| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/00578/И |
| Дугаар | 101/ШШ2024/01347 |
| Огноо | 2024-03-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2024/01347
2024 03 12 101/ШШ2024/01347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Б холбогдох,
Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн, орон сууц худалдан авахаар урьдчилгаанд төлсөн 70,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Н ХХК нь 11111111111 тоот, 83.1 м.кв орон сууцны байрны улсын бүртгэлийн 22222222 тоот дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм.
Нэхэмжлэгч нь 2020.10.07-ны өдөр 9999999 тоот, 2020.10.09-ний өдөр 11111111111111 тоот орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг иргэн Э.Стой байгуулсан, уг гэрээгээр тэр Санта смарт апартмент хотхоны 16 ширхэг орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Гэвч тэрээр гэрээнд заасан үндсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй тул гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцлагдсан учраас орон сууцаа буцаан шаардах эрх үүссэн. Гэтэл Э.С нь орон сууцны үнийг төлөөгүй мөртлөө цаашид захиран зарцуулж бусдад худалдсанаар бидний маргаан бүхий харилцаа үүссэн. Эдгээр иргэдийн нэг нь Ц.Б бөгөөд бидний хооронд иргэний эрх зүйн ямар нэгэн харилцаа үүсээгүй юм.
Ц.Б нь орон сууцны урьдчилгаа төлбөр 70,000,000 сая төгрөгийг Э.Сд шилжүүлсэн учраас хууль ёсны эзэмшигч гэж маргадаг. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд тус тус заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлж, шинэ өмчлөгчид гэрчилгээ олгогдсоноор өмчлөх эрх шилждэг. Энэхүү орон сууцны хууль ёсны өмчлөгч Н ХХК байсан бөгөөд өмчлөх эрх шилжсэн зүйл байхгүй. Тэгтэл тухайн орон сууцны түлхүүрийг авч эзэмшсэнээр хууль ёсны өмч, шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй юм. Ц.Б, түүний гэр бүлийн гишүүдийг тухайн орон сууцыг чөлөөлж өгөхийг хүссэн албан шаардлага, мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан боловч 2020.11.01-ний өдрөөс хойш үндэслэлгүйгээр эзэмшилдээ байлгаж, ямар ч төлбөр төлөхгүй амьдарч байна.
Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ шүүхэд ердийн журмаар гаргаж хэлэлцүүлэх боломжтой гэж тодорхойлсны дагуу шаардлага гаргасан. Мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжид уг орон сууцыг Ц ХХК, Н ХХК-ийн дундын өмчлөлийн эд хөрөнгө байсан бөгөөд энэхүү дундын эд хөрөнгөө шаардсан байдаг боловч одоо уг орон сууцны өмчлөгч Н ХХК болсон учир нэхэмжлэл гаргасан.
Иймд нэхэмжлэгч Н ХХК нь 1111111111 тоот хаягт байрлалтай орон сууцны хууль ёсны өмчлөгч тул уг орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Ц.Бийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ц.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ц.Б нь эхнэр Б.А, охин О нартай харилцан ярилцаад Э.Сын Н ХХК-тай байгуулсан 2020.10.07-ны өдрийн №9999999 дугаартай Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу худалдан авсан 11111111111 тоот орон сууцыг худалдан авахаар тохиролцсон.
Ингээд орон сууцны урьдчилгаа 70,000,000 төгрөгний 19,500,000 төгрөгийг 2020.08.29-ны өдөр Э.Сын нөхөр Э.Бы ХААН банкны 99999999 данс руу, 2020.08.30-ны өдөр 500,000 төгрөгийг Э.Сын нөхөр Э.Бы ХААН банкны 99999999 данс руу охин О өөрийн ХААН банкны 8888888888888 данснаас, нийт 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Мөн Ц.Бийн эхнэр Б.Аийн дүү Б.Э нь Э.Сын нөхөр Э.Бы ХААН банкны 99999999 тоот данс руу 2020.10.16-ны өдөр 24,000,000 төгрөгийг, 2020 оны 10 сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөгийг Э.Бы ХААН банкны 99999999 тоот данс руу шилжүүлсэн.
2020.10 дугаар сарын сүүлээр 20,000,000 төгрөгийг Ц.Б нь эхнэр Б.Аийн хамтаар Э.С, түүний нөхөр Э.Б нарт бэлнээр өгсөн.
Харин Э.С нь Ц.Бийн, орон сууцны урьдчилгаанд шилжүүлэн өгсөн 70,000,000 төгрөгийг "Н ХХК-д шилжүүлэн өгсөн байдаг.
Ц.Б нь өөрийн худалдан авч байгаа байрны урьдчилгаа 70,000,000 төгрөгийг төлсөн тул Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 213 байр, 66666666 тоот орон сууцандаа ам бүл 4-үүлээ амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч нь 2021.02.07-ны өдөр түүнийг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа тул чөлөөлж өгөх тухай мэдэгдэл өгсөн.
Э.С нь "Н" ХХК-д 2021 оны 03 сарын 15-ны өдөр Ц.Бийн Орон сууцны урьдчилгаанд төлсөн 70,000,000 төгрөгийг Ц.Бийн эхнэр А /77777777777777/-д шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг хүргүүлсэн.
Гэтэл нэхэмжлэгч "Н ХХК нь хариуцагч Ц.Бийг хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүй буюу түүнтэй хийсэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, тодорхой эрх зүйн харилцаагүй байхад хууль бусаар орон сууцны байранд оршин сууж байх тул хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.
Энэхүү шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 сарын 15-ны өдрийн 3333333 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.8-д заасан үндэслэл тус тус тогтоогдож байх тул "Н" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Бт холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, орон сууцанд амьдарсан хугацааны түрээс ашиглалтын зардалд нийт 6,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа болно.
Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч Ц.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
Ц.Б нь эхнэр Б.А, охин О нар харилцан ярилцаж Э.Сын Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 213 дугаар байранд Н ХХК-тай 2020.10.07-ний өдрийн №9999999 дугаартай "Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан байрнуудаас 83.1 м.кв талбайтай 66666666 тоот орон сууцыг худалдан авахаар тохиролцсон.
Ингээд орон сууцны урьдчилгаа 70,000,000 төгрөгний 19,500,000 төгрөгийг 2020.08.29-ны өдөр Э.Сын нөхөр Э.Бы ХААН банкны 99999999 данс руу, мөн 2020.08.30-ны өдөр 500,000 төгрөгийг Э.Сын нөхөр Э.Бы ХААН банкны 99999999 данс руу, Бийн охин О өөрийн ХААН банкны 8888888888888 данснаас нийт 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Ц.Бийн эхнэр Б.Аийн дүү Б.Э нь Э.Сын нөхөр Э.Бы ХААН банкны 99999999 данс руу 2020.10.16-ны өдөр 24,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 6,000,000 төгрөгийг Э.Бы ХААН банкны 99999999 данс руу Б.Э шилжүүлсэн. 2020.10 дугаар сарын сүүлээр 20,000,000 төгрөгийг Ц.Б эхнэр Б.А нар Э.С түүний нөхөр Э.Б нарт бэлнээр өгсөн.
Э.С нь орон сууцны урьдчилгаанд өгсөн Ц.Бийн 70,000,000 төгрөгийг "Н ХХК-д шилжүүлэн өгсөн байдаг. Ц.Б нь өөрийн худалдан авахаар урьдчилгаа төлсөн 33333333 дугаар байр 66666666 тоот орон сууцанд ам бүл 4-үүлээ амьдарч байна.
"Н" ХХК нь 2021.02.07-ны өдөр Ц.Бийг Орон сууцыг хууль бус-аар эзэмшин сууж байгаа тул чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Э.С нь Н ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ц.Бийн орон сууцны урьдчилгаанд төлсөн 70,000,000 төгрөгийг Ц.Бийн эхнэр А/РД: 888888/-д шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг хүргүүлсэн боловч Ц.Бийн орон сууцны урьдчилгаанд төлсөн Н ХХК нь буцаан өгөөгүй байна. Үүнээс үзэхэд Ц.Бийн уоьдчилгаанд төлсөн 70,000,000 төгрөг нь нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа юм.
Иймд Ц.Бийн Баянзүрх дүүрэг, 26-р хороо, 213 дугаар байр, 66666666 тоот 83,1 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахаар урьдчилгаанд төлсөн 70,000,000 төгрөгийг Н ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь сөрөг нэхэмжлэлийн талаарх хариу тайлбарыг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ц.Бийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь тэрээр орон сууцны урьдчилгаа 70,000,000 төгрөгийг Э.Сд шилжүүлсэн, Э.С нь Н ХХК-д шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.
Гэтэл тус компанийн дансанд Ц.Бийн 66666666 тоот орон сууцны төлбөр гэдэг утгатай гэж тодорхойлогдох нэг ч төгрөг орж ирээгүй. Манайхтай Э.С нь нийтдээ 16 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн 4,000,000,000 гаруй төгрөгийн гэрээ байгуулсан бөгөөд эдгээр гэрээтэй холбоотой 400,000,000 гаруй төгрөг орж ирснийг түүнд холбогдох эрүүгийн хэрэгт битүүмжлэгдчихсэн. Түүнээс биш яг энэ 66666666 тоот байр буюу Ц.Бийн орон сууцны мөнгө гэж Э.Сос манай компанид 1 төгрөг ч шилжүүлээгүй, манай дансанд орж ирээгүй.
Түүнчлэн 70,000,000 төгрөг гэх боловч Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 01 сарын 15-ны өдрийн албан бичиг, түүнд хавсаргасан хохирлын тооцооны баримтаас үзэхэд Э.С нь нилээн олон тооны иргэдийг залилж, орон сууцны урьдчилгаа төлбөрийг өөртөө шилжүүлж авсан гэх эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа болох нь тогтоогдоно.
Энэ гэмт хэрэгт хариуцагч Ц.Бийг орон сууцны урьдчилгаа төлбөрт 70,000,000 төгрөг өгч залилуулсан гээд хохирогчоор тогтоосон мөрдөгчийн 2022 оны 5 сарын 31-ний өдрийн тогтоол хэрэгт авагдсан байгаа тул урьдчилгаанд төлсөн гээд байгаа мөнгийг давхар нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй.
Тэнд Э.С нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон мөртлөө энд иргэний журмаар давхар нэхэмжилнэ гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл бол өөрөө энэ 70,000,000 төгрөгийн асуудалд хохирогчоор тогтоогдоод эрүүгийн журмаар, хэрвээ Э.Сыг гэм буруутай гэж үзсэн тохиолдолд хохирлыг олгох эсэх асуудал яригдана. Өөрөөр хэлэх юм сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримт эрүүгийн журмаар тусдаа шийдвэрлэгдэж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, энэ нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон гэж үзэж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.
5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
5.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.Жд олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 22222222 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 77 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2222222тоот тодорхойлолтын хуулбар, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 55555555 дугаартай тогтоол, Б.Цд олгосон итгэмжлэл, Э.Стой 2020.10.07-ны өдөр байгуулсан Б/9999999 дугаартай орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралтын хуулбар, /хх 1-15, 80, 86-89/,
5.2. Хариуцагчаас ирүүлсэн: 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ц.Оюунбилэгт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Э, Э.Б нарын Хаан банк ХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга, Ц.Б, Б.А нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нас барсны гэрчилгээний хуулбар, Хаан банкны орлогын мэдүүлэг, Э.Сын Н ХХКд гаргасан хүсэлтийн хуулбар, Б.Онийн Хаан банк ХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга, гэрчээр асуугдсан Э.Б, Б.Э, Б.А нарын мэдүүлэг, мөрдөгчийн Н ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл, ССС ХХК болон Э.С нарын хооронд хийгдсэн ашиглалт, үйлчилгээний гэрээний хуулбар, Э.С болон Н ХХК-ийн хооронд 2020.10.07-ны өдөр байгуулсан Б/9999999 дугаартай орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралтын хуулбар, Н ХХК-ийн тус шүүхэд 2021.09.15-ны өдөр гаргасан хариу тайлбар, Мөрдөн байцаах албаны 2021.09.15-ны өдрийн 2222222дугаартай албан бичгийн хуулбар /хх 25-27, 33-35, 9999999-121/,
5.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Нийслэлийн прокурорын газрын 2023.05.12-ны өдрийн 1/2692 дугаартай албан бичиг, тус газраас ирүүлсэн 2022.05.31-ний өдөр Ц.Бийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол, Ц.Бээс мэдүүлэг авсан тэмдэглэл, түүнд хууль тайлбарласан баримт, гэрч Х.Б мэдүүлэг, эрүүгийн 8888888888 дугаартай хэрэгт Э.С, Э.Б, Ж.Б нарын холбогдох хэрэгт учирсан хохирлын судалгаа, /хх 47, 54-79/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ц.Бт холбогдуулан 11111111111 тоот, 83.1 м.кв орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч урьдчилгаа төлбөрт төлсөн 70,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.
2. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч Н ХХК нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамы, 213 дугаар байр, 66666666 тоот хаягт байшилтай, 83.1 мкв талбатай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.
Хариуцагч Ц.Б нь орон сууцны үнээс урьдчилгаа төлбөр 70,000,000 төгрөгийг Э.Сд шилжүүлэн өгсөн, тэрээр уг төлбөрийг Н ХХК-д шилжүүлэн өгсөн тул орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа, түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 15-ны өдрийн 3333333 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.8-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Н ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б/9999999 тоот орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж буй Санто Смарт Апартмент хотхоны Б блокын, 944 мкв талбай бүхий 11 ширхэг, 2,548,800,000 төгрөгийн үнэ бүхий байрыг худалдах, Э.С нь гэрээний хавсралтад заасан хугацаанд төлбөрийг төлөх, гэрээгээр тохиролцсон төлбөрийг 100 хувь бүрэн төлж дууссан тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэх,
Гэрээний 3.5-т Худалдагч талын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр орон сууцыг бусдад худалдах, арилжих, барьцаанд тавих замаар захиран зарцуулах эрхгүй болно гэж тохиролцсон байна.
Энэхүү Б/9999999 тоот гэрээний хавсралт 01-т худалдан авах байрны жагсаалтын 11-т 66666666 тоот хаягт байршитай, 83.1 мкв талбай бүхий, 1 мкв нь 2,700,000 төгрөгөөр тооцсон, 224,370,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц багтжээ. /хх 86-89/
Эрхийн улсын бүртгэлийн 2222222222222 дугаарт бүртгэгдсэн, 3333333 дугаар байр, 66666666 тоот хаягт байршилтай, 83.1 мкв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Н ХХК-ийг бүртгэж, түүнд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 333333333 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх тул тэрээр Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар өмчлөгч гэж үзнэ. /хх 6/
Дээр дурдсан үйл баримтаар, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Санто Смарт Апартмент хотхоны орон сууцыг Н ХХК нь барьж ашиглалтад оруулсан, хотхоны Б блокын 11 ширхэг байр, үүнд зохигчийн маргаж буй 83.1 мкв талбайтай, 224,370,000 төгрөгийн үнэ бүхий 66666666 тоот орон сууцыг 2020.10.07-ны өдөр Э.Сд худалдах, Э.С үнийг төлөх, гэрээнд тусгасан үнийг төлснөөр өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, мөн хуулийн 9999999 дүгээр зүйлийн 9999999.1-т хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус заасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Н ХХК болон Ц.Б нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөр 70,000,000 төгрөгийг Ц.Бийн зүгээс Н ХХК-д төлсөн болох нь тогтоогдохгүй байх ба өмчлөгчийн хувьд Э.Стой байгуулсан Б/9999999 тоот гэрээнд худалдагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр орон сууцыг бусдад худалдах, арилжих, барьцаанд тавих замаар захиран зарцуулах эрхгүй болохыг гэрээгээр тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл, Э.С нь дээрх орон сууцны үнийг бүрэн төлөөгүй нөхцөлд тэрээр тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхгүй байсан байх ба Ц.Б нь түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр урьдчилгаа төлбөрийг төлсөн тул орон сууцыг хуулийн дагуу эзэмшилдээ авсан гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй байх ба тэрээр энэхүү татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заасан.
Иймд дээрх орон сууцны өмчлөгч Н ХХК болох нь тогтоогдож байх тул түүний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн 2222222222222 дугаарт бүртгэгдсэн, дугаар байр, 66666666 тоот хаягт байршилтай, 83.1 мкв талбайтай, гурван өрөө, орон сууцыг хариуцагч Ц.Бийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 15-ны өдрийн 3333333 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.8-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэн, Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,Ц.Бт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 777777777 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгосон.
Энэхүү захирамжид гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 55555555 дугаар тогтоолоор хангахгүй орхисон байх ба уг тогтоолд ...шүүгчийн захирамж гарснаас хойш Н ХХК-иас төлөөлөх эрхтэй холбоотой баримт ирүүлсэн,...энэ талаар нэхэмжлэлдээ тусган ердийн журмаар гаргах боломжтой ...гэж дурдсан байна. /хх 9-15/
Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн баримтаар,...Санто хотхоны /Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хороолол, Хүннү гудамж, 213-66666666 тоот/ байртай холбоотой, яллагдагч Э.С, Э.Б, Ж.Б нарт холбогдох, Эрүүгийн 8888888888 дугаартай хэрэгт иргэн Ц.Бийг иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоосон, тэдэнд холбогдох хэргийн хохирлын судалгааны жагсаалтын 39-т хохирогч Ц.Б, учруулсан хохирол 70,000,000 төгрөг гэж тусгасан байна. /хх 54-79/
Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн, хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа, түүнчлэн Н ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр маргаж буй орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх тул түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тус тус тогтоогдсонгүй гэж үзэв.
4. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Ц.Б нь 1111111111 тоот хаягт байршилтай, 83.1 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авах урьдчилгаанд төлсөн 70,000,000 төгрөгийг Н ХХК-иас гаргуулах шаардлага гаргасан.
Н ХХК нь дээрх орон сууцны төлбөр гэж Э.Сос шилжүүлээгүй, Э.Стой байгуулсан гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжилсэн, түүнд холбогдох эрүүгийн хэрэгт Ц.Бийг хохирогчоор тогтоосон тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн Прокурорын газраас Э.С, Э.Б, Ж.Б нарт холбогдох, 8888888888 тоот эрүүгийн хэрэгт авагдсан баримтаас холбогдох баримтыг нотлох баримтаар гаргуулсан, энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Бийг иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоосон, тэрээр 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Э.Бы Хаан банк ХК-ийн дансаар болон бэлнээр 70,000,000 төгрөгийг залилсан гэх үйлдлийн улмаас хохирсон талаарх баримт хэрэгт авагдсан, тэдэнд холбогдох хэргийн хохирлын судалгааны жагсаалтын 39-т хохирогч Ц.Б, учруулсан хохирол 70,000,000 төгрөг гэж тусгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлжээ. /хх 54-79/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Санто хотхон, үүн дотор Ц.Бийн Хүннү гудамж, 213-66666666 тоот орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн гэх 70,000,000 төгрөгийг залилуулсан гэх гомдол гаргаж, түүнийг Э.С, Э.Б, Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан, түүнд учруулсан хохирлыг 70,000,000 төгрөг гэж үзэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол мөн хуулийн 65.1-т зааснаар хүлээн авахаас татгалзана гэж заасан.
Дээрх хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т "Энэ хуулийн 65.1.8-т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасны дагуу Ц.Бийн орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн гэх 70,000,000 төгрөгт холбогдох хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Н ХХК-д холбогдох, орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 70,000,000 төгрөг гаргуулах тухай, Ц.Бийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож байх тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Ц.Бт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 2222222222222 дугаарт бүртгэгдсэн, 3333333 дугаар байр, 66666666 тоот хаягт байршилтай, 83.1 мкв талбайтай, гурван өрөө, орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Ц.Бт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Н ХХК-д холбогдох, 70,000,000 төгрөг гаргуулах тухай, Ц.Бийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ц.Бээс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогоос буцааж гаргуулан Ц.Бт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ