Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2016/0237

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ардчилал, шударга ёс Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.А*******

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага:

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/635 тоот шийдвэрийг хүчингүй болгож, цуглаан зохион байгуулахыг бүртгэхийг даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ардчилал, шударга ёс Монголын Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.А*******, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Эрдэнэбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ардчилал, шударга ёс Монголын залуучуудын холбоо нь Монгол Улсын хөгжилд дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах, үндэсний язгуур эрх эрх ашиг, үндэсний бахархал, эрх чөлөө, эв нэгдэл, хүний эрх, шударга ёс, эх оронч үзэл гэсэн үнэт зүйлсийг эрхэмлэн түгээн дэлгэрүүлэх, төрөөс залуучуудын талаар явуулж байгаа бодлого, гаргах шийдвэрт нь нөлөөлөх, түүнийг гардан хэрэгжүүлэхэд нь идэвхтэй оролцох, МАХН-ын бодлого үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдлыг эрхэм зорилгоо болгосон. Сүүлийн жилүүдэд дан ганц МАХН-ын удирдлагуудыг ээлж дараалан шалгах нэрийдлээр янз бүрийн байдлаар хэлмэгдүүлдэг байдал хэрээс хэтрээд байгаа билээ. Энэхүү үйл явдал нь сонгуулийн жил болгон давтагддаг нь Авилгатай тэмцэх газрыг улс төрийн нөлөөтэй ажилладаг болохыг нотолж буй юм. Иймд бид энэхүү зүй бус бохир явдалтай тэмцэхээ олон нийтэд мэдэгдэж Авилгатай тэмцэх газрыг улс төрийн нөлөөнөөс аваръя гэсэн хөдөлгөөн өрнүүлж, цуглаан зохион байгуулсан.

Дээрх цуглааныг зохион байгуулах тухайгаа манай байгууллагаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 16/06, 2016 оны 02 дугаар сарын 29-ний 16/11, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16/13, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 16/14 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж зохих зөвшөөрөл авсны дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очиж зааварчилгаар, зөвшөөрөл авсан. Гэтэл манай байгууллагаас 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16/15 дугаар албан тоотоор мэдэгдсэн цуглааныг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/635 тоот албан бичгээр бүртгэж авах боломжгүй тухай хариу ирүүлсэн. Дээрх шийдвэрт дурдсан Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан үндэслэл нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн заагаагүй байх тул биднийг цуглаан хийхийг татгалзах үндэслэлгүй гэж үзэж байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын албан бичигт Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т жагсаал, цуглааныг зохион байгуулагчийн үүргийг хуульчилсан. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.1-ийг зөрчөөгүй. Манай байгууллагаас нэхэмжлэлдээ хавсарган албан ёсны үйл ажиллагаа явуулах эрхийг нотолж улсын бүртгэлийн гэрчилгээг өгсөн. Я******* нэгэн байдлаар манай байгууллагын үйл ажиллагааг шүүх болон эрх бүхий байгууллагуудаас татан буулгах юм уу бусад шийдвэр гараагүй болохыг давхар нотлогдож байгаа. Мөн хуулийн 10 дугаар зүйлд заасан жагсаал цуглааныг бүртгэж авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/635 тоот шийдвэрийг хүчингүй болгож, цуглаан зохион байгуулахыг бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

...Шүүх хуралдаан эхлэхэд явцын дунд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаас гадна шаардлагатай гэсэн зүйлсээ манай зүгээс ярилаа. Нэхэмжлэлийн шаардлага бол Сүхбаатар дүүргийн Засаг даргын 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/635 дугаар тоот албан бичгээр мэдэгдэхдээ Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.3.6 дахь заалтыг тус тус үндэслэж жагсаал цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан нь хуулийг буруу хэрэглэсэн өөрөө хэлбэл Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үндэслэлээр жагсаал цуглаан хийхийг бүртгэхээс татгалзах байсан. Ийм учраас энэ хууль бус захиргааны актыг хүчингүй болгож жагсаал цуглаан хийх эрхийг сэргээлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ардчилал, шударга ёс Монголын залуучуудын холбооноос 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн Засаг даргад хандаж цуглаан хийх тухай мэдэгдэл ирүүлсэн. Энэ мэдэгдэл МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс Монголын залуучуудын холбоо хүний эрх, эрх чөлөө хэлмэгдэж байгааг олон нийт, төр захиргааны байгууллагад мэдэгдэх зорилготой цуглааныг 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 18-ны өдрүүдэд 09 цагаас 18 цагийн хооронд зохион байгуулна гэсэн.

Ардчилал, шударга ёс Монголын залуучуудын холбоо мэдэгдэлд дурдсан хүний эрх, эрх чөлөө хэлмэгдэж байгаа талаар төр захиргааны байгууллагад мэдэгдэх зорилго нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцохуйц хэмжээний зорилго болж өөрчлөгдсөн. Улс төрийн захиалгаар ажиллахаа зогсоо, Авилгатай тэмцэх газрыг аваръя гэх мэт утгатай уриа лоозон барьж Авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаанд шууд хөндлөнгөөс оролцох хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулсан. Үүнтэй холбоотой Авилгатай тэмцэх газраас дүүргийн Засаг даргад хандаж, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03/1620 дугаар албан бичиг ирсэн.

Энэ албан бичиг нь сүүлийн үед байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан тодорхой улс төрийн хүчний зүгээс Авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, дарамт шахалт үзүүлэхийг санаархаж удаа дараа улс төрийн зорилготой цуглааныг байгууллагын орчинд тасралтгүй зохион байгуулж байна. Энэ нь цаашид байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах нийгмийн хэв журамд хохирол учирч эмх замбараагүй байдлыг бий болгож болзошгүй тул Авилгын эсрэг тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглох-оор заасан байгааг цуглаан хийх мэдэгдлийг бүртгэж авахдаа анхаарч үзнэ үү гэсэн. Энэ талаар Авилгатай тэмцэх газрын албан хаагч намайг дуудаж ийм асуудал болж байна гэж уулзсан. Яагаад гэхээр өглөөнөөс орой хүртэл өндөр хэмжээний дипүзер тавиад дуу хуур янз бүрийн юм ярьсан нь албан хаагчдын үйл ажиллагаанд ажлаа хийхэд нь саад учруулж байна гэсэн. Мөн шууд утгатай уриа лоозон барьж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлж болзошгүй гэж үзэж байна гэж Авилгатай тэмцэх газрын байцаагч н.Наран сануулж байсан.

Хамгийн гол нь үүргээ биелүүлээгүйгээс гадна төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохуйц зорилготой болсон учраас Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн гэж үзсэн учраас цуглаан хийх мэдэгдэлд дурьдсан зорилго нь өөрчлөгдсөн, барьсан уриа лоозон нь ноцтой байдалд хүрсэн гэж үзээд дүүргийн Засаг даргаас дараагийн мэдэгдэлд татгалзсан хариу өгсөн.

Ардчилал, шударга ёс Монголын залуучуудын холбооноос 4 удаа дүүргийн Засаг даргад хандаж жагсаал цуглаан хийх асуудлаар мэдэгдэл ирүүлсэн. Энэ 4 мэдэгдлийн 3-ыг нь бүртгэж авсан. Бүртгэх хугацаанд Авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаанд тасралтгүй хийж байсан учраас бүртгэж авч байсан мэдээллийг удаа дараа манайхаас албан бичгээр анхааруулсаар байхад хүсэлт гаргагч байгууллага Авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлж, уриа лоозонгоо авахгүй байсан учраас бүртгэж авахаас татгалзсан нь эрх зүйн үндэслэлтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ардчилал, шударга ёс Монголын залуучуудын холбоо ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга П.А*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Ардчилал, шударга ёс Монголын залуучуудын холбооноос Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж ... хүний эрх, эрх чөлөө хэлмэгдэж байгааг олон нийт, төр захиргааны байгууллагад мэдэгдэх зорилготой цуглааныг 2016 оны 02 дугаар сарын 24-ны зохион байгуулахаар мөн сарын 22-ны 16/06 албан бичгээр, 02 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулахаар мөн сарын 29-ний 16/11 тоот албан бичгээр, 03 дугаар сарын 02, 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулахаар 03 дугаар сарын 01-ний 16/13 албан бичгээр, 03 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар 03 дугаар сарын 03-ны 16/14 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргаас тухай бүрд цуглааныг бүртгэж авсан байна[1].

Харин 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 16/15 тоот албан бичгээр ... хүний эрх, эрх чөлөө хэлмэгдэж байгааг олон нийт, төр захиргааны байгууллагад мэдэгдэх зорилготой цуглааныг зохион байгуулах мэдэгдэлд хариуцагчаас ... Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.6-д заасан үүргийг биелүүлэхгүй байгаа талаар төрийн байгууллагаас албан бичиг ирүүлсэн... гэсэн үндэслэлээр бүртгэж авахаас татгалзсан хариу хүргүүлжээ.[2]

Сүхбаатар дүүргийн Засаг даргаас Ардчилал, шударга ёс Монголын залуучуудын холбооны Цуглаан хийх тухай мэдэгдлийг бүртгэхээс татгалсан үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан ... эрх зүйн үр дагаварыг шууд бий болгодог нэг удаа захирамжилсан үйл ажиллагаа байх бөгөөд шүүх Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хүлээн авсан зохион байгуулагч  түүнийг хуульд нийцэхгүй байна гэж үзвэл гомдлоо  уг шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын З өдрийн дотор шүүхэд гаргана гэж тусгайлан заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

 

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ:  1/ шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол; 2/ энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол; 3/ энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Ардчилал, шударга ёс Монголын залуучуудын холбоо нь ...Монгол улсын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний бахархал, эрх чөлөө, эв нэгдэл, хүний эрх, ардчилал, шударга ёс, эрх оронч үзэл гэсэн үнэт зүйлсийг эрхэмлэн түгээн дэлгэрүүлэх, ... зорилго бүхий Монгол Ардын Хувьсгалт намын дэргэдэх Залуучуудын байгууллага байх бөгөөд тус байгууллагын үйл ажиллагааг зогсоосон, бүртгэлгүй эсэх, цуглаан зохион байгуулах газрын талаар талууд *******гаагүй болно.

 

Харин нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуглааныг бүртгэж авахаас татгалзах эрхтэй байтал 11 дүгээр зүйлийн 11.3.6-д заасан үндэслэлээр бүртгэж авахаас татгалзсан нь үндэслэлгүй гэж, хариуцагчаас ... өмнө бүртгэж авсан цуглааны зорилго нь өөрчлөгдөж дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн, цуглаан хийх мэдэгдэлд дурьдсан зорилго нь өөрчлөгдсөн, барьсан уриа лоозон нь ноцтой байдал хүрсэн, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.6-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзээд дүүргийн Засаг даргаас дараагийн мэдэгдэлд татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж *******гаж байна.

 

Жагсаал цуглаан хийх журмын тухай 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуулиар хориглоогүй зорилгоор анх зохион байгуулагдсан жагсаал, цуглааны явцад түүний зорилго өөрчлөгдөж энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан агуулга, шинжтэй болбол уг жагсаал, цуглааныг цаашид үргэлжлүүлэхийг хориглоно, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1-д дайн сурталчлах, үндэстэн ястны хооронд хагарал гаргах буюу үндэс угсаа,хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах, аллага, хядлага, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах, 2-д үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад Цуглаан хийх тухай мэдэгдлийг хүргүүлэхдээ өмнө зохион байгуулж байсан цуглааны нэгэн адил ... хүний эрх, эрх чөлөө хэлмэгдэж байгааг олон нийт, төр захиргааны байгууллагад мэдэгдэх зорилго-той болохыг бичиж, цуглаанд 100 хүн оролцох, 2 чанга яригч ашиглах, Авилгатай тэмцэх газрын замын урд цуглааныг зохион байгуулахыг мэдэгдсэн бөгөөд мөн өмнө зохион байгуулсан цуглаанууд буюу 2016 оны 02 дугаар сарын 24, 25, 26, 29, 3 дугаар сарын 02, 03, 04[3], 07, 08, 09, 10, 11-ний өдрүүдэд АТГ-ыг аваръя, Улс төрийн захиалгаар ажиллахаа зогсоо зэрэг лоозон[4]-уудыг ашигласан болох нь тогтоогдож байна.

Дээрхээс үзвэл Ардчилал, шударга ёс Монголын залуучуудын холбооноос анх зохион байгуулсан цуглааны зорилго өөрчлөгдсөн гэж үзэх боломжгүй байх бөгөөд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргаас цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзахдаа Авлигатай тэмцэх газраас 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 03/1620 тоот албан бичигт ... байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгож болзошгүй тул... мэдэгдлийг бүртгэх, хянахдаа анхаарч үзнэ үү гэснийг үндэслэсэн буруу байна. Учир нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Жагсаал, цуглааныг зохион байгуулагч дараахь үүрэг хүлээнэ гээд энэ хэсгийн 6-д жагсаал, цуглааны үеэр гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаах, аливаа байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулах, дотоод хэрэгт нь оролцоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэхүү шаардлагыг чандлан сахиулах, мөн зүйлийн 4 дэх хэсэгт Жагсаал, цуглааныг зохион байгуулагч энэ зүйлийн З дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэсэн нь жагсаал цуглаан зохион байгуулагчийн үүрэг, хариуцлагыг зохицуулсан зохицуулалт байх тул цуглааныг бүртгэж авахаас татгалзах үндэслэл болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ гэж заасан байх тул иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хуульд заагаагүй үндэслэлээр хязгаарлаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан ... ардчилсан нийгэм-ийн үзэл санаанд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд Ардчилал, шударга ёс Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.А*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/635 тоот шийдвэрийг хүчингүй болгож, цуглаан зохион байгуулахыг бүртгэхийг даалгах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ардчилал, шударга ёс Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.А*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/635 тоот шийдвэрийг хүчингүй болгож, цуглаан зохион байгуулах мэдэгдлийг бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ