Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/233

 

 

 

 

 

 

    2022            3              1                                       2022/ДШМ/233

 

 

А.Б, С.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, О.Чулуунцэцэг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

шүүгдэгч А.Б,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор А.Б, С.Б нарт холбогдох эрүүгийн 2111000000908 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Б овгийн С.Б, ......оны .... дугаар сарын .....-ны өдөр .............. төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөх эрхэлдэг, ам бүл ....., ................... нарын хамт .................................. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........................../;

             2. Б овгийн А.Ц, ..... оны ...дугаар сарын ....-ны өдөр ............................ төрсөн, ........настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ........................... ажилладаг,  ам бүл ......, ..................... нарын хамт ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:.........................../;

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 467 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

             С.Б нь 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-96 тоот нийтийн байранд А.Б-ыг “намайг заамдлаа” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт гараараа цохиж биед  нь уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ард зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

             А.Б нь 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-96 тоот нийтийн байранд С.Б-г “гараараа цохиж уруул сэтэллээ” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж биед нь доод эрүү ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Сүхбаатарын Бодьхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруусан, шүүгдэгч Боржигон овгийн Амарцогтын Баянцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Боржигон овогт С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Боржигон овгийн А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч А.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 467 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 14 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 8 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-оос нийт 901,936 төгрөг гаргуулж хохирогч С.Бд олгож, цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч А.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг эхлэн тоолж, шүүгдэгч С.Б бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

             Шүүгдэгч А.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-96 тоот нийтийн байранд болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн ба тухайн хэрэг асуудал гарах үед хажууд байсан байрны жижүүр, жижүүрийн охин, зодоон эхлүүлсэн Бат-Эрдэнэ гэгчийн найз Ганаа, Саруул, зүс таних 1 залуу байсан талаар мэдүүлсэн боловч эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй, тухайн хэрэг байрны хяналтын камерын дор болсон талаар хэлсэн боловч камерын бичлэгт үзлэг хийж хэрэгт нотлох баримтаар хавсаргаагүй, болсон хэргийг нотолж байгаа хүмүүс нь уг хэргийн холбогдогч С.Б гэгчтэй хувийн хамаарал бүхий хүмүүс болох С.Б-ийн эхнэр Эрдэнэцэцэг, түүний дүү болох Хүүхэнхүү нар байсаар байтал мөрдөн байцаагч ажилдаа хайнга хандаж мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй, зөвхөн нэг талыг баримталж шалгасан. Камерын бичлэгт болон хэрэг болоход хажууд байсан хүмүүсийн мэдүүлгээр намайг гэм буруугүй болохыг тогтоож болох байсан. Уг хэрэг маргааныг үүсгэж зодоон эхлүүлсэн Бат-Эрдэнэ гэгчийг хэрэг болсон өдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 03 цагийн үед буюу согтуу байх үед нь мэдүүлэг авсан. Хэрэг асуудал гаргасан хүний мэдүүлгийг нотлох баримтаар хэрэгт авсан. Тухайн мэдүүлэгт үндэслэж Бат-Эрдэнэд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч шийдвэрлэчихээд хэрэгт холбогдолгүй тус зодооныг салгасан надад хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа тул надад холбогдох хэргийн бодит байдлыг тогтоож, хэрэгт авагдсан мэдүүлгийн зөрүүг арилгах, байрны жижүүр эмэгтэй, жижүүрийн охин, Бат-Эрдэнэ, түүний найз Ганаа, Саруул болон зүс таних 1 залуу зэргээс гэрчийн мэдүүлэг авах, камерын бичлэгт үзлэг хийлгэж, уг бичлэгийг хэрэгт хавсаргуулах талаар гомдол гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ....” гэв.

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Гэрч Хүүхэнхүү, Эрдэнэцэцэг болон хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч А.Б нь хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр эрүү ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, гэмтэл гэж гарсан. Дээрх учруулсан гэмтэл нь гэрчүүдийн мэдүүлсэн мэдүүлэгтээ тохирч байдаг. Шүүгдэгч А.Боос мэдүүлгийн зөрүү арилгуулах талаар давж заалдах гомдолдоо дурдсан. Хавтаст хэргийн хүрээнд мэдүүлэг зөрүүтэй байдаггүй. Тухайн гэмт хэргийг шууд харсан гэрч, хохирогч нар нь хөтөлбөргүйгээр удаа дараа тогтвортой мэдүүлсэн байдаг. Давж заалдах гомдолд дурдагдсан байрны жижүүр, жижүүрийн охин, тухайн үед байсан гэх хүмүүсээс мэдүүлэг авч асуух шаардлагагүй гэж үзэж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Б-ын үйлдэгдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон. Хохирогчид учирсан хохирол нь гэрч, хохирогч, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Шүүгдэгч А.Бод оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байгаа. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

             С.Б нь 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-96 тоот нийтийн байранд А.Б-ыг “намайг заамдлаа” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт гараараа цохиж биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ард зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

А.Б нь 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-96 тоот нийтийн байранд С.Б-г “гараараа цохиж уруул сэтэллээ” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж биед доод эрүү ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Б-ийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 28-ний өдөр 21 цагийн үед гэртээ ирсэн... Тэгээд 00 цаг болох гэж байхад манай эхнэр болон дүү 2 караоке хаалттай байна гээд буцаад хүрээд ирсэн. Гэртээ бид 3 утсаар оролдоод байж байхад манай эхнэр над руу хандаж, намайг гарсанд уурлаад байгаа юм уу, яах гэж утас авч үлдсэн юм, чи уурласан гэх шалтгаанаар бид хоёр хоорондоо маргалдаж байсан. Тэгээд би гэрээс гарахдаа тухайн нийтийн байрны “22 тоотын залуутайгаа зайлаарай” гэж хэлээд өрөөнөөс гарсан. Тэгээд хувцсаа аваад коридорт гарч байхад 22 тоотын Бат-Эрдэнэ гэх залуу надад хандаж “хөөе Бодио яасан гэнээ” гээд хараалын үг хэлэхээр нь би коридорт зодох гэж байна гэж бодоод шууд гадаа үүдэнд гарсан. Үүдэнд гараад цүнхтэй хувцсаа тавиад байж байхад Бат-Эрдэнэ нь араас нэг зүс таних залуугийн хамт гарч ирэхэд, манай дүү болох Хүүхэнхүү мөн гарч ирсэн. Тэгээд Бат-Эрдэнэ нь “яасан гэнээ” гэж хэлээд миний уруулын дээд талын зүүн хэсэг рүү 1 удаа мөргөсөн. Тэгээд манай дүү Хүүхэнхүү бид нарыг болиулж салгаад авч явж байхад, Бат-Эрдэнэ доошоо тонгойсон байдалтай байх үед нь би нэг өшиглөх санаатай очоод хөлөө далайлгаад, өшиглөх гэж байхад Бат-Эрдэнийн хажууд байсан залуу над руу ирж шууд заамдалцаж байх үеэр намайг доошоо дарж байгаад хэд хэдэн удаа нүүр хэсэг рүү цохих үед нь би гараараа хамгаалж байсан. Тэгээд би зөрүүлж нөгөө залуугийн уруул хэсэг рүү тонгойсон байдалтайгаар 2 удаа цохиход уруулыг нь онож сэтэлсэн байсан. Энэ үед Бат-Эрдэнэ хажуугаас орж ирээд намайг цохисон байсан. Нөгөө залуу нь миний малгайтай цамцнаас доошоо дараад, хүзүү боогдоод, хэсэгхэн зуур манарч байхад нэг хөл орж ирж миний эрүүг оносон, тэгэхэд нь би цамцаа тайлж хаяад салцгаасан. Тэгээд Бат-Эрдэнэ болон тэр залуу хоёртой юм ярьж танилцаад намайг “хамт архи уух уу” гэхээр нь би “тэгье” гэж хэлээд “гэртээ орчхоод буцаад гараад ирье” гэж хэлээд гэртээ ороод эхнэртээ харуулахад миний эрүү хөдөлж хөндүүрлэж байсан болохоор эхлээд цагдаагийн байгууллагад хандаж дараа нь түргэн дуудсан. Түргэн ирээд эрүү чинь цуурсан байдалтай байна. Гэмтлийн эмнэлэг явж зураг авхуул гэж хэлсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирж мэдүүлэг өгөөд дараа нь гэмтлийн эмнэлэг явж эрүүнийхээ зургийг авхуулж дараа нь шүүх эмнэлэг явсан.

...2021 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Бат- Эрдэнэтэй муудалцаж нийтийн байрны гадаа гарч ирэх үед Бат-Эрдэнэ миний уруулын дээд хэсэг рүү нэг удаа толгойгоороо мөргөсөн. Харин Баянцогт нь надтай зууралдаж толгойг доош дарж байгаад нүүр хэсэг рүү цохих үед зүүн нүдний дээд хэсэгт оносон. Мөн малгайтай цамцнаас доош дарж боож байгаад эрүү рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Энэ үед Бат-Эрдэнэ хажуу талд байсан үгүйг сайн мэдэхгүй байна. Би Баянцогтой зууралдаж байх үед миний толгойг доош дарж байсан. Дээрх гэмтлүүдийг миний биед Баянцогт учруулсан. ...Би гомдолтой байна. Эрүүний хагалгаанд 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 3.080.000 төгрөгөөр орсон. ..." /хх 23-24, 33-34/,

хохирогч А.Б-ын “...2021 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Бат-Эрдэнэ ах бид хоёр гадаа гараад жорлон орох гэж байхад 25 тоотын залуу өрөөнөөсөө хувцас хунараа цүнхэнд хийгээд авчихсан эхнэртэйгээ хэрэлдээд гарч байхдаа эхнэртээ хандаж чи муу 22 тоотын залуутай янханддаг биз дээ гэж хэлж байсан. Бат-Эрдэнэ ах нөгөө залууд хандаж “чи муу юу гээд байна аа, гэртээ зүгээр байж байхад” гэсэн чинь нөгөө залуу нь “чи муу манай эхнэртэй унтдаг биз дээ” гээд коридорт шатан дээр Бат-Эрдэнэ ахын нүүр лүү цохичихсон. ...Бат-Эрдэнэ ахыг цохиж дайраад байхаар нь би очоод нөгөө залууд хандаж “наад хүн чинь согтуу байна, чи болилдоо” гэсэн чинь намайг уруул руу хоёр удаа цохисон. ...Бодьхүү миний уруул руу хоёр удаа цохисон. ...Зодолдоод салсны дараагаар биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэгээд шүд хөдөлсөн талаар хэлэхэд нь би миний уруул сэтэрсэн гэж хэлж байсан...Би цохиулсандаа гомдолтой байна. Дээрх гэмтэлтэй холбоотой эмнэлгийн байгууллагаар явсан бодит зардал мөнгийг гаргуулж авмаар байна. ...” хх 29-30/,

гэрч Б.Х-ийн “... Бодьхүү ах газарт унахад Бат-Эрдэнэтэй хамт явж байсан залуу нь ахыг гар хөлөөрөө олон удаа цохиод байсан. ...Бодьхүүгийн эрүү рүү нь үл таних залуу өшиглөж байсныг би харсан. Хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Эхлээд Бат-Эрдэнэ нүүр лүү нь нэг удаа мөргөөд унагасны дараагаар Бодьхүү ах босож ирээд зогсож байхад нөгөө үл таних залуу нүүрнийх нь эрүү хэсэг рүү өшиглөөд тэгээд Бат-Эрдэнэ хажуу талаас нь Бодьхүү ахыг цохиод байсан. Бодьхүүгийн эрүү рүү нь өшиглөсөн гэх хүнийг би танихгүй. Өндөр биетэй, саарал үстэй эрэгтэй хүн байсан. Бат-Эрдэнэ нь нөгөө залууг эрүү рүү нь өшиглөж байхад хажуу талд нь зогсож байснаа өшиглөсний дараагаар нийлж зодоод байсан. ...” /хх 36-38/,

гэрч М.Э-ийн “...коридорт 22 тоотын Бат-Эрдэнэ гараад ирчихсэн “хөөе Бодио пизда минь” гэж хэлээд орилоод байсан. Тэгээд тэр хэд коридороос гарчихаар нь араас нь дүү болох Хүүхэнхүүг гаргасан тэгээд би гэртээ сууж байгаад манай дүүгийн орилох чимээ сонсогдоод байхаар нь араас нь гадаа гарахад Бат-Эрдэнэтэй хамт байсан зүс таних залуу нь манай нөхөр Бодьхүүг малгайтай цамцаар нь ороочихсон, Бат-Эрдэнэ нь хажуу талд нь цохиод байсан. Тэгээд намайг гарч ирэхийг харчхаад Бат-Эрдэнэ нь больчихсон ба нөгөө залуу нь тавихгүйгээр зодоод байсан. Салгах гэж үзээд дийлэхгүй байсан. Тэгээд Бат-Эрдэнэ над руу дайраад хэл амаар доромжлоод байсан. ...Бодьхүү болон нөгөө залуу 2 салаад тэр 3 хашаанаас гарч яваад учраа олно гэж байсан. Тэр үед нь би гэртээ ороод байж байсан чинь Бодьхүү араас орж ирээд утсаа аваад гарах гээд байх үед эсэргүүцэж болиулж байгаад Бодьхүүгийн эрүү лүү нь харахад цус гоожчихсон байдалтай бид 2 шүд нь уначихсан гэж бодоод байхад, улам ярьж чадахгүй байгаад байсан ба эрүүг нь харахад эрүү нь гаднаасаа цуурчихсан нь илт мэдэгдэж ярих үед нь яснууд нь дуугараад байсан. ...намайг гарч ирэх үед нөгөө зүс таних залуу доошоо дарчихсан цохиж байсан ба Бат-Эрдэнэ нь мөн хажуу талаас нь цохиод байсан. Тэгээд би салгах гэж үзээд дийлэхгүй байхад Бат-Эрдэнэ намайг хэл амаар доромжилж байх үеэр нөгөө зүс таних залуу цамцнаас нь боож дарж байгаад нүүр лүү нь өшиглөж байхыг би харсан . ...” /хх 40-41/,

гэрч Б.Б-ийн “...нийтийн байрны гадаа би тухайн залууг духаараа нэг удаа мөргөсөн тэгтэл бид хоёрын хажууд Баянцогт зогсож байсан чинь тэр залуу Баянцогт руу дайраад тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад зодолдсон. Тэгтэл Баянцогтын дээд уруул язраад үүдний доод нэг шүд нь хугарсан байсан. Би нийтийн байрны гадаа духаараа нэг удаа мөргөсөн ахиж ерөөсөө цохиогүй ба Баянцогт тэр хоёр хоорондоо нэлээд цохилцож зодолдсон. ...” /хх 44-45/,

Шүүгдэгч С.Б-ийн яллагдагчаар өгсөн “...00 цаг болж байхад манай эхнэр болон дүү нь “караоке хаалттай байна” гээд буцаад хүрээд ирсэн. Би гэрээсээ гарахдаа эхнэр Эрдэнэцэцэгт хандаж тухайн нийтийн байрны “22 тоотын залуутайгаа зайлаарай” гэж хэлээд өрөөнөөсөө гарсан. Тэгээд хувцсаа аваад коридорт байхад 22 тоотын Бат-Эрдэнэ гэх залуу надад хандаж “хөөе Бодио, яасан гэнээ пизда минь” гээд хараалын үг хэлэхээр нь намайг коридорт зодох гэж байна гэж бодоод шууд гадаа үүдэнд гарсан. Үүдэнд гараад цүнхтэй хувцсаа тавиад байж байхад Бат-Эрдэнэ нь араас нэг зүс таних залуугийн хамт гарч ирэхэд манай дүү болох Хүүхэнхүү миний араас гарч ирсэн. Тэгээд Бат-Эрдэнэ “яасан гэнээ” гэж хэлээд миний уруулын дээд талын зүүн хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тэгээд манай дүү Хүүхэнхүү бид нарыг болиулж салгаад авч явж очоод хөлөө далайгаад өшиглөх гэж байхад Бат-Эрдэнийн хажууд байсан залуу болох Баянцогт нь над руу ирж шууд заамдаж авах үед нь би мөн адил заамдалцаж ноцолдоод машин байсан газар руу холдсон. Тэгээд заамдалцаж байх үеэр намайг доошоо дарж байгаад хэд хэдэн удаа нүд хэсэг рүү нь цохих үед би гараараа хамгаалж байсан. Тэгээд би зөрүүлж Баянцогтын уруул хэсэг рүү нь тонгойсон байдалтайгаар 2 удаа цохиход уруулыг нь онож сэтэлсэн байсан. Энэ үед Бат-Эрдэнэ хажуугаас орж ирээд намайг цохиж байсан. Нөгөө залуу нь миний малгайтай цамцнаас доошоо дараад хүзүү боогоод хэсэгхэн зуур манарч байхад нэг хөл нь орж ирээд миний эрүүг цохисон. Тэгэхэд нь би цамцаа тайлж хаяад салцгаасан. ... миний эрүү хөдөлж хөндүүрлэж байсан болохоор нь эхлээд цагдаагийн байгууллагад хандаж дараа нь түргэн тусламжийн эмч дуудсан. Түргэний эмч эрүү чинь цуурсан байдалтай байна гэмтлийн эмнэлэг явж зураг авхуул гэж хэлсэн ...” /хх 75-76/,

Шүүгдэгч А.Б яллагдагчаар өгсөн: “...Бид хоёр хоорондоо юм ярьж байгаад Бат-Эрдэнэ ах бид хоёр гадаа гараад жорлон орох гэж байхад 25 тоотын залуу өрөөнөөсөө хувцас хунараа цүнхэнд хийгээд авчихсан эхнэртэйгээр хэрэлдээд гарч байхдаа “чи муу 22-ын залуутай янханддаг биз дээ” гэж хэлж байсан. Бат-Эрдэнэ түүнд хандаж “чи муу юу гээд байна аа, гэртээ зүгээр байж байхад” гэсэн чинь нөгөө залуу “чи муу манай эхнэртэй унтдаг биз дээ” гээд коридорт шалан дээр Бат-Эрдэнэ ахын нүүр лүү цохисон. Тэгээд нөгөө залуу гадаа гарсан чинь Бат-Эрдэнэ ах араас нь гараад чи муу яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд толгойгоороо нөгөө залуугийн нүүр рүү нь нэг удаа мөргөчихсөн. Тэгсэн нөгөө залуу гадуурх хувцсаа тайлаад гартаа байсан цүнхээ машиндаа тавьж байгаад Бат-Эрдэнэ ахыг цохиж дайраад байхаар нь би очиж нөгөө залууд хандаж “наад хүн чинь согтуу байна, боль” гэсэн чинь миний уруул луу 2 удаа цохисон. Тэгээд надтай муудалцаж байгаад нийтийн байрын камерын доор очоод миний гарыг тавихгүй байх үед нь би тэр залууд хандаж “би яагаа ч үгүй, зүгээр л салгах гэсэн шүү дээ” гэхэд “та муу 2 чаддаг юм бол нэг нэгээрээ үзчих” гээд байсан. Тэгсэн нөгөө залуугийн эхнэр дүү 2 нь гарч ирээд намайг үсдэж толгой болон бие рүү цохиод байсан. ...” /хх 79-80/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дугээр сарын 1-ний өдрийн 8030 дугаартай “...С.Б-ийн биед доод эрүү ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 48-49/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 8184 дугаартай “...А.Б-ын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ард зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 - д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 61-62/ гэсэн дүгнэлтүүд,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 14- 17/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч С.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч А.Б нь С.Б-г “гараараа цохиж уруул сэтэллээ” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж биед доод эрүү ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            Шүүгдэгч С.Б нь А.Б-ыг “намайн заамдлаа гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт гараараа цохиж биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ард зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүгдэгч А.Б-ын “... нэр бүхий хүмүүсийг гэрчээр асуулгах, камерын бичлэгийг хэрэгт хавсаргаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

хохирогч С.Б-ийн “...А.Б нь надтай зууралдаж толгойг доош дарж байгаад нүүр хэсэг рүү цохих үед зүүн нүдний дээд хэсэгт оносон. Мөн малгайтай цамцнаас доош дарж боож байгаад эрүү рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би Баянцогтой зууралдаж байх үед миний толгойг доош дарж байсан. Дээрх гэмтлүүдийг миний биед Баянцогт учруулсан. ..." /хх 23-24, 33-34/,

гэрч Б.Хүүхэнхүүгийн “...Бодьхүүгийн эрүү рүү нь үл таних залуу өшиглөж байсныг би харсан.  Бат-Эрдэнэ нь нөгөө залууг эрүү рүү нь өшиглөж байхад хажуу талд нь зогсож байснаа өшиглөсний дараагаар нийлж зодоод байсан. ...” /хх 36-38/,

гэрч М.Эрдэнэцэцэгийн “...Бодьхүүгийн эрүү рүү нь харахад цус гоожчихсон байдалтай бид 2 шүд нь уначихсан гэж бодоод байхад, улам ярьж чадахгүй байгаад байсан ба эрүүг нь харахад эрүү нь гаднаасаа цуурчихсан нь илт мэдэгдэж ярих үед нь яснууд нь дуугараад байсан. ...нөгөө зүс таних залуу цамцнаас нь боож дарж байгаад нүүр лүү нь өшиглөж байхыг би харсан . ...” /хх 40-41/,

гэрч Б.Бат-Эрдэнийн “...Би нийтийн байрны гадаа духаараа нэг удаа мөргөсөн ахиж ерөөсөө цохиогүй ба Баянцогт тэр хоёр хоорондоо нэлээд цохилцож зодолдсон. ...” /хх 44-45/

Шүүгдэгч С.Б-ийн “...Нөгөө залуу нь миний малгайтай цамцнаас доошоо дараад хүзүү боогоод хэсэгхэн зуур манарч байхад нэг хөл нь орж ирээд миний эрүүг цохисон. ...” /хх 75-76/,

            Шүүгдэгч А.Б-ын “...нөгөө залууд хандаж “наад хүн чинь согтуу байна, боль” гэсэн чинь миний уруул луу 2 удаа цохисон. Тэгээд надтай муудалцаж байгаад нийтийн байрын камерын доор очоод миний гарыг тавихгүй байсан. ... Тэгсэн нөгөө залуугийн эхнэр дүү 2 нь гарч ирээд намайг үсдэж толгой болон бие рүү цохиод байсан. ...” /хх 79-80/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч А.Б, С.Б нар нь архидан согтуурсан үедээ хоорондоо хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдсон нь хэрэгт авагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдож байх бөгөөд гэрч, хохирогчийн мэдүүлгүүд тогтвортой, утга агуулгын хувьд ноцтой зөрүүгүй байна.

Мөн С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, А.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 467 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 14 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 8 сар 14 хоногийн хугацаагаар тогтоосон нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нэмж оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/7 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Б нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

           

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                М.АЛДАР