Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй Улсын яллагч: Н.Цогтбаяр Иргэдийн төлөөлөгч: Д.Бат-Очир Хохирогч: С.Энхбаатар Хохирогчийн өмгөөлөгч: Д.Насанжаргал Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, С.Алтантуяа, Н.Энхжаргал Шүүгдэгч: Б.Алтангэрэл, Г.Хадбаатар, Г.Ариунболд, Г.Мөнхцэцэг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгат овогт Батсүрэнгийн Алтангэрэл, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Гармаагийн Хадбаатар, Онхууз овогт Ганболдын Мөнхцэцэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1-т зааснаар Боржигон овогт Гармаагийн Ариунболд нарт холбогдох эрүүгийн 201203000051 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1968 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 49 настай, яс үндэс халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Мянгат овгийн Батсүрэнгийн Алтангэрэл. /РД: АР68060803/ Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 51 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овгийн Гармаагийн Хадбаатар. /РД: АР66122316/ Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 36 настай, яс үндэс халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд оршин суух, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Гармаагийн Ариунболд. /РД: АД81090715/ Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Онхууз овгийн Ганболдын Мөнхцэцэг. /РД: АЮ84041560/ Шүүгдэгч Б.Алтангэрэл нь 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг, Жана гэх газарт байх өөрийн гэртээ иргэн С.Энхбаатартай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар С.Энхбаатарын толгойн тус газар нь сүхээр цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Г.Хадбаатар нь Б.Алтангэрэлийн 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг, Жана гэх газарт байх өөрийн гэртээ иргэн С.Энхбаатартай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар С.Энхбаатарын толгойн тус газар нь сүхээр цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хохирогчоор, гэрчээр 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус тус мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Г.Ариунболд нь Б.Алтангэрэлийн 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг, Жана гэх газарт байх өөрийн гэртээ иргэн С.Энхбаатартай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар С.Энхбаатарын толгойн тус газар нь сүхээр цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэгт С.Энхбаатарын толгойн тус газарт нь банзаар цохиж гэмтэл учруулсан, учруулаагүй хэмээн удаа дараа өөр мэдүүлэг өгч мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, шүүгдэгч Г.Мөнхцэцэг нь Б.Алтангэрэлийн 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг, Жана гэх газарт байх өөрийн гэртээ иргэн С.Энхбаатартай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар С.Энхбаатарын толгойн тус газар нь сүхээр цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэгт 2012 оны 07 дугаар сарын 21- ний өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Г.Ариунболд нь С.Энхбаатарыг банзаар цохиж гэмтээснийг харсан талаар огт мэдүүлээгүй атлаа 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө өмнөх мэдүүлгээс зөрүүтэй буюу Г.Ариунболд нь С.Энхбаатарын толгойн тус газар нь банзаар цохиж байхыг харсан мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: С.Энхбаатар манай гэрт өдөр 15 цагийн үед ирсэн. Тэр үед манай ах дүү нар Улаанбаатар хотоос ирчихсэн яваагүй байсан юм. Манай ах Ганцоож, С.Энхбаатар нар хоорондоо урьд өмнөх нэг асуудлаар маргаантай байсан юм. Түүнээс болоод гадаа эд нар ярилцаж сууж байгаад манай ах дүү нар явцгаасан. Тэгээд С.Энхбаатар манай гэрт орж ирээд баруун талын орон дээр хэвтэж байснаа босч ирээд Г.Хадбаатарыг машинаа өг би машиныг чинь унаж явна, 10 литр бензин хийгээд би өөрөө унаад явна гээд байхаар нь би уурлаад маргалдсан. Маргалдаад ам зөрөөд сууж байсан намайг өргөж аваад авдрын урд руу шидсэн. Шидчихээд намайг ирээд зодоод байсан чинь Г.Хадбаатар босч ирээд яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм бэ гэж хэлэхэд чамайг алсан ч яадаг юм гээд Г.Хадбаатарыг халуун гал дээр түлхэж унагаасан. Энэ хоёр маргалдаад хоёр биенийгээ барьж аваад тавихгүй болохоор нь би цочсондоо болоод чанга орилсон чинь гаднаас Г.Ариунболд орж ирээд С.Энхбаатарыг гэрээс аваад гарсан. Гэрээс бид гурав хамт гараад зууралдаад газар унасан чинь Г.Ариунболд газраас нарийн банз аваад С.Энхбаатарыг толгойн дундуур нь цохисон. Тухайн үед манай гэрт сүх гэхээр зүйл байгаагүй. С.Энхбаатар худлаа мэдүүлэг өгөөд байна. С.Энхбаатарыг Г.Ариунболд цохисон учраас би С.Энхбаатарыг сумын төвийн эмнэлэгт хүргэх ёстой газарт хүргэж өгсөн. Надад өөр ярих зүйл байхгүй гэв. Шүүгдэгч Г.Хадбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: С.Энхбаатар бид нарын дунд болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь мэдүүлэг өгье. С.Энхбаатар 15 цагийн үед манай гэрт ирэхэд, Улаанбаатар хотоос ах дүү нар манайд ирчихсэн байсан юм. С.Энхбаатар манай ах Ганцоожтой урьд өмнөх нэг асуудлаар маргаантай байсан бөгөөд Ганцоожид өгөх ёстой юм аа өгөөгүй байсан юм шиг байна билээ. Өдөр нь манай ах дүү нар явцгаагаад С.Энхбаатар манай гэрт үлдсэн юм. Бид хоёр нийлж нэг пиво задлаад уугаад сууж байсан С.Энхбаатар “Чи надад тэргээ өгчих би бензин хийгээд айл хэсч архи ууна гэхээр нь би машинаа өгнө, өгөхгүй гэж хэлээгүй сууж байсан. Манай эхнэр чамд юу гэж машинаа өгөхийн гээд хэлсэн чинь С.Энхбаатар босч ирээд эхнэрийг өргөөд авдрын урд руу шидсэн. Тэгээд эхнэр босч ирээд зогсох гэтэл нь урдаас нь өшиглөхөөр нь би эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэсэн чи муу бөөс юу гээд байгаа юм бэ гээд миний цамцны захнаас боогоод халуун зуух нь дээр ар нуруугаар унагаасан. Манай эхнэр ч сандраад аллаа энэ хүн ахыг чинь аллаа гэж орилсон чинь гэрийн гаднаас Г.Ариунболд орж ирээд манай эхнэр, Г.Аринуболд, С.Энхбаатар гурав гараад үүдээр багтахгүй, бие биенийгээ чирээд аваад гарцгаасан. Тухайн үед миний цамц түлэгдсэн учраас тайлаад цамцаа солиод гэртээ үлдсэн. Энэ гурав гадаа гараад Г.Ариунболд үүдэнд байсан модыг аваад С.Энхбаатарыг цохисон. Тэгээд удалгүй тархи толгойг нь хагалаад хаячихлаа гээд орилоод байхаар нь гарсан чинь С.Энхбаатар доошоо хараад суучихсан, толгойноос нь цус гараад байж байсан. Гадаа сууж байгаад манай гэрт ороод манай эхнэр, Г.Мөнхцэцэг нар хөвөн шатааж толгой дээр нь тавьж өгсөн. Орой болсон С.Энхбаатарын хүү ирээд аавыг мотоцикль нь дээр авч явах гэсэн явж чадахгүй байна, гэрт хүргээд өгөөч гэхээр нь гэрт нь хүргэж өгсөн. Маргааш өглөө нь эмнэлэг явмаар байна гэхээр нь эмнэлэг хүргэж өгсөн. С.Энхбаатар бид нарыг худлаа ярьж гүтгэсэн мэдүүлэг өгсөн байна. Эмэгтэй хүн сүх бариад хүнийг сүхдэнэ гэж юу байх гэв. Шүүгдэгч Г.Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2012 онд С.Энхбаатар гэх хүнийг зодсон нь үнэн. Гэрээс чирч гаргаад зодсон. Өөр ярих зүйл байхгүй гэв. Шүүгдэгч Г.Мөнхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Г.Ариунболдтой гэр бүлийн харилцаатай байхдаа Г.Хадбаатар ахынхтай айл байсан. Тухайн өдөр С.Энхбаатар гэх хүн Г.Хадбаатар ахын гэрт ирчихсэн байсан. Намайг Г.Хадбаатар ахын гэрт хэрэг болохоос өмнө нэг ороход пиво задалчихсан уугаад сууж байсан. Тэгээд гэртээ ороод сууж байсан удалгүй ахыг чинь аллаа гээд Б.Алтангэрэл эгч нь орилсон. Тэгээд би айл аймаг хүмүүс байна, чи гар гээд Г.Ариунболдыг гаргасан. Г.Ариунболдыг гэрээс гарсны дараа би гэрээсээ гарахад Г.Хадбаатар ахын гэрийн гадаа 3 хүн үүдэн дээрх зэрэгцэж унаад, С.Энхбаатар ах банзаар цохиулсан юм шиг толгойноос нь цус гараад, доошоо 4 хөллөөд суусан. Сууж байгаад өөрөө босоод Г.Хадбаатар ахын гэрт орохоор нь араас нь орж хөвөн шатааж, толгой дээр нь тавьж өгсөн. Би үүнийг л харсан. Түүнээс өөр зүйл хараагүй гэв. Эрүүгийн 201203000051 дугаартай хэргээс: Хохирогч С.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 19-20 цагийн орчим морь алга болчихоод морио хайгаад явж байгаад Хадаа гэдэг айлын гадна очиж морио сураглахад, Хадаагийн гэрт Монхор эхнэртэйгээ, Ганцоож эхнэртэйгээ, хотоос ирсэн хүргэн ах нь гээд нэг хүн, тэгээд Хадаа эхнэртэйгээ байцгааж байсан. Тэр хүмүүс архи ууцгаасан бололтой бүгд халамцуу согтуу байцгаасан. Тэгтэл Ганцоож надаас архи нэхээд чи Сосоогоос архи авчих гээд байсан. Би мөнгө байхгүй гээд явах гэтэл Хадаа намайг бариад авсан. Тэгэхээр нь би түлхтэл Хадаа зуухны урдуур уначихсан. Тэгээд би гараад мотоциклио асаах гэтэл асахгүй байсан. Миний мотоциклийн утсыг салгасан байсан. Би тонгойгоод янзлах гэж байтал Хадаа миний нүүрлүү цохисон, юугаар цохисоныг нь мэдэхгүй. Хадаагийн цохисон гарыг нь барьж аваад ноцолдоход тэнд байсан бүх хүмүүс мод чулуу бариад надруу дайрсан. Цохих нэг нь цохиод, өшиглөх нэг нь өшиглөөд, модоор цохиод байсан. ...Тэгээд би Хадаад 20.000 төгрөг гаргаж өгөөд хоёулаа эвлэрье, би пиво авъя хоёулаа нэгийг нь хувааж ууя, тэгээд найз нь явъя гээд нэг пиво хувааж уусан. Хадаа их согтсон орноосоо унаад байсан. Би баруун орон дээр нь хажуулж байтал Хадаагийн эхнэр Сосоо мод барьж ирээд намайг цохиод доромжлоод байсан. Тэгтэл миний хамраас цус гарсан. Тонгойгоод сууж байтал бүснээс татаж унагаад дээрээс Сосоо өшиглөөд, нүдээд, Ариунболдоо энийг гаргаж хая гээд байсан. Тэгтэл хаалга онгойгоод Ариунболд сүх сугавчилчихсан орж ирж харагдсан. Тэгээд намайг Хадаа, Ариунболд, Сосоо гурав нүдээд байсан. Тэгтэл тархи руу ян гээд л явчихсан, дарж үзэхэд бүлээн юм гоожиж байсан. Гэхдээ хэн нь цохисоныг би мэдээгүй, гэхдээ Ариунболд сүх барьж орсон, ална гээд орилоод байсан. Нэг мэдэхэд би ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/ “...Би баруун талынх нь орон дээр хэвтээд хэсэг дуг хийтэл Сосоо над руу дайраад мод, лоом барьчихсан цээж орчмоор нүдээд байсан. Хадбаатар өндийж босч ирэхээр нь би эхнэрээ аваач гэж хэлтэл босч ирээд эхнэртэйгээ нийлээд цохиж зодоод хамраас цус гаргасан. ...Дөрвөн хөллөөд байж байтал Ариунболдоо гээд Сосоо хашгираад байсан. Сосоо энэ мууг алчихъя гэж хэлээд өшиглөөд гараараа цохиод байсан. Энийг алсан байхад хүүрийг нь шувуу л иднэ биз, хэн олдог юм бэ гэж хэлээд байсан. Ариунболд нь сүх барьчихсан орж ирсэн. Сосоо нь энэ мууг алсан ч яах вэ гээд тас хийтэл сүхээр дагз руу цохисон. Гэтэл бүлээхэн оргиод явчихсан. Хадбаатар нь Сосоог чи хүн алчихлаа шүү дээ гэж хэлээд хөвөн гээд пижигнээд байсан. Тэгээд би ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-26 дугаар хуудас/ “...Хадбаатарын эхнэр Ариунболдыг дуудаад орилоод байсан. Ариунболд нь гэрт хурц иртэй, түлээ хагалдаг сүх барьчихсан орж ирсэн, би доошоо хараад хэвтэж байсан.миний хамарнаас цус гарч байсан юм. Гэтэл Алтангэрэл нь сүхээр намайг цохисон. Түрүүлгээ хараад хэвтэж байхад ян гээд толгой руу цохисон. Харахад Алтангэрэл нь сүх барьчихсан зогсож байсан. Хажууд нь Ариунболд, Хадбаатар нар зогсож байсан. Намайг Алтангэрэл цохисон гэж бодож байна...” гэх дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/ “...хамарнаас цус гараад доошоо хараад толгойгоо хоёр гараараа салаавчлаад хэвтэж байхад Алтангэрэл сүхээр цохисон. Хүн аллаа гээд дээшээ харахад Алтангэрэл сүх бариад зогсож байсан, дахин цохих гэж далайсан, сүхийг нь хэн авсныг мэдэхгүй...” гэх дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 220 дугаар хуудас/ “...Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярихад Алтангэрэл намайг хурц иртэй даран сүхээр толгой руу цохиж гэмтээсэн нь үнэн. Энэ талаар өмнө өгсөн бүх мэдүүлэгтээ хэлсэн. Харин хэрэг болсны дараа Хадбаатар, Алтангэрэл нар нь Ариунболдыг цохисон гээд хэлээд өг гэж гуйгаад байсан. Ариунболд намайг цохиж гэмтээсэн асуудал байхгүй. Банзаар толгой руу цохисон асуудал огт байхгүй. Хадбаатар ахтайгаа хуйвалдаж тийм асуудал ярьсан байх гэж бодож байна. Гуйгаад байхад нь ганц нэг ярьсан байж магадгүй. Ямар ч байсан Ариунболд цохиогүй нь үнэн. Мөнхцэцэг намайг цохиж авахыг хараагүй. Гэрт байгаагүй. ...Эхнэр Энхтуяагийн дэргэд аймгийн зах дээр гуйж байсан. Дараа нь аймагт Хадбаатарыг эхнэрийн хамт дуудаад байхаар нь Лхагваа, Өлзий, Эрдэнэ-Очир нарын хамт 1 дүгээр сургуулийн сааданд очсон чинь хамт явсан хүмүүсийн хажууд Ариунболдыг цохисон гээд хэлээд өг гэж гуйгаад байсан. Би прокурорын газарт дуудахад нь очсон чинь Алтангэрэл өөрөө эмэгтэй хүнийг шоронд явуулах гээд байгаа юм уу гээд уйлаад байхад нь ер нь эмчилгээний зардал өгчих хэн цохиж гэмтээсэн нь яах вэ гэж л дахин хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 239-240 дүгээр хуудас/ Гэрч Г.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Ганцоож эхнэр Алтанцэцэг, Мягмар гурав Батнасан эхнэр Сувдаа хоёрын хамт манай хотонд ирээд Хадбаатар ахын хотонд хоноцгоосон. Хотоос ирсэн хүмүүс ганц нэг шил архи ууцгаасан, тэгээд манайх Мягмар ахыг цай уулгаад манай гэрт Хадбаатар, Ганцоож, Мягмар гурав 0.5 литрийн архи хувааж уугаад дуусаж байхад 14 цагийн үед Энхбаатар гуай манайд орж ирсэн. Тэр гурав ууж байсан архинаасаа нэг хийж өгсөн, архи нь ч дууссан. Энхбаатар гуай идээ идчихээд гараад явсан, Ганцоож хамт гарсан. Тухайн үед Ариунболд малд явсан байсан. Тэгээд удалгүй гадаа хүмүүс орилоод байхаар нь гарсан. Ариунболд малд яваад ирж байсан. Энхбаатар Хадбаатарыг өшиглөж байсан. Ариунболд өмөөрөөд чи миний ахыг яагаад байгаа гэсэн чинь Энхбаатар Ариунболдыг үснээс нь зулгаагаад Мягмар ах салгаад гэрт орцгоосон. Гэрт орохоос өмнө Энхбаатар мотоцикль асахгүй байна. Сэвчээний утас тасалчихсан байна гээд байсан. Нар жаргасны дараа ирсэн хүмүүс явцгаасан. Энхбаатар үлдээд Хадбаатар ахын гэрт орсон. Тэгээд шөнө орондоо ороод унтах гэж байхад Алтангэрэл эгч Ариунболдоо ахыг чинь аллаа гээд орилсон. Би Ариунболдыг гар гээд гаргасан Ариунболд ямар хүүхдүүд биш гарахгүй гээд байхаар нь би гар гэсээр байгаад гаргасан. Удалгүй Ариунболд гэрийн хаалга цохиод би тайлж өгсөн. Сандарчихсан Энхбаатар ахын толгой хагарчихлаа. Би банзаар цохисон, нуруу руу нь цохисон гээд байсан. Тэгээд бид 2 хамт Хадбаатар ахынд ортол Энхбаатар баруун хойморт толгойгоо бариад доошоо хараад хэвтэж байсан. Ариунболд толгой дээр хөвөн тавиад боож өгсөн. Хадбаатар ах цамц барьчихсан Энхбаатар намайг зуухан дээр дарж боогоод миний цамц түлэгдсэн гэж байсан. Удалгүй Бадамдорж, Гантулга, Төрөө гурав ирээд Бадамдорж аав хаана байна гэхэд Алтангэрэл манайд байгаа гээд бид бүгд Хадбаатар ахынд орсон. Хадбаатар, Алтангэрэл 2 Бадамдоржид танай аав агсан тавиад Хадбаатарыг боож гал дээр дарсан, Энхбаатар зуух мөргөөд толгойгоо хагалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/ Гэрч Э.Бадамдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Дамба ахын гэрээс залгасан би Хадбаатар ахыг утсаар ярьлаа гэж бодсон. Алтангэрэл Ариунболдын гэрт байхдаа танай аав агсан тавиад зуух мөргөж унасан, толгойгоо хагалсан гэж байсан. Ариунболд агаа, ажаа хоёроос болчихлоо гээд сандарсан байдалтай үглээд байсан. Агаа, ажаа хоёр гэдэг нь Хадбаатар, Алтангэрэл хоёрыг хэлж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/ Гэрч С.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Бид гурав Хадбаатар ахын хотонд очоод эхлээд Ариунболд ахынд орсон. Ариунболд ах эхнэртэйгээ Алтангэрэл эгч гурав сууж байсан. Бадамдорж аав хаана байгаа гэж асуухад Алтангэрэл эгч манайд байгаа. Энхбаатар манайд агсан тавиад Хадбаатартай барьцалдаж аваад тэгээд зуух мөргөөд толгойгоо хагалсан гэж байсан. Ариунболдынд ороход Ариунболд агаа ажаа хоёроос боллоо, пизда гээд би Энхбааатарыг сэрээх гэж нэрийг нь дуудаж байж ухаан орсон. Тэгээд сэргэчихээд Ариунболд намайг сүхээр толгой руу цохисон гээд ёолоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/ Гэрч Г.Хадбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед анх Энхбаатар манайд ирсэн. Гэхдээ халамцуу байсан, манайд хотоос ирсэн байсан Ганцоожтой маргаад байсан. Тэр үед намайг болон Ганцоожийг нэг удаа цохисон. Тэгээд Ганцоож болон бусад хүмүүс явсаны дараа нь Энхбаатар надтай 1 пиво хувааж уусан. Тэгснээ л машиныхаа түлхүүрийг өг би 10 литр бензин хийгээд айлаар орж архи ууна гээд байсан. Тэгтэл манай эхнэр согтуу хүнд машиныхаа түлхүүрийг өгөхгүй гэж маргаад байсан. Тэгтэл Энхбаатар манай эхнэрийг авч шидээд хөлрүү нь өшиглөөд, дагз руу нь цохисон. Тэгэхээр нь би чи болиоч эмэгтэй хүнийг яаж байгаа юм гэтэл чи муу бөөс юу гээд байгаа юм чамайг ална гээд толгой руу 2 удаа цохисон. Тэгтэл манай эхнэр хүн аллаа гэж орилоод Ариунболдыг дуудсан. Ариунболд орж ирээд манай эхнэртэй хамт Энхбаатарыг чирч гаргаад гадаа Ариунболд модоор толгой руу цохисон гэсэн. Би гэрээс гараагүй учраас хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/ “...Эхнэр Ариунболдыг дуудсан би тухайн үед газар хэвтэж байсан. Намайг Энхбаатар дээрээс өвдөглөөд дарчихсан байж байсан. Ариунболд орж ирээд эхнэр Алтангэрэлтэй Энхбаатарыг чирээд аваад гарсан. Би гэрт үлдсэн, тэгсэн эхнэр Ариунболд Энхбаатарын толгойг цоо цохиод хаячихлаа гэсээр орж ирсэн. Би гэрээс гарсан чинь үүдэнд Энхбаатар тонгойгоод суучихсан Ариунболд хажууд нь зогсож байсан. Би Энхбаатарт цус гараад байгаа бол орж боолго гэсэн өөрөө босоод гэрт орсон. Тухайн үед харанхуй болчихсон байсан, ойролцоогоор 20 цаг болж байсан байх. Эхнэр толгойг нь хөвөн тавиад боож өгсөн. Манай гэрийн баруун талд түрүүлгээ хараад хэвтэж байхад удалгүй хүүхэд нь мотоцикльтой ирсэн. Би хүүхдэд нь аав чинь ахыг нь зодоод зуухан дээр дарж унагаад цамц түлсэн, тэгээд өөрөө зуухруу унаад толгойгоо хагалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/ Гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед Энхбаатар манайд ирсэн, ирэхдээ халамцуу байсан. Тэгээд манайд хотоос ах дүү нар ирчихсэн байсан. Энхбаатар Ганцоожтой маргалдаад байсан. Тэгээд тэд нартай эвлэрээд хотоос ирсэн хүмүүс явсан. Энхбаатар манай нөхөр Хадбаатартай 1 пиво хувааж уусан, цаг 20 цаг өнгөрсөн байсан. Намайг одоо болно харь гэхэд Энхбаатар танай машиныг авч явна. 10 литр бензин хийгээд айл хэсч архи ууна гээд байсан. Би түлхүүрээ өгөхгүй гээд хэрэлдэж, маргалдсан тэгтэл намайг орон дээрээс авч шидээд хөлрүү өшиглөөд, шилэн хүзүү рүү цохиод авсан. Тэгэхээр нь манай нөхөр очоод чи яаж байна гэтэл боогоод зуухан дээр дарж байгаад 2 удаа цохисон. Тэгэхээр нь би хүн аллаа гээд орсон манай дүү Ариунболд орж ирсэн. Бид нийлж чирч гаргасан. Гадаа гарсан хойно манай дүү Ариунболд банзаар толгой руу нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/ “...Ариунболд орж ирээд бид хоёр Энхбаатарыг чирээд гаргасан чинь Энхбаатар Ариунболдыг өшиглөсөн тэгтэл Ариунболд үүдэнд байсан модоор Энхбаатарын толгой руу цохисон. Би гэрт ороод Ариунболд Энхбаатарын толгой руу модоор цохьчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/ Гэрч Ж.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэр өдөр өөрийн нөхөр Сүхийн хамт гэртээ байж байхад шөнө Энхбаатарын хүү Бадамдорж аавыгаа сураад ирсэн. Сүх өдөр таарсан, Хадбаатарынд очно гээд явж байсан гэж хэлсэн. Тэгээд манайхаас яваад нилээд удсан, шөнө 23 цагийн үед манай хүү Гантулгын мотоциклтой Энхбаатар хүүтэйгээ ирсэн. Энхбаатар архи уучихсан байсан. 2 литрийн боргио пиво 2 ширхгийг өвөртөлчихсөн орж ирсэн. Манай хүү Гантулга Бадамдорж хоёр Энхбаатарын унаж явсан мотоциклийг авчирах гээд явсан. Мотоциклыг нь чирч авчирсан байх. Энхбаатар өвөртөлж орж ирсэн 2 пивоныхоо нэгийг манай нөхөр Сүхээр задлуулж талд ортол уусан. Тэгээд Энхбаатарын мотоцикль асахгүй байсан учир манай нөхөр Сүх Хадбаатарыг очиж авчир Энхбаатарыг гэрт хүргэж өг гэж хэл гээд Гантулга, Бадамдорж хоёрыг явуулсан. Удалгүй Хадбаатар ирж Энхбаатарыг хүргэж өгөхөөр аваад явсан. Энхбаатар манайд байхдаа Монхор буюу Батнасан жорлонгийн модоор ташаа, толгойруу цохисон, Ариунболд миний толгой руу модоор цохисон гэж орилсон. Ганцоож миний мотоциклийн утсыг тасдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/ Гэрч Ч.Сүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хадбаатарынд очно гээд Энхбаатар мотоцикльтой явж байсан. Орой нь хүүхэд нь морьтой манайд аавыгаа хайж ирсэн. Би өдөр надтай таарахдаа Хадбаатарынд очно гээд явж байсан гэж хэлсэн. Тэгээд 2-3 цагийн үед манай хүүхэд Гантулгын мотоцикльтой Энхбаатар хүүхэдтэйгээ архи уучихсан согтуу ирсэн. Тэгэхдээ тэгж их согтоогүй байсан. Толгойноос нь цус гарчихсан хацар амаар нь цус болчихсон толгой дээрээ даавуу юм уу хөвөн тавьчихсан орж ирсэн. 2л боргио пиво 2 ширхэгийг өвөртөлчихсөн орж ирсэн. Тэгээд намайг нэг пиво задлаад өг гэхээр нь задалж өгсөн. Надад аягаар нэг хийж өгсөн. Тэрийг нь уусан өөрөө дунд нь ортол уусан Энхбаатарын хүүхэд манай хүүхдийн мотоцикльтой Хадбаатарын гэрлүү явж Энхбаатарын мотоциклийг чирч авчирсан. Тухайн үед мотоцикль нь асахгүй байсан. Энхбаатар би үхлээ гээд байхаар нь Энхбаатарын хүү Бадамдорж өөрийн хүү Гантулга хоёр Хадбаатарынд очиж Энхбаатарыг гэрт нь хүргэж өг гэж хэл гээд явуулсан. Удалгүй Хадбаатар ирээд Энхбаатарыг гэрт нь хүргэж өгсөн. Тийм л асуудал болсон...Батнасан жорлонгийн модоор толгой руу цохисон Ариунболд миний толгой руу модоор цохисон гэж ярьж байсан байсан. Манай гэрт байхдаа үхлээ гээд л ёолоод байсан. Манай эхнэр толгойны эм өгөөд байсан. Манай гэрээс 05 цагийн үед явсан. Энхбаатар мөрөөрөө томоотой архи их уудаг уухаараа хэд хоногоор дараалж уудаг. Архи уучхаараа агсандуу, шазруун зантай залуу байгаа юм. Тэрнээс надад гэм хийж байгаагүй. Хадбаатар даруухан, архи уудаг, хүнтэй эвсэг, хэрүүл маргаан хийж байхыг сонсоогүй. Ариунболд бүдүүн баргийн, дуу цөөнтэй, мангардуу хүүхэд байгаа, архи дарс ууж байгаагүй хүнд гэмгүй мөрийн хүүхэд...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-73 дугаар хуудас/ Гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Мягмар, Ганцоож, Алтанцэцэг, Батнасан, Сувдаа нар ирсэн. Манайд хоноод маргааш нь 05 литрийн ерөөл архи 2 шилийг бүгдээрээ хувааж ууцгаасан. Манайд Алтанцэцэг, Сувдаа бид гуравыг байхад 14 цагийн үед Энхбаатар орж ирсэн архи авъя гэхээр нь архи дуусчихсан гэсэн тэгвэл пиво авъя гэхээр нь би зарахгүй гээд зараагүй. Хадбаатар ах хаана байна гэж асуухаар нь Ариунболдын гэрт байгаа гэсэн. Тэгээд гарсан. Хэсэг хугацааны дараа гадаа хүмүүс шижигнэхэд гарсан чинь Ганцоожийн нүд нь хөхөрчихсөн Энхбаатар Ганцоож нар хоорондоо барьцалдсан байсан. Мягмар ах салгасан тухайн үед манайд ирсэн хүмүүс явах гэж байсан. Тэгээд бүгдээрээ манайд орж ирцгээсэн. Тэгсэн Энхбаатар пиво авъя гээд 20.000 төгрөг тавьсан тэгэхээр нь би пиво өгөөгүй юм ширээн дээр тавьсан 20.000 төгрөгийг Энхбаатарт өгсөн чинь Ганцоожтой хэрэлдээд байсан өмнөх цагдаа шүүхийн асуудлаа яриад байсан. Ганцоож мөнгө нэхээд байсан, тэгсэн Энхбаатар тэгвэл энийг ав гээд өмдний карманд 20.000 төгрөгөө хийсэн тэгээд манайд ирсэн хүмүүс явцгаасан. Энхбаатар манайд үлдээд 20.000 төгрөгөө өгөөд 2 литрийн боргио пиво 3 ширхгийг авсан. Тэгээд 1 пиво манай нөхөртэй хувааж ууж байхдаа машины түлхүүрээ өгчих 10 литр бензин хийж айл хэсэж архи ууна гээд байхаар нь согтуу хүнд машин өгөхгүй гээд хэрэлдсэн чинь намайг гэрийн баруун талын орны тэндээс өргөж газар унагаагаад толгой руу цохиод баруун талын гуя руу өшиглөсөн. Манай нөхөр чи яаж байгаа гэсэн чинь заамдаад нүүр рүү нь 2 удаа цохиж зуухан дээр боож газар унасан. Би Ариунболдыг дуудаж орилсон. Тэгсэн Ариунболд орж ирээд бид хоёр Энхбаатарыг чирээд гаргасан чинь Энхбаатар Ариунболдыг өшиглөсөн. Тэгсэн Ариунболд үүдэнд байсан модоор Энхбаатарын толгой руу цохисон. Би гэртээ ороод Ариунболд, Энхбаатарын толгой руу модоор цохилоо гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр Энхбаатарыг оруулж ирсэн. Би Энхбаатарын толгойг цус гарч байсан хэсгийг хөвөнгөөр боосон. Манай гэрийн баруун талд түрүүлгээ хараад хэвтэж байхад удалгүй хүүхэд нь мотоциклтой ирсэн. Манай нөхөр Хадбаатар хүүхдэд нь аав чинь ахыг нь зодоод зуухан дээр дарж унагаагаад цамц түлсэн. Тэгээд өөрөө зуухруу унаад толгойгоо хагалсан гэж хэлсэн. Энхбаатбарыг аваад явсан би хүүхдэд нь хариулт 8000 төгрөг өгсөн. Тэгсэн 2-3 цагийн дараа унтаж байхад Энхбаатарын хүүхэд ирээд аав Сүх ахынд байгаа дотор нь муухай оргиод байна. Таныг хүргээд өг гэж утсаар ярихаар нь Эрдэнэмандал сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн...Энхбаатар Ганцоож нар өмнө цагдаа шүүхээр орж байсан. Тэрнээсээ болж маргалдаад намайг гарахад заамдалцсан байсан. Ганцоожын нүд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/ Сэжигтэн Г.Ариунболдын дахин мэдүүлсэн: “...2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 22 цагийн үед малаа хотлуулчихаад гэртээ орондоо орчихсон унтах гэж байхад Алтангэрэл гэрийн гаднаас Ариунболдоо гараад ир зодоо хийгээд байна салгаадах гэхээр нь би гарсан чинь Энхбаатар, Хадбаатар, Алтангэрэл гурав Хадбаатарын гэрийн үүдэнд байсан очиход Энхбаатар хоёр гараараа толгойгоо бариад тонгойгоод сууж байсан би яасан гэж асуусан чинь Энхбаатар танай бэр чинь миний толгой руу цохьчихлоо гээд байсан. Тэгээд Хадбаатарын гэрт оруулаад Энхбаатарын цусыг арилгасан Алтангэрэл хөвөн шатааж надад өгсөн. Би толгойны цус гарч байсан газар тавиад боосон. Тэгээд би гэртээ ороод байж байхад Алтангэрэл миний араас орж ирсэн удалгүй мотоцикльтой хүн ирээд манай гэрт орж ирсэн. Энхбаатарын хүүхэд Тулга хоёр байсан. Тэгээд Алтангэрэлтэй хамт гараад Хадбаатарынд орсон удалгүй Тулга манай гэрт орж ирээд Энхбаатарыг хүүхэд нь аваад явлаа иргэж ирээд мотоциклийг нь бид авч явна гэж байсан. Тэгээд Энхбаатарын хүүхэд ирээд явцгаасан. Шөнө хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна Энхбаатарын хүүхэд манайд орж ирээд аав Сүх ахынд байгаа орилоод дуу тавиад байна. Хадбаатар ахыг дуудуулсан хаалгаа онгойлгож өгөхгүй байна. Та онгойлгоод өгөөч Хадбаатарын машинаар гэрт аваачих гэсэн юм. Тэгэхээр нь би Хадбаатарын хаалгыг цохиж онгойлгож өгсөн. Энхбаатарын хүүхэд Хадбаатарт аав орилоод дуу тавиад байна та гэрт хүргээд өгөөч гэж хэлээд явцгаасан би гэртээ орсон. Тэгээд Энхбаатар Эрдэнэмандал сумын эмнэлэгт хэвтсэн. Намайг сумын цагдаа дуудсан. Би сумын төв ороод Хадбаатар Алтангэрэл хоёртой уулзсан чинь намайг Энхбаатарын толгой руу цохисон гэж хэлсэн. Чи цагдаад намайг Алтангэрэл дуудсан ороход Хадбаатарыг зуухан дээр дарчихсан байсан. Тэгэхээр нь Алтангэрэлтэй гэрээс татаж гаргаж ирээд чамайг Энхбаатар хөлөөрөө жийсэн тэгэхээр нь би толгой руу нь цохисон гэж цагдаад хэлээрээ гэхээр нь би Эрдэнэмандал сумын хэсгийн төлөөлөгчид Хадбаатар, Алтангэрэл хоёрын хэлснээр байцаалт өгсөн. Хадбаатар, Алтангэрэл хоёр намайг цагдаагаас салгаад авчихна гээд байсан болохоор нь тэгж байцаалт өгсөн... Би өмнө нь Хадбаатар, Алтангэрэл нарын үгээр хэрэг хүлээчих гээд байхаар нь Энхбаатарын толгой руу цохисон гэж байцаалт өгсөн. Намайг цагдаагаас салгаж өгнө гэж хэлсэн. Одоо болохоор Энхбаатарын хохирлыг өөрөө барагдуул гээд байгаа болохоор мөн хүний өмнөөс хэрэг хүлээхгүй гэж бодсондоо тухайн хэргийн талаар үнэн зөв мэдүүлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 133 дугаар хуудас/ Гэрч Ч.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Т.Ариунболд нь зан төлөвийн хувьд заримдаа ууртай зарим үедээ томоотой юм шиг хүн. Оюуны хөгжил дорой юм болов уу гэж боддог. Эмчийн хяналтад байгаагүй. Багийн судалгаанд ойлгоотой гэж бүртгэж явдаг. Т.Ариунболд заримдаа ойлгоцгүй юм яриад байдаг юм. Би 1987 онд төгсөж ирээд багийн эмчээр тасралтгүй ажиллаж байгаа. Ажиллаж эхэлсэн цагаас эхлээд Т.Ариунболдыг ойлгоотой гэж бодож эхэлсэн. Тэгэхдээ би мэргэжлийн эмч биш учир тодорхой онош тавьж чадахгүй. Тодорхой өвчинөөр өвчилж байгаагүй. Би хоёр удаа дуудлагаар очиж байсан. Т.Ариунболд ухаан алддаг юм. Мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж боддог...” гэх мэдүүлэг /хх-ийн 213-214 дүгээр хуудас/ Гэрч Г.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...С.Энхбаатар өөрөө надад ярих даа бол Алтангэрэл намайг сүхээр цохисон гэж ярьсан, өөр хүн цохиж зодсон гэж яриагүй. Харин Алтангэрэлийн нөхөр Хадбаатар нь Ариунболдод бэр эгчийгээ хамгаална шүү, чамайг цохисон гэж хэлсэн шүү гэж байгаад Ариунболдоор хэрэг хүлээлгэсэн гэж Хадбаатарын төрсөн дүү Ариунболд өөрөө надад ярьсан. Тэр үед Ариунболдоос өөрөөс нь лавлаж асуусан чинь миний ах Хадбаатар өмгөөлөгч Бат-Эрдэнэд миний өмгөөллийн хөлс болох 500.000 төгрөгийг өгсөн. Бусдыг нь би мэдэхгүй, хэрэг дууссаны дараа Ариунболдоос Хадбаатар нь өмгөөллийн хөлсийг чинь өгсөн. Тугалтай үнээ оронд нь өг гэж Ариунболд өөрөө надад ярьсан. Хэрэг болоход нь байхгүй байсан болохоор хэргийн газарт юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Хадбаатар дараа нь тугалтай үнээ авсан гэж Ариунболд уурлаад хэргийг үнэн зөвөөр нь хэлнэ гэж ярьж байсан. Тэгээд тэр хэргийг хийгээгүй гэж үнэнээ хэлнэ, хэргийг гэрчилнэ гэж Ариунболд өөрөө ярьж байсан... Бөхбилигтийн сааданд очиж байсан нь үнэн, Би Энхбаатар, Лхагва, Өлзийбуян бид нар хамт очиж Хадбаатар, эхнэр Алтангэрэл нар ирээд тохирчихъё 10 сая төгрөг өгье гэж ярилцаж тохироод салсан, Ариунболдыг цохисон гэж хэлээд өг гэх асуудлын талаар ямар нэгэн зүйл яриагүй... Энхбаатар нь Хадаагийн гэрт очиход хүмүүс архи ууж байсан гэсэн. Тэгээд Энхбаатар өөрөө архи уугаагүй байсан гэсэн. Тэгээд архи пиво авч өгсөн гэж ярьж байсан. Яг юунаас болж зодсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан тэнд байсан нэг хүнтэй өмнө зодоо хийж байсан юм шиг байна лээ. Тухайн хэрэг 2012 онд шалгагдаж байхад эхлээд Алтангэрэл цохисон гэж шалгагдаж байсан, гэтэл сүүлдээ Ариунболд цохисон болоод тэгсэн хэрнээ хэрэг хариуцах чадваргүй болоод байсан. Яагаад ийм асуудал болсон гэдгийг би огт мэдэхгүй. Ариунболд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгвөл гэрч болох учиртай хүн байгаа юм. Нэмж хэлэхэд 1 дүгээр сургуулийн урд талын Бөхбилигтийн сааданд очоод 10 сая төгрөгөөр тохирч байсан нь үнэн, хэрвээ бусад хүмүүсийн мэдүүлэг миний өгсөн мэдүүлэгтэй зөрвөл тэр хүмүүс худал ярьж байна гэсэн үг...” гэх мэдүүлэг /хх-ийн 286-287 дугаар хуудас/ Гэрч Г.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Энхбаатараас юу болсон бэ гэж асуусан чинь наадуул чинь хэсэг бүлэг, хамаатан саднаараа нийлж, дайраад алах гэж байна, хотоос ирсэн хүмүүс нь явсан хойгуур Хадаагийн авгай Сосоо намайг сүхээр цохьчихлоо, тэгээд ухаан алдсан байна гэж ярьсан. Би тэр үед нь Хадбаатарт та нар яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Энхбаатарт ч буруу байгаа шүү гэхээр нь буруу байсан ч гэлээ сүхээр цохиж яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Хадбаатар ямар нэгэн зүйл ярилгүй явсан. ...Тэгээд ирэхэд нь Алтангэрэлд чи яаж байгаа юм бэ, эр хүний толгойг ийм болгоод байхдаа яадаг юм бэ гэсэн чинь Алтангэрэл өөрөө уурын мунхагтаа ийм болчихлоо, уучлаарай, үхэхгүй л бол эмчилгээний ямар л зардал гарна бүгдийг нь даая гэж хэлж байсан. Тэр үед Бадамдорж хажууд нь хамт байж байсан. ...Сумын эмнэлэг рүү явж байхад Хадбаатар нь Энхбаатарыг мотоциклоос унасан гээд хэлчихье гээд гуйгаад байхаар нь би энэ хүний биеийн байдлыг харж байж болно гэж хэлсэн. Тэрнээс хойш хэргийг цагдаа шалгаад байж байхад Хадбаатар, Алтангэрэл 2 аймгийн зах дээр хүрээд ир уулзъя гээд байхаар нь очтол Ариунболдыг цохисон гээд хэлээд өг гэж гуйгаад байхаар нь та нар хэлсэн ярьсандаа байгаач, яалаа гэж тэгж болдог юм бэ гэж хэлээд зөвшөөрөөгүй. Тэр үед нь өөр гадны хүн байгаагүй. Энхбаатар, Хадбаатар, Алтангэрэл бид 4 байсан. Мөн дараа нь Энхбаатараас бас бүх зардлыг чинь даана, Ариунболдыг цохисон гээд хэлээд өгөөч гэж гуйсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 242 дугаар хуудас/ Гэрч Г.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “ ...Би гэрт нь ороогүй Г.Хадбаатар, С.Энхбаатар, Алтангэрэл нар гэрээс гарч ирээд гэрийн үүдэнд 3-уулаа унаж байсан... Г.Ариунболд С.Энхбаатарыг Г.Хадбаатарын гэрийн гадна банзаар цохиж байхыг би харсан... Миний мэдүүлэг үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 258 дугаар хуудас/ “...Гадаа бүрий болж байсан, Хадбаатар ахын гэр, манай гэртэй яг зэрэгцээ ойрхон байдаг байсан учир гадаа болж байсан асуудал Энхбаатарын толгой руу цохиж авахыг нь би харсан, С.Энхбаатар өвдөглөөд суучихсан унаж байгаа харагдсан. 2012 онд гэрчээр мэдүүлэг өгөхөд Ариунболд намайг цохиж авсан талаар би хэлээд хэрэггүй гээд хэлүүлдэггүй байсан учир би харсан талаараа хэлдэггүй байсан. Тэр үед бид 2 эхнэр, нөхрийн харьцаатай байсан. Одоо бол албан ёсны гэр бүл биш болсон. Өөрөөр хэлбэл тухайн үед Ариунболдын үгээр ороод худал хэлж байсан. Би санахгүй байна, ямар ч байсан Ариунболдыг дуудаад Ариунболд гэрээс гараад явсан. Намайг араас нь гарахад Хадбаатар ахын гэрийн үүдэнд Хадбаатар ах, Энхбаатар, Алтангэрэл эгч нар унаж байхыг нь харсан тэр үед нь Ариунболд Энхбаатарыг модоор цохиж авсан, яг ямар мод байсан гэдгийг сайн мэдэхгүй байна, банз ч байсан байж магадгүй. Сайн санахгүй байна. Ариунболдыг Хадбаатар ахын гэрээс Алтангэрэл эгч дуудаад ахыг чинь аллаа гээд орилоод байсан чинь Ариунболд гарахгүй байхаар нь би гараач гэж хэлээд гаргасан. Би удаагүй араас нь гарсан болохоор Ариунболдыг Хадбаатар ахын гэрт ороогүй гэдгийг сайн мэдэж байна. Ариунболд Хадбаатар ахын гэрийн үүдэнд Энхбаатар, Хадбаатар, Алтангэрэл нарыг өөдөөс нь гарч ирэхэд нь модоор цохиж авсан санагдаж байна... Ямар байдалтай гарч ирснийг мэдээгүй, анзаарч сайн хараагүй Ариунболд толгой руу нь цохиж авахыг нь харсан. Тэгээд Энхбаатар гуай Хадбаатар ахын гэрийн үүднээс жаахан зайтай цусаа гоожуулаад тонгойгоод доошоо харчихсан үглээд л байсан, бид нар хараад жаахан байж байтал Энхбаатар гуай өөрөө босоод Хадбаатар ахын гэрт орж ширээний баруун талд нь суугаад бид нар хамт хөвөн шатааж тавьсан. Энхбаатар гуай амандаа үглээд л хараагаад байсан. Юу яриад байсан гэдгийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 315-316 дугаар хуудас/ Яллагдагч Г.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Би 2012 онд Ариунболдыг гэмт хэрэг үйлдэхийг хараагүй талаар нууж худал мэдүүлэг өгсөн нь үнэн, харин одоо бол Ариунболд Энхбаатар гуайг цохиж гэмтээсэн гэдгийг үнэн зөвөөр нь хэлж мэдүүлэг өгч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 385 дугаар хуудас/ Гэрч Э.Бадамдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би тухайн үед оюутан байсан, амралтаараа хөдөө гэртээ ирчихсэн байсан. Морио алдчихаад аав мориныхоо араас тухайн өдөр явсан. Тэгээд ирэхгүй удсан, шөнө болоод хүлээж байтал 22-23 цагийн үед байх /гэхдээ цагийг нь сайн санахгүй байна/ манай гэр рүү утсаар Дамба гэх айлаас яриад “аав чинь Хадбаатар гуайн хотонд зодуулаад байх шиг байна, ямар нэгэн юм болоод байна, ирэх хэрэгтэй байна” гэхээр нь гэрээс гарч Сүх гэдэг айлын Гантулгын мотоциклиор Хадбаатар гуайн гэрт явж очоод гэрт нь ортол аав гэрийнх нь баруун хоймор хэсэгт ухаангүй хажуулаад хэвтчихсэн, зузаан үстэй дээлтэй, малгай нь уначихсан, цус болсон, толгойн яг орой хэсэгтээ хагарсан цус их гарсан байдалтай дээлийн хөвөн цусанд нь наалдсан байдалтай байсан. Тэгээд яасан бэ? юу болсон бэ гээд асуусан чинь аав чинь зуух мөргөж унасан гэж байсан. Тэгээд ухаан орохгүй татаад босохгүй босгох гээд дийлэхгүй байсан. Тэгж байж байгаад хальт ухаан орохоор нь сугадаж гаргаад бие засуулаад, Хадбаатар гуайн гэрийн гадаа яасан юм бэ, юу болсон юм бэ гэж асуусан чинь аавыг нь Сосоо гэж дууддаг Алтангэрэл эгчийг сүхээр цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд аав нь үхэх юм шиг байна, харьж үхье гэхээр нь аваад явсан. Тэгээд Сүх ахынд очоод мотоциклиор авч явах боломжгүй байсан тул буцаж Хадбаатар гуайн гэрт очоод машинаар нь аавыг гэртээ авч ирсэн. Нааш цааш яваад бараг өглөө болох гэж байхад гэрт ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 327 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1901 дугаартай шинжээч эмч Т.Чимэд-Очирын дүгнэлт: С.Энхбаатарын биед тархины хүнд зэргийн няцрал, дунд духны дэлбэнгийн цусархаг, гавлын суурь ясны хугарал, бага тархины хальсан доорх цусан хураа, зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хамрын угалз, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 101 дүгээр хуудас/ Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2012 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 132 тоот шинжээчийн “...Б.Алтангэрэлийн биед баруун гуяны зөөлөн эдэд няцралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 107 дугаар хуудас/ Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2012 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 133 тоот шинжээчийн “...Г.Хадбаатарын биед, баруун нүдний зөөлөн эдэд няцралт, баруун гарын шуунд жижиг зулгаралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 11 дүгээр хуудас/ Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаа: “...2012 оны 06-р сарын 16-ны өдөр гаргасан 19 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээ үндэслэл муутай байна. Г.Ариунболд нь “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна. Уг эмгэг нь сэтгэцийн төрөлхийн өвчин болно. Г.Ариунболд нь гэмт хэрэгт холбогдохын өмнө дараа нь болон гэмт хэрэг үйлдэх үед “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн байсан байна. Г.Ариунболдын дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. Г.Ариунболд нь “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна. Г.Ариунболд нь өөрийнхөө үйлдлийг ойлгон удирдаж чадаж байсан. Г.Ариунболд нь болсон асуудлын талаар өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Ариунболд нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Г.Ариунболдод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 340 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1901 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Шинжээч эмч Г.Энхбаатар, О.Болороо, Г.Ганхүү нарын: “...2012.01.26 -ны өдрийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна. С.Энхбаатарын толгойн тус газраа цохиулсан гэх цаг хугацаанд тархины хүнд зэргийн няцрал, духны дэлбэнгийн цусархаг няцрал, гавлын дагз болон суурь ясны хугарал, бага тархины хатуу хальсны доорх цусан хураа, зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. С.Энхбаатарын биед учирсан тархины хүнд зэргийн няцрал, духны дэлбэнгийн цусархаг няцрал, гавлын дагз болон суурь ясны хугарал, бага тархины хатуу хальсны доорхи цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. С.Энхбаатарын биед учирсан зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. С.Энхбаатарын биед учирсан баруун хөмсөг, хамрын угалз, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. С.Энхбаатарын биед учирсан гавал тархины хүнд гэмтэл нь босоо, хэвтээ, суугаа аль ч байрлалд, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь сүх болон банзаар цохих үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь сүхний иргүй тал, банзны аль ч хэсгээр цохих үед үүсэх боломжтой. Ирүүлсэн хэргийн материал дахь эмнэлгийн бичиг баримтад үндэслэн ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтын хувь хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Амбулаторийн картанд уналт таталтын хам шинж онош тавигдаж эмчилгээ бичсэн байх бөгөөд асуумж, үзлэг бүрэн тусгагдаагүй, багажийн шинжилгээгээр батлагдаагүй байна. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт. /хх-ийн 346 дугаар хуудас/ Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол /хх-ийн 29, 31 дүгээр хуудас/ Нүүрэлдүүлэн байцаасан тухай тэмдэглэл /хх-322-323/, Нүүрэлдүүлэн байцаасан тухай тэмдэглэл /хх-324-325/, Шүүх, сэтгэц гэм судлалын 19 тоот магадалгаа /хх-ийн 114 дүгээр хуудас/ Мөрдөн байцаалтын 1 дүгээр хугацаа сунгах тогтоол /хх-ийн 7 дугаар хуудас/ Мөрдөн байцаалт явуулах хугацааг 4 дүгээр удаа сунгах тогтоол /хх-ийн 10 дугаар хуудас/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/ Архангай аймгийн Эрдэнмандал сумын багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 150-151 дугаар хуудас/ Архангай аймгийн Эрдэнэмандал сумын багийн засаг дарийн тодорхойлолт /хх-ийн 397 дугаар хуудас/ Шүүх, сэтгэц гэм судлалын 19 тоот магадлагаа /хх-ийн 114 дүгээр хуудас/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /хх-ийн 12, 13, 15 дугаар хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав. Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2012 оны 01 сарын 08-ны өдрийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэрт иргэн С.Энхбаатар нь бусдад зодуулж биедээ хүнд гэмтэл авсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. Архангай аймгийн Прокурорын газраас дээрх гэмт хэрэгт Б.Алтангэрэл нь гэм буруутай, 2012 оны 01 сарын 08-ны өдөр Б.Алтангэрэл хувийн таарамжгүй харьцаанаас болж С.Энхбаатарын толгойн тус газар нь сүхээр цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч С.Энхбаатарын 2012.02.08-ны өдөр /1хх-ийн 21-26/, 2012.02.17-ны өдөр /1хх-ийн 27/, 2012.09.14-ний өдөр /1хх-ийн 220/, 2017.02.16-ны өдөр /1хх-ийн 239-240/ тус тус хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Энхтуяагийн 2017.03.15-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 242/, хохирогч С.Энхбаатарын биед хүнд гэмтэл учирсан болохыг нотолсон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 01 сарын 27-ны өдрийн 1901 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 101/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 497 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 345-346/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн боловч дээрх нотлох баримтууд нь хохирогч С.Энхбаатарын 2012 оны 01 сарын 18-ны өдөр мэдүүлсэн ”хаалга онгойгоод Ариунболд сүх сугавчилсан орж ирсэн харагдсан. Тэгтэл миний тархи руу ян гээд л явчихсан, дарж үзэхэд бүлэгнэж, юм гоожиж байсан, гэхдээ хэн нь цохисоныг би мэдээгүй. Ариунболд сүх барьж орсон, ална гээд орилоод байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 19-20/, 2012 оны 02 сарын 17-ны өдөр мэдүүлсэн “түрүүлгээ хараад хэвтэж байхад ян гээд толгой руу цохисон. Намайг Алтангэрэл цохисон гэж бодож байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 27/, гэрч Г.Энхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “хэрэг болох үед би байгаагүй, юу болсныг мэдэхгүй, Энхбаатар ярихдаа Алтангэрэл намайг сүхээр цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Т.Мөнхцэцэгийн 2012 оны 07 сарын 21-ний өдөр мэдүүлсэн “орондоо ороод унтах гэж байтал Алтангэрэл эгч Ариунболдоо ахыг чинь аллаа гэж орилсон. Би Ариунболдыг гар гэхэд хүүхдүүд биш гарахгүй гээд байхаар нь би гар гэсээр байгаад гаргасан. Удалгүй Ариунболд сандарчихсан Энхбаатар ахын толгой хагарчихлаа, би банзаар цохьчихсон гээд байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 34/, 2017 оны 03 сарын 03-ны өдөр мэдүүлсэн “би гэрт ороогүй Г.Хадбаатар, С.Энхбаатар, Алтангэрэл нар гарч ирээд үүдэнд гурвуулаа унаж байсан. Ариунболд Энхбаатарыг Хадбаатарыг гэрийн гадна банзаар цохиж байхыг би харсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 258/, 2017 оны 04 сарын 28-ны өдөр мэдүүлсэн “намайг гарахад Хадбаатар ахын гэрийн үүдэнд Ариунболд Энхбаатарыг модоор цохиж авсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 315-316/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Алтангэрэл нь Энхбаатарыг цохиж зодсон талаар мэдэхгүй, харин гэрийн үүдэнд Ариунболд Энхбаатар гуайг модоор цохиж байхыг харсан. Тухайн үед би Ариунболдтой гэр бүл байсан болохоор түүний үгэнд орж модоор цохиж байхыг хараагүй гэж хэлсэн юм” гэж мэдүүлэг, гэрч Г.Хадбаатарын 2012 оны 04 сарын 02-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн “Ариунболд орж ирээд Алтангэрэлтэй Энхбаатарыг чирээд аваад гарсан, би гэрт үлдсэн. Тэгсэн эхнэр Алтангэрэл Ариунболд Энхбаатарын толгойг цоо цохиод хаячихлаа гэсээр орж ирсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 33/, 2012 оны 01 сарын 19-ний өдөр мэдүүлсэн “Энхбаатар манай эхнэрийг авч шидээд хөл рүү өшиглөж, дагз руу нь цохисон. Тэгэхээр нь би, чи болиоч эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэтэл чи муу бөөс чамайг ална гээд толгой руу 2 удаа цохиход Алтангэрэл Ариунболдыг дуудсан, би эргэж хараагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 59/, гэрч Ичинхорлоогийн 2012 оны 02 сарын 16-ны өдөр мэдүүлсэн “Энхбаатар манайд байхдаа Монхор буюу Батнасан жорлонгийн модоор ташаа толгой руу цохисон, Ариунболд миний толгой руу модоор цохисон, Ганцоож миний мотоциклийн утсыг тасдаад байсан гэж ярьсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 66/, гэрч Ч.Сүхийн 2012 оны 02 сарын 16-ны өдөр мэдүүлсэн “би Энхбаатарыг гэрт нь хүргэж өгсөн. Энхбаатар манайд ирээд Ариунболд миний толгой руу цохисон, үхлээ гээд ёолоод байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 7, 21/, шүүгдэгч Г.Ариунболдын 2012 оны 02 сарын 17ны өдөр сэжигтнээр /1 хх-ийн 129/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Намайг Алтангэрэл дуудахаар нь Хадбаатар ахынд ороход Энхбаатар Хадбаатар ахыг зуухан дээр дарчихсан, ахын цамц түлэгдээд нуруу руу нь жаахан хайрагдсан харагдахаар нь эгчтэй хамт чирч гаргасан, гараад намайг цохиод авахаар нь би модоор толгой руу нь цохисон. Эгч Алтангэрэл Энхбаатарыг цохиогүй” гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байна. Мөн яллах дүгнэлтэд дурдагдсан Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 01 сарын 26-ны өдрийн 1901 дугаартай дүгнэлт /1хх-ийн 101/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 497 дугаартай дүгнэлтүүд нь /хх-ийн 345-346/ С.Энхбаатарын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон, харин уг гэмтлийг хэн учруулсан болохыг нотлоогүй бөгөөд тухайн үед Б.Алтангэрэл нь хохирогч С.Энхбаатарын толгойн тус газарт сүхээр цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч сүхийг эд мөрийн баримтаар хурааж, үзлэг хийж баталгаажуулсан баримт хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл Б.Алтангэрэлийг хохирогчийн толгой руу сүхээр цохисон гэх нөхцөл байдлын талаар зөвхөн хохирогч өөрөө мэдүүлэг өгдөг, хохирогч мэдүүлэг өгөхдөө өөрийг нь Г.Ариунболд цохисон, эсхүл түрүүлгээ хараад хэвтэж байсан болохоор хэн цохисоныг мэдэхгүй байна, Б.Алтангэрэл цохисон гэж бодож байна гэх зэргээр өөр өөр мэдүүлэг өгсөн бөгөөд хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна гэж үзлээ. Иймд Архангай аймгийн Прокурорын газраас Б.Алтангэрэлд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч түүний үйлдэл хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан Б.Алтангэрэлийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгах нь зүйтэй байна. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Хадбаатарыг тухайн хэрэгт 2012 оны 04 сарын 02-ны өдөр хохирогчоор, 2017 оны 04 сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Г.Мөнхцэцэгийг 2012 оны 07 сарын 21-ний өдөр, 2012 оны 09 сарын 07-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Г.Ариунболд нь С.Энхбаатарыг банзаар цохиж гэмтээснийг харсан талаар огт мэдүүлээгүй атлаа 2017 оны 04 сарын 28-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө өмнөх мэдүүлгээс зөрүүтэй буюу Г.Ариунболд нь С.Энхбаатарын толгойн тус газар нь банзаар цохиж байхыг харсан мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон гэж үзэж Г.Хадбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар, Г.Мөнхцэцэгт мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Г.Ариунболд нь Б.Алтангэрэлд холбогдох хэрэгт С.Энхбаатарын толгойн тус газарт нь банзаар цохиж гэмтэл учруулсан, учруулаагүй гэж удаа дараа өөр мэдүүлэг өгч мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатай саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус тус цагаатгах үндэслэлтэй байна. Учир нь Г.Хадбаатарыг 2012 оны 04 сарын 02-ны өдөр хохирогчоор, 2017 оны 03 сарын 02, 2017 оны 04 сарын 17-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэж үзэж яллах дүгнэлтэнд дурдсан боловч аль мэдүүлэгтээ хэргийн талаарх, ямар нөхцөл байдлыг худлаа мэдүүлсэн гэж дүгнээд байгаа нь тодорхойгүй, энэ талаар яллах дүгнэлтэд тодорхой бичээгүй, мөн дээрх мэдүүлгүүдэд зөрүүтэй зүйлгүй байна. Шүүгдэгч Г.Мөнхцэцэг нь 2012 оны 07 сарын 21-ний өдөр гэрчээр мэдүүлэхдээ “Ариунболд сандарчихсан Энхбаатар ахын толгой хагарчихлаа, банзаар цохичихсон гээд байсан” гэж мэдүүлсэн, харин 2012 оны 09 сарын 07-ны өдөр мэдүүлэг өгөөгүй, 2017 оны 04 сарын 28-ны өдөр мэдүүлэхдээ “намайг харахад Ариунболд Энхбаатарыг модоор цохиж авсан” гэж мэдүүлэг өгчээ. Г.Мөнхцэцэгийн мэдүүлгүүдээс үзэхэд Г.Ариунболдыг хохирогч С.Энхбаатарын толгой руу модоор цохисон гэх нөхцөл байдлын талаар тогтвортой мэдүүлэг өгдөг бөгөөд гагцхүү энэ талаар Г.Ариунболдоос өөрөөс нь сонссон, өөрөө цохиж байхыг нь харсан гэх зүйл дээр зөрүүтэй мэдүүлэг өгчээ. Үүнээс үзэхэд Г.Мөнхцэцэгийн дээрх мэдүүлгүүд нь Г.Ариунболдыг хохирогч С.Энхбаатарын толгой руу модоор цохисон гэх нөхцөл байдлыг нотлож байгаа бөгөөд энэ 2 мэдүүлгийн зөрүүтэй хэсгийнх нь хувьд аль нэгийг нь үнэн, эсхүл худал болохыг баталсан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдүүлэг авч болно. гэж заажээ. Үүнээс үзэхэд мэдүүлэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тусгасан байх шаардлагатай байх бөгөөд Г.Мөнхцэцэг нь мэдүүлэг өгөхдөө мэдүүлгийнхээ эх сурвалжийг өөр өөрөөр заасныг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүгдэгч Г.Ариунболд нь 2012 оны 02 сарын 17-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “би С.Энхбаатарыг модоор цохисон” гэж, 2012 оны 06 сарын 05-ны өдөр сэжигтнээр, 2012 оны 06 сарын 17-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “би С.Энхбаатарыг цохиогүй юм гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. Сэжигтэн, яллагдагч нь гэм буруугүйгээ болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, түүний мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд хэргийн нөхцөл байдлын талаар өөр өөр мэдүүлэг өгсөн нь мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанд хууль бусаар оролцож мөрдөн байцаалтын бие даасан ажиллагаа, мөрдөн байцаагчийн хараат бус байдлыг алдагдуулсан төвөг бэрхшээл учруулсан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Иймд шүүгдэгч Г.Хадбаатар, Г.Мөнхцэцэг нарыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр, шүүгдэгч Г.Ариунболдын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр тус тус цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзэв. Шүүгдэгч Г.Ариунболд, Г.Хадбаатар, Г.Мөнхцэцэг, Б.Алтангэрэл нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хохирогч С.Энхбаатарын нэхэмжилсэн 1.496.467 төгрөг, цаашид эмчилгээ хийлгэх зардал зэрэг иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.6, 36.7, 36.9, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгат овгийн Батсүрэнгийн Алтангэрэл, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овгийн Гармаагийн Хадбаатар, Онхууз овгийн Ганболдын Мөнхцэцэг нарыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр тус тус цагаатгасугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Гармаагийн Ариунболдыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгасугай. 3. Шүүгдэгч Б.Алтангэрэл, Г.Хадбаатар, Г.Мөнхцэцэг, Г.Ариунболд нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай. 4. Шүүгдэгч Б.Алтангэрэл, Г.Хадбаатар, Г.Мөнхцэцэг, Г.Ариунболд нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч С.Энхбаатарын иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэл, Г.Хадбаатар, Г.Мөнхцэцэг, Г.Ариунболд нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэлийг 2012 оны 07 сарын 27-ны өдөр яллагдагчаар татах тогтоол /1хх-ийн 246/, Г.Мөнхцэцэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2017 оны 05 сарын 13-ны өдрийн тогтоол /2хх-ийн 133/, Г.Хадбаатарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн 2017 оны 05 сарын 12-ны өдөр яллагдагчаар татах тогтоол /2хх-ийн 138/, Б.Ариунболдыг сонсгосон ялыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах тогтоол /2хх-ийн 120/-уудыг тус тус хүчингүй болгож, 201203000051 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорт буцаасугай. 8. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ ШҮҮГЧИД П.ГАНДОЛГОР Э.ОДХҮҮ