Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж Улсын яллагч: Н.Цогтбаяр Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ Шүүгдэгч: Э.А, Б.Г Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж Архангай аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Э.А, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Г нарт холбогдох 129/2017/0026/Э/ индекстэй, эрүүгийн 201603000544 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 2-16 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б.Г /РД: ..../ Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .....-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Эрдэнэт, Булганы цахилгаан дамжуулах сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай аймаг дахь салбарт монтёр ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 40-5 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Ө овогт Э.А /РД: .../ Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Б.Г нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялтайд тооцогдох хугацаандаа Э.А, М.М нартай бүлэглэн, машин механизм хэрэглэн, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 19-18 тоотод оршин суух иргэн Г.Ө-ний гэрт нэвтэрч эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний үнэгэн малгай 1 ширхэг, том мөнгөн аяга 1 ширхгийг хулгайлж иргэн Г.Ө-д 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, Шүүгдэгч Э.А нь Б.Г, М.М нартай бүлэглэн, машин механизм хэрэглэн, шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 19-18 тоотод оршин суух иргэн Г.Ө-ны гэрт нэвтэрч, эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний үнэгэн малгай 1 ширхэг, том мөнгөн аяга 1 ширхгийг хулгайлж, иргэн Г.Ө-д 640.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 201603000544 дугаартай эрүүгийн хэргээс: Хохирогч Г.Ө-ны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...2016 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 9 цагийн үед ажилдаа гараад байшингийнхаа хаалга, цонхыг түгжээд явсан. Өдөр аймгийн зах дээр ажлаа хийгээд байж байтал 14 цаг 30 минутын үед манай гэрт амьдардаг дүү охин Отгонтуяа утсаар яриад гал тогооны цонх онгорхой байна, та онгойлгосон юм уу гэж асуусан. Би цонх онгойлгоогүй болохоор Отгонтуяад битгий юманд хүрээрэй, би удахгүй очлоо гэж хэлээд гэртээ ирээд үзтэл байшингийн зүүн талын вакум цонхны порчигийг гадна талаас нь юмаар цохиж онгойлгоод том өрөөний зүүн хана дагуу байгаа истенкний урд талын шүүгээнд өрөөтэй байсан том гарын орчин үеийн цагаан мөнгөн аяга 1 ширхэг, истенк дотроос миний өөрийн өмсөж хэрэглэж байсан хүрэн өнгийн булган малгай, эхнэрийн өмсөж, хэрэглэж байсан үнэгэн малгай байсныг хулгайлан авсан байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ Гэрч С.Х-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Нэг ширхэг том хэмжээтэй мөнгөн аяга, эрэгтэй булган малгай, эмэгтэй хүний үнэгэн малгай зэрэг зүйлсээ хулгайд алдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/ Насанд хүрээгүй гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Би Ө ахынд суудаг бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 25 минутын үед хичээлдээ явсан. Хичээлээ тараад өдрийн 14 цаг 30 минутын үед гэртээ иртэл манай гэрийн зүүн хойд талын вакум цонх онгорхой байсан. Би Ө ах руу утсаар ярьж, та цонхоо онгорхой орхиж явсан юм уу, гэж асуутал үгүй битгий юманд хүрээрэй, одоо очлоо гэж хэлсэн. Ө ах, эхнэрийн хамт гэртээ ирээд эд зүйлсээ бүртгэж үзээд хулгай орсон байна. Мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй нэг нэг малгай алга болсон байна гэж хэлсэн. Истенк рүү хартал малгай, мөнгөн аяга тавиур дээр байхгүй болчихсон байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33 дугаар хуудас/ Гэрч Т.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...2016 оны 12 дугаар сарын 15-ны өглөө А-д зээлсэн мөнгөө авах гээд А-н гэрт очтол А мөнгө байхгүй гээд байсан. Тэгээд Ш, А-с мөнгө зээлнэ гээд ярьчихсан байсан гэхээр нь А-ийн гэрт очиж уулзаад А-ын машин байхаар нь унаад Бор толгойн гудамжны урд зогсож байтал цагдаа ирээд бариад авсан. Машины багажыг онгойлгуулаад дотор нь байсан хар цүнхийг нээж өгтөл дотор нь 2 ширхэг малгай буюу бор өнгийн булган малгай, саарал өнгийн үнэгэн малгай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/ Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...2016 оны 12 дугаар сарын 14-ний 21 цагийн үед дэлгүүр дээрээ байж байтал өндөрдүү биетэй, бор царайтай, туранхай, улаан хүрэн куртик өмссөн, саравчтай малгай хойш нь харуулж өмссөн залуу орж ирээд нэг том гарын мөнгөн аяга үзүүлээд 1 шил архи түр зээлээч, маргааш мөнгийг нь өгье, найз ирчихээд болдоггүй гэж гуйгаад байхаар нь 18.800 төгрөгөнд тааруулж, хиам, 1 шил 0.5 литрийн Чингис архи, 1 хайрцаг Улаан шонхор тамхи аваад мөнгөн аягаа надад үлдээгээд явсан. Тэр залуугаас хулгайн аяга биш биз дээ гэж асуухад үгүй, миний өөрийн аяга гээд байхаар нь авчихсан юм. 2016 оны 12 дугаар сарын 15-ны орой цагдаа орж ирээд мөнгөн аягыг хулгайн аяга гээд хурааж авсан. Би хулгайн хэрэгт холбоотой гэх нэг залуугаас 18.800 төгрөгөө авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/ Гэрч С.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Миний хүү Г нь .... оны ..... дүгээр сарын ...-нд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд миний 2 дахь хүү болж төрсөн. Дээрээ нэг ахтай. Бага насаа аав, ээж дээрээ аймгийн төвд өнгөрүүлсэн. 1 дүгээр цэцэрлэгт явж байгаад 2 дугаар 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийг 2011 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Цэргийн алба хаагаагүй. Одоогоор гэр бүлтэй болоогүй, аав, ээжтэйгээ амьдарч байгаа. Зан байдлын хувьд сэргэлэн цовоо, хүнд тусархуу, олон нийтийн ажилд оролцоо сайтай, спортын авъяастай, сагс сайн тоглодог, уран зураг зурдаг, хайчилбар хийдэг хүүхэд юм. Одоо монголын улс төр бизнесийн удирдлагын академид сурч байгаа. Би 2016 оны 12 дугаар сарын 10-ны үеэр Улаанбаатар хотод ажил явдал гарчихаад нөхрийн хамт хотруу явсан. Хүү Г гэртэй ганцаараа үлдсэн юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 18-ны үеэр М-ийн ээж надруу утсаар яриад Г, М нар Ө-ны гэрээс юм хулгайлсан байна гэж хэлсэн. Би Г-с юу болсон талаар асуутал дуугүй доошоо хараад суугаад байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/ Гэрч М.М-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би найз Г-ийн хамт А-ын гэрт очиж, машиных нь урд гуперийг янзалж байсан. А улаан хүрэн өнгийн приус маркийн машинтай бөгөөд урд талынх нь гупер хагарчихсан байсан юм. А-ын утас нь байн байн дуугараад байсан. А хүн таксинд явъя гээд байна, гүперээ ирж байгаад боож янзалъя гэж хэлсэн. Г, А бид 3 машинтай нь яваад Бор толгойн цахилгаан станцын хажууд очтол Г, М 2 зогсож байсан. Г нь Г бид хоёрыг машинд сууж байсныг хараад машинаас буу гээд буулгасан. А-ын машинд Г, М 2 суугаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/ Гэрч Т.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Манай гэр А-ын гэртэй хөрш нэг хашааны наана цаана байдаг юм. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А хашаан дотроо М-тай хамт машинаа янзалж байхыг нь би хараад хашаанд нь орж ирээд А-ын машины урд талын гүперийг нааж янзлахад нь тусласан. Тэгтэл А-ын утас байн байн дугараад хүрээд ир гээд байсан. А хэлэхдээ Г хүрээд ир гээд дуудаад байна гээд машинаа янзлахаа болиод боож байсан гүперээ салгаад машинаа унаж М бид 2 машинд сууж явсан. Тэгтэл цахилгаан станцын хажуу талд Г, М 2 зогсож байсан. Г, М бид хоёрыг машинаас буу гээд буулгасан. Тэгээд Г, А, М 3 машинаа унаад явсан. М бид 2 гэртээ харьсан. Би эд нарыг ямар хэрэг хийсэн талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/ Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Э.А бол миний нөхөр, М.М, Б.Г нарыг анх бэр болж ирэхэд манай гэрийн ойролцоо амьдардаг байсан болохоор таньдаг. Төрөл садангийн холбоо байхгүй. Э.А бид хоёр 2014 оноос гэр бүл болж нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. Одоо 2 настай охинтой. Э.А зан байдлын хувьд даруухан дөлгөөн, хүнд тусархуу, хүний ажил төрөлд туслаад явж байдаг. Хар муу санаа байхгүй, хүий хэлснээр яваад байдаг юм. Э.А нь доороо нэг дүүтэй аав, ээж, дүү нь аймгийн төвд амьдардаг. Э.А надад хэлэхдээ Г, М хоёр л намайг уруу татаж хулгайн хэрэгт оролцуулсан. Би хулгай хийгээгүй, хулгай хийж байгаа гэдгийг анх мэдээгүй байсан гэж хэлж байсан. Би хийсэн хэргийн талаар нь мэдэхгүй байна. Би А-г хулгайн хэрэг хийх хүн биш гэж бодож байна. Г л уруу татсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/ Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6-р хуудас/ Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл /хх-11-16-р хуудас/ Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 26 дугаар хуудас/ Эд хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 325 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 53-р хуудас/ Э.А-ны ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 108-109 дүгээр хуудас/ Б.Г-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 122 дугаар хуудас/ Шүүхээс тэнсэн харгалзахаар тогтоосон Б.А-ыг хянан харгалзсан хяналтын хувийн хэрэг /2хх-ийн 14-51 хуу/ зэргийг тус тус шинжлэн судлав. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 19-18 тоотод оршин суух иргэн Г.Ө-ны гэрээс эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний үнэгэн малгай 1 ширхэг, том мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлагдаж, иргэн Г.Ө-д 640.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна. Шүүгдэгч Б.Г, Э.А нар нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шунахайн сэдэлтээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 19-18 тоотод оршин суух хохирогч Г.Ө-ны гэрт нэвтэрч эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний үнэгэн малгай 1 ширхэг, том мөнгөн аяга 1 ширхгийг тус тус хулгайлан авч 640.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Г.Ө-ны “...истенкний урд талын шүүгээнд өрөөтэй байсан том гарын орчин үеийн цагаан мөнгөн аяга 1 ширхэг, истенк дотроос миний өөрийн өмсөж хэрэглэж байсан хүрэн өнгийн булган малгай, эхнэрийн өмсөж, хэрэглэж байсан үнэгэн малгай байсныг хулгайлан авсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Х-ын “...том хэмжээтэй мөнгөн аяга, эрэгтэй булган малгай, эмэгтэй хүний үнэгэн малгай зэрэг зүйлсээ хулгайд алдсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.О-ын “...хичээлээ тараад өдрийн 14 цаг 30 минутын үед гэртээ иртэл манай гэрийн зүүн хойд талын вакум цонх онгорхой байсан ба мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй нэг нэг малгай алга болсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Б “...А-с мөнгө зээлнэ гээд ярьчихсан байсан гэхээр нь А-ын гэрт очиж уулзаад А-ын машин байхаар нь унаад Бор толгойн гудамжны урд зогсож байтал цагдаа ирээд бариад авсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Э-ын“...том гарын мөнгөн аяга үзүүлээд 1 шил архи түр зээлээч, маргааш мөнгийг нь өгье, найз ирчихээд болдоггүй гэж гуйгаад байхаар нь 18.800 төгрөгөнд тааруулж, хиам, 1 шил 0.5 литрийн Чингис архи, 1 хайрцаг Улаан шонхор тамхи аваад мөнгөн аягаа надад үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг, гэрч С.О-ын “...2016 оны 12 дугаар сарын 18-ны үеэр М-ийн ээж надруу утсаар яриад Г, М нар Ө-ны гэрээс юм хулгайлсан байна гэж хэлсэн. Би Г-с юу болсон талаар асуутал дуугүй доошоо хараад суугаад байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.М-ын “...Г нь Г бид хоёрыг машинд сууж байсныг хараад машинаас буу гээд буулгасан. А-ын машинд Г, М 2 суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Т.Г-ын“...Г, М бид хоёрыг машинаас буу гээд буулгасан. Тэгээд Г, А, М 3 машинаа унаад явсан. М бид 2 гэртээ харьсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.А-ын“...Э.А надад хэлэхдээ Г, М хоёр л намайг уруу татаж хулгайн хэрэгт оролцуулсан. Би хулгай хийгээгүй, хулгай хийж байгаа гэдгийг анх мэдээгүй байсан гэж хэлж байсан. Би хийсэн хэргийн талаар нь мэдэхгүй байна. Би А-г хулгайн хэрэг хийх хүн биш гэж бодож байна...” гэх мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч Б.Г Э.А нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Б.Г, Э.А нар нь бүлэглэж, машин механизмыг хэрэглэн, бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Г, Э.А нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.Ө-д учирсан хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Э.А-ын өмчлөлийн 86-04 АРХ улсын дугаартай, улаан хүрэн өнгийн Тоёота приус-11 маркийн автомашиныг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Г нь Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 14 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан байгаа боловч түүнийг хянан харгалзсан хяналтын хувийн хэрэгт захиргааны хяналт зогсоох тухай тогтоол гарч Б-ын Г-т 1 жил 14 хоногийн хугацаатай хянан харгалзсан нь 2015 оны 11 сарын 04-ний өдөр дуусч байх тул захиргааны хяналтыг зогсоож Б.Г-т мэдэгдсэн /2 хх-ийн 57/ байх ба Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэл хийгээгүй байна. Иймд 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт зааснаар ялтны эрхзүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна гэсэн заалтыг журамлан шүүгдэгч Б-ын Г-г Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг өршөөлд хамрагдсан гэж үзэж түүнд Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгайн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 2. Шүүгдэгч Б овогт Б-ын Г, Ө овогт Э-ийн А нарыг бүлэглэж, бусдын орон байранд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Г-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.А-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 4. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Э.А нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Э.А нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 68-04 АРХ улсын дугаартай тоёота приус-11 маркийн 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг хурааж улсын орлого болгосугай. 6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн 68-04 АРХ улсын дугаартай тоёота приус-11 маркийн автомашиныг Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Э.А нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 9. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ