Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2024/02611

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: О.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.А холбогдох,

Талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч О.Б нь "Р ХХК-тай 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3/21 дугаартай "Дулаан гараж худалдах, худалдан авах гэрээ байгуулж Нийслэлийн *** байрны доор байрлах дулаан гаражаас 14 м.кв (2.8*5.1) талбай бүхий ** зогсоолыг 3000 /гурван мянга/ доллараар худалдан авч, өмчлөх эрхтэй болсон байдаг.

Тус гаражид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй явсаар 2023 оны 01-р сарын 16-ны өдөр анх удаа улсын бүртгэлийн гэрчилгээтэй болсон болно.

Ийнхүү 2023 оны 02-р сарын 10-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр хариуцагч М.Атай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд энэ нь Иргэний Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл болно.

Учир нь миний өмчлөлийн 20 дугаартай гаражийн зах зээлийн үнэлгээ нь одоогоор 30,000,000 /гучин сая/ төгрөг байхад 3,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зориг, эрмэлзэл нэхэмжлэгчид байхгүй болно. Талууд яагаад гэрээн дээр ийм үнийн дүн тавьсан бэ гэхээр хариуцагч юун түрүүнд 3,000,000 төгрөг гэж гэрээний үнийн дүнг гэрээн дээр бичээд улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхээ шилжүүлж авъя, татвар, бусад зардлууд бага гарна гэж хэлсэн байдаг.

Хариуцагч М.А нь гаражийг 30,000,000 төгрөгөөр худалдаж авахыг мэдсээр байж надад нэг ч төгрөг өгөөгүй болно.

Талуудын хооронд үүссэн энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т заасан өөр хэлцлийг буюу 30,000,000 төгрөгөөр гараж худалдах, худалдан авах гэрээг халхавчилж хийсэн хэлцлийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд өмчлөх эрхийг ноцтойгоор хөндсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хохироосон агуулга бүхий гэрээ болно.

Нэхэмжлэгч О.Бтэй гэрээ, хэлцэл байгуулсан баримтгүй, н.Пгээс 20,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх боловч н.Б гэдэг 19 дугаартай грашийн өмчлөгч байж байгаад 2011 онд н.Пд худалдсан, тэгээд хажуугийн ах 20 дугаартай грашийг хүн эзэмшихгүй байгааг анзааран уг 20 дугаартай грашийг үл хөдлөх эрхийг гэрчилгээгүй зарсан байж болзошгүй байна. Түүнчлэн 20,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж байгаа бол мөнгийг О.Бэд шилжүүлж өгөх ёстой байсан.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан тохиолдолд иргэний шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарах бөгөөд Захиргааны шүүхийн шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж үзэж байна.

Мөн 30,000,000 төгрөгөөр худалдах ёстой хэлцлийг халхавчилж 3,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан, гэрээний дагуу мөнгөө өгөөгүй гэдгээ М.А өөрийнхөө бичиж өгсөн баримтад тодорхой тусгасан байдаг. Авто зогсоолын зах зээлийн үнэ 30,265,492 төгрөгөөр үнэлэгдсэн хөрөнгийг 3,000,000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг илтэд зөрчсөн болох нь тогтоогдоно. Үүнээс гадна хуульд заасан үндэслэлээр шударга эзэмшигч болох байтал М.А яаж эзэмшилдээ авсан нь тодорхойгүй байна.

Хариуцагч н.Птэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь өөр хэлцлийг халхавчилж хийсэн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасныг баримтлан, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан байх тул 2023 оны 02-р сарын 10-ний өдрийн Ү дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн өөрийн өмчлөлийн дулаан гаражийн өмчлөлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу О.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч М.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, өмгөөлөгч П.Н нар татгалзлынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Мээрэн овогтой Амарбаясгалан нь 00000000 тоот автомашины зогсоолыг 2017 оны 04 дүгээр, сарын 04-ний өдөр 20,000,000 (хорин сая) төгрөгөөр Сампилын Пгээс худалдан авч эзэмших болсон. Тус автомашины зогсоолыг миний бие худалдан авч, мөнгийг бэлнээр төлсөн талаар С.П нь тайлбар бичиж автомашины зогсоол худалдсан тухай гэрээ байгуулж, иргэний үнэмлэхээ нотариатаар гэрчлүүлсэн байдаг. (Баримтыг хуулбарлан хавсаргав.)

Тухайн үед энэхүү зогсоолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гэж байгаагүй бөгөөд энэ автомашины зогсоолын гэрчилгээг гаргахын тулд заавал хамгийн анхны эзэмшигчийн нэр дээр буюу О.Бийн нэр дээр гэрчилгээ гарч байж дараа нь миний нэр дээр шилждэг журамтай байсны дагуу 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр С.П нь О.Бийг дуудан Баянзүрх дүүргийн Оюуны өмч, бүртгэлийн хэлтэст (хуучин нэршлээр) М.А миний бие, О.Б, С.П бид 3 хамт ирж автозогсоолын гэрчилгээ гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч материал дутуу буюу Р компаниас авах бичиг дутуу гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй. (тухайн үед гаргаж байсан хүсэлтийг хавсаргав).

Энэ уулзалтаас хойш О.Бийн утас холбогдохгүй байсан бөгөөд гадаадад голдуу амьдардаг гэж байсан. Улмаар дэлхий нийтэд цар тахал, хөл хорио гэж явсаар 2022 оны 06 сарын дундуур холбогдож авто зогсоолын гэрчилгээгээ гаргуулж шилжүүлж авах талаар ярихад хөдөө явж байна, наадмын дараа ярихад би мартсан байна гэх зэрэг тайлбар өгч явсаар та надад материалаа өгөөч харъя гэсний дагуу С.Пгээс надад өгсөн бүх баримт бичгийг хуулбарлан мессенжерээр нь явуулсан болно. Гэтэл сүүлдээ утсаа ч авахаа больж, утас нь холбогдохгүй явсаар 2022 он дууссан байдаг.

2023 оны 1-р сарын 20-ны үед гэнэт автомашины зогсоол дээр намайг ажилд явсан хойгуур өөр машин авчирч тавьсан бөгөөд О.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э гэх хүн гарч ирээд энэ миний авто зогсоол, үл хөдлөх гэрчилгээ нь надад байна гэх зүйлсийг ярьсаны дагуу би маргааш нь шууд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, хошууч н.И дээр гомдлын үндэслэл тайлбараа өгч мэдүүлэг өгсөн бөгөөд авто зогсоол зарсан С.П ч мөн мэдүүлэг өгсөн.

С.П нь 23-р байрны дор 19 болон 20 тоот зогсоолуудыг 2011 онд М, Б нараас худалдаж аван 6 жил эзэмшиж байсны дараа өөр газар луу нүүхээр болж авто зогсоолуудаа 2017 онд зарсан. Ийнхүү зарахад нь би 20 тоот авто зогсоолыг худалдаж авсан зэрэг нь мөрдөн байцаалтын үед тодорхой болсон. Мөрдөн байцаалтын үед энэхүү авто зогсоолыг зарсан болон эзэмшиж байсан хүмүүс, байрны СӨХ-ны дарга ч мөн очиж мэдүүлэг өгсөн байдаг.

20 тоот авто зогсоолыг анх С.Пд зарсан Б нь мөрдөн байцаагчийн хажууд О.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э болон П нарыг байлцуулан тус авто зогсоолыг Пд зарсан болохоо баталсан тул асуудал тодорхой болсон.

Мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч н.И таны гаргасан гомдол тодорхой боллоо, зарсан болон авсан хүмүүсийн мэдүүлгээр баталгаажсан, одоо Э тань руу ярьж гэрээ хийж үл хөдлөх шилжүүлэх болсон гэж мэдэгдсэн. Үүний дагуу О.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э ярьж, гэрээ байгуулан улмаар авто зогсоолыг М.Агийн нэр дээр шилжүүлснээр гэрчилгээ олгогдсон. Ийнхүү авто зогсоолыг шилжүүлэхдээ анхны үнээр нь буюу 3,000,000 төгрөгөөр үнэлж гэрээг нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд үл хөдлөх гэрчилгээг шилжүүлэх болсноор цагдаад гаргасан гомдол хаагдаж, асуудал шийдэгдсэн.

Тус авто зогсоолыг О.Б нь 2002 онд Р компаниас 3000 ам доллараар буюу тухайн үеийн ханшаар 3 сая орчим төгрөгөөр худалдан авсан бөгөөд үүнээс хойш хэд хэдэн хүний гар дамжин 6 жилийн өмнө буюу 2017 онд 20 сая төгрөгөөр С.П гэдэг хүнээс авто зогсоолыг би худалдан авсан нь баримтаар нотлогдож байгаа. Худалдан авснаасаа хойш 6 жилийн турш авто зогсоолын дулаан, цахилгаан бусад төлбөрөө тасралтгүй төлж ирсэн.

Т.Э нь авто зогсоолыг шилжүүлэн өгөхдөө О.Б ийм гэрээ хийгээд намайг мөнгө авсан гэж ойлгоно, та надад мөнгө өгөөгүй гэдэг бичиг хийж өгөөч гэж гуйхад нь бичиж өгснийг нэхэмжлэлдээ хавсаргаж миний өмчлөлийн (өмнө нь мөнгөөр нь худалдаж авсан) авто зогсоолыг дахин надад худалдсан, тэр мөнгөө аваагүй гэх утга бүхий зүйл бичиж байгаа нь энэ явдлыг ашиглан мөнгө авах гэсэн арга хэрэглэж байна гэж үзэж байна.

О.Б нь Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлийг Т.Эад олгосон байсан, уг итгэмжлэлийн дагуу талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө хуалдах, худалдан авах гэрээ хуульд заасан шаардлага хангасан байдлаар байгуулагдаж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. Үүнийг талуудын хооронд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээний дагуу өмчлөх эрх шилжсэн, улсын бүртгэл үнэн зэв байх бөгөөд бүртгэлийн талаар маргаагүй байна.

Түүнээс гадна нэхэмжлэгч нь дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилготой хийгдсэн хэлцэл гэж байх боловч уг хэлцэлд дүр үзүүлэхийг эрмэлзэж байгаа шинж байдал ерөөсөө харагдахгүй байна. Улсын бүртгэлд бүртгүүлсэн баримтуудаас харахад уг хэлцэл нь хуульд заасан шаардлага хангаж байх ба хэлцлийн үр дагавар буюу 30,000,000 төгрөгийн зогсоолыг 3,000,000 төгрөгөөр худалдсан гэж нуусан, халхавчилсан илрэл харагдахгүй байна.

2023.02.10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т нийт төлбөрийг бэлнээр төлж дууссан гэснээс үзэхэд гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл байхгүй 30,000,000 төгрөг өгөөгүй гэдэг нь хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй юм.

М.А нь 00000000 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгч бөгөөд ямар нэг байдлаар нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Иймд О.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.Бээс 2023.01.27-ны өдөр Т.Эад олгосон итгэмжлэл, Эрхийн улсын бүртгэлийн 999999999 дугаарт бүртгэгдсэн, О.Бэд 2023.01.16-ны өдөр олгосон Нийслэлийн ***** хороолол /13373/,23 байр, зоорийн давхрын 20 тоот хаягт байршилтай, автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, М.Агийн гэх тодорхойлолт, Р ХХК болон О.Б нарын хооронд 2002.11.11-ний өдөр байгуулагдсан Дулаан гарааж худалдах, худалдан авах гэрээ, Р ХХК-ийн 2017.08.18-ны өдрийн **** дугаар албан бичгийн хуулбар, өмгөөлөгч Б.Хыг оролцуулах хүсэлт, О.Бээс 2023.07.26, 2023.11.24-ний өдөр Б.Уд олгосон итгэмжлэл, Х ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, /1хх 1-10, 33, 90, 98-115, 134/,

 

3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Хариу тайлбар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2023.02.17-ны өдрийн ***** дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, мөрдөгчийн санал, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэтсийн мөрдөн байцаах тасгийн хариу мэдэгдэх хуудас, прокурорын шийдвэр мэдэгдсэн баримт, М.Агийн 2023.01.24-ний өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, С.П, М.А нарын хооронд байгуулагдсан гэрээний хуулбар, Р ХХК-ийн 2017.08.18-ны өдрийн ***** тоот албан бичгийн хуулбар, О.Бийн Баянзүрх дүүргийн оюуны өмч бүртгэлийнн хэлтэст 2017.08.18-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, М.Агаас 2023.10.05-ны өдөр Ш.Рад, 2024.01.15-ны өдөр С.Бд тус тус олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Б.Баас ирүүлсэн хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст Билэгт анхны бүртгэл гэх утгаар 2017.08.18-ны өдөр төлсөн 750 төгрөг, 300 төгрөг тус тус төлсөн баримт, М.Ад 2023.02.14-ний өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С.П болон М.А нарын хооронд байгуулагдсан автомашины зогсоол худалдсан тухай гэрээний хуулбар, О.Бийн 2017.08.18-ны өдөр Баянзүрх дүүргийн Оюуны өмч бүртгэлийн хэтэст гаргасан өргөдөл, өмгөөлөгч П.Нтэй байгуулсан эрх зүйн туслалаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ /1хх 18-27, 120, 185, 201-205, 216-218, 221-225, 2 хх 11-13/,

3.3. Шүүхийн журмаар бүрүүлсэн: Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2023.06.21-ний өдрийн **** дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн М.А, С.П, Т.Э, Т.Б, М.М, Д.Б, Б.Батзориг нарын мэдүүлэг, Р ХХК болон О.Б нарын хооронд 2002.11.11-ний өдөр байгуулагдсан Дулаан гарааж худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлэг, 2002.10.04-ний өдрийн Д.Б болон С.Э нары хооронд байгуулагдсан дулаан граж худалдах, худалдан авах тухай иргэн хоорондын гэрээ, С.Э болон М.М нарын хооронд байгуулагдсан, М.М болон С.П нарын хооронд байгуулагдсан гэрээний хуулбарууд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2023.02.17-ны өдрийн ******* дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар, Р ХХК болон О.Б нарын хооронд 2002.11.11-ний өдөр байгуулагдсан 3/21 тоот Дулаан гарааж худалдах, худалдан авах гэрээ, Р ХХК болон Д.Б нарын хооронд 2002.11.11-ний өдөр байгуулагдсан 3/20 тоот Дулаан гарааж худалдах, худалдан авах гэрээ,

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ******* автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэтэй холбоотой баримтууд /1хх 34-80, 117-119, 157- 184/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь : 

1. Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч М.Ад холбогдуулан талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасыг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2023.02.10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч төлбөр төлөөгүй, 30,000,000 төгрөгийн үнэ бүхий автозогсоолыг 3,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зориг, эрмэлзэл нэхэмжлэгчид байгаагүй, хариуцагчийн хүсэлтээр үнийн дүн гэрээнд тусгагдсан, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан тул хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан гэж тайлбарласан.

4. Хариуцагч нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг 3,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хуульд заасны дагуу гэрээг наториатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, 30,000,000 төгрөгийн гэрээг 3,000,000 төгрөг гэж халхавчилж гэрээ байгуулааагүй тул 30,000,000 төгрөг өгөөгүй гэдэг нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй гэж маргасан.

5. Хэрэгт авагдсан, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн, ******* хаягт байршилтай, 14 мкв талбайтай, Автозогсоолын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр О.Б 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн,

2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр М.Ад өмчлөх эрх шилжсэн байна. /1хх 157-184/

5а. Улсын бүртгэлд Р ХХК болон О.Б нарын хооронд 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан Дулаан гарааж худалдах, худалдан авах гэрээ,

О.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э болон М.А нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ тус тус бүртгэгдсэн, эдгээр гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгэгдсэн болох нь тогтоогдсон. /хх 166-167, 180-181/

5б. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал О.Бийг төлөөлөн Т.Э оролцсон байх ба түүнд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаатай итгэмжлэл олгогджээ. /хх 178/

6. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т:Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана,

110 дугаар зүйлийн 110.1-т :Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан.

6а. Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, О.Б нь өөрийн төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцсон, түүний итгэмжлэлийг гэрээнд хавсаргасан, хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх М.Ад үүсэж, өмнөх өмчлөгч О.Бийн өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

6б. Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, энэхүү хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр автозогсоолын өмчлөх эрх шилжсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.

7. Талуудын хооронд байгууулагдсан гэрээний 3.1-т үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 3,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов, 3.2-т нийт төлбөрийг бүрэн төлсөн гэж тусгасан байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа автозогсоолын үнэ 30,000,000 төгрөг, үнийг төлснөөр өмчлөх эрх шилжихээр тохиролцсон, ийнхүү тохиролцсон хэлцлийг халхавчилсан хэлцэл хийгдсэн гэх байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. /хх 180/

7а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, түүний өөрийн хүсэлтээр хийгдсэн маргаж буй автозогсоолыг 30,265,492 төгрөгөөр үнэлсэн Х ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайланг талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.

Учир нь дээрх үнэлгээ талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгууулагдсан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан хугацаанаас хойш, зөвхөн худалдагч талын хүсэлтээр хийгдсэн байгаа нь талууд автозогсоолын үнийг 30,000,000 төгргөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон илэрхийлэл гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв./1хх 98-115/

7б. Өөрөөр хэлбэл үнэлгээний тайланг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, 43.2.3хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн, 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн гэж үзэхээргүй байна.

7в. Түүнчлэн хариуцагч нь Автозогсоолын өмчлөх эрхийг О.Б өөрийн нэр дээр гаргуулан авч, залилсан гэх гомдолд ...Т.Э нь тухайн дулаан гаражны гэрчилгээг М.Ад шилжүүлж өгсөн... тул Залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2023 оны 02 угаар сарын 17-ны өдрийн 99999999 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, тогтоолд гомдол гаргаагүй, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1хх 34-80/

8. Дээрх тогтоогдож байгаа үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

8а. Дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэж байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох уг хөрөнгийн өмчлөлийг буцаан шилжүүлэхийг даалгах тогтоолгох нэхэмжлэгчийн энэхүү шаардлага үндэслэлгүй байна.

9. Иймд хариуцагч М.Ад холбогдох, талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч О.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан хариуцагч М.Ад холбогдох, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан, Эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, 23 байр зоорийн давхрын 20 тоот хаят байршилтай, 14 мкв талбайтай, Автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн автозогсоолын өмчлөлийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч О.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 777777777 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОНГЭРЭЛ