Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 1982

 

МАГАДЛАЛ

2019.11.25                                                Дугаар 1982                                     Улаанбаатар хот

 

 

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02468 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Н-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод байрлах, 2 өрөө орон сууцанд 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр хууль бусаар амьдарч байна. Энэ байрыг Хаан банкны барьцаанд барьцаалуулсан байгаа тул байраа худалдах, түрээслэх зэргээр банкны зээлээ төлж, асуудлаа шийдвэрлэмээр байгаа боловч Ч.Н нь түрээсийн гэрээ байгуулахгүй, байрыг чөлөөлж өгөхгүй намайг өнөөдрийг хүртэл хохироосоор байна.   Өмнө нь 2 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа оршин суугаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Учир Ч.Н нь Хэнтий аймгийн Дадал суманд бүртгэлтэй байдаг. Иймд Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг хариуцагч Ч.Н-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ч.Н нь 2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандан, зээлийн гэрээний үүрэг болон орон сууц хөлслүүлэх, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б.С нь түрээсийн төлбөр гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор орон сууцнаас албадан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн одоо дахин гаргаад байгаа энэ нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т зааснаар хүлээн авахаас татгалзахаар заасан. Мөн дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр газар явуулж байгаа бөгөөд төлбөр төлөгч Ж.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэрээр төлөх мөнгөнийхөө оронд Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохирсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу Б.С-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Шүүх:  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан Баянгол дүүрэг, 8-р хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод байрлах, 61,1 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг хариуцагч Ч.Н-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлд дурдсан үйл баримттай холбоотойгоор хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан. Энэхүү маргаан нь 2015 онд шийдвэрлэгдээд дууссан маргаан юм. Тухайн маргаан Ч.Н-ийн нэхэмжлэлтэй, Б.С болон түүний нөхөр Ж.Н нарт холбогдуулан Зээлийн төлбөрт 10 000 ам.доллар, 18 000 000 вон, 69 609 000 төгрөг гаргуулах, орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй. орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн төлбөрт 15 600 000 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй маргаан байсан. Шүүхээс орон сууцнаас албадан гаргуулах тухай Б.С , Ж.Н нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “нэхэмжлэгчийг хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч талын нэхэмжлэгчийг орон сууцнаас албадан гаргуулах гэсэн сөрөг шаардлага үндэслэлгүй байна” гэж маш тодорхой дүгнэсэн байдаг. Монгол Улсын дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 914 дугаар тогтоолоор “...орон сууц чөлөөлүүлэх...” орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэх дүгнэлт мөн “Нэхэмжлэгч Ч.Н нь Ж.Н , Б.С нарт хүүгүй мөнгө зээлсэн, зээлдэгч нар орон сууцаа түүнд ашиглуулсан үйл баримтаас үзэхэд зээлдүүлэгч мөнгөө хүүгүй хэрэглүүлсэн, хариуцагч нар орон сууцаа үнэ төлбөргүй хөлслүүлсэн гэж үзэхээр байгаа ба зээлийн хүүнд орон сууцандаа суулгасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэлэлгүй байна” гэж үндэслэл бүхий дүгнэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй гэдгийг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр юм. Дээрх гурван шатны шүүхийн шийдвэр нь Ч.Н-ийн эзэмшлийг хууль ёсны болохыг тогтоож, Б.С-ийн орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр юм. Эзэмшил нь хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрсөн үйл баримтын талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын    07-ны өдрийн 101/Ш32016/02000 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх болж, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоол гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмаар явагдсан ба төлбөр төлөгч буюу Б.С-ийн нөхөр Ж.Н 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баталгаа гаргах тухай баримт үйлдэж, шүүхийн шийдвэрийн дагуу төлөхөөр болсон 121 829 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 756 155 төгрөг олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу төлөх мөнгөний төлбөрт Ч.Н-ийн оршин сууж байгаа Баянгол дүүрэг, 8-р хороо, 6-2 тоот дахь 62,2 м.кв орон сууцыг шилжүүлж өгөхөөр тохиролцов. Уг байр нь одоогоор Хаан банкны барьцаанд байгаа учраас барьцаанаас нь чөлөөлөөд 2018 ондоо багтаан шийдвэрлэхээр тохиролцов гээд төлбөр төлөгч Ж.Н , төлбөр авагч Ч.Н нар гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ч.Н-д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч өмнө шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх орон сууцыг хариуцагч нь 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эзэмшиж байгаа талаар зохигч маргаагүй байна. Түүнчлэн, зохигчдын хооронд үүссэн маргааныг өмнө нь Ч.Н нь нэхэмжлэгч Б.С болон Ж.Н нарт холбогдуулан зээлийн төлбөрт 10 000 ам.доллар, 18 000 000 вон, 69 609 000 төгрөгийг гаргуулах, орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б.С , Ж.Н нар Ч.Н-д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн төлбөрт 15 600 000 төгрөгийг, барааны үнэ 3 623 900 төгрөгийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасаныг анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээр тус тус хэргийг хэлэлцэж, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн явагдаж ажиллагааны явцад төлбөр төлөгч болох хамтран хариуцагч Ж.Н нь Баянгол дүүрэг, 8-р хороо, АОС 7-р байрны 6-2 тоотод байрлах, 61,1 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөртөө шилжүүлж өгөх, байр нь банкны барьцаанд байгаа учир барьцаанаас чөлөөлж, 2018 онд багтааж, төлбөр авагч Ч.Н-д өгөхөөр 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт баталгаа бичиж өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагч нь хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор Ж.Н , Б.С нарт хүүгүй мөнгө зээлж, зээлдэгч нар нь орон сууцаа хариуцагчид ашиглуулж, үнэ төлбөргүй хөлслүүлсэн гэж дүгнэн шийдвэрлэсэн байгаа боловч 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт баталгаа бичиж өгсөн үйл баримтаас хойшхи хугацаанд хариуцагч нь уг орон сууцыг эзэмших эрх, зээлдэгч нар нь төлбөрт өгөхөөр тохиролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар зохицуулсан байна.

Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэж баталгаажуулах нь төрийн эрх бүхий байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд хариуцагч нь хуульд заасан журмын дагуу өөрийн өмчлөлдөө дээрх орон сууцыг шилжүүлэн аваагүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

 ШҮҮГЧИД                              Т.ТУЯА

                                                                М.НАРАНЦЭЦЭГ