Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/320  

 

 

 

 

 

 

 

 2022           3            24                                           2022/ДШМ/320

 

                                                                       

А.Ч-т холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

шүүгдэгч А.Ч,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/1231 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2108 00707 1460 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Д овгийн А.Ч, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...... төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль, татварын байцаагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ......, ...-ийн хамт .............................................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД............................./;

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 144 дугаартай магадлалаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ болгон өөрчилсөн,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 634 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах талаар үүрэг хүлээлгэсэн,

             Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, нийт эдлэх ялын хэмжээг 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон,

             Шүүгдэгч А.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 19-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Эрчим хүчний 1-30 дугаар байрны 17 тоот орцны 3 давхарт Б.Р-тай маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Ч-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-оос 1.223.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Р-д олгож, шүүгдэгч А.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч А.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч А.Ч-ийн үйлдэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарч байх боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй, мөн түүнийг хохирол төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь, шүүгдэгч хохирогчид өнөөдрийг хүртэл хохирол огт төлөөгүй, тэрээр хөдөлмөр эрхэлдэг нь тодорхойгүй, хохирлыг ямар хугацаанд,  хэрхэн яаж төлөх талаар үндэслэл бүхий баримт гаргаж өгөөгүй байхад зөвхөн шүүх хуралдаанд хохирогчид хохирол төлнө гэснийг үндэслэн хохирол төлөхөө илэрхийлсэн гэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулан үзэх үндэслэлгүй байна. ...” гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчмыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, хэрэг болсноос хойш хохирогчтой байнгын холбоо барьж, эмчилгээний мөнгийг төлөх талаар холбогдож байсан эсэх талаар хохирогчоос тодруулалгүйгээр, нэг талыг барьж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлж байсныг үгүйсгэж байгаатай санал нийлэхгүй. Шийтгэх тогтоол нь яллах болон цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзсан бодитой бөгөөд хууль ёсны байх ёстой. Иймд дээрх нөхцөл байдал, хохирогч Б.Р-ын гомдол саналгүй болсон талаарх хүсэлт зэргийг харгалзан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан. Тухайн үед шүүгдэгч А.Ч-оос гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байсан ба цаашид нөхөн төлөхөө амаар илэрхийлж байсан. Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шүүхийн аль ч шатанд хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд өршөөлд хамрагдах боломжтой. Иймээс шүүгдэгч А.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            А.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 19-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Эрчим хүчний 1-30 дугаар байрны 17 тоот орцны 3 давхарт Б.Р-тай маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Хохирогч Б.Р нь: “...2021 оны 3 дугаар сарын 19-ний шөнийн 03 цагийн үед хүүхдүүд орцонд пижигнэлдээд, гүйгээд унтуулахгүй, манай хаалгыг хүн цохих шиг болохоор нь би хаалгаа онгойлгоод орц руугаа гартал орцонд 4-5 сургуулийн хүүхдүүд нэг том залуутай цуг зогсож байсан. Би гараад уг хүмүүст хандан “Та нар одоо явцгаа. Харанхуй шөнө хүн амьтан унтуулахгүй юм” гэж хэлсэн. Гэтэл том залуу нь надад хандан “Та эд нар шиг хүүхэд байгаагүй юу” гэж хэлсэн. Би орц руу гартал гэрийн үүдэнд шээсэн, уг шээс нь урсаж байхаар нь “Та нар яагаад орцонд шээж байгаа юм бэ” гэж хэлсэн. Гэтэл нөгөө залуу “Би шээгээгүй” гэж хэлснээ уг урссан шингэн зүйлд гараа норгосноо “Та үнэрлээдэх” гээд миний нүүр лүү гараа явуулахаар нь би гарыг нь цааш түлхсэн. Гэтэл уг залуу миний өмсөж явсан майкаар миний хоолойг боосон. Би зөрүүлээд хоёр гараараа уг залуугийн хоёр мөрөн дээрээс барьж аваад салгах гэж оролдсон. Тухайн үед миний бүх бие салганаад хөл дээрээ тогтож чадахгүй болоод эхэлсэн. Тухайн үед цуг байсан хүүхдүүдээс намайг салгах гээд хоёр хүүхэд нь уг залуу бид хоёрын дундуур орсон. Би тухайн залууд хандан “Миний бие болохгүй байна. Би чамд дийлдлээ больё, би гэр рүүгээ орлоо” гэж хэлсэн. Гэтэл уг залуу надад хандан “Та чадахгүй байж битгий хүн рүү дайрч, онгирч бай” гэж надад хэлээд намайг тавьсан. ... би тэр шөнөдөө түргэн дуудуулаад Улсын Гуравдугаар нэгдсэн төв эмнэлгийн харвалтын тасагт хэвтсэн. Би тархины зураг MRI зураг гээд бүх зургаа авахуулсан бөгөөд эмчийн оношоор би тархины баруун талын хялгасан судаснууд хагараад бөөгнөрөл явагдсан байна. Тархиндаа харвалт өгсөн байна гэж хэлсэн. Миний зүүн гар мөрнөөсөө доошоо мэдээгүй, зүүн хөл чирэгдэж яваад байгаа юм. Би Гуравдугаар эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэчхээд гэртээ хоёр хоноод “Inter med” хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. ... Намайг эмнэлэгт хэвтэж байхад шүүх эмнэлгээс ирээд намайг үзээд явсан. Би уг залуугаас хоёр эмнэлэгт хэвтсэн зардал болох нийт 2.000.000 төгрөгийн зардлаа нэхэмжилмээр байна. Мөн одоо цаашид намайг эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн байгаа. Тухайн үед хэдэн төгрөг гарахыг нь би мэдэхгүй байна. ...” /хх 18-20/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, түүнтэй маргалдах болсон шалтгаан, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            тухайн болсон үйл явдал, түүний дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрч Б.Оюунцэцэгийн “...шөнө 03 цагийн үед нойр хүрэхгүй орцонд тамхи татах гээд гарсан чинь орцонд хүн шээчихсэн хажууд зогсож байхаар нь чи яагаад шээгээд байгаа юм гэтэл ийм шээс байх уу гээд урдаас нь шээсэндээ гараа дүрж байгаад энийг үнэрлээд үз шээс байна уу гэж хэлээд хүзүүг нь боосон чинь нөхөр толгой нь балартаад сонин болчихсон.15 тоотын хүүхэд гаргаж ирж салгаад гэртээ орж ирсэн. Тэрнээс хойш сонин болчих шиг боллоо гэхээр нь би 103 дуудтал харвалт өгсөн байна гээд бид нар өөрсдийн унаагаар Гуравдугаар эмнэлгийн яаралтай тусламжийн хүлээн авах тасагт үзүүлэхэд яаралтай хэвтүүл гээд хэвтүүлсэн. Сая эмчтэй нь уулзахад тархиндаа 80% цус хуралттай, одоо томографт үзүүлэх боломжгүй гэсэн. ...” /хх 22-23/,

            насанд хүрээгүй гэрч Ч.Лхагва-Отгоны “...17 тоотод амьдардаг Даваа гээд хөгшин ах тамхи татаад зогсож байсан. Тэгтэл тухайн давхарт ус юм уу, шээс юм уу гэдэг нь мэдэгдэхгүй зүйл байтал Даваа ах “Та нар арай орцонд шээгээд байгаа юм биш биз” гэж хэлтэл ... нөгөө тамхи авсан ах доошоо суугаад ... “Энэ шээс үү хамаа” гээд Даваа ахын нүүрэн хэсэгт нялаад хаясан. Тэгтэл Даваа ах уурлаад заамдаад автал нөгөө ах бас зөрүүлж заамдаад, тухайн ах ... нийт хоёр удаа цохисон. Эхнийх нь баруун талын шанаа хэсэгт хүчтэй түлхэхэд Даваа ах зүүн талын толгойн дагз хэсгээрээ хүчтэй хананд мөргөсөн ба дараа нь баруун талын уруул хавьцаа нэг удаа хүчтэй цохисон. Даваа ах цохиулсныхаа дараа жоохон манарчихсан ч юм шиг мөн хамаг бие нь салганаад байсан. Биеийн байдал нь их муу байх шиг байсан. ...” /хх 25-27/,

             насанд хүрээгүй гэрч Б.А-н “...бид нарыг 3 давхар гарахад Даваа ах тамхи татах гээд гарч ирсэн. ... үл таних эрэгтэй хүн Даваа ах дээр очиж “Бид нар орцонд бие засаагүй, энэ чинь ус юм биш үү гээд үнэрлээд үзээрэй” гэсэн. Энэ үед Даваа ах “Доромжлоод байна уу” гээд түрүүлж тухайн үл таних эрэгтэй хүнийг заамдаж, баруун гараараа нүүрэн тус газарт хоёр цохисон. Үл таних эрэгтэй хүн эхлээд “Би таны насыг хүндлээд зодохгүй” гэж хэлж байсан. Энэ үед дахин хоорондоо маргалдаж Даваа ах үл таних эрэгтэй хүний нүүрэн тус газарт гараа атгаж байгаад цохиход үл таних эрэгтэй хүн хана руу түлхэхэд, Даваа ах толгойн хэсгээрээ хана хүчтэй мөргөсөн. Даваа ах хана мөргөсний дараа хоолой нь гэнэт хачин болоход бид нар очиж салгасан. ...” /хх 29-30/,

            өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч А.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгүүд,

            хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 717 дугаартай “...Б. Р-ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хүний хүчин зүйл болох цохигдох, мөргөгдөх, унах аль ч үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь биед аюулгүй, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” /хх 45-49/ гэсэн дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.Ч-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Ч-ийн гэм буруу, хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.

Шүүгдэгч А.Ч-ийн үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг нь эдгээрийн алинд ч хамаараагүй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж,

мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,

5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.

Дээрхээс үзвэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргээс хамаарч түүнд Өршөөлийн хуулийн аль зүйл, заалтыг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийх учиртай.

Гэтэл шүүгдэгч А.Ч нь анхан шатны шүүхэд хэрэг хянагдах хүртэл хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг огт төлөөгүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч биелэгдэх бодит үндэслэл тогтоогдоогүйг харгалзан түүний хувьд “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2-т заасан шаардлага хангагдаагүй...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч А.Ч гаргасан давж заалдах гомдолдоо мөрдөн шалгах ажиллагааны үеэс хохирогчтой байнга холбогдож хохирлыг нөхөн төлөх асуудлаар анхаарал хандуулж ирсэн болохоо илэрхийлээд, хохирогч Б.Р-ын бичсэн “...Чинзориг нь мөрдөн байцаалт явагдаж байх хугацаанд төлбөр мөнгөө их бага хэмжээгээр барагдуулдаг байсан. Одоо миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” /хх 101/ гэсэн хүсэлтийг хавсаргажээ.

Иймээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулах үзэл баримтлалд нийцүүлэн мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ч-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд энэ талаар гаргасан түүний давж заалдах гомдлыг агуулгын хувьд хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/1231 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ч-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.  

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                           М.АЛДАР