Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/356

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Б-, А.Г-, Д.О-, Ш.Г-, Ё.Г-, Т.Г-, Ю.А-, Б.Ч-, Б.М-, Д.Ж-, Л.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

1. Шүүгдэгч Э.Б- нь Нийслэлийн Засаг даргаар, шүүгдэгч А.Г- нь “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар тус тус ажиллаж байхдаа “-” ХХК-ийн захирал Б.М-, “-” ХХК-ийн захирал Б.Ч- нартай бүлэглэн, Хөгжлийн банкнаас “-” орон сууцны хорооллыг барих төслийг санхүүжүүлэх зорилгоор “ТОСК” ТӨҮГ-тай 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу олгогдсон 35,500,000 ам.долларын санхүүжилтээс “-” ХХК-д 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 4,000,000,000 төгрөг шилжүүлж, үүнээс “-” ХХК нь Б.Ч-н “-” ХХК-д 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 3,500,000,000 төгрөг шилжүүлж, “ТОСК” ТӨҮГ-т нийт 9,000,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэнийг шүүхээс тухайн зүйлчлэлийн дагуу хянан шийдвэрлэжээ.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1, 4.1.3 дахь заалтын дагуу Нийслэлийн Засаг дарга болон “ТОСК” ТӨҮГ-ын захирал нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

 

Албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгтэй холбоотой Эрүүгийн хуулийн зохицуулалтыг судалж үзвэл, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийг эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэрэг үйлдсэнд тооцож, төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулжээ. Мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлийг эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэрэгт, 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан, арбитрч хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдлийг төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах гэмт хэргээр тус тус хуульчилсан.

 

Тэгвэл, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргээр тооцож, “урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж хуульчилсанаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263, 264 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжүүдийг энэ зүйлд багтаасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдлийг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэнд тооцсон байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурьдсан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг хуулийн этгээд гэж нэгтгэн тодорхойлжээ. Үүнээс үзэхэд төрийн албан хаагч, нийтийн албан тушаалтан, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж буюу хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан зэрэг гэмт хэргийн субъектийн шаардлага, гэм буруугийн хэлбэр, эрх мэдлээ урвуулан ашигласан идэвхтэй үйлдэл, эсхүл хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй, үүний үр дүнд хэнд давуу байдал бий болсон зэргээс шалтгаалан нэг зүйлчлэлээс нөгөө рүү шилжих тохиолдол гарахаар байна. Иймд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, ойролцоо төрлийн гэмт хэргүүдийн ижил төстэй болон ялгаатай шинжүүдийг өрсөлдүүлэн хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлага үүснэ.

 

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжийг бүрдүүлсэн, улмаар 2015 оны Эрүүгийн хуулийн аль зүйл, хэсэгт хэрхэн нийцэж байгаа талаар огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Хууль хэрэглээний энэхүү алдаа нь мөрдөн байцаалт болон прокурорын шатнаас эхлэн гарсан бөгөөд хэргийн зүйлчлэлийг тодорхойлохдоо төрийн өмчит үйлдвэрийн газрын данснаас зориулалтын бусаар мөнгө шилжүүлэх болсон нь хэний ашиг сонирхол байсныг, мөн нийтийн албан тушаалтан Э.Б-, А.Г- нарын үйлдэл ямар шинжээрээ хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэг болсныг, үүнтэй өрсөлдөх хэм хэмжээ болох нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах гэмт хэргийн зүйлчлэл хэрхэн үгүйсгэгдэж байгаад хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263, 264, 265 дугаар зүйл болон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдэд оногдуулах эрүүгийн хариуцлага харилцан адилгүйн гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал эрс ялгаатай учраас давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийж, өрсөлдөх хэм хэмжээний агуулгыг тодорхойлох, улмаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудлуудыг прокурорын яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх боломжгүйд хүрлээ.

 

2. Яллагдагч нарт гардуулсан яллах дүгнэлтийн 61 дүгээр хуудас буюу шүүгдэгч А.Г-ыг буруутгаж буй хэргийн үйл баримт, зүйлчлэлийг тодорхойлсон хэсэг орхигдсон нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан оролцогчдын тайлбар, дүгнэлт, гардуулсан яллах дүгнэлтүүдээр тогтоогдов.

 

Прокурорын дээрх алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэсэн яллах дүгнэлтийн шаардлагыг хангаагүй, улмаар 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан шүүхийн эрх хэмжээг хязгаарласан, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, улмаар сонсгосон ялын талаар мэдүүлэг өгч шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхийг хассан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд уг зөрчлийг шүүх хуралдаанаар залруулах боломжгүй.  

3. Шүүгдэгч А.Г- нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр “-” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ, 2015 оны 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 21-ний өдөр “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12,360 ам.долларын хахууль авсан гэх хэрэгт гэм хорын хохирлыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна.

 

“-” ХХК-д шилжүүлж өгсөн “ТОСК” ТӨҮГ-ын эзэмшилд бүртгэгдсэн газар нь төрөөс нөхөн төлбөр олгож чөлөөлсөн газар байсан талаар хохирогч “ТОСК” ТӨҮГ-ын хууль ёсны төлөөлөгчид болон тус үйлдвэрийн газрын холбогдох албан тушаалтнуудын мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул тухайн газрыг чөлөөлөхөд төрөөс зарцуулсан хөрөнгийг гэмт хэргийн хохиролд тооцох үндэслэлтэй эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй шалгах нь зүйтэй.

  

4. Шүүгдэгч А.Г- нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар тушаалаар дэд захирал Д.О-ын хүүхдийн сургалтын төлбөрт 65,000,000 төгрөг хууль бусаар олгосны төлөө 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 807,500 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хахуульд авсан гэх үйлдлийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, мөн Т.Баттөрөөс зээлсэн 30,000,000 төгрөгийн өрөө төлөхийн тулд нэмж 24,000,000 төгрөг авч, төрсөн эгч Т.Пүрэвсүрэнгийнх нь нэрийг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/533 дугаар захирамжаар үнэгүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад оруулж “Буян-Ухаа 2” хорооллоос 39.3 м2 талбай бүхий 53,055,000 төгрөгийн үнэлгээтэй орон сууц олгосон гэх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчилсэн нь ойлгомжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 

Дээр дурьдсан хууль хэрэглээний алдаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил, шалгаагүй орхигдсон ажиллагаа зэрэг нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлох хууль ёсны зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Б-, А.Г- нар нь шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах, хилээр гарахыг хориглох хязгааралт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан бөгөөд энэхүү магадлалаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсөн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон, мөн хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хэрэг прокурорт очтол тэднийг заавал цагдан хорих шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

  Хэргийг прокурорт буцаасантай холбоотойгоор шүүгдэгч, өмгөөлөгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахыг хүссэн давж заалдах гомдлуудад энэ удаа дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Дашрамд дурьдахад, анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог өөрчлөн хамтран оролцооны хэлбэрийг шинээр тогтоосон хууль зүйн үндэслэлээ заагаагүй, шүүгдэгч А.Г-ын холбогдсон хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөхдөө нийтийн албан тушаалтан мөн эсэх, тухайн гэмт хэргийн гол шинж болох “... албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд ...” гэсэнтэй хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй, мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “ТОСК” ТӨҮГ-аас “-” ХХК-д шилжүүлсэн 9,000,000,000 төгрөг, үүнээс “-” ХХК нь 5,500,000,000 төгрөгийг “-” ХХК-д шилжүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэсэн дүгнэлтийнхээ эсрэг “... гэрээний дагуу авсан санхүүжилтээс тус компани зарлага гаргаж байсныг хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэж үзэх үндэслэлгүй ...” хэмээн үндсэн гэмт хэргийг үгүйсгэсэн, зөрчилтэй дүгнэлт хийсэн, шүүгдэгч Т.Г-од холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу албан тушаалтан эрх мэдлээ урвуулах гэмт хэргээр өөрчлөн зүйлчилсэн хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй, түүнчлэн шүүгдэгч А.Г-ын хахуульд авсан гэх орон сууцыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан журмыг баримтлаагүй, Д.О-, Б.М- нараас хахууль авсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг тус тус тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/741 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Б-, А.Г-, Ё.Г-, Т.Г-, Ш.Г-, Б.Ч-, Д.О-, Б.М-, Д.Ж-, Ю.А-, Л.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч Э.Б-, А.Г- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, шүүгдэгч Т.Г-, Ш.Г-, Б.Ч-, Д.О-, Д.Ж-, Ю.А-, Л.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч  Ё.Г-, Б.М- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                   М.ПҮРЭВСҮРЭН