| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2102004810345 |
| Дугаар | 2022/ДШМ/400 |
| Огноо | 2022-04-14 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүжин, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2022/ДШМ/400
2022 4 14 2022/ДШМ/400
Ч.Ст холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүжин,
шүүгдэгч Ч.С,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүжингийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Ч.Ст холбогдох 2102004810345 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч.С нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг, Улаан толгой гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
Улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 33/1 дүгээр байрны гадна нийтийн эзэмшлийн талбайд дээрх түүж бэлтгэсэн “өвс” гэх нэршилтэй 126.1 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ч.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Чингисийн Ч.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст ажил, гэр болон шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлаж хамрах бүсийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээр тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Ч.С бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өвс гэх нэршилтэй 126.1 грамм цэвэр жин бүхий сэтгэцэт нөлөөт бодисыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдсан байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ч.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Анхан шатны шүүх Ч.Ст зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлгүй, ял хөнгөдсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээг харгалзан үзээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байх, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасныг зөрчсөн байна.
Учир нь, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээ хамруулан сарниулдаг. дахин хэрэглэх зуршлыг бий болгодог. ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оруулдаг зэрэг нийгмийн хор аюул ихтэй, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол цаашлаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэх 4 үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгчийн үйлдэл нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх 2 шинжийг агуулсан байхад шүүх ямар үндэслэлээр шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж дүгнээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгах" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Түүнчлэн шүүгдэгч нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс түүж бэлтгэсэн байхад түүнийг “...Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс өөр нутаг дэвсгэрт зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн чиглэл заасан нь шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Ч.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би зорчих эрхийг хязгаарласан ял оногдуулсанаас хойш ажил хийж байгаа. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Ч.С нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг, Улаан толгой гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
Улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 33/1 дүгээр байрны гадна нийтийн эзэмшлийн талбайд дээрх түүж бэлтгэсэн “өвс” гэх нэршилтэй 126.1 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-13/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-15/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 16-17/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 4840 дугаартай дүгнэлтээр дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн гэх 126.4 грамм жинтэй зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх 34/ зэрэг нотлох баримтууд болон,
“...шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйл, хуванцар савтай шээсний дээж зэрэг нь тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №8 гэж хаягласан шар өнгийн гялгар уутанд битүүмжилсэн 126,1 гр цэвэр жинтэй ногоон өнгийн өвс ургамал мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол илрэв. “Чингис Ч.С ФД02240638 2021.10.21” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол илрэв. Дельта-9-тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг. ...” гэсэн 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 4840 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 20-25/,
“...Ч.С нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй. ...” гэх 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 897 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 27-30/,
Яллагдагч Ч.Сын “...Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа баривчлах байранд хамгаалалтын ажилтнаар ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сард ээлжийн амралтаа аваад Орхон аймагт байх гэр рүүгээ амрахаар явсан. 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Улаан толгой гэх газарт өвсийг ургадаг гэхээр нь түүх зорилгоор ганцаараа яваад том уутны талаар түүгээд, түүсэн өвснөөсөө жаахныг цаасанд ороож хэрэглээд Улаанбаатар хот руу вагонд суусан. Тухайн үед өвсөө цүнхэндээ хийсэн байсан. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өглөө Улаанбаатар хотод ирээд 16 цагийн үед ууттай өвсөө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33/1 байрны ард байрлах контейнерын ар талд нь хаягдал дугуй байхаар нь уг дугуйн завсар хийсэн байсан. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр түрээслэж буй Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 10 дугаар байрны 18 тоотод байж байх үед гаднаас цагдаа орж ирээд өвсөө өөрийн хүсэлтээр зааж өгсөн. ...2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өвсөө түүгээд дууссаны дараа ганцаараа цаасанд ороож татсан. Үүнээс хойш дахиж хэрэглээгүй. ...” /хх 80-82/ гэсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ч.Сыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Сын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, мөн хувийн байдлыг нь харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч Ч.Сын гэм бурууд тохирсон байна.
Прокурор Г.Билгүүжин эсэргүүцэлдээ “...зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж дүгнээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгах” гэсэн заалтыг зөрчсөн. ...” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч Ч.Сайнбайрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдав. Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст ажил, гэр болон шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлаж хамрах бүсийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээр тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Ч.С зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ. ...” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй, үүнийг шүүхээс дүгнэлт хийсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст ажил, гэр болон шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлаж хамрах бүсийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Учир нь, шүүгдэгч Ч.С нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-94 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Орхон аймагт оршин сууж, Орхон аймгийн “Оргил” худалдааны төвд худалдагч хийж байгаа /хх 119/ болох нь тогтоогдож байх тул ““Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс өөр нутаг дэвсгэрт зорчих эрхийг хязгаарлах” гэсэн чиглэл заасан шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх агуулга бүхий улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Ч.С нь үйлдсэн хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээсэн, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа зэргийг анхан шатны шүүх харгалзан үзэж дээрх байдлаар шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж үзлээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар маргасан улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Билгүүжингийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ