Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2024/02513

 

 

 

МОНГОЛ УЛС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг хариуцагчид тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Иргэн М.Ц миний бие 0 онд сургуулийг Банкны эдийн засагч-Мэдээлэл зүйч мэргэжлээр төгсөж, 0 онд Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн, Харилцагчийн зөвлөх, 0 онд захирлын ажил, албан тушаалыг тус тус эрхэлж байсан.

Х байгууллагад-д 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Төслийн ажилтан-аар ажилласан.

Миний бие Х байгууллагад-д Төслийн ажилтан-аар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан.

Гэтэл ажилтан М.Ц намайг Х-ын Гүйцэтгэх захирал Б.Г-ын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 0 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, Хөдөлмөрийн дотоод журам-ын 6 дугаар зүйлийн 6.3.4.4, Хөдөлмөрийн гэрээ-ний 3.1.ж), 3.4.а), з) дэх заалтуудыг тус тус үндэслэн хууль бусаар ажлаас халсан.

Ажилтан М.Ц миний бие Х-ын Төслийн ажилтан- аар ажиллаж байх хугацаандаа ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй, ажил олгогчийн итгэлийг алдсан ямар нэгэн буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгаагүй болно. Тийм учраас ажил олгогч Х нь ажилтан М.Ц намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дах заалтыг үндэслэн ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн түүнчлэн Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 тоот тогтоолын 15 дугаар зүйлд: Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо ундэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр, тушаал, тогтоол, захирамж гаргана гэж тайлбарласны дагуу ажил олгогч болон ажилтны хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан тушаал, шийдвэр гаргах ёстой билээ.

Гэтэл Х ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Г 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ажлаас чөлөөлөх тухай 0 тоот тушаал гаргаж, ажилтаи М.Ц намайг ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээний хугацааг 2023.5.15-ны өдрөөр тасалбар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэснээс өөр үндэслэл дурдаагүй байна. Ажилтан М.Ц намайг буруутгаж, ажлаас халах болсон үндэслэлээ дээр дурдсан Тушаалдаа огт тодорхой бичээгүй байх тул яг ямар үндэслэлээр ажлаас халагдаж байгаа учраас өнөөдөр хүртэл ойлгохгүй байна.

Иймд Урьд эрхэлж байсан Х байгууллагад-ын Төслийн ажилтан-ы ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Х байгууллагад -д даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол улсад бүртгэлтэй Х (РД:) нь 2008 оны 8-р сарын 14-нд байгуулагдсан. Ажилтан М.Ц нь салбарын хоёр Төслийн ажилтны нэг байсан бөгөөд уг төслийн санхүүжилтийн хүрээнд үйл ажиллагаануудыг зохион байгуулж, гүйцэтгэдэг байсан.

Орон нутгийн салбаруудад ажилладаг Төслийн Ажилтнуудын хувьд тухайн орон нутгийн бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн байгууллагуудтай шууд харьцдаг, төслийн баг болон байгууллагын, цаашлаад донор (санхүүжүүлэгч) байгууллагын итгэлийг дааж, өндөр ёс зүй баримталж, хариуцлагатайгаар, ашиг сонирхлоос ангид байх шаардлагатай байдаг. Мөн тухайн салбарын зохион байгуулж буй үйл ажиллагаанд шаардлагатай зардлуудыг холбогдох журмуудад нийцүүлэн, батлагдсан төсвийн хүрээнд, зориулалтын дагуу зарцуулах эрх, үүрэгтэй байдаг.

Ажилтан М.Ц нь Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т болон Х-ын Хөдөлмөрийн Дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.4.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж тус тус заасны дагуу дараах ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн болно. Үүнд:

-Х-аас орон нутаг дахь бизнес салбаруудад Дотоод хяналтын төлөвлөгөөт шалгалтуудыг хийдэг бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд шалгалт хийсэн. Тухайн шалгалтаар Асалбар нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт 9,506,000 (Есөн сая таван зуун зургаан мянга) төгрөгийн үнийн дүнтэй 11 удаагийн худалдан авалтыг Х-ын гэрээлэгч биш байгууллага буюу М.Цын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан о ХХК-тай хийж тус компанийн 0 тоот дансанд худалдан авалтын төлбөрийг хийсэн байдаг. Тэрээр 2023 оны 3 сарын 23-ны өдөр тус компанийн Гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн боловч өнөөдрийн байдлаар хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч хэвээр байна. Энэ тухай баримтыг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас авч хавсаргав. М.Цын энэхүү үйлдэл нь Х-ын Ёс зүйн журам- ын 4 дүгээр зүйлд Нэгдмэл сонирхолтой хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн, хамаатан садан, дотнын найз тэдгээр нь өөрсдийнх нь ажиллаж байгаа компанид хувьцаа эзэмшдэг, эсвэл ажилладаг, гэрээнээс шууд болон шууд бусаар үүсэх орлогоос хувь хүртдэг субъект юм. гэж, Аливаа худалдан авалтын шийдвэр гаргах, эсхүл гүйцэтгэхэд нийлүүлэгч буюу гүйцэтгэх талуудтай нэгдмэл сонирхолтой, хамтран эзэмшдэг бизнестэй, эсвэл тийм оролцогч талыг зуучилж байгаа бол ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтан гэж үзнэ. гэж тус тус заасны дагуу ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтанд тооцогдсон. Мөн Ёс зүйн журам-ын 4 дүгээр зүйлд заасны дагуу Хэрэв ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзвэл тухайн албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ ил тодоор удирдах ажилтандаа эсвэл Х-ын Худалдан авалтын хорооны даргад мэдэгдэн уг худалдан авалтын шийдвэр гаргах болон гүйцэтгэх үйл ажиллагаанаас татгалзах үүрэгтэй гэж заасныг 11 удаа давтан зөрчсөн юм.

Энэ нь М.Цтай 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 0 тоот Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 а)-д заасан байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн журам, Нууцын журам болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам болон Хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн баталсан бусад дүрэм, журмыг давтан зөрчих гэсэн зөрчил юм. Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан Сургалт үйлчилгээ зохион байгуулах, Санхүүгийн багтай хамтран худалдан авах ажиллагааны явцыг цаг тухайд нь дэмжих зэрэг үүргээ гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 а)-д заасан өөрийн албан тушаалаа сөргөөр ашигласан буруутай үйлдэл гаргасан гэсэнд хамаарч байна.

-М.Ц нь дээрх үйлдлүүдийг удаа дараа үйлдсэн гэдгээ хүлээсэн зөвшөөрсөн бөгөөд эдгээр нь уг зөрчлийг илрүүлсэн Дотоод хяналтын хуудас болон түүний бичсэн и-мэйлээр тус тус нотлогдоно.

-Мөн М.Ц өөрийн бичсэн 2023 оны 04 сарын 26-ны өдрийн тайлбартаа дээрх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч тухайн үйлдлүүд нь ашиг сонирхлын зөрчил гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Ажил олгогчийн зүгээс ажилтны гаргасан дээрх үйлдлүүд нь илт ашиг сонирхлын зөрчилтэй, ажилтан нь өөрийн эзэмшдэг компанид давуу тал олгосон, ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдээгүй, худалдан авалтаас татгалзаагүй гэж үзэж ажлаас чөлөөлсөн. М.Ц нь нэхэмжлэхдээ дурдсаны дагуу Баянзүрх Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасны дагуу бид зохих тайлбар хүргүүлж байсныг мөн хавсаргав.

М.Цтай тухайн үед хамтран ажиллаж байсан ажилтан Т.Л нь тухайн зөрчлүүд гарсан бөгөөд зөрчлүүдийг мэдээлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Түүнд зохих сахилгын шийтгэлийг ноогдуулсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нотлох баримтууд

Нэхэмжлэгчээс М.Ц-ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Х байгууллагад-ын захирлын 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай туршилтын хугацааг дуусгавар болгох тухай тушаал, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаартай албан бичиг, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны  өдрийн хуралдааны тэмдэглэл, хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоол,

Хариуцагчаас Хөдөлмөрийн дотоод журам, Х байгууллагад-ын  албан бичиг, нийт ажилтан нарт танилцуулсан дүрэм, журам,  ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах тухай албан бичиг, ёс зүйн журам, ажлын байрны тодорхойлолт, санхүүгийн шалгах хуудас, Хас банкны цахим гүйлгээний баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, үйл ажиллагааны зарцуулалтын тайлан,

Шүүхийн журмаар цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, ажлын удирдамж, дэлгэрэнгүй төсөв, үйл ажиллагааны тайлан, үйл ажиллагааны хүснэгт, сургалтын дараах тайлангуудад үзлэг хийсэн тэмдэглэл, О ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Х байгууллагад-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, холбогдох бичилтийг хийлгэх тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.Шүүх зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь гомдлын шаардлагыг хангуулах үндэслэлийг ...ажлаас халахадаа тушаалдаа ажлаас чөлөөлөх болсон үндэслэл дурдаагүй, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор ноцтой зөрчил болон сахилгын давтан зөрчлийг гаргаагүй тул ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гарсан гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...дотоод хяналт шалгалтын дүгнэлтээр М.Ц нь 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт 9,506,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалтыг гэрээлэгч биш байгууллага буюу өөрийн үүсгэн байгуулсан О ХХК-тай хийсэн нь ёс зүйн журмын нэгдмэл сонирхолтой хамаарал бүхий этгээдүүдтэй хэлцэл хийсэн буюу ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтанд тооцогдох бөгөөд дээрх үйлдлүүдийг удаа дараа үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, дотоод хяналтын хуудас болон түүний бичсэн мэйлээр нотлогдох тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

3.Ажил олгогч Х байгууллагад-ын гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаар тушаалаар М.Цыг тус байгууллагад төслийн ажилтан албан тушаалд авч ажиллуулсан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 0 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажилтан гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд талууд уг үйл баримтад маргаагүй. /х.х-ийн 5-11, 136-138 дугаар тал/

Х байгууллагад-ын гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.4.4, хөдөлмөрийн гэрээний гуравдаугаар зүйлийн 3.1 ж, 3.4 а, з заалтуудыг үндэслэн М.Цыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 195 дугаар тал/

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр тус тус ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож болохоор зохицуулсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөлөөгч нар М.Ц-ыг ноцтой зөрчил гаргасан мөн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан тул шүүх дээрх үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан санхүүгийн шалгах хуудсны 7 дугаарт ...Тогтмол худалдан авалтын гэрээгүй О ХХК-иас нийт 11 удаагийн худалдан авалтаар 9,506,000 төгрөгийн худалдан авалт хийгдсэн байна. Зөвлөмж хэсэгт гэрээт байгууллагуудаас худалдан авалт хийх... гэжээ. /хх-ийн 139-142 дугаар тал/

Мөн Хас банкны цахим гүйлгээний баримт, Ц-ын тайлбар хүргүүлэх тухай гэх цахим шуудан, ажлын удирдамж, үйл ажиллагааны тайлан болон талуудын тайлбараар 11 удаагийн гүйлгээгээр 9,506,000 төгрөгийг О ХХК-руу шилжүүлсэн, О ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр М.Ц бүртгэлтэй үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд хэн аль нь маргаагүй. /хх-ийн 127, 128, 143-153, 173-175 дугаар тал/

Хариуцагч нь дээрх үйл баримт санхүүгийн шалгах хуудсыг үндэслэн нэхэмжлэгч М.Ц-ыг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд санхүүгийн шалгах хуудсыг үндэслэн нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Учир нь, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байх, ноцтой зөрчил гэдгийг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг хуулиар зохицуулсан.

Хэрэгт авагдсан М.Ц-тай байгуулсан байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.ж-д хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачлагаар цуцласан бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж, 3.4.а-д байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн журам, нууцын журам болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журам, болон хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн баталсан бусад дүрэм, журмыг давтан зөрчих гэж, 3.4.з-д албан тушаалаа сөргөөр ашигласан буруутай үйлдэл гаргасан, ажил үүргээ гүйцэтгэхдээ бусдаас шан харамж авсан, харилцагчаас зээлээр мөнгөн болон мөнгөн бус эд зүйлс авсан бол ноцтой зөрчилд тооцно гэж заасан байна. /хх-ийн 9-10 дугаар тал/

Ажил олгогчын зүгээс ажилтны гаргасан ноцтой зөрчил гэж үзэж байгаа өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд рүү гүйлгээ хийсэн эс үйлдэхүй нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарна гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдохгүй байна.

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалж болно гэж заасан.

Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт гэх баримтуудаар ажилтан М.Ц нь ажил олгогчийн мөнгө буюу эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, захиран зарцуулах эрх бүхий этгээд биш байх бөгөөд энэ үндэслэлийг тушаалд зааж хөдөлмөрийг гэрээг цуцласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

6.Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөх тушаалдаа Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.4.4 дахь заалтыг зөрчсөн гэжээ.

Х байгууллагад-ын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.4.4-т ажилтан нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон ажилтныг ажлаас чөлөөлнө гэж заасан байна. /хх-ийн 53 дугаар тал/

Гэвч ажилтан М.Ц-ын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд 9,506,000 төгрөгийн үнийн дүн бүхий гүйлгээ хийсэн үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлд хамаарахгүй байна.

Тодруулбал, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх, давтан гаргасан зөрчлүүдийн хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийг сахилгын шийтгэл ногдуулахаар байна.

Иймд нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцласан нь үндэслэлгүй байх бөгөөд мөн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо дуусгавар болгсон үндэслэлийг тодорхой заагаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Дурдсан үндэслэлүүдээр ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул М.Ц-ыг урьд эрхэлж байсан Х байгууллагад-ын Төслийн ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... олговор олгох ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тодорхойлно гэж зааснаар 2023 оны 2, 3, 4 дүгээр сарын дундаж цалин хөлс нь 10,190,321 төгрөг байх бөгөөд нэг сарын дундаж цалин хөлс 3,396,773 төгрөг байна. 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоход нэг өдрийн /3,396,773:21.2/=160,225 төгрөг үүнийг ажилгүй байсан 251.7 хоногт тооцож, 40,337,421 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь М.Ц-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 40,337,421 төгрөгийг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 хэсэгт зааснаар хариуцагчаас 359,637 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                                                                            ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Ц-ыг Х байгууллагад-ын төслийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Х байгууллагад-с нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 40,337,421 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ц-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц болон хариуцагч Х байгууллагад-ын төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг хариуцагч Х байгууллагад-д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Х байгууллагад-с улсын тэмдэгтийн хураамжид 359,637 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА