Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/02847 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ө.С-ын хариуцагч Б.Б-т холбогдуулан гаргасан түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 21 333 400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч Б.Б-, хариуцагчийн өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ө.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, өмгөөлөгч Г.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Б-тэй 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Дилавхутагт Жамсранжавын гудамжинд байрлах, үйлчилгээний төвийн 1, 2 дугаар давхрын объектыг буудлын зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн үед Б.Б- нь дээрх үйлчилгээний төвийн 2 давхрыг Ч.Отгонтуяа гэх хүнд түрээсэлсэн байсан ба түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуусна. Цаашид Ч.Отгонтуяад түрээслэхгүй надад түрээсэлнэ гэж хэлж гэрээний урьдчилгаа төлбөрт 7 000 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр авсан. Би Б.Б-ийн дээрх саналыг үндэслэн 2 давхрыг чөлөөлж өгөх хүртэл 1 давхрын талбайд засвар үйлчилгээ хийж, тохижуулаад буудлын зориулалттайгаар ашиглаж байхаар болсон. Ч.Отгонтуяатай байгуулсан гэрээний хугацаа дууссаны дараа түрээслүүлэгчид объектыг чөлөөлж өгөх талаар мэдэгдсэн. Гэвч түрээслүүлэгч Б.Б- нь Ч.Отгонтуяатай байгуулсан гэрээгээ сунгасан тул 2 давхрын объектыг чөлөөлж өгөх боломжгүй талаар мэдэгдсэн. Ийнхүү түрээслүүлэгч нь гэрээгээр тохиролцсон 2 давхрын объектыг чөлөөлж өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн. Миний бие гэрээгээр тохиролцсоны дагуу үйлчилгээний төвийн 1, 2 давхрын объектыг буудлын зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээсэлнэ гэж төлөвлөөд засвар үйлчилгээний зардал гаргаж хохироод байна. Анх Б.Б-тэй зарын дагуу очиж уулзахад үйлчилгээний төвийн 1 давхрын талбай нь нэг өрөөтэй хоосон талбай байсан. Мөн дээрх үйлчилгээний төв нь буудлын тусгай зөвшөөрөлтэй гэсэн боловч ямар ч тусгай зөвшөөрөл аваагүй байсан. Иймээс би нэг давхрын талбайг нийтдээ 5 өрөө болгон засварлаад буудлын тусгай зөвшөөрөл авахаар Нийслэлийн аялал, жуулчлалын мэргэжилтэнд хандахад камераа солих, тохижуулалт, засвар үйлчилгээ хийх шаардлага тавьсан. Аялал, жуулчлалын мэргэжилтний дээрх шаардлагын дагуу шинээр камер суурилуулан, засвар үйлчилгээ хийж, тохижуулан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буудлын тусгай зөвшөөрлөө авсан. Гэтэл түрээслүүлэгч Б.Б- нь гэрээгээр хүлээсэн 2 давхрын объектыг чөлөөлж өгөх үүргээ зөрчсөний улмаас миний дээрх засвар, үйлчилгээ, тохижуулалтад хийсэн зардал нь ямар ч үр дүнгүй болж байна. Хэрвээ би зөвхөн нэг давхрын объектыг түрээслэх байсан бол 20 000 000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүй байсан. Түрээслүүлэгч 2 давхрын объектыг нэгэнт чөлөөлж өгөх боломжгүй тул 1 давхрын талбайг үргэлжлүүлээд түрээслээд буудлын үйл ажиллагаагаа явуулах талаар хэлсэн. Гэвч нэг давхрын талбай нийтдээ 5 өрөөтэй ба 5 өрөөг буудлын зориулалтаар ашиглахад ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийх нь ямар ч ашиггүй байх юм. Иймд талуудын хооронд буудлын зориулалтаар объект түрээслүүлэхээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан. Тус гэрээний дагуу түрээслүүлэгч нь Дилавхутагт Жамсранжавын гудамжинд байрлах үйлчилгээний төвийн 1, 2 давхрын объектыг буудлын зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч нь тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл түрээслүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2 давхрын объектыг чөлөөлж өгөх үүргээ зөрчсөн ба үүргээ биелүүлэхийг түрээслүүлэгчээс шаардсан боловч нэгэнт өөр хүнтэй гэрээгээ сунгасан тул үүргээ биелүүлэх боломжгүй. Иймд хариуцагч тал нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээг цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг үндэслэн үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд буудлын засвар үйлчилгээ хийсний зардал 17 333 400 төгрөг, түрээсийн гэрээний барьцаанд өгсөн мөнгө 2 000 000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2 000 000 төгрөг, нийт 21 333 400 төгрөгийг Б.Б-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би Ө.С-тай 5 жилийн хугацаанд 2 давхар объект түрээслэхээр тохирсон зүйл огт байхгүй. Харин 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэн Коко зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах 6 өрөөг буудлын зориулалтаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 6 (зургаан) сарын хугацаанд сарын 2 400 000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Түрээслэгч цахилгааныг тоолуурын заалтаар, хог сард 45 000, дулаанд 150 000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон. Түрээслэгч Ө.С- нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж түрээсийн төлбөрийг цаг тухайд нь бүтэн төлөхгүй, шаардуулж цувуулж өгдөг, гэрэл цахилгаан, хог, дулааны мөнгийг төлөхгүй чирэгдүүлж нэхүүлж байж өгдөг байсан. Мөн буудлын бүх өрөөний цонхонд өнгөгүй хуулга нааж, бүтүү нөхцөлд үйл ажиллагаа явуулж, буудлын зориулалтыг зөрчиж миний оффисын өрөөнд мөрийтэй тоглоом буюу покер тоглуулж, зодоон цохион үүсгэж байсан төдийгүй үйлчлэгч авч ажиллуулдаггүй байсны улмаас ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй бохир заваан орчин бий болгосон. Түрээслүүлэгч миний зөвшөөрөлгүй хана өрөмдөх, оффисын өрөөнд үлдээсэн буйдан, зурагтын тавиур, 2 ширхэг сандлыг эвдсэн байсан зэргээс цаашид түрээсийн гэрээг сунгах боломжгүй байсан тул түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс эд зүйлээ авч явахыг санал болгосон. Түрээсийн хугацаа дуусахаас 5-6 хоногийн өмнөөс гэрээг цаашид сунгахгүй гэдгээ мэдэгдэж байсан. Түрээсийн гэрээнээс татгалзсан зүйл байхгүй гэрээний хугацаа дуусгавар болсон. Буудлын засвар үйлчилгээ хийсний зардалд 17 333 400 төгрөг гэж нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Буудалд 17 333 400 төгрөгийн засвар үйлчилгээ хийгээгүй. Энэ их хэмжээний мөнгөөр хийгдсэн засвар огт байхгүй. Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт түрээслэгч засвар, тохижилт хийсэн нөхцөлд засварын зардлыг нэхэмжлэхгүй хөрөнгө түрээслүүлэгчийн мэдэлд бүрэн шилжинэ гэх заалтаар засвар үйлчилгээ хийсэн байсан ч нэхэмжлэхгүй хэмээн гэрээний талууд тохиролцсон байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө.С-тай 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 6 сарын хугацаатайгаар буюу 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар сард 2 400 000 төгрөгийн түрээсийн төлбөр, мөн цахилгаан, дулааны мөнгийг түрээслэгч төлөхөөр харилцан тохиролцож, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Дилавхутагт Жамсранжавын гудамжинд байрлах, үйлчилгээний төвийн 1 давхрын объектыг буудлын зориулалтаар түрээслүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч тал нь түрээсийн байранд учир битүүлэг үйл ажиллагаа явуулж, өрөөний цонхнуудыг өнгөгүй хуулгаар битүү нааж, буудалд цэвэрлэгээ хийхгүй байсан учраас түрээсийн гэрээний хугацаа дуусахад байрыг чөлөөлөхийг мэдэгдэж, түрээсийн гэрээг дуусгавар болгосон. Гэтэл түрээслэгч нь эд зүйлээ авахгүй доог тохуу хийж, 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл бүтэн сарын хугацаанд буудлыг түгжсэн тул хорооны цагдаад мэдэгдэж, хөндлөнгийн хоёр этгээдийг байлцуулан өрөөнүүдийг суллан авч, вьетнамчуудын ажлын байранд 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 30 000 төгрөгөөр хадгалуулж, хадгалалтын төлбөр нь 1 800 000 төгрөг болсон. Тиймээс 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 2 400 000 төгрөг, хадгалалтын зардалд 1 800 000 төгрөг, нийт 4 200 000 төгрөгийг түрээслэгч Ө.С-аас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, өмгөөлөгч Г.Т нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл түрээслэгч эд зүйлээ аваагүй тул 1 сарын түрээсийн төлбөр 2 400 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Тухайн өрөөнд эд зүйлээ түгжиж үлдээсэн нь түрээслэж байгаа гэсэн үг биш түрээсийн гэрээ 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дууссан. Иймд түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. Вьетнамчуудын ажлын байранд эд зүйлийг өдрийн 30 000 төгрөгөөр хадгалуулаад нийт 1 800 000 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь тухайн үед дөрвөн ширхэг орыг үлдээсэн байдаг. Тухайн үлдээсэн эд зүйлээ буцааж авахаар удаа дараа хариуцагчид холбогдож байсан боловч хариуцагч нь утсаа авахгүй. Буцааж өгөхгүй хэл амаар доромжилж байсан. Мөн вьетнам засварын газарт өдрийн 30 000 төгрөгөөр 4 ширхэг орыг хадгалах боломжгүй. Энэ талаар хадгалалтын гэрээ байгуулсан байдаг боловч энэ гэрээгээ өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Тухайн эд хөрөнгийг хадгалсан хадгалалтын гэрээ мөн эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай эд зүйлийг хадгалуулахаар хадгалалтын гэрээ байгуулсан зүйл байхгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан байх ёстой. Сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсгийг хангаагүй байна. Хариуцагчийн овог нэр, холбогдох хаяг байхгүй. Мөн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй, хавсаргасан нотлох баримт байхгүй. Тиймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 19 333 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ө.С-ын үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ө.С-аас 2 280 000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Б-т олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 1 920 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264 617 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 350 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 51 430 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Б-т олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ө.С- давж заалдах гомдолдоо:

… Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Б.Б- нь надтай гэрээ хийх үед зочид буудал ажиллуулах тусгай зөвшөөрөл байхгүй байсан. Түрээсийн гэрээ байгуулснаас хойш цагдаа ирээд үйлдвэр үйлчилгээний зөвшөөрөл шаардахад, Б.Б-т хэлэхэд байгаагүй тул би хэд хэдэн удаа торгуулж байсан. Тэгээд би хөөцөлдөөд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Алтан элс хөгжил” ХХК дээр зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч байсан. Тэгэхээр хариуцагч нь Б.Б- биш “Алтан элс хөгжил” ХХК юм шиг хариуцагчийг би зөв тодорхойлж өгч чадахгүй байх гэж бодож байна. Нэг давхар анх үзүүлэхэд 2 давхартаа буудлын хэдэн өрөөтэй 1 давхар нь цэлийсэн заал байсан. Уг нь би 5 жилээр түрээслэхээр амаар тохиролцсон боловч 2 давхрын түрээсийн гэрээ дуусахаар дахин гэрээ хийнэ гээд л намайг шууд зочид буудлын зориулалтаар зас гэсэн. Тэгээд иж бүрэн буудлын 4 өрөө засаж 1 өрөөг угаалгын өрөө болгож хийсэн өөрөөр хэлбэл хоосон заалыг зочид буудал болгосон гэсэн үг. 5 жилээр түрээслэнэ гэж тохирсон учраас би ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Үндсэндээ Б.Б- намайг мэхэлж өөрийн эд хөрөнгийг зориулалтыг өөрчлүүлж авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Намайг их хэмжээний хөрөнгө зарцуулсаныг “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК тогтоож өгсөн баримт хэрэгт байсан. Би ямар ч ашиг олоогүй, 2 давхрыг түрээсэлж байсан хүнээсээ түрээсийн урьдчилгаа гэж мөнгө аваад гэрээний хугацаа дуусахын өмнө хөөж гаргаад одоо Баянгол дүүргийн шүүх дээр бас маргаан явж байгаа. Би заалыг өөрчлөн засаж тохижуулсан зардлыг баримтуудаа бүгдийг нь шүүхэд өгсөн. Шүүх түүний талаар дүгнэлт өгөөгүй байна. Би урт хугацаагаар гэрээ хийнэ гэсэн болиход их хөрөнгө оруулсан. Тэгээд 6 сар болоод гэрээг сунгахгүй гээд намайг хөөж гаргасан нь урьдаас төлөвлөсөн байсан болохыг харуулж байгаа юм. Надаар бүх ажлаа хийлгэснээ явуулаад хожно гэсэн тооцоотой байсан. Би Б.Б-т эд зүйлээ хадгалуулаагүй би хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ хийлгэх гэж тэнд нь байлгасан. Тэдгээр эд зүйлийг зочид буудлын зориулалтаар бэлтгэсэн байсан тул би өөр зориулалтын газар байхгүй учраас тэндээ хэсэг хугацаанд байлгасан. Үүний мөнгө төлөх талаар бид тохироогүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Ө.С- нь хариуцагч Б.Б-т холбогдуулан түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 21 333 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 4 200 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Ө.С- нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо Дилав хутагт Жамсранжавын гудамжид байрлах үйлчилгээний төвийн 1 давхарын 6 өрөө бүхий 162 м.кв талбайг 6 сарын хугацаатайгаар, сарын 2 400 000 төгрөгийн хөлс төлж, зочид буудлын зориулалтаар түрээслэхээр хариуцагч Б.Б-тэй харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 6-8 тал/

 

            Нэхэмжлэгч нь түрээсийн байранд засвар тохижилт хийсний зардлыг хохиролд тооцож гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргахдаа засвар тохижилт огт хийгдээгүй, угаасаа 4 өрөө байсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан боловч түрээсийн байрыг хэдэн өрөө, ямар тохижилттойгоор хүлээлгэн өгсөн баримтгүй байна.

 

            2001 онд н.Мөнххандад түрээслүүлж байсан гэх баримтыг зохигчдын маргаанд хамааралтай гэж үзэх боломжгүй.

 

            Нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бичгээр гэрээ байгуулахаас өмнө засварыг хийсэн гэж тайлбарласан, мөн гэрчүүд энэ талаар мэдүүлсэн байхад шүүх хэргийн энэ нөхцөл байдлыг тодруулалгүй, үйлчилгээний талбайд завсар хийсэн гэх нэхэмжлэгчээс гаргасан зарлагын баримтууд нь түрээсийн гэрээг байгуулахаас өмнө буюу 2018 оны 11, 12 дугаар саруудынх байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

 

            Дээрхээс үзвэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/02847 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн нийт      306 047 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд

оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба  магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                                           

                                    ШҮҮГЧИД                               М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                     А.ОТГОНЦЭЦЭГ