| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2022/03442/И |
| Дугаар | 101/ШШ2024/02750 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2024/02750
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, шүүгч Б.Цэрэндолгор, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК-д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х ХХК-т холбогдох,
2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэм хорын хохиролд 53,094,120 төгрөг, олох байсан орлого 30,000,000 төгрөг нийт 83,094,120 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 66,099,594 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасныг тус тус үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргасан.
Манай компани 2021 оны 9 сард Байрын гадна фасадны ажлыг гүйцэтгэхээр, ажлын гүйцэтгэлийн хөлсийг бартераар авахаар Х ХХК-тай харилцан тохиролцож амаар гэрээ байгуулсан.
Анх ажлыг харилцан тохиролцож нэгжийн үнэлгээ буюу метр квадратаар хийх үнийг манай компаниас гаргаж хүргүүлж шийдвэрлэсэн байдаг. 2021 оны 10 дугаар сараас тасралтгүй ажиллаж эхэлсэн бөгөөд гүйцэтгэх захирал Б.С ажлаа өөрийн биеэр хариуцан ажилладаг байсан боловч ажил үргэлжилж байхад буюу 2021 оны 10 дугаарын 15-ны өдөр Ковид 19-н халдвар авч, хүндээр өвдсөн. Улмаар 2021 оны 11 сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл захирал Б.С эмнэлэгт хэвтэн ковидын дараах эмчилгээг хийлгэсэн ч компанийн хувьд ажлаа тасалдуулалгүй хэвийн үргэлжлүүлж байсан.
Хүндэтгэн үзэх шалтгааны /ковид 19 цар тахал/ улмаас ажлын гүйцэтгэл удааширч байсан ч 2022 оны 1-р сарыг хүртэл гадна фасадны ажлын гол хэсэг болох хөөс наах, хадах бүрэн дуусгасан, урд хойд хананы хар замаск, тортой шавардлагыг бүрэн хийж Цаг агаар хүйтэрсний улмаас гадна фасадны ажил үргэлжлэх боломжгүй болсон ч бидний хувьд дотор заслын ажил хэвийн үргэлжлэх нөхцлийг хангалттай бүрдүүлж өгсөн. Мөн 2022 оны 01 сард хариуцагч байгууллагатай харилцан тохиролцож гэрээний гүйцэтгэлийн хөлсийг авах нөхцлийг өөрчилж бэлэн мөнгөөр авахаар тохиролцсон. Ингэхдээ бидний гарган өгсөн үнийн саналыг үндэслэн тооцоо нийлэхээр тохиролцсон. Улмаар 2022 оны 01 сарын 12-ны өдөр бидэнд 5,000,000 төгрөгийг дансаар, мөн 1 дүгээр сард 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2-р сард 2,000,000 төгрөгийг бэлнээр буюу нийт 12,000,000 төгрөгийн санхүүжилтийн урьдчилгааг манай компани хүлээн авсан. Гэрээг бичгээр нөхөж байгуулж 2022 оны 01 сард Б.С захирал гэрээнд нарын үсэг зуран баталгаажуулсан боловч Х ХХК өнөөдрийг хүртэл баталгаажуулаагүй, баталгаажуулсан хувийг бидэнд өгөөгүй.
Х ХХК-ийн хувьд бидэнтэй тооцоо нийлэлгүйгээр 2022 оны 01 дүгээр сард гэрээг нэг талын санаачилгаар цуцлан, өөр этгээдтэй гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байсан.
Түүнчлэн Ковидын хор уршигаар захирлын биеийн байдал сайнгүй байсан тул 2022 оны 3 сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл дахин эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай болсон.
Энэ хугацаанд буюу 2022 оны 03 сарын 09-нд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У гүйцэтгэлийн тооцоо нийлэхээр Х ХХК-д очиж уулзахад гүйцэтгэсэн ажлын үнийг бидний гаргасан үнийн саналаас үндэслэлгүйгээр бууруулан тооцоо гаргасан байсан. Бидэнтэй харилцан тохиролцолгүйгээр үнийг бууруулсантай санал нийлэхгүй байгаа тул хийсэн ажлын гүйцэтгэлийг үнийн саналын дагуу нэхэмжилж байна.
Нийт ажлын гүйцэтгэл 65,094,120 төгрөг болсноос 12 сая төгрөгийг авсан тул үлдэгдэл төлбөр 53,094,120 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Бид Э ХХК-нд өөрсдийн өмчлөлийн цахилгаан өргүүрийг 6 сарын хугацаатайгаар түрээслүүлэхээр тохиролцсон. Ингээд 2022 оны 3 сарын 09-ний өдөр Х ХХК-д очиж уулзаж ажлын талбайд нь байршуулсан 6 цахилгаан өргүүрийг буцаан авах хүсэлт гаргасан боловч үндэслэлгүй татгалзаж өгөөгүй. Бид орлого олох гол төхөөрөмжөө ямар нэг төлбөргүйгээр барьцаалж ашиглаж байгаа нь манай компанийн орлого олох боломжийг хаасан.
Нэг өргүүр хоногт 50,000 төгрөгөөр түрээслэх үнэ ханштай байгаа бөгөөд 6 ширхэг өргүүрийг 2022 оны 3 сарын 09-ний өдрөөс 2022 оны 5 сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд тооцож нийт 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Мөн ХХК-ийн захирал Б.С нь 2021 оны 10 дугаар сард ковид тусч хүндээр өвдсөн. Улмаар ковидын дараах хямрал явагдаж Сэмүт-д эмчлүүлсэн. Мөн биеийн байдал нь сайжрахгүй байсан тул 2022 оны 3 сарын 01-ний өдрөөс 21-ний өдрийг хүртэл Солиорох шинж бүхий сэтгэл хөөрөл оноштойгоор Сэмүт-д хэвтэн эмчлүүлсэн.
Сэтгэцийн түр зуурын сааталд орсон гэдэг нь хавтас хэрэгт авагдсан эмнэлэгийн магадлагаа, СЭМҮТ-ийн шийдвэрээр нотлогддог. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 5 сарын 30-ны өдрийн 180 дугаар тушаалаар баталсан Сэтгэцийн эмгэгтэй хүний эмчилгээ, үйлчилгээ түүнд хяналт тавих журмын 1.2.8-д заасан онош нь сэтгэцийн эмгэг мөн гэдгийг тодорхойлсон.
Эндээс үзэхэд талуудын хооронд бичгээр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орох үедээ илэрхийлсэн хэлцэл гэж үзэх үндэстэй байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Манай Х ХХК болон Х ХХК нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан.
Тус ажил гүйцэтгэх гэрээгээр Х ХХК нь байрны гадна хөөсөнцөр фасад хийх ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн манай компанид хүлээлгэн өгөх, харин манай Х ХХК нь тохирсон ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Гэтэл хариуцагч Х ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйл 5.2 дэх хэсэгт ...Ажлыг гэрээнд заасан хугацаа, нөхцөлөөр, өөрийн материал, багаж, техник хэрэгсэл, ажиллах хүчийг ашиглан чанарын өндөр түвшинд, алдаа дутагдал, доголдолгүй хийж гүйцэтгэж, захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгөх... гэж заасныг зөрчсөн. Тодруулбал, хариуцагч нь дээрх ажлыг хийж гүйцэтгэх явцдаа буюу үр дүнгийн гүйцэтгэл 50 хувьтай байх үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, бидэнд мэдэгдэлгүйгээр уг ажлыг дур мэдэн орхиж, байрны барилгын ажлыг зогсонги байдалд оруулсан.
Х ХХК-ийн энэхүү гэрээний үүргээ зөрчсөн үйлдлээс болж манай компани нь цаг хугацаа болон санхүүгийн хохирол амссан. Мөн Х ХХК нь нийт 128,763,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэх ёстой байсан боловч 57,327,800 /тавин долоон гурван зуун хорин долоон мянга найман зуу/ төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 408,200 /далан нэгэн сая дөрвөн зуун найман мянга хоёр зуу/ төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэлгүй дутуу орхисон.
Тухайлбал, манай компани нь хариуцагчийн чанарын шаардлага засварлахад нийт 11,115,280 /арван нэгэн сая нэг зуун арван таван мянга хоёр зуун наян/ төгрөг зарцуулсан.
Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт гүйцэтгэгч нь холбогдох чанарын шаардлага, гэрээний нөхцөлийг бүрэн хангасан ажлыг захиалагчийн заасан хугацаанд хийгээгүй, гэрээгээр тусгайлан хугацаа тогтоож өгсөн үүргээ тухайн цагт нь биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол тухайн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд ГТН-ийн 8-д зааснаар хугацаа хэтрэсэн хоног тутам 0.3% хувьтай тэнцүү дүнгээр алдангийг тооцно. Заасан хэмжээгээр алданги төлнө гэж зааж өгсөн тул хоногт 71,408,200*0.3%=214224,6*90хоног=19,280,214 төгрөгийн алдангийг төлөхөөр байна.
Мөн гэрээний 6.2.1 дэх хэсэгт Гүйцэтгэгч гэрээг үндэслэлгүй цуцалсан, гэрээний дэх хэсгийг зөрчсөн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцүү хэмжээний торгууль төлөх бөгөөд тийнхүү зөрчсөнөөс захиалагч болон түүний харилцагчид учирсан аливаа зардал /хууль зүйн болон үйл ажиллагааны/ хохирлыг барагдуулна. гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд 35,704,100 /гучин таван сая долоон зуун дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийн торгуулийг төлөх үндэслэлтэй болно.
Иймд Х ХХК-иас Ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж алдангид 19,280,214 төгрөг, торгууль 35,704,100 төгрөг, дахин засварт зарцуулсан 11,115,280 төгрөг, нийт 66,099,594 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нь цахилгаан өргүүрийг манай компаниас авах эрх нь нээлттэй байсан бөгөөд манай байгууллагын зүгээс өргүүрийг өгөхөөс татгалзсан зүйлгүй болно. Харин нэхэмжлэгч нь өөрийн компанид ажиллаж байсан ажилчдын цалинг өгөлгүйгээр ажлаа хаяж алга болсон бөгөөд түүний удирдлагад ажиллаж байсан ажилчид нь цалингаа авсны дараа өргүүрийг өгөх талаар нэхэмжлэгчид өөрт нь танилцуулж байсан болно.
Иймд тухайн өргүүр нь нэхэмжлэгч болон түүний удирдлагад ажиллаж байсан ажилчдын хоорондын маргааны улмаас манай барилгын талбайд байгаа тул үүнд хариуцагчийн зүгээс хариуцлага хүлээх үндэслэлгүй юм.
Манай зүгээс тооцоо нийлж үзэхэд 57,327,800 төгрөгийн ажлыг нэхэмжлэгч тал хийсэн бөгөөд үүнээс бид нэхэмжлэгчийн хугацаандаа ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй тул гэрээгээр тохиролцсоны дагуу торгууль 35,704,100 төгрөг, алданги 19,280,214 төгрөг, дотор засварт зарцуулсан 8,090,280 төгрөг болон гадна фасадны хөөсөнцөрийн дахин засварт зарцуулсан 3,025,000 төгрөг, нэхэмжлэгчид өгсөн 12,000,000 төгрөг зэргийг хасч тооцоход үлдэгдэл төлбөргүй байгаа.
Мөн нэхэмжлэгч тал нь гэм хорын төлбөрт 53,094,120 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бичгээр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг гаргасан байна. 2022 оны 1 сарын 11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байхгүй, байгуулагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн 2024 оны 03 сарын 28-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нэгдүгээрт. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна", 56.1.7-д ''эрх зүйн бурэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй бюлсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл гэж тус тус заасны хариуцагчийн гэрээний дагуу нэхэмжилж буй алданги, торгуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Х ХХК нь Х ХХК-тай бичгээр байгуулсан гэх 2021 оны 09 сарын 20-ны өдрийн ЕЮ20-.ЮЗ/21 тоот ажил гүйцэтгэх гэрээ нь бодитоор байгуулагдаагүй бөгөөд Б.С захирал сэтгэцийн түр зуурын сааталд орсон үед буюу 2022 оны 01 сарын 11-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан.
Б.С нь F31.6 Холимог шинж бүхий хоёр туйлт сэтгэл цочирдлын эмгэгтэй гэдэг нь СЭМҮТ-н шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд 2021.11.11-2021.11.25, 2022.03.01-2022.03.21-ний хооронд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн байдаг. Б.С нь хоёр удаа эмнэлэгт хэвтхийн дунд буюу өвчний байдал нь сэдрэлтэй үедээ гэрээнд гарын үсэг зурсан байдаг. СЭМҮТ-ийн шинжээчийн дүгнэлтэд эмгэг сэдрэлийн үед өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байх боломжтой гэсэн байдаг.
Б.С захирлын биеийн байдал муу байсан учир өдөр бүр ажлын талбай дээр очоод ажиллах боломжгүй байсан ч Х ХХК-ийн ажилчид ажлын талбай дээр ажиллаж байсан. Б.Сыг 2022 оны 1 сарын 25-ны өдөр ажлын талбай ;ээр очиход Н.О гээд Хд ажиллаж байсан ажилтантай гэрээ байгуулаад ажлаад эхэлсэн байсан. Гэрч Н.Оийн шүүхэд өгсөн мэдүүлэгт 2021 оны намар, өвлөөс С өвдсөнөөс хойш бие даан Х ХХК-тай ажилладаг болсон гэдэг нь нотлогддог.
Хоёрдугаарт. Иргэний хуулийн 349.1 Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөор заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор. хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно", 352 дугаар зүйлийн 352.2 "Захиалагч дараахь шаардлага гаргах эрхтэй,' 352.2.1 гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх гэж тус тус заасан байдаг.Хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд доголдол учирсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нэг ч удаа нэхэмжлэгчид мэдэгдэж байгаагүй, доголдлыг арилгах талаар шаардаж байгаагүй болно. 1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь талд авагдсан Гадна фасадны ажлын гүйцэтгэлийн тооцоо болон 79-84 дэх талд авагдсан Үл тохирлын мэдэгдэл гэх баримт нь хариуцагчийн нэг талын гаргаж өгсөн нотлох баримт бөгөөд нэхэмжлэгчид ажил гүйцэтгэх хугацаанд нэг ч удаа гаргаж өгч байгаагүй болно. Х ХХК-иар баталгаажуулаагүй, барилгын хяналтын зөвлөх компанийн дүгнэлтгүй доголдлын талаар гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нотлох баримтууд: нэхэмжлэгчээс 2021 оны 9 сарын 20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 3 сарын 09-ний өдрийн 0 тоот албан бичиг, 2022 оны 3 сарын 15-ны өдрийн 0 тоот албан бичиг, 2022 оны 3 сарын 09-ны өдрийн 0 тоот албан бичиг, Зарлагын баримт, Х ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны дансы хуулга, Эмнэлэгээс өвчтөн илгээх хуудас, комиссын шийдвэр, Э ХХК-ийн 2022 оны03 сарын 02-ны өдрийн 0 тоот албан бичиг, Р эмнэлэгийн албан бичиг, өвчний түүх, Барилга.мн сэтгүүл,
Хариуцагчаас Улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-ийн 43 дугаар тал/, Х ХХК-ийн байр барилгын гадна фасадны ажлын гүйцэтгэлийн тооцоо, үнийн санал, 2021 оны 9 сарын 20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 3 сарын 09-ний өдрийн 0 тоот албан бичиг, зураг, 2022 оны 3 сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, ажлын гүйцэтгэлийн тооцоо,
Шүүхийн журмаар Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, өвчтний түүх, үүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны Хөдөлмөрийн дотоод журам, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны Хүүхэд хамгааллын бодлого-ын жишиг баримтыг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Х ХХК-нд холбогдуулан 2022 оны 01 сарын 11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэм хорын хохиролд 53,094,120 төгрөг, олох байсан орлого 30,000,000 төгрөг, нийт 83,094,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж, торгууль, алданги, хохиролд 66,099,594 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 53,094,120 төгрөг, өргүүр түрээслээд олох байсан орлого 30,000,000 төгрөг, нийт 83,094,120 төгрөгийг гаргуулах, мөн 2022 оны 01 сарын 11-ний өдрийн гэрээ буюу 2021 оны 9 сарын 20-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тодорхойлсон.
2. Нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 53,094,120 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, хэрэгт зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь байрны гадна хөөсөнцөр фасадны ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлсөнд 128,736,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 57-65 дугаар тал/
Нэхэмжлэгчээс энэхүү 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд компанийн гүйцэтгэх удирдлага С нь 2022 оны 01 сарын 11-ний өдөр гарын үсэг зурсан бөгөөд сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ хийсэн хэлцэл гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарласан.
Хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгчээс 2021-ний өдрийн 9 сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд 2022 оны 01 сарын 11-ний өдөр гарын үсэг зурагдсан, энэ үед сэтгэцийн түр зуурын сааталд орсон байсан гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргаж байх хэдий ч хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 53,094,120 төгрөг гаргуулах шаардлага гаргасан талаар тайлбарлаж байна.
Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн, гэрээгээр хийж гүйцэтгэх ажил, түүнд төлөх хөлсний хэмжээг тохиролцсон үйл баримттай хэн аль нь маргаагүй.
Нэхэмжлэгчийн сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 9 сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.7-д эрх зүйн бүрэн чадамжтэй этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан.
Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 25-ны өдөр хүртэл холимог шинж бүхий хоёр туйлт сэтгэцийн эмгэг оноштойгоор, 2022 оны 3 сарын 01-ний өдрөөс 21-ны өдөр хүртэл хугацаанд Солиорох шинж бүхий сэтгэл хөөрөл оноштойгоор тус тус хэвтэн эмчлүүлсэн бөгөөд энэ хугацаандаа гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарласан
Талууд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баганат хороолол 20 дугаар байрны гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр хүсэл зоригын илэрхийлэл нэгдсэн, 2021 оны 10 дугаар сараас ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн талаар хэн аль нь тайлбарлаж байна.
Иймд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдснээс хойш гэрээнд тодорхой хугацааны дараа гарын үсэг зурж баталгаажуулсан үйлдэл болон сэтгэцийн түр зуурын сааталд орсон нөхцөл байдал зэрэг нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байна.
Иймд талуудын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
3.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга, зорилгоос үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгчээс гэм хорын хохирол гаргуулна гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 65,094,120 төгрөг болсноос авсан 12,000,000 төгрөгийн хөлийг хасч, үлдэгдэл ажлын хөлс 53,094,120 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж зохицуулсан байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 5-д энэхүү гэрээний дүн 128,736,000 төгрөг байна гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчээс 65,094,120 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэх тайлбарыг гаргасан.
Хариуцагчаас дээрх тайлбарыг эс зөвшөөрч 57,327,800 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэх тайлбарыг гаргаж байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч нь 65,094,120 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч талын шүүхэд ирүүлсэн Барилга.мн сэтгүүл дэх ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гэх хүснэгт, нэхэмжлэгч талын гарын үсэг бүхий Х ХХК гадна хөөсөн фассадны үнийн санал гэх баримтуудаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээг тодорхойлох боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлийг өөрөө нотлох холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байна.
Иймд хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгчийн 65,094,120 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх тайлбар нь нотлогдохгүй байх тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийн хүрээнд нэхэмжлэгчийг 57,327,800 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.
4.Хариуцагчаас нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 57,327,800 төгрөгөөс торгуульд 35,704,100 төгрөг, алдангид 19,280,214 төгрөг, нэхэмжлэгчийн чанарын шаардлага хангахгүй ажлыг өөр этгээдээр хийж гүйцэтгүүлэхэд гарсан зардал 11,115,280 төгрөг, олгосон санхүүжилт болох 12,000,000 төгрөгийг тус тус хасч тооцож, төлөх төлбөргүй гэж маргасан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-т гүйцэтгэгч гэрээг үндэслэлгүй цуцалсан, гэрээний 7.1-ийг зөрчсөн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх... гэж, 6.1.1-т гүйцэтгэгч нь холбогдох чанарын шаардлага, гэрээний нөхцлийг бүрэн хангасан ажлыг захиалагчийн заасан хугацаанд хийгээгүй, гэрээгээр тусгайлан хугацаа тогтоож өгсөн үүргээ тухайн цаг хугацаанд нь биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол тухайн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам ГТН-д заасан хэмжээгээр алданги төлнө гэж заасан байна.
Хэрэгт авагдсан СЭМҮТ-ийн комиссын шийдвэр, шүүх сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлт, Р эмнэлэгийн дүгнэлт, Б.Сын өвчний түүх зэрэг бичгийн баримтаар нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.С нь эрүүл мэндийн шалтгааны улмаас гэрээгээр тохиролцсон ажлаа хугацаанд хүлээлгэн өгөөгүй, гэрээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцлагдсан гэж үзэхээр байна. /хх-ийн 168-170, 171-176, 177-185 дүгээр тал/
Мөн хэрэгт авагдсан Х ХХК болон Н.О нарын хооронд байгуулагдсан 2022 оны 3 сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, гэрч Н.Оийн ...би Х ХХК-нд ажилладаг байсан. 2021 оны намар, өвлөөс Б.С өвдөөд би ажилласан гэх мэдүүлгээр гүйцэтгэгч талд торгууль, алданги буюу хариуцлагын үүрэг ногдуулах гэрээгээр тохиролцсон нөхцөл бүрдээгүй байна. /хх-ийн 102-113, 2хх-ийн 102-103 дугаар тал/
5.Хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулахаар гадна фассадын хөөсөнцөрийн засварт 3,025,000 төгрөг, дотор заслын засварт 8,090,280 төгрөг нийт 11,115,280 төгрөгийн зардлыг ажлын хөлснөөс суутгасан гэх тайлбарыг гаргасан.
Хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой байсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд гэрчийн мэдүүлгээр хариуцагчаас засан сайжруулалтанд 11,115,280 төгрөгийн зардал гарсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.
6.Хариуцагчаас ажлын хөлсөнд 12,000,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байх бөгөөд талууд энэ талаар хэн аль нь маргаагүй.
Иймд хариуцагчийн ажлын хөлс болох 57,327,800 төгрөгөөс торгууль, алданги, гарсан зардал зэргийг хасч тооцсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй байх тул нийт ажлын хөлс 57,327,800 төгрөгөөс төлөгдсөн 12,000,000 төгрөгийг хасч, 45,327,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгчээс өргүүр түрээслээд олох байсан орлого буюу 6 ширхэг өргүүрийн нэг бүрийн үнийг 50,000 төгрөгөөр тооцож 30,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
Хэрэгт авагдсан Э ХХК-ийн 2022 оны 3 сарын 02-ны өдрийн 0 тоот албан бичиг, Х ХХК-ийн 2022 оны 3 сарын 09-ний өдрийн 0 тоот албан бичиг, Фэйсбүүк дэх зар мэдээгээр нэхэмжлэгчид 30,000,000 төгрөгийн орлого зайлшгүй орох байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. /хх-ийн 20, 25, 2хх-ийн 124-127 дугаар тал/
Иймд хариуцагчаас олох байсан орлого 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
8.Хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж, торгууль, алданги, хохиролд 66,099,594 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарт хийсэн хууль зүйн дүгнэлтээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
9.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-иас 45,327,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37,766,320 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн нэхэмжлэгчээс 66,099,594 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэгдүгээр хавтас хэргийн 186-250, хоёрдугаар хавтас хэргийн 1-18 дугаар талд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, СЭМҮТ-өөс дүгнэлтийн хамт ирүүлсэн баримт тул нотлох баримтаар үнэлээгүй болно. Мөн иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчын зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 45,327,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37,766,320 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн 66,099,594 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 793,138 төгрөг, хариуцагчийн төлсөн 488,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 384,589 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА
ШҮҮГЧИД Д.ЦЭРЭНДОЛГОР
Л.ЭНХЖАРГАЛ