Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж Улсын яллагч Б.Батсайхан Шүүгдэгч: Э.Хүрэлчулуун Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадамжав овогт Эрдэнэчимэгийн Хүрэлчулуунд холбогдох 201703000261 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өндөр Улаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан Цохионы хорооллын 04-15 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Эрдэнэчимэг овогтой Хүрэлчулуун /РД:АД86062016/ Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/ Шүүгдэгч Э.Хүрэлчулуун нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төв гандангийн урд талын автозам дээр 98-22 АРА дугаартай “Энэрэл инвэст” банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлийн Ниссан санни маркийн авто машин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дүгээр зүйлд заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 00-49 АРХ улсын дугаартай “Тоёота примо” маркийн автомашиныг мөргөж, зорчигч Б.Мөнхгэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 201703000261 дугаартай эрүүгийн хэргээс: Хохирогч Б.Мөнхгэрэлийн мөрдөн байцаалтын мэдүүлсэн: ”...2017 оны 06 дугаар сарын 01-ны орой 19 цагийн орчим би хүүгийнхээ хамтаар Чулуунчимэгийн тоглолтыг үзэхээр гэрээсээ гараад Төв гандангийн урд талын засмал замаар уруудаад театр орох гэж явтал 31-р байрны баруун талын туслах замаас нэг суудлын машин зам тавьж өгөхгүй миний сууж явсан машины урдуур ороход би тэр машины зөв талын урд хаалга орчим руу мөргөөд уг машин замын хашлага даваад зогссон. Миний нүд харанхуй оргиод зүүн талын гар буруу эргэсэн байхаар нь би баруун гараараа зүүн гараа татаад харахад овойж хавдаад мурийсан байсан. Тэгээд замын машинаар эмнэлэг орж мэс заслын эмчид үзүүлээд зургаа авахуулахад хугарсан байсан. Түүний дараа гипс тавиулаад тайвшруулдаг тариа хийлгээд тэндээ хоноод маргааш өглөө нь Улаанбаатар хотруу явж гэмтлийн эмнэлэгт үзүүлж, яс үе мөчний тасагт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн юм. Туслах замаар явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч төв замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй учраас уг зам тээврийн осол гарсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/ Сэжигтэн Э.Хүрэлчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ”...Би 2017 оны 06 дугаар сарын 01-ний орой 19 цагийн орчим эхнэрээ ажлаас нь аваад гэртээ харихаар 31-р байрны баруун талаар гандангийн урд талын төв зам руу туслах замаас ортол баруун талаасаа зүүн тал руугаа явж байсан. Машин миний машины зөв талын урд гупер орчим руу мөргөж түлхээд замын хашлага давж зогссон юм. Гэтэл нөгөө жолооч цагдаад дуудлага өгөөд цагдаагийн хүмүүс ирж хэмжилт хийгээд хоёр машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд аваачиж хийсэн юм. ...Би нарны гялбаанд хараагүй туслах замаар ороход л төв замаар явж байсан машин миний машины зөв талын урдаас мөргөж замын хашлага руу оруулсан юм. Би туслах замаар явж байгаад төв замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй учраас уг зам тээврийн осол гарсан. Би машины сэлбэг авч засуулахад нь шаардагдах 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би Улаанбаатар хотруу эмчилгээнд явахад нь 300.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/ Яллагдагч Э.Хүрэлчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би өмнө нь сэжигтнээр байцаалт өгөхдөө болсон явдлын талаар үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан байгаа тул одоо надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/ Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 252 дугаартай шинжээчийн “...Б.Мөнхгэрэлийн биед зүүн бугалга ясны доод 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтооглоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Осолд орсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар саринулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/ Архангай аймгийн Замын Цагдаагийн тасгийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн “...Жолооч Э.Хүрэлчулуун нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн,Жолооч Б.Булган-Очир нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчөөгүй,Тухайн замын зохион байгуулалт болон цаг агаарын нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлсөн зүйл байхгүй,Уг осол гарахад техникийн байдал нөлөөлсөн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34 дугаар хуудас/ Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15 дугаар хуудас/ зэрэг болно. 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төв гандангийн урд талын автозам дээр 98-22 АРА дугаартай “Энэрэл инвэст” банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлийн Ниссан санни маркийн авто машин 00-49 АРХ улсын дугаартай “Тоёота примо” маркийн автомашиныг мөргөж Б.Мөнхгэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж үзэв. Шүүгдэгч Э.Хүрэлчулуун нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төв гандангийн урд талын автозам дээр 98-22 АРА дугаартай “Энэрэл инвэст” банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлийн Ниссан санни маркийн авто машин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дүгээр зүйлд заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 00-49 АРХ улсын дугаартай “Тоёота примо” маркийн автомашиныг мөргөж, зорчигч Б.Мөнхгэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Б.Мөнхгэрэлийн ”...Төв гандангийн урд талын засмал замаар уруудаад театр орох гэж явтал 31-р байрны баруун талын туслах замаас нэг суудлын машин зам тавьж өгөхгүй миний сууж явсан машины урдуур ороход би тэр машины зөв талын урд хаалга орчим руу мөргөөд уг машин замын хашлага даваад зогссон. Туслах замаар явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч төв замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй учраас уг зам тээврийн осол гарсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, сэжигтэн Э.Хүрэлчулууны ”...Би нарны гялбаанд хараагүй туслах замаар ороход л төв замаар явж байсан машин миний машины зөв талын урдаас мөргөж замын хашлага руу оруулсан юм. Би туслах замаар явж байгаад төв замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй учраас уг зам тээврийн осол гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, яллагдагч Э.Хүрэлчулууны “...Би өмнө нь сэжигтнээр байцаалт өгөхдөө болсон явдлын талаар үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан байгаа тул одоо надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15 дугаар хуудас/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 252 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/, Архангай аймгийн Замын Цагдаагийн тасгийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.Хүрэлчулууныг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Хүрэлчулуун нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Э.Хүрэлчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна гэж үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Бадамжав овогт Эрдэнэчимэгийн Хүрэлчулууныг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хүрэлчулууныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хүрэлчулуунд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хүрэлчулуун нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 5. Шүүгдэгч Э.Хүрэлчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хүрэлчулуунд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ