Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/401

 

 

 

 

        2022           4            14                                    2022/ДШМ/401

 

Д.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан, 

шүүгдэгч Д.Огийн өмгөөлөгч Т.Даваажав, Б.Балжидмаа,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,       

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Огийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Од холбогдох 2111000001131 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

Д.О нь 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 8 цаг 47 минутын орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны үүд хэсэгт нэр бүхий иргэдийг суллуулах шаардлага бүхий жагсаал, цуглаанд оролцож байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн тусгай хамгаалалтад байнга байх шаардлагатай объект Хууль зүй, дотоод хэргийн яамны хамгаалалтыг хариуцан ажиллаж байсан хууль сахиулагч болох Төрийн тусгай хамгаалалтын газрын харуулын захирал О.Аыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн гараараа нүүр орчимд нь маажиж баруун нүдний зовхинд зулгаралт гэмтэл учруулан хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Дагвын Д.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь эрх бүхий байгууллагын хяналтан дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөхийг даалгаж, шүүгдэгч Д.О нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, “Улаанбаатар хот”-оос гарахгүй байх хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Огийн өмгөөлөгч Б.Балжидмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Д.Ог 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хамгаалалтыг хариуцан ажиллаж байсан хууль сахиулагч болох төрийн тусгай хамгаалалтын газрын харуулын захирал О.Аыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн үйл баримтыг хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг, албан бичгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад заасныг тус, тус зөрчсөн талаар:

1. Хохирогч О.Аыг хууль сахиулагч мөн болохыг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй буюу өөрөөр хэлбэл Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуулын албаны даргаар томилсон тушаал хэрэгт авагдаагүй байхад шүүх хэн гэх          албан хаагчийнх болох нь мэдэгдэхгүй ажлын байрны тодорхойлолт, албан бичиг зэрэг хэрэгт ач холбогдолтой эсэхэд эргэлзээ бүхий нотлох баримтыг шийдвэрийн үндэслэлээ болгосон байна.

2. Анхан шатны шүүх Д.Ог хүч хэрэглэн хохирогч О.Аыг эсэргүүцсэн гэх үйлдлийг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрсний бичлэгт “Д.Огийн хохирогч О.Аыг түлхэж байгаад гараараа маажиж байгаа дүрс бичигдсэн байх ба шүүгдэгч нь үйлдэлдээ шууд санаатай ханджээ” гэж дүгнэжээ.

Гэвч тус дүрсний бичлэгт Д.О нь хохирогчийн нүүрэн тус газар маажсан нь тодорхой харагдахгүй байхад шүүх хөдөлбөргүй тогтоогдсон мэтээр дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэж байна.

3. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт Д.О мэдүүлэхдээ: “О.А тохойгоороо миний хацар тус газарт цохисон. Тэр үед хойшоо унахгүйн тулд гар минь сарвалзаад санамсаргүй нүүрийг маань маажсан байж магадгүй” гэж мэдүүлсээр байхад шүүх Д.Ог гэмт үйлдэлдээ шууд санаатай хандсан гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасныг ноцтой зөрчсөн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Огийн өмгөөлөгч Т.Даваажав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хууль сахиулагч мөн үү, үгүй юу гэдэг дээр эргэлзээтэй байдаг. Төрийн албаны тухай хуульд дэс түшмэл гэх цолтой албан хаагчийг захиргааны албан хаагч гэж тодорхойлсон. Иймд хохирогчийг хууль сахиулагч гэж үзэхгүй. Хэрэгт тушаал, шийдвэр нь байдаггүй. Мөн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бичлэгийг үзэхэд яг нүүрийг нь маажиж байгаа байдал тодорхой харагддаггүй. Өөр хар хувцастай хүний гар орж ирж байгаа харагддаг. Тэр хар хувцастай гар хэний гар байсан болохыг тогтоогоогүй. Тухайн үед шүүгдэгч Д.О цагаан хувцастай явж байсан. ...” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.О нь 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг зөрчиж Төрийн тусгай хамгаалалттай газар жагсаал цуглаан хийсэн байдаг. Төрийн тусгай хамгаалалттай газар жагсаал цуглаан хийхийг хориглосон. Уг журмыг зөрчиж жагсаал цуглаан хийх явцдаа албан үүргээ гүйцэтгэж байсан хохирогч О.Аын нүүрийг самардах идэвхитэй үйлдэл хийж хүчирхийлэл үйлдсэн болохыг ганц камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлоогүй. Тухайн үед байсан гэрчүүд болох Билгүүн, Батболд, Бямбасүрэн, Сансар нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлтээр давхар нотлогддог. Хавтас хэргийн 99-108 дугаар хуудсанд Төрийн тусгай хамгаалалтын газрын 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 716 дугаартай албан бичиг авагдсан байдаг. Уг албан бичигт хохирогч О.Аыг харуулын ахлагч ажилтай гэж дурдсан. Мөн гэрчүүд давхар нотолж мэдүүлдэг. Тушаал шийдвэр нь байхгүй боловч бусад баримтуудаар О.А нь төрийн тусгай албан хаагч болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад “санамсаргүй маажсан байж магадгүй” гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Шүүгдэгч Д.О нь идэвхитэй үйлдэл хийж хохирогчийн нүүрийг маажсан болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Д.О нь 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 8 цаг 47 минутын орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны үүд хэсэгт нэр бүхий иргэдийг суллуулах шаардлага бүхий жагсаал, цуглаанд оролцож байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн тусгай хамгаалалтад байнга байх шаардлагатай объект Хууль зүй, дотоод хэргийн яамны хамгаалалтыг хариуцан ажиллаж байсан хууль сахиулагч болох Төрийн тусгай хамгаалалтын газрын харуулын захирал О.Аыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн гараараа нүүр орчимд нь маажиж баруун нүдний зовхинд зулгаралт гэмтэл учруулан хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

дуудлагын лавлагааны хуудас /1хх 2/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-9 12-18, 159-161/, Засгийн газрын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаартай Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалтыг баталсан Монгол улсын Засгийн газрын тогтоол, хавсралт /1хх 129-132/, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3/1358  дугаартай “...2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр жагсаал, цуглаан зохион байгуулах тухай иргэн, хуулийн этгээд хандаагүй. ...” гэх албан бичиг /1хх 133/, хохирлын баримт /1хх 192/, зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч О.Аын “...2021 оны 10 дугаар сарын 6-ны өглөө 7 цагийн үед жагсаал цуглаан үргэлжилж магадгүй гээд ахмад Сансар нэмэгдэл алба хаагч нарыг дуудуулснаар шалган нэвтрүүлэх хамгаалалтын ажилтан Бямбасүрэн, Батдорж нар ирсэн. Ингээд 08 цаг 20 минутын үед нөгөө хүмүүс зарим нь шатан дээр суусан байдалтай, харин цагаан өнгийн юүдэнтэй куртиктэй эмэгтэй цаасан дээр бичсэн зүйлээ яамны орох хаалган дээр скочоор наагаад, хаалга дарж зогсоод яамны ажилчдыг дотогш оруулахгүй байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж эхэлсэн ба би гарч тэр эмэгтэйг “та энд юм нааж болохгүй, энэ бол төрийн тусгай хамгаалалттай объект, бүс, та энэ наасан зүйлээ ав” гэдэг шаардлагыг тавихад шаардлагыг хүлээж авахгүй, тоохгүй, нөгөө зүйлээ үргэлжлүүлэн давхарлаж наагаад байсан. Тэгэхээр нь би хамт хоносон дээлтэй залууд “та нар энэ хүндээ хэлээч ээ, тусгай хамгаалалтын бүсэх ийм юм нааж болохгүй шүү дээ” гэхэд тэр залуу “наад эмэгтэй чинь урд шөнө энд хоносон болохоор жаахан бухимдалтай байгаа биз дээ” гэж хэлсэн. Ингээд би тэр эмэгтэйг үйлдлээ зогсоочих болов уу гэж бодоод дотогш ороход нөгөө эмэгтэй гадаа хаалган дээр үргэлжлүүлээд наагаад байгаа бололтой скочны чимээ гараад байхаар нь дахиад шаардлага тавихаар гарах гэтэл хаалга дарчихаад онгойлгохгүй, ажилчдыг дотогш оруулахгүй байсан. Тэгэхээр нь манай ажилчид бөөндөө хаалга түлхэж гараад би нөгөө цагаан куртиктэй эмэгтэйд хандаж “та наад хаалган дээр наасан зүйлээ ав, төрийн тусгай хамгаалалттай бүсэд ийм зүйл нааж болохгүй, бидний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүл” гэж шаардлага тавихад тэр эмэгтэй “танай гэрийн хаалган дээр нааж байгаа юм уу, чамд хамаагүй” гээд тавьсан шаардлагыг биелүүлэхгүй болохоор нь хаалган дээр наасан зүйлийг нь хуулах гэхэд гарнаас татаж эсэргүүцэн миний нүүр рүү гараараа маажсан. Би тухайн эмэгтэйд маажуулсан газраа тэмтэрч үзэхэд цус гарч байсан ба ахмад Сансарт үзүүлэхэд цааш нь Төрийн тусгай хамгаалалтын газрын жижүүрт мэдэгдэж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Тухайн цуглааныг зохион байгуулагчид гээд 5-6 хүн шатан дээр кардон цаасан дээр бичсэн зүйлээ бариад сууцгааж байсан ба харин өөрийгөө Д.О гэх цагаан куртиктэй эмэгтэй ганцаараа яамны хаалган дээр цаасан дээр бичсэн зүйлүүдээ нааж байсан. ...Миний хувьд албан үүргээ гүйцэтгэж яваад нүүрэнд шарх, сорвитой болсонд гомдолтой байна. Энэ хүн миний хууль ёсны шаардлагыг биелүүлсэн бол ийм зүйл болохгүй байлаа. ...” /1хх 25-27, 191/,

гэрч Б.Бий “...Өглөө 8 цагийн үед яамны ажилчид ажилдаа ирэх үед нь жагсаал цуглаан хийсэн иргэд яамны хаалганы гадна талд корданан цаасан дээр бичсэн уриа, лоозонгоо скочоор нааж, яамны ажилчдыг ажил руу орох гэхэд хаалган дээр таглаж суугаад дотогшоо оруулахгүй гээд, яамны нэг ажилтан хаалган наасан зүйлийг нь хуулах гэтэл цайвар өнгийн куртиктэй, ноосон өмдтэй эмэгтэй нь араас нь нуруу руу гараараа нэг удаа цохисон. Би тухайн ажилтанг яамны хаалгаар дотогшоо оруулсан. 08 цаг 35 минутын орчим харуулын захирал, ахлах дэслэгч О.А яамны хаалганы гадна хэсэгт уриа лоозонгоо нааж байна гарч хуулъя гэсний дагуу ахлах дэслэгч О.А, ахлах ахлагч Бямбасүрэн, Я.Б бид нар гараад би энгэрийн камериар бичлэг хийгээд гараад хүмүүсийн наасан зүйлийг нь хуулж авахад цайвар өнгийн куртиктэй эмэгтэй, мөн хар бараан өнгийн куртиктэй эмэгтэй хоёулаа бид нарыг “болиоч” гээд хувцаснаас зуураад, тухайн наасан зүйлээ хуулуулахгүй гэж цайвар өнгийн куртиктэй эмэгтэй нь ахлах дэслэгч О.Аыг “чи цаашаа бол” гэж хэлээд хувцаснаас нь зуурч, татаж, чангааж байгаад нүүрийг буюу баруун нүдний доод хэсэгт маажсан. Удалгүй баруун нүдний доод хэсгээс нь цус шүүрч гарч байгаа харагдсан. ...” /1хх 32-34/,

гэрч Я.Бийн “...Бид нар үүдэнд гараад манай дарга, ахлах дэслэгч О.А тухайн цагаан куртиктэй эмэгтэйд “энэ тусгай хамгаалалттай албан байгууллага байгаа юм. Энд та юм нааж болохгүй” гээд хууль ёсны шаардлага тавиад наасан зүйлийг нь бид нар хуулж автал хойноос нөгөө цагаан хувцастай эмэгтэй “та нарын гэрийн үүдэнд нааж байгаа биш, наана чинь наахаар яадаг юм” гээд бид нар руу дайраад, харуулын дарга, ахлах дэслэгч О.Аын баруун нүдний нь хавьд гараараа самардсан. ...” /1хх 36-37/,

гэрч Д.Бгийн “...цагаан өнгийн куртиктэй эмэгтэй нь О.Аын нүүрий хэсгийг нь маажсан юм. Үлдсэн 3 хүн рүү бас дайрч байсан. ...” /1хх 40-42/,

гэрч Л.Сын “...2021 оны 10 дугаар сарын 6-ны өглөө 08 цагийн орчимд яамны хаалган дээр нэг нэгээрээ сууж, орох хаалган дээр “хууль зүйн сайд Нямбаатар огцор, Монголхүүг сулла” гэсэн бичгүүд нааж, яамны ажилчдыг оруулахгүй хаалганы өмнө онгойлгуулахгүйгээр таглаж суусан. Тийм учраас бид нар яамны ажилчдыг байрны ар талын аваарын гарцны хаалгаар оруулаад, би харуулын захирал, ахлах дэслэгч О.А, шалган нэвтрүүлэгч хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Б, ахлагч Я.Б, дэд ахлагч Б.Б нарт “хаалган дээр нааж байгаа зүйлүүдийг болиул” гэж үүрэг өгсний дагуу манай алба хаагчид гараад наасан бичгүүдийг хуулж авах үед дээгүүрээ цагаан өнгийн куртиктэй эмэгтэй эсэргүүцэж, ахлах дэслэгч О.Аын нүүрийг самардсан. Түүнийг самардах үед би дотроос гарч ирж таарсан. ...” /1хх 45-46/,

            гэрч В.Дийн “...Хууль зүйн дотоод хэргийн яамны гадна хоносон гэх 7-8 иргэдээс яамны хаалгыг дарж, орох, гарах хөдөлгөөнийг хаах үед Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдаас хаалгыг чөлөөлөх явцад тухайн иргэдийн дундаас цагаан өнгийн куртиктэй Д.О гэх эмэгтэй нүүрийг нь самардсан гэсэн. Тэнд цугласан иргэдэд төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, Хууль зүй Дотоод хэргийн яамны хаалгыг чөлөөлөх талаар шаардлага тавьж, төрийн алба хаагчийн бие, эрх чөлөөнд халдсан иргэн Д.О гэгчийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүргүүлэх ажиллагааг зохион байгуулсан. ...” /1хх 59-60/,

            гэрч Ц.Бгийн “...Тус яам нь Засгийн газрын 2012 оны 65 дугаартай “Жагсаалт батлах тухай” тогтоолоор батлагдсан Төрийн тусгай хамгаалалтад байнга байх обьектод хамаарна. Эдгээр бүлэг бөөгнөрөл үүсгэсэн хүмүүс нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. ...” /1хх 126-127/,

            гэрч Г.Хгийн “...Би тийм үйлдэл гаргаагүй. Би тухай үед лайв хийж байсан ба миний лайв дээрээс энэ талаар харагдах байх. Намайг тэнд очиход Төрийн хамгаалалтын газрын ажилтны нүүрийг самардсан юм шиг байна лээ. Яг юу болсныг би хараагүй болохоор мэдэхгүй байна. ...” /1хх 139-140/,

            яллагдагч Д.Огийн “...2021 оны 10 дугаар сарын 6-ны өглөө 7-8 цагийн үед Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилчид ажилдаа ирэх үеэр би кардонон цаасан дээр Ган-Очир, Монголхүү, Чинбат нарыг сулла гэж бичээд Хууль зүй, дотоод хэргийн яамны хаалган дээр скочоор наасан юм. ...Би төрийн тусгай хамгаалалтын ажилтантай цаас булаацалдаж байснаас биш О.Аын биед гэмтэл учруулаагүй. Тэр залуугийн амны хаалт унасан. Тэр нь бол цаасан дээр бичсэн зүйл булаацалдаж байхад унасан байх. Гэхдээ би ямар ч байсан тэр хүнийг маажаагүй. Тэр гэмтлийг хэн учруулсныг би мэдэхгүй байна. ...” /1хх 172-173, 196, 204-206/ гэсэн мэдүүлгүүд,

            “...О.Аын биед баруун нүдний зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэх 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9586 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 79-81/ гэсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Ог хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн Д.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хавтас хэрэгт авагдсан төрийн тусгай хамгаалалттай газрын жагсаалт, харуул хамгаалалтын хэлтсийн офицеруудын 2021 оны 10 дугаар сарын томилгоо, албан тушаалын тодорхойлолт /1хх 99-108/ зэргээр хохирогч О.А нь Төрийн тусгай хамгаалалтын газар ажилдаг болох нь тогтоогдож байна.

Харин анхан шатны шүүхээс Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь эрх бүхий байгууллагын хяналтан дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, “Улаанбаатар хот”-оос гарахгүй байх хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад заасан “Улаанбаатар хот”-оос гарахгүй байх хязгаарлалтыг, “Баянгол дүүрэг”-ээс гарахгүй байх болгон өөрчлөлт оруулж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Оюунтуяагийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Д.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байх тул шүүгдэгч Д.Огийн өмгөөлөгч Б.Балжидмаагаас гаргасан “...хохирогч О.А хууль сахиулагч мөн болохыг нотолсон нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй, Д.О нь хохирогчийн нүүрэн тус газар маажсан нь тодорхой харагдахгүй байхад шүүх хөтөлбөргүй тогтоогдсон мэтээр дүгнэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...“ гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй учир гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/98  дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “...шүүгдэгч Д.О нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, “Улаанбаатар хот”-оос гарахгүй байх хязгаарлалт тогтоосугай. ...” гэснийг “...шүүгдэгч Д.О нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, “Баянгол дүүрэг”-ээс гарахгүй байх хязгаарлалт тогтосугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Огийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТСАЙХАН

 

                                  ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ