Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2052

 

 

МАГАДЛАЛ

 

2019.12.09                                                Дугаар 2052                                     Улаанбаатар хот

 

 

 

“ЭЖКК ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/02268 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ЭЖКК ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д ” ХХК-д холбогдох,

Цахилгаан халаалт нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 76 715 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ЭЖКК ” ХХК нь цахилгаан халаалт нийлүүлэх гэрээг хийж, хавтан халаалтын дүүргэгч, дагалдах хэрэгслүүдийн хамт нийлүүлсэн. 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан. Гүйцэтгэлийн төлбөрөө 2017-2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг 2018 оны 8 дугаар сард багтаан төлөхөөр, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэх хугацааны ажлын гүйцэтгэлийн төлбөрийг 2018 оны 09 дүгээр сард багтаан төлөх байсан. Хариуцагч “Д ” ХХК нь гэрээний төлбөр болох 51 143 500 төгрөгийн үлдэгдэлтэй боловч одоо болтол төлөөгүй байгаа болно. Иймд тус гэрээний 9 дүгээр заалтын дагуу захиалагч тал гэрээний үүргийн үнийн дүнг хугацаанд нь төлөөгүй хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож нэг хоногт     153 430 төгрөгөөр 212 хоногийн хугацааны алдангид 25 571 750 төгрөгийн хамт 76 715 250 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү. 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрээгээр 1 м.кв нь 133 000 төгрөгийн үнийн дүнтэй хавтан халаалт нийлүүлэх гэж тодорхой заасан байгаа. 2018 оны 08 дугаар сард төлбөрийг багтаан төлнө гэж заасан. Мөн манай талаас чанарын баталгаат хугацаа тогтоосон нийт 36 сарын хугацаатай байгаа. Хариуцагчийн төлөөлөгч нь төөрөгдүүлсэн тайлбарыг хэлж байна. Нэгэнт ажил хийсэн нь тодорхой, хариуцагч тал нь бараа бүтээгдэхүүн хүлээж авсан нь тодорхой. Хариуцагч талын захирал гэх хүн нь гэрээний үнийн дүнд байр өгье гэдэг боловч уулзах гэхээр ирдэггүй. Бид Д.Г гэдэг хүнтэй ярьж уулзах санал гаргадаг боловч би ажлаасаа гарч байгаа гэдэг зүйлийг хэлж удаашруулсаар байдаг. Тийм учраас бид гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, нотлох баримтуудыг гаргаж өгөх ёстой. Гэтэл нэхэмжилж байгаа үнийн дүнтэй холбоотой хэдэн төгрөгийн барааг хэзээ хэрхэн нийлүүлсэн гэх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч талаас хүсэлт гэсэн гарчигтай хүсэлт өгсөн байгаа. Энэхүү хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн “Д ” ХХК-ийн төлөөлөгч Д.Г гэсэн гарын үсэг байгаа. Энэ баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Хэр хэмжээний ямар үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг хэзээ нийлүүлсэн гэдэг баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол түүнийгээ дэмжих, нотлох, холбогдох санхүүгийн баримтууд байх ёстой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь төөрөгдүүлсэн зүйл биш. Шүүх уг нь энэ нэхэмжлэлийг хүлээж авах ёсгүй байсан юм. Гэрээгээр хугацаа заасан боловч ямар нэгэн үнийн дүн заагаагүй. Нэхэмжлэгч талд санхүүгийн тооцоолол байх ёстой, үнийн дүн, алданги дээрээ тохиролцох санал гаргасан боловч хүлээж аваагүй. Цахилгаан халаалт нийлүүлэх гэрээн дээр хавтан халаалт 1 м.кв-ыг нь 133 000 төгрөг гэж заасан байгаа. Гүйцэтгэлийн төлбөр гэж хугацаа заасан. Үнийн дүнтэй нэг ширхэг ч нотлох баримт байхгүй. 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний дагуу өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгт байгаа баримтуудаас харахад нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, мөн үнийн дүн нотлогдохгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ДХ ” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 76 715 250 төгрөг гаргуулах тухай “ЭЖКК ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 541 526 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: хэргийн нөхцөл байдлаас талууд тодорхой хугацаанд хамтран ажилллаж байсан, түүнчлэн зохигчдын хооронд авлага өглөг байгаа гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон анхан шатны хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээс маш тодорхой харагдаж байсан. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт болох тооцоо нийлсэн актад /хавтас хэргийн 7-р талд авагдсан “хүсэлт” гэсэн агуулгатай баримт/-ийг нэхэмжлэгчийн хувьд хоёр байгууллагын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн акт гэж үзэж байгаа ба энэ агуулгаараа хариуцагч байгууллагын нягтлан бодох ажилтай Д.Г нь гарын үсэг зурсан талаараа маргаагүй, энэ талаараа анхан шатны хурал дээр хэлсээр байтал шүүх нотлох баримтыг үнэлэх хуулийн шалгуурыг үл хайхран зөвхөн хүсэлт гэсэн албан тоотын хэмжээнд үнэлсэнд гомдолтой байна. Д.Г нь энэхүү 2 байгууллагын хэдэн жилийн хамтын ажиллагаатай холбоотой бүхий л нөхцөл байдлыг маш сайн мэдэж байж зориуд хуульчийнхаа үгэнд орон шүүхэд энэ талаар огт мэдүүлээгүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой дурьдагдсан байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч талтай ямарваа нэг тооцооны үлдэгдэл байгаа гэдэг нь шүүх хуралдааны үед хэлсэн “Би хуульч хүний хувьд үнийн дүн, алданги дээрээ тохиролцох санал гаргасан боловч хүлээж аваагүй” гэх мэдүүлгээр нотлогдсоор байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй түүнчлэн хариуцагчийн шүүхэд гаргасан татгалзалтай холбоотойгоор хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэхээр байна. Мөн шүүх хэрэгт авагдсан гэрээнд заагдсан үнийн дүнг андуурсан энэ талаар алдаатай дүгнэсэн байдаг. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотлох баримтуудыг мөн хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанчлан бүрэн дүүрэн үнэлж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч “ЭЖКК ” ХХК нь хариуцагч “Д ” ХХК-д холбогдуулан цахилгаан халаалт нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 76 715 250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас үзвэл зохигчдын хооронд 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Цахилгаан халаалт нийлүүлэх гэрээ” байгуулагаж уг гэрээгээр хавтан халаалт, түүний дүүргэгч, дагалдах хэрэгслийн хамт 1 м.кв хавтан халаалтыг 133 000 төгрөгөөр тооцон, уг үнэнд нэмэгдсэн өртгийн албан татвар болон суурилуулах ажлын хөлс, тээвэрлэлтийн зардлыг багтаан гэрээний үнийг тохиролцсон байна. Мөн гүйцэтгэлийн төлбөрийг 2017 оноос 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын гүйцэтгэлийн төлбөрийг 2018 оны 8 дугаар сард, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэх хугацааны ажлын гүйцэтгэлийн төлбөрийг 2018 оны 09 дүгээр сард багтаан төлөхөөр тохиролцон гэрээ хэрэгт авагдсан байна. /хх 7-11/

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулснаар талуудын нотлох баримт бүрдүүлэх үүргийн хувиарлалтыг тодорхойлох, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх, нотлох баримтыг үнэлэх, зохих хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм. Тодруулбал, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний үүргийн хүрээнд шаардлагаа гаргаж байгаа гэж үзвэл тухайн гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний үүргийг биелүүлэх боломжтой эсэх, хэн аль ямар эрх, үүрэгтэй байсан нөхцөл байдлыг дүгнэх шаардлагатай. Талууд энэ талаар мэтгэлцээгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг хууль ёсны бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна. Хэдийгээр шүүх хуралдаан даргалагчийг томилсон захирамж хэрэгт авагдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан шүүх хуралдааны даргалагчийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч захирамж гарган томилох нь шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх зарчмыг хэрэгжүүлэх нэг гол нөхцөл болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган тогтоож, Ерөнхий шүүгч албажуулах хуулиар тогтоосон журам зөрчигдсөн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйл тус бүрийн заалтад нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн тайлбар, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах журмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэж буй зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэх эрх хэмжээний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4, 168.1.7-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/02268 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 541 526 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                    ШҮҮГЧИД                                                        Ч.ЦЭНД

           М.НАРАНЦЭЦЭГ