Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2020/00717

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2020/00717

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ЖК94112703 регистрийн дугаартай, Хэрээд овгийн *******ын *******ийн Хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 3 сарын 06-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч М.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр болох Г.Төрсайхантай 2016 онд танилцан хамт амьдарч байсан. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулж байгаагүй бөгөөд бидний дундаас 2018 оны 6 сард хүү Т.Тэргэл төрж, ааваар нь овоглосон. Нөхөр маань Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж яваад 2019 оны 12 сарын 12-ны өдөр нас барсан. Нөхрөө нас барах үед би жирэмсэн үлдсэн бөгөөд 2020 оны 02 сарын 29-ний өдөр охин Хүслэнгээ төрүүлсэн. Охиноо эцгээр нь овоглох гэхэд бидэнд гэрлэлтийн баталгаа байхгүй байсан тул шүүхээр хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд өргөдөл гаргасан. Нөхөр маань нас бараад удаагүй, мөн түүний цусны дээж Шүүхийн шинжилгээний албанд хадгалагдаж байсан тул охины эцэг тогтоолгох шинжилгээг хийлгүүлсэн боловч Г.Төрсайхан нь охины минь эцэг биш гэсэн дүгнэлт гарсан байна. Би нөхрөөсөө өөр хүнтэй байгаагүй байхад ийм дүгнэлт гарсанд гайхаж байна. Иймд охиноо эцгээр овоглож төрсний гэрчилгээг нь авах шаардлагатай байх тул охин Хүслэнгийн төрсөн эцэг нь Г.Төрсайхан мөн болохыг тогтоож өгнө үү. Дахин шинжилгээ хийлгэмээргүй байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь 2019 оны 02 сарын 29-ний өдөр төрсөн охин Хүслэнг эцгээр нь овоглож төрсний гэрчилгээг нь авах зорилгоор түүний төрсөн эцэг нь талийгч Г.Төрсайхан мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч М.******* нь Г.Төрсайхантай 2016 оноос 2019 оны 12 сарын 11-ний өдрийг хүртэл гэрлэлтийн баталгаагүйгээр хамтран амьдарч байсан байх бөгөөд энэ хугацаанд хүү Т.Тэргэл нь 2018 оны 6 сард, охин Хүслэн нь 2020 оны 02 сарын 29-ний өдөр тус тус төрсөн, нэхэмжлэгчийн хамтран амьдрагч Г.Төрсайхан нь 2019 оны 12 сарын 11-ний өдөр нас барсан үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч талийгч Г.Төрсайхан нь нэхэмжлэгчийн 2020 оны 02 сарын 29-ний өдөр төрсөн охин Хүслэнгийн биологийн эцэг биш болох нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн эцэг тогтоох шинжилгээ буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч С.Ганболдын гаргасан ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад...Г.Төрсайхан нь Хүслэнгийн биологийн эцэг байх боломжгүй байна гэсэн 2020 оны 5 сарын 27-ны өдрийн №2636 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хүүхдийн эцэг тогтоох тухай шинжилгээг дахин хийлгэх тухай хүсэлтийг гаргаагүй бөгөөд дээрх үндэслэлээр талийгч Г.Төрсайхан нь нэхэмжлэгчийн 2020 оны 02 сарын 29-ний өдөр төрсөн охин Хүслэнгийн төрсөн эцэг мөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар  2020 оны 2 сарын 29-ний өдөр төрсөн Хүслэнгийн төрсөн эцэг нь Г.Төрсайхан мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч М.*******ийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2тус тус зааснаар нэхэмжлэгч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН