Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, Улсын яллагч: Б.Батсайхан Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал Шүүгдэгч: Ц.Баттөр, О.Булганхангай Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаазгай овогт Цэрэндоржийн Баттөр, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу дондог овогт Очирбатын Булганхангай нарт холбогдох эрүүгийн 201703000127 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Дугаар /С% Цэцэрлэг Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 9, дүү нарын хамт Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Мандалын 09 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Шаазгай овогт Цэрэндоржийн Баттөр /РД:РЕ86062274/ Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх, нийгмийн багш мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн Тариат сумын Тэрх баг, Сансар хорооллын 10-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, Алаг адуу дондог овогт Очирбатын Булганхангай /РД: А384011011/ Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ц.Баттөр нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг дэвсгэр Сансар хорооллын 10-04 тоот хашаанд улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодон хөдлөхдөө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 2.3 в-д “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 21.8 ж-д зааснаар хүн тээвэрлэхийг хориглох тохиолдолд: “согтуу хүнийг мотоциклиор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мотоциклийг унагаж, зорчигч Г.Галбадрахын амь насыг хохироосон, Шүүгдэгч О.Булганхангай нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг дэвсгэр Сансар хорооллын 10-04 тоот хашаандаа иргэн Ц.Баттөрийг “мотоциклио унагаж, автомашин шүргэлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт цохиж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 201703000127 дугаартай эрүүгийн хэргээс: Хохирогч Л.Эрдэнэцэцэгийн мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр миний нөхөр Галбадрах гэрийнхээ ДДШ телевизийн зурагтын хүлээн авагч станцыг янзлуулахаар өглөөний 10 цагийн үед найз Баттөрийн хамт гэрээсээ гараад явсан. Би 12 цагийн үед Галбадрах руу утсаар ярьтал би айлд тоглож байна, удахгүй гэртээ харина гэж байсан. Тэгээд 2 цаг гаруйн дараа Галбадрах руу дахин залгаж, хаана байгаа юм, гэртээ ирээч гэж хэлтэл архи уусан бололтой хэл ам нь орооцолдсон байдалтай байхаар нь хурдан ирээч гэж хэлтэл би удахгүй очлоо гээд утсаа салгасан. Надад байгаа газраа хэлэхгүй байсан. Тэгээд 17 цагийн үед хэсгийн төлөөлөгч Галбадрахыг Булганхангайн гэрийн гадаа нас барчихсан байна гэж хэлсэн. Би Булганхангайн хашаанд очтол талийгаач нас барчихсан Булганхангайн гэрийн урд талд дээшээ хараад хэвтчихсэн, дээгүүр нь юмаар бүтээчихсэн байсан. Булганхангай ярихдаа талийгаачийг Баттөрийн жолоодож явсан мотоциклийн араас уначихсан байх гэж яриад байсан. Баттөртэй уулзаж юу болсон талаар асуугаагүй байгаа. Талийгаачийг яагаад нас барсныг би мэдэхгүй байна. Сумын түргэн тусламж, эмнэлгийг дуудаж үзүүлээгүй байсанд гомдолтой байна. Би хэрэг гарах үед хажууд нь байгаагүй болохоор өөр зүйл мэдэхгүй байна. Талийгаач Гунгаалодой овогтой Галбадрах нь /АЗ71102816/ 1971 онд 9 хүүхэдтэй айлын хамгийн бага хүүхэд болж төрсөн, би Галбадрахтай 1992 онд гэр бүл болсон бөгөөд одоо 6 хүүхдийн аав, ээж болсон. Талийгаач зан байдлын хувьд хааяа нэг архи уучихдаг, архи уухаараа бага зэрэг шазруундуу, олон үгтэй болчихдог зантай, талийгаач бид хоёр хувиараа олдсон ажлаа хийж амьдардаг байсан. Зан байдлын хувьд үг дуу цөөнтэй, даруухан хүн. Талийгаач Тариат сумандаа бага сургуульд сурч байгаад Улаанбаатар хотод 8 дугаар анги төгссөн. Манай гэр бүл амьжиргааны түвшинээс доогуур өрхөд ордог юм. Би Баттөр, Булганхангай нарыг талийгаачийг нас барсан байхад нь түргэн тусламж дуудаж үзүүлээгүй байгаад гомдолтой байна. Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйлээ одоогоор хэлж мэдэхгүй байна. Талийгаачийг Булганхангай гэртээ дуудаж ирүүлэн архи өгөөгүй байсан бол талийгаач амьд байх байсан гэж би бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/ ...Миний бодлоор хэрэг болох үед Баттөр, Булганхангай 2 байсан, энэ хоёроос миний нөхрийн нас барсан шалтгаан тодрох ёстой. Энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. Баттөр өөрөө надад хэлэхдээ би мотоцикль унаж яваагүй гээд байсан бас Булганхангай өөрийгөө буруугүй л гээд байсан. Болсон хэргийг нүдээр харсан хүн байхгүй болохоор тэр нь буруутай, энэ нь буруутай гэж хэлмээргүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд талийгаачийг тархины битүү гэмтэл авсан, унаж ойчих үед үүсэх боломжтой гэсэн байдлаар дүгнэлт гарсан болохоор талийгаачийг цохиж зодож шууд алах зорилгоор амь биед нь халдаагүй юм байна гэж бодож байгаа. Тийм болохоор надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/ Ц.Баттөрийн хохирогчоор мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр буюу хэрэг болдог өдөр Булганхангай байшингийн гадна талд мотоцикль түрээд явж байхад шууд ирээд миний зүүн талын хацар шанаа руу нэг удаа цохьсон. Тэгээд Булганхангай гэр рүүгээ орчихоор нь араас нь дагаад ортол Булганхангай миний баруун талын нүд рүү гараараа цохиод авсан, өөрөөр цохиж зодоогүй. Би гомдолтой байна, би эмчилгээ хийлгээгүй бөгөөд ойр зуурын эм авч уугаад толгой хөдөлсөн байхаар нь бариулсан. Одоо миний бие эрүүл болсон. Нэхэмжлэх зүйлээ одоогоор хэлж мэдэхгүй байна. Булганхангайд зодуулсандаа гомдолтой байна. Булганхангай 2 удаа л цохиж, зодсон. Булганхангай яагаад намайг цохиж зодох болсныг мэдэхгүй байна, ямар ч шалтгаангүй цохиж зодсон. Булганхангай бид хоёр маргалдаж муудалцаагүй байхад шууд зодчихсон. Булганхангай 2017 оны цагаан сарын үеэр мөн шалтгаангүй зодож байсан, тухайн үед миний хамарт гэмтэл учирсан. Би одоо шүүх эмнэлэгт үзүүлж хамар дээрээ гэмтлийн зэрэг гаргуулна. 2017 оны 02 сард болсон цагаан сарын өмнөхөн Булганхангайн гэрт би очиход согтуу байхдаа намайг ямар ч шалтгаагүй зодсон. Намайг зодож байхыг Булганхангайн хажуу айлын хүмүүс харсан байж магадгүй. 2017 оны 03 сарын 15-ны өдөр намайг Булганхангай зодож байхыг харсан хүн байна гэсэн яриа сумаар гараад байгаа боловч хэн харсан нь одоогоор гарч ирэхгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/ О.Булганхангай гэрчээр мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын төвд байдаг Батаа гэдэг айлд би өөрийн эзэмшлийн 82-20 УНҮ улсын дугаартай, хар саарал өнгийн Аксиа королла маркийн машинтай ганцаараа яваад очтол гэрт нь Баттөр, Галбадрах, Дүүрээ нар байж байсан. Баттөр, Галбадрах хоёр “Ерөөл” нэртэй 0.5 литрийн нэг шил архи хувааж уугаад дуусгаж байсан бөгөөд Баттөр надад 2 хундага архи өгөхөөр нь би бага зэрэг уугаад л буцааж өгсөн. ...Ц.Баттөр, О.Булганхангай хоёр манай гэрийн гадна гарчихсан мотоциклио би унана гээд булаацалдаад зогсож байсан. Би хажуу талаар нь шууд гараад гэртээ орчихсон бөгөөд Галбадрахын мотоцикль миний Хьюндэй мотоцикл болон манай байшин хоёрын дунд зогсож байсан. Намайг гэртээ ортол мотоцикль асчихсан хаазлаад байсан бөгөөд удалгүй түр, тар хийсэн дуу гарсан. Би хашаанд байсан миний машиныг мотоциклиороо мөргөчихлөө гэж бодоод гүйгээд гартал машины урд талд цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль газар уначихсан Ц.Баттөр жолоодож явсан бололтой хажуу талд нь байж байсан. Галбадрах мотоциклиос 60 см наана хоёх хөл нь мотоцикль руу харсан, толгой нь манай байшин руу харсан дээшээ харж хэвтсэн байдалтай байсан. Би Галбадрахыг тасарчихсан хэвтэж байна гэж бодчихоод Баттөрөө чи машины урд мотоцикльтойгоо унаад машин зурлаа ш дээ гэж хэлтэл Баттөр би чиний машиныг зурсан ч төлж чадна гэхээр нь уур хүрээд Баттөрийг 2 удаа цохиж аваад мотоциклийг нь түрж машины урдаас холдуулж тавьсан. Тэгээд би шууд гэртээ орчихсон. Галбадрах хэвтэж байсан газраа хөдлөхгүй хэвтэж л байсан. Баттөр, Галбадрахын хажууд завилаад суучихсан байсан. Би гэртээ ороод 15 минут орчим гэрээ цэвэрлэж байтал байшингийн урд талд Баттөр явъя гээд Галбадрахыг авч явах гээд байгаа бололтой дуу гараад байсан. Удалгүй Баттөр үнэртүүлэгч байна уу гэж орилохоор нь би байшингаас юун үнэртүүлэгч вэ гэж асуутал Баттөр газар завилж суусан байсан. Би бодохдоо Баттөр мотоциклио жолоодоод Галбадрах ард нь сууж яваад Галбадрах мотоциклийн араас савж хөлдүү газар унаад нас барсан байх гэж бодож байна. Өөрөөр Галбадрах, Баттөр хоёр хоорондоо муудалцах зав гараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/ Гэрч М.Дүүрэнжаргалын мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ байж байтал Галбадрах ах найз Баттөртэйгээ манай гэрт орж ирээд манай ДДШ телевизийн хүлээн авагч станц ажиллахгүй байна, танай антенд хийж үзье гээд манай ДДШ-ийн антенд өөрийнхөө станцыг хийж үзсэн. Тэгтэл Галбадрах ахын станц ажиллахгүй байсан бөгөөд Баттөр нь цэргийн баярын юм гээд 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи өвөртөлсөн байснаа гаргаж ирээд тэр хоёр манай гэрт хувааж уугаад дуусах гэж байтал Булганхангай багш гаднаас орж ирээд Алагаагаас түлхүүр, багаж авах гэсэн юм гээд байсан. Тэгтэл Баттөр ууж байсан архинаасаа 2 хундагыг Булганхангайд хийж өгөөд архи нь дууссан. Тэгээд Булганхангай багш Галбадрах ахад нэг юм авч өгье гээд машиндаа суулгаад явсан. Баттөр нь Галбадрах ахын мотоциклийг унаад араас нь явсан. Удалгүй Галбадрах ах над руу утсаар яриад ахынхаа ДДШ станцыг аваад ирээч, би Булганхангай багшийн гэрт байна гэхээр нь би нөхөр Баттогтохын хамт аваад очтол Булганхангай багшийн гэрт Батсүх хүүхэдтэйгээ, Баттөр, Галбадрах, Очирбат нар сууж байсан. Булганхангай мөнгө өгөөд Очирбат, Баттогтох хоёрыг архинд явуулсан. Тэр хооронд Баттөр, Галбадрах хоёр хоорондоо муушиг тоглож гарсан нь 5.000 төгрөг аваад байсан. Галбадрах ах хоёр удаа хожиж 10.000 төгрөг авсан. Тэр үед Баттогтох нэг шил 0.75 литрийн архи авч ирээд гэрт байсан хүмүүс хувааж уугаад дууссан. Тэгтэл Булганхангай багш хүмүүстэй мөнгө нийлүүлээд дахин нэг шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи авахуулсан. Тэр архийг миний нөхөр Баттогтох дэлгүүрээс авчирч өгсөн бөгөөд Баттогтох бид хоёр сүүлийн архийг өгчихөөд Булганхангайн гэрээс гарч явсан. Булганхангайн гэрт Батсүх хүүхэдтэйгээ, Баттөр, Галбадрах, Очирбат, Жагаа, Булганхангай нар л үлдсэн. Тэгээд гэртээ 17 цагийн үед байж байхад Алагаа манай гэрт орж ирээд Галбадрах ахыг Булганхангайн хашаан дотор мотоциклиос унаад нас барчихсан байна гэж хэлсэн. ...Талийгаачийг нас барсны дараа харахад эрүүн дээрээ 2, хөмсөг орчимдоо нэг халцархайтай болчихсон байсан бөгөөд тэр халцархайнуудыг хэн учруулсныг би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/ Гэрч Х.Баттогтохын мэдүүлсэн: ...Тэгээд 16 цагийн үед би Алагаатай хамт байж байтал Алагаа Булганхангайд түлхүүр багаж өгөх ёстой гэж явснаа Галбадрах ахыг нас барчихсан байна, чи оч гэж хэлэхээр нь би яваад очтол талийгаач Галбадрахад дэр дэрлүүлсэн, байшингийн урд дээшээ харж хэвтсэн байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Талийгаачид ил харагдах цус болон гэмтэл харагдахгүй байсан. Булганхангай ярихдаа Баттөр, Галбадрах хоёр явах гээд мотоцикльтойгоо манайхаас гарсан, тэгээд хойшоо саваад уначихсан, би уурандаа Баттөрийг 2 удаа цохиод авсан гэсэн байдалтай юм яриад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/ Гэрч А.Мөнх-Очирын мэдүүлсэн: ...Энх-Амгалан бид хоёрыг Булганхангай өөрөө хашаанаасаа гаргаж өгөөд шууд гэр рүүгээ орж байгаа харагдсан. Баттөр, Галбадрах хоёр байшингийн урд талд байсан мотоцикль дээр явах гэж байгаа бололтой байгаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/ Гэрч Н.Батчимэгийн мэдүүлсэн: ...Миний төрсөн дүү Баттөр 1986 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд айлын 2 дахь хүүхэд болж төрсөн. Бага насаа Архангай аймгийн Тариат суманд өнгөрүүлж, 18 наснаас хойш Улаанбаатар хот руу орж барилга дээр ажиллаж манай гэрт амьдарч байгаа. Улаанбаатар хотод ажиллаж байхдаа эхнэр авч 2 хүүхэдтэй болсон юм. Тэгээд 2013 онд эхнэрээсээ салж Архангай аймгийн Тариат суманд амьдрах болсон. Сургуульд суралцаагүй, цэргийн алба хаагаагүй, боловсрол мэдлэггүй, барилгын хар ажил хийж амьдарч байсан хүн юм. Зан байдлын хувьд хүнд тусархуу, буруу зөрүү зангүй, хүний үгээр байдаг, хөнгөн шингэн зан ааштай хүн юм. 2013 оноос хойш Тариат суманд ирснээсээ хойш архи уугаад байдаг болчихсон байсан. Би Баттөрийг Улаанбаатар хот руу ирээд ажил хий гэхээр аав, ээжийнхээ нас барсан газар дээр 3 жил болчихоод хот руу орно гээд байдаг байсан. Баттөр нь Тариат суманд эрхэлсэн ажилгүй, олон дүү нартайгаа хамт амьдардаг, амьжиргааны түвшин маш доогуур бөгөөд олдсон ажлаа л хийж амьдардаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/ О.Булганхангайн сэжигтнээр мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай хашаан дотор Баттөр нь Галбадрахын цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг асааж унаад хөдлөхдөө миний шинээр авсан байсан Кролла маркийн хар саарал өнгийн 82-02 УНҮ улсын дугаартай машины урд талд маш ойрхон мотоцикльтойгоо уначихсан. Би машин зурчихлаа гэж бодоод байшингийн цонхоор Баттөрийг яагаад мотоциклио унагааж байгаа юм гэж асуухад яадаг юм гээд урдаас хэрэлдээд байсан. Би мотоциклиороо машин зурчихвал яах юм гэж асуутал Баттөр сүртэй юм, би төлчихнө гээд байхаар нь уурандаа нүд, шанаа хэсэгт нь гараараа 2 удаа цохьсон. Тэгээд би Баттөрийн мотоциклийг түрж машинаас холдуулж хашааны үүд рүү болгоод шууд гэр рүүгээ орсон. Баттөрийг өөрөөр цохиж зодоогүй. Тэгээд намайг гэртээ байж байхад Баттөр нь Галбадрахад үнэртүүлэх юм байна уу гэж цонхоор хэлсэн. Баттөр машины урд мотоциклийнхоо хажууд сууж байхаар нь гараараа цохьсон. Би Баттөрийг гэр рүүгээ оруулж цохиж зодоогүй. Би Баттөр болон талийгаач Галбадрах нарыг цохиж, зодоогүй, сум жижигхэн болохоор амнаас ам дамжаад яриа гараад л байдаг. Намайг шүүх шинжилгээ болон хэргийн газарт ирсэн бүрэлдэхүүнд хоол, мөнгө авилгадаж Баттөр рүү хэргийг болгуулсан гэсэн яриа гарсан байсан. Бас талийгаачийн талын хүмүүс чамайг Баттөр болон Галбадрах нарыг зодож байхыг 3 дугаар ангийн хүүхэд харсан гэсэн яриа гаргасан байсан. Би бодохдоо тэр яриаг худлаа гэж бодож байгаа, яагаад гэвэл манай сургуулийн 3 дугаар анги 14 цагаас хичээл ороод 18 цагт тардаг юм. Би талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж намайг зодож байхыг харсан хүүхдээ цагдаад аваачиж мэдүүлэг өгүүлээрэй, 3 дугаар ангийн хүүхэд яахаараа 16 цагт гадуур явж байдаг билээ гэж асуухад ямар нэгэн юм ярихгүй байсан бөгөөд дахин тийм яриа сумаар гараагүй. Талийгаачийн ар гэрийнхэн ямар нэгэн гомдол саналгүй гэж ярьж байсан. Би өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн. ...Талийгаачийн ар гэрийнхэн Баттөр бид хоёрыг 4, 6 сая төгрөг өгчих гэж надад хэлж байсан. Би буруугүй болохоор ямар нэгэн мөнгө өгөхгүй гэж хэлэхэд надтай дахин уулзахаа больсон...гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 хуу/ О.Булганхангай яллагдагчаар мэдүүлсэн: ...Би сонсгож байгаа зүйл ангийг зөвшөөрч байна. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Би Баттөрийг машины өмнө мотоцикльтойгоо уначихсан байхыг харчихаад машин зурчихлаа гэж уурлахад урдаас төлчихнө, зурсан ч яадаг юм гээд байхаар нь гараараа цохиж зодсон нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би машинаа 12.7 сая төгрөгөөр худалдаж аваад 10 гаруй хоног болж байсан бөгөөд үнэтэй шинээр авсан машиныг зурчихлаа гэж би дотроо их уурласан юм. Би Баттөрд эм тариа, хоол авч өгсөн, бас 10.000 төгрөг өгсөн, өр мөнгө өгөөгүй. Одоо Баттөртэй уулзаж гомдол саналгүй болгоно гэж бодож байна. Би Баттөртэй ойрын үед уулзаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 104-105 хуу/ . Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Ц.Баттөрийн гэх цусанд 1.0 спиртийн алкоголь илрэв. 3. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 61 хуу/ Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1.Талийгаач Л.Галбадрахын биед оношийн 1-рт тусгагдсан тархины битүү гэмтэл, дотор эрхтэний доргилт болох гол судасны ар хана, хоёр бөөрний өөхлөг, харалдаа зөөлөн эдэд цус хуралт, баруун хөмсөгний гадна булан, эрүүний баруун доод хэсэгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох болон ар дагзаар унаж ойчих, доргих, зулгаралт нь мохоо зүйлийн хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Талийгаач нь тархины битүү хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Шинжилгээгээр ходоодны салстын үрэвсэлтэй байна. үхэлд хүргэхгүй. 5. Талийгаач Л.Галбадрах нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. 2-р бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /хх-ийн 65-66 хуу/ Архангай аймаг дахь Замын цагдаагийн тасгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ц.Баттөр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 в-д мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8 ж-д хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: “согтуу хүнийг мотоциклоор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 2. Ц.Баттөр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 в-д мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8 ж-д хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: “согтуу хүнийг мотоциклиор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 3. Г.Галбадрах нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.1 а-д “хамгаалах малгай бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклиор зорчихдоо хамгаалах малгай өмсөх” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. Жолооч Ц.Баттөр нь /РД: АЗ86062274/ 1050483 дугаартай А,В ангилалтай жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 73 хуу/ Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 149 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ц.Баттөрийн биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хоёр гарын бугуйнд жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Жижиг зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 78 хуу/ Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 хуу/ Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-06 хуу/ Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-09,12, 13, 79-80 хуу/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 хуу/ Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 хуу/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 111-112 хуу/ Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 113 хуу/ Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 121 хуу/ зэрэг болно. Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Сансар хорооллын 10-04 тоот хашаанд хохирогч Г.Галбадрах мотоциклиос унаж амь нас хохирсон, Ц.Баттөр нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх нөхцөл байдлуудыг гэмт хэрэг мөн гэж дүгнэв. Шүүгдэгч Ц.Баттөр нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг дэвсгэр Сансар хорооллын 10-04 тоот хашаанд улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодон хөдлөхдөө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 2.3 В-д “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 21.8 Ж-д зааснаар хүн тээвэрлэхийг хориглох тохиолдолд: “согтуу хүнийг мотоциклиор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Г.Галбадрахын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь: 17 цагийн үед хэсгийн төлөөлөгч Галбадрахыг Булганхангайн гэрийн гадаа нас барчихсан байна гэж хэлсэн. Би Булганхангайн хашаанд очтол талийгаач нас барчихсан Булганхангайн гэрийн урд талд дээшээ хараад хэвтчихсэн, дээгүүр нь юмаар бүтээчихсэн байсан. Булганхангай ярихдаа талийгаачийг Баттөрийн жолоодож явсан мотоциклийн араас уначихсан байх гэж яриад байсан гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Эрдэнэцэцэгийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, Ц.Баттөр, О.Булганхангай хоёр манай гэрийн гадна гарчихсан мотоциклио би унана гээд булаацалдаад зогсож байсан. Би хажуу талаар нь шууд гараад гэртээ орчихсон бөгөөд Галбадрахын мотоцикль миний Хьюндэй мотоцикль болон манай байшин хоёрын дунд зогсож байсан. Намайг гэртээ ортол мотоцикль асчихсан хаазлаад байсан бөгөөд удалгүй түр, тар хийсэн дуу гарсан. Би хашаанд байсан миний машиныг мотоциклиороо мөргөчихлөө гэж бодоод гүйгээд гартал машины урд талд цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль газар уначихсан Ц.Баттөр жолоодож явсан бололтой хажуу талд нь байж байсан. Галбадрах мотоциклиос 60 см наана хоёр хөл нь мотоцикль руу харсан, толгой нь манай байшин руу харсан дээшээ харж хэвтсэн байдалтай байсан. Галбадрах хэвтэж байсан газраа хөдлөхгүй хэвтэж л байсан. Баттөр, Галбадрахын хажууд завилаад суучихсан байсан. Би гэртээ ороод 15 минут орчим гэрээ цэвэрлэж байтал байшингийн урд талд Баттөр явъя гээд Галбадрахыг авч явах гээд байгаа бололтой дуу гараад байсан. Удалгүй Баттөр үнэртүүлэгч байна уу гэж орилоор нь би байшингаас юун үнэртүүлэгч вэ гэж асуутал Баттөр газар завилж суусан байсан. Би бодохдоо Баттөр мотоциклио жолоодоод Галбадрах ард нь сууж яваад Галбадрах мотоциклийн араас савж хөлдүү газар унаад нас барсан байх гэж бодож байна гэж мөрдөн байцаалтын шатанд О.Булганхангайн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-28/, гэртээ 17 цагийн үед байж байхад Алагаа манай гэрт орж ирээд Галбадрах ахыг Булганхангайн хашаан дотор мотоциклиос унаад нас барчихсан байна гэж хэлсэн гэсэн мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Дүүрэнжаргалын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/, тэгээд 16 цагийн үед би Алагаатай хамт байж байтал Алагаа Булганхангайд түлхүүр багаж өгөх ёстой гэж явснаа Галбадрах ахыг нас барчихсан байна, чи оч гэж хэлэхээр нь би яваад очтол талийгаач Галбадрахад дэр дэрлүүлсэн, байшингийн урд дээшээ харж хэвтсэн байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Булганхангай ярихдаа Баттөр, Галбадрах хоёр явах гээд мотоцикльтойгоо манайхаас гарсан, тэгээд хойшоо саваад уначихсан, би уурандаа Баттөрийг 2 удаа цохиод авсан гэсэн байдалтай юм яриад байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Баттогтохын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/, Баттөр, Галбадрах хоёр байшингийн урд талд байсан мотоцикль дээр явах гэж байгаа бололтой байгаад байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мөнх-Очирын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай хашаан дотор Баттөр нь Галбадрахын цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг асааж унаад хөдлөхдөө миний шинээр авсан байсан Кролла маркийн хар саарал өнгийн 82-02 УНҮ улсын дугаартай машины урд талд маш ойрхон мотоцикльтойгоо уначихсан. Тэгээд намайг гэртээ байж байхад Баттөр нь Галбадрахад үнэртүүлэх юм байна уу гэж цонхоор хэлсэн гэж мөрдөн байцаалтын шатанд О.Булганхангайн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 101-102/, Л.Галбадрахын үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-66/, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Архангай аймаг дахь Замын цагдаагийн тасгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-06/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-09,12, 13/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/ зэрэг нотлох баримтуудаар, шүүгдэгч О.Булганхангай нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг дэвсгэр Сансар хорооллын 10-04 тоот хашаандаа иргэн Ц.Баттөрийг “мотоциклио унагаж, автомашин шүргэлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт цохиж түүний эрүүл хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр буюу хэрэг болдог өдөр Булганхангай байшингийн гадна талд мотоцикль түрээд явж байхад шууд ирээд миний зүүн талын хацар шанаа руу нэг удаа цохьсон. Тэгээд Булганхангай гэр рүүгээ орчихоор нь араас нь дагаад ортол Булганхангай миний баруун талын нүд рүү гараараа цохиод авсан. Булганхангай 2 удаа л цохиж, зодсон гэж мөрдөн байцаалтын шатанд Ц.Баттөрийн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, би уурандаа Баттөрийг 2 удаа цохиод авсан гэсэн байдалтай юм яриад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай хашаан дотор Баттөр нь Галбадрахын цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг асааж унаад хөдлөхдөө миний шинээр авсан байсан Кролла маркийн хар саарал өнгийн 82-02 УНҮ улсын дугаартай машины урд талд маш ойрхон мотоцикльтойгоо уначихсан. Би машин зурчихлаа гэж бодоод байшингийн цонхоор Баттөрийг яагаад мотоциклио унагааж байгаа юм гэж асуухад яадаг юм гээд урдаас хэрэлдээд байсан. Би мотоциклиороо машин зурчихвал яах юм гэж асуутал Баттөр сүртэй юм, би төлчихнө гээд байхаар нь уурандаа нүд, шанаа хэсэгт нь гараараа 2 удаа цохьсон гэж мөрдөн байцаалтын шатанд О.Булганхангайн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 101-102/, би Баттөрийг машины өмнө мотоцикльтойгоо уначихсан байхыг харчихаад машин зурчихлаа гэж уурлахад урдаас төлчихнө, зурсан ч яадаг юм гээд байхаар нь гараараа цохиж зодсон нь үнэн гэж мөрдөн байцаалтын шатанд О.Булганхангайн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 104-105/, Ц.Баттөрийн гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 149 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-80/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Баттөрийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Булганхангайг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Булганхангайд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна. Шүүгдэгч Ц.Баттөр, О.Булганхангай нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. Шүүгдэгч Ц.Баттөр, О.Булганхангай нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Ц.Баттөр нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, ар гэрийн амьдарлын болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаж Ц.Баттөрд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж дүгнэв. Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Булганхангайд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй. 2. Шүүгдэгч Ц.Баттөрийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Булганхангайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баттөрийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 4. 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ааснаар шүүгдэгч О.Булганхангайг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 5. Шүүгдэгч Ц.Баттөрд оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Булганхангайд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Булганхангай нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 8. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Ц.Баттөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 9. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ц.Баттөрд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 10. Шүүгдэгч Ц.Баттөр, О.Булганхангай нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Баттөр, О.Булганхангай нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 12. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ