Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж Улсын яллагч: Б.Батсайхан Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ Хохирогчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг Шүүгдэгч: Н.Ганболд Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ноёовын Ганболдод холбогдох 201603000189 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн Элсэн тасархай гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Ноёовын Ганболд /РД:АС87092211/ Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Н.Ганболд нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэр Тарны гүүр гэх газарт төрсөн эх О.Энэбишийг хүчиндэхийг завдсан гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогч С.Дашзэвэгийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Мөрдөн байцаалтын шатанд 201603000189 дугаартай эрүүгийн хэргээс: Хохирогч С.Дашзэвэгийн мэдүүлсэн: ...Би 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад гэрийн утас цэнэггүй болчихоор нь хотод байсан эхнэртэйгээ ярих санаатай Тарны гүүр рүү явъя гэж бодож байсан. Тухайн үед манайд Доржпүрэв гэх нутгийн хүүхэд мотоцикльтойгоо хүрээд ирэхээр нь ахдаа нэг ухасхийгээд өгөөч, ах нь ойр зуурын юм авах хэрэгтэй байна гэж хэлээд Тарны гүүр рүү Доржпүрэв гэх хүүхдийн хамт мотоцикльтой нь орсон юм. Тэгээд бид хоёр Тарны гүүрэн дээр байж байтал хуучны танил Ганхуяг гэх хүнтэй таараад бид хоёр нэг шил архи уухаар авсан бөгөөд тэр архиа гадаа уугаад яахав Энэбишийн гэрт очоод ууя гэж ярилцаад, би Доржпүрэв гэх залуутай хамт мотоцикльтой Энэбиш гэх айл руу очсон. Тэгээд тэднийд очоод байж байтал Ганхуяг гэх найз маань машинтайгаа Энэбишийн гэрт ирээд, Энэбиш, Ганхуяг бид гурав нэг шил архи хувааж уугаад, дуусах үед надтай хамт ирсэн Ганхуяг гэх залуу ажилтай гээд яваад өгсөн. Гэтэл Энэбиш би хүний архийг уучихсан хүн, чи ч манайд ирэх биш, би чамд нэг шил архи авч өгье гэж хэлж байсан. Тэр үед миний өвөрт нэг шил архи байсан юм, би уг архийг хөдөө гэр рүүгээ авч явах гэж байсан бөгөөд тэр архиа гаргаад Энэбиш бид хоёр хоёулаа уусан юм. Би тэр үед хөл гар муутай шүү гэж хэлээд хамт явж байсан Доржпүрэвийг архи уулгахгүй, гэр рүүгээ хүргүүлэх гэж байсан. Тэр үед Энэбиш би өөрийн охиноо гүүр рүү явуулсан, нэг шил архи аваад ирнэ, би чамд нэг шил архи авч өгье гэж хэлэхээр нь би Энэбишийн захьсан архийг хүлээгээд баруун орон дээр нь сууж байхдаа хэсэг хэвтэх үед Энэбиш бас архи уугаад нилээд согтсон байсан учраас хэсэг хэвтсэн байх. Тэр үед Энэбишийн хүүхэд болох Ганболд буюу бид нарын нэрлэж сурсанаар Зоригоо гэх хүүхэд гаднаас орж ирээд надад сэхээ өгөлгүй шууд толгой руу цохиж, гэрээсээ авч гараад зодсон, би сүүлдээ хаана зодуулж байгаа болон хаана байгаагаа ч мэдээгүй бөгөөд тэр намайг яаж зодсон гэдгийг мэдээгүй, харин сүүлд нь Хашаат сумын эмнэлэгт ухаан орсон. Тухайн үед Энэбишийн өмд хагас шувтарсан байдалтай байсан гэсэн. Тэгээд л Ганболд буруугаар ойлгоод намайг зодсон байх гэж бодож байна. Тухайн үед надад Энэбишийн өмдийг шувталсан зүйл огт байхгүй. Энэбишийн хүүхэд буруугаар ойлгож намайг зодсон байх гэж бодож байна. Ганболд нь намайг гэрт хэвтэж байхад хөлөөрөө болон гараараа миний нүүр, толгой, нүд рүү хамаагүй л цохиж зодож байсан. Тэгээд намайг гэрээс гараад зодсон бөгөөд би сүүлдээ юу болоод байгаа талаар мэдээгүй, ухаан алдчихсан байж байгаад Хашаат сумын эмнэлэгт сэрсэн. Тухайн үед намайг хөл, гараараа л цохиж, зодсон байх. Тэр үед миний хоёр гар хоёулаа мэдээгүй болсон, нүүр ам авах юмгүй нил цус болсон, битүү хавдар байсан бөгөөд ар дагз болон толгой битүү өвдөж байна. Би тархиндаа гэмтэл авсан. Би тэр үед нилээд согтсон байсан. Би Ганболдыг согтуу байсан болов уу гэж бодож байгаа бөгөөд Ганболд байнга архи уудаг. Би тэр үед хэн, хэн байсан талаар мэдэхгүй байна. Тэр үед хүн байгаагүй болов уу гэж бодож байна. Хэрэв хүн байсан бол намайг зодож байхад салгах л байсан байх. Би гомдолтой байна. Би хөдөлмөрийн чадвараа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Би 5.000.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/ Хохирогч С.Дашзэвэгийн дахин мэдүүлсэн: ...Би урьд өмнө үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би урьд өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ хэргийн талаар бүх зүйлийг үнэн зөв мэдүүлсэн байгаа учир одоо нэмж ярих зүйл байхгүй. Өмгөөлөгч Улаанбаатар хотод ажилтай явж байгаа учраас энэ удаагийн байцаалтандаа өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Би Ганболдоос эмчилгээний зардал 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Миний хохирлыг төлж барагдуулах юм бол Н.Ганболдод гомдол санал гээд байх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/ О.Энэбишийн хохирогчоор мэдүүлсэн: ....Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Би С.Дашзэвэгийг танина, нэг нутгийн хүмүүс байгаа юм. Харин Н.Ганболд нь миний төрсөн хүү байгаа юм. Би болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 04 сарын 06-ны өглөө 09-10 цагийн үед намайг гэртээ өөрийн хүү Н.Ганболд, охин Н.Энхцэцэг нарын хамтаар байж байх үед манай нутгийн хүн С.Дашзэвэг нь Доржпүрэв гэх залуугийн хамтаар манайд ирсэн. Тэгээд тэр хоёр манайд орж ирээд Дашзэвэг өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд ширээн дээр тавихаар нь би цай чаная гэхэд тэр би жаахан яараад байгаа юм, танайд ганц шил архи уучихаад явлаа гэж хэлсэн. Тэгээд Дашзэвэг, Доржпүрэв бид гурав Дашзэвэгийн гаргаж ирсэн архийг хувааж уусан, тэр үед Ганболд Тарны гүүр рүү хонь зарах гээд явсан юм, тухайн үед бас Ганхуяг манайд ирсэн байсан. Тэгээд Дашзэвэгийн авчирсан нэг шил архийг хувааж ууж дуусаад, Ганхуяг яваад манай гэрт Доржпүрэв, Дашзэвэг бид гурав л үлдсэн. Тэгээд Дашзэвэг дахиад 2 литрийн том пиво гаргаж ирээд бид гурав хамт хувааж уусан. Тэгээд бид тэр пивийг уучихаад би бие засах гээд гарахад Доржпүрэв мотоциклийнхоо наана, цаана гарч хэвтээд байхаар нь би гэртээ орж ирээд Доржпүрэв их согтсон байна, сэтгэцийнх нь юм хөдлөөд байгаа юм биш биз дээ гэж хэлэхэд Дашзэвэг өө золиг чинь согтчихсон юм байна л даа, тэгвэл би явахгүй замын унаанд сууж явъя, эсвэл хоноод явдаг юм бил үү гэж хэлж байсан. Тэгээд би замаараа айлд орох ёстой байсан юм, айлд өгөх гэж байсан архиа уучихъя гэж хэлээд дахиж нэг шил архи гаргаж ирээд тэр архийг нь Доржпүрэв, Дашзэвэг бид гурав хувааж уусан. Тэгээд би нилээн согтоод бараг тасраад унасан, юу болсон талаар санахгүй байгаа юм, би тэгээд согтоод унтаад өгсөн бөгөөд нэг мэдсэн газар унтаж байсан, тэр үед миний өмд шувтарсан хөлд байсан, тэгэхээр нь би өмдөө татаад орон дээр гараад хэвтсэн. Тэгээд байж байтал Отгонбаяр гэх манайхтай ойрхон байдаг хүргэн орж ирээд, та босоочээ, ямар хүмүүстэй хамт архи уугаад байгаа юм бэ, гадаа байгаа хүмүүсээ хараач гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад хартал Дашзэвэг манай малын хашааны урд өтгөн дээр хэвтэж байсан, Дашзэвэгийн хүү Чинбат өөрийн эхнэртэйгээ ирсэн байсан, мөн Доржпүрэв нь газарт Чинбат болон түүний эхнэртэй хамт сууж байсан. Тэр үед манай хүү Ганболд байгаагүй бөгөөд буцаад Тарны гүүр орсон юм уу, эсвэл гэртээ харьсан байх. Би тэд нараас юу болсон талаар асуухад Чинбат хэлэхдээ танай хүү манай аавыг зодчихсон байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд нэг их удалгүй эмч болон цагдаа нар ирээд Дашзэвэгийг аваад явсан. Үүний дараа ах Батбаяр манайд ирээд таны өмд шувтарчихсан хэвтэж байсан чинь Ганболд орж ирээд Дашзэвэг, Доржпүрэв хоёрыг зодчихсон байна, та хүүхдээ хэрэгт оруулаад гэж намайг загнаж байсан. Манай хүү Ганболд хэн, хэнийг хэрхэн зодож цохьсон гэдгийг би хараагүй болохоор мэдэхгүй байна. Сүүлд нь Ганболд хэлэхдээ би Дашзэвэгийг түлхэж унагаад шилбүүрний бургасаар цохиж зодсон гэж байсан, харин Доржпүрэвийг Ганболд нэг л удаа цохиж авсан гэж байсан. Н.Ганболд Дашзэвэгт намайг доромжиллоо гэж уурлаад л зодсон юм байна лээ. Н.Ганболдыг гэртээ ирэх үед миний өмд хөлөө хүртэл тайлагдсан, газарт хэвтэж байсан болохоор Н.Ганболд уурлаж Дашзэвэгийг зодсон байсан. Дашзэвэг болон Доржпүрэв хоёр надтай бэлгийн харьцаанд ороогүй. Намайг архи уугаад тасраад унасан байх үед хэн нэгэн миний өмдийг хөл хүртэл тайлсан байх үед Ганболд гаднаас орж ирээд Дашзэвэгийг зодож, Доржпүрэвийг нэг удаа цохьсон байна лээ. Тэр үед хэн, хэн нь надтай бэлгийн харьцаанд орох талаар огт яриагүй, зүгээр л архи уучихаад хуучлаад сууж байсан. Харин сүүлд нь юу болсон талаар би мэдэхгүй байна, ямар ч байсан намайг сэрэхэд миний өмд хөлөө хүртэл тайлагдсан би гэртээ ганцаараа газарт хэвтэж байсан. Дашзэвэг болон Доржпүрэв нар бол надтай ямар нэгэн байдлаар бэлгийн харьцаанд ороогүй. Миний бодлоор намайг тасраад унтаад өгөхөөр бэлгийн харьцаанд орох гээд миний өмдийг тайлсан байх үед манай хүү Н.Ганболд гэрт орж ирээд тэр хоёрыг авч гарч Дашзэвэгийг зодсон гэж бодож байгаа. Дашзэвэг болон Доржпүрэв нар надтай бэлгийн харьцаанд бол үнэхээр ороогүй, би сайн мэдэж байнаа. Бид нар нэг нутаг, нэг багийн хүмүүс байгаа юм. Бид нар бие биеийгээ танина, өөр ямар нэгэн холбоо байхгүй. Бид нар тухайн үед хоёр шил архи, нэг том пиво хувааж уусан. Би тухайн үед өглөө хоол ундаа ч идэж уугаагүй, өлөн архи уусан болохоор амархан тасарсан байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад сэтгэл санааны хувьд маш гомдолтой байна, хажуугаар нь хүүхдээ хэрэгт холбогдуулсан болохоор гомдол их байнаа...гэх мэдүүлэг /хх-24-26 хуу/ Гэрч М.Өлзий-Утасын мэдүүлсэн: ...Би тэр хүмүүсийг танихгүй, найз нөхөд төрөл садангийн холбоо байхгүй. Би тэр хүнийг 2016 оны 04 сарын 06-ны өдөр үзсэн. Тэр хүн баруун талдаа хавирганы хугаралтай байсан бөгөөд аль хавирга хугарсан гэдгийг рентгенд хараагүй учраас мэдээгүй, баруун гарын шуу хугарсан, зүүн гарын шуу зөөлөн эдийн гэмтэлтэй ирсэн. Өөр гэмтэл илрээгүй. Тэгээд манай эмнэлэгт хэвтэж байгаад 2 хоноод хот руу явсан. Тэр хүн, хүнд зодуулсан гэж ирсэн, хэнд зодуулсан талаараа хэлээгүй учраас мэдэхгүй. Тэрээр зодуулсан гэж ярьж байсан, яг юунаас болж үүссэн гэдгийг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/ Гэрч Д.Чинбатын мэдүүлсэн: ...Би Ганболдыг танина. Манай нутгийн залуу байгаа юм. Бид нар түүнийг Зориг гэж дууддаг. Түүнтэй төрөл садангийн холбоо байхгүй. Харин С.Дашзэвэг бол миний төрсөн эцэг байгаа юм. Би мэдүүлэг өгнө, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр намайг гэртээ ямаагаа самнаад байж байх үед над руу манай дүү Рэнцэнханд Улаанбаатар хотоос утсаар залгаж, аавыг хүн зодчихсон байна, гүүрний хойд талд Энэбиш гуайн гэрт байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эхнэр Мөнхтуяагийн хамт Энэбиш эгчийн гэрт очих үед манай аав малын хашааны урд талд газар хэвтэж байсан. Тэр үед аавын нүүр ам нь цус болчихсон, хэвтэж байхаар нь би аавыг татаад үзэхэд ямар ч хөдөлгөөнгүй байсан. Тэгээд би Энэбиш эгчийн гэрт ортол Энэбиш эгч зүүн талынхаа орон дээр дээл нөмрөөд хэвтэж байхаар нь би дээлнээс нь татаад сэрээтэл өндийж босч ирээд нэг харчихаад буцаад унтаад өгсөн. Би гэрээс нь гарч яваад аавтай хамт явж байсан Доржпүрэвтэй уулзах гэтэл Доржпүрэв байхгүй болчихсон байж байгаад нэг их удалгүй хүрээд ирэхээр нь Доржпүрэвээс юу болсон талаар асуухад манай аав С.Дашзэвэгийг Н.Ганболд буюу бидний нэрлэж дуудаж сурснаар Зориг зодсон гэж хэлж байсан. Тэгээд би Хашаат сумын Эрүүл мэндийн төв болон цагдаад дуудлага өгчихөөд хэсэг байж байтал Энэбишийн охин гэх эмэгтэй хониноос ирээд өөрийнхөө ээжийг дуудаж босготол Энэбиш эгч босч ирээд буцаад унтаад өгсөн. Тэгээд дараа нь Энэбиш эгчийнд Отгоо ирж Энэбиш эгчийг сэрээсэн. 19 цагийн үед эмнэлгийн машин ирээд, би аавыг аваад Хашаат сумын эмнэлэг рүү явсан. Энэ үед аавыг зодсон Ганболд огт ирээгүй, зугтаагаад явсан байсан. Тухайн үед манай аав Доржпүрэв гэх хүний хамт нутгийн айл гэдэг утгаар нь Энэбиш эгчийнд ороод, түүнтэй хамт архи уусан байсан. Н.Ганболд манай аавыг ямар учраас зодох болсон талаар би мэдэхгүй. Тэр үед Энэбиш эгчийнд манай аав, Энэбиш эгч, Доржпүрэв нар л байсан юм байна лээ. Тэр үед Ганболд ирж аавыг зодчихоод явсан байсан. Манай аав тэр үед нилээд их архи уусан бололтой байсан. Намайг яваад очиход манай аав зодуулсан байдалтай газарт ухаангүй хэвтэж байсан. Ганболд манай аавыг юугаар зодсон талаар би сайн мэдээгүй, тэр гар хөлөөрөө л цохиж зодсон байх. Манай аав С.Дашзэвэг надад хэлэхдээ Ганболд намайг хэрхэн, яаж зодсон талаар мэдэхгүй байна гэж хэлж байсан болохоор нилээн согтуу байсан байх. Аав надад хэлэхдээ аав нь юу ч мэдэхгүй гэж хэлж байсан. Манай аав болон Ганболд нарын хооронд өр авлага өс хонзон байхгүй, бид нар зүгээр нутгийн сайхан хүмүүс юм. Манай аав Дашзэвэг нь Энэбиш эгчтэй үе тэнгийн нэг нутгийн л хүмүүс байгаа юм. Өөр ямар нэгэн харьцаа гээд байх зүйл байхгүй. Манай аав Энэбиштэй ямар нэгэн бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Намайг Энэбиш эгчийн гэрт орох үед Энэбиш эгч орон дээрээ унтаж байсан бөгөөд өмд нь татаастай, хэвийн байдалтай хэвтэж байсан. Энэбиш өөрөө нилээд согтсон байсан. Манай аав Энэбиш эгчтэй бэлгийн харьцаанд орох зорилгоор ятгасан, хүч хэрэглэсэн зүйл огт байхгүй гэж бодож байна. Манай аав одоо 69 настай хөгшин хүн шүү дээ. 60 нас гараад 70 нас дөхөж яваа хүн бэлгийн харьцаанд орох гээд байх чадал ч байхгүй болсон байгаа шүү дээ. Миний аав тийм хүн биш. Тухайн үед манай аавын нүд, ам нь нил хөх эрээн болсон, цустайгаа холилдсон, уруул нь сэтэрсэн байдалтай, ухаангүй ёолоод хэвтэж байсан. Би тэр үед Энэбиш эгчтэй уулзаагүй. Энэбиш эгч надтай уулзах ч боломжгүй, унтаад, босч ирэхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/ Гэрч Д.Доржпүрэвийн мэдүүлсэн: ...Би Н.Ганболд С.Дашзэвэг гэх хүмүүсийг танина. Бид нар нэг нутгийн хүмүүс байгаа юм. Төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 04 дүгээр сард би Дашзэвэг ахтай Тарны гүүр рүү явсан бөгөөд өдрийг нь сайн санахгүй байна. Би тэр үед Дашзэвэг ахыг хүргэж өгсөн бөгөөд Дашзэвэг ах Тарны гүүр ороод Энэбиш гэх айлд очсон. Тэр үед Дашзэвэг ахын найз Ганхуяг гэх хүн Энэбиш эгчийнд хамт очсон. Тэр хоёр Энэбиш эгчтэй хамт гэрт нь архи уусан. Би тухайн үед мотоцикль жолоодож, явсан болохоор архи уугаагүй. Ганхуяг гэх хүн нь нэг шил архи уучихаад яваад өгсөн. Тэгээд Дашзэвэг ах Энэбиш эгч бид гурав үлдсэн бөгөөд тэр үед Энэбиш эгчийн охин нь гэх эмэгтэй тэнд байсан. Тэгээд байж байтал Энэбиш эгчийн охин нь намайг гэрийн гадаа гарч унт гэхээр нь би гэрийн гадаа гараад унтаж байхад Ганболд буюу бидний нэрлэж заншсанаар Зоригоо ирээд намайг бос гадаа унтаад байхдаа яадаг юм гээд хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би зугтаасан. Тэгээд би гэрээс нь жаахан хол очоод байж байтал Ганболд Дашзэвэг ахыг гэрээс гаргаж ирээд хөлөөрөө өшиглөөд, гараараа цохиж зодож байгаад яваад өгсөн. Тэр үед би Дашзэвэг ах дээр очиход тэр малын хашааны ойролцоо гадаа, газар ухаангүй байдалтай, нүүр ам нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд би Ганболд нь Дашзэвэг ахыг зодчихлоо гээд Дашзэвэг ахын хүүхэд болох Чүлтэмсүрэн ахад утсаар ярьж хэлсэн бөгөөд нэг их удалгүй, Чинбат эхнэртэйгээ, Хашаат сумын эмч ирээд, Хашаат сум руу аваад явсан. Дашзэвэгийг Ганболд нь ямар учраас зодсон талаар би сайн мэдэхгүй, Ганболд нь Дашзэвэг ахыг гэрээс чирч гаргаж ирээд, хөл болон гараараа зодоод байсан. Би тэр үед жаахан холоос хараад зогсож байсан бөгөөд яваад очих юм бол намайг зодох байх гэж бодоод би очоогүй. Ганболд намайг гэрийн гадаа унтаж байхад босооч гээд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр намайг өөрөөр бол зодоогүй. Би шинжээч эмчийн дүгнэлт гаргуулахгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед Ганболд согтуу байсан байж магадгүй гэж бодож байна. Ганболд ер нь бол архи уучихдаг хүн байгаа юм. Энэбиш болон Дашзэвэг нар нь тэр үед нилээн согтуу байсан. С.Дашзэвэг ах Энэбиш эгчтэй бэлгийн харьцаанд орох зорилгоор ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн зүйл огт болоогүй. Энэбиш эгч өөрийн үеийн хүмүүстэйгээ бол хааяа архи уучихдаг. Энэбиш эгч нөхөргүй, хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Тэр үед Энэбиш эгч унтаж байсан байх. Харин охин нь хониндоо явсан байсан. Тэнд Дашзэвэг ах, Энэбиш эгч, Ганболд бид нар л байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/ Гэрч Б.Мөнхтуяагийн мэдүүлсэн: ...Би Ганболд гэх хүнийг танихгүй. Харин Дашзэвэг бол миний хадам аав байгаа юм. Би мэдүүлэг өгнө. 2016 оны 04 сарын 06-ны өдөр намайг нөхөр, хүүхэдтэйгээ байж байх үед миний нөхрийн дүү нь утсаар залгаад аав хүнд зодуулчихсан байна гэж хэлэхээр нь Чинбат бид хоёр гэрээсээ гараад, Тарны гүүр гэх газар Энэбиш гэх айлд очсон. Тэр үед манай хадам аав малын байрны урд талд газар уначихсан нүүр ам нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд би гэрт нь гүйгээд ортол Энэбиш эгч зүүн талынхаа орон дээр дээл нөмөрчихсөн хэвтэж байхаар нь сэрээх гэтэл сэрэхгүй, согтуу байсан. Тухайн үед манай аавтай хамт Доржпүрэв гэх хүн явж байсан бөгөөд тэр хүн нөхөр, бид хоёрт хандаж Дашзэвэг ахыг Ганболд буюу Зоригоо зодчихоод яваад өгсөн гэж хэлсэн. Бид нар Хашаат сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн бөгөөд Хашаат сумын эмч ирээд манай аавыг аваад эмнэлэгт ирсэн. Аавыг газарт ухаангүй зодуулчихсан хэвтэж байхад би гар утсаар зургийг нь авсан юм. Ганболд ямар учраас манай хадам аавыг зодох болсон талаар би сайн мэдэхгүй, хадам аавыг зодуулж байх үед би байгаагүй, хараагүй. Тэр үед бид хоёрыг очиход хадам аавын нүүр, ам нь битүү хавдар, цус болсон байдалтай, ухаангүй хэвтэж байсан. Анх Чинбат бид хоёрыг очих үед Энэбиш гуайнд өөр хүн байгаагүй, харин охин нь хонинд явсан гээд нилээд удаж байгаад ирээд ээжийгээ сэрээсэн чинь Энэбиш гуай нэг сэрчихээд буцаад унтаад өгсөн. Тэгээд охин нь дахиад хониндоо явсан бөгөөд түүний дараа Энэбиш гуайн хүргэн нь болох Отгон гэх хүн ирж Энэбиш гуайг сэрээсэн юм. Тэр үед Энэбиш гуай хэлэхдээ эгч нь согтоод унтчихсан байна, Дашзэвэг гуайг яагаад ингэж зодсон юм бол гээд гайхаад байсан. Ганболд ээжээсээ тусдаа, эхнэр хүүхэдтэйгээ хамт ээжийнхтэйгээ ойрхон амьдардаг юм байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/ Гэрч Б.Ганхуягийн мэдүүлсэн: ...Би Энэбиш гэх хүнийг танина, манай нутгийн бэр болж ирсэн хүн байгаа юм. Би Чинбатыг зүс танина, харин Мөнхтуяа гэх хүнийг танихгүй юм билээ. Би тухайн үед тэдний гэрт зодоон болохоос өмнө нэг шил архи хувааж уучихаад явсан. Намайг явах үед Энэбиш архи уух нь ууж байсан бөгөөд хэр зэргийн согтолттой байсан гэдгийг мэдэхгүй байна. Харин Дашзэвэг халамцуухан байсан. Би Энэбишийг архи их уудаг эсэхийг сайн мэдэхгүй байна, надтай хамт тухайн үед л уусан юм. Харин өмдөө яасан талаар би яаж мэдэх билээ. Бид нар зүгээр л нэг нутгийн хүмүүс байгаа юм. Энэбишийг хэн нэгэн хүчиндэхээр оролдсон талаар би сайн мэдэхгүй, намайг байхад тийм зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуу/ Гэрч Д.Отгонбаярын мэдүүлсэн: ...Энэбиш бол манай хадам байгаа юм. Би Чинбат болон Мөнгөнтуяа гэх хүмүүсийг таних боловч ойр дотно холбоо байхгүй. Би тухайн хэрэг маргааны талаар сонсох нь сонссон бөгөөд тэр өдөр зодоон хэрхэн болсон талаар мэдэхгүй, түүний өмнө би хадам ээжийнд Ганхуяг гэх хүнтэй уулзах гээд ороход Ганхуяг, Дашзэвэг, Доржпүрэв, манай хадам ээж нар архи уугаад сууж байсан бөгөөд би Ганхуяг гэх хүнтэй уулзаад буцаад явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Манай хадам ээж хааяа нэг архи амсдаг боловч их уугаад байдаггүй. Би тэд нарын нарийн ширийн зүйлийг урьд өмнө нь харж байгаагүй. Би хадам ээжтэй хамт байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуу/ Гэрч Т.Гантөмөрийн мэдүүлсэн: ...Би Ганболд гэх хүнийг танина. Ганболд бид хоёр төрөл садангийн холбоотой хүмүүс байгаа юм. С.Дашзэвэг гэх хүнийг танихгүй. Би мэдүүлэг өгнө, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би хэргийн талаар мэдэхгүй учраас Ганболдын хувийн байдлын талаах мэдүүлэг өгнө. Н.Ганболд нь хүнд тусархуу, нөхөрсөг, үг дуу цөөтэй, томоотой, залуу байгаа юм. Тэрээр эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллаж, амьдардаг хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/ Гэрч П.Болормаагийн мэдүүлсэн: ...Би Н.Ганболд гэх хүнийг танина. Н.Ганболд нь манай нөхөр Н.Гантөмөрийн хамаатны залуу байгаа юм. Би харин С.Дашзэвэг гэх хүнийг танихгүй. Би мэдүүлэг өгнө, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Н.Ганболдын холбогдсон хэргийн талаар мэдэхгүй, ямар ч байсан цагдаа дээр хэрэгт холбогдсон гэж ярьж байсан, би нарийн ширийн зүйлийг мэдэхгүй учраас Н.Ганболдын хувийн зан байдлын талаар мэдүүлэг өгнө. Н.Ганболд нь эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Рашаант суманд мал маллаж амьдардаг, дундаж амьдралтай хүн байгаа юм. Н.Ганболд миний мэдэхээр архи дарс уугаад байдаггүй, үг дуу цөөнтэй, хүнд тусархуу, найрсаг, нөхөрсөг залуу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/ Сэжигтэнээр Н.Ганболдын мэдүүлсэн: ...Би ямар хэрэгт шалгагдаж байгаа талаараа мэдэж байна. Би ЭБШХ-ийн 35 дугаар зүйлд заасан эрх, үүргээ уншиж ойлголоо, надад асуух зүйл байхгүй. Би бичиг үсэг сайн мэдэхгүй учраас өмгөөлөгч сонгон авч, өмгөөлөгчийн хамтаар мэдүүлэг өгнө. Би одоогоор өмгөөлөгч авна...гэх мэдүүлэг /хх-ийн 85 хуу/ Сэжигтэнээр Н.Ганболдын дахин мэдүүлсэн: ...2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өглөө би өөрийн ээж Энэбишийн гэрт байж байгаад Тарны гүүр орж гуанзнаас мах авах хүн байна уу гэж асуучихаад шууд хонин дээрээ очоод, эгч Энхцэцэгийн унаж явсан морийг унаад гэрээсээ уурга авах гээд гэртээ ирэх үед би гэрээсээ уургаа авчихаад хонь руугаа явсан. Тэгээд би 16 цагийн орчимд гэртээ ирэх үед манай ээж Энэбиш гэрийн зүүн талд газар дээлтэйгээ хэвтэж байсан бөгөөд хар ноосон өмд нь өвдөгөө хүртэл шувтарсан харагдаж байсан. Тэр үед ээж унтаж байсан, харин хажууд нь Дашзэвэг гуай сууж байсан, харин Доржпүрэв зуухны урд өмднийхөө тэлээг тэлээлээд зогсож байхаар нь би гэр дотор Доржпүрэвийг гараараа нүүрэнд нь нэг удаа цохиод гэрээсээ түлхэж гаргаад байж байх үед Дашзэвэг гуай ийм юм байх ш дээ, гээд намайг түлхэхээр нь би зөрүүлж гараараа нүүрэнд нь нэг удаа цохиод хаалгаар түлхэж гаргасан чинь гадаа гараад хэвтээд байхаар нь Дашзэвэг гуайг малын байрны урагшаа чирээд гараараа 2-3 удаа нүүр рүү нь цохиод, уурганы модоор нэг удаа их биенд нь цохьсон. Тэгээд би Тарны гүүр рүү мотоциклиор явах гэж байхад Дашзэвэг гуай надад зодуулсан газраа сууж байсан. Тэр үед Доржпүрэв урд хогны тэнд сууж байсан, тэр надад зодуулчихаад зугтаагаад явчихсан байсан. Би тэр орой гэртээ харьж хоноогүй, өөрийн төрсөн дүү Мөнх-Учралын гэрт хоносон юм. Тэгээд нөгөөдөр нь намайг сумын хэсгийн төлөөлөгч сумандаа дуудсан. Тухайн үед миний уур хүрээд С.Дашзэвэгийг зодож цохьсон. Тухайн үедээ би Дашзэвэгийг манай ээж Энэбишийг хүчиндсэн байх гэж бодоод түүнийг зодож, Доржпүрэвийг нэг удаа гараараа цохьсон. Манай ээж Энэбишийг хэн нэгэн хүчиндэж байхыг би хараагүй. Намайг гэрт орох үед ээжийн өмд нь шувтарсан байхаар нь л би ээжийг хүчиндсэн байх гэж бодсон. Тэр үед намайг гэрт ороход манай ээж газар хэвтэж байсан бөгөөд согтуу тасраад унасан юм уу эсвэл унтаж байсан гэдгийг би мэдээгүй, ээж тэр үед дээлтэй байсан, намайг орох үед ээжийн гадуур өмд нь өвдөгөө хүртэл шувтарсан байхаар нь би манай ээжийг хүчиндсэн байх гэж бодоод Дашзэвэгийг зодсон юм. Манай ээж Энэбиш нь Дашзэвэг болон Доржпүрэв нар өөрийг нь хүчиндсэн талаар ямар нэгэн зүйл огт яриагүй. Би Дашзэвэг ахыг нүүрэнд нь гараараа 3 удаа, хөлөөрөө их биенд нь өшиглөсөн бөгөөд яг хаана нь өшиглөсөн гэдгээ сайн санахгүй байна. Мөн уурганы нарийн модоор их биенд нь нэг удаа цохиж, зодсон. Дашзэвэг ахын биед учирсан гэмтлийг би зодож учруулсан. С.Дашзэвэг ах бид хоёрын хооронд өс хонзонгийн болон өр авлагын ямар нэгэн таарамжгүй харьцаа огт байхгүй. Намайг С.Дашзэвэг ахыг зодож байх үед ээж Энэбиш гэртээ байсан, харин Доржпүрэв гадаа байсан бөгөөд тэнд бид нараас өөр хүн байгаагүй. Намайг С.Дашзэвэг ахыг зодож байхыг Доржпүрэв харсан. Би тэр үед Тарны гүүрэн дээр өөрийн найз Улаанаа буюу Баярмөнхийн хамтаар 1 ширхэг том Боргио гэх пивоноос 2 аягыг л уусан байсан. С.Дашзэвэг тэр үед согтуу байсан. Би тухайн үед Доржпүрэвийг нэг удаа нүүрэнд нь гараараа цохьсон. Өөрөөр бол цохиж зодоогүй. Намайг гэрт очих үед С.Дашзэвэг болон Доржпүрэв нар байсан, намайг байхгүй байхад өөр хүн ирсэн эсэх талаар би мэдэхгүй байна. Дашзэвэг болон Доржпүрэв нар ямар ажлаар ирсэн талаар би мэдэхгүй. Намайг ээжийн гэрт орох үед ширээн дээр нь нэг архины шил байсан, өөр ямар нэгэн зүйл байсан эсэх талаар би анзаараагүй. Манай ээж архи хэрэглэсэн байсан эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Би цаг хэд болж байсан талаар сайн мэдэхгүй байна, 16-17 цаг болж байсан байх. Манай ээж Энэбиш хааяа архи дарс хэрэглэчихдэг, уг нь их уугаад байдаггүй юм. Дашзэвэг гуайг цохьсон уурганы үзүүр хаана байгаа талаар би сайн мэдэхгүй, Хашаат сумын хэсгийн төлөөлөгч Баттамирт би тухайн үед хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 хуу/ Яллагдагчаар Н.Ганболдын мэдүүлсэн: ...Би хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Би С.Дашзэвэг ахыг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би С.Дашзэвэг ахын биед учирсан гэмтэл дээр л эргэлзэж байна. Би урьд өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Надад өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл алга. Би энэ удаа мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 хуу/ Яллагдагчаар Н.Ганболдын дахин мэдүүлсэн: ...Би Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийг өөрөө уншиж танилцлаа. Надад эрх, үүрэгтэй холбоотой асуух зүйл байхгүй. Би энэ удаагийн байцаалтандаа өмгөөлөгч оролцуулахгүй байцаалт өгнө. Би мэдүүлэг өгнө. С.Дашзэвэгийн цохьсон мод хаана байгаа талаар би мэдэхгүй байна. Тухайн үед би уг модыг өөрийн сумын хэсгийн төлөөлөгч Ж.Баттамирт хүлээлгэн өгч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 92 хуу/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. С.Дашзэвэгийн биед баруун талын 9-11-р хавирганы зөрөө бүхий, зүүн талын 10,11-р хавирганы зөрөө багатай хугарал, цээжний баруун хөндийн шингэн хуралдалт, баруун гарын богтос ясны дунд 1/3 хэсгийн далд хугарал, тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар /цээжний хөндийд хуралдсан нь/ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, хавирганы хугарал, баруун богтос ясны хугарал нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт, нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30% тогтмол алдагдуулах ба эдгэрэлтээс хамааран эргэн сэргэнэ...гэх дүгнэлт /хх-ийн 51-52 хуу/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 11-ний өдрийн 209 дугаартай дүгнэлтэд: 1. О.Энэбишийн биед ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй. 2. О.Энэбиш нь одоогоор бэлгийн харьцаанд орсон шинж тэмдэг байхгүй байна. 2016 оны 04 сарын 06-ны өдөр бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /хх-46-47 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 14-ний өдрийн 1191 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Шүүх эмнэлгийн №181 тоот дүгнэлтийн 4 дэх хариултаас бусад нь үндэслэлтэй байна. 2. С.Дашзэвэгийн биед баруун уушигний няцрал, цээжний баруун, зүүн хөндийн шингэн хуралдалт, баруун талын 9,10,11, зүүн талын 10,11-р хавирганы хугарал, баруун гарын богтос ясны далд хугарал, тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Баруун уушигний няцрал, цээжний баруун зүүн хөндийн шингэн хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, баруун талын 9,10,11, зүүн талын 10,11-р хавирганы хугарал, баруун гарын богтос ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7. ГССҮТ-н №17497, Архангай аймаг Хашаат сумын ЭМ төвийн №107 тоот өвчний түүхүүдэд хууч өвчний талаар дурдаагүй...гэх дүгнэлт /хх-127-128 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 сарын 14-ний өдрийн 295 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Шүүх эмнэлгийн №1191 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. С.Дашзэвэгийн биед баруун уушигний няцрал, цээжний хоёр талын хөндийн цус хуралт, баруун талын 9, 10, 11, зүүн талын 10, 11-р хавирганы хугарал, баруун богтос ясны далд хугарал, тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. С.Дашзэвэгийн биед учирсан баруун уушигний няцрал, цээжний хоёр талын хөндийд цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун 9, 10, 11, зүүн талын 10, 11-р хавирганы хугарал, баруун богтос ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. С.Дашзэвэгийн биед учирсан баруун уушигны няцрал, цээжний хоёр талын хөндийд цус хуралт гэмтэл нь хэргийн материалд авагдсан ГССҮТ-ийн өвчний түүхэн дэх 2016.04.07-с 2016.04.15-г хүртэлх олон удаагийн цээжийг рентген гэрэлд харалтаар нотлогдож байна. 7. Цээжний хоёр талын хөндийд цус хуралт гэмтэл нь цээжний хоёр талд үүссэн байна. Шингэн хуралт гэдэг нь цус, идээ, үрэвслийн шингэн зэргийг шингэн хуралт гэдэг ба эдгээр нь гэмтэл ба өвчний үед аль алинд үүсдэг. 9. Гэмтэл авсны даруйд рентген гэрэлд харахад цээжний хөндийд цус хураагүй байж болно. Тодорхой хугацааны дараа цус хурдаг. 10. С.Дашзэвэгийн биед учирсан гэмтлүүд нь эдгэрч цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 246-248 хуу/ Гэрч зургийн үзүүлэлтүүд /хх-13-14 хуу/ Хохирогч С.Дашзэвэгийн 17497 тоот өвчний түүх /хх-63-70 хуу/ Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 4/136 тоот тодорхойлолт /хх-ийн 93 хуу/ Булган аймгийн Рашаант сумын засаг даргын тодорхойлолт /хх-96-97 хуу/ Н.Ганболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-98-99 хуу/ Г.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнхбат нарын төрсний гэрчилгээний хуулбарууд 2 хуудас Хохирогч С.Дашзэвэгийн гомдол саналгүй талаарх шүүхэд гаргасан хүсэлт 3 хуудас 2017 оны 07 сарын 02-ны өдрийн Итгэмжлэл 1 хуудас зэрэг болно. Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэр Тарны гүүр гэх газарт С.Дашзэвэгийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. Шүүгдэгч Н.Ганболд нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэр Тарны гүүр гэх газарт төрсөн эх О.Энэбишийг хүчиндэхийг завдсан гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогч С.Дашзэвэгийг зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Энэбишийн хүүхэд болох Ганболд буюу бид нарын нэрлэж сурснаар Зоригоо гэх хүүхэд гаднаас орж ирээд надад сэхээ өгөлгүй шууд толгой руу цохиж, гэрээсээ авч гараад зодсон, би сүүлдээ хаана зодуулж байгаа болон хаана байгаагаа ч мэдээгүй бөгөөд тэр намайг яаж зодсон гэдгийг мэдээгүй, харин сүүлд нь Хашаат сумын эмнэлэгт ухаан орсон. Ганболд нь намайг гэрт хэвтэж байхад хөлөөрөө болон гараараа миний нүүр, толгой, нүд рүү хамаагүй л цохиж зодож байсан гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Дашзэвэгийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-21/, би тэд нараас юу болсон талаар асуухад Чинбат хэлэхдээ танай хүү манай аавыг зодчихсон байна ш дээ гэж хэлсэн. Н.Ганболд Дашзэвэгт намайг доромжиллоо гэж уурлаад л зодсон юм байна лээ гэж мөрдөн байцаалтын шатанд О.Энэбишийн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг /хх-24-26/, би тэр хүнийг 2016 оны 04 сарын 06-ны өдөр үзсэн. Тэр хүн баруун талдаа хавирганы хугаралтай байсан бөгөөд аль хавирга хугарсан гэдгийг рентгенд хараагүй учраас мэдээгүй, баруун гарын шуу хугарсан, зүүн гарын шуу зөөлөн эдийн гэмтэлтэй ирсэн. Тэр хүн, хүнд зодуулсан гэж ирсэн гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Өлзий-Утасын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр намайг гэртээ ямаагаа самнаад байж байх үед над руу манай дүү Рэнцэнханд Улаанбаатар хотоос утсаар залгаж, аавыг хүн зодчихсон байна, гүүрний хойд талд Энэбиш гуайн гэрт байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эхнэр Мөнхтуяагийн хамт Энэбиш эгчийн гэрт очих үед манай аав малын хашааны урд талд газар хэвтэж байсан. Тэр үед аавын нүүр ам нь цус болчихсон, хэвтэж байхаар нь би аавыг татаад үзэхэд ямар ч хөдөлгөөнгүй байсан. Би гэрээс нь гарч яваад аавтай хамт явж байсан Доржпүрэвтэй уулзах гэтэл Доржпүрэв байхгүй болчихсон байж байгаад нэг их удалгүй хүрээд ирэхээр нь Доржпүрэвээс юу болсон талаар асуухад манай аав С.Дашзэвэгийг Н.Ганболд буюу бидний нэрлэж дуудаж сурсанаар Зориг зодсон гэж хэлж байсан. Тэр үед Ганболд ирж аавыг зодчихоод явсан байсан. Намайг яваад очиход манай аав зодуулсан байдалтай газарт ухаангүй хэвтэж байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Чинбатын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-32/, тэгээд би гэрээс нь жаахан хол очоод байж байтал Ганболд Дашзэвэг ахыг гэрээс гаргаж ирээд хөлөөрөө өшиглөөд, гараараа цохиж зодож байгаад яваад өгсөн. Тэр үед би Дашзэвэг ах дээр очиход тэр малын хашааны ойролцоо гадаа, газар ухаангүй байдалтай, нүүр ам нь цус болчихсон хэвтэж байсан. Ганболд нь Дашзэвэг ахыг гэрээс чирч гаргаж ирээд, хөл болон гараараа зодоод байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Доржпүрэвийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-35/, 2016 оны 04 сарын 06-ны өдөр намайг нөхөр, хүүхэдтэйгээ байж байх үед миний нөхрийн дүү нь утсаар залгаад аав хүнд зодуулчихсан байна гэж хэлэхээр нь Чинбат бид хоёр гэрээсээ гараад, Тарны гүүр гэх газар Энэбиш гэх айлд очсон. Тэр үед манай хадам аав малын байрны урд талд газар уначихсан нүүр ам нь цус болчихсон хэвтэж байсан. Манай аавтай хамт Доржпүрэв гэх хүн явж байсан бөгөөд тэр хүн нөхөр, бид хоёрт хандаж Дашзэвэг ахыг Ганболд буюу Зоригоо зодчихоод яваад өгсөн гэж хэлсэн. Аавыг газарт ухаангүй зодуулчихсан хэвтэж байхад би гар утсаар зургийг нь авсан юм гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мөнхтуяагийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36-38/, тэр үед ээж унтаж байсан, харин хажууд нь Дашзэвэг гуай сууж байсан, харин Доржпүрэв зуухны урд өмднийхөө тэлээг тэлээлээд зогсож байхаар нь би гэр дотор Доржпүрэвийг гараараа нүүрэнд нь нэг удаа цохиод гэрээсээ түлхэж гаргаад байж байх үед Дашзэвэг гуай ийм юм байх ш дээ, гээд намайг түлхэхээр нь би зөрүүлж гараараа нүүрэнд нь нэг удаа цохиод хаалгаар түлхэж гаргасан чинь гадаа гараад хэвтээд байхаар нь Дашзэвэг гуайг малын байрны урагшаа чирээд гараараа 2-3 удаа нүүр рүү нь цохиод, уурганы модоор нэг удаа их биенд нь цохьсон, би С.Дашзэвэг ахыг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж шүүгдэгч Н.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 86-87, 90-91/, хохирогч С.Дашзэвэгийн биед хүнд хохирол учирсан болохыг нотолсон шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 14-ний өдрийн 1191 тоот шинжээчийн дүгнэлт /хх-127-128/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 сарын 14-ний өдрийн 295 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 246-248/ гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Боржигон овогт Ноёовын Ганболдыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн 2015.12.03-ны өдөр батлагдсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.Ганболд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна. Шүүгдэгч Н.Ганболд нь бусдад төлөх төлбөргүй, 22 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.6, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ганболдыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. 2. Шүүгдэгч Боржигон овогт Ноёовын Ганболдыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганболдыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганболдод оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганболд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 6. Шүүгдэгч Н.Ганболд нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганболдын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 21 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй буюу 15.000 төгрөгөөр тооцож, нийт 315 нэгж буюу 315.000 төгрөгийг түүний торгох ялаас хасч тооцсугай. 8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ганболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ