Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж, Улсын яллагч: Н.Цогтбаяр, Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ, Шүүгдэгч: Н.Батдорж, Ж.Адъяабат, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэлчир овогт Надмидын Батдорж, Нар мандах овогт Жигжидсүрэнгийн Адъяабат нарт холбогдох 1712000760007 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг, Хөнжил гэх газарт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бэлчир овогт Надмидын Батдорж, /РД: АЗ-85100311/ Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг, Хадатын рашаан гэх газарт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Нар мандах овогт Жигжидсүрэнгийн Адъяабат, /РД: АЗ-62121910/ Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/ Шүүгдэгч Н.Батдорж нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг, Хадатын рашаан гэх газарт “Өөрийн зарж байсан жимсийг хурааж авлаа” гэх шалтгааны улмаас иргэн А.Чанцалдуламтай маргалдан улмаар толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч Ж.Адъяабат нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг, Хадатын рашаан гэх газарт “Өөрийн охин А.Чанцалдуламыг зодлоо” гэх шалтгааны улмаас иргэн Н.Батдоржийн амь биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батдоржийн мэдүүлсэн: Чанцалдуламыг цохисон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг. 1712000760007 дугаартай эрүүгийн хэргээс: Хохирогч А.Чанцалдуламын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би Архангай аймгийн Тариат сумын Хадатын рашаан гэх газар Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн 10 литр жимс зарах гэхээр нь чи боль танай дүү нар өөр хүн жимс зарах гэхэд хэл ам хийгээд надад хураалгасан байгаа. Тэгээд ч жимсээ хураалгасан хүмүүс хараад байна. Эсвэл байгаль орчны байцаагч руу утсаар ярьж байж зар гэсэн. Тэгтэл хажуунаас Батдорж гэдэг хүн надруу дайраад бид нар тэр Батхүү рүү чинь ярьна, яамд хамаагүй гээд байхаар нь би холдоод явсан. Тэгсэн манай аав Бат-Эрдэнэд байгаль хамгаалагчийн үнэмлэхээ үзүүлээд жимсийг нь хурааж авсан. Тэгтэл Батдорж манай аавын бичиг баримтыг тарааж шидчихсэн, хэл амаар доромжилж, энгэр заамыг нь урчихсан, аавын жавьжнаас цус гарчихсан байсан. Би очиж салгасан чинь намайг хэл амаар доромжилоод байсан. Тэгээд бид нар салаад хэсэг намжсан. Аав хажуугийн дэлгүүрээс юм авах гээд ортол Батдорж тэнд байж таараад дахиад аавтай хэрэлдсэн. Тэгэхээр нь би ороод аавыгаа салгаж аваад гарах гэтэл намайг доромжилоод байхаар нь тапчиктай хөлөөр 2 удаа хөлрүү нь өшиглөж, хацарлуу нь нэг удаа алгадсан. Тэгтэл Батдорж миний зүүн нүдрүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 дугаар хуудас/ Хохирогч Н.Батдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 29-ний өглөө гэрээсээ 10-11 цагийн үед Хадатын рашаан дээр очиход манай дүү Бат-Эрдэнийн зарж байсан жимсийг Хадат рашаан хариуцан ажилладаг Адъяабат гэх хүн заруулахгүй гээд жимсийг нь барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би Адъяабат ахад хандаж та одоо болиочээ адилхан жимс зардаг хүн байж жимсийг нь заруулчихаач гэсэн. Адъяабат ах чи мэддэг юм уу гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгсэн Адъяабат ахын охин Чанцалдулам ирээд аавтай маргалдлаа гээд надруу баахан юм ярьж дайрч давшилж байгаад намайг толгой руу гараараа нэг удаа цохиод, миний цамцнаас боогоод хойш, ургаш нь сэгсэрээд байсан. Тэгсэн тэнд байсан хүмүүс чи болиочээ эмэгтэй хүн байж гэж хэлээд больсон. Намайг дэлгүүрт ороод сууж байсан Адъяабат ах араас орж ирээд дахиад надтай хэрүүл маргаан хийгээд эхэлсэн. Тэгтэл Чанцалдулам дэлгүүрт орж ирээд аавтай хэрүүл маргаан хийлээ гээд надруу дайрч маргалдаж байгаад миний төмсөг рүү нэг удаа өшиглөөд дээрээс гараараа цохиод, хацарлуу алгадсан. Миний уур хүрээд Чанцадуламын нүд орчим нь нэг удаа цохьчихсон юм. Тэгсэн Адъяабат ах охиноо өмөөрөөд миний шилэн хүзүүн дээр нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/ Гэрч Ж.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би Батдоржийн хамт Хадатын рашаанд 10 литр жимс зарахаар очсон. Тэгтэл Чанцалдулам жимс заруулахгүй хураана гээд бид 2 маргалдаж байтал Батдорж чи жимс хураадаг хэн юм бэ гэж хэлсэн. Тэгээд бид 2 Чанцалдуламаас холдоод Баасантогтох эгчийн шовгорт ороод сууж байтал Адъяабат гуай гаднаас орж ирээд Батдорж руу дайраад дахин хэрэлдсэн. Тэгтэл тэдний охин Чанцалдулам орж ирээд аавыгаа өмөөрч Батдоржийг сууж байхад нь хөлрүү нь 2 удаа өшиглөөд 1 удаа алгадсан. Тэгтэл Н.Батдорж уурлаад Чанцалдуламыг нэг удаа гараараа нүүрлүү нь цохих шиг болсон. Ж.Адъяабат гуай Н.Батдоржийн араас хүзүү рүү нь нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/ Гэрч Б.Лхагвабаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Н.Батдорж уурлаад босч ирээд гараараа нэг удаа А.Чанцалдуламын нүүрлүү цохисон. Тэр үед А.Чанцалдулам хойшоо газар унасан. ...тэгээд Ж.Адъяабат ах өөрийн охин А.Чанцалдуламыг өмөөрч Н.Батдоржийн ар шилэн хүзүү орчимд гараараа нэг удаа цохисон. Би тэр үед тэр хоёрыг салгаад гаргасан юм гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/ Гэрч Б.Баасантогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр миний наймаа нийж байсан шовгорт Батдорж Чанцалдулам нар жимс зарна, заруулахгүй гээд маргалдаж байгаад Чанцалдулам Батдоржийг нэг удаа алгадаад, 2 удаа өшиглөсөн, тэр үед Батдорж Чанцалдуламыг нэг удаа нүд нүүр орчим нь алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/ Яллагдагч Н.Батдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн үед Адъяабат ах Чанцалдулам бид нар жимс зарна, заруулахгүй гэж хэрүүл маргаан хйиж эхэлснээс болж зодоон хйих болсон. Адъяабат ах Хадатын рашааныг хариуцдаг хүн байгаа юм. Манай “Мандаа” гэх нөхөрлөлийн тэргүүн гэж явдаг. Би Чанцалдуламыг нэг удаа гараараа зүүн талын нүд орчимд нь цохиж, зодсон өөр байдлаар гар хүрч зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/ Яллагдагч Ж.Адъяабатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хадатын рашаан дээр байж байхад манай нутгийн Бат-Эрдэнэ гэх залуу жимс зарахаар ирсэн байсан. Манай охин Чанцалдулам жимс зарж болохгүй хэрэв зарвал жимсийг чинь хураана шүү гэж сануулсан байсан. Тэгтэл манай охин Чанцалдулам намайг дуудаад Бат-Эрдэнэ гэх хүн жимс зарах гээд байна. Батдорж гэх хүн урдуур нь орж ирээд жимс заруулна гээд надтай хэрүүл маргаан хийгээд байна гэхээр нь би очоод та нар ингэж болохгүй гээд жимсийг нь хурааж аваад явж байтал Батдорж араас ирээд надтай жимс булаацалдаж, намайг хэл амаар доромжилсон. ...Тэгээд хэсэг хугацааны дараа Баасантогтохын дэлгүүрт ортол Бат-Эрдэнэ, Лхагвабаяр, Батдорж, Баасантогтох нар байсан. Тэгээд би Батдоржид чи одоо хамаагүй юм яриад яахав нутгийн хүмүүс нэр хүнд, найз нөхөдгүй болно шүү дээ миний дүү гэж хэлсэн. Тэгтэл манай охин Чанцалдулам орж ирээд Батдоржийг чи одоо болиоч аав шигээ хүнийг зөндөө доромжиллоо гэхэд Батдорж урдаас хэрэлдээд байсан. Тэгээд би тэндээс гараад гадаа байж байтал тас хийх чимээ гараад Чанцалдулам чарлаад явчихсан. Намайг яваад ортол манай охин Чанцалдулам нүдээ дараад суучихсан зүүн нүд нь тэр дороо хөхөрсөн байсан. Би Батдоржийг чи эмэгтэй хүүхэд зодоод байхдаа яадаг юм гээд уурандаа ар дагз, хүзүү орчим нь нэг удаа гараараа зөөлөн цохисон...” гэх м эдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/ Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7 дугаар хуудас/ Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хишигмаагийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 340 тоот дүгнэлт: /хх-ийн 25-26 дугаар хуудас/ Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хишигмаагийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 357 тоот дүгнэлт: /хх-ийн 32 дугаар хуудас/ Прокурорын санал /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг болно. Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Хадатын рашаан гэх газарт Ж.Адъяабат, Н.Батдорж нар нь маргалдаж А.Чанцалдулам, Н.Батдорж нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. Шүүгдэгч Н.Батдорж нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг, Хадатын рашаан гэх газарт “Өөрийн зарж байсан жимсийг хурааж авлаа” гэх шалтгааны улмаас иргэн А.Чанцалдуламтай маргалдан улмаар толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч Ж.Адъяабат нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг, Хадатын рашаан гэх газарт “Өөрийн охин А.Чанцалдуламыг зодлоо” гэх шалтгааны улмаас иргэн Н.Батдоржийн амь биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хохирогч А.Чанцалдуламын “...би ороод аавыгаа салгаж аваад гарах гэтэл намайг доромжилоод байхаар нь тапчиктай хөлөөр 2 удаа хөлрүү нь өшиглөж, хацарлуу нь нэг удаа алгадсан. Тэгтэл Батдорж миний зүүн нүдрүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 дугаар хуудас/, хохирогч Н.Батдоржийн “...Чанцалдулам дэлгүүрт орж ирээд аавтай хэрүүл маргаан хийлээ гээд надруу дайрч маргалдаж байгаад миний төмсөг рүү нэг удаа өшиглөөд дээрээс гараараа цохиод, хацарлуу алгадсан. Миний уур хүрээд Чанцадуламын нүд орчим нь нэг удаа цохьчихсон юм. Тэгсэн Адъяабат ах охиноо өмөөрөөд миний шилэн хүзүүн дээр нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Ж.Бат-Эрдэнийн “...Чанцалдулам орж ирээд аавыгаа өмөөрч Батдоржийг сууж байхад нь хөлрүү нь 2 удаа өшиглөөд 1 удаа алгадсан. Тэгтэл Н.Батдорж уурлаад Чанцалдуламыг нэг удаа гараараа нүүрлүү нь цохих шиг болсон. Ж.Адъяабат гуай Н.Батдоржийн араас хүзүү рүү нь нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Б.Лхагвабаярын “...Н.Батдорж уурлаад босч ирээд гараараа нэг удаа А.Чанцалдуламын нүүрлүү цохисон. Тэр үед А.Чанцалдулам хойшоо газар унасан. Ж.Адъяабат ах өөрийн охин А.Чанцалдуламыг өмөөрч Н.Батдоржийн ар шилэн хүзүү орчимд гараараа нэг удаа цохисон. Би тэр үед тэр хоёрыг салгаад гаргасан юм гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Б.Баасантогтохын “...2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр миний наймаа нийж байсан шовгорт Батдорж Чанцалдулам нар жимс зарна, заруулахгүй гээд маргалдаж байгаад Чанцалдулам Батдоржийг нэг удаа алгадаад, 2 удаа өшиглөсөн, тэр үед Батдорж Чанцалдуламыг нэг удаа нүд нүүр орчим нь алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, яллагдагч Н.Батдоржийн “...Адъяабат ах Хадатын рашааныг хариуцдаг. Манай “Мандаа” гэх нөхөрлөлийн тэргүүн гэж явдаг. Би Чанцалдуламыг нэг удаа гараараа зүүн талын нүд орчимд нь цохиж, зодсон өөр байдлаар гар хүрч зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/, яллагдагч Ж.Адъяабатын “...Намайг яваад ортол манай охин Чанцалдулам нүдээ дараад суучихсан зүүн нүд нь тэр дороо хөхөрсөн байсан. Би Батдоржийг чи эмэгтэй хүүхэд зодоод байхдаа яадаг юм гээд уурандаа ар дагз, хүзүү орчим нь нэг удаа гараараа зөөлөн цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хишигмаагийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 340 тоот дүгнэлт: /хх-ийн 25-26 дугаар хуудас/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хишигмаагийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 357 тоот дүгнэлт: /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Батдорж, Ж.Адъяабат нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Ж.Адъяабат, Н.Батдорж нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж гэм хорыг арилгасан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. Шүүгдэгч Н.Батдорж, Ж.Адъяабат нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Бэлчир овогт Надмидын Батдорж, Нар мандах овогт Жигжидсүрэнгийн Адъяабат нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батдоржийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Адъяабатыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батдоржид оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлөхөөр, шүүгдэгч Ж.Адъяабатад оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тус тус тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батдорж, Ж.Адъяабат нар нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 5. Шүүгдэгч Н.Батдорж, Ж.Адъяабат нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй зэргийг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Батдорж, Ж.Адъяабат нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ