| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2023/04832/И |
| Дугаар | 182/ШШ2024/02416 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2024/02416
| 2024 05 28 | 182/ШШ2024/02416 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С.А-ийн хүсэлттэй,
А.С-ыг нас барсан гэж зарлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг,
Гэрч *******, *******, *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* болон түүний өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
******* миний төрсөн хүү ******* нь хамгийн сүүлд буюу 1999.01.13-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 18-р хороо, яргайтын 34 гудамж, 519 тоот хаягт оршин сууж, надтай буюу гэр бүлийн хамтаар ам бүл зургуулаа амьдарч байсан. Энэ нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2023.10.06-ны өдрийн тус хорооны тоотод Алтангэрэлийн Сайнжаргал нь 1999 он хүртэл оршин сууж байсан гэх тодорхойлолт, түүнчлэн *******ын БНМАУ-ын иргэний паспортын тус хаягт бичигдсэн бүртгэлээр тогтоогдох юм. Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс *******ын хамгийн сүүлчийн оршин сууж байсан газрын шүүх буюу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно.
Миний хувьд хүү *******ыг нас барсан гэж зарлуулахыг хүсч байгаа зорилго нь тэрээр 1999 онд оршин суугаа газраасаа алга болсноосоо хойш 24 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд нэгэнт хүү маань энэ хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон, олдохгүй байгаа учраас өдгөө 74 настай хүний хувьд энэ олон жилийн хугацаанд хүүгээ хүрээд ирэх байх гэсэн итгэл, сэтгэлээр хүлээсээр ирсэн хэдий ч өндөр настай хүний хувьд бие, болоод сэтгэл санааны хувьд шаналж, хэцүү байдалд байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 18-р хороо, яргайтын 34 гудамж, 519 тоот хаягт байрлах 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь ******* миний болон эхнэр Н.Лхагваа, хүүхдүүд болох *******, *******, А.Сүнжидмаа, ******* нарын нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд тухайн газар нь дахин төлөвлөлтөнд орсон, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах, захиран зарцуулахад *******ын зөвшөөрөл, үсэг шаардлагатай болох тул шүүхээр хүү *******ыг нас барсан гэж зарлуулах шийдвэрийг гаргуулахыг хүсч байгаа юм. Түүнийг сураггүй алга болсныг батлах байдлын хувьд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2023.09.26-ны өдрийн 8ж/9365 тоот албан бичигт .*******ыг цагдаагийн байгууллагын Асап сангийн оршин суугаа газраасаа сураггүй алга болсон төлөвт эрэн сурвалжилж байгаа болохыг үүгээр мэдэгдье гэх баримт болон *******ын төрсөн дүү А.Сүнжидмаа, охин С.Энхзаяа нарын тус шүүхэд бичгээр гаргасан ******* нь 1999.01.30-ны өдрөөс хойш ор сураггүй алга болсон, 24 жилийн хугацаанд ямар ч холбоогүй, одоог хүртэл олдоогүй байгаа талаарх тодорхойлолтоос түүнийг сураггүй алга болсон байдал нь харагдаж байгаа юм.
Миний хүү ******* нь 1977.04.14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд түүний эхнэр Н.Даваабал нь олон жилийн өмнө нас барсан. Тэд дундаасаа нэг охинтой ба охин С.Энхзаяа нь одоо 25 настай юм. ******* нь Чингэлтэй дүүргийн 10 жилийн 37 дугаар дунд сургуулийг 1995 онд төгсөж дунд боловсрол эзэмшсэн, 1997 онд цэргийн алба хааж байсан, жолооч мэргэжилтэй юм. Миний хувьд хүү *******ыг 1999.01.30-ны өдөр вокзал руу хүргэж өгч байсан ба тухайн үед хүү маань ОХУ-руу наймаа хийнэ гээд явсан юм. Түүнээс хойш хүү маань буцаж ирээгүй, надтай болон гэр бүлтэйгээ уулзаагүй, сураг чимээгүй болсон. Миний бие өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан Хил хамгаалах ерөнхий газарт *******ын Монгол Улсын хилээр гарсан, орсон лавлагаа, баримтыг гаргуулахаар хандсан боловч тус газрын 2023.09.22-ны өдрийн 2-4в/5572 тоот албан бичгээр Хил хамгаалах байгууллагын албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтад байдаг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр лавлагаа өгөх боломжгүй байна гэх хариуг өгсөн. Миний хувьд өөрт байгаа хүү *******тай холбогдолтой баримтуудаа гарган өгч энэхүү нэхэмжлэлд хавсаргасан болно. Иймд ******* /рд:Х377041418/-ыг нас барсан гэж зарлаж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
2.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/
2.2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШЗ2023/13225 дугаар шүүгчийн захирамж /хх 5-7/
2.3. Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 8/
2.4. *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 9/
2.5. *******ын төрсний гэрчилгээний хуулбар /хх 10/
2.6. *******ын БНМАУ иргэний паспортын хуулбар /хх 11-13/
2.7. *******ын суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх 14/
2.8 *******ын дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх 15/
2.9. *******ын цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх 16/
2.10. *******ын жолоочийн эрүүл мэндийн тодорхойлолтын хуулбар /хх 17/
2.11. *******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 18/
2.12. Сайнжаргалын Энхзаяагийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 19/
2.13. Сайнжаргалын Энхзаяагийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 20/
2.14. А.Сүнжидмаагийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 21/
2.15. А.Сүнжидмаагийн төрөл садангийн лавлагаа /хх 22/
2.16. *******ийн төрөл садангийн лавлагаа /хх 23/
2.17. С.Энхзаяагийн төрөл садангийн лавлагаа /хх 24/
2.18. Хил хамгаалах ерөнхий газрын 2023.09.22-ны өдрийн 2-4в/5572 тоот албан бичиг /хх 27/
2.19. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2023.09.26-ны өдрийн 8ж/9365 тоот албан бичиг /хх 29/
2.20. С.Энхзаяа, А.Сүнжидмаа нарын тодорхойлолт /хх 30/
2.21. Фото зураг /хх 32/
2.22. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуубар /хх 185/,
2.23. Н.Даваабалын нас барсны гэрчилгээний хуулбар /хх 186/.
4. Шүүхийн санаачилгаар *******ын улсын хилээр орсон гарсан талаарх лавлагаа, арилжааны банканд данс эзэмшдэг эсэх талаарх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, улсаас тэтгэвэр, тэтгэмж, халамж үйлчилгээ авсан эсэх талаарх лавлагаа, цогцос хадгалах болон хүний биед үзлэг хийсэн бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаарх лавлагаа, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлагдсан эсэх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, хугацаат цэргийн алба хаасан эсэх, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх, төрөл садангийн лавлагаа, гэрлэсний лавлагаа, овог нэр өөрчилсөн эсэх лавлагаа, интерполын шугамаар эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэн эсэх, иргэний улсын бүртгэлийн холбогбох баримт лавлагаанууд, үүрэн холбооны хэрэглэгчээр бүртгэлтэй эсэх лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөртэй эсэх, эмнэлгийн байгууллагын үйлчилгээ авч байсан эсэх, хүн амын тооллогын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, иргэний үнэмлэх анх удаа, дахин авсан эсэх, солиулж байсан эсэх, оршин суух хаягийн өөрчлөлтийн талаарх бүртгэл хийгдсэн эсэх, нас барсны бүртгэл хийгдсэн эсэх, үндэсний гадаад паспорт авсан, сунгуулсан эсэх, хүйс өөрчилсний бүртгэл хийлгэсэн эсэх, Монгол Улсын харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон эсэх зэрэг лавлагаа баримтуудыг бүрдүүлсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед А.Сүнжидмаа, С.Энхзаяа, *******, *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь өөрийн төрсөн хүү *******ыг нас барсан гэж зарлуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.2 дахь хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь хүү ******* нь 1999 онд Оросын холбооны улс руу наймаа хийнэ гэж гэрээсээ гарснаас эргэж ирээгүй, оршин суугаа газраасаа алга болоод 24 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд нэгэнт хүү маань энэ хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон, олдохгүй байгаа, гэр бүлийн гишүүд болох Ж.Лхагва, *******, *******, *******, А.Сүнжидмаа, ******* нарын 6 хүний өмчөөр бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, яргайт 34 дүгээр гудамж, 519 тоот хаягт байршилтай 1501411732 нэгж талбарын дугаартай, 700 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь дахин төлөвлөлтөнд орж улсаас газар чөлөөлөхийг шаардах болсон бөгөөд ******* байхгүйн улмаас эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байх тул түүнийг нас барсан гэж зарлуулах хүсэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлтийг уг иргэний сүүлчийн оршин сууж байсан газрын шүүхэд, хэрэв сүүлчийн оршин сууж байсан газар нь мэдэгдэхгүй бол сүүлчийн ажиллаж байсан газрын харьяалах шүүхэд гаргана гэж заасан.
******* нь сураггүй алга болохын өмнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо яргайтын 34 дүгээр гудамж, 519 тоотод оршин сууж байсан болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, *******ын иргэний паспортын хуулбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс тус шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. ******* нь 1999 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Оросын холбооны улс руу наймаа хийнэ гэж яваад сураггүй алга болсон тухай цагдаагийн байгууллагын бүртгэлд бүртгэгдсэн байх ба түүнээс хойш хаана байгаа болох нь тогтоогдоогүй байна.
Тухайлбал шүүх 1999 оноос хойш төрийн эрх бүхий байгууллагуудын архивын мэдээллийн санд *******тай холбоотой баримт бүртгэгдээгүй болох нь Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс, Хил хамгаалах ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, арилжааны банкууд, үүрэн холбооны сүлжээний компаниуд, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх алба, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга зэргээс тус тус ирүүлсэн албан бичиг холбогдох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д Хүсэлт хүлээн авсан шүүх алга болсон иргэний талаар мэдээ өгч чадах ямар хүмүүс /төрөл садан, хамт ажиллаж, сурч байсан хүн/ байгааг тодруулж сураггүй алга болсон иргэний талаар түүний оршин сууж буюу ажиллаж байсан газрын зохих байгууллагад ямар мэдээ байгааг лавлана гэж заасны дагуу *******ын төрсөн эх, дүү болох А.Сүнжидмаа, С.Энхзаяа, *******, *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрчүүдээс түүнийг 1999 оноос хойш сураггүй алга болсон талаар мэдүүлж байна.
Иймд ******* /РД:ХЗ77041418/-ыг нас барсан гэж зарлах нь нэхэмжлэгч *******ийн хувьд эрх зүйн ач холбогдолтой байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т тус тус заасныг баримтлан ******* /РД:ХЗ77041418/-ыг нас барсан гэж зарлаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг нас барсан өдрөөр тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА