Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 1983

 

МАГАДЛАЛ

2019.11.25                                                 Дугаар 1983                                    Улаанбаатар хот

 

 

 

Б.Х, Г.Г, Ц.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,                                                      2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/02457 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Х, Г.Г, Ц.Б нарын нэхэмжлэлтэй,                                                              

Хариуцагч Ж.Ц-д холбогдох,

Ажил хэргийн нэр хүнд, иргэний нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, гүтгэлийг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан уучлалт гуйх, нэр хүндэд дахин халдахгүй байхыг даалгах, нэр хүндэд халдсаны хохирол 150 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б, Г.Г, Б.Х нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Ц С1 телевизорын Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо Ц.Б, Г.Г, Б.Х нарыг ажлаас халсан. Яагаад гэвэл, эд нар 19 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан. Тэр явагдсан тендерүүд дандаа хэл амтай. Үүнээс болж энэ сургуулийн эм эмнэлгийн ажил хойшлогдсон. Сонгон шалгаруулалт явагдсан компаниудад давуу эрх олгосон. Төрийн өмчийн хорооноос акт тавигдсан. Банкны баталгаа хуурамчаар гаргасан ийм л хүмүүс. Дээрээс нь ёс зүйгүй авирыг удаа дараа гаргаж, Ерөнхий сайд албан газар архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэсэн байхад тэр хүмүүс согтууруулах ундааг хэрэглэж орж ирээд агсам согтуу тавьж байсан гэж худал мэдээдэл тарааж доромжилсон. Бид хэзээ ч 19 тэрбум төгрөгийн зөрчил гаргаагүй, хууль ёсны дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн. Иймд ажил хэргийн нэр хүнд, иргэний нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, гүтгэлэгийг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан уучлал гуйх, нэр хүндэд дахин халдахгүй байхыг даалгах, нэр хүндэд халдсаны хохирол 150 000 000 төгрөгийг Б.Х, Г.Г, Ц.Б нарт хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч телевизорын нэвтрүүлэгт оролцохдоо миний нэр, ажил хэргийн нэр хүнд халдсанд гомдолтой байна. Тухайн үед тендерийн хорооны дарга байсан нь үнэн боловч ямар нэгэн хууль зөрчсөн үйлдлийг гаргаагүй. Тиймээс өнөөдөр Анагаахын их сургуулийн эмнэлэг баригдаад, ашиглалтанд ороод явж байна. Намайг банкны бичгийг хуурамчаар бүрдүүлсэн гэсэн. Энэ бол тендерт оролцсон компани банкны баталгааг хуурамчаар бүрдүүлсэн асуудал. Тамга, тэмдэг, гарын үсэгтэй эх хувиар нь баримт авчирч өгөхөд, наад бичиг чинь хуурамч байна гэж хэлэх эрх надад байхгүй. Энэ асуудлаар би өөрөө Авлигатай тэмцэх газар өргөдөл гаргаж шалгуулахад надад хамааралгүй болох нь тогтоогдож, тус компанид эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Мөн 19 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан гэж хэлсэн. Энэ мөнгө АШУИС-ийн нэг жилийн төсөв. Ямар ч үндэслэл, баримтгүйгээр хүнийг ингэж хэлж болдог юмуу. Ажил дээр ирж агсам согтуу тавьсан гэлээ. Ийм асуудал болоогүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад гаргасан алдаа зөрчил байхгүй. Миний нэр хүндэд халдсанд гомдолтой байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Ц.Б-тай санал нэг байна. Хүнийг дураараа доромжилж болохгүй. Энэ мэдээлэлийг гэр бүл, ах дүүс, найз нөхөд, аав, ээж, анагаахын сургуулийн 1500 гаруй оюутан, багш ажилчид сонсож, мэдсэн байгаа. Бүтэн нэг жил ажилгүй байна. Ажилд орохоор очиход энэ асуудлын талаар асууж байна. Яаж өөр ажилд орохын. Хүнийг гүтгэчихээд, Ж.Ц Улсын их хуралд нэр дэвшинэ гэж мөрөөдөөд байж байгаа биз. Гомдолтой байна. Нэхэмжлэлээ дэмжинэ гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч Ж.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Ц.Б, Г.Г, Б.Х нар АШУИС-д ажиллаж байгаад ажлаасаа хууль болон зохих журмын дагуу чөлөөлөгдсөн. Миний бие С1 телевизорын Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо хэн нэгний ажил хэргийн нэр хүнд, нэр төрд халдаж, гүтгэлэг явуулаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь Нэхэмжлэгч нар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хяналт шалгалт, Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр зөрчил гаргасан нь нотлогдсон. Энэ шалгалт явагдах үед эдгээр ажилчид тендерийн хороонд ажиллаж, нэхэмжлэгч Ц.Б дарга нь байсан. Шалгалтаар төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, тендер шалгаруулахдаа хууль зөрчсөн нь тогтоогдсон. Сургуулийн эмнэлэгийн ажил хойшлогдсон. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Ажлаас халагдсан талаар нэхэмжлэл гаргасан. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй. Хариуцагч нэвтрүүлэгт орохдоо нэр зааж хэлээгүй, тэд гэж ярьсан. Энэ бүхнийг тендерийн хорооны даргаар ажиллаж байсан Ц.Б мэдэж байгаа. Ямар зөрчил гаргасан талаар тайлан, актуудад тусгагдсан. Иймээ Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй. Нэхэмжлэлийн үндэслэлийг нотолсон баримт байхгүй. Цэнзургүй яриа нэвтрүүлэгт үзлэг хийсэн. Нэвтрүүлэгт АШУҮИС-ын захирал доктор Ж.Ц гэж орсон байдаг. Иргэн, хуулийн этгээд хоёр нь ялгаатай. 150 000 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах гэсэн нь үндэслэлгүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2018 онд АШУИС-д шалгалт явуулсан. Шалгалтын зорилго 2017 оны Улсын хөрөнгийг захиран зарцуулах, ашиглалтын талаар. Энэ шалгалтаар тус сургуулийн худалдан авах ажиллагааг бүхэлд нь шалгасан. Нээлттэй явуулсан тендерийн үйл ажиллагаа журмын дагуу явагдаагүй. Тендерт хуурамчаар баримт бүрдүүлж, барилга угсралтын туршлагагүй компанийг шалгаруулж, улсын төсөвт 19 тэрбум 79 сая төгрөгийн хохирол учруулсаныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороо баталсан. Нэхэмжлэгч Ц.Б 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр АШУИС-ын хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар, Б.Х 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хангамж үйлчилгээний хэлтэст түр оронтоогоор нэгтгэлийн инженерээр, Г.Г 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Тендер худалдан авалт ажиллагааны хэлтэст томилогдон ажилласан. Ингэхдээ Тендерийн бүрэлдэхүүнээс болж улсад хохирол учирсан гэсэн. Цэнзургүй яриа нэвтрүүлэгт хариуцагч алдаа дутагдалын талаар нотлох баримттай зүйл ярьсан. Түүнээс биш хэн нэгнийг гүтгэсэн, нэр хүндэд халдсан, худлаа мэдээлэл тараасан зүйлгүй. Энэ нь Төрийн өмчийн бодлого зохион байгуулалтын хорооноос гаргасан тогтоолоор үндэслэлгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х, Г.Г, Ц.Б нарын нэр, нэр төр, алдар хүндийг сэргээж, худал мэдээлэл тараасан арга хэрэгсэлээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч Ж овогтой Ц үүрэг болгож, үлдсэн ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, нэр хүндэд дахин халдахгүй байхыг даалгах, хохирол 150 000 000 төгрөг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 048 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 596 700 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 210 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус сургуулийн 2017 оны худалдан авах ажиллагааг шалгахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй бөгөөд нээлттэй тендер шалгаруулалтын үнэлгээг журмын дагуу хийгээгүй, татварын тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн оролцогчийг, татварын өртэй байхад, тендерийн баримт бичигт заасан борлуулалтын орлогын шаардлагыг хангаагүй байхад, ижил төстэй ажлын туршлагагүй байхад тус тус шалгаруулсан, төлөвлөгөөг бүрэн гүйцэт ил тод зарлаагүй бөгөөд төлөвлөгөөнөөс гадуур худалдан авалт хийсэн, нийт төсөвт өртгийг үндэслэн нээлттэй тендер шалгаруулалт зарлаагүй хэд хэд хуваасан, харьцуулалтын арга хэрэглээгүй, жишиг баримт бичгийг боловсруулаагүй буюу ашиглаагүй гэх мэт нийт 10 170,55 сая төгрөгийн худалдан авах ажиллагааны зөрчил гаргасан зэрэг ниит 19 079,97 сая төгрөгийн зөрчил дутагдал гаргасан нь ийнхүү шалгалтаар тогтоогдсон юм.

Ц.Б нь 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс Хангамж үйлчилгээний газрын дарга, Б.Х нь 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс Хангамж үйлчилгээний газрын хяналтын инженер (түр хугацаагаар), Г.Г нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс Тендер худалдан авалтын хэлтэст мэргэжилтэнээр тус тус ажилд томилогдсон байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/86 дугаартай "Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" тушаалаар Хангамж үйлчилгээний газрын дарга Ц.Б нь Үнэлгээний хорооны даргаар томилогдсон. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.2-т тус тус зааснаар техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх, тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх зэрэг чиг үүрэгтэй бөгөөд энэхүү хуульд заасны дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар зохицуулсан байна. Хэрэгт авагдсан баримтаар 2016, 2017 онд Үнэлгээний хорооны даргаар Ц.Б ажиллаж, Б.Х , Г.Г нар нь үнэлгээний хорооны гишүүн, нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байдаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны хяналт шалгалт хийх төлөвлөгөөний дагуу "Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль" УТҮГ- ын 2017 оны эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад баримтын шалгалт хийхэд тус сургуулийн 2017 оны худалдан авах ажиллагааг шалгахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, тоггоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүйгээс дээрх хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, сургуульд их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Энэхүү дээр дурьдсан нөхцөл байдлыг Ж.Ц би Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын хувиар С1 телевизийн Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо дээрх 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрнийн "АШУҮИС Улсын төсөвт үйлдвэрийн газрын 2017 оны Төрийн өмчийн эд хөрөнгийн байдалд хийсэн шалгалтын тайлан"-г үндэслэн эх сурвалж, баримттай зүйлийг ярьсан, харин эдгээр нэр дурьдагдсан этгээдүүдийн ажил хэргийн нэр хүнд болон иргэний нэр төр, алдар хүндэд халдсан зүйлгүй, бодитой зүйлийг ярьсан, нөгөөтэйгүүр энэхүү тайлан нь шилэн дансны тухай хуулиар нийтэд илэрхий үйл баримт юм. Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "Төрийн өмчит үйлдвэрийн газар", мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т "энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага дараах мэдээллийг долоо хоногийн дотор мэдээлнэ", 6.4.6-д "худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт шалгалтын дүн"-г мэдээлэхээр байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарыи 05-ны өдрийн "АШУҮИС Улсын төсөвт үйлдвэрийн газрын 2017 оны Төрийн өмчийн эд хөрөнгийн байдалд хийсэн шалгалтын тайланд тусгагдсан алдаа, зөрчил, хохирлын талаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ажилтан албан хаагч, оюутан сурагчдад мэдээлэх юм. Гэтэл ийнхүү энэ бодитой зөрчил, дутагдлыг эх сурвалжтайгаар эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр мэргэшсэн нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн, ярьсан нь нэхэмжлэгч Ц.Б , Б.Х , Г.Г нарын ажил хэргийн нэр хүнд болон иргэний нэр төр, алдар хүндийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ажилтан албан хаагч, оюутан сурагчид, гэр бүлийнхний нь өмнө гутаан доромжилсон, мөн нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүнийг гутаасан асуудал биш байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг шаардлагыг хэсэгчилэн хангасанд гомдолтойн дээр нотлох баримтгүйгээр шийдвэрлэсэн. Хэрвээ нэхэмжлэгч нь нэр төртэйгээр ажил, мэргэжилдээ ажил хэрэгч байдлаар буюу хуулийн дагуу хандсан бол дээрх тайланд тусгагдсан алдаа, зөрчил гарахгүй, байгууллагыг хохироохгүй байсан. Мөн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл зэрэг нь тодорхой бус байхад шүүх иргэний хэрэг үүсгэсэн байгааг дурьдах нь зүйтэйн дээр С1 телевизийн Цэнзургүй яриа нэвтрүүлгийн бичлэгт хийсэн үзлгийн тэмдэглэл нь бүрэн бус, шаардлага хангахгүй байхад нотлох баримтаар үнэлсэн. Нэхэмжлэгч нар нь иргэн Ж.Ц-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба С1 телевизийн Цэнзургүй яриа нэвтрүүлэгт Ангаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн захиралаар уригдан оролцсон ба иргэнийхээ хувиар оролцоогүйг анхаарч үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Х, Г.Г, Ц.Б нар нь хариуцагч Ж.Ц-д холбогдуулан ажил хэргийн нэр хүнд, иргэний нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, гүтгэлгийг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан уучлалт гуйх, нэр хүндэд дахин халдахгүй байхыг даалгах, хохирол 150 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч Ж.Ц нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр С1 телевизийн “Цензүүргүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо нэхэмжлэгч нарын нэрийг дурдаж, тэд ажлаас халагдсан, ...19 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан, ...явагдсан тендерүүд дандаа хэл амтай, ...үүнээс болж энэ сургуулийн эм, эмнэлгийн ажил хойшлогдсон. Сонгон шалгаруулалт явагдсан компаниудад давуу эрх олгосон. Төрийн өмчийн хорооноос акт тавигдсан. Банкны баталгаа хуурамчаар гаргасан ийм л хүмүүс. Дээрх ёс зүйгүй авирыг удаа дараа гаргаж, Ерөнхий сайд албан газар архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэсэн байхад тэр хүмүүс согтууруулах ундаа хэрэглэж орж ирээд агсам согтуу тавьж байсан.” гэжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хамгаалагдах бөгөөд иргэний эрх зүйн хамгаалалт зөрчигдсөн бол тухайн зөрчигдсөн эрхийг шүүх сэргээх учиртай.

Хариуцагч Ж.Ц нь С1 телевизийн ярилцлагад оролцохдоо нэхэмжлэгч нарын талаар ярьсан зүйл бодит байдалд нийцээгүйгээс гадна тухайн ярилцлагад хэлсэн байдлын үнэн зөвийг хариуцагч нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын “...нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хүний нэр нь эцэг, эхээс нь оноосон нэр бөгөөд уг нэрийг тухайн хүн өөрөө үнэлэх үнэлэмжийг нэр төр гэж үзнэ.

Хүний алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд нь тухайн этгээдийн ёс зүй, хөдөлмөрлөх үйл явцтай холбоотойгоор нийгмийн зүгээс өгөх үнэлэмж юм.

Хариуцагч нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьсан зүйлийнхээ үнэн зөвийг баримтаар нотлоогүй тул тэрээр нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/02457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

                            ШҮҮГЧИД                                                     Т.ТУЯА

                                                                     М.НАРАНЦЭЦЭГ