Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/354

 

 

 

 

 

 

     2022           3            31                                       2022/ДШМ/354                        

 

 

Э.С, П.А нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтмагнай,

хохирогч Н.М, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр,

шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Н.М, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.С, П.А нарт холбогдох эрүүгийн 2109 00000 1136 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. А овгийн Э.С, .... оны ...дүгээр сарын ...-ны өдөр ....... төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, .................... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...................../;

            2. Б овгийн П.А, ...... оны ...... дүгээр сарын ....-ны өдөр ................ төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ..................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........................./;

            Э.С нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зусланд иргэн “Ориент Инвестмент Пропертиз” ХХК-ийн ажилтан Б.Басантай “...шууд дамжуулалтын үеэр хэл амаар доромжилж, ... дроны удирдлагыг авах гэсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь “зүүн шанаа, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын 2 дугаар хурууны язарсан шарх, хүзүүний зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            П.А нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зусланд иргэн Н.М-тай “...зөвшөөрөлгүй дрон нисгэж, мэдээ бэлтгэсэн” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний эзэмшлийн “IPhone XS” загварын гар утсыг газарт шидэж, гэмтээн хууль бус үйлдэл хийсний улмаас бусдад 1.050.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

            мөн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн орчим “zarig.mn” сайтаас Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зусланд байрлах “Ориент Инвестмент Пропертиз” ХХК-ийн эзэмшлийн талбайд мэдээлэл бэлтгэн хэвлэн нийтлэх зорилгоор очсон сэтгүүлч Н.М, зураглаач Э.С нарын бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хэвлэн нийтлэгчийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, П.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос П.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.А-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч П.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А, Э.С нар нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч П.Аээс 1.050.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.М-д, шүүгдэгч Э.С-гээс 298.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Басанд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, “IPhone XS” загварын гар утсыг хохирогч Н.М-д буцаан олгож, шүүгдэгч П.А, Э.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогч Н.М, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч П.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 16-т заасан “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх, эрх чөлөөтэй...” гэж, мөн зүйлийн 17-т заасан “Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж тус тус заасан. Хэрэв төр, түүний байгууллагын хамгаалбал зохих нууцад хамаарах асуудал байсан бол мөн Б.Б, П.А нарын хамгаалах ёстой “Ориент Инвестмент Пропертиз” ХХК-ийн хашаа, барилга дотор байсан бол уг шаардлага нь үндэслэлтэй байж болох юм. Гэвч нууц мэдээлэл биш, хуулийн этгээдийн хувийн өмч, эзэмшлийн газар биш, нийтийн эзэмшлийн талбайд Байгаль орчны холбогдох хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж, агаарын бохирдлыг бууруулж, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, ногоон байгууламжийг хядаж, ойр орчмын хүн амын амгалан байдлыг алдагдуулан барилгын үйл ажиллагаа явуулж, бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн ноцтой үйл ажиллагааг сурвалжилсны төлөө халдлагад өртсөн явдалд гомдолтой байна. Хэргийн үйл баримтаас үзвэл П.А нь тухайн орчны зургийг даруулахгүй, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хөндөнө гэж үзэж, тэр талаар мэдээ тараалгахгүйн тулд хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан байна. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд заавал хохирол шаардахгүй, үйлдэл хийгдсэнээр төгсөнө. Хэргийн үйл баримтын тухайд П.А-ийн гаргасан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангалттай агуулж байгаа бөгөөд “мэдээлэл тараалгахгүй байх” зорилгод хүрэхийн тулд үйлдэл хийжээ. Иймд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг буруу дүгнэн, шийдвэр гаргасан байна гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Н.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байна. ...” гэв.

            Шүүгдэгч П.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...сэтгүүлч охин санаатайгаар худал ярьж байна. Надад хэлээд ирсэн бол би оруулах байсан. Зөвшөөрлийг нь цуцалсан байхад байнга ирж шантаачилж байгаа нь ёс зүйгүй гэж үзэж байна. Би зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэв.

            Шүүгдэгч П.А-ийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ориент Инвестмент Пропертиз” ХХК-ийн өмгөөлөгчөөр Гансүх гэх хүн оролцож байсан. Энэ нь захиалгат нэвтрүүлэг байсан бөгөөд 6, 7 дугаар сард хоёр удаа очсон. Сүүлд нь Болормаа дарга хандаж, “Zarig.mn” сайтад зарлаж “Ориент Инвестмент Пропертиз” ХХК-ийн эрхийг цуцлахгүй бол Авлигатай тэмцэх газарт өгнө шүү гэсэн учраас Болормаа дарга газрын гэрчилгээг нь цуцалсан. Экологийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байсан. 2 дахь удаагийн очилт дээр Экологийн цагдаагийн албанаас хүн очсон байдаг. “Ориент Инвестмент Пропертиз” ХХК-ийн ард Нийслэлийн Засаг дарга Сумъяабазарын ахын хашаа байдаг тул үүнийг чөлөөлөх  зорилготой захиалгат нэвтрүүлэг хийлгэсэн. Тийм учраас цагдаагийн байгууллагад хэрэг үүсч, гэрчилгээг нь цуцалсан байхад сайтаас 3 дахь удаа очиж нэвтрүүлэг бэлтгэсэн. Анхан шатны шүүх захиалгат нэвтрүүлэг гэж үзсэн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, нотлох баримтад тулгуурласан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа талаараа тодорхой тайлбарласан анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

            - тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан этгээдийн талаар хохирогч Б.Б-аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтад байрлах барилгын талбай дээрээ очоод байж байхад харуул Алтангэрэл орж ирээд, үүдэнд “Zarig.mn”-ийн хүмүүс ирсэн бичлэг хийгээд байна гээд Алтангэрэл очиж харахаар явсан. 10 минутын дараа Алтангэрэл нь утсаар над руу яриад энэ хүмүүс намайг зодоод байна гэж хэлээд дуудсан. Очиход эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан. Эрэгтэй нь манай харуул Алтангэрэлийг барьж заамдсан байж байсан. Алтангэрэл нь албан ёсны зөвшөөрлийг аваагүй байж, дрон нисгэж болохгүй гэсэн шаардлага тавьж байсан. Тэр эрэгтэй маргалдаж байхдаа Алтангэрэлийн гар утсыг аваад өвс рүү шидсэн. Тэр залуу “Энэ дрон та нараас үнэтэй шүү” гээд хэлээд байсан. Миний зүүн чихний доод талд гараараа 1 удаа цохиод би газар унасны дараа миний баруун хэвлий рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгтэл Алтангэрэл “Чи аав шигээ хүнийг яаж байгаа юм бэ” гээд байж байтал эмэгтэй гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь Алтангэрэл тэр эмэгтэйн утсыг аваад шидсэн. ... Миний чихний доод талд хавдаж хөхөрсөн. Эрүү ангайхад хөндүүртэй, хүзүүний зүүн талд боолтоос үүссэн сорвитой. Хэвлийн баруун талд өшиглөснөөс болж улайж хөхөрсөн. ... Тэр хүн бид хоёрт маш дээрэлхүү хандсан “Та нар дроны үнэд хүрэхгүй амь настай, та нарыг ажилгүй, амьдралгүй болгоно” гэж хэлсэн. ... уг хүмүүсийг зөвшөөрөл авч байж энэ ажлаа хий гэдэг хууль ёсны шаардлага тавьсан. Намайг очиход манай ажилтан ... Алтангэрэлтэй маргаж байхаар нь “Боль” гэдэг шаардлага тавьсан. Мөн “Бичлэгээ зөвшөөрөл авч байж хий” гэж хэлсэн. Тэр хүмүүсийн техник хэрэгсэл, эд зүйл булаан авсан үйлдэл байхгүй. ...” /1хх 45-46, 59/,

            - шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн “...тухайн өдөр хэрүүл маргаан болсон. “Юу болоод байна” гэхэд миний гар утсыг 3 удаа авч шидээд, намайг зодсон. Камерын бичлэгээс тодорхой харагдана. Би 295.000 төгрөгөөр тархины бүрэн бичлэг хийсэн. Төлбөрийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Тухайн бичлэг нь улс орон даяар тараад маш олон хүмүүс харсан. Намайг сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулсан. “Zarig.mn” сайтаар албан ёсоор уучлалт гуйлгуулах хүсэлтэй байна. Зөв мэдээллийг ард иргэдэд хүргэж байгаарай гэж хүсэж байна. 295.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. ...”,

            - хохирогч Н.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хандгайтын ойн бүсэд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан компанийн талаар иргэдийн өгсөн мэдээллийн дагуу сурвалжлахаар очсон. Тухайн газар очоод ажлаа хийж байхад ... хар хувцастай саравчтай малгайтай эрэгтэй хүн сэтгүүлч миний ажилд саад учруулан, хэл амаар доромжлон улмаар зүүн гар луу 1 удаа ядам хурууны арьсыг зулгартал өшиглөсөн бөгөөд, миний хэрэглэдэг “IPhone XS” загварын гар утсыг 3 удаа дээрэмдэж байгаа юм шиг булааж авч замын хажуугийн том чулуу руу шидсэн болохоор миний утас ашиглах ямар нэгэн боломжгүй болсон. ... хар малгайтай эрэгтэйд хандаж “Та миний гар утсыг эвдэлчихлээ” гэтэл “Чи сэтгүүлч хийж шантаачилж олсон мөнгөөрөө гар утсаа өөрөө худалдаж аваарай” гэж гүтгэсэн. ... Манай зураглаачийг дрон нисгэлээ гээд нийлээд зодоод байхаар нь би “Утсаараа бичлэг хийж байгаа шүү” гэж хэлтэл миний гар утсыг гараас булааж аваад “Ингээд бичлэг хий” гэж хэлээд, замын хажуугийн чулуу руу шидсэн. ...” /1хх 37-38, 157/,

- шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн “...“Zarig.mn” сайтын сэтгүүлч Мижидмаа миний бие 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Хандгайтын ой дунд “Ойг хашаалж, ой модыг таслан барилгын үйл ажиллагаа явуулж байна” гэх иргэдийн мэдээллийн дагуу сурвалжлах зорилготойгоор тухайн газарт очсон. Байгаль орчны тухай хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүйгээр үйл ажиллагаа явуулж, агаарын бохирдлыг бууруулж экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, ногоон байгууламжийг хадаж, ойр орчмын хүн амын амгалан тайван байдлыг алдагдуулан барилгын үйл ажиллагаа явуулж, бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн асуудал байсан болохоор мэдээлэхээр очсон. Ингэхдээ “Ориент Инвестмэнт Профертиз” ХХК-ийн өмчлөлд халдаж хашаа руу орж, мэдээллийг бэлтгээгүй. Нийтийн эзэмшлийн газар буюу тухайн байгууллагын хашаанаас 100 метрийн зайд байрлаж мэдээлэл хийж байсан. Сэтгүүлч миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 16-д заасан итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Мөн зүйлийн Арвандолдугаар зүйлд заасан төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах гэсэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж мэдээлэл бэлтгэсэн. Төр болон түүний байгууллагаас тусгайлан хамгаалбал зохих нууцын мэдээлэлд багтахгүй. Ямар нэгэн мэдээллийг бэлтгэхдээ хэн нэгнээс зөвшөөрөл авахгүй. Төр болон түүний нууцад хамаарах мэдээлэл байвал зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Бусад тохиолдлуудад зөвшөөрөл авах шаардлагагүй. Сэтгүүлч, зураглаач нар хаана ч ажил үүргээ гүйцэтгэх эрхтэй. Бидний хэвлэн нийтлэх эрх чөлөөнд болон бие махбодид халдсан. Миний гар утсыг иргэн Алтангэрэл нь санаатайгаар гурван удаа чулуу руу авч шидсэн. Гар утасныхаа хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна. ...”,

            - тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн гэм буруугийн талаар шүүгдэгч П.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...тухайн үед би тус ХХК-д сахиулын ажил хийдэг байсан юм. Тэгэхэд өдөр 12-13 цагийн орчим манай компанийн хажууд хүмүүс ирээд бичлэг хийсэн. ... Би бичлэг хийх гэж байгаа хүн болоод утсаа гаргаж ирсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй миний гар утсыг авч шидсэн. Тэгэхээр нь би түүний утсыг 1-2 удаа шидсэн асуудал болсон. ... Би санаатай бусдын эд зүйлийг устгаж гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ... Би гар утсаа барьсан байхад Н.М гэх эмэгтэй нэвтрүүлэгч миний гар утсыг авч шидсэн. Тэгээд миний уур хүрч түүнтэй маргалдсан. ... Басангийн утсыг бол Сугарсүрэн гэх залуу шидсэнийг санаад байна. ...” /1хх 6-7, 164-165/,

            - шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн “...эхлээд 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр эд нар ирсэн. Намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад манай хашаанд орж ирээд, бичлэг хийсэн. Энэ үед учир байдлыг нь тайлбарлаж хэлээд “Шаардлагатай бол холбогдох хүмүүстэй нь уулзаж болно” гээд утасны дугаарыг нь өгөөд явуулсан. 2 дахь удаад Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн албанаас хүмүүстэй ирэхээр нь зохих ёсны дагуу бичиг баримтыг шалгаж оруулсан. “Холбогдох дарга нартай уулзаарай” гээд зохих ёсны дагуу шаардлага тавьсан. Сэтгүүлч маш дээрэнгүй хандаж “Чулуугаар далайж ална шүү” гэж заналхийлсэн. Маш их доромжилж, бие сэтгэлийн дарамт үзүүлсэн. Сэтгүүл зүйн ажлыг үнэн зөв явуулах хэрэгтэй. ...”,

            - шүүгдэгч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...ийм зүйл гаргасандаа харамсаж байна. Уг хүний хохирлыг бүрэн барагдуулна. Би сурвалжлагчийн хамт Хандгайтын аманд байдаг зусланд баригдаж байгаа барилгын талаар сурвалжлага бэлдэхээр очсон. Бид хоёр сурвалжлагаа эхэлж байтал уг барилгын хамгаалагч гэх 40-50 орчим насны эрэгтэй хүн ирээд “Энд бичлэг хийлгэхгүй, та нар яв, зайл” гэж хэл амаар доромжилж, надад тулж ирээд миний духанд духаараа мөргөөд яваад өгсөн. Тэгээд хэсэг байж байгаад дээгүүрээ цоохор өнгийн хагас ханцуйтай цамцтай, мөн үеийн насны эрэгтэйг дагуулж ирсэн. Тэгээд хоёулаа нийлээд “Бичлэг хийлгэхгүй, та нар эндээс зайл” гэж хэлсэн. Тухайн дрон нисэж байхад миний гараас удирдлагыг булааж авах гэж дайрсан. Тэгтэл манай сурвалжлагчийн утсыг булааж авсан. Тэгэхээр би дроноо буулгаж удирдлагаа тавьж байгаад уг сүүлд ирсэн залуугаас сурвалжлагчийн гар утсыг авсан зүйл болсон. ... Би сэтгүүлчийн утсыг булааж авахаар нь араас гүйж очоод гар утсыг нь авах гээд газарт унагаасан. Харин цохиж зодсон зүйл байхгүй. ...” /1хх 12-13, 15-16/,

            - шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн “...тухайн газар луу 3 удаа очсон. Би 2 удаа очиж байсан. Алтангэрэл гэх хүн харилцааны соёлгүй. Бид нарыг маш их доромжилсон. Эмэгтэй хүнийг чулуу барих хэмжээнд хэл амаар доромжилсон. Ажил хийлгэх нөхцөл боломжоор хангаагүй. “Дроноос хямдхан амьтай” гэж нэг ч үг хэлээгүй. “Үнэтэй дрон шүү” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлгүүд,

            - болсон үйл явдлыг харуулсан дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 25-28/,       

            - хохирогч Б.Б эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 8077 дугаартай “Б.Б биед зүүн шанаа, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын 2 хурууны язарсан шарх, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.” /1хх 90-91/ гэх дүгнэлт,

            - хохирогч Н.Мгийн эд хөрөнгө болох “IPhone XS” загварын гар утсанд учирсан хохирлын үнэлгээг тогтоосон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 96-97/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

            2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зусланд байрлах “Ориент Инвестмент Пропертиз” ХХК-ийн эзэмшлийн талбайд сурвалжлага хийх зорилгоор “Zarig.mn” сайтын зураглаач Э.С, сэтгүүлч Н.М нар очсон байх бөгөөд ийнхүү сурвалжлага хийх явцад тус ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтан П.А, Б.Басан нар нь тэдэнд зохих зөвшөөрөл авсны эцэст сурвалжлага хийх талаар шаардлага тавихад, уг шаардлагыг эсэргүүцсэний улмаас хоорондоо маргалдаж, улмаар П.А нь Н.Мг “...зөвшөөрөлгүй дрон нисгэж, мэдээ бэлтгэсэн” гэх шалтгаанаар түүний эзэмшлийн “IPhone XS” загварын гар утсыг газарт шидэж, гэмтээн 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан, Э.С нь Б.Басанг “...шууд дамжуулалтын үеэр хэл амаар доромжилж, ... дроны удирдлагыг авах гэсэн” гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь “зүүн шанаа, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын 2 дугаар хурууны язарсан шарх, хүзүүний зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч П.А, Э.С нарын гэм буруутай үйлдлийг бодитой тогтоожээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай.

Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах гэмт хэрэг нь өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлснээр бүрдэл төгсдөг.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, “Ориент Инвестмент Пропертиз” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтан П.А, Б.Басан нар нь “Zarig.mn” сайтын зураглаач Э.С, сэтгүүлч Н.М нарт зохих зөвшөөрөл авсны эцэст сурвалжлага хийх талаар шаардлага тавихад, уг шаардлагыг эсэргүүцсэний улмаас хоорондын маргаан үүссэн нь дээрх гэмт хэргийн бие даасан шинжийг хангаагүй бөгөөд харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс анхан шатны шүүх прокуророос П.А-ийг “...бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хэвлэн нийтлэгчийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.А-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудал.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр,

мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр тус тус зохицуулсан бөгөөд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсгүүдэд заасан төрөл, хэмжээний дотор тус бүрт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг нөхөн төлөх, гэм хорыг арилгах үүрэгтэй.

Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тус тус тодорхойлогддог.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогч Н.М, Э.С нарын шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд, хамаарал бүхий байдлаар хангаж, гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдийн зохицуулалттай нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.М, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарын “...шүүгдэгч П.А-ийн үйлдэл “Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах” гэмт хэргийн шинжтэй...” гэх асуудлаар маргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.М, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                           М.АЛДАР