Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2024/02138

 

 

 

 

 

 

 

2024 04 19 101/ШШ2024/02138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Оын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:А.Э-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П нь өөрт олгогдсон итгэмжлэлээс татгалзаж байгааг мэдэгдэн шүүх хуралдааны танхимыг орхин явсан тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч А.Эд 2019 оны 12 сарын 27-ны өдөр 9,300,000+4,400,000+5,100,000=18,800,000 төгрөг, маргааш нь буюу 2019 оны 12 сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөг нэмж шилжүүлээд, түүний гуйлтаар нийт 20,000,000 төгрөгийг аман байдлаар тохиролцож зээлүүлсэн.

А.Э нь анх 2017 онд М.Отай танилцаад, танилын харьцаатай болсон үеэс 50,000,000 төгрөг зээлдүүлээч гэж гуйх болсон. Түүнд итгэж мөнгө зээлүүлдэхгүй байж байгаад 2019 оны 12 сарын 27-ны өдөр дахин мөнгө зээлдүүлээч гэж гуйхад нь "надад 20,000,000 төгрөг байгаа, илүү мөнгө байхгүй" гэж хэлсэн. Тэгэхэд тэрээр "ядаж 20,000,000 төгрөгийг зээлдүүлчих" гэж гуйхаар нь 4 удаагийн гүйлгээгээр 20,000,000 төгрөгийг түүнд зээлдүүлсэн.

А.Э нь анх мөнгийг зээлдүүлэхийг гуйхдаа "Би танд заавал буцааж төлнө, амалъя" гэж гуйгаад авсан байдаг.

Гэвч А.Э нь энэхүү зээлж авсан 20,000,000 төгрөгөөс 2020.01.28-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2020.01.30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2020.02.23-ны өдөр 500,000 төгрөгийг, 2020.03.03-ны өдөр 200,000 төгрөгийг, 2020.03.05-ны өдөр 200,000 төгрөгийг, 2020.03.06-ны өдөр 400,000 төгрөгийг, 2020.03.10-ны өдөр 700,000 төгрөгийг, 2020.05.11-ний өдөр 1,000,000 төгрөгийг, 2020.05.15-ны өдөр 100,000 төгрөгийг, 2020.05.20-ны өдөр 200,000 төгрөгийг, 2020.06.15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2020.06.23-ны өдөр 100,000 төгрөгийг, 2020.06.25-ны өдөр 300,000 төгрөгийг, нийт 13 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгч М.Оын Хаан банкны 777777777 тоот данс руу нийт 6,700,000 төгрөгийг буцаан төлсөн.

Иймд А.Эаас зээлж авсан 20,000,000 төгрөгөөс үлдэх 13,300,000 төгрөгийг гаргуулж М.От олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч А.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...М.О гэдэг хүнийг би танихгүй. н.Х гэдэг хүн М.Оыг таньдаг хүн бөгөөд дамжуулж мөнгө олж өгсөн юм. Би н.Хээс мөнгө авахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Хэрэгт авагдсан данс миний данс мөн. Мөнгө орсон гэдэг асуудалд маргахгүй байгаа. н.Хээс би 700,000,000 төгрөг авах ёстой. М.Оаас мөнгө авч н.Хт дамжуулж өгсөн. Би М.О гэдэг хүнээс авлага авах ёстой. 13,000,000 төгрөг авсан дээр маргадаггүй. Нэхэмжлэгчээс би өмнөх харилцааны мөнгөө авах ёстой. Би 13,000,000 төгрөгийг би төлөхгүй. 2020 оны 6 дугаар сараас өмнөх асуудал шийдэгдэж байна энэ асуудал шийдэгдэнэ. Өмнөх 3 жилийн хугацаанд мөнгө зээлж өгч байсан. Нэхэмжлэгч бид хоёрын хооронд харилцаа үүсээгүй. н.Х надаас мөнгө зээлдэг байсан. ...Нэхэмжлэгчээс н.Х миний нэрийг барьж мөнгө зээлээд байдаг байсан. .... Эвлэрэх санал хүсэлт байхгүй гэжээ. /хх 54-59/

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.Оаас 2023.05.11-ний өдөр Э.Мд олгосон итгэмжлэл, Хаан банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, депозит дансны хуулга, Төрийн банк ХК-ийн депозит дансны харилцагчийн монгол хуулга, Голомт банк ХК-ийн дансны хуулга, Enkhzul гэсэн нэрний доор бичигдсэн мессежний хуулбар /хх 1-21/,

3.2. Хариуцагчаас ирүүлсэн: А.Эын иргэний үнэмлэхийн хуулбар, А.Эын 023.11.27-ны өдөр өмгөөлөгч Р.Птай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, А.Эаас 2024.04.10-ны өдөр Р.Пд олгосон итгэмжлэл, түүнд хавсаргасан А.Эын наториатчаар гэрчлүүлсэн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 34,47-48, 97-98/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.О нь хариуцагч А.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, үүнээс 6,700,000 төгрөгийг буцааж төлсөн, үлдэх 13,300,000 төгрөгийг шаардах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, түүнээс дансаар хүлээн авсан мөнгийг н.Хт дамжуулж өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

5. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.Хэрэгт, нэхэмжлэгчээс ирүүлсэн Хаан банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банк ХК-ийн депозит дансны харилцагчийн монгол хуулга, Голомт банк ХК-ийн дансны хуулга зэрэг баримт авагдсан. /хх 4-20/

6.1. Эдгээр баримтаар М.О нь Хаан банк ХК-ийн 777777777 тоот данснаас 2019.12.27-ны өдөр А.Эын тус банкны 55555555555 тоот данс руу 9,300,000 төгрөгийг mod утгаар, Төрийн банк ХК-ийн 777777777тоот данснаас 999999999 тоот данс руу 4,400,000 төгрөгийг DOM утгаар, Голомт банк ХК-ийн 2222222222 тоот данснаас 5,100,000 төгрөгийг Отгонбаяр-с Эн..ул-д утгаар, 2019.12.28-ны өдөр Хаан банк ХК-ийн 777777777 тоот данснаас 1,200,000 төгрөгийг dom гэх утгаар /хх 4-7/,

А.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 13 удаагийн гүйлгээгээр 6,700,000 төгрөгийг М.Оын Хаан банк ХК-ийн 777777777 тоот данс руу enhzul, orlogo enhzul, orlogo, zulaa, orlogo zulaa гэх утгаар шилжүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна. /хх 8-20/

 

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т :Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаардах ба зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр тодорхойлогдох бөгөөд зээлийн гэрээний үүрэг үүсэх үндэслэл нь гэрээний зүйл болох мөнгө зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарна.

 

8. Зохигчийн тайлбар, дээр дурдсан тогтоогдож байгаа үйл баримтаас үзэхэд талуудын хооронд нэхэмжлэгч М.О нь 20,000,000 төгрөгийг хариуцагч А.Эын өмчлөлд шилжүүлэн өгснөөр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

9. Хариуцагч нь зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, түүнээс хүлээн авсан мөнгийг н.Хт дамжуулж өгсөн гэх тайлбарыг баримтаар нотлоогүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

10. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч А.Э нь 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.От буцаан өгөх үүрэгтэй, үүнээс 6,700,000 төгрөгийг буцаан өгч, үлдэх 13,300,000 төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

11. Иймд хариуцагч А.Эаас зээлийн гэрээний үүрэгт 13,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.От олгох нь зүйтэй гэж үзэв.

 

12.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П нь хариуцагч А.Эаас олгосон итгэмжлэлээс татгалзаж байгааг мэдэгдэн шүүх хуралдааны танхимыг орхин явсан тул хариуцагч А.Эын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

13. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах тул улсын тэмдэгтийн хураамжид 224,450 төгрөгийг А.Эаас гаргуулан нэхэмжлэгч М.От олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч А.Эаас 13,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.От олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч А.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 224,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.От олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ