдөлсөн. Замдаа Булган аймгийн Рашаант сум буюу Сансар дээр зогсож, бие засч, ундаа авч уун, хоол идэлгүй тэндээсээ хөдөлсөн. Замдаа зогсолгүй явж Архангай аймгийн Хотонт сумын гүүрэн дээр гарч нэг их хол явалгүй осол болсон. Зүгээр явж байгаад замын хажуу руу орчихсон, дугуй хагарсан юм уу, өөр зүйл болсон юм уу, рулийн аппарат гэмтсэн юм уу би мэдэхгүй байна. Замын хажуу руу ороод 2 бүтэн эргээд онхолдсон. Би урд цонхоороо гарсан бөгөөд яаж гарсан үйлдлээ санахгүй байна, урд цонх хагарсан байсан юм, цонхоороо гарахад Ү.Лувсандорж толгой хэсгээрээ жолооны эсрэг талын кабинд дарагдсан байсан. Машины ард зорчиж явсан хүмүүс урд талын цонхоор гарсан байх. Наваантуяаг би цонхоор гарч байхад нь харсан. Би тэгээд машинаа хажуу тийш нь өргөх гээд үзсэн. Тэгээд би машинаа өргөж хүнээ аврах гэж байсан. Тэгээд би юу ч санахгүй байна. Хэн, хэн хэдүүлээ машиныг яаж өргөсөн болохыг санахгүй байна. Машиныг хажуу тийш нь өргөөд гаргахад тэр хүн нас барсан байсан. Би юу болсон талаар санахгүй байна. Би уг осол болохын өмнөх өдөр 22 цаг өнгөрөөгөөд өөрийн гэртээ амарч 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 08 цаг өнгөртөл унтаж амарсан. Рулийн аппарат тойрог өнгөрөөд хэсэгхэн хугацаанд залагдахгүй байсан. Осол болсон шалтгаан нь дугуй хагарсан байж магадгүй, рулийн аппарат гацсанаас болсон байж магадгүй гэж бодож байна. Уг осол болоход би гүүрэн дээр хурд багатай зогсох шахуу гарч ирсэн. Гүүр рүү ороход замаас гүүртэй нийлсэн завсар /ангархай, хагархай/ байдаг санагдсан. Осол болох үед 40-50 км/цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна, гүүр өнгөрөөд нэг их хол яваагүй. Би тээврийн хэрэгслийн үзлэгт Улаанбаатар хотод 2016 оны 12 дугаар сард орж байсан. Өдрийг нь би санахгүй байгаа бөгөөд үзлэгээр шууд тэнцсэн. Миний 4 дугуй өвлийн дугуй бөгөөд урд талын тэнхлэгийн 2 дугуй хээ ижил, ард талын тэнхлэгийн 2 дугуйн хээ нь ижил, гэхдээ хойд талын 2 тэнхлэгийн дугуйнуудын хээ нь 2 өөр байгаа, дугуйны хэмжээ 205/95/65 бүгд ижил. Би энэ дугуйг өвөл өөрөө авч байсан. Би осол болоход анхаарал сарнихаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Би осол болоход тормос гишгэсэн, жолооны хүрдийг залах оролдлого хийсэн, жолооны хүрд залагдаагүй. Би 2013 оны 09 дүгээр сард В, С /Б,Ц/ ангилалтай. Би 3 жил гаруй жолоо барьж байна. Би Архангай Улаанбаатар чиглэлд 1 сар болоод нэг удаа ирдэг. Би Архангай аймгийн Ихтамир сумынх бөгөөд замын нөхцөл байдлыг сайн мэднэ. Миний тээврийн хэрэгсэл энгийн 2006 оных бөгөөд 2015 оны 12 дугаар сард орж ирсэн, түлхүүрийг нь хянахаас нь салгаж болдоггүй, хянахаас салдаггүй, машинд эвдрэл гэмтэл байгаагүй. Дугуйгаа харсан хийтэй байсан. Би осол болоход урсгал сөрөөгүй. Би архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй. Миний нуруугаар чилээд хүзүү өвдөөд байгаа, би гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй. Би талийгаач Ү.Лувсандоржтой өр авлага, өс хонзонгүй. Миний авга ах байгаа юм. Ураг төрлийн холбоотой. Би осол болоход тормос гишгэсэн бөгөөд машин нэг эвгүй замаас гарах гээд жолооны хүрд дарагдахгүй байсан. Тэгэхээр нь би зогсоох арга хэмжээ авч, тормос гишгэсэн. Би жолооны хүрд гацсан талаар хэн нэгэнд хэлэх завдал болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 111-114 хуу/ Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Талийгаач Ү.Лувсандоржийн цогцост оношийн 1-рт тусгагдсан хавсарсан гэмтлүүд болох гавал тархины ил гэмтэл, нүүрний ясны гэмтэл, цээжний хөндийн битүү гэмтэл, биеийн гадаргуугийн бусад гэмтэл болох баруун бугалганы дотор дээд хэсэг, зүүн бугалганы гадна дээд, суга, далыг хамарсан хэсэгчилсэн цус хуралт, зулгаралт, зүүн сарвуунд жижиг цоохортсон зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй ил хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Шинжилгээгээр хоёр уушигний дээд дэлбэнгийн гялтангийн архаг наалдацат үрэвсэл, зүрхний титэм судасны хатуурал, ерөнхий судас хатуурах өвчтэй байна. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Нас барах үедээ согтолтгүй байжээ. 1 дүгээр бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /хх-ийн 48-49 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5324 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...Ө.Жавзанпагмын биед хүзүүний 5,6-р нугалмын хугарал, хагас мултрал, сээрний 11, 12-р нугалам, хүзүүний 5-р нугалмын арын сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 57 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5325 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...Б.Пүрэвжаргалын биед ууцны 1 дүгээр нугалмын зүүн ларетиаль масс буюу зүүн дэлбээ хэсэг дайрсан зөрөөтэй, 2, 4, 5-р нугалмуудын зүүн талын латериаль масс дайрсан зөрөөгүй шугаман, зүүн талын умдаг ясны дээд салаа дотор дээд ирмэг хэсэгт зөрөөгүй, ацетабулын урд багана дайрсан, зөрж шаантагласан, зүүн суудал ясны доод салаанд зөрөөтэй хугарал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 73 хуу/ Архангай аймгийн Замын цагдаагийн тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Приус 20 маркийн 07-94 УБТ улсын дугаартай автомашины жолооч Б.Чулуунбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол Улсын ЗХД-ийн 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Уг осол гарсан гэх замын зорчих хэсэг нь асфальтан гадаргуутай, шулуун тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй зам байх ба осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөхгүй. 3. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон ослын схем зураг, хэргийн газрын ул мөрийг бэхжүүлж авсан фото зураг дээр тухайн автомашины шарвалтын мөр байх тул зогсоох арга хэмжээ авсан гэж үзэх боломжгүй байна. 4. Тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Жолооч замын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 5. Тус автомашиныг жолоодож явсан Б.Чулуунбаатар /АЧ93122931/ нь “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох 886598 дугаартай эрхийн үнэмлэхтэй байна. Лавлагааг хавсаргав...гэх дүгнэлт /хх-ийн 84 хуу/ Архангай аймаг дахь салбарын оношлогч инженер М.Энхбатын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт: Дүгнэлт: ...1. Дээрхи тээврийн хэрэгсэл нь зам тээврийн хөдөлгөөнд оролцох боломжгүй эвдрэлтэй тоног төхөөрөмжөөр шалгах боломжгүй тул дүгнэлт гаргах боломжгүй юм. Жич уг тээврийн хэрэгсэл нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн техникийн хяналт үзлэг орж зам тээврийн хөдөлгөөнд оролцох эрхээ авсан болно...гэх дүгнэлт /хх-ийн 100 хуу/ Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-07 хуу/ Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-11 хуу/ Эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ийн 58-69 хуу/ Ослын газрын схем зураг /хх-ийн 83 хуу/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 88 хуу/ Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 98-99 хуу/ Жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 121 хуу/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 122-123 хуу/ Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 127 хуу/ Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 129 хуу/ Шүүхэд шинээр гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд зэрэг болно. 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын нутаг дэвсгэр “Цагаан сүмийн гүүр” гэх газар төв зам дээр зам тээврийн осол гарч, иргэн Ү.Лувсандоржийн амь насыг хохирсон, Ө.Жавзанпагма, Б.Пүрэвжаргал нарын биед хүнд гэмтэл учирсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Чулуунбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын нутаг дэвсгэр “Цагаан сүмийн гүүр” гэх газар төв зам дээр Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд 07-94 УБТ улсын дугаартай Приус маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Ү.Лувсандоржийн амь насыг хохироосон, Ө.Жавзанпагма, Б.Пүрэвжаргал нарын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Би Улаанбаатар хотод байхад 2017 оны 04 сарын 09-ний өдөр ээж Цэвэлмаа над руу утсаар яриад аав /Лувсандорж/ чинь Архангай явах замдаа осолд орсон байна гэж хэлээд бид нар Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хотонт суманд ирсэн бөгөөд ирэхэд аав маань нас барсан байсан...гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Л.Ганзоригийн мэдүүлэг /хх-ийн 20-21/, тэгээд Хотонт сумын гүүрэн дээр хэдэн км/цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна, гүүр дөнгөж өнгөрөөгөөд тойрог дээр дараад хажуугийнхаа шороонд нэг талын 2 дугуй нь гарсан байх шорр гээд дуугарсан тэгтэл гэнэт жолооч Чулуунбаатар хажуу тийш нь дарсан. Урд сууж байсан өвөө гэнэт хөөе гэж дуугарсан. Би ч мөн хөөе гэсэн тэгтэл замын хажуу руу онхолдсон. Тэгээд гартал машин нь хажуу тийш харсан, урд талын суусан өвөөгийн толгой нь дарагдсан байсан гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Жавзанпагмын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-27/, Архангай аймгийн Хотонт сумын тойрог өнгөрөөд онхолдсон. Миний санаж байгаагаар замын голын цагаан шугамыг даваад гэнэт огцом дараад онхолдох шиг болсон гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Пүрэвжаргалын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-35/, тэгээд би колонк руу очиж бензин хийх гээд уруудтал нэг цагаан өнгийн машин унасан байсан. Тэгэхээр нь шууд яваад очтол Улаанбаатар хотоос Архангай аймаг руу чиглэлтэй цагаан өнгийн Приус 20 маркийн 07-94 улсын дугаартай тээврийн хэрэгсэл хажуу талаараа /жолоочийн эсрэг талаар/ унасан байдалтай, урд талын нэг дугуй нь эргэж байсан. Нэг хүн дарагдсан байсан. Тээврийн хэрэгсэл дотор хүн байгаагүй. Машины хажууд нэг залуухан гэмээр эмэгтэй хэвтэж байсан. Жавзанпагма гэх эмэгтэй нь суучихсан ёолоод байсан бөгөөд толгой хүзүүгээ бариад байсан. Нэг настай гэмээр улаан дээлтэй ах тэрүүгээр алхаад байсан. Тэгээд би дарагдсан хүнийг амьд байж магадгүй гэж бодоод түргэн тусламж үзүүлэх гээд тээврийн хэрэгслийг 4 дугуйн дээр нь жолооч залуу, улаан дээлтэй ах, тэрүүгээр зорчиж байсан замын нэг, машинаас 3 залуу гарч ирсэн, тэгээд бид нар хамтарч хүчээ нийлүүлж байгаад Приус 20 машиныг түлхэж босгосон бөгөөд босгоход нэг настайвтар эрэгтэй хүний толгой нь бяцарсан гэмээр тархи нь гоожиж нас барсан байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ламзавын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40-42/, жолооч зорчиж яваа замын хөдөлгөөний дагуу үзэгдэлт, тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон цаг агаарын нөхцөлд тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон цаг агаарын нөхцөлд тээврийн хэрэгслийн хурдыг замын хөдөлгөөний дүрэмд заасан дээд хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэ нь жолооч тухайн зам огцом эргэлттэй, гүүртэй хэсэгт тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах ёстой. Хурд хэтрүүлсэн гэдэг нь зөвхөн 80 км цагаас дээш хурдтай явахыг ойлгож болохгүй. Тухайн замын онцлог байдлыг үнэлж хурдаа тохируулж, аюулгүй байдлыг хангаж явах ёстой гэж мөрдөн байцаалтын шатанд шинжээч Х.Наранбаатарын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 92-93/, замдаа зогсолгүй явж Архангай аймгийн Хотонт сумын гүүрэн дээр гарч нэг их хол явалгүй осол болсон. Зүгээр явж байгаад замын хажуу руу орчихсон, дугуй хагарсан юм уу, өөр зүйл болсон юм уу, рулийн аппарат гэмтсэн юм уу би мэдэхгүй байна. Замын хажуу руу ороод 2 бүтэн эргээд онхолдсон. Би урд цонхоороо гарсан бөгөөд яаж гарсан үйлдлээ санахгүй байна, урд цонх хагарсан байсан юм, цонхоороо гарахад Ү.Лувсандорж толгой хэсгээрээ жолооны эсрэг талын кабинд дарагдсан байсан гэж шүүгдэгч Б.Чулуунбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 111-114/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, Ү.Лувсандоржийн үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49/, Ө.Жавзанпагамын гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5324 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57/, Б.Пүрэвжаргалын гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5325 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73/, ослын шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Замын цагдаагийн тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-07/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-11/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Чулуунбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс 1 хүний амь нас хохирч, 2 хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас Б.Чулуунбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна гэж үзэв. Шүүгдэгч Б.Чулуунбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. Шүүгдэгч Б.Чулуунбаатар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.Чулуунбаатарт хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэх боломжтой гэж дүгнэв. Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Чулуунбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 2. Шүүгдэгч Боржигон овогт Базаррагчаагийн Чулуунбаатарыг авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүгдэгч Базаррагчаагийн Чулуунбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 4. Шүүгдэгч Б.Чулуунбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хугацааг тоолсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд заасны дагуу Б.Чулуунбаатарт хяналт тавихыг Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 6. Шүүгдэгч Б.Чулуунбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чулуунбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ