Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2054

 

МАГАДЛАЛ

 

2019.12.09                                               Дугаар 2054                                   Улаанбаатар хот

 

 

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02065 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч МУЗГ-т холбогдох,

Эмчилгээнд зарцуулсан зардал 25 032 230 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Т нь 2013 онд Прокурорын байгууллагад туслах ажилтнаар ажилд орж, Дүүргийн 1 дүгээр прокурорын газарт ажиллаж байгаад хүүхэд төрүүлж, одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа билээ. Нөхөр болон 2-12 насны 3 хүүхдийн хамт амьдардаг ба нөхөр нь цагдаагийн байгууллагад ажилладаг төрийн албан хаагч юм. Б.Т 2017 оны 8 сард өвдөж, улмаар умайн хүзүүний хорт хавдар өвчтэй болох нь тогтоогдож, Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын зөвлөгөөнөөр ороход хавдар нь 2 дугаар үедээ ороод тархсан учир Монгол улсад мэс засал хийх боломжгүй, зөвхөн туяа болон химийн эмчилгээ хийх шийдвэр гарсан учир аюулт өвчнөөс салах, амьд үлдэх ганц зам бол гадаад улсад очиж мэс засал хийлгэн эмчлүүлэх явдал байсан болохоор гадаадын олон эмнэлгүүдтэй холбогдон шинжилгээний хариуг явуулахад Солонгос Улсын Гэжан хотын Сан медикал эмнэлэг мэс засал хийх боломжтой гэх хариуг ирүүлсэн. Б.Т нь 2017 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос улсад очиж 3 удаа химийн эмчилгээ хийлгээд 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр мэс засалд орж хавдар авахуулаад ирсэн ба 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр буцаж очиж үзүүлж, шинжилгээ өгч хяналтад орсон төдийгүй цаашдаа 6 cap тутам очиж үзүүлж шинжилгээ өгч байхаар болж тухайн эмнэлэг, эмчлэгч эмч нарын хяналтад эмчлэгдэж байсан болно. Бүгд Найрамдах Солонгос улсад 4 сарын хугацаанд эмчлүүлсэн зардалд гарсан 60 гаруй сая төгрөгийг тус шүүхэд хандан нэхэмжилж, 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00500 дугаартай шийдвэрээр МУЗГНС-аас 34 189 754,16 төгрөгийг гаргуулан авахаар болсон. Б.Т нь шүүхийн шийдвэр гарсны дараа дахин бие муудаж Бүгд Найрамдах Солонгос Улсад 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үргэлжлүүлэн эмчлүүлэхээр явсан ба тэнд очоод шинжилгээнүүд хийлгэхэд 2 сарын эмчилгээ шаардлагатай болсон боловч санхүүгийн боломжгүй байдал бий болж 1 сарын хугацаанд шинжилгээнүүдээс гадна 16 удаагийн эмчилгээ хийлгээд 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсад ирсэн. Б.Т нь төрийн албан хаагч учраас Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.7-д заасан зохицуулалтаар эмчилгээний зардал олгогдох үндэслэл байгаа хэмээн үзэж нэхэмжлэл гаргаж байна. Миний охин 2018 оны 5 сард группд орсон бөгөөд 2018 оны 6 сард Бүгд Найрамдах Солонгос Улсад дахин очиж шинжилгээ хийлгэхэд мөнгөгүйн улмаас группийн мөнгөө урьдчилан зээл авч яваад шинжилгээнд ороод ирсэн. Төрийн албан хаагчийн хувьд нэгэнт Төрийн албаны тухай хуулиар эрх үүссэн нийгмийн баталгааг эдлэх боломжтой, нөгөө талаар Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, Үндсэн хууль болон бусад хуулийн биелэлтийг улс орон даяар хангах Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь заалт, Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлэх талаар зохицуулсан Засгийн газрын тухай хуулийн 3.2 дахь заалтын дагуу эмчилгээнд зарцуулсан зарим төлбөр болох 10 624 210 вон буюу Монгол банкны төгрөгт харьцах энэ өдрийн ханшаар 23 798 230 төгрөг, ирэх очих онгоцны зардал 1 234 000 төгрөг нийт       25 032 230 төгрөгийг тухайн эмнэлгийн төлбөрийн албан ёсны бичиг баримтад үндэслэн МУЗГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Тайлбар гаргаагүй болно.

Шүүх: Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.7, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3.7 дахь заалтыг тус тус баримтлан МУЗГНС-аас 25 032 230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 212 911,15 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгчийг чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Т нь 2018 онд Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний улмаас гадаад улсад зайлшгүй мэс засал хийлгэх шаардлага гарч, эмчилгээний зардлын тодорхой хувийг МУЗГ-аас гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлж байсан. 2018 оны 5 дугаар сард группд орсон гэж өөрийн нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байна. Өөрөөр хэлбэл нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар тодорхой шаардлагыг хангаж халамжийн тэтгэвэр улсаас авч байгаа иргэн Төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн батлагааг хангуулахаар дахин хүсэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь Б.Т-ыг төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулаагүй, Нийгмийн халамжийн тухай хуульд заасан үндэслэлээр группд орсон иргэн гэдгийг мэдсээр байж төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангуулах шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолын хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгийн гадаад улсад оношлуулах, эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг тодорхойлсон дүгнэлтийг дахин гаргуулж, эмчилгээний явц, төлбөрийн баримт болон бусад холбогдох баримтыг үндэслэн эмчилгээ оношилгоонд зарцуулсан мөнгөн дүнгийн 5 хувьтай тэнцэх мөнгийг иргэнд нэг олгох зохицуулалтаар шийдвэрлүүлэх боломж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч МУЗГ-т холбогдуулан эмчилгээнд зарцуулсан зардал 25 032 230 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч давж заалдах шатны шүүхэд эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.Т-ын өвчин хүндэрч, умайн хүзүүний хорт хавдрын 4 дүгээр шатанд орж, БНСУ-ын Юүсонсон эмнэлэгт 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд 23 798 230 төгрөгийн эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн, ирж, очих замын зардал   1 234 000 төгрөг зарцуулагдсан” гэж тайлбарласан байна.

Анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар гаргаагүй байна. Мөн хариуцагч байгууллагад шүүх хуралдааны товыг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон, шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй асуудлаар үндэслэснийг хүлээн авах боломжгүй.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.ИЧИНХОРЛОО

 ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ