Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2051

 

МАГАДЛАЛ

2019.12.09                                                 Дугаар 2051                                 Улаанбаатар хот

 

 

 

 

НАЗХГ-ын нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,                                                      

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/01647 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч НАЗХГ-ын нэхэмжлэлтэй,                                                              

Хариуцагч МА ХХК-д холбогдох,

 

350 490 538 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: НАЗХГ нь 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр МА ХХК-тай Асфальтобетон хольц нийлүүлэх №А-2012/07 тоот гэрээ байгуулан ажилласан. Энэхүү гэрээний дагуу 2012 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2012 оны 10 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд 6491 тонн асфальтобетон хольц нийлүүлэхээр тохирч 500 000 000 төгрөгийн урьдчилгаа авсан атлаа гэрээний дагуу үүргээ биелүүлж асфальтобетон хольц нийлүүлээгүйгээс НАЗХГ-т 350 490 538 төгрөгийн хохирол учраад байна. Иймээс МА ХХК-иас 350 490 538 төгрөгийг гаргуулан байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: МА ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 13-ний өдөр НАЗХГ-тай  №А-2012/07 тоот Асфальтобетон хольц нийлүүлэх гэрээ байгуулж уг гэрээний урьдчилгаа төлбөрт 500 000 000 төгрөгийг хүлээн авсан ба МА ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 13-ний өдөр Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газартай тооцоо нийлсэн актаар     350 490 538 төгрөгийн үлдэгдэл тооцоотой гарсан. Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн Асфальтобетон хольц нийлүүлэх №А-2012/07 тоот гэрээний нэг тал нь НАЗХГ байна. Гэтэл тус дүүргийн шүүхэд дээрх гэрээтэй холбоотой маргааны нэхэмжлэгчээр Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг АЗХГ оролцож байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэхээр байна. Энэ талаарх баримтыг ч нэхэмжлэгч тал шүүхэд ирүүлээгүй байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн Асфальтобетон хольц нийлүүлэх №А-2012/07 тоот гэрээ нь 2012 оны 04 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй байхаар тохиролцсон байна. Монгол Улсын Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал шаардах эрх үүссэн үеэс буюу 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байтал 2019 оны 04 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг үндэслэн МА ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн Асфальтобетон хольц нийлүүлэх №А-2012/07 тоот гэрээний үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байгаа тул НЗДХААЗХГ-ын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлтэй, хариуцагч МА ХХК-д холбогдох, 350 490 538 төгрөг гаргуулах тухай НАЗХГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаас үзвэл АЗХГ-ын шаардах эрх гэрээний дуусгавар болох хугацаа 2012 оны 10 дугаар сарын 31-нд уг гэрээний талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж байна. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байх тул 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр албан шаардлага хүргүүлснийг хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардлага хүргүүлсэн байна гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж дүгнэсэн нь хууль бус болсон буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь НАЗХГ-аас 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1/1049 дугаартай албан шаардлага хүргүүлсэн бөгөөд МА ХХК-иас НАЗХГ-т 2018 оны 05 дугаар сарын 17 -ны өдөр өр авлагыг барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн хариуг ирүүлсэн.     Энэ нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасны дагуу 350 490 538 төгрөгийг НАЗХГ-т төлж барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч НАЗХГ нь хариуцагч МА ХХК-д холбогдуулан 350 490 538 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Асфальтбетонон хольц нийлүүлэх” №А-2012/07 гэрээний үүргийг биелүүлээгүйгээс учирсан хохирол 350 490 000 төгрөгийг гаргуулах...” гэсэн бол  хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...нэхэмжлэгч гэрээний нэг тал биш, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон...” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд НАЗХГ болон МА ХХК-ийн хооронд 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Асфальтбетонон хольц нийлүүлэх” №А-2012/07 гэрээ байгуулагдсан, гэрээний хугацааг талууд 2012 оны 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тохиролцсон байна.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь 500 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь 6491 тонн асфальтобетон хольц нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, талууд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 350 490 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг бичгийн баримт үйлдэж баталгаажуулсан, хариуцагч нь тооцооны үлдэгдлийг төлөх санхүүгийн боломжгүй байгаа, үйл ажиллагааныхаа чиглэлээр ажил гүйцэтгэх замаар өр авлагыг барагдуулах саналаа нэхэмжлэгчид 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 02/18 тоотоор хүргүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь талууд гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээгээр шилжүүлсэн мөнгөн дүн, гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүй, тооцооны үлдэгдэл төлбөрийг хариуцагч тодорхой ажил гүйцэтгэх замаар төлж барагдуулах саналыг нэхэмжлэгчид хүргүүлж байсан зэрэг хэргийн баримтаар тогтоогдсон үйл баримтыг хугацааны хувьд нягтлан дүгнээгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үээхээр байгаа боловч хариуцагч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор үүссэн төлбөрийг төлөх талаар санал гаргасан нь хуульд харшлахгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/01647 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МА ХХК-иас 350 490 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НАЗХГ-т олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

                                                                   М.НАРАНЦЭЦЭГ