| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1904000350084 |
| Дугаар | 2022/ДШМ/399 |
| Огноо | 2022-04-14 |
| Зүйл хэсэг | 15.1.2., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2022/ДШМ/399
2022 4 14 2022/ДШМ/399
Ж.Б, Ж.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Баасанбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нгийн өмгөөлөгч Д.Цолмон,
шүүгдэгч Ж.Б, Ж.М, тэдгээрийн өмгөөлөгч Э.Ганбат,
шүүгдэгч Ж.Мгийн өмгөөлөгч С.Нарангэрэл, нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б, шүүгдэгч Ж.Б, Ж.М нарын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Ж.Б, Ж.М нарт холбогдох 1904000350084 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж.Бнь 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 15:00 цагийн орчимд Э.Нгийн төрөлтийн явцыг буруу удирдаж, дүлэлтийн сулралд орсон байхад нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Э.Нгийн төрүүлсэн нярай Д.Эий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Ж.М нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний оройн 21:00 цагийн үед төрөлтийн 1-р үе эхэлсэн тулгар эх Э.Нг хүлээн аваагүй олон дахин буцаасан, 2018 оны 10 дугаар сарын 2-ны өглөө 9:00 цагийн үед тулгар эх Э.Нг эмнэлэгт хэвтүүлсний дараа эх ба ургийг хянаагүй, төрөхийн өмнөх үеийн үзлэг, авсан арга хэмжээ, эмчилгээний тухай өвчний түүхэнд тэмдэглэгээ хийгээгүй, төрөлтийн үед эхийн биеийн байдлыг буруу үнэлсэн зэргээр төрөлт удирдах стандарт зөрчиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Э.Нгийн төрүүлсэн нярай Д.Эий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Багануур дүүргийн прокурорын газраас: Ж.Б, Ж.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.М, Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.8, 12.12 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М, Ж.Бнарт холбогдох эрүүгийн 1904000350084 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн нэхэмжлэлээс 13.486.100 төгрөгийг хангаж, иргэний хариуцагч Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16.044.950 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Эгийн эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Ж.М, Ж.Бнарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.М, Ж.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Бдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2018 оны 10 дугаар сарын 2-нд төрөлт удирдах явцад хүндрэл гарч эх Э.Нгийн төрүүлсэн нярай хүнд хэлбэрийн бүтэлттэй төрсөн бөгөөд уг төрөлтийг удирдаж нярайг төрөх үед бүтэлтийг даамжруулж гүнзгийрэхээс сэргийлж төрөлтийн 2 дугаар үеийг богиносгох зорилготой ВАКУУМ аппарат манай байгууллагад байгаагүй нь төрөлт хүндрэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ хэрэг болохоос өмнө хэд хэдэн удаа төрөх тасгийн эрхлэгч Л.Д чанарын алба болон байгууллагад хэрэгтэй тоног төхөөрөмжийн жагсаалт гаргаж шаардлага хүргүүлж байсан боловч байгууллагаас хангаж өгөөгүй бөгөөд уг үйл явдал болсны дараа буюу 2018 оны 12 дугаар сард 2 ширхэг аппаратаар хангаж одоо ашиглаж байна. Иймээс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Б, Ж.М нарын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үндэслэл нь:
Прокурорын яллах дүгнэлтээр Ж.М, Ж.Бнарыг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж ялласан боловч чухам хэний ямар үйлдлээр, хэзээ үүссэн төрөлтийн ямар хүндрэлийн үед, ямар үүрэг (үйлдэл)-ийг зохих ёсоор биелүүлээгүй гэж нотолсон нь тодорхойгүй байхад шүүх хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн дүүрэн, бодитой, эргэлзээгүй нотлох шаардлагад нийцүүлж зөв дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан эмнэлгийн холбогдолтой нотлох баримт болох төрөлтийн түүх, нярайн түүх, ШШҮХ-ийн 37 дугаартай дүгнэлт, 256 дугаартай дүгнэлт болон Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн санхүүгийн баримтаар хүүхдийн толгой аарцгийн гарах хэсэгт гацсан үед толгойн оройгоос бумбадаж татагч соруулгын аппарат тус эмнэлэгт хангагдаагүй байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сард 2 ширхэг вакуум соруулгын аппарат худалдаж авсан баримт зэргээр жирэмсэн эх Э. Э.Н нь 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 09:00 цагт Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн бөгөөд кесар мэс засал хийж төрүүлэх харьцангуй болон үнэмлэхүй заалтгүй байсан тул өөрөөр нь төрүүлэх төлөвлөгөөний дагуу төрөлтийн 1 үе хэвийн явагдаж, 2 үе буюу ургийн толгой аарцгийн гарах хэсэгт зухуйх үед төрөх хүчний сулрал түр зуур болсон ба энэ агшинд “вакуум соруулга” хийх заалт гарсан боловч уг эмнэлэгт хангагдаагүй байсан тул их эмч нар умайн ёроолд дэмжлэг үзүүлж төрүүлсэн нь эргэлзээгүй нотлогдсон.
Гэтэл шүүх бодит байдалд зөв дүгнэлт хийхгүй, байгууллага нь хөдөлмөрийн дотоод журамд заасан эмч мэргэжилтэнг ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоо, эм эмнэлгийн хэрэгслээр хангах үүргээ биелүүлээгүй буруутай үүргийг эмч нарт тохож шийдвэрлэсэн нь шударга ёс, хууль шүүхийн өмнө тэгш байх, хууль ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.
Шүүх шинжээчийн 37 дугаартай дүгнэлт болон уг дүгнэлттэй холбогдуулан өгсөн шинжээч нарын мэдүүлгийг салгаж үнэлж, тухайн эмнэлэгт “вакуум соруулгын аппарат” байхгүй байсан нь тухайн үйл явдалд хамааралгүй гэж дүгнэсэн нь “хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй” дүгнэлт хийсэн гэж үзэх үндэстэй байна.
2. Хохирогчийн хохирлын хүнд хэцүү байдлыг ойлгож байгаа боловч Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв гол буруутан, хариуцагч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөвхөн иргэний хэргийн журмаар нэхэмжлэлээ гаргаж, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хохирлоо гаргуулж шийдвэрлүүлэх боломжтойг дурдаж байна.
Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 256 тоот “Ж.М буруугүй” гэсэн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолдоо тусгасан атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт байна.
Миний бие Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг. 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 16 цагаас 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 08 цаг хүртэл жижүүр эмчээр ажилласан. Жижүүр эмчээр хонож ажилласан тохиолдолд ажлын цагийг өглөөний 08 цагаас өдрийн 12 цаг хүртэл ажиллахаар тогтоосон.
2018 оны 10 дугаар сарын 1-ний 21 цагийн үед жирэмсэн эх Э.Нг үзэж ямар нэгэн үзлэгт өөрчлөлтгүй, төрөлтийн 1 дүгээр үе идэвхтэй шат эхлээгүй, ургийн талаас хэвийн байсан тул базалт ойртож, жигд өвдөлт эхлэхээр ирээрэй гэдэг зөвлөгөө өгсөн. Маргааш өглөө нь Э.Н өвдөлт ойртсон гэж ирсэн ба хэвтэх бичиг өгч, би өөрөө яаралтай төлөвлөгдсөн хагалгаанд орох байсан тул 09 цагийн орчимд хагалгаанд ороод 11 цагийн үед хагалгаанаас гарсан. Хагалгааны дараа 12 цагт жижүүрээс буух байсан тул Ж.Б эмчтэй ажил хүлээлцэж, Э.Нг хамт үзлэг хийж хүлээлгэж өгсөн. Төрөлтийн түүхийг хүлээж авсан эмч Ж.Б нээж үзлэг биеийн байдал, төрөлтийн төлөвлөгөөг өвчтөний түүхэнд тэмдэглэсэн. Дараа нь миний бие жижүүрийн амралтаа аваад жижүүрээс буулаа гэдгээ хэлэх гэж төрөх өрөөнд ортол тухайн эх Э.Н төрж байсан. Намайг орох үед хүүхдийн толгой цухуйсан, дүлэлт сул байсан тул эхэд ус уулгаж, хөлсийг арчиж тусалсан. Ороод удаагүй төрөлт удирдаж байсан Ж.Б эмч хярзанг хайчилж, удалгүй хүүхэд төрсөн. Намайг орох үед кесар хагалгаа хийх боломжгүй толгой цухуйсан байсан ба энэ үед вакумаар хурдан төрүүлэх боломж байсан хэдий ч уг багаж манай эмнэлэгт байгаагүй.
Хүүхэд төрсний дараа Ж.Б эмчтэй гарч ар гэрт нь танилцуулсан учраас намайг төрөлт удирдаж явуулсан гэж ойлгоод хамт гомдол гаргасан юм болов уу гэж бодож байна. Гэхдээ удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр Д.Эгийн биед учирсан гэмтэлтэй эмч Ж.М хамааралгүй гэсэн дүгнэлтүүд гараад байхад намайг буруутгаж байгааг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Мгийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Ж.Мг “Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр ажиллаж байх хугацаандаа 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 21:00 цагийн үед төрөлтийн 1 дүгээр үе эхэлсэн жирэмсэн Э.Нг хүлээн аваагүй олон дахин буцаасан, 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн өглөө 09 цагийн үед жирэмсэн Э.Нг эмнэлэгт хэвтүүлсний дараа эх ба ургийг хянаагүй, төрөхийн өмнөх үеийн үзлэг, авсан арга хэмжээ, эмчилгээний тухай өвчний түүхэнд тэмдэглэгээ хийгээгүй, төрөлтийн үед эхийн биеийн байдлыг буруу үнэлсэн зэргээр төрөлт удирдах стандарт зөрчиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Э.Нгийн төрүүлсэн нярай Д.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж хууль зүйн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.8, 12.12 дугаар зүйлд зааснаар түүнд холбогдох эрүүгийн 190400050084 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.
Харин өмгөөлөгчийн зүгээс Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо миний үйлчлүүлэгч Ж.Мг “Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр ажиллаж байх хугацаандаа 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 21:00 цагийн үед төрөлтийн 1 дүгээр үе эхэлсэн жирэмсэн Э.Нг хүлээн аваагүй олон дахин буцаасан” гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэргийн үйл баримтаар Ж.М нь 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 16 цагаас 2021 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 08:00 цаг хүртэл жижүүр эмчээр ажилласан байдаг ба 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр жижүүр эмчээр ажиллаж байх хугацаанд 21 цагийн орчимд жирэмсэн Э.Н ирж үзүүлэн зөвлөгөө авсан бөгөөд төрөлтийн 1 дүгээр үе эхлээгүй, ямар нэг хүндрэл илрээгүй хэвийн байсан тул Э.Н буцаасан болох нь тогтоогддог.
2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн төрөлтийн түүхэд /2хх-ийн 186-200 хуудас/ эмч Ж.Бнь “6 см нээлттэй, төрөлтийн 1 дүгээр үе идэвхитэй, төрөх замаар төрүүлье, 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 06 цагт жигд базлалт эхэлсэн хугацаа, /үүнийг анагаахын хэллэгээр төрөлтийн 1 дүгээр үе гэдэг/, 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 13 цагт ус хатгасан хугацаа /анагаахын хэллэгээр төрөлтийн 2 дугаар хугацаа/ гэж тэмдэглэсэн байна.
Ж.М нь 2018 оны 10 дугаар сарын 2-ны өглөө Э.Нг жигд базалт өгч ирсэн даруйд нь эх барих, эмэгтэйчүүдийн тасагт хэвтүүлэх шийдвэр гаргаж Э.Нд хэлсний дагуу Э.Н нь эмнэлэгт хэвтсэн болох нь Э.Н, Ж.М нарын мэдүүлэг, төрөхийн түүхээр тогтоогддог.
2. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн өглөө 09 цагийн үед жирэмсэн Э.Нг эмнэлэгт хэвтүүлсний дараа эх ба ургийг хянаагүй, төрөхийн өмнөх үеийн үзлэг, авсан арга хэмжээ, эмчилгээний тухай өвчний түүхэнд тэмдэглэгээ хийгээгүй, төрөлтийн үед эхийн биеийн байдлыг буруу үнэлсэн зэргээр төрөлт удирдах стандарт зөрчиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэж үйл баримтыг шалгаж тогтоосон нотлох баримтанд тулгуурлахгүйгээр бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн байна.
Хэрэгт авагдсан үйл баримтыг нотлох баримтанд тулгуурлан сэргээн дүрслэхэд Ж.М нь 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр яаралтай хагалгаанд орж 11 цагийн алдад хагалгаанаас гарсан байдаг ба Э.Нд эмч Ж.Бтөрөхийн түүх нээж төрөхийн өмнөх анхан шатны үзлэг шинжилгээ, төрөхийн үеийн эхийн биеийн байдал, төрөлтийг гардаж удирдаж явуулсан болох нь төрөхийн түүхээр нотлогдож тогтоогддог. Тийм болохоор төрөхийн түүхэнд эмч Ж.М нь тэмдэглэгээ хийх үүргийг хүлээхгүй.
3. Тусгай мэдлэг бүхий, энэ хэргийг шийдвэрлэхэд хувийн сонирхолгүй хууль сануулсан 11 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 256 дугаартай дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэж дүгнэх нөхцөл байдал одоогийн байдлаар хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянаж хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй тул өмгөөлөгч Э.Ганбатын дахин шинжилгээ хийлгэх талаарх санал, хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлээгүй нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг.
Д.Эгийн биед учирсан гэмтэл нь эмч Ж.Б, Ж.М нарын үйлдлээс үүссэн эсэхийг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаанд тусгай мэдлэг бүхий шинжилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай тул тус хэрэгт нийт 6 удаа шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан байна.
Шинжээч нарын 6 удаагийн гаргасан дүгнэлтээс 1 шинжээчийн дүгнэлт буюу 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 746 тоот дүгнэлтээр Ж.Мг буруутай гэж дүгнэсэн байна.
Тус шинжээчийн 746 тоот дүгнэлтийг эргэлзээтэй, хууль ёсны гараагүй гэсэн үндэслэлээр дахин хийсэн 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 9 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 37 тоот дүгнэлтээр /шинжээчдийн багт Мөнхцэцэг АШУУИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн судлалын тэнхимийн эрхлэгч доктор, профессор, зөвлөх эмч, Эрхэмбаатар ЭМЯ-ны эх барих эмэгтэйчүүд судлалын салбар зөвлөлийн гишүүн, анагаахын доктор, Мөнхбаяр ЭМЯ-ны эх барих эмэгтэйчүүд судлалын салбар зөвлөлийн гишүүн, эх нялхас эмэгтэйчүүдийн тасгийн эмч, эрхлэгч./ Ж.Мг буруугүй гэж дүгнэсэн байна.
Дээрх дүгнэлтийг үндэслэлгүй гэх үндэслэлээр 11 шинжээч томилж, дахин хийсэн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 256 тоот дүгнэлтээр /шинжээчдийн багт Цэдмаа, Баттулга, Үржиндэлгэр: АУ-ны магистр, ЭБЭС болон мэргэжпийн салбар зөвлөлийн дарга, гишүүн/ мөн Ж.Мг буруугүй гэж дүгнэсэн байна.
Анхан шатны шүүх 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 256 тоот “Ж.М буруугүй" гэсэн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолдоо тусгасан атлаа Ж.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна.
Хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар эмч Ж.Бнь жирэмсэн Б.Э.Нд төрөхийн түүх нээж, төрөхийн өмнөх анхан шатны үзлэг шинжилгээ, төрөхийн үеийн эхийн биеийн байдал, төрөлтийг гардаж удирдаж явуулсан, эмч Ж.М нь төрөхийн 2 дугаар үед буюу Э.Н дүлэлт өгөх чадваргүй болчихсон хүүхдийн толгой цухуйчихсан байдалтай байхад нь жижүүрээсээ буулаа гэдгээ хэлэх гэж ороод төрөхийн хүндрэл өгчихсөн байхыг харж Э.Нд шингэн уулгаж, нүүрийг хүйтэн усаар шавшиж сэргээх үйлдэл хийж тэр хугацаанд Ж.Бхярзанг хайчилж хүүхдийн амь насыг аврахад тусалсан болох нь тогтоогдож байгаа нь шинжээчийн дүгнэлтүүдээр давхар нотлогдож тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлт нь хэрэг авагдсан бусад бичгийн нотлох баримтаас зөрүүтэй байдлаар гараагүй тул нотлох баримтаар үнэлэх үндэслэл болсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр, Ж.Мгийн үйлдэл болон хохирогчид учирсан гэмтлийн хоорондох шалтгаант холбоо хангалттай нотлогдоогүй байхад миний үйлчлүүлэгч Ж.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Ж.Мд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нгийн өмгөөлөгч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Вакум аппарат эмнэлэгт байгаагүй гэх асуудлыг ярьж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт вакум аппарат байсан, байгаагүй асуудал нь энэ хэргийн нөхцөл байдалд ач холбогдолгүй гэж дүгнэсэн. Энэ нь үндэслэлтэй. 1 дүгээр хавтас хэргийн 67-69 дүгээр хуудсанд Ж.Б, хохирогч Э.Н нарын мэдүүлэгт “Хярзан хайчлахын өмнө ургийн зүрхний цохилтыг эмч чагнаж үзээд “ургийн зүрхний цохилт сонсогдохгүй байна” гээд сандараад хярзан хайчласан. Хярзан хайчласнаар шууд төрсөн” гэсэн байдаг. Тэгэхээр тухайн үед вакум аппарат байсан байгаагүй хярзанг хайчилсан. Иймд вакум аппаратын талаарх маргаан үндэслэлгүй. Шинжээч эмчийн 37 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч нарын гэм буруугүй болохыг тогтоосон гэж ярьж байна. 37 дугаартай дүгнэлт үндэслэлгүй дүгнэлт юм. Уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Д.Мөнхцэцэг “ургийн зүрхний бичлэгт эмгэг илрээгүй учир эмчийн буруу тогтоогдоогүй” гээд зүрхний бичлэгтэй холбож тайлбарласан байдаг. Мөн уг дүгнэлтийг хамтран гаргасан Т.Эрхэмбаатар, Ч.Мөнхбаяр гэх шинжээч эмч нар “тухайн үед зүрхний бичлэгийн цаас байхгүй байсан учраас ..., мөн зүрхний бичлэгийн аппарат шаардлага хангахгүй байсан учраас зүрхний бичлэг хийгдээгүй” гэсэн эсрэг агуулгатай дүгнэлт гаргасан байхад 37 дугаартай дүгнэлт үндэслэлтэй гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс “кесар мэс засал хийх ёстой байсан гэж дүгнэсэн” гэж ярьж байна. Анхан шатны шүүх тэгж дүгнээгүй. Эхийг өөрөөр нь төрүүлэх шийдвэрийг шинжээч эмч нар буруутгаагүй. Шинжээч оролцуулах хүсэлтийг хүлээж аваагүй гэж байна. Шинжээч эмч оролцуулах хүсэлтийг хохирогч талаас ч гаргасан. Гэвч шүүхээс шинжээчийг заавал шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэж үзсэн. Энэ нь үндэслэлтэй. Шүүгдэгч Ж.Мгийн үйлдэл хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоо байхгүй гэж байна. Удаа дараагийн шинжээч нарын дүгнэлтээр “эх Э.Н дүлэлтийн сулралд орсон байсан” гэдгийг тогтоосон. Дүлэлтийн сулралд орсон шалтгаан нь урьд өдөр нь өвдөөд ирсэн эхийг эмнэлэгт хэвтүүлэлгүй явуулсан. Эхийг эмнэлэгт хэвтүүлээд, амрааж байгаад төрүүлсэн бол төрөлтийн сулралд орохгүй, хүүхэд бүтэлтэд орохгүй байсан. Шүүгдэгч Ж.Мгийн үйлдэл уг хэрэгтэй шалтгаант холбоотой гэж дүгнэж байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Прокурор Э.Баасанбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нгын өмгөөлөгч Д.Цолмонгийн хэлсэн тайлбартай санал нэг байна. Нэмж хэлэхэд, шүүгдэгч Ж.М, Ж.Бнар нь Эрүүл мэндийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаартай тушаалын хавсралтад заасан Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээний журмын 2 дахь хэсэгт заасан “... хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж ажиллах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ж.Б, шүүгдэгч Ж.Б, Ж.М нарын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Ж.М нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний оройн 21:00 цагийн үед төрөлтийн 1-р үе эхэлсэн тулгар эх Э.Нг хүлээн аваагүй олон дахин буцаасан, 2018 оны 10 дугаар сарын 2-ны өглөө 9:00 цагийн үед тулгар эх Э.Нг эмнэлэгт хэвтүүлсний дараа эх ба ургийг хянаагүй, төрөхийн өмнөх үеийн үзлэг, авсан арга хэмжээ, эмчилгээний тухай өвчний түүхэнд тэмдэглэгээ хийгээгүй, төрөлтийн үед эхийн биеийн байдлыг буруу үнэлсэн зэргээр төрөлт удирдах стандарт зөрчиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Э.Нгийн төрүүлсэн нярай Д.Эий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Ж.Бнь 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 15:00 цагийн орчимд Э.Нгийн төрөлтийн явцыг буруу удирдаж, дүлэлтийн сулралд орсон байхад нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Э.Нгийн төрүүлсэн нярай Д.Эий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Д.Эий төрсний гэрчилгээ /1хх 32/, өвчний түүх /2хх 66-78, 79-126, 132-182/, төрөлтийн түүх /2хх 186-208/, нярайн түүх /2хх 209-250, 3хх 1-60/ зэрэг нотлох баримтууд болон,
“...Д.Э нь төрөх үеийн хүнд хэлбэрийн бүтэлтийн улмаас үүссэн тархины эмгэгшил /тархины ховдлуудын усжилт, тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагзн хэсгийн тархины эдийн зөөлрөл/ өвчтэй байна. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төрөлтийн №18/87 түүхэнд төрөлтөнд бэлтгэгдсэн эхийн үзлэг, хяналт, тэмдэглэл дутуу,төрлөгийн явц бүрэн бичигдээгүй буюу төрлөгийн 1,2,3 дугаар үеийн үргэлжилсэн хугацаа, нярай Апгар оноо 0/1 төрөх болсон шалтгаан, хярзанг сэтлэх ажилбар хийх болсон заалт зэргийг тусгаагүй байх тул дээр Д.Эгийн өвчин хэрхэн үүссэнийг тогтоох боломжгүй байна. ...” гэсэн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2831 дугаартай /1хх 92-95/,
“...Э.Н нь төрхийн өмнөх буюу жирэмсний хугацаанд цус багадалттай, умай тонус өгч, зулбахыг завдалттай эмчилгээ хийгдсэн, эход эхэс шохойжилттой байсан байна. Эхэс шохойжилттойч ургийн зүрхний бичлэг хийхэд ямар нэг өөрчлөлтгүй байсан ба эхийн биед өөрөөр нь төрүүлэхэд харшлах заалт байхгүй байна. Эмнэлгийн зохих тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Б.Д.Э нь төрөх үеийн хүнд хэлбэрийн бүтэлт, хүчилтөрөгч, цусан хангамжийн дутагдлын шалтгаантай тархины эмгэгшилтэй /тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагзны хэсгийн тархины эдийн зөөлрөл/ өвчтэй байх ба энэ нь /эх архаг цус багадалттай, даралт бага, умайн булчингийн агчил /тонус/, хоол тэжээлийн дутагдал, эхэсийн архаг дутмагшил, жирэмсэн үеийн болон, төрөлтийн, төрсний дараах үеийн/ олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Эмч эмнэлгийн ажилтаны буруутай үйл ажиллагааг шинжээч эмч тогтоохгүй. Төрөх үеийн хүнд хэлбэрийн бүтэлт хүчилтөрөгч, цусан хангамжийн дутагдлын шалтгаантай тархины эмгэгшил нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна. 281 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ...” гэсэн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 703 дугаартай /1хх 99-106/,
“...Д.Эгийн биед учирсан эмгэг нь эхийн жирэмслэлтийн явцад ураг хүчилтөрөгчийн архаг дутмагшилд, төрөлтийн явцад хүчилтөрөгчийн хурц дутмагшилд орсноос үүсчээ. Ургийн архаг бүтэлтийг тооцоогүйгээс төрөлтийг эрчимжүүлэх окситоцины тунг хэтрүүлэн хийснээс умайд хэт базлалт үүссэнээс ургийн бүтэлт гүнзгийрч хүнд бүтэлттэй хүүхэд төрсөн байна. Ж.Бэмч төрөлтийн хоёрдугаар үеийг буруу удирджээ. Эмч Ж.С, Ж.М, эх баригч Ж.Наранцэцэг, нярайн эмч С.А нар Э.Нд төрөхийн өмнө ба төрөх явц, төрсний дараах тусламж үйлчилгээг зохих ёсоор хийжээ. Бүтэлт төрөлтийн явцад үүссэн, төрөнгүүт хүүхдийн биеийн байдлыг цаг алдалгүй үнэлж сэхээн амьдруулах яаралтай арга хэмжээ авсны үр дүнд хүүхдийн амь насыг аварсан байна. Д.Э нь тархины сааны улмаас ерөнхий хөдөлмөрийн чадвараа 100% алдсан тул хүнд зэргийн гэмтэл болно. Тархины саа өвчин нь бүрэн эдгэхгүй. ...” гэсэн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 175 дугаартай /1хх 115-129/,
“...эмч Ж.Бэх Э.Нг өөрөөр нь төрүүлэх шийдвэр гаргасан нь зөв боловч эх ургийн байдалд үнэлгээ өгөөгүй, төрөлтийн явцыг буруу удирдаж, дүлэлтийн сулралд орсон эхэд авах арга хэмжээг хангалттай хийгээгүйгээс хүүхэд хүчилтөрөгчийн хурц дутмагшилд орж маш хүнд бүтэлттэй төрсөн байна. Эмч Ж.М нь төрөлтийн 1 дүгээр үе эхэлсэн тулгар эхийг хүлээн аваагүй, олон дахин буцаасан, эмнэлэгт хэвтүүлсний дараа эх ба ургийг хянаагүй, төрөхийн өмнөх үеийн үзлэг, авсан арга хэмжээ, эмчилгээний тухай өвчний түүхэнд тэмдэглэгээ хийгээгүй, төрөлтийн үед эхийн биеийн байдлыг буруу үнэлсэн зэргээр төрөлт удирдах стандарт зөрчсөн байна. ...” гэсэн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 746 дугаартай /1хх 161-174/,
“...Д.Эгийн биед үүссэн тархины эмгэгшилт, саажилт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 100% алдагдуулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.1-т зааснаар хүнд зэргийн гэмтэл бөгөөд цаашид бүрэн эмчлэгдэж эдгэрэхгүй. ...” гэх 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 37 дугаартай /3хх 166-188/,
“...Эмч Ж.Бнь эх Э.Нг өөрөөр нь төрүүлэх шийдвэр гаргасан нь зөв боловч эх ургийн байдалд үнэлгээ өгөөгүй, төрөлтийн явцыг буруу удирдаж, дүлэлтийн сулралд орсон эхэд авах арга хэмжээг хангалттай хийгээгүйгээс хүүхэд хүчилтөрөгчийн хурц дутмагшилд орж маш хүнд бүтэлттэй төрсөн байна. Д.Эгийн биед үүссэн тархины эмгэгшилт саажилт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т хамаарах ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.1.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 100% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эмчлэгдэж эдгэрэхгүй. ...” гэсэн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 256 дугаартай /3хх 216-242/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Э.Нгийн “...миний хүүхэд хэвлийд байхдаа ургийн бойжилт нь хэвийн байсан. Тогтмол эход үзүүлж, эмчийн хяналтад байхад “жижиг, өсөлт бойжилт байга байна” гэж хэлж байгаагүй, “хэвийн өсөж байна” гэдэг байсан. Хүүхэд маань төрөхдөө 3 килограмм 50 грамм, 50 сантеметрийн өндөртэй төрсөн. ...Намайг төрүүлэх төрөлтийг Ж.Б эмч удирдаж байсан гэдгийг дараа нь мэдсэн. Гэхдээ төрсний дараа мэдэгдэл хийхдээ Ж.Мирж “танай хүүхэд бүтэлттэй төрсөн, охин хүүхэд төрсөн. Чиний дүлээгүйгээс болоод бүтэлттэй хүүхэд төрсөн” гэж хэлсэн. ...Намайг төрөхөд төрөлтийг Ж.Б эмч удирдаж, Ж.Мцуг, эх баригчаар нь Нараа гэх хүн байсан. Хажууд хүүхдийн эмч гээд нэг эгч байсан, хүүхдийн сувилагч байсныг мэдэхгүй байна. ...орой 20 цагийн үед эмнэлгийн хүлээн авах тасагт очиход жирэмсэн эмэгтэйчүүд тасаг руу гараад үзүүлчих гэхээр нь очоод үзүүлсэн чинь Ж.Мэмч хүлээж аваад, дотуур үзлэг хийгээд “3 хуруу нээлттэй байна, одоо шууд хэвтчихвэл тариа хийгээд төрүүлчихнэ, чи өөрөөрөө төрөх юм чинь өвдөлтөө ойр ойрхон болохоор нь буцаад ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд би буцаад явсан. ...” /1хх 45-48, 4хх 31-32/,
гэрч С.Дгийн “...2018 оны 10 дугаар сарын 1-ний орой 22 цагийн үед төрөх дөхөж, өвдөлт өгсөн тул эхнэртэйгээ хамт Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв орж, хүлээн авах тасагт очиж Ж.Мгэдэг эмчид үзүүлсэн чинь “одоо хэвтвэл шууд тариа хийгээд төрүүлчихнэ, тиймээс өвдөлт нь нэмэгдэхээр хүрээд ир” гээд буцаасан. ...өвдөлт нь ойртоод ирэхээр нь буюу маргааш 2018 оны 10 дугаар сарын 2-ны 06 цагийн үед эмнэлэг рүү очиж Ж.Мэмчид дахин үзүүлсэн чинь хэвтэх бичиг хийж өгч хэвтүүлсэн. ...миний бодлоор Ж.Б, Ж.Мэмч нар хариуцлагагүй хандсанаас миний охины биеийн байдал ийм болсон гэж үзэж байна. ...” /1хх 53-54/,
гэрч Ц.Эын “...2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр өвдөлт өгсөн тул Эрүүл мэндийн төвийн эмч Мөнхноминд очиж үзүүлэхэд “өвдөлтийг нь ойртуулаад ир” гээд буцаагаад явуулсан байсан. ...Миний хувьд Ж.Б, Ж.Мгэдэг хоёр эмч охины маань биеийн байдлыг сайтар хянаж үзээгүй, төрөх гэж байхад нь сторыг нь хянаж үзээгүй, төрөх орон дээр гараад дүлж чадахгүй байхад нь ямар ч арга хэмжээ авахгүй, өөрөөр нь төрүүлнэ гэж өчнөөн олон цаг ноцолдсоор байгаад ийм хүүхэд төрүүлсэнд гомдолтой байна. ...хяналтын эмч 2 удаа хэвтүүлэх шийдвэр гаргасан байдаг ч дээшээ төрөх тасагт очихоор хэвтүүлэхгүй буцаагаад байсан. Жирэмсэн байх хугацаандаа нэг ч удаа эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй. ...” /1хх 56-58, 59-60/,
гэрч Ж.Сгийн “...Би Э.Нг 5 сартай жирэмсэн байх үед 2 удаа үзсэн. Энэ үед ургийн гажиг өөрчлөлт байгаа эсэхийг үздэг, ургийн бүтцийн өөрчлөлтийг үздэг. Тэр үзлэгээр ямар нэгэн гажиг өөрчлөлт илрээгүй, эход 2 удаа үзүүлсэн байна. ...Би 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс хойш энэ хүүхдийг үзээгүй байж байгаад 9 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш төрөх хүртэл нь үзэж, хяналт тавьж байсан. ...2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр үзүүл гэсний дагуу ирж үзүүлсэн байна. Тухайн үед зовиур байхгүй, эхийн амин үзүүлэлтүүд хэвийн, ургийн зүрхний бичлэг хийж 15 минут харахад хэвийн байсан байна. Энэ өдөр 39 долоо хоног 5 өдөртэй гэж үзсэн байна. 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр ирж үзүүлэхэд төрөлтөд бэлтгэгдсэн дуншилтын үедээ хүүхдийн бичлэг хэвийн 40 долоо хоног 1 өдөртэй, өвдөлт нэмэгдвэл хэвтэх бичиг өгсөн. Надад энэ хугацаанд үзүүлэхдээ нэг ч удаа дээрх зовиуруудыг хэлж байгаагүй. ...” /1хх 74-75/,
гэрч С.Аийн “...хүүхэд төрөхдөө зүрхний цохилт бүдэг, тоо цөөнтэй, хөхрөлттэй, хөдөлгөөнгүй, амьсгалгүй хүүхэд байсан. Би сэхээн амьдруулах арга хэмжээ авч, стандартын дагуу хуурайшуулж арчих, цээж шахалт хийх, амбудсан. Тэгээд амьсгал сэргэхгүй байсан учраас хүйн судсаар 0,9 граммын натрихлорид, адерналин, сод хийж сэхээн амьдруулах арга хэмжээ авсан. Тэгж байтал зүрхний цохилт өмнөхөөсөө доторч тоо нь ихэссэн, амьсгал ганц нэг орж ирсэн. ...” /1хх 79-80, 5хх 36/,
гэрч Ц.Сийн “...2018 оны 10 дугаар сарын 2-ны өглөө би ерөнхий эмчийг орлоод жижүүрийн мэдээ авч байхад тухайн шөнө Ж.М эмч жижүүр эмчээр ажиллаж байсан бөгөөд тухайн үедээ “урьд шөнө Э.Н гэх анхны төрөгч ирэхээр нь төрөх болоогүй гээд буцаачихсан. Харин өглөө 7 цагийн үед өвдөөд ирэхээр нь би өвчний түүх нээгээд хэвтүүлчихсэн” гэж надад танилцуулсан. ...Би эх барих эмэгтэйчүүдийн эмч нарыг хуралдуулаад, тэр материалыг нь аваад, чанарын албаны хурлыг хийгээд Ж.Б, Ж.М, Ж.С эмч нарт багаар ажиллаж чадаагүй, хүнээ үнэлж чадаагүйгээс ийм хүнд бүтэлттэй хүүхэд төрсөн гэж үзээд Ж.Б, Ж.С, Ж.М нарын үр дүнгийн урамшууллыг нь хасаж шийдвэрлэсэн. Ер нь бол тухайн үед хамтарсан үзлэг хийгээд хүнээ зөв үнэлсэн бол ийм хүнд хүүхэд төрүүлэхгүй байх байсан гэж үзсэн. ...” /1хх 82-83/,
шинжээч эмч Б.Ариунзулын “...төрөлт буруу удирдсанаас хүүхдэд тархины саажилт үүссэн. ...Ж.Б эмч төрөлтийг удирдахдаа эх ба ургийн байдлыг үнэлээгүй. Тиймээс төрөлтийн тактик, төрөлтийг идэвхитэй удирдах /урагт хяналт тавих, вакум таталт хийх/ зэрэг арга хэмжээг аваагүй. ...дүгнэлтийн 6, 7 дугаар хэсэгт тасгасан хийгээгүй гэсэн үйлдлийг эмч Ж.Мхийх ёстой байсан. Тэгсэн тохиолдолд тухайн хүүхэд хэвийн эрүүл төрөх байсан. ...” /1хх 178-180/,
шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...Эмч Ж.Бнь эх Э.Нг төрөх үед өөрөөр нь төрүүлэх шийдвэр гаргасан нь зөв байна. Гэхдээ төрөлтийн явцад эх, урагт үнэлгээ өгч төрөлтийн явцыг удирдахдаа хяналт муу байснаас их дүлэлтийн сулралд орж, хүүхэд хүчилтөрөгчийн хурц дутмагшилд орж бүтэлттэй төрсөн байна. Нэгэнт төрөлтийн хоёрдугаар үе эхэлсэн тохиолдолд, эх дээрээс нь дүлэлтийн сулралд орсон тохиолдолд эх барихын хавчаар тавих, вакуум тавих зэргээр ургийг төрүүлж, төрөлтийн хоёрдугаар үеийг богиносгох арга хэмжээ авах ёстой байжээ. Энэ тохиолдолд тухайн эмнэлэгт вакуум төхөөрөмж байгаагүй. Гэхдээ Ж.Бнь эх барихын хавчаар тавьж яаралтай төрүүлэх боломжтой байсан байна. ...” /4хх 38-39/,
шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “...Нэгдүгээр үе эхэлсэн тулгар эхийг хүлээн аваагүй болон дахин буцаасан, эмнэлэгт хэвтүүлсний дараа эх ба ургийг хянаагүй, төрөхийн өмнөх үеийн үзлэг, авсан арга хэмжээ, эмчилгээний тухай өвчний түүхэд тэмдэглэгээ хийгээгүй, төрөлтийн үед эхийн байдлыг буруу үнэлсэн зэргээр төрөлт удирдах стандарт зөрчсөн байна. ...” /4хх 56-59/,
яллагдагч Ж.Бын “...09 цаг 30 минутад төрөлтийн түүхээ нээлгээд ирсэн Э.Н гэх эх төрөхийн өмнөх өрөөнд ирсэн байсан. ...Энэ үед эхийн хярзанг хайчилж төрөх замын хэмжээг томсгосон боловч ургийн толгой түлэлтийн хүчээр наашлахгүй байсан тул ургийг түргэх төрүүлэх, дэмжлэг үзүүлэх вакум соруулгын аппарат хэрэглэх гэсэн боловч уг аппарат байхгүй учир эхийн хэвлий буюу умайн ёроол дээр дарж дэмжлэг үзүүлж ургийг төрүүлсэн. Ураг төрөх үедээ хүнд бүтэлттэй төрсөн ба нярайн эмч Ат хүлээлгэн өгсөн. Тухайн үед төрөлтийг би удирдсан. Ж.М жижүүрээс буух гээд орж ирсэн байсан болохоор хажууд байсан. ...” /1хх 202-203, 204-205/,
яллагдагч Ж.Мгийн “...2018 оны 10 дугаар сарын 1-ний 21 цаг 30 минутад би жижүүртэй байсан. Тухайн ээж хүлээн авахаар ирэхдээ ууц нуруугаар чилнэ, хэвлийгээр үе үе хатуурна гэсэн зовиуртай ирсэн. Тэгээд үзлэг хийхэд тухайн ээжийн амин үзүүлэлт хэвийн, ургийн зүрхний зохилтыг чагнахад хэвийн, эх барих тусгайлсан дотуур үзлэг хийхэд төрөлтийн үе шатыг үнэлдэг умайн хүзүүний нээлт 2 сантеметр байсан. Тухайн үед төрөлтийн 1 дүгээр үе буюу идэвхитэй үе эхлээгүй байсан учир дуншилтын үе шат гэсэн онош тавьж тухайн эхэд өвдөлт жигдрээд, өвдөлт хоорондын зай жигд базлалт эхэлсэн үед эргэж ирэхийг зөвлөсөн. Мөн ургийн хөдөлгөөнийг хянах, аюултай шинжүүд хянахыг зааж зөвлөсөн. ...2018 оны 10 дугаар сарын 2-ны өглөө 7-8 цагийн үед тухайн ээжтэй төрөх тасгийн үүдэнд таарахад жигд өвдөөд эхэлчихлээ гээд зогсож байсан. ...Тэгээд эхийн гэдсэн дээр гараараа дарж дэмжлэг үзүүлэхэд хүүхэд гарсан. Хүүхэд төрөх үед рефлексгүй, бүтэлттэй төрсөн. Тухайн үед нярайн эмч, нярайн сувилагчид хүлээлгэн өгсөн. ...” /1хх 194-195, 196-197/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Б, Ж.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ж.Бын төрөлтийн явцыг буруу удирдаж, дүлэлтийн сулралд орсон байхад нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, шүүгдэгч Ж.Мгийн тулгар эх Э.Нг хүлээн аваагүй олон дахин буцаасан, эмнэлэгт хэвтүүлсний дараа эх ба ургийг хянаагүй, төрөхийн өмнөх үеийн үзлэг, авсан арга хэмжээ, эмчилгээний тухай өвчний түүхэнд тэмдэглэгээ хийгээгүй, төрөлтийн үед эхийн биеийн байдлыг буруу үнэлсэн зэргээр төрөлт удирдах стандарт зөрчиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй нь Э.Нгийн төрүүлсэн нярай Д.Эий эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.М, Ж.Бнарыг гэм буруутайд тооцож, тэдэнд холбогдох 1904000350084 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.8, 12.12 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон, анхан шатны шүүх нь Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд шүүгдэгч Ж.Б, шүүгдэгч Ж.Б, Ж.М нарын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо “...эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. ...” гэсэн нь үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол. ...” гэж хуульчилсан байх тул Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/21 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/21 шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “...Боржигон овогт Жамъяндоржийн Мөнхномин, Их Мэргэд овогт Батсайханы Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэснийг “...Боржигон овогт Жамъяндоржийн Мөнхномин, Их Мэргэд овогт Батсайханы Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж,
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч Ж.Б, шүүгдэгч Ж.Б, Ж.М нарын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ