Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2053

 

МАГАДЛАЛ

2019.12.09                                                Дугаар 2053                                     Улаанбаатар хот

 

 

 

ЧХС ТББ-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,                                                      2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02060 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ЧХС ТББ-ийн нэхэмжлэлтэй,                                                              

Хариуцагч ЖЖ ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 26 370 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ЧХС ТББ нь ЖЖ ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Ажлын байрны зориулалтаар өрөө тасалгаа түрээслэх гэрээ” байгуулан өөрийн эзэмшилд байдаг Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Хэвлэлийн хүрээлэнгийн 2 давхрын 207 тоот нийт 37 м.кв ажлын байрыг оффисын зориулалтаар түрээслүүлсэн. Хариуцагч ЖЖ ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл уг ажлын байрыг түрээсэлсэн бөгөөд түрээсийн гэрээний дагуу төлөх нийт түрээсийн төлбөрийн үлдэгдэл нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 26 370 000 төгрөг болсон болно. ЖЖ ХХК-ийн зүгээс уг төлбөрийг тодорхой график гарган төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр төлөөгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу үүргээ биелүүлж, төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулахыг хариуцагч талд удаа дараа сануулсан ч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлсэнгүй. Иймд “Ажлын байрны зориулалтаар өрөө тасалгаа түрээслэх” гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл нийт 26 370 000 төгрөгийг нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компанийн нэхэмжлэгчтэй байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Т13 дугаартай “Ажлын байрны зориулалтаар өрөө тасалгаа түрээслэх гэрээ” нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцогдоно. Хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэн нэхэмжилсэн төлбөр үндэслэлгүй учир түрээсийн гэрээний үүрэгт 26 370 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч талын гаргаж ирээд байгаа баримтууд болох тооцоо нийлсэн акт, төлбөр төлөхийг зөвшөөрсөн гэсэн баримтуудад М.А гэдэг хүн гарын үсэг зурсан байдаг. Гэтэл М.А гэдэг хүний өөрийнх нь гаргаж өгсөн бичгийн тайлбараар би ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зурж байгаагүй гэдэг. Тийм учраас нэг талдаа бол нэхэмжлэгчийн нотлох баримт болгосон баримтууд төлбөр нэхэх баримт болж чадахгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь заалтыг баримтлан хариуцагч ЖЖ ХХК-иас 26 370 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЧХС ТББ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 289 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЖЖ ХХК-иас 289 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЧХС ТББ-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч ЖЖ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.А нь ЧХС ТББ-ын шүүхэд гаргаж өгсөн баримтуудад гарын үсэг зураагүй талаараа тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Энэхүү тодорхойлолтыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 06531 дугаартай захирамжаар хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудад зурсан гарын үсэг М.А-ийн гарын үсэг мөн эсэхийг тогтоох үүднээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, ЧХС ТББ-ийн нэхэмжлэлтэй ЖЖ ХХК-д холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллаагааг түдгэлзүүлсэн байдаг. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 07470 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ захирамжийн үндэслэх хэсэгт “...дурдсан утасны дугаараар түүнийг дуудах ажиллагаа хийхэд утсаа авахгүй, шинжээч томилсон шүүгчийн захирамжийн дагуу шинжээч дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул...” гэжээ. Хүмүүс хот хөдөө, гадаад дотоодод чөлөөтэй зорчдог болсон цаг үед ганц нэг удаа утасны дуудлага хийхэд авахгүй байсан гэсэн шалтгаанаар захирамжийг биелүүлэхгүй орхисон байна. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэхийн тулд гарын үсгийн хэвийг шинжлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр шинжээч томилсон атал шинжээчийн дүгнэлтгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж, шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан болно. Шүүгчийн дээр дурдсан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, 114 дүгээр зүйлийн 114.2 дах хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч ЧХС ТББ нь хариуцагч ЖЖ ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 26 370 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Ажлын байрны зориулалтаар өрөө тасалгаа түрээслэх гэрээ” байгуулагдсан байна. Уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 54 хаягт байрлах барилгын 2 дугаар давхрын 207 тоот 37 м.кв талбай бүхий нэг өрөөг оффисын зориулалтаар, 1 м.кв-ыг 20 000 төгрөгөөр, хогны зардлыг сарын 5 000 төгрөгөөр тооцон нэг сард 745 000 төгрөг, 1 жилийн хугацаатайгаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна.

Талуудын тайлбар болон нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх заалтад тус тус зааснаар хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байх боловч хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд эзэмшин, ашиглаж байсанд талууд маргаагүй болно.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь заалтад үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч байгууллагаас хүчин төгөлдөр бус гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байсантай холбоотой үнийг шаардах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч байгууллага нь нотлох баримтаар өгсөн “М.А би ЖЖ ХХК-д ажиллаж байх үедээ ЧХС ТББ-тай гэрээ хэлцэл хийж байгаагүй болно” гэх агуулга бүхий тайлбарыг нотариатаар баталгаажуулан гаргасан боловч тухайн этгээд уг тодорхойлолт, тайлбарт өөрөө гарын үсэг зурсан эсэх талаар тодруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүх уг баримтыг үнэлэх боломжгүй юм.

Хууль болон гэрээнд зааснаар хариуцагч байгууллага нь үүргээ гүйцэтгээгүйн төлөө хариуцлагыг хүлээх учиртай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг      шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүх хуралдааны товыг зохигч нарт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

  ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

                                                               М.НАРАНЦЭЦЭГ