Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж Улсын яллагч: Н.Цогтбаяр Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал Хохирогчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг Шүүгдэгч: Б.Энхбаатар Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батжаргалын Энхбаатарт холбогдох 201603000407 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1961 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, эрэгтэй, 55 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын 5 дугаар багийн Зэгстэй Орхон хорооллын 03-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Батжаргалын Энхбаатар /РД:АЖ61081511/ Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Б.Энхбаатар нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын 5 дугаар баг Зэгстэй Орхон хорооллын 02-12 тоот хашааны гадна тус сумын иргэн Ц.Ганхуягтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу мөнгө нэхлээ гэх асуудлаас болж маргалдан, улмаар түүнийг авто машины дугуй тайлах зориулалттай /дорцоов/-оор толгойн дух хэсэг газар нь цохиж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Энхбаатарын мэдүүлсэн: Миний биеийн байдал муу байгаа бөгөөд энэ хэрэг Ц.Ганхуягаас болсон. Ц.Ганхуяг гаднаас орж ирээд миний тархи толгой руу хүчтэй цохьсон. Би яаж юугаар цохисон талаар санахгүй байна. Намайг цохьсоны маргааш нь миний нүүр маш их хавдсан. Ц.Ганхуяг манай гэрт согтуу орж ирээгүй байсан бол би хэрэгт холбогдохгүй байсан. Би хүн зодох нь битгий хэл зодуулчихдаг хүн байгаа юм. Ц.Ганхуяг бол их танхай хүн, манай сумынхан бүгд мэднэ гэв. Мөрдөн байцаалтын шатанд 201603000407 дугаартай эрүүгийн хэргээс: Хохирогч Ц.Ганхуягийн мэдүүлсэн: ...2016 оны 09 сарын 16-ны өдөр би Өгийнуур сумын төвд 11 цагийн үед явж байгаад Батжаргал овогтой Энхбаатар гэдэг нутгийн танил залуутай тааралдсан. Энхбаатар намайг хужир хамаад машинд ачаад, Цэнхэр сум оруулж мод аваад ирье гэж хэлсэн. Тэгээд Өгийнуур сумын баруун талаас хужир ачаад Цэнхэр сум орж нэг айлд буулгаад Цэнхэр сумын алтны уурхайн наад талд нэг айлд очиж мод ачаад буцаж Өгийнуур суманд ирж нэг айлд мод буулгаад Энхбаатарын гадаа ирсэн. Надад Энхбаатар 10.000 төгрөг өгөхөөр нь Ерөөл нэртэй 0.5 граммтай архи, нэг тамхи аваад архиа Дүгэрээ гэх хүнтэй хувааж уусан. Тэгтэл Энхбаатар ирээд намайг пизда гээд хараагаад нүд рүү гараараа нэг удаа цохиод, духан дээр алх шиг хатуу юмаар 2 удаа цохьсон. Миний духнаас цус ихээр гарсан, бас хамраас цус гараад байхаар нь Энхбаатарын гэрийн гаднаас алхаад эмнэлэг орж оёдол тавиулсан. Одоо толгой эргээд байгаа, цус их алдсан учраас бие сул байгаа, 2 нүд хөхөрсөн, духан дээрээ 4 оёдол тавиулсан, дух цаашаа цөмөрсөн байж магадгүй, Улаанбаатар хот руу явах шаардлагатай гэж эмч хэлсэн. Намайг Энхбаатар зодож байхад Энхбаатарын төрсөн дүү Бямбасүрэн, Шинэбазар нар байсан. Энхбаатар надтай модонд явж ирчихээд дахиад модонд явна гээд байсан, би мөр мултарсан байсан болохоор гар өвдөж байна, гадаа бороо, цас орж магадгүй байна гээд архи уучихсан юм. Энхбаатар намайг дахиад модонд авч явах гээд архи уусан болохоор уурлаж зодсон байх гэж би бодож байна. Би 2016 оны 08 сард халтирч унаад зүүн мөрөө мулталсан байсан бөгөөд мултарсан мөрөө оруулж чадаагүй байж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 20-нд аймгийн эмнэлэг дээр ирж оруулсан. Хэрэг болох үед би мултарсан мөртэй байсан болохоор Энхбаатарыг цохиж зодоогүй. Энхбаатар бид хоёр бага наснаасаа эхлэн нэг нутагт байсан нэг нутгийн хэвийн харилцаатай танил хүмүүс. Өр авлага, өс хонзон гээд байх зүйл байхгүй. Энхбаатар архи уугаагүй эрүүл байсан. Энхбаатар гэрийнхээ хашааны гадна талд намайг зогсож байхад ирээд гараараа нүд рүү нэг удаа цохьсон. Би тэр үед архи уусан согтуу байсан болохоор газар уначихсан бөгөөд газар хэвтэж байхад алх шиг хатуу төмөр мэт зүйлээр духан дээр 2 удаа цохиж авсан. Миний 2 нүд хөхөрсөн болохоор Энхбаатар миний 2 нүд рүү нэг, нэг удаа цохьсон байх гэж бодож байна. Хэрэв Энхбаатар миний нүд рүү өшиглөсөн бол миний нүд тэс цохигдох байсан байх. Би Энхбаатараас эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/ Хохирогч Ц.Ганхуягийн дахин мэдүүлсэн: ...Миний өмнө нь ярьсан зүйлс үнэн зөв байсан. Би өмнө нь өгсөн мэдүүлгээ санаж байна. Би Улаанбаатар хот руу явж тархины хүнд хагалгаанд ороод одоо биеийн байдал бага ч гэсэн дээрдэж байна. Одоогоор эмчилгээний зардал гэж 5 орчим сая төгрөг болчихсон байгаа. Би эмчилгээний зардлаа Энхбаатараас нэхэмжилсэн чинь 1-2 сая төгрөг авчих, тэгээд тохиръё гэсэн байдалтай юм яриад байгаа юм. Энхбаатар нь намайг эмнэлэгт хэвтэж байхад Архангай аймгийн төвд миний эгч Чимгээгийн байсан айлд очоод авгай минь худлаа баримт бүрдүүлээд мөнгө нэхээд байна уу гэсэн утгатай юм ярьж доромжилсон байсан. Тэгээд намайг эмнэлэгт хэвтэж байгааг мэдсээр байж чиний дүү бэлцэн Ганхуяг хаана байгаа юм гэж хэлсэн байсан. Би Энхбаатарт хатуурхахгүй гэж бодож байсан боловч намайг болон намайг сахиж байгаа хүмүүсийг элдэвээр хэлж яваад байгаад гомдолтой байна. Б.Энхбаатар намайг ямар хүнд хагалгаанд ороод хөл дээрээ босч байгааг мэдэхгүй байх шиг байгаа юм. Тэгээд намайг худал баримт бүрдүүлж мөнгө нэхээд байна гэж элдэв үг хэлээр доромжлоод байх шиг байна. Би эмчилгээнд гарсан бүх зардлаа баримтаар нь бүрдүүлж гарсан мөнгөн дүнгээ нэхэмжлэх болно. Би эмчилгээний мөнгийг л нэхэмжилнэ, би өөр зүйл нэхэмжлэхгүй. Гэхдээ одоо эмчилгээнд хэдэн төгрөг гарсан, цаашид хэдэн төгрөг гарахыг хэлж мэдэхгүй байна. Би одоо эмчилгээнд зарцуулсан мөнгөн дүнгээ баримтаар нь бүрдүүлж нэхэмжилнэ. Ойролцоогоор 5 сая орчим төгрөг нэхэмжлэх байх. Би хэрэг болдог өдөр Дугарсүрэн ахтай нэг шил архи задлаад би өөрөө ихэнхийг нь уусан. Харин Дугарсүрэн ах намайг харж байхад ганц хоёр татаж байх шиг байсан. Тэгээд Энхбаатарт зодуулахын өмнөхөн хав хочит Шинэбазарын гэрт тал шил архи уусан. Би өөр хүнтэй архи уугаагүй. Намайг Энхбаатар гэрийн гадна талд зогсож байхад Энхбаатар миний нүд рүү эхлээд нэг удаа гараараа цохиод тэгээд намайг газар суусан байхад хөлөөрөө нүд рүү нэг удаа өшиглөх шиг болсон. Тэр үед Энхбаатарын төрсөн дүү Бямбасүрэн нь ирээд надаас Энхбаатарыг салгаж авсан. Тэгээд Энхбаатар буцаж ирээд намайг газар сууж байхад алх шиг хатуу төмөр юмаар миний духан дээр 2 удаа цохьсон. Тэгээд миний хамраас цус маш ихээр гараад би хэсэг ухаан алдаж, сэргээд хөл дээрээ босоод эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэг явах замдаа 5-6 удаа амарч суугаад, цусаа гоожуулаад явсан, замдаа би урсаж байгаа цусаа угааж байгаад арай гэж эмнэлэг орсон. Миний хөл салганаад дахин ухаан алдах гээд байсан. Би Дугарсүрэн ахтай хамт архи уусан. Гэхдээ Дугарсүрэн ах миний авч өгсөн архинаас нэг их уугаагүй байх, ганц нэг удаа л авсан байх. Дугарсүрэн ах яагаад надтай хамт архи уугаагүй гэж мэдүүлээд байгааг би мэдэхгүй байна. Би тухайн үед болсон асуудлыг л ярьсан. Би Дугарсүрэн ахтай 0.5 граммтай Ерөөл нэртэй архи уусан, гэхдээ ихэнх архийг нь би ганцаараа уусан. Дараа нь хав хочит Шинэбазартай 0.5 граммын архины талыг хувааж уусан. Тийм болохоор би болж байгаа үйл явдлыг хэвийн санаж мэдэж байсан бөгөөд дунд зэргийн согтолттой байсан. Энхбаатар надад мөнгө өгч байгаа, одоогийн байдлаар эмчилгээнд 1.800.000 төгрөг Энхбаатараас авсан байгаа. Хэрэг болох үед миний зүүн мөр мултарсан доошоо байсан болохоор би ямар ч хүнтэй маргалдаж зодолдох боломжгүй байсан. Би Энхбаатарт гар хүрээгүй, би гэрт нь орсон, тэр үед архи уугаагүй эрүүл байсан. Би архи уусан согтуу байхдаа Энхбаатарын гэрт нь ороогүй. Би Энхбаатарын хоолойг боогоогүй, нүүр рүү нь цохиогүй. Энхбаатар өөрийгөө хамгаалах гэж аргагүй хамгаалалт хийсэн гэж байгаа нь худлаа, би Энхбаатарт ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Надад эсэргүүцэл үзүүлэх боломж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/ Хохирогч Ц.Ганхуягийн дахин мэдүүлсэн: ...Миний өмнө нь ярьсан зүйл үнэн зөв байсан. Би өмнө нь өгсөн мэдүүлгээ санаж байна. Энхбаатар бид хоёр Дугарсүрэн өвгөний хашаанд мод буулгаад машинаараа Энхбаатарын гэрт очсон юм. Тэр үед Энхбаатар надад 10.000 төгрөг өгсөн бөгөөд би тэр мөнгөөр нь жижиг шилтэй Ерөөл нэртэй архи, нэг хайрцаг Улаан шонхор тамхи худалдаж авсан юм. Тэгээд Энхбаатарын хашаанд ороод Ширбазарын гэрт эхэлж ороод Ширбазарын хийж өгсөн 3 хундага архийг уучихаад Энхбаатарын гэрт орсон. Тэр үед Дугарсүрэн өвгөн Энхбаатарын гэрт ирчихсэн байсан бөгөөд 0.5 граммын Ерөөл нэртэй архи задалж өгсөн, тэр архинаас Энхбаатар уугаагүй бөгөөд би Дугарсүрэн ахтай хамт хувааж уусан. Түүний дараа би өөрийнхөө авсан жижиг шилтэй Ерөөл архийг задалж уусан. Миний задалсан архинаас Дугарсүрэн ах ганц авсан байж магадгүй гэж бодож байна. Би Дугарсүрэн ахыг задалсан архинаас уухыг хараагүй. Тэгээд Дугарсүрэн ах Энхбаатарын гэрээс гараад явсан, харин би Энхбаатарын хашааны гадаа сууж байтал замын машины жолооч машиныхаа нумтай голыг төмөр бүдүүн тороосоор боох гээд байхаар нь би тэр жолоочид нарийн тороосоор боогооч гэж хэлтэл Энхбаатар намайг дуугай бай, чи юугаа мэддэг юм гэж үг хэлээр доромжилсон. Тэгээд хэсэг байж байгаад Энхбаатар миний нүүр рүү цохиж зодсон. Түүнээс хойш болсон асуудлын талаар би мэдүүлгээ нэг бүрчлэн өгчихсөн байгаа. Хэрэг болох үед би дунд зэргийн согтолттой байсан бөгөөд болж буй үйл явдлыг мэдэж байсан, миний санаж байгаагаар намайг 16 цагийн үед зодсон байх гэж бодож байна. Энхбаатар намайг зодож байхад Ширбазар байгаагүй байж магадгүй гэхдээ дараа нь харагдаж байсан санагдаж байна. Харин Бямбасүрэн хэрэг болох үед тэнд байсан бөгөөд Энхбаатарыг надаас салгаж цааш авч явж байсан. Би тэрийг санаж байна. Энхбаатар намайг зодож байх үед тэр замын машин байгаагүй байх гэж бодож байсан. Хоёр ширхэг хөх өнгийн портер маркийн машин байсан санагдаж байна, харин улсын дугаарыг нь санахгүй байна, мөн жолооч нарыг нь танихгүй хүмүүс байсан шиг санагдаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/ Гэрч Ц.Эрдэнэчимэгийн мэдүүлсэн: ...Ганхуяг бол миний төрсөн ах, харин Энхбаатар гэх хүнийг өмнө нь таньдаггүй байсан. 2016 оны 09 сарын 22-ны өглөө аймгийн эмнэлэг дээр байхад өөрөө ирээд би Ганхуягийг цохьсон хүн нь байна гэж ирэхэд нь анх харж, таньдаг болсон. Би эрх, үүргээ ойлгосон. Мэдүүлэг өгнө. 2016 оны 09 сарын 17-ний өдөр намайг Улаанбаатар хотод байхад миний эгч Чимгээ над руу утсаар яриад Ганхуяг ахын бие муу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Өгийнуур сумын эмч рүү утсаар ярьтал Ганхуяг ахыг хүнд зодуулсан байдалтай эмнэлэгт ирсэн, бие нь муу байна, хот руу авч явах гээд унаа олдохгүй байна гэж хэлсэн. Би 2016 оны 09 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймагт ирсэн бөгөөд ах Ганхуягийг Өгийнуур сумаас мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирч хэвтүүлсэн байсан. Одоо Ганхуяг ахын хоёр нүд хөхөрч хавдсан, духан дээрээ цөмөрсөн мэт шархтай, оёдол тавиулсан, бүх биеэр нь өвдөлттэй байгаа. Улаанбаатар хот руу яаралтай явуулж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч нар хэлсэн болохоор гэмтлийн эмнэлэг рүү авч явж нарийн шинжилгээ, оношлогоо хийлгүүлнэ. Энхбаатар гэдэг хүн намайг аймгийн эмнэлэгт ах Ганхуягийг сахиад байж байхад өөрөө ирээд би, чиний ах Ганхуягийг цохьсон хүн байна, би 3 жилийн өмнөөс архины код хийлгүүлээд архи уухгүй байсан чинь тэр өдөр архи уугаад ахыг чинь цохьчихсон байна, хот руу авч явах унааг чинь олъё, эмчилгээний зардал мөнгийг гаргана гэж хэлсэн. Тийм болохоор миний ах Ганхуягийг Энхбаатар гэдэг хүн цохиж зодсон гэж би бодож байгаа. Миний төрсөн ах Ганхуяг нь 1964 онд Архангай аймгийн Өгийнуур суманд мал маллаж, аав, ээж дээрээ өссөн. Тэрээр 10 жилийн сургуулиа Өгийнуур суманд сурч төгсөөд Улаанбаатар хотод мэргэжил сургалтын сургуульд сурч төгсөж байсан. Миний ах Туул гэх эмэгтэйтэй гэр бүл болж, нэг хүүхдийн аав болсон бөгөөд Туул нь олон жилийн өмнө өвчний улмаас нас барсан юм. Ганхуяг ахын нэг хүү нь одоо Улаанбаатар хотод хувиараа ажил хийж амьдарч байгаа. Ганхуяг ах Улаанбаатар хотод манай гэрт амьдардаг байсан бөгөөд 1 сарын өмнө манай гэрээс Увс аймаг явлаа гээд гарсан юм. Тэгтэл Өгийнуур суманд ирчихсэн байсан. Ганхуяг ах Өгийнуур сум болон манай гэр хоёрын хооронд ирж очоод байдаг байсан. Ганхуяг ах зан байдлын хувьд үг дуу цөөнтэй, архи уучихдаг, уухаараа үг сөрөөд байдаг, өөрийнхөөрөө зөрүүд зантай хүний хэлснээр зарагдаад яваад өгдөг бөгөөд хэн ч байсан, тийм ажил байна хамт яваад ирье гэхэд за гээд хаашаа ч хамаагүй ажил хийгээд дагаад явчихдаг зантай хүн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/ Гэрч Д.Чимгээгийн мэдүүлсэн: ...Ц.Ганхуяг бол миний төрсөн дүү, Б.Энхбаатар манай нутгийн танил хүн байгаа юм. 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өгийнуур сумын эмч Уранчимэг над руу утсаар яриад миний дүү Ганхуягийг хүнд зодуулаад маш хүнд эмнэлэгт байна гэж хэлсэн. Тухайн үед би Төвшрүүлэх суманд самар түүж явж байсан болохоор шууд очих боломжгүй байсан юм. 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр унаа олдож, уулнаас буугаад Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж дүү Ганхуягийг сахиж хоносон. Ганхуяг хэлэхдээ Энхбаатар ах намайг алх шиг юмаар духан дээр цохьсон, бас гараараа нүд рүү 2 удаа цохьсон гэж хэлсэн бөгөөд Ганхуягийн хоёр нүд нь хөхөрч хавдсан, духан дээрээ цөмөрхийтэй болчихсон байсан, эмч нар Ганхуягийг Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хөөгөөд байгаа тул Ганхуягийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Энхбаатарын хамт хот руу авч явахаар болсон. Энхбаатар надтай ирж уулзаад би Ганхуягийг архи уучихсан байхдаа цохьчихсон юм, одоо яах вэ, эмчилгээний зардал мөнгийг өгнө гээд байсан. Одоо Ганхуягийн байдал сайнгүй байгаа. Миний төрсөн дүү Ганхуяг нь Улаанбаатар хотод дүү Эрдэнэчимэгийн гэрт амьдарч байгаад 2016 оны 08 дугаар сард манай гэрт ирсэн бөгөөд манайд сар орчим амьдарч байгаа юм. Ганхуяг цагаан цайлган сэтгэлтэй, хүний үгээр байдаг, хүнд тусламтгай зантай, архи хааяа уучихдаг юм. Ганхуяг нь 4 хүүхэдтэй айлын 3 дэх хүүхэд болон 1964 онд төрсөн. Энхбаатар архи уудаггүй код хийлгэсэн гэж яригдаад байсан бөгөөд сүүлийн үед архи уухаа больчихсон байсан юм. Би Энхбаатарын талаар өөр тодорхой мэдэхгүй, Өгийнуур суманд хувиараа юм хийгээд яваад байдаг хүн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/ Гэрч Д.Дугарсүрэнгийн мэдүүлсэн: ...Би эрх, үүргээ ойлгосон. Энхбаатар бид хоёр худын харилцаатай миний хүү Энхбаатарын дүүтэй гэр бүл болсон. Ганхуягийг нутгийн хүн болохоор нь таньдаг, садан төрлийн холбоо байхгүй. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 9-10 цагийн үед Энхбаатар өөрийнхөө хөх өнгийн ачааны портер машинд мод аччихсан Ганхуягтай хамт явж байсан. Энхбаатар намайг мод авах уу гэхээр нь үзэж байгаад 140.000 төгрөгөөр мод авч, Энхбаатар болон Ганхуяг нараар хашаандаа буулгуулсан. Энхбаатар, Ганхуяг хоёр машинтай яваад өгөхөөр нь би араас нь гэрт байсан 0.5 граммтай Ерөөл нэртэй архиа аваад Энхбаатарын гэрт очсон юм. Энхбаатар дахиад мод авах юм яриад байхаар нь би мод захих санаатай очсон юм. Намайг Энхбаатарын гэрт ороход Ганхуяг хажуугийн айл руу буюу Ширбазарын гэрт ороод архи уучихсан байдалтай байсан. Тэгээд би авч ирсэн нэг шил архиа задалж 2-3 удаа уусан, үлдсэнийг нь Ганхуяг уусан байх, харин Энхбаатар огт архи уугаагүй. Би архи дууссаны дараа гэр рүүгээ явсан, харин Ганхуяг ганцаараа яваад өгсөн. Би өөр зүйл мэдэхгүй. Би анх сумын хэсгийн төлөөлөгчид мэдүүлэг өгөхдөө сандраад архи уугаагүй, гэртээ байсан гээд худлаа ярьчихсан юм. Одоо үнэн мэдүүлж байна. Би Ц.Ганхуягтай хамт архи уусан нь үнэн, би нас дээр гарсан учраас зарим зүйлээ мартаж санаад байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/ Гэрч Х.Должинсүрэнгийн мэдүүлсэн: ...Би Ц.Ганхуяг гэх хүнийг танихгүй. Энхбаатар бол миний төрсөн дүү Цогзолмаагийн нөхөр болохоор би таньдаг. Энхбаатар миний төрсөн дүү Цогзолмаатай гэр бүл болсон манай хүргэн бөгөөд 3 хүүхэдтэй, Өгийнуур суманд хэдэн мал маллаж амьдардаг. Тэрээр зан байдлын хувьд даруухан, үг дуу цөөнтэй, дуу муутай, мөрөөрөө явж байдаг хүн. Энхбаатар архи уугаад байдаггүй болохоор тэгсэн, ингэсэн гэж агсан согтуу тавьсан талаар дуулдаад байдаггүй. Энхбаатар нэг хүн зодсон гэнээ, тэр зодуулсан хүн нь аймгийн эмнэлэгт байгаа гэнэ гэсэн яриа гарсан байхаар нь би аймгийн эмнэлэг дээр иртэл Энхбаатар эмнэлгийн гадаа сууж байсан. Би Энхбаатараас юу болсон талаар асуутал би хашаан дотроо байж байтал Ганхуяг гаднаас орж ирээд архи, мөнгө нэхээд байсан тэгэхээр нь би архи уусан согтуу байхдаа машины дугуйн дорцоовоор цохьчихсон юм гэж ярьж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/ Гэрч Б.Бямбасүрэнгийн мэдүүлсэн: ...Би эрх, үүргийг ойлгосон. Энхбаатар миний төрсөн ах юм. Ц.Ганхуягийг нэг нутгийн хүн болохоор нь таньдаг найз нөхдийн холбоотой хүмүүс. Би Архангай аймгийн Өгийнуур сумын төвд айлын мал маллаж амьдардаг. 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр би Өгийнуур сумын төвөөс Улаанбаатар хот руу ажил гарч, явах болчихоод өдөр 14 цагийн үед Өгийнуур сумын төв ороод төрсөн ах Энхбаатарын гэрт очтол хүн байхгүй өвсөнд явна гээд явчихсан гэж байсан. Би замын танихгүй машинд суугаад Улаанбаатар хот руу явчихсан. Намайг Улаанбаатар хотод оччихсон байхад миний ах Энхбаатар нь Ганхуягийг зодчихсон гэнээ гэж сонсогдсон. Өөр зүйл мэдэхгүй. Би хэрэг болох үед тэнд байгаагүй. Ганхуяг нь Энхбаатар эхлээд миний нүд рүү цохьсон гэж худал мэдүүлсэн байна. Би хэрэг болсныг дараа нь мэдсэн. Би хэрэг болдог өдөр болон тэрнээс өмнө ч уулзаж байгаагүй. Ганхуяг яагаад намайг тэнд байсан гэж мэдүүлээд байгааг мэдэхгүй байна. Улаанбаатар хотод миний дүүгийн хурим болоод би хот руу замын машинтай явсан. Миний ах Энхбаатар 1961 онд төрсөн, айлын 4 дэх хүүхэд бөгөөд мал маллаж амьдардаг юм. Тэрээр эхнэр хүүхдийн хамт Өгийнуур суманд амьдардаг, зан байдал нь хэвийн хүн. Ганхуяг миний цэргийн он жав боловч нэг их нийлээд байдаггүй. Зан байдлын хувьд хэвийн л юм шиг санагддаг, байнга шахам архи уучихсан явдаг. Энхбаатар ахын хашаанд байдаг Ширбазар надад Энхбаатар ахыг өвсөнд явсан гэж хэлсэн шиг санагдаж байна. Энхбаатар ахын гэрт хүн байгаагүй. Ганхуяг нь 2011 онд миний охиныг 14 настай байхад хүчиндэж цагдаад шалгагдаж байсан бөгөөд тухайн үедээ надаас гуйсаар байгаад Ганхуяг ял авалгүй салж байсан юм. Би Ганхуягаас тухайн үедээ мөнгө авч байгаагүй, нутгийн таньдаг найз нөхөд гэж бодоод уучилж байсан юм. Одоо Ганхуяг миний ахаас их хэмжээний мөнгө нэхэж байгаад би гайхаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/ Гэрч Б.Ширбазарын мэдүүлсэн: ...Би эрх, үүргийг ойлголоо. Би Ц.Ганхуяг, Б.Энхбаатар нарыг нэг нутгийн хүмүүс болохоор нь таньдаг. Садан төрлийн харилцаа холбоо байхгүй. Би Архангай аймгийн Өгийнуур сумын төвд Энхбаатарын хашаанд гэр барин амьдардаг юм. Энхбаатарынх хөдөө гэртэй болохоор сумын төвийн хашаанд нь хоосон байшин байдаг бөгөөд манайх хашаан дотор нь гэр бариад байдаг юм. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны үеэр өглөө 10 цагийн үед би гэртээ ганцаараа байж байтал Ганхуяг манай гэрт ганцаараа орж ирээд би Энхбаатартай хамт хужир ачаад мод авч ирсэн бөгөөд тэр модоо Дугар өвгөнийд буулгасан, одоо өвсөнд явна гэж ярьж байсан. Би гэртээ талаас доогуур хэмжээтэй байсан Ерөөл нэртэй 0.5 граммын архинаас 2 хундагийг Ганхуягт хийж өгсөн. Манайд байсан архи угаасаа 2 хундаг хийгээд л дуусчихсан бөгөөд би тэр архинаас би өөрөө уулгүй, Ганхуягт хийж өгөөд дуусгасан. Тэгээд би мотоциклио унаад мал руугаа яваад өгсөн. Ганхуяг Энхбаатарын гэр рүү орж байх шиг байсан. Тэгээд маргааш өдөр нь би гэртээ байж байтал Энхбаатар нь Ганхуягийг зодчихсон гэнээ, тэгээд өвсөндөө яваад алга болчихсон ирэхгүй байгаа гэнээ гэж сонсогдсон. Би өөр мэдэх зүйл байхгүй. Ганхуяг архи уугаагүй болов уу гэмээр эрүүл гадна харагдах байдлын хувьд хүнд зодуулсан гэмээр зүйлгүй хэвийн харагдаж байсан. Мөн үг хэл яриа нь хэвийн л байсан. Энхбаатар нь өмнө архи нилээн уудаг байсан бөгөөд нэг жил орчмын өмнөөс архины эмчилгээнд ороод архи уухаа больсон юм. Зан байдлын хувьд ямар нэгэн буруу зангүй, мал маллаж амьдардаг хүн юм. Ганхуяг нь Өгийнуур суманд нэг их байгаад байдаггүй Улаанбаатар хотод голдуу амьдардаг, хааяа Өгийнуур суманд ирчихсэн байдаг, заримдаа архи уучихсан явж байгаа харагддаг. Хүмүүс байнга архи уудаг гэж яриад байдаг ч Ганхуяг хааяа л архи уучихсан явж байгаа харагддаг. Зан байдлын хувьд хар буруу зүйлгүй хэвийн хүнтэй харилцаатай байдаг хүн. Ганхуяг манай гэрт өглөө 10 цагийн үед орж ирээд архи уусан. Би өглөө эхнэрээ ажилд нь хүргэж өгчихөөд гэртээ ганцаараа сууж байсан, хөдөө явах гэж байсан болохоор цагийн багцаа надад байсан. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны үеэр манайд орж ирээд архи уугаад гарахаасаа өмнө мөрөө өөрөө мулталчихсан оруулаагүй гэж ярьж байсан, яг хэзээ мөрөө мулталсан гэдгийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35 хуу/ Гэрч Г.Цогзолмаагийн мэдүүлсэн: ...Би эрх, үүргийг ойлгосон. Энхбаатар бол миний нөхөр, Ц.Ганхуягийг нэг нутгийн хүн болохоор таньдаг. Би нөхөр Энхбаатарын талаар мэдүүлэг өгнө. Би болсон хэргийн талаар нь мэдэхгүй. Сумын цагдаа Энхбаатарыг надаас асуугаад хаана байгааг нь сураад байхаар нь юу болсон талаар асуутал Энхбаатар Ганхуягийг зодсон байна гэж хэлж байсан. Тухайн үед Энхбаатар өвсөнд явчихсан, холбоо барих утасгүй байсан бөгөөд 5 орчим хоногийн дараа ирж сумын цагдаатай уулзаж байсан. Тэгээд Ганхуягийг сумын эмнэлгээс аймаг болон Улаанбаатар хотын эмнэлэг рүү явуулж эмчилгээ хийлгүүлсэн. Ганхуягт манайх 1.800.000 төгрөг өгсөн байгаа. Одоо Ганхуяг манайхаас дахин мөнгө нэхээд байгаа. Би нөхөр Энхбаатартай 1986 онд албан ёсоор гэр бүл болж 3 хүүхдийн аав, ээж болсон. Миний нөхөр Энхбаатар зан байдлын хувьд төлөв түвшин дөлгөөн зантай, өмнө нь архи ихээр уудаг байж байгаад архины код эмчилгээнд 2015 онд орсон. Тэр цагаас хойш цочир ууртай болчихсон юм шиг надад санагддаг болсон. Мөн 5 орчим жилийн өмнө мотоцикльтой явж байгаад онхолдож толгойндоо гэмтэл авч эмнэлгээр явж байсан, тэрнээс хойш толгой тархи нь өвддөг, эмнэлгийн хяналтанд байдаг бөгөөд группт байдаг. Ганхуяг нь тааралдах бүрт архи уусан согтуу явж байдаг бөгөөд архины мөнгө нэхээд байдаг хүн юм, зан байдлын хувьд хүн амьтантай муудалцаж зодоон маргаан хийж явдаг гэж сонсогдож байсан, хааяа нүүр ам, нүд нь хөхөрсөн явж байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/ Гэрч Ц.Лувсандамбын мэдүүлсэн: ...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Би Энхбаатар ахыг таньдаг. Ц.Ганхуяг гэх хүнийг танихгүй, садан төрлийн холбоо байхгүй. Би Энхбаатар ахтай ярьж байгаад хужир аваад оронд нь хэрэглэж буй түлшний модоо өгөхөөр тохирсон юм. 2016 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр Энхбаатар ах манай гэрт нэг ахтай хамт ирээд хужир буулгаж өгөөд өөрийнхөө машин дээр манай хэрэглэж байсан түлшний модыг ачаад явсан. Би Энхбаатар ахыг хужир авч ирээд буулгаад явах үед нь гэртээ байгаагүй бөгөөд манай хүүхдүүд гэрт байсан, тэд нар Энхбаатар ахыг нэг хөгшин хүнтэй хамт ирээд явсан гэж ярьж байсан. Би өөр зүйл мэдэхгүй. Намайг хүмүүс Улаанаа гэж дууддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/ Гэрч З.Гантулгын мэдүүлсэн: ...Би эрх, үүргийг ойлгосон, асуух зүйл байхгүй. Ц.Ганхуяг гэх хүн анх 2016 оны 09 дүгээр сарын 16-ны орой хүнд зодуулсан байдалтай согтуу ирээд, толгойгоо боолгочихоод шууд гараад явсан гэсэн. Тухайн үед сувилагч Баттөмөр эгч эмнэлэг дээр гарч байсан бөгөөд эмчилгээ хийлгэсэн. Маргааш нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн үед намайг ойрын дуудлагатай явж байхад манай эх баригч эмч над руу залгаад манайд хүнд зодуулсан хүн ирээд үзүүлье гэж байна гэхээр нь би дуудлаганд явж ирээд 19 цагийн үед эмнэлэг дээр ирээд хүнд өвчтэй хүнээ хэвтүүлчихээд байж байсан чинь Ц.Ганхуяг гэх хүн үүдний саарал сандал дээр байж байсан, эмнэлгийн сторыг авч ирэх гэж орчихоод буцаад гараад ирэхэд явчихсан байсан. Тэгээд тэр шөнө буюу 2016 оны 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 03 цагийн үед гэртээ унтаж байсан чинь манай эх баригч эмч Уранчимэг над руу залгаад нөгөө хүн чинь нэг л биш байна, сая эмнэлэг дээр ирлээ биеийнх нь байдал муу байна гэхээр нь би босоод эмнэлэг дээр ирсэн чинь Ц.Ганхуяг гуайн биеийн ерөнхий байдал хүнд, орчиндоо харьцаатай, ухаан санаа орж гарсан, хамаг хувцасаа тайлчихсан, хоёр нүд хавдаж хөхөрсөн, духан дээрээ шархтай, зүрхний авиа тод, хэм жигд, пүлс 76, сатураци 96 хувьтай, артерын даралт 140/90, 135/90-тэй байсан. Мөн архи бага зэрэг үнэртүүлсэн байдалтай байсан бөгөөд тайвшруулах тариа, унтуулах тариа, хордлого тайлах тарианууд хийж эмчилсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн үед дахин биеийг нь үзэхэд хоёр, гуравдугаар шатлалд үзүүлэн онош тодруулах шаардлагатай байсан. Ц.Ганхуяг гуай юу болсон талаараа ерөөсөө ярихгүй байна лээ, би тэр талаар асуусан чинь мэдэхгүй л гээд байсан. Би одоо сайн санахгүй байна, ямар ч байсан сувилагч Баттөмөр өвчин намдаах тариа хийж толгойг нь боож, духны хэсэгт нь оёдол тавьсан гэсэн байх...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/ Гэрч Б.Баттөмөрийн мэдүүлсэн: ...Би эрх, үүргийг ойлгосон, асуух зүйл байхгүй. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн үед намайг жижүүрээс буух гэж байхад Ц.Ганхуяг нь өөрийн ухаан байхгүй байсан бөгөөд юм асуухад хариулж байсан. Түүний толгой нь нилдээ цус болсон, духны арьс нь язраад цус нилээн гарсан, хамаг хувцас нь цус болсон байдалтай ирсэн. Би тэгээд цусыг нь цэвэрлээд 7-8 оёдол тавьж өгчихөөд би жижүүрээс буусан. Ц.Ганхуягийг хэнд зодуулсан юм гэж асуусан чинь та нарт ямар хамаатай юм гээд уурлаад хэлэхгүй байсан. Ганхуяг өөрөө ганцаараа явж чадаж байсан, түүний хоёр нүд нь хавдчихсан, дух нь ярагдаж цус гарсан байсан. Маргааш орой нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 17-ны орой намайг жижүүрт гарч байхад дахиад эмнэлэг дээр өөрийн гэсэн ухаангүй, хаана, яаж өвдөж байгаагаа ч мэдэхгүй ирсэн. Ц.Ганхуяг маргааш нь ирэхдээ дахин гэмтэл аваагүй, ухаан санаа нь орж гарсан байдалтай ирсэн. Тухайн өдөр Сугарсүрэнгийнд өдөржин унтсан гэсэн. Тэгээд орой нь бие нь өвдөөд дэмийрээд байхаар нь эмнэлэг дээр авч ирсэн гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/ Гэрч Д.Сугарсүрэнгийн мэдүүлсэн: ...Би эрх, үүргийг ойлгосон, асуух зүйл байхгүй. Би Ц.Ганхуягтай ах дүүгийн хүүхдүүд байгаа юм. Харин Б.Энхбаатартай садан төрлийн холбоо байхгүй. Би гэрчийн мэдүүлэг өгнө. 2016 оны 09 дүгэрэ сарын 16-ны орой 21 цагийн үед манайд ирсэн. Тэгэхэд би хүн хүргэж өгчихөөд 22 цагт гэртээ ирсэн чинь манай урд талын өрөөнд ороод унтчихсан. Тэгээд би маргааш нь аажуу босоод гэр орноо жаахан цэвэрлэж байгаад Ц.Ганхуягийг харсан чинь толгойгоо бинтээр ороочихсон, хоёр нүд нь хавдчихсан байсан. Тэгээд би наад толгой, нүд амаа яасан юм гэсэн чинь хүнд лантуугаар цохиулчихсан гэхээр нь хэнд цохиулсан юм гэсэн чинь тэр талаараа ерөөсөө хэлэхгүй байсан. Тэгээд тэр өдрөө буюу 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр манайд өдөржин байсан бөгөөд хоол унд нэг идэхгүй, цай уугаад байгаад байсан. Тэгээд орой 17 цагийн үед эмнэлэг орж тариа хийлгэчихээд ирсэн гэсэн. Орой манайх бууз хийсэн чинь ганц хоёрхон бууз идчихээд цай л уугаад байсан. Тэгээд 21 цагийн үед манай урд талын өрөөнд ороод унтчихсан. Тэгээд шөнө 02 цагийн үед түжигнээд байхаар нь боссон чинь Ганхуяг хувцас хунараа тайлчихсан, ширээн дээр байсан юмнуудыг газарт унагаачихсан доор нь дэвссэн байсан хивс болон нөмөрч байсан дээлнүүдээ нил цус болгочихсон сууж байсан. Тэгэхээр нь би бие чинь гайгүй юу, яаж байна гэсэн чинь нэг их юм ярихгүй суугаад байхаар нь эхнэртэйгээ хамт Ц.Ганхуягийг эмнэлэг дээр авчирч өгсөн. Ц.Ганхуяг Улаанбаатар хотод манаач, сахиул энэ тэр хийдэг юм, тэрээр өөрийн гэсэн гэр орон байхгүй, ах, дүү нарынхаа гэрээр л байдаг. Тэр энд ирэхээрээ ер нь манайхаар л ирдэг, ер нь бол байнга шахуу архи уудаг, ганц хүүхэдтэй, тэр нь хотод Хархорин зах дээр мах зардаг гэсэн...гэх мэдүүлэг. /хх-ийн 45-46 хуу/ Гэрч Э.Гончигдамбын мэдүүлсэн: ...2016 оны намар 09 сард яг өдрийг нь санахгүй байна, 09 сарын 20-ны үед байх, тухайн өдрийн 15 цагийн үед би хөдөөнөөс сумын төвд байх гэртээ ирэхэд манай аав Энхбаатар өөрийн машинаа янзлаад сууж байсан. Би тэр үед аавдаа туслахаар машины нумыг солихоор янзлаад байж байтал Ганхуяг гэх манай аавын танил хүн нилээн согтуу хараагаад, пиздануудаа гээд орилоод манай хашаа руу орж ирсэн. Тэгээд тэр хүнтэй манай аав уулзаад мэндэлсэн. Ганхуяг аавтай уулзаж байх үедээ 60.000 төгрөг өгчих, гадагшаа юманд явна гэж гуйж байх шиг байсан, тэгсэн аав надад мөнгө байхгүй гэж хэлэхэд тухайн хүн чамд байг ш дээ гээд манай аавын бөгс рүү нэг удаа өшиглөөд, гэдэс хэвлий хэсэг рүү гараараа нэг удаа цохих шиг болсон. Тэр үед манай аав машин доогуур нум солиод байж байсан. Тэр үед манай чи манайд орж унт гэж хэлээд Ганхуягийг дагуулаад аав гэр рүүгээ оруулсан. Тэр хоёр гэрт ороод багцаагаар 5 минут орчим болсны дараа Ганхуяг гэх хүн манай гэрээс гараад явсан. Ганхуяг гэх хүн манай аавтай нэг нутгийн ойр байдаг танил нь юм. Ганхуяг ер нь гэр оронгүй, эхнэр хүүхэдгүй, архи байнга ууж байдаг хүн байгаа юм. Тэр үед хоорондоо юм яриад байж байсан. Хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Ганхуяг л манай аав руу дайраад би эгчтэй юманд явах гэсэн юм, чи хэдэн төгрөг өг гээд аав руу дайраад байсан. Би тухайн үед машин доогуур байсан болохоор яг юу ярьсныг мэдэхгүй байна. ...Тэр үед Ганхуяг манайхаас гарч явсны дараа манай хөдөө байдаг гэрээс саахалт айлын хүн залгаад танай хонь нийлэх гээд байна гэхээр нь би яаралтай хөдөө буцсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа би гэр рүүгээ ярихад манай ээж Цогзолмаа, аав чинь аймгийн төв рүү цагдаа дуудаад явсан бөгөөд зодооны холбогдолтой гэж дуудсан байна. Ганхуяг аавд чинь зодуулсан гэж өргөдөл өгсөн юм шиг байна гэж хэлж байсан. Би өөр зүйл мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 208-209 хуу/ Б.Энхбаатарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: ...Би эрх, үүргээ ойлгосон. Би ямар хэрэгт сэжигтнээр тооцогдож байгаагаа ойлгож мэдсэн. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгчгүй ганцаараа мэдүүлэг өгнө. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр би Өгийнуур сумын төвд машинтай явж байгаад нутгийн Ганхуяг гэдэг залууг мөрөө мулталсан гараа боочихсон явж байхад нь тааралдсан. Би Ганхуягт одоо машин дээрээ хужир ачаад Цэнхэр сум орж хүнд өгөөд мод ачиж ирэх гэж байна гэж хэлтэл Ганхуяг хамт явъя гэсэн. Тэгээд 17 цагийн үед Ганхуяг бид хоёр Өгийнуур сумын хажуу талаас миний 65-07 УБ улсын дугаартай, Бонго-Жи-2 маркийн машины тэвшинд хужир ачаад 21 цагийн үед Цэнхэр сумын Бүрд, Мандалын бургас гэх газарт Улаанаа гэх айлд очиж хужираа гэрийнх нь гадаа буулгаад түлж байсан галын түлээнээс нь Ганхуягийн хамт машин дээрээ ачаад шөнийн 02 цагийн үед Өгийнуур сум руу хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад нойр хүрээд байхаар нь машин дотроо унтаад өглөө 09 цагт сумын төв орж Дугарсүрэн гэдэг хүнд 140.000 төгрөгөөр модоо зараад хашаанд нь буулгасан. Дугарсүрэн ах нэг шил 0.5 граммын Ерөөл архи задалж Ганхуяг бид гурав хувааж уугаад Дугарсүрэн ахыг гэрт нь үлдээгээд Ганхуяг бид хоёр гадуур гарсан. Би Ганхуягт хамт явсан гээд 10.000 төгрөг авч өгсөн. Би суманд ажил амжуулж яваад 17 цагийн үед Өгийнуур сумын Зэгстэй багийн Орхон хорооллын 02-10 тоотод орших гэртээ иртэл манай хашааны зүүн талаар явсан төв зам дээр 2 танихгүй машинтай хүмүүс зогсож байсан. Би гэртээ ороод сууж байтал миний араас Ганхуяг орж ирээд би одоо самарт явлаа, чамтай хамт явж чадахгүй гэж хэлсэн. Би Ганхуягтай хамт өвсөнд явна гээд ярьж тохирсон байсан бөгөөд Ганхуяг согтуу надаас 60.000 төгрөг нэхээд байсан. Би хашааны гадна гараад машиндаа юм хийгээд зогсож байтал Ганхуяг миний араас ирээд 60.000 төгрөг өгчих гээд их согтуу дайраад байсан. Гэнэт миний уур хүрээд машин янзалж байсан дугуй дорцоовоор Ганхуягийн дух орчимд нэг удаа цохьсон. Тэгтэл Ганхуяг нүүрээ дараад газар уначихсан, би уурандаа шууд хашаандаа орсон, тэгээд хэсэг байж байгаад гараад иртэл Ганхуяг явчихсан байсан. Тэгээд би машинаа унаад өвсөнд яваад 2 хоног өвс хадаж байтал Ганхуяг эмнэлэгт хэвтсэн бие нь муу байна гэж хэл ирсэн. Тэгээд Ганхуягийг аймаг, хотын эмнэлэг рүү явуулж, эмчилгээний зардал мөнгө гэж 800.000 төгрөг өгсөн бас бензин шатахууны мөнгө гэж нэмж мөнгө өгсөн. Ганхуяг бид хоёр бага наснаасаа эхэлж бие биеэ таньж мэддэг найз нөхдийн холбоо харилцаатай. Ганхуяг өөрийн гэсэн гэр оронгүй, айл хэсч, хүний ажил хийж амьдардаг, өдөр болгон архи уудаг, зан байдал нь согтуу үедээ онгироо, танхай гэмээр зантай хүн. Ганхуяг надтай хамт өвсөнд явна гэж ярьж байгаад архи ихээр уусан согтуу орж ирээд самарт явлаа, 60.000 төгрөг өгчих гээд байхаар нь уур хүрээд гартаа байсан төмөр дугуй дорцоовоор нэг удаа духан дээр нь цохьчихсон юм. Одоо миний машины багааж дотор дорцоов байгаа, нэг төмөр дотор нэг иш, нэг толгойтой хар төмөр дорцоов байгаа. Би Ганхуягийг гар хөлөөрөө цохиогүй, нэг удаа гарт байсан төмөр дорцоовоор цохьсон. Би өмнө архи уудаг байсан 2 жил орчмын өмнөөс код хийлгэж архи уухгүй байж байгаад хэрэг болдог өдөр 5-6 хундага архи уусан байсан. Би зарим зүйлээ мартаж санаад байгаа болохоор нилээн согтуу байсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг. /хх-ийн 71-74 хуу/ Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн 441 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ... 1. Ц.Ганхуягийн биед гавал тархины битүү гэмтэл, дух ясны хугарал, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, духанд зулгаралт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай хатуу ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Цохиулсан гэх тухайн цагт үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-2-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 49 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Отгонжаргалын №441 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Ц.Ганхуягийн биед зүүн нүдний ухархайн дээд хана руу, баруун хацрын сэртэн, суурь ясны баруун их далавч руу, баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн дух ясны цөмөрсөн хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа, духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн гайморовын хөндийн урд дээд хана, ар ханын доод хэсгийн зөрүүтэй хугарал, духанд зулгаралт, шарх бүхий гэмтлүүд учирчээ. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Ц.Ганхуягийн биед учирсан дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 214-215 хуу/ Эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ийн 59-62 хуу/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82-83 дугаар хуудас/ Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84-85 дугаар хуудас/ Архинаас гаргах код эмчилгээний бичиг /хх-ийн 86 дугаар хуудас/ зэрэг болно. Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын 5 дугаар баг Зэгстэй Орхон хорооллын 02-12 тоот хашааны гадна Ц.Ганхуягийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Энхбаатар нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын 5 дугаар баг Зэгстэй Орхон хорооллын 02-12 тоот хашааны гадна тус сумын иргэн Ц.Ганхуягтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу мөнгө нэхлээ гэх асуудлаас болж маргалдан, улмаар түүнийг авто машины дугуй тайлах зориулалттай /дорцоов/-оор толгойн дух хэсэг газар нь цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Энхбаатар ирээд намайг пизда гээд хараагаад нүд рүү гараараа нэг удаа цохиод, духан дээр алх шиг хатуу юмаар 2 удаа цохьсон. Миний духнаас цус ихээр гарсан, бас хамраас цус гараад байхаар нь Энхбаатарын гэрийн гаднаас алхаад эмнэлэг орж оёдол тавиулсан гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Ганхуягийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16-18/, намайг Энхбаатар гэрийн гадна талд зогсож байхад Энхбаатар миний нүд рүү эхлээд нэг удаа гараараа цохиод тэгээд намайг газар суусан байхад хөлөөрөө нүд рүү нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд Энхбаатар буцаж ирээд намайг газар сууж байхад алх шиг хатуу төмөр юмаар миний духан дээр 2 удаа цохьсон гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Ганхуягийн дахин мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/, 2016 оны 09 сарын 17-ний өдөр намайг Улаанбаатар хотод байхад миний эгч Чимгээ над руу утсаар яриад Ганхуяг ахын бие муу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Өгийнуур сумын эмч рүү утсаар ярьтал Ганхуяг ахыг хүнд зодуулсан байдалтай эмнэлэгт ирсэн, бие нь муу байна, хот руу авч явах гээд унаа олдохгүй байна гэж хэлсэн. Ганхуяг ахын хоёр нүд хөхөрч хавдсан, духан дээрээ цөмөрсөн мэт шархтай, оёдол тавиулсан, бүх биеэр нь өвдөлттэй байгаа гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Эрдэнэчимэгийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/, Ганхуяг хэлэхдээ Энхбаатар ах намайг алх шиг юмаар духан дээр цохьсон бас гараараа нүд рүү 2 удаа цохьсон гэж хэлсэн бөгөөд Ганхуягийн хоёр нүд нь хөхөрч хавдсан, духан дээрээ цөмөрхийтэй болчихсон байсан. Энхбаатар надтай ирж уулзаад би Ганхуягийг архи уучихсан байхдаа цохьчихсон юм, одоо яах вэ, эмчилгээний зардал мөнгийг өгнө гээд байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Чимгээгийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/, Энхбаатар нэг хүн зодсон гэнээ, тэр зодуулсан хүн нь аймгийн эмнэлэгт байгаа гэнэ гэсэн яриа гарсан байхаар нь би аймгийн эмнэлэг дээр иртэл Энхбаатар эмнэлгийн гадаа сууж байсан. Би Энхбаатараас юу болсон талаар асуутал би хашаан дотроо байж байтал Ганхуяг гаднаас орж ирээд архи, мөнгө нэхээд байсан тэгэхээр нь би архи уусан согтуу байхдаа машины дугуйн дорцоовоор цохьчихсон юм гэж ярьж байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Должинсүрэнгийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/, маргааш өдөр нь би гэртээ байж байтал Энхбаатар нь Ганхуягийг зодчихсон гэнээ, тэгээд өвсөндөө яваад алга болчихсон ирэхгүй байгаа гэнээ гэж сонсогдсон гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ширбазарын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/, сумын цагдаа Энхбаатарыг надаас асуугаад хаана байгааг нь сураад байхаар нь юу болсон талаар асуутал Энхбаатар Ганхуягийг зодсон байна гэж хэлж байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Цогзолмаагийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/, Ц.Ганхуяг гэх хүн анх 2016 оны 09 дүгээр сарын 16-ны орой хүнд зодуулсан байдалтай согтуу ирээд, толгойгоо боолгочихоод шууд гараад явсан гэсэн. 2016 оны 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 03 цагийн үед гэртээ унтаж байсан чинь манай эх баригч эмч Уранчимэг над руу залгаад нөгөө хүн чинь нэг л биш байна, сая эмнэлэг дээр ирлээ биеийнх нь байдал муу байна гэхээр нь би босоод эмнэлэг дээр ирсэн чинь Ц.Ганхуяг гуайн биеийн ерөнхий байдал хүнд, орчиндоо харьцаатай, ухаан санаа орж гарсан, хамаг хувцасаа тайлчихсан, хоёр нүд хавдаж хөхөрсөн, духан дээрээ шархтай, зүрхний авиа тод, хэм жигд, пүлс 76, сатураци 96 хувьтай, артерын даралт 140/90, 135/90-тэй байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Гантулгын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн үед намайг жижүүрээс буух гэж байхад Ц.Ганхуяг нь өөрийн ухаан байхгүй байсан бөгөөд юм асуухад хариулж байсан. Түүний толгой нь нилдээ цус болсон, духны арьс нь язраад цус нилээн гарсан, хамаг хувцас нь цус болсон байдалтай ирсэн. Би тэгээд цусыг нь цэвэрлээд 7-8 оёдол тавьж өгчихөөд жижүүрээс буусан. Түүний хоёр нүд нь хавдчихсан, дух нь ярагдаж цус гарсан байсан. Маргааш орой нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 17-ны орой намайг жижүүрт гарч байхад дахиад эмнэлэг дээр өөрийн гэсэн ухаангүй, хаана, яаж өвдөж байгаагаа ч мэдэхгүй ирсэн гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Баттөмөрийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/, би наад толгой, нүд амаа яасан юм гэсэн чинь хүнд лантуугаар цохиулчихсан гэхээр нь хэнд цохиулсан юм гэсэн чинь тэр талаараа ерөөсөө хэлэхгүй байсан. Тэгээд шөнө 02 цагийн үед түжигнээд байхаар нь боссон чинь Ганхуяг хувцас хунараа тайлчихсан, ширээн дээр байсан юмнуудыг газарт унагаачихсан доор нь дэвссэн байсан хивс болон нөмөрч байсан дээлнүүдээ нил цус болгочихсон сууж байсан. Тэгэхээр нь би бие чинь гайгүй юу, яаж байна гэсэн чинь нэг их юм ярихгүй суугаад байхаар нь эхнэртэйгээ хамт Ц.Ганхуягийг эмнэлэг дээр авчирч өгсөн гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сугарсүрэнгийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/, түүнээс хойш 2 хоногийн дараа би гэр рүүгээ ярихад манай ээж Цогзолмаа, аав чинь аймгийн төв рүү цагдаа дуудаад явсан бөгөөд зодооны холбогдолтой гэж дуудсан байна. Ганхуяг аавд чинь зодуулсан гэж өргөдөл өгсөн юм шиг байна гэж хэлж байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Гончигдамбын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 208-209/, би хашааны гадна гараад машиндаа юм хийгээд зогсож байтал Ганхуяг миний араас ирээд 60.000 төгрөг өгчих гээд их согтуу дайраад байсан. Гэнэт миний уур хүрээд машин янзалж байсан дугуй дорцоовоор Ганхуягийн дух орчимд нэг удаа цохьсон. Тэгтэл Ганхуяг нүүрээ дараад газар уначихсан, би уурандаа шууд хашаандаа орсон, тэгээд хэсэг байж байгаад гараад иртэл Ганхуяг явчихсан байсан гэж шүүгдэгч Б.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, Ц.Ганхуягийн бие учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн 441 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 214-215/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Боржигон овогт Батжаргалын Энхбаатарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн 2015.12.03-ны өдөр батлагдсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Энхбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. Шүүгдэгч Б.Энхбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг сайн дураар төлж барагдуулсан, түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн ба улсын яллагчийн зүгээс Б.Энхбаатар нь амьдарлын эрсдэл бүлгийн, нэн ядуу өрхийн тоонд бүртгэлтэй, тогтсон орлогогүй учир торгуулын ял биелэгдэх боломжгүй, иймд хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэсэн саналыг шүүхэд гаргаж байх боловч Б.Энхбаатар нь Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй баг Орхоны 30-10 тоот 48 мкв хувийн орон сууц, Орхон хорооллын 2-ын 08-07 тоот 950 мкв газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн, 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 288 толгой мал тоолуулсан, өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлж хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан шүүхээс торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх боломжтой гэж дүгнэлээ. Шүүгдэгч Б.Энхбааатар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.6, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Энхбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. 2. Шүүгдэгч Боржигон овогт Батжаргалын Энхбаатарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаатарыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаатарт оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дорцоов 1 ширхгийг устгаж, 5 ширхэг рентген зургийг хохирогч Ц.Ганхуягт буцаан олгосугай. 7. Шүүгдэгч Б.Энхбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ